Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 06

 

  Д.Энхтунгалагийн нэхэмжлэлтэй,

   иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,        

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 182/ШШ2016/00949 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч Д.Энхтунгалагийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Д.Сайханбаярт холбогдох          

Зээлийн гэрээний үүрэг болон хохиролд 10 587 126 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 

Нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Д.Энхтунгалаг  

Хариуцагч Д.Сайханбаяр

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Янжинлхам нар оролцов.

Нэхэмжлэгч Д.Энхтунгалаг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2013 оны 7 дугаар сарын 25-ны өдөр өөрийн хашаа байшинг барьцаалж “Капитал банк ХХК-иас 15 000 000 төгрөгийн зээл авсан. Би банкнаас дээрхи зээлийг авч Д.Сайханбаярт зээлдүүлсэн. Тэрээр банкны зээл болон зээлийн хүүг сар бүр бас надад сар бүр хүү 300 000 төгрөг төлөхөөр тохиролцсон. Д.Сайханбаяр банкны зээлийн хүүг төлж байгаад 2014 оны 5 дугаар сарын 21-нд 500 000 төгрөгийн төлөлт хийгээд түүнээс хойш зээл төлөөгүй байсан. Д.Сайханбаяр мөнгөө төлөхгүй байсан тул банк надаас зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүд нийт 13 367 054 төгрөг нэхэмжлэн шүүхэд хандсан ба Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхээс 2015 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 1411 тоот шийдвэр гарч уг мөнгийг би банкинд төлөхөөр болсон. Би шүүхэд хандан Д.Сайханбаяраас банкны зээлийн үлдэгдэл 6 400 000 төгрөг, надад төлөх хүү 4 500 000 төгрөг бүгд 10 900 000 төгрөгийг нэхэмжилснийг Д.Сайханбаяр төлнө гэж зөвшөөрч, 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 1022 тоот шүүгчийн захирамж гарсан. Ингээд шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж Д.Сайханбаяр 10 761 700 төгрөгийг төлж тэр мөнгийг би бүгдийг нь банкинд төлсөн. Банкны зээлээс үлдсэн 3 387 126 төгрөгийг Д.Сайханбаяр төлөхгүй байсан учраас би төлсөн. 2013 оны 7 дугаар сарын 26-ны өдрөөс хойш 2 жилээр тооцон 15 000 000 төгрөгөөс сард 300 000 төгрөгөөр тооцож 24 сарын хүү бүгд 7 200 000 төгрөг, банкны зээлээс үлдсэн 3 387 126 төгрөг нийт 10 587 126 төгрөгийг нэхэмжилнэ гэжээ.

Хариуцагч Д.Сайханбаяр шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2013 оны 7 дугаар сард Энхтунгалагатай уулзаж Хас банкинд байсан зээлийн үлдэгдлийг хааж 1 263 300 төгрөгийг төлж “Капитал банк” ХХК-иас Д.Энхтунгалагаар 15 000 000 төгрөгийн зээл авахуулаад хүнсний дэлгүүрийнхээ үйл ажиллагаанд зарцуулсан. 2013 оны 7 дугаар сарын 26-нд бид гэрээ хийж “Капитал банк” ХХК-ийн зээл, хүүг би төлөхөөр тохиролцсон. Ингээд 2014 оны 5 дугаар сарын 21-нийг хүртэл Д.Энхтунгалагийн зээл, хүүг төлж байсан ба Мэргэжлийн хяналтын газраас манай 8 нэрийн барааны дэлгүүрийн зөвшөөрлийг хурааж авснаас дэлгүүрийн орлого муудаж зээлийг төлж чадахгүй болсон. Д.Энхтунгалаг намайг шүүхэд өгч 10 900 000 төгрөг нэхэж шийдвэр гүйцэтгэлийн албанд 2015 оны 10 дугаар сарын 06-нд 10 761 700 төгрөгийг төлсөн. Үүнээс гадна “Капитал банк” ХХК-ийн зээлийг төлж байсан. Нийт 20 гаруй сая төгрөг төлсөн. “Капитал банк” ХХК-ийн зээлийн үлдэгдэл 3 272 000 төгрөгийг зөвшөөрч эвлэрэх хүсэлтэй байна. Дэлгүүр болон өөрт байгаа бүх хөрөнгөө зарж Д.Энхтунгалагыг хохиролгүй болгосон тул 7 200 000 төгрөг нэхэмжилснийг зөвшөөрөхгүй гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1., 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Д.Сайханбаяраас 2 008 774 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Энхтунгалагт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 8 578 352 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2., 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 184 400 төгрөгийг улсын орлогод хэвэр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 47 090 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Д.Энхтунгалаг давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Үүнд:

1. Хэргийн үйл баримтын талаар: Д.Сайханбаярын хүсэлтийн дагуу 2013 оны 7 дугаар сарын 25-ны өдөр өөрийн өмчлөлийн хашаа байшинг зээлийн барьцаанд тавьж, Капитал банкнаас зээлийн гэрээг байгуулан 15 000 000 төгрөгийг зээлж аваад уг өдрөө Д.Сайханбаярт хүлээлгэн өгөхдөө "Тодорхойлох баримт" үйлдсэн. Уг баримтад "Д.Сайханбаярт 15 000 000 төгрөгийг зээлэв, үүний хүүнд cap бүр 300 000 төгрөгийг өгөхөөр тохиролцов, мөн 15 000 000 төгрөгийн банкны хүүг cap бүрийн 25-нд үндсэн зээлтэй нь төлөх болно" гэж харилцан тохиролцсон. Ингэж тохиролцсон гэдгээ хариуцагч Д.Сайханбаяр нь шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа хүлээн зөвшөөрсөн маргаагүй болно. Миний шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь уг "Тодорхойлох баримт" буюу бидний хооронд хийгдсэн гэрээнд заасан үүргээ хариуцагч биелүүлээгүйгээс надад хохирол учирсан тул гэрээний үүргийн биелэлтийг учирсан хохирлын хамт шаардсан. Гэтэл шүүх бидний хооронд үүссэн маргаантай харилцаатай холбоогүй, нэхэмжлэлийн шаардлагатай хамааралгүй зүйлийг буюу гэрээнд заасан үүргийн харилцаа үүсээгүй байхад хариуцагчийн "Хас" банкинд төлсөн гэх 1 263 226 төгрөгийг миний нэхэмжлэлийн шаардлагаас хасч шийдвэрлэсэнд гомдолтой байна.

2. Хууль хэрэглээний талаар: Шүүх бидний хооронд байгуулагдсан "Тодорхойлох баримт"-ыг зээлийн гэрээ байгуулагдсан гэж зөв дүгнэсэн атлаа буцаан төлөх хугацаа заагаагүй гэжээ. Гэтэл 15 000 000 төгрөг банкнаас авах зээлийн гэрээг Д.Сайханбаярын хүсэлтийн дагуу хийсэн, 15 000 000 төгрөгийг банкнаас аваад Д.Сайханбаярт буцаан зээлдүүлсэн. Д.Сайханбаяр нь "15 000 000 төгрөгний банкны хүүг cap бүрийн 25-нд үндсэн зээлтэй нь төлөх болно" гэж төлөх хугацаагаа гэрээгээр харилцан тохиролцсон байгааг анхаарсангүй. Учир нь Д.Сайханбаяр нь зээлийн гэрээний дагуу банкны хүүг үндсэн зээлтэй нь төлнө гэдэг нь Капитал банкнаас авсан зээлийг гэрээний хугацаанд хүчин төгөлдөр үйлчилнэ. Өөрөөр хэлбэл зээлийн гэрээний хугацааг бид харилцан тохиролцсон юм. Мөн хүүнд нь cap бүр 300 000 төгрөгийг надад төлөхөөр тохирсон нь хариуцагчийн зээлийн гэрээний дагуу хүлээсэн үүрэг. Мөн Иргэний хуульд зааснаар хүү тогтоосон гэрээг бичгээр байгуулсан учир иргэн Д.Энхтунгалаг би хариуцагч Д.Сайханбаяраас гэрээний үүргийн биелэлтийг шаардах эрхтэй гэж үзэж байна.

Гэтэл Д.Сайханбаяр нь харилцан тохиролцсон зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүйгээс банкны үндсэн зээл болон хүүг cap тутам төлөөгүйгээс банк иргэн надаас зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардаж, барьцаа хөрөнгийг битүүмжилж, дуудлага худалдаанд оруулахаар болж, найдваргүй зээлийн ангилалд шилжүүлж, шүүхэд нэхэмжлэл гаргаж би хариуцагчаар оролцож, Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 1411 дүгээр шийдвэрээр Капитал банкинд 13 367 054 төгрөгийн зээл төлөхөөр болсон юм. Иймд би шүүхэд хандаж, миний нэхэмжлэлийн дагуу 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 1022 дугаар Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгчийн захирамж гарч, хариуцагч банкны зээл 6 400 000 төгрөг, хүү 4 500 000 төгрөг нийт 10 900 000 төгрөг нэхэмжилснийг зөвшөөрсөн. Уг шүүхийн шийдвэрээр гарсан 10 900 000 төгрөгийг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанаас гүйцэтгэлийн ажиллагаа явуулж, бүгдийг банкны зээлд төлсөн. Би нэг ч төгрөг аваагүй нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдоно. Гэтэл Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 1411 дүгээр шийдвэрээр банкны үндсэн зээл 10 261 883 төгрөг, зээлийн хүү 3 076 983 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 28 188 төгрөг нийт 13 367 054 төгрөг төлүүлэхээр болсон тул миний бие 1022 дугаар шүүгчийн захирамжийн дагуу гаргасан 10 900 000 төгрөгийг бүгдийг банкинд төлөөд банкын зээлийн үлдэгдэл 3 387 126 төгрөгийг Д.Сайханбаяр нь төлөөгүйн улмаас шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хийгдэж, миний хашаа байшинг худалдахаар болж, би дахин зээл аван төлж хохирсон. Иймд зээлийн үлдэгдэл төлбөр 3 387 126 төгрөг, бидний байгуулсан зээлийн гэрээний дагуу хүү 2013 оны 7 дугаар сарын 26-ны өдрөөс зээлийн хугацаа дуусах хүртэл 2015 оны 7 дугаар сарын 26-ны өдөр хүртэл 24 сарын хүү 7 200 000 төгрөг нийт 10 587 126 төгрөгийг гаргуулахаар шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Д.Энхтунгалаг нь хариуцагч Д.Сайханбаяраас зээлийн гэрээний үүрэгт нийт 10 587 126 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хариуцагч нь зээлийн үлдэгдэл 3 272 000 төгрөгийг зөвшөөрч, үлдэх хэсгийг эс зөвшөөрч маргажээ.

Талуудын хооронд 2013 оны 7 дугаар сарын 26-ны өдөр 15 000 000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулагдсан бөгөөд үндсэн  зээл 15 000 000 төгрөгийг  банкинд  төлөх  300 000 төгрөгийн хамт сар бүр төлөх талаар тохиролцсон болох нь зохигчдын шүүхэд гаргасан тайлбараар тогтоогдож байна /хх-60/. Өөрөөр хэлбэл, зохигчдын хооронд “Капитал банк” ХХК-иас авсан 15 000 000 төгрөгийн зээлийг  банкинд хүүтэй нь хамт төлж барагдуулах, мөн сар бүр 300 000 төгрөгийг төлөх талаар хэлцэл хийгдсэн гэж үзнэ.

Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээ байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлж чөлөөтэй хэлцэл байгуулахаар заасан бөгөөд мөн хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар хууль буюу гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нь ямар нэгэн үйлдэл хийх, эсхүл тодорхой үйлдэл хийхээс татгалзах үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч нь түүнээс уг үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй.

Талууд маргаантай асуудалтай холбоотойгоор Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 1411 дүгээр шийдвэрээр хариуцагч Д.Энхтунгалагаас үндсэн зээл 10 261 883 төгрөг, хүү 3 075 983 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 28 188 төгрөг нийт 13 367 054 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Капитал банк” ХХК-д олгож, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шийдвэрлэсэн байна /хх-4-7/.

Мөн үүнээс өмнө буюу Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгчийн 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 1022 дугаар захирамжаар “Капитал банк” ХХК-д Д.Энхтунгалагийн төлөх ёстой 6 400 000 төгрөгийн үлдэгдэл дээр сар бүр төлөх 300 000 төгрөгийн хүүд 4 500 000 төгрөг нийт 10 900 000 төгрөгийг хариуцагч Д.Сайханбаяр төлж барагдуулахыг зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ /хх-12/. Уг шүүгчийн захирамж нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар  шүүхийн шийдвэрийн нэгэн адил гүйцэтгэгдэх тул шүүхээр нэгэнт шийдвэрлэгдсэн маргаан гэж үзнэ.

Нэхэмжлэгч Д.Энхтунгалагийн хувьд сар бүр авах ёстой 300 000 төгрөгийн хүүгийн асуудал шүүхээр нэгэнт шийдвэрлэгдсэн гэж үзэх тул хүүд 4 500 000 төгрөгийг гаргуулахаар шаардах эрхгүй болно.

Хэрэгт авагдсан баримтууд болон талуудын тайлбарыг үндэслэн нэхэмжлэгч Д.Энхтунгалагийн зээлийн гэрээний үүрэгт “Капитал банк” ХХК-д төлөх 13 367 054 төгрөгөөс хариуцагчийн шүүхийн шийдвэрийн дагуу төлөх 6 400 000 төгрөгийг хасч тооцоход 6 967 054 төгрөгийг хариуцагч Д.Сайханбаяр нь төлөх үндэслэлтэй байна. Үүнээс 2013 оны 8 дугаар сарын 01-ний өдөр “Хас банк” ХХК-д нэхэмжлэгчийн өмнөөс зээл чөлөөлөхөд төлсөн 1 263 226 төгрөгийг хасаж тооцоход хариуцагч нь Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт зааснаар гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүйн улмаас  5 703 828 төгрөгийн хохирол нэхэмжлэгчид бодитойгоор учирсан гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд талуудын хооронд зээлийн гэрээний үндсэн үүргийн талаарх маргаан бус, Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээний үүргийн зөрчилтэй холбоотойгоор хохирол учирсан маргаан үүссэн гэж дүгнэн, гэрээний үүргийн зөрчилтэй холбоотой үүссэн хохиролд 5 703 828 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний болон тооцооллын өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 182/ШШ2016/00949 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн

  1 дэх заалтад “282.3” гэсний дараа “228 дугаар зүйлийн 228.1” гэж нэмж, “2 008 774”  гэснийг “5 703 828” гэж, “8 578 352“ гэснийг ”4 883 298” гэж,

  2 дахь заалтад “47 090” гэснийг “106 211” гэж тус тус өөрчлөлт оруулсугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Энхтунгалагаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 184 354 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

           

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                                              ШҮҮГЧИД                                     Д.ЦОГТСАЙХАН

                                                                                                                     Д.БАЙГАЛМАА