Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 19 өдөр

Дугаар 422

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ц.Ганхуяг,

Улсын яллагч У.Дэндэвдорж, Б.Батсүх,

Хохирогч Г.Б,

Хохирогчийн өмгөөлөгч Н.Баттунсаг,

Шинжээч Б.Жаргалсайхан,

Шүүгдэгч Р.Эын өмгөөлөгч И.Атарбямба, Ё.Ринзаан,

Шүүгдэгч Э.Уын өмгөөлөгч Б.Чинбаатар, Ж.Эрдэнэбаатар,

Шүүгдэгч Б.Бцийн өмгөөлөгч П.Батжаргал, Ө.Өлзиймаа,

Шүүгдэгч Р.Э, Э.У, Б.Бц нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар О овогт Р.Э, Б овогт Э.У, Д овогт Б.Бц нарт холбогдох эрүүгийн 201509000748 дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, О овогт Р.Э /РД: /, Улаанбаатар хотод төрсөн, 40 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч, эрх зүйч мэргэжилтэй, “..............” ХХК-нд менежер ажилтай гэх, ам бүл 6, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй,

2. Монгол Улсын иргэн, Б овогт Э.У /РД: /, Сэлэнгэ аймгийн Ерөө суманд төрсөн, 30 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй,

3. Монгол Улсын иргэн, Д овогт Б.Бц /РД: /, Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 37 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй.

Дархан-Уул аймгийн Прокурорын газрын Ерөнхий прокурорын орлогч прокурор У.Дэндэвдорж, хяналтын прокурор Б.Батсүх нар нь шүүгдэгч Р.Э, Э.У, Б.Бц нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.2 дахь хэсэгт заасан хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Р.Эыг 2014 оны 5 дугаар сарын 09-ний өдрөөс 2014 оны 10 дугаар сарын 14-ний өдрийг хүртэлх хугацаанд “.................” ХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа “.................” ХК-ийн кассын нярваар ажиллаж байсан Э.Утай бүлэглэн байгууллагын бэлэн мөнгөний кассаас 50,456,162.82 төгрөгийг завшсан,

2014 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд “.................” ХК-ийн ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байсан Б.Бц, кассын нярваар ажиллаж байсан Э.У нартай бүлэглэн байгууллагын бэлэн мөнгөний кассаас 94,740,999.50 төгрөгийг завшсан,

2014 оны 02 дугаар сарын 08-ны өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдрийг хүртэлх хугацаанд “.................” ХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа бэлэн мөнгөний кассаас 12,357,653 төгрөгийг завшиж, “.................” ХК-нд нийт 157,554,815.32 төгрөгийн хохирол учруулсан.

Шүүгдэгч Э.У нь 2014 оны 5 дугаар сарын 09-ний өдрөөс 2014 оны 10 дугаар сарын 14-ний өдрийг хүртэлх хугацаанд “.................” ХК-ийн кассын нярваар ажиллаж байхдаа “.................” ХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Р.Этай бүлэглэн тус байгууллагын бэлэн мөнгөний кассаас 50,456,162.82 төгрөгийг завшсан,

2014 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд “.................” ХК-ийн ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байсан Б Бц, “.................” ХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Р.Э нартай бүлэглэн байгууллагын бэлэн мөнгөний кассаас 94,740,999.50 төгрөгийг завшсан,

2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэлх хугацаанд “.................” ХК-ийн кассын нярваар ажиллаж байхдаа байгууллагын бэлэн мөнгөний кассаас 3,829,114.85 төгрөгийг завшиж, “.................” ХК-нд нийт 149,026,277.17 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч Б.Бц нь 2014 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд “.................” ХК-ийн ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байхдаа “.................” ХК-ийн гүйцэтгэх захирал Р.Э, “.................” ХК-ийн кассын нярав Э.У нартай бүлэглэн тус байгууллагын бэлэн мөнгөний кассаас 94,740,999.50 төгрөгийг завшиж, “.................” ХК-д их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

“.................” ХК-д шүүгдэгч Р.Э нь 2013 оны 7 дугаар сарын 17-ноос 2016 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэл гүйцэтгэх захирлаар, шүүгдэгч Э.У нь 2014 оны 5 дугаар сарын 07-ноос 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэл кассын нярваар, шүүгдэгч Б.Бц нь 2014 оны 10 дугаар сарын 02-ноос 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэл ерөнхий нягтлан бодогчоор тус тус ажиллаж байсан болох нь:

Б.Бцийг ерөнхий нягтлан бодогчоор ажилд томилох тухай “.................” ХК-ийн гүйцэтгэх захирлын 2014 оны 1/267 дугаартай тушаал /4-р хх-ийн 88/,

Ерөнхий нягтлан бодогч Б.Бцийг үүрэгт ажлаас нь чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай “.................” ХК-ийн гүйцэтгэх захирлын 2016 оны 12 дугаартай тушаал /4-р хх-ийн 87/,

Э.Уыг кассын нярваар сэлгэн ажиллуулах тухай “.................” ХК-ийн гүйцэтгэх захирлын 2014 оны 1/123 дугаартай тушаал /4-р хх-ийн 89/,

Кассын нярав Э.Уд 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрөөс жирэмсний амралт олгох тухай “.................” ХК-ийн гүйцэтгэх захирлын 2016 оны 192 дугаартай тушаал /5-р хх-ийн 178/,

Р.Эыг гүйцэтгэх захирлаас томилсон тухай “.................” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2013 оны 85 дугаартай тогтоол /3-р хх-ийн 191/,

Гүйцэтгэх захирал Р.Эыг ажлаас чөлөөлөх тухай “.................” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2016 оны 127 дугаартай тогтоол /5-р хх-ийн 177/ зэргээр нотлогдож байна.

Дээрх хугацаанд буюу шүүгдэгч Р.Э, Э.У, Б.Бц нарыг “.................” ХК-д ажиллаж байх хугацаанд тус байгууллагын кассаас мөнгө дутагдсан гэх үйл баримт нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Хохирогч Г.Бын өгсөн: 2015 онд бэлэн мөнгөний кассаас дутагдал гарсан бөгөөд тухайн үед кассын нярваар Э.У, гүйцэтгэх захирлаар Р.Э, ерөнхий нягтлан бодогчоор Б.Бц нар ажиллаж байсан. Нийт 2015 оны 12 дугаар сарын 31-ний байдлаар кассын бэлэн мөнгөний зөрүү балансаар 166.0 сая төгрөгийг авлага гэж бичсэн байна. Энэ дутагдлыг кассын нярав байсан Э.У дээр бичсэн. Анх Э.Уыг ажилд ороход программ дээр эрхийг нь шинээр үүсгэж, тэг гэсэн баланстай эхэлсэн. Гэтэл кассын орлого нь гарсан зарлагын зөрүүгээр дутаж байсан. Э.У нярав тайлан гаргадаггүй гэж байгаа боловч тайлан гаргадаг бөгөөд программ дээр тэгээс эхлээд орлого зарлагаа бүрдгээд явж байсан. Нийтдээ байгууллагад 161.1 сая төгрөгийн авлага гарсан бөгөөд кассаас уг мөнгө дутсан. Дээрх мөнгөн дүнг хохирол гэж үзэж, шүүгдэгч нараар төлбөрийг барагдуулъя гэсэн саналтай байгаа. 2015 онд шүүгдэгч нарыг ажиллаж байх үед байгууллагад учирсан хохирол болох 161,126,130 төгрөгийг нэхэмжилж байна гэх мэдүүлэг,

Шинжээч Б.Жаргалсайханы өгсөн: Манай талаас энэ дүгнэлтийг гаргахад 3 хүний бүрэлдэхүүнтэй оролцсон. 2013, 2014 оны тайлан балансыг аудитор н.Мөнхцэцэг, харин 2015, 2016 оны “.................” ХК-ийн санхүүгийн баримтад дүн шинжилгээ хийсэн бөгөөд маш богино хугацаанд дүгнэлтийг гаргасан байгаа. Бидний хувьд “.................” ХК-ийн цахим мэдээллийг сервер дээрээс нь авч, анхан шатны баримтуудыг нэг бүрчлэн үзэж тулгаж, зарлагын гүйлгээ нотлогдож байна уу гэдгийг судалж дүгнэлтийг гаргасан... гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтын шатанд

2015 оны 10 дугаар сарын 22-нд Авлигатай тэмцэх газраас “...................” орон нутгийн өмчит хувьцаат компанийн 2014 оны 1-12 сар, 2015 оны 1-9 сарын ерөнхий журнал, өглөгийн дэлгэрэнгүй бүрдгэл, кассын дансны хуулга, 2015 оны 10 сарын 1-20-ны өдрийн байдлаарх ерөнхий журнал, 2015 оны 7-9 сарын кассын нярвын тайлан зэрэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 208-с 3-р хх-ийн 8/ Дархан-Уул аймгийн Санхүүгийн хяналт, аудитын алба болон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтүүд,

Хохирогч Б.Шинэбаярын өгсөн: ...шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон 142.2 сая төгрөгийн хохирол гэдэг нь 2-3 жилийн кассын зарцуулалтын мөнгөн дүн гэж би ойлгож байна. Түүнээс манай байгууллагын касст өдөр бүр тийм их хэмжээний бэлэн мөнгө орж ирдэггүй учир нэг жилд 142.2 сая төгрөг касст байхгүй. Энэ нь тухайн ажиллаж байсан кассын нярав, ерөнхий нягтлан бодогч нарын ажилдаа хайнга хандаж, бэлэн мөнгөний зарцуулалтыг тухай бүрд нь санхүүгийн анхан шатны баримтыг бүрэн бүрдүүлж, зарлагыг хаадаггүй байдлаар хуримтлагдаж үүссэн дүн гэж бодож байна. Тэгэхээр дээрх 142.2 сая төгрөгийн хохирол нь манай байгууллагад ор мөр зарцуулаагүй гэнэт хэн нэгэн хүний буруу шийдвэр, дур зоргоороо хувьдаа ашигласан хохирол биш, харин тухайн мөнгө байгууллагын тодорхой үйл ажиллагаанд зарцуулагдсан боловч эргээд зарцуулсан ажлынхаа холбогдох санхүүгийн анхан шатны баримтуудыг дутуу бүрдүүлсэн, эсвэл бүрдүүлээгүй хайнга хандсан үйлдлээс болоод энэ нь өөрөө кассаас бэлэн мөнгө зориулалтын бусаар дутаад байгаа хохирол мэт харагдаж байгаа юм... гэх мэдүүлэг /4-р хх-ийн 125-126/,

Гэрч Б.Баярсайханы өгсөн: ...манай нөхөр Хишигжаргал нь 2014 онд кассын нярав Уаас найз нөхдийн хувиар 1.7 сая төгрөг зээлсэн. Зээлсэн мөнгөнөөс 1.0 сая төгрөгийг Уд эргүүлж төлсөн. Харин 700.000 төгрөгийг У ажлаасаа гарчихсан, байгууллагад нь төлье гэхээр Хишигжаргал байгууллагаасаа баримт үйлдэж аваагүй тул хаана яаж төлөхөө мэдэхгүй байгаагаас төлөөгүй байгаа... гэх мэдүүлэг /5-р хх-ийн 188-189/,

Гэрч Д.Цэрэндоржийн өгсөн: ...ерөнхий нягтлан бодогч Б.Бцийн албанд ашиглаж байсан компьютерын хатуу диск шатсан нь Б.Бцийн өөрийнх нь компьютер дээрээ хийж байсан хувийн файлууд устаж арилахаас төв серверт хадгалагдаж байгаа санхүүгийн мэдээ, мэдээлэлд ямар ч хамааралгүй. Б.Бцийн ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байх хугацаандаа санхүүгийн программ хангамж руу оруулсан бүх мэдээ, мэдээллүүд нь төв толгой компьютер буюу сервер дээр хадгалагдаж үлдсэн... гэх мэдүүлэг /7-р хх-ийн 105-107/,

Шинжээч Ц.Оюунбилэгийн өгсөн: “.................” ХК-ийн 2013-2015 оны санхүүгийн үйл ажиллагаанд шалгалт хийсэн. Шалгалтаар “.................” ХК-ийн кассын үлдэгдэл нь байх ёстой хэмжээнээсээ 142.2 сая төгрөгөөр зөрсөн. Санхүүгийн баримтууд дутуу, хөтөлбөл зохих бүрдгэл тайланг хөтлөөгүй гэх мэтээс энэ хохирлыг дутагдал уу? санхүүгийн зөрчлөөс үүссэн зөрүү юу? гэдгийг бүрэн тогтоох боломжгүй байсан. Энэ 142.2 сая төгрөгийн хохирлоос 21.4 сая төгрөг нь зарцуулалтын утга байгаа хэдий ч холбогдох баримтгүй, баримт байгаа ч санхүүгийн шаардлага бүрэн хангаагүй зарцуулалт хийсэн тул дүгнэлтдээ тусгаж өгсөн. Энэ 21.4 сая төгрөгийн хохирлыг тухайн байгууллага нягтлан бодох бүрдгэлдээ авлагаар тусгаад холбогдох баримтуудыг үндэслэн бүрэн гүйцээж бүрдүүлж барагдуулж авбал шинжилгээгээр тогтоогдсон хохирлын дүнгээс хасаж болно... гэх мэдүүлэг /4-р хх-ийн 161-162/,

Шинжээч Л.Одончимэгийн өгсөн: ...”.................” ХК-ийн 2014 оны 5 дугаар сараас 2016 оны 5 дугаар сарыг дуусталх хугацааны санхүүгийн үйл ажиллагаанд шалгалт хийж 2017 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 17/02 дугаартай шинжээчийн дүгнэлтийг гаргасан. Шалгалтаар “.................” ХК-нд 160.3 сая төгрөгийн хохирол учирсан. Иргэдээс ус хэрэглэсний төлбөр тушаасан орлогын баримтууд, тухайн орлогын мөнгийг орлогын байцаагч нар өглөө бүр кассын нярав Э.Уд бэлнээр тушаасан мөнгө хүлээлцсэн санхүүгийн баримтууд, “.................” ХК-ийн кассын тайлан, кассын үлдэгдэл тоолсон баримт болон бусад санхүүгийн анхан шатны баримтуудаар дээрх 160.3 сая төгрөгийн дутагдал нотлогдоно. Энэ мөнгө нь цэвэр кассын нярав Э.Уаас дутсан мөнгө юм. Касст ийм их мөнгө дутагдахад юу нөлөөлж байна вэ гэхээр кассын няравт холбогдох хууль тогтоомж, дүрэм журмаар хяналт тавьж ажиллах ёстой байсан гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Р.Э, ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байсан Б.Бц нарын хариуцлагагүй, ажилдаа хяналтгүй байдал нөлөөлсөн... гэх мэдүүлэг /5-р хх-ийн 27-32/,

Шинжээч Л.Одончимэгийн дахин өгсөн: ...16/02 дугаартай шинжээчийн дүгнэлтийг манай албаны шинжээч нар болох Оюунбилэг, Лхамхүү нар гаргасан. Энэ шалгалт нь хугацааны хувьд 2014 оны 5 сараас 2015 оны 5 сарыг дуустал хугацааны санхүүгийн баримтад хийгдсэн шалгалтаар тогтоогдсон дутагдал нь 142.2 сая төгрөг байсан. Гэтэл 17/02 дугаартай шинжээчийн дүгнэлтийг миний бие нь улсын байцаагч Энхбаяр, улсын ахлах байцаагч Баасанжаргал нартай хамтарч гаргасан ба “.................” ХК-ний 2014 оны 5 сараас 2016 оны 6 дугаар сарыг дуусталх хугацааны санхүүгийн баримтыг хамарч хийсэн шалгалтын дүн учраас мөнгөн дүн нь урьд гаргасан 142.2 сая төгрөгийн хохирлоос нэмэгдэж 186.6 сая төгрөгийн хохирол гарсан болно. 2014 оны 6 дугаар сараас 2016 оны 6 дугаар сарыг дуустал хугацаанд 44.4 сая төгрөгийн хохирол дутагдал нэмэгдсэн. Үүнээс 26.3 сая төгрөг нь тодорхой үйл ажиллагаанд зарцуулагдсан баримттай учраас 186.6 сая төгрөгийн хохирлоос хасаж дутагдлын эцсийн дүн 160.3 сая болсон болно... гэх мэдүүлэг /5-р хх-ийн 131-132/,     

Шинжээч Б.Баасанжаргалын өгсөн: ...”.................” ХК-ийн 2014 оны 5 дугаар сараас 2016 оны 5 дугаар сарыг дуусталх хугацааны санхүүгийн үйл ажиллагаанд шалгалт хийж 2017 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 17/02 дугаартай шинжээчийн дүгнэлтийг гаргасан. Манай шалгалтаар Э.Уаас анхан шатны баримтгүй 160.3 сая төгрөгийн дутагдал тогтоогдсон... гэх мэдүүлэг /5-р хх-ийн 33-38/,

Кассын нярав Э.Уаас гаргаж өгсөн түүний хувийн ногоон өнгийн хавтастай “Internet” гэсэн бичиглэл бүхий дөрвөлжин шугамтай дэвтэр, “Notebook” гэсэн бичиглэл бүхий бор өнгийн хавтастай дөрвөлжин шугамтай дэвтэр, “Кассны бэлнээр орсон орлого, зарлагын дэвтэр 1” хаягтай ягаан өнгийн дэвтэр, өнгөгүй гялгар хавтастай 1-94 хүртэл дугаартай санхүүгийн задгай баримт, өнгөгүй гялгар хавтастай 1-15 хүртэл дугаартай санхүүгийн задгай баримт, өнгөгүй гялгар хавтастай 1-18 хүртэл дугаартай санхүүгийн задгай баримтуудыг эд мөрийн баримтаар хураан авч хадгалах тухай мөрдөгчийн тогтоол /3-р хх-ийн 118/,

Э.Уын хувийн тэмдэглэлийн дэвтэр, задгай санхүүгийн баримтуудад үзлэг хийсэн тэмдэглэл /3-р хх-ийн 119-124/,

Шүүгдэгч Э.Уаас эдийн засгийн нэмэлт шинжилгээнд зориулан гаргаж өгсөн ягаан өнгийн хавтастай “Кассны бэлнээр орсон орлого, зарлагын дэвтэр 1” гэх хаягтай дэвтэр, ягаан өнгийн хавтастай “Кассны бэлнээр орсон орлого, зарлагын дэвтэр 2” гэх хаягтай дэвтэр, бор өнгийн хавтастай “Кассын орлого зарлагын баримт 3” гэх хаягтай гараар үдсэн баримт, Э.Уын өөрөө нааж дугаарласан санхүүгийн 86 ширхэг баримт зэргийг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, дээрх баримтад үзлэг хийсэн тухай “.................” ХК-аас эдийн засгийн нэмэлт шинжилгээнд зориулан гаргуулан авсан санхүүгийн баримтуудыг хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /5-р хх-ийн 153-157/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Мөрдөн байцаалтын шатанд “.................” ХК-ийн бэлэн мөнгөний касст гарсан дутагдлын хэмжээг тогтоолгохоор удаа дараа шинжээч томилж дүгнэлт гаргуулжээ.

Гэвч эдгээр шинжээчийн дүгнэлтүүдээс Дархан-Уул аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны 2016 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 16/02 дугаартай ...”.................” ХК-ийн эд хариуцагч, эрх бүхий албан тушаалтнууд нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, Нягтлан бодох бүрдгэлийн тухай хуулийн холбогдох заалтууд, эд хариуцагчийн эрх үүргийн дүрмийг зөрчсөн зөрчил гаргаснаас шалтгаалж тус компанид 142.2 сая төгрөгийн хохирол учирсан байна... гэх дүгнэлт /4-р хх-ийн 96-110/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 68 дугаартай ...Шинжилгээнд ирүүлсэн баримтууд нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.4-т заасан шаардлагыг хангахгүй тул шинжилгээнд тэнцэхгүй. Ирүүлсэн баримтын хүрээнд Дархан-Уул аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны 2016 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 16/02 дугаартай дүгнэлт үндэслэлтэй эсэхийг тогтоох боломжгүй байна... гэх дүгнэлт /4-р хх-ийн 146-150/ зэрэг нь “.................” ХК-ний 2014 оны 5 сараас 2015 оны 5 сарыг дуустал хугацааны санхүүгийн баримтад үндэслэсэн тул дутагдлын хэмжээг бүрэн бодитой тогтоосон гэж үзэх боломжгүй,

- Дархан-Уул аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны 2017 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 17/02 дугаартай ...”.................” ХК-ийн эд хариуцагч, эрх бүхий албан тушаалтнууд нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, Нягтлан бодох бүрдгэлийн тухай хуулийн холбогдох заалтууд, эд хариуцагчийн эрх үүргийн дүрмийг ноцтой зөрчсөн зөрчил гаргаснаас шалтгаалан тус компанид 160.3 сая төгрөгийн хохирол учирсан байна... гэх дүгнэлт /5-р хх-ийн 12-23/ нь шинжээч Д.Энхбаярт эрх, үүрэг танилцуулж, хууль сануулаагүй ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн тул нотлох баримтаар үнэлэх боломжгүй бөгөөд уг дүгнэлтэд нэмэлт шинжилгээ хийсэн Дархан-Уул аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 18/01 дугаартай шинжээчийн дүгнэлт /5-р хх-ийн 160-176/-ийг мөн нотлох баримтаар үнэлэх боломжгүй байна.

“Пийк ом аудит” ХХК-ийн 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн

- 2013 оны 7 дугаар сараас 2016 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар “.................” ХК-нд учирсан хохирол 161,383,930.17 төгрөг байна. Үүнээс ажил хүлээлгэж өгөх явцад баталгаажсан дутагдал 3,829,114.85 төгрөгийг кассын нярав Э.У, хувийн шинжтэй албан бус зардалд зарцуулагдсан 12,357,653 төгрөгийг гүйцэтгэх захирал Р.Э нар дангаар хариуцна. “.................” ХК-нд учирсан 161,383,930.17 төгрөгийн хохирлоос гүйцэтгэх захирал Р.Э, кассын нярав Э.У нарын дангаар хариуцах хохирлыг хассан 145,197,162.32 төгрөгийн хохирлоос 50,456,162.82 төгрөгийн хохирлыг Р.Э, Э.У нар, 94,740,999.50 төгрөгийн хохирлыг Р.Э, Э.У, Б.Бц нар тус тус хариуцна гэх дүгнэлт,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 125 дугаартай

- Шинжилгээнд ирүүлсэн санхүүгийн баримтад авагдсан кассын орлого зарлагын анхан шатны болон дэмжих баримтууд, кассын нярвын тайлан, санхүүгийн тайлан, бэлэн мөнгөний тооллогын хуудас зэргийг үндэслэн хохирол дутагдлын хэмжээг тооцлоо. Дээрх санхүүгийн баримтыг үндэслэн касс дахь бэлэн мөнгөний үлдэгдлийг тооцох боломжтой, өөрөөр хэлбэл шинжилгээнд тэнцэхээр байна. Даймонд программын 2013-2016 онуудын цахим мэдээлэл устгагдсан эсэхийг эдийн засгийн шинжилгээгээр тогтоох боломжгүй, санхүүгийн мэдээлэл устсан эсэх талаар мэргэжлийн байгууллагын ямар нэгэн акт дүгнэлт шинжилгээнд ирээгүй.

- Эдийн засгийн шинжилгээ хийлгэх тухай 2016 оны 02 дугаар 25-ны өдрийн тогтоолын дагуу санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч Ц.Оюунбилэг, Б.Лхамхүү нар эдийн засгийн шинжилгээ хийж 2016 оны 3 сарын 17-нд 16/02 тоот Аудиторын дүгнэлт гаргасан байна. Тус дүгнэлтийн хавсралт тооцоолол ирээгүй, мөн касс дахь бэлэн мөнгөний үлдэгдлийг хэрхэн тооцсон, өмнөх шинжээчийн гаргасан хохирлын тооцооллыг тулган шалгасан эсэх нь тодорхойгүй байна. Иймд дахин шинжилгээгээр үндэслэлтэй эсэхийг тогтоох боломжгүй байна. “Пийк ом аудит” ХХК нь хохирлыг тооцохдоо 2013 оны 7 сарын 01-нээс 2016 оны 4 сарын 30-ны дуусталх хугацааны санхүүгийн баримтыг хамруулж хохирлыг тооцохдоо 2013 оны 7 сарын 01-ний санхүүгийн тайланд тусгасан бэлэн мөнгөний эхний үлдэгдэл 11,727,639.38 төгрөг дээр орлого 5,263,191,278.77 төгрөгийг нэмж, баримтаар нотлогдсон 5,062,655,027.81 төгрөгийн зарлагыг хасаж байвал зохих үлдэгдэл нь 2016 оны 4 сарын 30-наар 212,263,890.34 төгрөг байна. Үүнээс 2016 он 4 дүгээр сарын 30-ны өдрөөрх кассын тайлангаарх үлдэгдэл 23,527,645.00 төгрөгийг хасаж тооцоход учирсан хохирол дутагдлын дүн 161,383,930.17 төгрөг байна гэж 2019 оны 3 сарын 29-ний 144 дугаартай шинжээчийн дүгнэлтэд тусгасан. Дахин шинжилгээгээр тус дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзэхээргүй байна. Хохирол дутагдлыг тооцохдоо касс дахь бэлэн мөнгөний тооллогын баталгаажуулсан хуудсыг үндэслээгүй, нярвыг ажлаас гарснаас хойших 20 хоногийн орлого зарлагын тооцоог оруулж тооцсон, бэлэн мөнгөний эхний үлдэгдлийг Э.Уын ажилд ороогүй хугацаа буюу 2013.07.01-нээс эхлэн тооцсон зэрэг зөрчилтэй байна.

Дээрх 2 шинжилгээгээр хохирол дутагдлыг тооцохдоо санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч нар 2015 оны 12 сарын 31-ний өдрөөр тоолсон бэлэн мөнгөний тооллогын баримтыг, “Пийк ом аудит” ХХК нь 2016 оны 01 сарын 30-ныг дуусталх хугацааны санхүүгийн тайлан дахь кассын бэлэн мөнгөний үлдэгдлийг үндэслэсэн байна. Иймд хохирол дутагдлыг тооцсон цаг хугацаа нь өөр хоорондоо харилцан адилгүй байгаа тул хохирол дутагдал нь зөрүүтэй гарсан байна.

- Өмнөх шинжээчид нь 2013 оны 7 сарын 01-нээс 2016 оны 4 сарын 30-ныг дуусталх хугацаагаар касс дахь бэлэн мөнгөний тооцоог хийж хохирол дутагдлыг тооцсон байна. Дахин шинжилгээг хийхдээ 2014 оны 5 сарын 08-ны өдөр Э.Уын нярвын ажил хүлээн авсан өдрөөс 2016 оны 4 сарын 11-нд бэлэн мөнгө тоолж хүлээлгэн өгсөн өдрийг хүртэлх хугацааны орлого зарлагын тооцоог хийлээ. Дээрх хугацаанд нийт 3,812,826,361.26 төгрөгийн орлого олж 3,643,691,239.26 төгрөгийн зарлагын гүйлгээ хийгдсэн бөгөөд касс дахь бэлэн мөнгөний байвал зохих үлдэгдэл нь 169,135,122.00 төгрөг байхаар байна. Э.У нь 2016 оны 04 сарын 11-нд ажлаа хүлээлгэн өгөхөөр касс дахь бэлэн мөнгөө тоолуулахад 3,079,880.00 төгрөг байсан байна. Мөн “.................” ХК-ийн захирлын 2017 оны 11 сарын 13-ны 136/А тушаалаар Дархан-Уул аймгийн Санхүүгийн хяналт аудитын албаны шалгалтаар баримтаар нотлогдон хасагдсан 22,034,869.00 төгрөгийг хасаж тооцоход нийт хохирол дутагдал нь 144,020,373.00 төгрөг байна. Э.Уыг ажил хүлээн авахаас хүлээлгэн өгөх хооронд гүйцэтгэх захирлаар Р.Э, ерөнхий нягтлан бодогчоор Т.Эрдэнэцэцэг, Б.Бц Д.Уранчимэг нар ажиллаж байсан байна. Нягтлан бодох бүрдгэлийн хуулийн 7, 11, 17, 18, 19, 20 дугаар зүйлийн холбогдох заалтуудыг зөрчин ажилласан байна. Дээрх кассын дутагдал гарсан тухай бүр нь хохирлыг барагдуулах талаар ямар нэгэн арга хэмжээ авч байгаагүй байна. Дахин шинжилгээгээр хэн, ямар албан тушаалтан хэчнээн төгрөгийг хариуцах эсэх, мөн хамтран хариуцах талаарх үндэслэлийг тогтоох боломжгүй.

- Бэлэн мөнгөний дутагдал, илэрсэн зөрчил нь “.................” ХК-ийн кассын орлого зарлагын баримтууд, кассын нярвын тайлан, санхүүгийн тайлан, бэлэн мөнгөний тооллогын баталгааны хуудас баримтуудаар тогтоогдож байна.

- “.................” ХК-ийн 50 жилийн ойн баярт кассаас бэлнээр 63,974,500 төгрөгийг зарцуулсан нь үндэслэлтэй байна. Дархан-Уул аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албанаас “.................” ХК-ийн санхүү, аж ахуйн үйл ажиллагааны баримтад төлөвлөгөөт шалгалтыг хийж санхүүгийн улсын байцаагчаас 120,238,290.00 төгрөгийн дүнтэй акт нь хэдэн оны хэдэн сарын хэдэн тоот болох, энэ акт нь шинжилгээнд ирээгүй тул тогтоох боломжгүй байна. Дархан-Уул аймгийн Прокурорын газраас ирүүлсэн шинжилгээнд ирүүлсэн 2016.03.17-ны 16/02 тоот аудиторын дүгнэлт, 2017.07.16-ны өдрийн 17/02 тоот шинжээчийн дүгнэлт, 2018.11.05-ны өдрийн 18/01 тоот шинжээчийн дүгнэлт, 2016.05.10-ны өдрийн 68 тоот шинжээчийн дүгнэлт, 2016.10.27-ны өдрийн 23-06-16/127 тоот Монгол Улсын Сангийн яамны улсын ахлах байцаагчийн акт, 2019.03.29-ний өдрийн 144 тоот шинжээчийн дүгнэлт зэргийг хуулбарлан ирүүлсэн бөгөөд дээрх дүгнэлтүүдийн хавсралт тооцооллыг дүгнэлт гарах өдөр хүртэл ирүүлээгүй болно.

Э.Уыг кассын нярваар ажиллаж байх хугацаанд /2014.05.08-2016.04.11-ний хооронд/ нийт нь 144,020,373.00 төгрөг кассаас дутагдсан байна.

- “.................” ХК-ийн даргаар ажиллаж байсан Р.Э, нягтлан бодогч Б.Бц, кассын нярав Э.У нар нь компанийн буюу байгууллагын мөнгийг хоорондоо шилжүүлж байсан эсэхийг тогтоох хувийн харилцах дансны мэдээлэл шинжилгээнд ирээгүй болно... гэх дүгнэлт /7-р хх-ийн 246-250, 8-р хх-ийн 1-3/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 161 дугаартай

Хэрэгт холбогдох баримт материалд шинжилгээ хийсний үндсэн дээр хуулийн байгууллагаас тавьсан асуултанд дараах хариултыг өгч байна. Үүнд:

- Шинжилгээнд ирүүлсэн санхүүгийн баримтад авагдсан кассын орлого зарлагын анхан шатны болон дэмжих баримтууд, кассын нярвын тайлан, санхүүгийн тайлан, бэлэн мөнгөний тооллогын хуудас зэргийг үндэслэн хохирол дутагдлын хэмжээг тооцлоо. Даймонд программын 2013-2016 онуудын цахим мэдээлэл устгагдсан эсэхийг эдийн засгийн шинжилгээгээр тогтоох боломжгүй, санхүүгийн мэдээлэл устсан эсэх талаар мэргэжлийн байгууллагын гаргасан акт дүгнэлт шинжилгээнд ирээгүй.

- Шинжилгээгээр мөнгөн хөрөнгийн дутагдлын хэмжээг Э.Уыг кассын нярваар ажиллаж байх хугацааг /2014.05.08-2016.04.11-ний хоорондох/ хамруулсан. Ойн арга хэмжээнд зориулан зарцуулагдсан мөнгөн хөрөнгө нь кассын зарлага талд тусгагдан мөнгөн хөрөнгийн үлдэгдлээс хасагдаж тооцогдсон.

- “.................” ХК-ийн 50 жилийн ойн баярт кассаас бэлнээр 63,974,500 төгрөгийг зарцуулсан нь үндэслэлтэй байна. Өмнөх шинжээчийн дүгнэлтээр гүйцэтгэх захирал Р.Эын хувийн шинжтэй албан бус зардалд 12,357,653.00 төгрөг зарцуулагдсан байна гэснийг дахин шинжилгээгээр тогтоох боломжгүй байна. Учир нь “.................” ХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоол шийдвэр, 3-р хавтаст хэрэг 52, 53-р хуудсанд авагдсан баримтууд шинжилгээнд ирээгүй тул мөрдөн байцаалтаар тогтоохоор байна.

- Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 46 дугаартай шийдвэрээр хүчингүй болсон улсын байцаагчийн актууд нь өмнө гаргасан шинжээчийн дүгнэлт, өөрөөр хэлбэл мөнгөн хөрөнгийн дутагдалд нөлөөгүй болно.

- Э.Уын гаргаж өгсөн анхан шатны 49 ширхэг баримт нь анхан шатны болон дэмжих баримтгүй, кассын тайланд тусгагдаагүй байна.

- Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 27.2-д заасны дагуу эдийн засгийн шинжээч нь баримтын шалгалт дахин хийх буюу тооллого явуулах эрх эдлэхгүй болно. Мөн Б.Бцийг ерөнхий нягтлан бодогчоор томилогдох үед /2014.10.02, 2014.10.29-нд/ бэлэн мөнгөний тооллого хийж үлдэгдлийг баталгаажуулан бүрдгэлийн байвал зохих үлдэгдэлтэй тохируулаагүй байна... гэх дүгнэлт /8-р хх-ийн 29-33/ зэргийг харьцуулан судалж үзвэл

Шүүгдэгч Р.Э, Э.У, Б.Бц нар нь “.................” ХК-д ажиллаж байх хугацаанд буюу 2014 оны 5 дугаар сарын 08-ны өдрөөс 2016 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэл хугацаанд тус байгууллагын бэлэн мөнгөний кассаас нийт 144,020,373 төгрөг дутагдсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 125, 2019 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 161 дугаартай дүгнэлтүүдээр нотлогдсон, үүнээс шүүгдэгч Р.Э нь 12,357,653 төгрөгийг, шүүгдэгч Э.У нь 3,829,114.85 төгрөгийг тус тус хувийн хэрэгцээнд зарцуулсан болох нь “Пийк ом аудит” ХХК-ийн 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн дүгнэлтээр тус тус тогтоогдсон гэж үзэх үндэслэлтэй байна.

“Пийк ом аудит” ХХК-ийн дүгнэлт нь хохирогч байгууллагад учирсан нийт хохирлыг бодитой тогтоож чадаагүй боловч “.................” ХК-ийн бэлэн мөнгөний кассаас шүүгдэгч Р.Э нь 12,357,653 төгрөгийг, шүүгдэгч Э.У нь 3,829,114.85 төгрөгийг тус тус авч хувийн хэрэгцээнд зарцуулсан болохыг нотолж байгаа ба энэ байдал нь хэрэгт авагдсан Э.Уын хувийн тэмдэглэлийн дэвтэр, задгай санхүүгийн баримтуудад үзлэг хийсэн тэмдэглэл /3-р хх-ийн 119-124/, “.................” ХК-ийн бэлэн мөнгөний нярвын тайлан /7-р хх-ийн 168/, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Э.Уын өөрөө нааж дугаарласан санхүүгийн 86 ширхэг баримт, шүүгдэгч Э.Уын мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн мэдүүлгүүд /3-р хх-ийн 133-138, 147/ зэргээр давхар нотлогдож байна.

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 125, 2019 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 161 дугаартай дүгнэлтүүдэд ...Дахин шинжилгээгээр хэн, ямар албан тушаалтан хэчнээн төгрөгийг хариуцах эсэх, мөн хамтран хариуцах талаарх үндэслэлийг тогтоох боломжгүй..., ...Өмнөх шинжээчийн дүгнэлтээр гүйцэтгэх захирал Р.Эын хувийн шинжтэй албан бус зардалд 12,357,653.00 төгрөг зарцуулагдсан байна гэснийг дахин шинжилгээгээр тогтоох боломжгүй байна... гэсэн нь “Пийк ом аудит” ХХК-ийн ...ажил хүлээлгэж өгөх явцад баталгаажсан дутагдал 3,829,114.85 төгрөгийг кассын нярав Э.У, хувийн шинжтэй албан бус зардалд зарцуулагдсан 12,357,653 төгрөгийг гүйцэтгэх захирал Р.Э нар дангаар хариуцна... гэх дүгнэлт үндэслэлтэй эсэхэд ямар нэгэн хариулт өгөөгүй бөгөөд шүүгдэгч Р.Э нь 12,357,653 төгрөгийг, шүүгдэгч Э.У нь 3,829,114.85 төгрөгийг тус тус авч хувийн хэрэгцээнд зарцуулсан гэх үйл баримтыг үгүйсгэхгүй байна.

2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно” гэж заасан бөгөөд “.................” ХК-д шүүгдэгч Б.Бц нь ерөнхий нягтлан бодогчоор, шүүгдэгч Э.У нь кассын нярваар, шүүгдэгч Р.Э нь гүйцэтгэх захирлаар тус тус ажиллаж байсан хугацаанд буюу 2014 оны 5 дугаар сарын 08-ны өдрөөс 2016 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэл хугацаанд хүчин төгөлдөр үйлчилж байсан 2002 оны Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлд аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн өмчийг итгэмжлэгдэн хариуцсан этгээд завшсан буюу үрэгдүүлсэн үйлдлийг гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан байна.

“.................” ХК-ийн гүйцэтгэх захирал, ерөнхий нягтлан бодогч, нярав нь хууль болон гэрээгээр тус байгууллагын эд хөрөнгийг итгэмжлэгдэн хариуцсан этгээд мөн бөгөөд “.................” ХК-д учирсан нийт 144,020,373 төгрөгийн хохирлоос гүйцэтгэх захирал Р.Э, ерөнхий нягтлан бодогч Б.Бц, нярав Э.У нар нь Монгол улсын Нягтлан бодох бүрдгэлийн тухай хуулийн 7, 11, 17, 18, 19, 20 дугаар зүйлд заасныг зөрчин хууль болон гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс бэлэн мөнгөний касснаас 127.833.605 төгрөг дутагдуулсан үйлдлийг бусдын эд хөрөнгийг үрэгдүүлсэн, бэлэн мөнгөний кассаас гүйцэтгэх захирал Р.Э нь 12,357,653 төгрөгийг, нярав Э.У нь 3,829,114.85 төгрөгийг тус тус авч хувийн хэрэгцээнд зарцуулсан үйлдлийг бусдын эд хөрөнгийг завшсан гэж үзэх үндэслэлтэй ба өөрөөр хэлбэл шүүгдэгч нарын дээрх үйлдэл нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлд заасан бусдын эд хөрөнгийг завших, үрэгдүүлэх гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.

Гэвч 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн 2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “үйлдэл эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж, 2-т “үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй” гэж тус тус заажээ.

Буцаан хэрэглэгдэх шинжийг агуулж байгаа илүү хөнгөн хууль гэдэг ойлголтод гэмт хэргийн шинж чанарыг тодорхойлж буй диспозицийн багтаамж, ял шийтгэлийн төрөл агуулгад орсон өөрчлөлт, хүний эрх зүйн байдлыг ямар нэг хэлбэрээр дээрдүүлж байгаа эрүүгийн хуулийн бусад зохицуулалтууд мөн адил багтдаг.

2015 оны Эрүүгийн хуулиар аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн өмчийг итгэмжлэн хариуцсан этгээд үрэгдүүлсэн үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй болсон тул шүүгдэгч Р.Э, Б.Бц, Э.У нарын Монгол улсын Нягтлан бодох бүрдгэлийн тухай хуулийн 7, 11, 17, 18, 19, 20 дугаар зүйлд заасныг зөрчин хууль болон гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс бэлэн мөнгөний кассаас 127.833.605 төгрөг дутагдуулж үрэгдүүлсэн үйлдэл нь гэмт хэрэгт тооцогдохгүй байна.

Харин шүүгдэгч Э.Уын 3,829,114.85 төгрөг завшсан үйлдэл нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.1-д заасан аж ахуйн нэгж, байгууллагын өмчийг итгэмжлэгдэн хариуцсан этгээд завшсаны улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийн, шүүгдэгч Р.Эын 12,357,653 төгрөг завшсан үйлдэл нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.2-т заасан аж ахуйн нэгж, байгууллагын өмчийг итгэмжлэгдэн хариуцсан этгээд завшсаны улмаас үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.

Иймд Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Р.Э, Э.У, Б.Бц нарт холбогдох эрүүгийн хэргээс Б.Бцт холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.5 дахь хэсэгт заасан тухайн үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон үндэслэлээр хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Мөн 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.2-т “энэ хэргийг давтан буюу бүлэглэж үйлдсэн, энэ хэргийн улмаас бусдад үлэмж хэмжээний хохирол учирсан бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг таван жил хүртэл хугацаагаар хасах буюу хасахгүйгээр гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заажээ.

Харин 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшсан бол хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан нь оногдуулах ялыг хөнгөрүүлж, шүүгдэгч Р.Эын эрх зүйн байдлыг дээрдүүлж байна.

Иймд Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Р.Э, Э.У нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хөнгөрүүлэн өөрчилж, Э.Уын үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.1-д зааснаар, Р.Эын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилж, шүүгдэгч Э.Уыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.1-д заасан бусдын эд хөрөнгийг завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Р.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

2. Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар

Хохирогч байгууллагын төлөөлөгч Г.Б нь “.................” ХК-нд нийт 160,426,134 төгрөгийн хохирол учирсан тул гэм буруутай этгээдээс дээрх хохирлыг төлүүлэхээр нэхэмжилж байна гэжээ.

Гэвч “.................” ХК-д нийт 144,020,373 төгрөгийн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон тул илүү нэхэмжилсэн 16.405.761 төгрөг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 “.................” ХК-д учирсан 144,020,373 төгрөгийн хохирлоос 12,357,653 төгрөгийг шүүгдэгч Р.Э, 3,829,115 төгрөгийг шүүгдэгч Э.У хариуцан төлөх үүрэгтэй байна.

Харин үрэгдүүлсэн гэх 127.833.605 төгрөгийг тухайн цаг хугацаанд буюу 2014 оны 5 дугаар сарын 08-ны өдрөөс 2016 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэл хугацаанд “.................” ХК-д гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Р.Э, ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байсан Т.Эрдэнэцэцэг, Б.Бц Д.Уранчимэг, нярваар ажиллаж байсан Э.У нараар төлүүлэх нь зүйтэй ба энэ талаарх тооцооллыг шүүх хийх боломжгүй байна.

Мөн шүүгдэгч Р.Э нь гэм буруугийн шүүх хуралдааны дараа хохирол төлөх зорилгоор завсарлага авч 12,357,653 төгрөг төлсөн болох нь хохирол төлсөн баримтаар тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Э.Уаас 3,829,115 төгрөг гаргуулан хохирогч “.................” ХК-д олгож, хохирогчийн 16,405,761 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, 127,833,605 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэлээ.  

3. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар

Шүүгдэгч Э.У нь 2002 оны Эрүүгийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.1.1-дэх хэсэгт заасан хөнгөн ангиллын гэмт хэрэг үйлдсэн ба гэмт хэрэг үйлдсэнээс хойш 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1-д заасан эрүүгийн хариуцлагад татах хугацаа өнгөрсөн байна.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэлтэй байна.

Харин шүүгдэгч Р.Э нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.

Шүүгдэгч Р.Э нь урьд анх удаа гэмт хэрэг үйлдсэн, эхнэр, 4 хүүхдийн хамт амьдардаг болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /5-р хх-ийн 246/, Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар багийн Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 4499 дугаартай албан бичиг /5-р хх-ийн 230/ зэргээр нотлогдож байх бөгөөд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад харгалзан үзэх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Харин шүүгдэгч Р.Э нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүгдэгчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлагыг хэлэлцэх шүүх хуралдаанаар улсын яллагчаас шүүгдэгчид 2 жил 5 сарын хугацаагаар хорих ял оногдуулах санал гаргасан ба шүүгдэгчийн өмгөөлөгч нь хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү гэж мэтгэлцэж байна.

Шүүгдэгч Р.Эын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаанд тэнсэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Р.Эын хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан түүнд тэнссэн хугацаанд орон нутгийн өмчийн болон орон нутгийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгж байгууллагад удирдах албан тушаал эрхлэхийг хориглох хязгаарлалт тогтоох нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Р.Э, Э.У, Б.Бц нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдсан ягаан өнгийн хавтастай “Кассны бэлнээр орсон орлого, зарлагын дэвтэр 1” гэх хаягтай дэвтэр, ягаан өнгийн хавтастай “Кассны бэлнээр орсон орлого, зарлагын дэвтэр 2” гэх хаягтай дэвтэр, бор өнгийн хавтастай “Кассын орлого зарлагын баримт 3” гэх хаягтай гараар үдсэн баримт, Э.Уын өөрөө нааж дугаарласан санхүүгийн 86 ширхэг баримт зэргийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргах нь зүйтэй байна.

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэн болон “Пийк ом аудит” ХХК-аар шинжилгээ хийлгэж, шинжээчийн дүгнэлт гаргуулсан зардал нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардал бөгөөд гэм буруутай этгээдээс энэхүү зардлыг гаргуулах нь зүйтэй байх тул шүүгдэгч Э.У, Р.Э нараас тус бүр 5.660.000 /таван сая зургаан зуун жаран мянга/ төгрөгийг гаргуулж, “Пийк ом аудит” ХХК-нд 7.560.000 /долоон сая таван зуун жаран мянга/ төгрөгийг, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнд 3.760.000 /гурван сая долоон зуун жаран мянга/ төгрөгийг тус тус олгох нь зүйтэй гэж үзлээ.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.У, Р.Эт нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Б.Бцт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ, шүүгдэгч Р.Эт авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгох нь зүйтэй байна.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 4, 36.3 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О овогт Р.Э, Б овогт Э.У, Д овогт Б.Бц нарт холбогдох хэргээс Д овогт Б.Бцт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Р.Э, Э.У нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хөнгөрүүлэн өөрчилж, Э.Уын үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.1-д зааснаар, Р.Эын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилсүгэй.

3. Шүүгдэгч Э.Уыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.1-д заасан бусдын эд хөрөнгийг завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Р.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1-д зааснаар Э.Уд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Р.Эт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 3.4 дэх хэсэгт зааснаар Р.Эт тэнссэн хугацаанд орон нутгийн өмчийн болон орон нутгийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгж байгууллагад удирдах албан тушаал эрхлэхийг хориглох хязгаарлалт тогтоосугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Э нь шүүхээс тогтоосон хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар Э.Уаас 3.829.115 /гурван сая найман зуун хорин есөн мянга нэг зуун арван тав/ төгрөгийг гаргуулж “.................” ХК-нд олгож, хохирогчийн 16.405.761 /арван зургаан сая дөрвөн зуун таван мянга долоон зуун жаран нэг/ төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, 127.833.605 /нэг зуун хорин долоон сая найман зуун гучин гурван мянга зургаан зуун тав/ төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхисугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар Э.У, Р.Э нараас тус бүр 5.660.000 /таван сая зургаан зуун жаран мянга/ төгрөгийг гаргуулж, “Пийк ом аудит” ХХК-нд 7.560.000 /долоон сая таван зуун жаран мянга/ төгрөгийг, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнд 3.760.000 /гурван сая долоон зуун жаран мянга/ төгрөгийг тус тус олгосугай.

10. Шүүгдэгч Р.Э, Э.У, Б.Бц нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.

11. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ягаан өнгийн хавтастай “Кассны бэлнээр орсон орлого, зарлагын дэвтэр 1” гэх хаягтай дэвтэр, ягаан өнгийн хавтастай “Кассны бэлнээр орсон орлого, зарлагын дэвтэр 2” гэх хаягтай дэвтэр, бор өнгийн хавтастай “Кассын орлого зарлагын баримт 3” гэх хаягтай гараар үдсэн баримт, Э.Уын өөрөө нааж дугаарласан санхүүгийн 86 ширхэг баримт зэргийг хэрэгт хавсаргасугай.

12. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бцт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ, шүүгдэгч Р.Эт авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгож, шүүгдэгч Р.Э, Э.У нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

13. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

14. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Р.Э, Э.У нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Б.ИХТАМИР