Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 423

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж, шүүгч Г.Гэрэлт-Од, шүүгч З.Төмөрхүү нарын бүрэлдэхүүнтэйгээр,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ц.Ганхуяг,

Иргэдийн төлөөлөгч С.Цогжавхлан,

Улсын яллагч Д.Энхтуяа,

Хохирогч Ю.Л,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Номин-Эрдэнэ,

Шүүгдэгч Н.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Б овогт Н.Бид холбогдох эрүүгийн 1918000000417 дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, Б овогт Н.Б /РД: /, Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, экскаваторын операторчин мэргэжилтэй, Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант тосгонд алтны уурхайд жолооч ажилтай, ам бүл 3, хэрэг хариуцах чадвартай, урьд 3 удаагийн ял шийтгэлтэй.

Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Энхтуяа нь шүүгдэгч Н.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.8 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Н.Б нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр 17 цагийн орчим Дархан-Уул аймаг, Дархан сум, ..... дугаар баг, ......... дугаар гудамж, ..... тоотод төрсөн эцэг 71 настай Ю.Нийг 13 настай охин Э.Ад “архи өглөө” гэсэн шалтгаанаар толгой, нүүр хэсэг рүү нь олон тооны удаа цохих, өшиглөх зэргээр зодсоны улмаас Ю.Н нь гавал тархины битүү гэмтлийн улмаас тархи хавагнаж төвийн гаралтай амьсгалын хурц дутагдлаар нас барсан болох нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч Н.Бийн өгсөн: ...гэртээ ортол аав орон дээр, охин согтуу газар унтаж байсан. Би “хүүхдээсээ чи яагаад архи ууж байгаа юм бэ?” гэж асуутал “өвөө надад архи өгсөн” гэж хэлсэн. “Яахаараа өвөө чинь чамд архи өгдөг юм бэ?” гэж асуухад “өвөө надад архи өгсөн”, “хувцсыг чинь хэн тайлсан юм бэ?” гэхэд “хувцсыг өвөө тайлсан” гэж надад хэлсэн. Би аавыг 2-3 удаа цохисноо санаж байна. Мөн би аавыг татаж унагаад толгой руу нь жийсэн байх магадлалтай. Аавын биед учирсан гэмтлийг би учруулсан. Би маргааш нь аавыг нас барсныг нь мэдсэн  гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад:

Хохирогч Ю.Лгийн өгсөн: Ю.Н нь миний төрсөн ах юм. Би болсон хэргийн талаар сайн мэдэхгүй. Бид нар талийгаачийн буяны ажлыг олны хүчээр сайхан зохион байгуулсан учраас одоо ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Хуулийн дагуу шийдвэрлэх байх... гэх мэдүүлэг /хх-ийн 41-42/,

Гэрч С.Аийн өгсөн: ...тэгээд удалгүй 16 цагийн үед Агийн аав болох Б, хойд ээж Бо нар нь ирсэн. Тэр 2 хойд байшинд ороод удалгүй 20-30 минутын дараа бага охин Хатангоо нь манайд орж ирээд “аниа таныг аав, ээж хоёр дуудаад байна” гэхэд нь би “яасан бэ?” гэхэд “өвөө үхчихлээ” гэж хэлсэн. Тэгэхээр нь шууд хойшоо байшин руу ороход Бо 3 хүүхэдтэйгээ хойд өрөөнд байсан. Б үүдэнд Агаас “миний аав чамайг хүчиндсэн юм уу?” гэж асуухад А нь “хүчиндсэн, надад архи шахсан, миний цамцыг тайлсан” гэж хэлсэн. Тэгээд Б надад хэлэхдээ “Би танай аавыг 2 удаа алгадсан” гэж хэлсэн. Нийг харахад амьсгалахад хүндрэлтэй байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 43-44/,

Гэрч Н.Оын өгсөн: 2019 оны 9 дүгээр сарын 11-ний орой 19 цагийн үед ээж Ц нь “аавыг чинь зодсон байна. Дүү чинь эмнэлгийн түргэн тусламжийн машинаар авч явна гэж байна. Чи хурдан оч” гэж хэлсэн. Тэгээд намайг гэрт очиход түргэн тусламжийн машин ирчихсэн байсан ба аавын өмд цамцыг өмсүүлээд дүү Ж, бэр Аб нарын хамт аавыг өргөж машинд суулгасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 45/,

Гэрч Н.Жын өгсөн: ...бэр Ц над руу залгаад “аавын гэрт орж ирлээ. Аав цусанд будагдчихсан хэвтэж байна, Б эхнэртэйгээ хамт намайг хөөгөөд гэр лүү оруулахгүй байна” гэхээр нь би нөхрийн хамт гэр лүү очиход “манай аав гал тогооны өрөөнд байдаг орон дээр нүүр ам нь нэлэнхийдээ хавдаад аймаар цус болчихсон хэвтэж байсан. Би Боос “юу болоод байгаа юм бэ?” гэж асуухад Б нь “аав манай охиныг хүчиндэх гэж оролдсон. Тэгэхээр нь би аавыг зодсон” гэж хэлсэн. Тэр үед аавын гэрт Б, түүний эхнэр Б, охин А 3 дүүгийн хамт байсан. А архи уучихсан согтуу байхаар нь би гайхаад асуухад А нь “өвөө намайг уу гээд монгол архи өгснийг би уусан” гэж хэлсэн. Аавыг эмнэлэгт хүргэхэд толгойн бүх яс хугарч бяцарсан байна гэсэн. Эрчимт эмчилгээний тасагт удалгүй нас барсан... гэх мэдүүлэг /хх-ийн 46-47/,

Гэрч Ц.Богийн өгсөн: ...Б бид 2 гэртээ ирэхэд манай 2 хүүхэд, Бийн 2 хүүхэд, Бийн аав Н нар байсан. Гэрт ороход 3 дүү нь “А аниа архи уусан” гэж хэлсэн ба А нь дээгүүрх хувцсаа тайлчихсан согтуу унтаж байсан. Б “чи архи уучихсан юм уу? Яагаад дээгүүрх хувцсаа тайлчихсан юм бэ?” гэж асуухад А нь “би архи уугаагүй, өвөө надад архи өгсөн. Өвөө миний хувцсыг тайлчихсан юм” гэж хэлсэн. Тэгтэл Б уурлаад үүдний өрөөнд орон дээр хэвтэж байсан аав Найний нүүр рүү 1 удаа гараараа цохиод, татаж орноос унагаад гуталтай хөлөөрөө толгой руу 2-3 удаа өшиглөж дэвссэн. Тэгээд Аг архи уулаа гээд 2 удаа алгадсан. Тэгээд дүү Т, Б-И 2-ыг эгчийгээ харж байсангүй гээд бас алгадсан. Тэгтэл Т, Б-И хоёр “Өвөө архи өгөөгүй, А аниа өөрөө архи уусан, цамц нь нороод А аниа өөрөө цамцаа тайлсан” гэж хэлсэн. Тэгээд Б дахиад талийгаачийн толгой руу гараараа 1 удаа цохисон... гэх мэдүүлэг /хх-ийн 48-49/,

Гэрч Б.Бхийн өгсөн: 2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 18:40 минутад Н гэх хүн толгой нэлэнхийдээ хөхөрч хавдсан байдалтай, хамраас их хэмжээний цус гарсан байдалтай Нэгдсэн эмнэлгийн хүлээн авах тасагт түргэн тусламжийн машинаар ирсэн. Үзлэг хийхэд дух, 2 нүдний дээд доод зовхи болон эрүү, хуйх нэлэнхийдээ хөхөрч хавдар ихтэй байсан. Өөр ил харагдах шарх сорви байгаагүй. Н гэгчээс асуулт асуухад тодорхой зүйл ярихгүй, толгой өвдөж байна гэж бүдэг хариултаас өөр зүйл хэлээгүй. Н гэгчээс согтууруулах ундааны зүйл үнэртэй байсан. Компьютер томограф оношилгоонд харахад дагзны яс нь суурь яс руу орсон хугаралтай, хамрын бяцарч цөмөрсөн хугаралтай, баруун эрүүний яс хугаралтай, баруун нүдний гадна ар дотор хана цөмөрсөн хугаралтай, бага тархины эдэд цус хуралттай гэж гарч байсан. Н 00:45 минутад нас барсан... гэх мэдүүлэг /хх-ийн 52-53/,

Гэрч Н.Оы өгсөн: ...Нэгдсэн эмнэлэгт очоод Эрчимт эмчилгээний тасаг хэвтэж байгаа аавыг хараад эхлээд таниагүй, нүүр ам нь битүү хавдаж хөхөрч улайгаад аймаар болсон байсан. Аав маань ухаангүй, юм ярих чадваргүй байсан. Юу болсон талаар дүү нараас асуухад Б аавыг зодсон гэж хэлсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 54/,

Гэрч Н.Оцийн өгсөн: ...сандраад эмнэлэгт очиход аав маань Эрчимт эмчилгээний тасаг хэвтэж байсан. Би хараад үнэхээр их гайхсан. Царай нь танигдахын аргагүй болчихсон, нүүр хэсэг нь битүү хавдаж хөхөрсөн ухаангүй байдалтай байсан. Эмчтэй нь уулзахад “толгой, эрүү, нүдний яс нь хугарсан амьд үлдэх магадлал бага” гэж хэлсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 55/,

Насанд хүрээгүй гэрч Э.Агийн өгсөн: ...өвөө “миний охин энэ архийг уучих, аав чинь авч өгсөн, чиний бие өвдөөд байгаа биз дээ? Монгол архи биед сайн” гэж хэлсэн. Тэгэхээр нь би жижиг бор аягаар нэгийг уусан. Тэгтэл манай өвөө намайг дахиад уу гэж хэлсэн. Тэгэхээр нь би данхтай архийг нь аваад 3 аягыг уусан. Дүү нарыг орж ирэхэд надад аягалаад өг гэж хэлсэн. Тэгээд жижиг өрөө рүү ороод би өөр рүүгээ ус цацаад миний цамц норохоор нь тайлаад хэцэн дээр тохоод унтсан. Өвөө өмнө нь надад архи өгч байгаагүй, миний хувцсыг тайлж байгаагүй, тайлах оролдлого гаргаж байгаагүй. Аавыг орж ирснийг мэдээгүй. Намайг алгадаад сэрээсэн. Тэгээд “чи яахаараа архи уудаг юм бэ?” гэж хэлээд үсдээд байсан. Тэгээд би “уу уу уу” гээд байсан гэж хэлээд уйлж байснаа санаж байна... гэх мэдүүлэг /хх-ийн 57-58/,

Хэрэг учрал болсон гэх газар нь Дархан сум, ... дугаар баг, ................ дугаар гудамж, .... тоот гэх газар байх ба ертөнцийн зүгээр урд зүгт харсан байрлалтай байшинд үзлэг хийхэд хүрэн өнгийн модон ор байх ба орон дээр цус мэт зүйлээр бохирлогдсон цагаан өнгийн алчуур байсныг гэрэл зургийн аргаар бэхжүүлэв... гэх хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-6/,

Хэрэг учрал болсон гэх газарт үзлэг хийж хэрэгт ач холбогдол бүхий зайлшгүй шинжилгээ хийлгэх шаардлагатай хажуу хэсгийн булан дотогш хонхойсон шанага 1 ширхэг, орон дээр байсан бор ногоон өнгийн саатай материалаар хийгдсэн цус мэт зүйлээр бохирлогдсон дэр 1 ширхэг, ирмэг хэсэг нь цус мэт зүйлээр бохирлогдсон цагаан өнгийн хөнжлийн даавуу 1 ширхэг, шалан дээр байсан цус мэт зүйлээр бохирлогдсон гар нүүрийн алчуур 1 ширхэг, шалан дээр байсан бор ногоон өнгийн цус мэт зүйлээр бохирлогдсон дэр 1 ширхэг, том өрөөний сандал дээр байсан эмэгтэй хүүхдийнх мэт цагаан өнгийн богино өмд 1 ширхэг, ширээн дээрх никел данхтай тунгалаг шингэн зүйл зэргийг хураан авлаа... гэх хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 7-14/,

Ю.Нийн нүүр хэсгээр нэлэнхийдээ хөхөрч хавдсан, нүд болон дух хэсгээр хавдартай, хамраас цус ихээр гарна... гэх Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 15-16/,

Талийгаач Ю.Нийн эмнэлэгт хүргэгдэхдээ өмсөж байсан хувцсыг түүний охин Н.Жаргалаас хураан авч үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 17-19/,

Хэргийн газрын үзлэгээр хурааж авсан эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 22-23/,

Шүүгдэгч Н.Бийн биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 24-25/,

Шүүгдэгч Н.Бийн өөрийнх нь зөвшөөрснөөр шинжилгээ хийлгэх зорилгоор 10 хурууны хумсыг өөрөөр нь авахуулан цаасан дээр бэхжүүлсэн, зүүн гарын бугуйгаас нь 10 миллиграмм цусны дээж авсан тухай хэв загвар, дээж авсан тэмдэглэл /хх-ийн 27, 31/,

Хэргийн газрын үзлэгээр хураан авсан бор шаргал өнгийн дэр 1 ширхэг, саарал өнгийн дэр 1 ширхэг, цагаан өнгийн хөнжлийн даавуу 1 ширхэг, цагаан өнгийн богино өмд 1 ширхэг, төмөр шанага 1 ширхэг, төмөр данх 1 ширхэг, 1.25 литрийн хэмжээтэй ундааны саванд хийсэн данх доторх өнгөгүй шингэн, ягаан өнгийн дотоож 1 ширхэг, цайвар шаргал өнгийн хагас ханцуйтай футболка 1 ширхэг, улаан өнгийн майк 1 ширхэг, бор өнгийн дотуур өмд 1 ширхэг, саарал хөх өнгийн эрэгтэй дотоож 1 ширхэг, цайвар өнгийн алчуур 1 ширхэг, хар өнгийн хүрэм 1 ширхэг, хар өнгийн өмд 1 ширхэг, улаан өнгийн дотоож 1 ширхэг, хар өнгийн хагас түрийтэй гутал 1 хос, цаасан дээр бэхжүүлсэн хүний 10 хурууны хумс зэргийг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 38/,

Талийгаач Ю.Нийн цогцост гадна үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 61/,

Дархан-уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 94 дугаартай “Талийгаач дээрх гавал тархины битүү гэмтлийн улмаас тархи хавагнаж төвийн гаралтай амьсгалын хурц дутагдлаар нас баржээ. Талийгаачийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр гавал тархины баруун, зүүн чамархай, бага тархины аалзан хальсан доорх тархмал цус харвалт, дагзны хэсгийн хатуу бүрхүүл дээрх хэлбэржсэн 20 грамм цусан хураа, суурь ясны шугаман хугарал, баруун, зүүн чамархай дагзны булчинд цус хуралт, зүүн талын 3, 4, 5 дугаар хавиргын зөрөөгүй битүү хугарал, нүүрний хэсгийн зөөлөн эдийн няцрал, баруун, зүүн нүдний зовхи, дух, хацар, доод эрүү, хамар, уруулд цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гавал тархины гэмтэл нь үхэлд хүргэхэд нөлөөлжээ. Талийгаачийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр үхэлд хүргэхээр архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Талийгаачийн цусанд 1.1 промилли спиртийн агууламж илэрсэн нь хөнгөн зэргийн согтолттой байна. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн цохигдох мөргөгдөх үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой” гэх шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 62-68/,

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 101 дугаартай “Шинжилгээнд авсан Ю.Нийн цусны бүлэг нь ВIII, Rh-/+/ байна” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 69-70/, 194 дугаартай “Шинжилгээнд авсан Ю.Нийн цусанд 1.1, ходоодны агууламжид 1.0 промилли спирт илэрсэн болно” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 71-72/,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 4503 дугаартай “Шинжилгээнд ирүүлсэн бор өнгийн дэрэнд 102 миллиметр эдэлгээний явцад татах чангаах хүчний үйлчлэлээр гарсан хуучин ханзралт байна. Дээрх ханзралт нь хэдэн удаагийн үйлчлэлээр, ямар хугацаанд үүссэн эсэхийг тогтоох боломжгүй. Бусад эд зүйл хувцас гэмтэлгүй байна” гэх шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 89-91/, 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 5121 дугаартай “Н.Бийн өмсөж байсан гэх хар өнгийн савхин хүрэмний 2 ханцуйн дээр цус илэрсэн. Бусад хувцас болон хумсанд цус илрээгүй. Дээрх хувцаснуудад үс, шүлс, үрийн шингэний толбо илрээгүй. Хар өнгийн хүрэм дээр илэрсэн цус ДНХ-ийн шинжилгээнд тэнцэхгүй байна” гэх дүгнэлт /хх-ийн 130/, 5123 дугаартай “Бор шаргал өнгийн дэр, саарал өнгийн дэр, цагаан өнгийн богино өмд, цэнхэр өнгийн судалтай гар нүүрийн алчуур, цагаан өнгийн хөнжлийн даавуу дээр цус илэрсэн. Дээрх эд зүйлсэд үс, шүлс, үрийн шингэний толбо илрээгүй. Дээрх эд зүйлсэд илэрсэн цус нь ДНХ-ийн тогтцоороо Ю.Нийн цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 83-84/, 5124 дугаартай “Н.Б, Ю.Н нарын цусны ДНХ-ийн тогтцыг тогтоов. Захтай цайвар шаргал футболка, улаан өнгийн майк, цайвар өнгийн алчуур дээр цус илэрсэн. Бусад хувцаст цус илрээгүй. Дээрх хувцаснуудад үс, шүлс, үрийн шингэний толбо илрээгүй. Захтай цайвар шаргал футболка, улаан өнгийн майк, цайвар өнгийн алчуур дээр илэрсэн цус нь ДНХ-ийн тогтцоороо Ю.Нийн цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 118-120/,

Шүүгдэгч Н.Б нь 2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр 0.73 хувийн согтолттойгоор эрүүлжүүлэгдсэн гэх бүртгэл, тэмдэглэл /хх-ийн 162-163/,

Талийгаач Ю.Н нь Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүргэгдэн эмчлүүлж байсан тухай түүний 10849 дугаартай өвчний түүх /хх-ийн 168-183/ зэрэг хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцсэн бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч Н.Б нь талийгаач Ю.Нанийн төрсөн хүү бөгөөд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлд заасан тус хуулийн үйлчлэлд хамаарах этгээд мөн болох нь хэрэгт авагдсан гэрч С.А, Н.Об, Н.Ж, Ц.Бо, Н.О, Н.Оц, насанд хүрээгүй гэрч Э.А болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлэг, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 141/ зэргээр тогтоогдож байна.

Шүүгдэгч Н.Б нь ...талийгаач манай охиныг оролдсон гэж ойлгоод зодсон... гэж мэдүүлж байх ба талийгаач Ю.Н нь ач охин Э.Ад 1 аяга монгол архи өгсөн гэх үйл баримт тогтоогдож байгаа боловч түүнийг хүчиндсэн, хүчиндэхийг завдсан гэх нөхцөл байдал хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна.

 Шүүгдэгчийн дээрх мэдүүлэг гэрч Ц.Богийн ...дүү Т, Б-И хоёр “Өвөө архи өгөөгүй, А аниа өөрөө архи уусан, цамц нь нороод А аниа өөрөө цамцаа тайлсан”... гэх мэдүүлэг, насанд хүрээгүй гэрч Э.Агийн ...би данхтай архийг нь аваад 3 аягыг уусан. Дүү нарыг орж ирэхэд надад аягалаад өг гэж хэлсэн. Тэгээд жижиг өрөө рүү ороод би өөр рүүгээ ус цацаад миний цамц норохоор нь тайлаад хэцэн дээр тохоод унтсан. Өвөө миний хувцсыг тайлж байгаагүй, тайлах оролдлого гаргаж байгаагүй...гэх мэдүүлэг, Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 850 дугаартай “Э.Агийн бэлгийн охин хальс нь бүтэн байна” гэх дүгнэлт /хх-ийн 106-107/, шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2019 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 4507 дугаартай “Б.Агийн өмсөж байсан шинжилгээнд ирүүлсэн ягаан өнгийн дотоож гэмтэлгүй” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 101-102/, 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 5122 дугаартай “Цагаан  өнгийн амьтны дүрстэй ягаан өнгийн дотоожинд цус, үс, шүлс, үрийн шингэний толбо илрээгүй. Б.Агийн цусны ДНХ-ийн тогтцыг тогтоов” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 95-96/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байна.

Шүүхийн иргэдийн төлөөлөгч С.Ц нь шүүгдэгч Н.Б нь эцэг Ю.Нийг зодож амь насыг нь хохироосон гэм буруутай гэх дүгнэлт гаргасныг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч Н.Б нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр 17 цагийн орчим Дархан-Уул аймаг, Дархан сум, .... дугаар баг, ............ дугаар гудамж, ..... тоотод төрсөн эцэг 71 настай Ю.Нийг охин Э.Ад “архи өглөө” гэх шалтгаанаар толгой, нүүр хэсэг рүү нь цохих, өшиглөх, дэвсэх зэргээр зодсоны улмаас талийгаач Ю.Нийн биед гавал тархины баруун, зүүн чамархай, бага тархины аалзан хальсан доорх тархмал цус харвалт, дагзны хэсгийн хатуу бүрхүүл дээрх хэлбэржсэн 20 грамм цусан хураа, суурь ясны шугаман хугарал, баруун, зүүн чамархай дагзны булчинд цус хуралт, зүүн талын 3, 4, 5 дугаар хавиргын зөрөөгүй битүү хугарал, нүүрний хэсгийн зөөлөн эдийн няцрал, баруун, зүүн нүдний зовхи, дух, хацар, доод эрүү, хамар, уруулд цус хуралт, зулгаралт бүхий гэмтэл учирч улмаар гавал тархины битүү гэмтлийн улмаас тархи хавагнаж төвийн гаралтай амьсгалын хурц дутагдлаар нас барсан ба Н.Бийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.8 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүнийг алах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.

Иймд Н.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

2. Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:

Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас талийгаач Ю.Нийн амь нас хохирсон боловч хохирогч Ю.Л нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж байх тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

3. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Н.Б нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай болох нь түүний иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 141/, Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн Шүүх сэтгэц эмгэг судлалын эмнэлгийн 85/19 дугаартай магадалгаа /хх-ийн 76/ зэргээр нотлогдож байна.

Шүүгдэгч Н.Б нь урьд 3 удаагийн ял шийтгэлтэй, хорих ял эдлэхээс хугацаанаас өмнө тэнсэн суллагдаж байсан, хорих ялаас өршөөн хэлтрүүлсэн болох нь хэрэгт авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 142/, шийтгэх тогтоол, шүүгчийн захирамж, суллагдсан тухай лавлагаа /хх-ийн 144-161/ зэргээр, Э.А, Э.Б-И гэх хоёр хүүхдээ асран халамжилдаг болох нь хэрэгт авагдсан Н.Бийн гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 199/, Э.А, Э.Б-И нарын төрсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 211-212/, гэрч Н.Об, Н.Ж, Ц.Бо, Н.О нарын мэдүүлгээр тус тус тогтоогдож байна.

Талийгаач Ю.Н нь 71 настай байсан, хэрэг үйлдэгдэх үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан буюу биеэ хамгаалах чадваргүй байсан болох нь Ю.Нийн нас барсны бүртгэлийн дэвтэр /хх-ийн 166/, насанд хүрээгүй гэрч Э.А, гэрч Б.Батхишиг нарын мэдүүлгээр нотлогдох бөгөөд шүүгдэгч Н.Б нь талийгаачийг биеэ хамгаалж чадахгүй байдлыг мэдсээр байж, олон тооны гэмтэл, шарх учруулан бие махбодын шаналал, зовуур үүсгэж онц харгис хэрцгийгээр зодож амь насыг нь хохироосныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.1, 1.6 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлагыг хэлэлцэх шүүх хуралдаанаар улсын яллагчаас шүүгдэгчид 19 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах санал гаргасан ба шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүгдэгч нь гэртээ орж ирэхэд охин нь согтуу, дээгүүрээ нүцгэн байдалтай байсан учраас шүүгдэгч нь архи уулгачихлаа, хүчиндсэн байна гэж буруугаар төсөөлж талийгаачийг зодсон, талийгаач нь 13 настай хүүхдийг согттол нь архи уулгасан нь түүний зүй бус үйлдэл учраас эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох үндэслэлтэй байна. Хорих ялын доод хэмжээг оногдуулж өгнө үү гэж мэтгэлцэж байна.

Шүүгдэгч Н.Бийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.8 дахь хэсэгт зааснаар 19 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Н.Б нь Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны .... дугаар сарын ...-ний өдрийн ...... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн бөгөөд 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн байдлаар дээрх торгох ялаас 200.000 төгрөгийг төлж, 600.000 төгрөгийн үлдэгдэлтэй болох нь хэрэгт авагдсан Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харьяа 445 дугаар нээлттэй хорих ангийн 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 03/2488 дугаартай албан бичгээр нотлогдож байна.

Иймд Н.Бид оногдуулсан 19 жилийн хугацаагаар хорих ял дээр дээрх 800.000 төгрөгийн торгох ялаас эдлээгүй үлдсэн 600.000 төгрөгөөр торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын нэг хоногоор тооцож, 1 сар 10 хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 19 жил 1 сар 10 хоногийн хугацаагаар тогтоов.

Шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдсан бор шаргал өнгийн дэр 1 ширхэг, саарал өнгийн дэр 1 ширхэг, цагаан өнгийн хөнжлийн даавуу 1 ширхэг, цагаан өнгийн богино өмд 1 ширхэг, төмөр шанага 1 ширхэг, төмөр данх 1 ширхэг, 1.25 литрийн хэмжээтэй ундааны саванд хийсэн данх доторх өнгөгүй шингэн, ягаан өнгийн дотоож 1 ширхэг, цайвар шаргал өнгийн хагас ханцуйтай футболка 1 ширхэг, улаан өнгийн майк 1 ширхэг, бор өнгийн дотуур өмд 1 ширхэг, саарал хөх өнгийн эрэгтэй дотоож 1 ширхэг, цайвар өнгийн алчуур 1 ширхэг, хар өнгийн хүрэм 1 ширхэг, хар өнгийн өмд 1 ширхэг, улаан өнгийн дотоож 1 ширхэг, хар өнгийн хагас түрийтэй гутал 1 хос, цаасан дээр бэхжүүлсэн хүний 10 хурууны хумс зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Н.Бийн 2019 оны 9 дүгээр сарын 12-ны өдрөөс 2019 оны 11 дүгэр сарын 19-ний өдрийг хүртэл хугацаанд цагдан хоригдсон 68 хоногийг эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй.

Шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэсэн тул түүнд өмнө авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Гэр бүлийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.5-д “Бүтэн өнчин, эцэг, эх нь хоёулаа эрх зүйн чадамжгүй гэж тооцогдсон болон эцэг, эх байх эрхээ хязгаарлуулсан, хасуулсан, удаан хугацаагаар эмнэлэгт эмчлүүлж байгаа, хорих газарт ял эдэлж байгаа зэрэг хүндэтгэн үзэх шалтгаанаар хүүхдээ биечлэн тэжээн тэтгэх, асран халамжлах бололцоогүй, эсхүл тэжээн тэтгэхээс зайлсхийсэн хүний хүүхдийн эрх, ашиг сонирхлыг сум, дүүргийн Засаг дарга хамгаална” гэж заасан байх тул 2006 оны 4 дүгээр сарын 21-нд төрсөн, шийтгэх тогтоол гарах үед 13 настай Эийн А, 2011 оны 02 дугаар сарын 09-ний өдөр төрсөн, шийтгэх тогтоол гарах үед 9 настай Эийн Б-И нарт нь асран хамгаалагч, харгалзан дэмжигч тогтоох, үрчлүүлэх, хүүхэд асран хүмүүжүүлэх байгууллагад шилжүүлэх асуудлыг шийдвэрлэхийг Дархан-Уул аймгийн Дархан сумын Засаг даргад даалгах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Н.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д зааснаар шүүгдэгч Н.Бийг 19 /арван ес/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Н.Бид оногдуулсан 19 жилийн хугацаагаар хорих ял дээр тус шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 233 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 800.000 төгрөгөөр торгох ялаас эдлээгүй үлдсэн 600.000 төгрөгөөр торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын нэг хоногоор тооцож, 1 сар 10 хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 19 /арван ес/ жил 1 /нэг/ сар 10 /арав/ хоногийн хугацаагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Н.Бид оногдуулсан 19 жил 1 сар 10 хоногийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Н.Бийн энэ хэрэгт цагдан хоригдсон 68 /жаран найм/ хоногийг хорих ялын 68 хоногоор тооцон эдлэх ялаас хассугай.

6. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэрэгт хураасан, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.

7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан бор шаргал өнгийн дэр 1 ширхэг, саарал өнгийн дэр 1 ширхэг, цагаан өнгийн хөнжлийн даавуу 1 ширхэг, цагаан өнгийн богино өмд 1 ширхэг, төмөр шанага 1 ширхэг, төмөр данх 1 ширхэг, 1.25 литрийн хэмжээтэй ундааны саванд хийсэн данх доторх өнгөгүй шингэн, ягаан өнгийн дотоож 1 ширхэг, цайвар шаргал өнгийн хагас ханцуйтай футболка 1 ширхэг, улаан өнгийн майк 1 ширхэг, бор өнгийн дотуур өмд 1 ширхэг, саарал хөх өнгийн эрэгтэй дотоож 1 ширхэг, цайвар өнгийн алчуур 1 ширхэг, хар өнгийн хүрэм 1 ширхэг, хар өнгийн өмд 1 ширхэг, улаан өнгийн дотоож 1 ширхэг, хар өнгийн хагас түрийтэй гутал 1 хос, цаасан дээр бэхжүүлсэн хүний 10 хурууны хумс зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

8. Шүүгдэгч Н.Бийн асрамжид байсан Эийн А /РД: /, Эийн Б-И /РД: / нарт асран хамгаалагч, харгалзан дэмжигч тогтоох, үрчлүүлэх, хүүхэд асран хүмүүжүүлэх байгууллагад шилжүүлэх асуудлыг шийдвэрлэхийг Дархан-Уул аймгийн Дархан сумын Засаг даргад даалгасугай.

9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Бид өмнө авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

10. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

11. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Н.Бид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Б.ИХТАМИР

      ШҮҮГЧИД                               Г.ГЭРЭЛТ-ОД

                                                   З.ТӨМӨРХҮҮ