Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 8

 

Н.Б-ид холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Хэргийн индекс: 166/2019/0396/Э

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Амаржаргал даргалж, шүүгч Ц.Туяа, ерөнхий шүүгч Б.Манлайбаатар нарын бүрэлдэхүүнтэй

Шүүх хуралдаанд:          

Прокурор                                      Д.Энхтуяа

Шүүгдэгч                                       Н.Б-

Шүүгдэгчийн өмгөөлөгч               Д.Номин-Эрдэнэ

Нарийн бичгийн дарга                 Г.Чойном нарыг оролцуулан

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 423 дугаар шийтгэх тогтоолтой, Н-ийн Б-ид холбогдох, 1918000000417 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Н.Б-, түүний өмгөөлөгч Д.Номин-Эрдэнэ нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Манлайбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, хэрэг хариуцах чадвартай, урьд:

Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2013 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 33 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 125.1.д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 247 дугаартай шүүгчийн захирамжаар хорих ял эдлэхээс хугацаанаас өмнө тэнсэн суллагдсан,

Сум дундын 9 дүгээр шүүхийн 2014 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 49 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2.т зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 33 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 8 сар 17 хоногийн хорих ялаас өршөөн хэлтрүүлсэн,

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 233 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1.т зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн. ********** регистрийн дугаартай, Б- овогт Н-ийн Б-.

Шүүгдэгч Н.Б- нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2019 оны 9 дүгээр 11-ний өдөр 17 цагийн орчим Дархан-Уул аймаг, Дархан сум, ** дугаар баг, Тээвэрчид ** дугаар гудамж, ** тоотод төрсөн эцэг 71 настай Ю.Н-ийг 13 настай охин Э.А-д “архи өглөө” гэсэн шалтгаанаар толгой, нүүр хэсэг рүү нь олон тооны удаа цохих, өшиглөх зэргээр зодсоны улмаас Ю.Н- нь гавал тархины битүү гэмтлийн улмаас тархи хавагнаж төвийн гаралтай амьсгалын хурц дутагдлаар нас барсан гэмт хэрэгт холбогджээ.

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 423 дугаар шийтгэх тогтоолоор:

Шүүгдэгч Б- овогт Н-ийн Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.8.д заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.8.д заасаар шүүгдэгч Н.Б-ийг 19 /арван ес/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1., 2.т зааснаар Н.Б-ид оногдуулсан 19 жилийн хугацаагаар хорих ял дээр тус шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 233 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 800 000 төгрөгөөр торгох ялаас эдлээгүй үлдсэн 600.000 төгрөгөөр торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын нэг хоногоор тооцож, 1 сар 10 хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 19 /арван ес/ жил 1 /нэг/ сар 10 /арав/ хоногийн хугацаагаар тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4.т зааснаар Н Б-ид оногдуулсан 19 жил 1 сар 10 хоногийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1., 2.т зааснаар Н.Б-ийн энэ хэрэгт цагдан хоригдсон 68 /жаран найм/ хоногийг хорих ялын 68 хоногоор тооцон эдлэх ялаас хасч,

Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэрэгт хураасан, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдаж,

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан бор шаргал өнгийн дэр 1 ширхэг, саарал өнгийн дэр 1 ширхэг, цагаан өнгийн хөнжлийн даавуу 1 ширхэг, цагаан өнгийн богино өмд 1 ширхэг, төмөр шанага 1 ширхэг, төмөр данх 1 ширхэг, 1.25 литрийн хэмжээтэй ундааны саванд хийсэн данх доторх өнгөгүй шингэн, ягаан өнгийн дотоож 1 ширхэг, цайвар шаргал өнгийн хагас ханцуйтай футболка 1 ширхэг, улаан өнгийн майк 1 ширхэг, бор өнгийн дотуур өмд 1 ширхэг, саарал хөх өнгийн эрэгтэй дотоож 1 ширхэг, цайвар өнгийн алчуур 1 ширхэг, хар өнгийн хүрэм 1 ширхэг, хар өнгийн өмд 1 ширхэг, улаан өнгийн дотоож 1 ширхэг, хар өнгийн хагас түрийтэй гутал 1 хос, цаасан дээр бэхжүүлсэн хүний 10 хурууны хумс зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж,

Шүүгдэгч Н.Б-ийн асрамжид байсан Э-ийн А- /РД: **********/, Э-ийн Б- /РД: **********/ нарт асран хамгаалагч, харгалзан дэмжигч тогтоох, үрчлүүлэх, хүүхэд асран хүмүүжүүлэх байгууллагад шилжүүлэх асуудлыг шийдвэрлэхийг Дархан-Уул аймгийн Дархан сумын Засаг даргад даалгаж,

Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Б-ид өмнө авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжпүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Н.Б- давж заалдах гомдолдоо:

Миний охин дээгүүрээ нүцгэн шал согтуу, өвөө надад архи уу гээд уулгаад намайг оролдоод байсан гэж хэлээд уйлсанаа, ааваа намайг уучлаарай охинийх нь буруу биш шүү гээд их уйлж байсан. Тэр үед би охинд минь архи өгчихөөд бузарлачихсан байна гэж шууд ойлгосон. Яагаад тэгж ойлгох болсон бэ гэвэл миний эцэг шөнө унтахдаа нэг бус удаа гар хангалаг хийж байсныг Н.Б-, төрсөн эх Д.Ц- болон эхнэр Ц.Г- нар бүгд мэднэ. Бэр дүү болох А-ийг 2019.6 дугаар сарын дундуур гуя элж оролдож байсныг миний дүү, эх, эхнэр нар мэддэг. Иимд би өөртөө ямар ч эргэлзэх зүйлгүйгээр охиныг минь оролдож хүчиндсэн байна гэж сандран цочирдож өөрийгөө хянаж чадахгүйн улмаас төрсөн эцгээ цохиж үхэхэд хүргэсэнд их гэмшиж байна. Охины үгийг сонсоод би гүн цочролд орсоны улмаас төрсөн эцгээ хүнд гэмтээж амь насыг нь хохироосондоо маш их харамсаж байна. Ял шийтгэлийг хөнгөрүүлж хасч өгнө үү гэжээ.

Шүүгдэгч Н.Б-ийн өмгөөлөгч Д.Номин-Эрдэнэ давж заалдах гомдолдоо:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.д “Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ дараах хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзнэ" гэж заасан боловч анхан шатны шүүх ял шийтгэл оногдуулахдаа энэ хуулийг баримтлаагүй, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулж, хүнд ял оногдуулах нөхцөлийг бүрдүүлсэн.

Шүүгдэгч Н.Б- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлаар нөхцөл байдлыг буруугаар төсөөлж андуурсны улмаас уг гэмт хэрэг үйлдэгдсэн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ю.Лхагвасүрэн нь мөрдөн байцаалтын шатанд /хх-ийн 41-42/ болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ “нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэж мэдүүлсэн зэрэг нь шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцогдохоор байхад анхан шатны шүүх үүнийг харгалзаж үзээгүйд гомдолтой байна.

Хавтаст хэрэгт авагдсан гэрч С.А-гийн: “... Б- үүдэнд А-гаас “миний аав чамайг хүчиндсэн юм уу” гэж асуухад А- нь “хүчиндсэн, надад архи шахсан, миний цамцыг тайлсан” гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 41-44/,

Гэрч Н.Ж-ын: ”... Би Б-оос “юу болоод байгаан юм бэ” гэж асуухад Б- нь “аав манай охиныг хүчиндэх гэж оролдсон. Тэгэхээр нь би зодсон” гэж хэлсэн. ... А- архи уучихсан согтуу байхаар нь би гайхаад асуухад А- нь “өвөө намайг уу гээд монгол архи өгснийг би уусан” гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 46-47/,

Гэрч Ц.Б-гийн: "... Б- бид 2 гэртээ яваад очтол 3 дүү нар нь А- аниа архи уучихсан гэж хэлэхээр нь гайхаад жижиг өрөөрүү яваад ортол А- дээгүүрх хувцасаа тайлчихсан согтуу унтаж байсан. Б- “хөөе босооч чи архи уучихсан юм уу? Яагаад дээгүүрх хувцсаа тайлчихсан юм бэ” гэхэд А- “Өвөө миний хувцсыг тайлчихсан юм” гэж хэлсэн. Тэгсэн чинь Б- уурлаад үүдний өрөөнд орон дээр хэвтэж байсан Н-ийг “Хүүхдэд яагаад архи өгсөн юм бэ гэхэд талийгаач “Би архи өгөөгүй, юу яриад байгаа юм бэ” гэхэд Б- “чи архи өгсөн байна, бас яагаад хүүхэд оролдоод байгаа юм бэ” гэж хэлсэн, ... А- нэрмэл архинаас уусан гээд согтуу хөл дээрээ тогтож чадахгүй байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 48-49/,

Шүүгдэгч Б-ийн өгсөн: “... Манай охин А- архи уучихсан согтуу, өвөө архи надад өгсөн, миний хувцасыг тайлсан гэхээр нь охиныг маань хүчирхийлэх гэж оролдсон байна гэж бодоод аавыгаа хэд алгадаж цохиж авсан алъя гэж бодоогүй” гэх мэдүүлэг /хх-ийн 50-51/ зэрэг мэдүүлгүүдээр шүүгдэгч Б- тухайн үед эцэг Н-ь нь охинд нь архи уулгаж хүчиндэх гэж оролдсон байна гэх агуулгаар нөхцөл байдлыг буруугаар төсөөлж, андуурсны улмаас гэмт хэрэг үйлдэгдсэн болох нь нотлогддог тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.6.д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон, оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү.

Мөн амь хохирогч, талийгаач Н-ь нь Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4.т “Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэх, бусдыг шахаж согтоох, түүнчлэн 21 нас хүрээгүй хүнийг уруу татаж согтууруулах ундаа уулгахыг хориглоно." гэх заасныг зөрчиж 13 настай охин А-д согттол нь архи уулгасан нь зүй бус үйлдэл юм.

Энэхүү хохирогчийн зүй бус үйлдэл нь гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан нөхцөлийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.4.т зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож өгнө үү.

Хохирогчийн насанд хүрээгүй охинд архи уулгасан зүй бус үйлдэл гаргасан болох нь хавтаст хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлгээр хангалттай нотлогдож байтал анхан шатны шүүх тайлбарлахдаа: Хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн гэсэн шүүгдэгчийн өмгөөлөгчийн саналыг шүүх хүлээн авахгүй. Учир нь талийгаач охинд согттол нь архи өгсөн нь нотлох баримтаар тогтоогдоогүй, нэг удаа өгсөн байхыг үгүйсгэхгүй гэж тайларлаж байгаа нь шүүх хэт нэг талыг барьж, хэрэгт авагдсан нотлох баримтыг бүрэн гүйцэт тал бүрээс нь үнэлээгүйд гомдолтой байна.

Иймд Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 423 дугаартай шийтгэх тогтоолын 2 дахь хэсэгт шүүгдэгч Н.Б-ид 19 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсныг дээрх хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Н.Б- тайлбартаа:

Үйлдсэн гэмт хэрэгтэй маш их гэмшиж байна. Миний ар гэр амьдралын шаардлага, 2 охины минь ирээдүйг харгалзан үзэж надад оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Н.Б-ийн өмгөөлөгч Д.Номин-Эрдэнэ тайлбартаа:

Ялыг хөнгөрүүлж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Д.Энхтуяа дүгнэлтдээ:

Анхан шатны шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгт тохирсон ял шийтгэлийг оногдуулсан тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Н.Б- нь согтуурсан үедээ 2019 оны 09 дүгээр сарын 11-ны өдөр 17 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сум, ** дугаар баг, Тээвэрчид **–р гудамж, ** тоотод 71 настай  төрсөн эцэг  Ю.Н-ьг 13 настай охин Э.А-д “архи өглөө” гэдэг шалтгаанаар толгой, цээж хэсэг рүү нь олон удаа цохиж, өшиглөж зодсоны улмаас  Ю.Н-ь гавал тархины битүү гэмтлийн улмаас нас барсан байна.

Шүүгдэгч Н.Б- нь төрсөн эцэг Ю.Н- гэрт амьдардаг ба хамт амьдрах хугацаандаа 71 настай эцэгтээ удаа дараа харгис хэрцгий хардаж улмаар зоддог байсан нь:

-Гэрч Н.О-ын “... энэ хоёр хоорондоо таарамж муутай байдаг. Н.Б- архи уухаараа их догшин, ууртай болж ... ална гэж ярьдаг байсан.” (1 дүгээр хавтаст хэргийн 45 тал)

-Гэрч Ц.Б-гийн “… Н.Б- архи уухаараа агсан согтуу тавьдаг. Хэрцгий, догшин, ааш зантай болдог. Талийгаачийн хувьд гэмгүй, архи уувал унтаад өгдөг хүн. Одоогоос 2 сарын өмнө Н.Б- талийгаачийн хоолойг боож, цохиж байсан.” (1 дүгээр хавтаст хэргийн 49 тал), -Гэрч Н.Л-, Н.Ж-, Н.О- нарын мэдүүлэг зэргээр давхар тогтоогдож байх тул шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.8.д зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын давж заалдсан гомдол болон давж заалдах шатны шүүх хуралдаан дээр “…эцэг Н- шөнө унтахдаа нэг бус удаа гар хангалга хийдэг, 2019 онд бэр дүү А-ийн гуя хааг илж байсныг миний дүү, эхнэр Б-, ээж мэднэ. Хэрэг гарсан өдөр миний охин А- согтуу, цээж нүцгэн байхаар нь аав оролдож гэж ойлгосон.” гэж мэдүүлж байгаа хэдий ч түүний эхнэр Б-гийн “....талийгаач манай хүүхдүүдийг олон сар харж байсан. Охиныг оролдож байсан асуудал огт болж байгаагүй. Б- , А-г архи уулаа гэж л цохиж, зодоод байсан.” гэх мэдүүлэг, насанд хүрээгүй гэрч Б.А- “....Би өөр рүүгээ ус цацсан. Цамцаа хатаах гээд өөрөө цамцаа тайлж хэцэн дээр тохсон. Өвөө миний хувцсыг тайлаагүй. Тайлах ч оролдлого гаргаж байгаагүй.” (1 дүгээр хавтаст хэргийн 58 тал) гэх мэдүүлэг, бусад гэрч болон хохирогч нараас талийгаач Н- талаар мэдүүлсэн мэдүүлэгт “… Ю.Н- даруу төлөв, үг дуу цөөтэй, ном их уншдаг, зохиол хааяа бичдэг, үр хүүхдүүд, хань ижилдээ нэг ч удаа гар хүрч үзээгүй, архи л бага зэрэг уудаг, уухаараа унтаад өгдөг, өөр элдэв ааш зан байхгүй. ”(1 дүгээр хавтас хэргийн 41, 47, 49, 55-р тал) гэсэн мэдүүлгүүдээр нотлогдож тогтоогдсон байх тул анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэх хууль зүйн үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иймд анхан шатны шүүх эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн хууль ёсны байх, шударга ёсны байх, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан, тусгай ангид заасан төрөл, хэмжээний хүрээнд хорих ял оногдуулж, уг ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болсон байна.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Дээрх нөхцөл байдлуудыг харгалзан шүүгдэгч болон түүний өмгөөлөгчөөс гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1., 39.9 дүгээр зүйлийн 2.т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 423 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Н.Б-, түүний өмгөөлөгч Д.Номин-Эрдэнэ нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн  гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Ц.АМАРЖАРГАЛ

                                                              ШҮҮГЧ                             Ц.ТУЯА

                                           ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Б.МАНЛАЙБААТАР