Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 08 сарын 11 өдөр

Дугаар 221/МА2020/0477

 

 

 

 

 

 

 

 

 

“ГИ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Лхагвасүрэн даргалж, шүүгч С.Мөнхжаргал, Д.Оюумаа нарын бүрэлдэхүүнтэй, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 440 дүгээр шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн заалдах гомдлын дагуу нарийн бичгийн дарга Д.Батбилэг, нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.Э, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.А, Б.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, А.О нарыг оролцуулан “ГИ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Төрийн худалдан авах ажиллагааны газарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Оюумаагийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 440 дүгээр шийдвэрээр: “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.5, 29 дүгээр зүйлийн 29.1, 29.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “ГИ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Төрийн худалдан авах ажиллагааны газар (Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар)-аас “ГИ” ХХК-д Гэрээ байгуулах эрх олгох тухай албан тоот, Эрүүл мэндийн яаманд Зөвлөмж хүргүүлэх тухай мэдэгдлийг хүргүүлээгүй, гэрээ байгуулах эрх олгох шийдвэр гаргаагүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож; үлдсэн шаардлага болох Төрийн худалдан авах ажиллагааны газрын даргын 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн А-1/80 дугаар мэдэгдлийг хүчингүй болгуулах;

Төрийн худалдан авах ажиллагааны газар (Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар)-ын үнэлгээний хорооны 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 02 дугаар дүгнэлтийг баталгаажуулан Гэрээ байгуулах эрх олгох тухай албан бичгийг албажуулж, эрх зүйн харилцаа байгааг тогтоож, “ГИ” ХХК-д хүргүүлэхийг Төрийн худалдан авах ажиллагааны газарт даалгуулах;

Төрийн худалдан авах ажиллагааны газар (Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар)-аас Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргад хүргүүлэхээр бэлтгэсэн “ГИ” ХХК-тай гэрээ байгуулах агуулга бүхий Зөвлөмж хүргүүлэх тухай албан бичгийг албажуулж, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргад хүргүүлэхийг Төрийн худалдан авах ажиллагааны газарт даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ГИ ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж” шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч “ГИ” ХХК-ийн төлөөлөгч Ц.Э давж заалдах гомдолдоо: “...Шүүх нь ... Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.5, 29 дүгээр зүйлийн 29.1, 29.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “ГИ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, “Төрийн худалдан авах ажиллагааны газар (Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар) –аас “ГИ” ХХК-д “Гэрээ байгуулах эрх олгох тухай” албан тоот, Эрүүл мэндийн яаманд “Зөвлөмж хүргүүлэх тухай” мэдэгдлийг хүргүүлээгүй, гэрээ байгуулах эрх олгох шийдвэр гаргаагүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож ... гэсэн шийдвэрийг гаргаж тус компанийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангасан боловч ... Төрийн худалдан авах ажиллагааны газар (Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар)-ын үнэлгээний хорооны 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 02 дугаар дүгнэлтийг баталгаажуулан “Гэрээ байгуулах эрх олгох тухай” албан бичгийг албажуулж, эрх зүйн харилцаа байгааг тогтоож, “ГИ” ХХК-д хүргүүлэхийг Төрийн худалдан авах ажиллагааны газарт даалгуулах, Төрийн худалдан авах ажиллагааны газар (Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар)-аас Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргад хүргүүлэхээр бэлтгэсэн “ГИ” ХХК-тай гэрээ байгуулах агуулга бүхий “Зөвлөмж хүргүүлэх тухай” албан бичгийг албажуулж, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргад хүргүүлэхийг Төрийн худалдан авах ажиллагааны газарт даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосон.

Шүүхийн шийдвэр нь хуульд нийцсэн, биелэгдэх боломжтой байх ёстой боловч тухайн шийдвэр нь нэхэмжлэлийн шаардлагыг хангаад байгаа юм шиг мөртлөө зарим хэсгийн хэрэгсэхгүй болгосноор утга агуулгын хувьд хоорондоо зөрчилдөөнтэй, тодорхой бус, биелүүлэх боломжгүй болоод байна.

Иймд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 440 дугаартай шийдвэрийн зохих заалтын агуулгыг засаж өөрчлөлт оруулан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.

Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын даргын 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн А/279 дүгээр тушаалаар XVII.1.41 “Сүрьеэгийн эмнэлгийн барилга /Улаанбаатар/” төсөл, арга хэмжээний барилга угсралтын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хороо байгуулагдаж тендерийг 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр нээхэд “ГИ” ХХК-ийн ирүүлсэн тендер үнэлгээний хорооны гишүүдийн олонхийн саналаар тендерт оролцогчдоос хамгийн сайн үнэлэгдсэн, шаардлагад нийцсэн тендерээр шалгарчээ.

Гэвч Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 438 дугаар “Агентлаг байгуулах тухай” тогтоолоор Монгол Улсын Ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээнд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Төрийн худалдан авах ажиллагааны газар байгуулагдсан учир тендерт оролцогчдод Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д заасны дагуу мэдэгдлийг хүргүүлэх боломжгүй байдал үүссэн гэж хариуцагч тайлбарласан байна. 

Улмаар тус тендер сонгон шалгаруулалтын хүчинтэй байх хугацаа 2020 оны 02 дугаар сарын 02-ны өдөр дууссан тул Төрийн худалдан авах ажиллагааны газраас 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдөр А-1/80 дугаар албан бичгээр “ГИ” ХХК-д тендер шалгаруулалт хүчингүй болж, дахин зарлахыг мэдэгдсэн байна.

Иймд хариуцагчийн дээрх үйлдлүүдийг эс зөвшөөрч “ГИ” ХХК нь Төрийн худалдан авах ажиллагааны газарт холбогдуулан “ГИ” ХХК-д “Гэрээ байгуулах эрх олгох тухай” албан тоот, Эрүүл мэндийн яаманд “Зөвлөмж хүргүүлэх тухай” мэдэгдлүүдийг хүргүүлээгүй, гэрээ байгуулах эрх олгох шийдвэр гаргаагүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, үнэлгээний хорооны 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 02 дугаар дүгнэлтийг баталгаажуулан “Гэрээ байгуулах эрх олгох” тухай албан бичгийг албажуулж, эрх зүйн харилцаа байгааг тогтоож, “ГИ” ХХК-д хүргүүлэхийг даалгуулж, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргад хүргүүлэхээр бэлтгэсэн “ГИ” ХХК-тай гэрээ байгуулах агуулга бүхий “Зөвлөмж хүргүүлэх тухай” албан бичгийг албажуулж, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргад хүргүүлэхийг Төрийн худалдан авах ажиллагааны газарт даалгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Анхан шатны шүүх дээрх эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох шаардлагыг хангаж шийдвэрлэсэн атлаа хариуцагчийн хуульд заасан үүргээ биелүүлэхийг даалгуулах нэхэмжлэлийн шаардлагыг “...Нэгэнт тендер хүчинтэй байх хугацаанд багтаж гэрээ байгуулах мэдэгдэл хүргүүлэлгүй тендерийн хугацаа дууссан...” хэмээн дүгнэж хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэж заасан зарчмыг хангаагүй бөгөөд шүүхийн шийдвэрийг уялдаа холбоогүй, нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрхийг сэргээж, бодит байдалд биелэгдэх боломжийг тодорхойгүй болгосон байна.

Тодруулбал Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил,  үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2.2-т Үнэлгээний хороо нь тендерийг хянан үзэх, үнэлэх, үнэлгээний дүгнэлт гаргах, гэрээ байгуулах эрх олгох шийдвэрийг захиалагчид өгөх. Уг шийдвэрийг энэ хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т заасан захиалагчийг төлөөлөх эрх бүхий албан тушаалтан үндэслэлгүйгээр өөрчлөхийг хориглоно” гэж зааснаар нэгэнт сонгон шалгаруулалт хийгдэж, үнэлгээний хорооны дүгнэлт гарсан тохиолдолд үнэлгээний хорооноос захиалагчид гэрээ байгуулах эрх олгох шийдвэр буюу зөвлөмжийг хүргүүлснээр захиалагчаас хамгийн сайн гэж тендерт оролцогчид болон бусад тендерт оролцогчдод мэдэгдэх хуулийн зохицуулалттай тул холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж үзлээ.

Учир нь Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 438 дугаар “Агентлаг байгуулах тухай” тогтоолын дагуу Төрийн худалдан авах ажиллагааны газар нь шинээр байгуулагдсан, Сангийн яамны 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 6-1/450 тоот албан бичгээр  Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.4-д заасны дагуу тендерийн хүчинтэй байх хугацааг сунгасан атал 2020 оны 02 дугаар сарын 02-ны өдөр тендерийн хугацаа дууссан гэх үндэслэлээр тендер шалгаруулалтыг хугацаа дууссанаас хойш 1 сарын дараа хүчингүй болгож, дахин зарлахыг мэдэгдсэн дээрх албан бичиг нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 30 дугаар зүйлд заасан захиалагч тендерээс татгалзах зохицуулалтуудтай үл хамаарч байх ба нэхэмжлэгч “ГИ” ХХК-ийн буруутай үйл ажиллагаанаас бус харин тендер сонгон шалгаруулалтыг зохион байгуулсан хариуцагч Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар, Төрийн худалдан авах ажиллагааны газрын дотоод чиг үүрэг, бүтэц зохион байгуулалтаас шалтгаалан тендерийн хугацааг дуусгасан байна.

Энэ нь Монгол Улсын Ерөнхий сайдын 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 183 дугаар “Төрийн худалдан авах ажиллагааны газрын үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр, зохион байгуулалтын бүтцийг батлах тухай” захирамжид тусгасан “...Төрийн худалдан авах ажиллагааны газар нь ...хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, ...худалдан авах ажиллагааг батлагдсан төсвийн хүрээнд ил тод, өрсөлдөх тэгш боломжтой, үр ашигтай байх зарчимд тулгуурлан түргэн шуурхай зохион байгуулах, ... захиалагч болон тендерт оролцогчдод арга зүйн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх” зорилгыг үл биелүүлсэн үйлдэл гэж үзэхээр байна.

Иймд Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д зааснаар захиргааны үйл ажиллагаа нь зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх зарчмыг хангахын зэрэгцээ захиргааны байгууллагаас зарласан тендер сонгон шалгаруулалтад оролцогчдын хууль ёсны итгэлийг хамгаалах зарчим хангагдах ёстой бөгөөд тухайн тохиолдолд маргаан бүхий акт болох Төрийн худалдан авах ажиллагааны газрын даргын 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн А-1/80 дугаар мэдэгдэл нь хуульд нийцээгүй байх тул хүчингүй болгож,  нэхэмжлэлийн шаардлага болох “ГИ” ХХК-тай гэрээ байгуулах агуулга бүхий “Зөвлөмж хүргүүлэх тухай” албан бичгийг албажуулж, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргад хүргүүлэхийг Төрийн худалдан авах ажиллагааны газарт даалгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Харин Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д Захиалагч энэ хуулийн 27 дугаар зүйлд заасан шаардлага хангасан, 28 дугаар зүйлд зааснаар “хамгийн сайн” үнэлэгдсэн тендер ирүүлсэн оролцогчид гэрээ байгуулах эрх олгохоор шийдвэрлэж, энэ тухай түүнд болон бусад тендерт оролцогч бүрт шалгараагүй үндэслэлийн хамт нэгэн зэрэг бичгээр мэдэгдэнэ”, 46 дугаар зүйлийн 46.1.3-д Захиалагч үнэлгээний хорооноос гаргасан дүгнэлтэд үндэслэн гэрээ байгуулах эрх олгох шийдвэр гаргах эрхтэй гэж зааснаар үнэлгээний хорооноос гаргасан дүгнэлтэд үндэслэн гэрээ байгуулах эрх олгох шийдвэр гаргах нь захиалагч буюу Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын эрх мэдэлд хамаарах тул үлдсэн “Төрийн худалдан авах ажиллагааны газар (Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар)-ын үнэлгээний хорооны 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 02 дугаар дүгнэлтийг баталгаажуулан “ГИ” ХХК-д Гэрээ байгуулах эрх олгох тухай албан тоот хүргүүлээгүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, хариуцагчаас Гэрээ байгуулах эрх олгох тухай албан бичгийг албажуулж, эрх зүйн харилцаа байгааг тогтоож, гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдлийг нэхэмжлэгчид хүргүүлэхийг Төрийн худалдан авах ажиллагааны газарт даалгуулах” шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 440 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1, 29.2, 46 дугаар зүйлийн 46.1.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “ГИ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Төрийн худалдан авах ажиллагааны газар (Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар)-аас Эрүүл мэндийн яаманд “Зөвлөмж хүргүүлэх тухай” мэдэгдлийг хүргүүлээгүй, гэрээ байгуулах эрх олгох шийдвэр гаргаагүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож,

Төрийн худалдан авах ажиллагааны газрын даргын 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн А-1/80 дугаар мэдэгдлийг хүчингүй болгож,

Төрийн худалдан авах ажиллагааны газар (Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар)-ын үнэлгээний хорооны 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 02 дугаар дүгнэлтийг баталгаажуулан Төрийн худалдан авах ажиллагааны газар (Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар)-аас Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргад хүргүүлэхээр бэлтгэсэн “ГИ” ХХК-тай гэрээ байгуулах агуулга бүхий “Зөвлөмж хүргүүлэх тухай” албан бичгийг албажуулж, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргад хүргүүлэхийг Төрийн худалдан авах ажиллагааны газарт даалгаж,

үлдэх шаардлага болох “Төрийн худалдан авах ажиллагааны газар (Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар)-ын үнэлгээний хорооны дүгнэлтийн дагуу “ГИ” ХХК-д “Гэрээ байгуулах эрх олгох тухай” албан тоот хүргүүлээгүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, хариуцагчаас Гэрээ байгуулах эрх олгох тухай албан бичгийг албажуулж, эрх зүйн харилцаа байгааг тогтоож, гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдлийг нэхэмжлэгчид хүргүүлэхийг Төрийн худалдан авах ажиллагааны газарт даалгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-д заасны дагуу нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөгийг буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш таван хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

ШҮҮГЧ                                                                          Э.ЛХАГВАСҮРЭН

ШҮҮГЧ                                                                          С.МӨНХЖАРГАЛ

ШҮҮГЧ                                                                          Д.ОЮУМАА