Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 2019/ШЦТ/304

 

   2019            10             24                                           2019/ШЦТ/304

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж, шүүгч Ю.Энхмаа, Т.Батжаргал нарын бүрэлдэхүүнтэй,

-шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтанчимэг,

-иргэдийн төлөөлөгч Ш.Мишигдорж,

-улсын яллагчаар Төв аймгийн Прокурорын газрын мөрдөн шалгах, хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хяналтын  прокурор Б.Сувд-Эрдэнэ,

-хохирогч Э.Бямбажаргал

-шинжээч эмч И.Ганболор

-шүүгдэгч С.О-ын өмгөөлөгч П.Ганбаатар

-шүүгдэгч Э.Б-ийн өмгөөлөгч М.Мэндсүрэн, А.Мөнхтулга

-шүүгдэгч С.О, Э.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

     Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Э.Б-д, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт С.О нарт холбогдуулан ирүүлсэн 1934002710168 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хянан хэлэлцэв. 

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1993 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Төв аймаг Зуунмод суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, барилгын засал чимэглэлчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамтаар Төв аймаг Зуунмод сум Баянхошуу 3 дугаар баг 36-03 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай гэх, Б  овогт Э.Б, /РД:__93021617/,

Монгол улсын иргэн, 1993 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Төв аймаг Жаргалант суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, халх, бүрэн бус дунд боловсролтой, барилгын засал чимэглэлчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, ээж, эгч дүү нарын хамтаар Төв аймгийн аймгийн Жаргалант сум Баянбулаг 3 дугаар баг Гангын 2-15 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай гэх, Б овогт С.О /РД:__93012516/.

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

Яллагдагч Э.Б  нь 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Төв аймгийн Зуунмод сумын 3 дугаар баг 36-03 тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Э.Бямбажаргалтай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар түүнийг хутгалж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт,

-яллагдагч С.О  нь 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Төв аймгийн Зуунмод сумын 5 дугаар багийн нутагт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Э.Бямбажаргалтай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар түүнийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч, шинжээчээс:

  • Шүүгдэгч Э.Б : “Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн, гэм буруу дээр маргахгүй тул дахин мэдүүлэг өгөхгүй ” гэв.
  • Шүүгдэгч С.О  “Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн, гэм буруу дээр маргахгүй тул дахин мэдүүлэг өгөхгүй” гэв.
  • Хохирогч Э.Бямбажаргал: “2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр 7 цагийн орчим уулзсан. Бид хоёр Отгоог тосож аваад Э.Б-д очиж архи уусан. Тэгээд доошоо явж байгаад муудалцсан. Отгоо намайг цохиод чирсэн. Тэгээд буцаад би Э.Б-д очоод Отгоод яагаад намайг цохиж байгаа юм бэ гээд хэлсэн. Тэгээд Э.Б  бид хоёр гэрт орж ирээд муудалцаад тухайн үедээ намайг айлгах гээд хутга барьсан. Э.Б  намайг цээжээр даавуугаар боосон, цагдаа ирээд нойлын тэнд нуугдсан. Тэгээд цагдаа аваад явсан. Таарамжгүй харьцааны улмаас муудсан. 2010 оноос 9 жил ажил хийж нэг нэгнийгээ мэднэ. Тэр өдөр гайтай юм болсон. Одоо биеийн байдал хэвийн байгаа тул гомдол санал байхгүй...” гэв.
  • Шинжээч эмч И.Ганболор: “...Нэгдсэн эмнэлэг өвчний түүхээ өгдөггүй. Би тухайн үед өвчний түүхийн зургийг утсан дээр дарж авсан. Түүнийг үзэх юм бол 1384 тоот өвчний түүх архивт хадгалагдсан байгаа... Үзэхэд оёдолтой байсан. Гуурс тавьсан байсан... Хохирогч Бямбажаргалын биед хүзүү, нуруу, хэвлийд зулгаралт үүссэн байгаа, энэ гэмтлүүдээс нуруунд үүссэн зулгаралт нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...Хүзүү, хэвлийд үүсээд байгаа зулгаралт нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Нуруунд үүссэн гэмтэл нь хүний биед 1 хувиас илүү байсан учраас хөнгөн гэмтэл гэж үзсэн...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Үүнд:

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 8-11 тал/, хувцасанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 12-15 тал/, хохирогч Э.Бямбажаргалын мэдүүлэг /хх-ийн 17-18 тал/, гэрч М.Мөнхчулууны мэдүүлэг /хх-ийн 25-26 тал/, Криминалистикийн шинжээчийн №68 дугаартай дүгнэлт /хх-ийн 33-35 тал/, 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн №67 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 41-43 тал/, хохирогч Э.Бямбажаргалын биед учирсан гэмтлийн зэрэг тогтоосон шинжээчийн №229 дугаартай дүгнэлт /хх-ийн 48-49 тал/, шүүгдэгч С.О -ын яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 60 тал/, шүүгдэгч Э.Б-н яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 61-63 тал/, шүүгдэгч Э.Б-н гэрчээр мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 19-20 тал/, шүүгдэгч С.О-ын гэрчээр мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 21-22 тал/, гэрч Т.Сарантуяагийн мэдүүлэг /хх-ийн 24 тал/, гэрч Н.Тунгалагцэрэнгийн мэдүүлэг /хх-ийн 28 тал/, ял шалгах хуудас /хх-ийн 68 тал/, Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 70 тал/,  Багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 72 тал/ зэрэг болон шүүгдэгч Э.Б, С.О нарын хувийн байдлыг тогтоосон бусад баримтууд болно.

 

        Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

Шүүгдэгч Э.Б  нь 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Төв аймгийн Зуунмод сумын 3 дугаар баг 36-03 тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Э.Бямбажаргалтай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар түүнийг хутгалж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан,

-шүүгдэгч С.О нь 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Төв аймгийн Зуунмод сумын 5 дугаар багийн нутагт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Э.Бямбажаргалтай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар түүнийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол тус тус учруулсан болох нь:

  • Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 07 тал/
  • Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийг бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 8-11 тал/
  • Хувцасанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 12-15 тал/
  • Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 196 тал/
  • Хохирогч Э.Бямбажаргалын хохирлын баримт /хх-ийн 86-87 тал/
  • 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн шинжээчийн №68 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн хар цамцанд 9 см ханзарсан гэмтэл, 4 см ханзарсан гэмтэл, 1,9х0,1 см зүсэгдсэн гэмтэл, 1х0,3 см зүсэгдсэн гэмтэл, улбар шар фудволконд 2,7х0,1 см зүсэгдсэн гэмтэл, 1,5х0,3 см гэмтэл, 0,9х01 см урагдсан гэмтлүүд тус тус үүссэн байна.  Шинжилгээнд ирүүлсэн хар цамцанд үүссэн 1,9х0,1 см зүсэгдсэн гэмтэл, 1х0,3 см зүсэгдсэн гэмтэл, улбар шар фудволконд 2,7х0,1 см зүсэгдсэн гэмтэл, 1,5х0,3 см зүсэгдсэн гэмтлүүд нь шинжилгээнд ирүүлсэн хутгаар үүсгэгдсэн байх боломжтой...” гэх дүгнэлт /хх-ийн 33-35 тал/
  • 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн шинжээчийн №229 дугаартай “... Э.Бямбажаргалын биед зүүн 9 дүгээр хавирганы завсараар нэвтэрсэн шарх, цээжний хөндийн шингэн, зүүн даланд хатгагдсан шарх, хүзүү, нуруу, хэвлийд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх болмжтой шинэ гэмтэл байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөх нь эмчилгээний үр дүнгээс хамаарна. Нуруунд үүсэн зулгаралт нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 48-49 тал/
  • Хохирогч Э.Бямбажаргалын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Би Төв аймгийн Зуунмод суманд гэртээ 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр 18 цагийн орчим найз Б-тай Баянхошууны зам дээр уулзаад С.О-ыг тоссон...тэгээд Б-х руу яваад гурвуулаа 0,75 граммын Ерөөл архиа уучихаад Анхбаярынд очиж архи уучихаад би гэр рүүгээ харих болоод гараад Дивизийн байрны харалдаа алхаж байхад С.О  гэнэт намайг эргэж хараад тэвэрч аваад унагаж хөлнөөс бариад чирээд өшиглөсөн. Тэгээд би толгойгоо дарж хэвтэж байгаад босоод ирээд чи яагаад манийгаа зодож байгаа юм бэ гэж хэлсэн. С.О , Э.Б  яваад өгсөн. Би гэр лүүгээ харих гээд явж байгаад нуруу толгой өвдөөд байхаар нь эргэж хартал С.О  Э.Б хоёр такси барих гэж байхад нь хөөе гэж дуудсан боловч сонсохгүй яваад өгсөн...такси бариад Э.Б-д араас нь очсон. Тэгээд би Э.Б-д ороод манай бага бие муутай байхад та хоёр яагаад манийгаа зодож байгаа юм бэ гэж хэлсэн. Тэгсэн чинь С.О  чи тэгвэл хэлэхгүй яасан юм бэ гэж хэлсэн. Тэгээд Э.Б  намайг нэг хутга барьчихаад хоолойн дээр тулгаад би чамайг хутгалчих уу гэж хэлхээр нь олон жил найзалсан болохоор худлаа байлгүй гэж бодсон чинь хоолой зүсэгдээд байсан. Тэгээд би Э.Б-г яаж байна аа гэж хэлээд тэвэрсэн чинь нуруу руу эвгүй болоод амьсгаа авч чадахгүй болоод ирсэн. Тэгээд Э.Б  намайг түшээд суулгаад мань нь чамайг шаачихлаа гэж хэлээд цагдаа дуудсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 17-18 тал/
  • Гэрч М.Мөнхчулууны мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “ ...манай нөхөр 2019 оны 04 дүгээр сарын 20-ны орой найзтайгаа ажил ярьчихаад ирнэ гэж хэлээд орой 18 цагийн үед гараад явсан...орой 21 цагийн үед залгахад одоо очлоо гэсэн...23 цагийн орчим над руу залгаад манай найз намайг зодчихлоо би дэнжинд байна ирээд ав гэж ярьсан...эргээд найз Анхбаяр луу утсаар залгахад Э.Б , С.О  нартай гараад явсан гэж байсан. Тэгээд Э.Б  руу залгахад бид гурав такси барих гээд байж байна гэсэн. Дахин утсаар залгахад таксинд суухгүй гээд өөдөөс агсраад байна, харина гээд явсан гэсэн...тэгээд л шөнө нэг дугаараас Э.Бямбажаргал ирээд ав цагдаа дээр байна гэж байсан. Тэгээд би эмнэлэг ороход зүүн суганы тэндээ оёо тавиулаад байж байсан бөгөөд бас дал хэсэгт шархтай хоолой нь улаалттай мөн хоолой нь зүсэгдсэн нуруу нь зулгарчихсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 26 тал/,
  • Шүүгдэгч Э.Б-н мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлсэн: “...Би 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр манай найз Төв аймгийн Жаргалант сумаас Зуунмод суманд орой 19 цагийн орчим ирээд найз Э.Бямбажаргалтай хамт тосож аваад төвд хуушуур идээд дэлгүүр орж 0,75 граммтай Хараа архи аваад урагшаа манай гэр лүү такси бариад гэрт ирээд би нөгөө архиа уучихаад С.О  бид хоёр дэнжид байдаг найзындаа очихоор гарсан чинь араас Э.Бямбажаргал гүйж ирээд такси барьж аваад дэнжийн дэлгүүр орж архи аваад С.О , Э.Бямбажаргал 2 маргалдаад байсан бөгөөд салгаад явах талаар хэлсэн чинь нөгөө Э.Бямбажаргал явахгүй гээд доош гол рүү гүйгээд явчихсан. Тэгээд би буцаагаад дуудаад такси барьчихаад явах талаар хэлсэн чинь явахгүй гээд байхаар нь С.О  бид хоёр гэрт ирээд С.О  гэрийн зүүн талд ширээний хажууд суугаад би босоод галаа түлэх гээд шургуулганаас жижиг шар иштэй хутга аваад мод жижиглэж байхад гаднаас Э.Бямбажаргал орж ирээд С.О-тай муудалцсан. Тэгэхээр нь би боль байнга ингэж байх юм гэж хэлхэд над руу дайраад хөргөгчин дээр байсан савтай ус аваад шидсэн. Тэгэхээр нь чи давраад байгаараа гээд нөгөө хутгаа хоолойг чинь хирчинэ шүү пизда минь гэсэн чинь чаддаг юм бол хирч гэхээр нь айлгах зорилгоор хутгаа үзүүр дээрээс нь бариад далан дээр нь дарсан чинь орчихсон байсан. Тэгээд дахиад дайраад байхаар нь нөгөө хутгаараа зүүн суган доор хавьд нь хүрэх шиг л болсон чинь бас орчихсон байсан. Тэгээд Э.Бямбажаргал эвхрээд унахаар нь харсан чинь дал болон зүүн суган доор нь ангайчихсан байсан...шар өнгийн иштэй хутга байсан...Э.Бямбажаргал уух болгондоо хүн рүү дайрдаг юм. Тэгээд би айлгах гээд л ийм юм болчихлоо...” гэх мэдүүлэг /хх-ийн 65-66 тал/

-Шүүгдэгч С.О-ын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлсэн: “Би 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Төв аймгийн Жаргалант сумаас Төв аймгийн Зуунмод суманд орой 19 цагийн орчим ирээд коллежийн нэг ангийн хүүхдүүд болох Э.Бямбажаргал, Э.Б  нартай төвд уулзаад урд таксины хажуу талын гуанзанд орж хуушуур идчихээд дэлгүүрээс 0,75 граммтай Хараа архи аваад Э.Б-д орой 20 цагийн орчимд очсон...архиа уучихаад Анхбаярынд очихоор болоод такси барихаар  дэнжээс бууж явахдаа Э.Бямбажаргалтай юунаас болж маргалдсанаа санахгүй байна. Тэгээд Э.Бямбажаргал барьж аваад заамдаад боосон. Тэгэхээр нь би бас заамдаад газар унагаад хоёроос гурван алхам газар чирсэн. Тэгээд Э.Б  салгаад доош яваад зам дээрээс такси бариад явах гэтэл Э.Бямбажаргал явалгүй үлдчихсэн...тэгээд бид хоёр Э.Б-д ороод Э.Б  гал түлэх гээд галаа ухаад мод хутгаар цулаад байж байхад Э.Бямбажаргал гаднаас та хоёр яагаад хаяад явчихсан юм, та хоёрын бяртай чадалтай чинь тэндээ байдаг юм байгаа биз гэсээр орж ирээд над руу дайрхаар нь дундуур Э.Б  ороод гэрийн зүүн талаар аваад гарсан...Э.Бямбажаргал цагдаа дууд гээд Э.Баяраа өөрөө цагдаа дуудсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 59-60 тал/

-Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн шинжээч эмч И.Ганболорын:  “...хохирогч Э.Бямбажаргалын биед хүзүү, нуруу, хэвлийд зулгаралт үүссэн байгаа, энэ гэмтлүүдээс нуруунд үүссэн зулгаралт нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...Хүзүү, хэвлийд үүсээд байгаа зулгаралт нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Нуруунд үүссэн гэмтэл нь хүний биед 1 хувиас илүү байсан учраас хөнгөн гэмтэл гэж үзсэн...” гэх мэдүүлэг зэргээр давхар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Шүүгдэгч Э.Б-ийн согтуурсан үедээ хутга хэрэглэн Э.Бямбажаргалын хэвлийн тус газарт нь хутгалсан үйлдэл нь, шүүгдэгч С.О-ын согтуурсан үедээ Э.Бямбажаргалыг зодож эрүүл мэндэд нь нуруунд зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь тус тус Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 1-д зааснаар өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн буюу уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай  хэлбэртэй, шүүгдэгч нарын гэмт үйлдэл, хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

Төв аймгийн Прокуророос Э.Б-ийн гэм буруугийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар, С.О-ын гэм буруугийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн шүүхэд ирүүлсэн байна.

Шүүгдэгч Э.Б-ийн гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэргийн шинжийг,

мөн шүүгдэгч С.О-ын гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг тус тус хангасан байна.

 

Иймд шүүгдэгч Э.Б , С.О  нарт Прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байх тул хуульд зааснаар тус тус эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

            Хохирогч Э.Бямбажаргалд шүүгдэгч Э.Б  нь хохиролд 1.500.000 төгрөгийг, шүүгдэгч С.О  нь хохирлын 250.000 төгрөгийг тус тус төлсөн байна.

            Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Э.Бямбажаргал нь “шүүгдэгч С.О , Э.Б  нартай найзууд, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн байх тул энэ шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх хохирлын асуудал байхгүй бөгөөд шүүгдэгч Э.Б , С.О  нар нь бусдад төлөх төлбөргүй байна.

             

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас: “Шүүгдэгч Э.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт 5 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, шүүгдэгч С.О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах” ялын дүгнэлтийг,

Шүүгдэгч Э.Б-ийн өмгөөлөгч А.Мөнхтулга: “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнийг хөнгөрүүлэх болно гэсэн. Э.Б  нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, гэм буруутай боловч хохирогчийн Э.Б-ийн гэрт нь  очиж асуудал үүсгэсэн үйлдэл нь тухайн гэмт хэрэг гарахад нөлөөлсөн. Мөн учруулсан хохирол 1 750 000 төгрөгийг төлж барагдуулсан, хохирогчийн хор уршгийг арилгасан, хохирогч өнөөдөр эрүүл саруул ажил хөдөлмөр эрхэлж байна. Э.Б-ийн хувийн байдлын хувьд барилгын ажил эрхэлдэг, 8 нас хүртэлх 3 бага насны хүүхэдтэй, урьд өмнө ял шийтгэл эдэлж байгаагүй тул хөнгөрүүлэх заалтыг хангаж байна. Шүүгдэгчийн хувийн байдалд урд өмнө ял шийтгэл эдэлж байгаагүй, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөрөө барагдуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлйн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-д заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал хангаж байна. Ийм учраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх  хэсгийн 1.4-д зааснаар гэмт хэрэг үйлдсэн хүн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, мөн өмнөх шаардлагыг хангаж байгаа бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос доошгүй ял оногдуулна гэсэн байгаа. Зүйлчлэлийн хувьд ялын доод хэмжээ 5 жил байгаа. Түүний 3-ны 2-ыг тооцохоор 3.4 жилийн хугацаатай ял оногдуулж өгнө үү” гэх дүгнэлтийг,

Шүүгдэгч Э.Б-ийн өмгөөлөгч М.Мэндсүрэн: “А.Мөнхтулга өмгөөлөгчтэй санал нэг байна” гэх дүгнэлтийг,

Шүүгдэгч С.О-ын өмгөөлөгч П.Ганбаатар: “Миний үйлчлүүлэгчийн хувьд эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлууд харагддаг. Анх удаа гэмт хэрэгт холбогдсон, бусдад хохирол төлбөргүй, гэм буруугийн зүйлчлэлийн хувьд маргаагүй, өөрийн үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшсэн байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг шүүх ял шийтгэл оногдуулахдаа харгалзаж үзвэл зүйтэй юм гэж үзэж байна. Ийм учраас эдгээр нөхцөл байдлуудыг харгалзаж үзэж 450 нэгжээр 450 000 төгрөгөөр торгох ял оногдуулж” өгнө үү гэх дүгнэлтийг тус тус гаргасан байна.

 

Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Э.Б , С.О  нарын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгч нарын хувийн байдал, хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагч, хохирогч болон шүүгдэгч нарын өмгөөлөгчдийн дүгнэлтүүд, хохирогчийн гомдол саналгүй гэх мэдүүлэг зэргийг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг баримтлан шүүгдэгч Э.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 3 жил 6 сарын хорих ялаар,

- шүүгдэгч С.О-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

 

Шүүхээс шүүгдэгч Э.Б-д оногдуулсан хорих ялыг дээрх нөхцөл байдлыг харгалзан, мөн хуульд заасны дагуу нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн бөгөөд шүүгдэгч С.О-т торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийг биелүүлэх хугацааг хэсэгчлэн төлүүлэх шаардлагагүй гэж үзсэн ба уг торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан...ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор...биелүүлэх үүрэгтэй...гэсний дагуу төлүүлэхээр шийдвэрлэж, шүүхээс шүүгдэгч С.О-т оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй.

 

            Эд мөрийн баримт болон битүүмжлэгдсэн эд хөрөнгийн талаар:

Шүүгдэгч Э.Б , С.О  нар нь цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг,

шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэнгч Э.Б-ийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан хутга 1 ширхэгийг хуульд зааснаар устгахыг 2017 оны 6 сарын 30-ны өдрийн 36,А/68 дугаартай Эрүүгийн хэрэгт хураан авсан хөрөнгө, орлого, барьцааны мөнгө, эд мөрийн баримтыг шийдвэрлэх журмын дагуу Төв аймгийн Шүүхийн тамгын газарт даалгах нь зүйтэй.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч Б  овогт Э.Б-г зэвсэг хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг, шүүгдэгч Б  овогт С.О-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг баримтлан шүүгдэгч Э.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 3 /гурав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар,

            - мөн С.О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.  

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Э.Б-д оногдуулсан 3 /гурав/ жил 6 /зургаа/ сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч С.О-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлэхийг,                                                                                                                                                             

 

биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

  1. Шүүгдэгч С.О-т шүүхээс оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

  1. Шүүгдэгч Э.Б , С.О  нар нь цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг тус тус дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 6-д заасныг баримтлан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хутга 1 ширхэгийг устгахыг Төв аймгийн шүүхийн Тамгын газарт даалгасугай.

 

  1. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч С.О-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шүүгдэгч Э.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж, түүний хорих ял эдлэх хугацааг 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн тоолсугай.

 

  1. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

  1. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

  1. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, Э.Б-д авсан цагдан хорих  таслан сэргийлэх арга хэмжээг, С.О-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ш.ГАНДАНСҮРЭН

 

                          ШҮҮГЧИД                                  Ю.ЭНХМАА

 

                                                                                  Т.БАТЖАРГАЛ