Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 001/ХТ2018/00369

 

Д.Пгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 102/ШШ2017/02376 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 210/МА2017/02341 дүгээр магадлалтай,

Д.Пгийн нэхэмжлэлтэй

МОХННУБТЗхолбогдох

Зорчигч үйлчилгээний төвийн даргын ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгож, уг ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговорт 11 384 195 төгрөгийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгч Д.Пгийн гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.П, түүний өмгөөлөгч Б.Баатарсайхан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Баясгалан шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Наранхүү нар оролцов.

Нэхэмжлэгч Д.П шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1989 онд Оросын Холбооны улсын Ленинград хотын Төмөр замын дээд сургуулийг төгсч ирсэн цагаас хойш хариуцагч байгууллагад 27 жил 6 сар ажилласан. Улмаар Зорчигч тээврийн албаны орлогч даргаар ажиллаж байгаад 2015 оны 5 дугаар сарын 1-ний өдөр Зорчигч үйлчилгээний алба болон өөрчлөгдөхөд даргаар, 2016 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр зорчигч үйлчилгээний төв болон өөрчлөгдөхөд даргаар нь тус тус томилогдон ажилласан. Гэтэл Улаанбаатар төмөр замын даргын 2017 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн Б-I-100 тушаалаар бүтэц, зохион байгуулалт өөрчлөгдсөн гэх үндэслэлээр надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Уг албан тушаалыг эрхэлж байх хугацаандаа ямар нэгэн алдаа зөрчил гаргаж, арга хэмжээ авагдаж байгаагүй. Зорчигч тээврийн алба 1994 онд байгуулагдаж, зорчигчид үйлчлэх бүх үйлчилгээг хариуцдаг байсныг 2016 онд худалдааны ажлыг нэмэн бүтцийг баталж, Зорчигч үйлчилгээний төвийг байгуулж ажиллуулсан. Нэг жилийн дараа худалдааг буцаан салгаж, 2 алба болгосон бөгөөд нэг даргатай байсныг алба тус бүр даргатай байхаар орон тоо баталсан. Зорчигч үйлчилгээний төв гэсэн нэрийг нь өөрчилсөн болохоос Зорчигч тээврийн алба нь зорчигчийн үйлчилгээг хариуцдаг байсан ажлаа үргэлжлүүлэн хариуцаж байгааг тус албаны даргын ажлын байрны тодорхойлолт, Зорчигч тээврийн албаны даргаар томилогдсон Нарантуяагийн ажлын байрны тодорхойлолт нотлоно. Бүтцийн өөрчлөлт хийсэн, даргаар үлдээж өгөөч гэсэн өргөдлөө өг гэхээр нь би өргөдөлөө бичиж өгсөн. Гэтэл ажлаас чөлөөлсөн. Шинээр томилогдсон Нарантуяа нь Увсын хүн, намын томилгоо тул та ажиллахгүй болсон гэж мэдэгдсэн. Зорчигч үйлчилгээний төв татан буугдаагүй, бүтцийн өөрчлөлт хийсэн гэж үзэж байгаа тул намайг даргын ажлаас үндэслэлгүйгээр халагдсныг тогтоож, Зорчигч тээврийн албаны даргын ажилд эгүүлэн тогтоож өгнө үү. Би сард дунджаар 2 277 923 төгрөгийн цалинтай байсан тул ажилгүй байсан 4 сар 12 хоногийн олговорт 11 384 195 төгрөгийг гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтрүүдэд бичилт хийхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Баясгалан шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Улаанбаатар төмөр замын нийгэмлэгийн ерөнхий хорооноос баталсан бүтцийн дагуу Зорчигч үйлчилгээний төвийг татан буулгаж, Зорчигч тээврийн албыг байгуулсан. Татан буулгасан Зорчигч үйлчилгээний төвийн бүтэц нь хэт нүсэр, үр дүнтэй ажиллах боломжгүй, зорчигчид түргэн шуурхай үйлчилгээ үзүүлэх чадваргүй, хэвийн ажиллах боломжгүй болох нь тодорхой болсон тул татан буулгах шийдвэр гаргасан. Шинээр байгуулагдсан Зорчигч тээврийн алба нь бие даасан санхүүгүй удирдах газрын дотоод нэгж болж, 22 хүний орон тоотой болж батлагдсан. Дээрх бүтцийн өөрчлөлтийн дагуу Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар нэг сарын өмнө буюу 2017 оны 3 дугаар сарын 7-нд мэдэгдэх хуудас өгч, 2017 оны 4 дүгээр сарын 4-нд хөдөлмөрийн гэрээг цуцалсан. нэхэмжлэлд бичсэн байгаачлан нэхэмжлэгчид сахилгын шийтгэл оногдуулсан зүйл байхгүй бөгөөд түүнд гэнэт ажлаас халагдсны 2 сарын тэтгэмжийг өгсөн. Хариуцагч замын даргын Б-1-100 дугаар тушаал нь хууль хэрэглээний алдаагүй, Хөдөлмөрийн тухай хуулийн зохих зүйл заалтыг зөв баримталсан тушаад болсон тул түүнийг уг ажилд эгүүлэн томилох үндэслэл байхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 102/ШШ2017/02376 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсгийг баримтлан хариуцагч МОХННУБТЗхолбогдох Зорчигч үйлчилгээний төвийн даргын ажлаас үндэслэлгүй халагдсаныг тогтоолгох, уг ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговорт 11 384 195 төгрөгийг гаргуулах, халагдсан хугацаанд нийгмийн даатгал, эрүүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, дэвтрүүдэд бичилтийг хийхийг даалгуулах тухай нэхэмжлэгч Д.Пгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөгийг дурдаж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 210/МА2017/02341 дүгээр магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 6-ны өдрийн 102/ШШ2017/02376 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.П нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурьдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Д.П хяналтын гомдолдоо: Иргэн Д.П миний бие Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийи 210/МА2017/02341 дугаар магадлалыг эс зөвшөөрч шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн үндэслэлээр дараах гомдлыг хяналтын журмаар гаргаж байна. Өнөөдөр Монгол Улсын нийгмийн харилцаанд УИХ-ын сонгуулийн үр дүнгээс хамаарч төрийн болон төрийн оролцоотой байгууллагад албан тушаалын хөдөлгөөн хийж байгаа нь нийтэд нэг илэрхий болсон бөгөөд түүнийг дагаад иргэний хуулиар хамгаалагдсан хөдөлмөрлөх эрх зөрчигдөж байгаагийн нэгэн тод жишээ нь миний энэхүү хөдөлмөрийн маргаан бөгөөд Монгол Улсын шүүх асуудлыг уг үндсээр нь сайтар нягтлан үнэн зөв шийдвэрлэнэ гэдэг миний бие итгэж байна. Энэхүү хөдөлмөрийн маргаанд юуны өмнө миний эрхэлж байсан УБТЗ-ын “Зорчигч үйлчилгээний төв” татан буугдсан эсэх, ажил хэвээр хадгалагдаж байгаа гэдэгт хуулийн талаас нь дүгнэлт өгөх ёстой болов уу. Хууль зүйн талаас нь салбар, нэгж “татан буугдсан” гэдгийг онцгой анхаарах ёстой. Миний бие татан буулгах асуудлыг анхан болон давж заалдах шатны шүүхүүд хэлбэрийг нь анхаараад агуулга цаад нарийн учрыг гаргаж чадаагүй гэж үзэж байна. Хуулийн этгээдийн үйл ажиллагаа хууль тогтоомжид заасан үндэслэл журмын дагуу бүр мөсөн зогсоогдож эрх, үүрэг нь бусдад залгамжлан шилжихгүйгээр дуусгавар болохыг татан буулгах гэдэг нь Иргэний хуулийн 32 дугаар зүйлээр зохицуулагдаж, энэ зүйлд заасан журмаар татан буулгах ажиллагаа явагдах учиртай. Зорчигч үйлчилгээний төвийг Зорчигч тээврийн алба болгож, шинээр Маркетингийн хэлтэс, Худалдаа үйлчилгээний алба байгуулж, Тээшийн худалдааны төвийг Улаанбаатар дахь Тээшийн хэсгийг салгаж Улаанбаатар зорчигч үйлчилгээний төв буудалд нэгтгэж тухайн байгууллагын шинээр байгуулсан салбар нэгжид эрх үүрэг нь залгамжлагдан үргэлжилж байгааг хуулийн этгээд өөрчлөгдөн зохион байгуулагдсан гэж үзэх бөгөөд хөдөлмөрийн харилцааг зогсоох үндэслэл бий болоогүй гэж үзэж байна. МОХННийн УБТЗ-ын даргын 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн “Зохион байгуулалтын бүтцийг өөрчлөх тухай” А-71 дүгээр тушаалаар УБТЗ-ын даргын 2016 оны 1 дүгээр сарын 06-ны өдрийн “Бүтэц зохион байгуулалтыг боловсронгуй болгох тухай” А-05 дугаар тушаал буюу Зорчигч үйлчилгээний төвийг байгуулсан шийдвэр болон УБТЗ-ын даргын 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн “Дүрэм батлах тухай” А-235 дугаар тушаал буюу Зорчигч үйлчилгээний төвийн дүрэм хүчингүй болгоогүй байна. Өөрөөр хэлбэл Зорчигч үйлчилгээний төвийг байгуулсан шийдвэр түүний дүрэм өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр хэвээр үйлчилж байна. Харин Зорчигч тээврийн албанд Зорчигч үйлчилгээний төвийн дүрэм үйлчилж байгаа нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар нотлогддог, маргаан хийгээгүй болно. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д “аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан, гэсэн үндэслэл үүсээгүй болно. Анхан болон давж заалдах шатны хуралдаанд ч тайлбарласан, хэрэг авагдсан Зорчигч үйлчилгээний төвийн даргын болон Зорчигч тээврийн албаны даргын ажлын байрны тодорхойлолтоор ажлын байр хэвээр хадгалагдаж байгаа нь нотлогдох бөгөөд энэ хоёр ажлын байрны тодорхойлолт үг үсэг, агуулгын хувьд өөрчлөгдөөгүй нэг ажлын байр болох илэрхий байхад шүүх дүгнэлт өгөөгүй болно. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-д “Ажил, албан тушаал нь хэвээр хадгалагдаж байгаа ажилтны хөдөлмөрийн гэрээг аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсанаас бусад тохиолдолд ажил олгогчийн санаачилгаар цуцлахыг хориглоно.” гэж хуульчилсан болно. Шүүх “Зорчигч үйлчилгээний төв нэрийн доор 6 нэгж үйл ажиллагаа явуулж байсан бол Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэгийн УБТЗ-ын даргын 2017 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн А-95 дугаар тушаалаар Зорчигч тээврийн алба нэрийн дор 3 нэгж үйл ажиллагаа явуулж байгаа үйл баримтаар тогтоогдож байна.” гэж дүгнэсэн боловч 2017 оны 2 дугаар сарын 24-ний өдөр Зорчигч үйлчилгээний төвийн Зэхэлт бэлтгэлийн конторыг Улаанбаатар дахь Вагон депод, Тээш худалдааны төвийн Улаанбаатар дахь хэсгийг Улаанбаатар зорчигч үйлчилгээний төв буудалд нэгтгэснийг үнэлээгүй. Үндсэндээ хуучны 6 нэгж нь одоогийн 3 нэгждээ сарын дараа буцаан нэгтгэгдсэн үйл баримт хэрэгт авагдсан байна. Энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.3-д “Энэ хуулийн 40.1.1.-д зааснаар орон тоо хасагдсан гэх боловч түүнийг гурван сарын дотор дахин бий болгож, орон тоо хассан нь үндэслэлгүй болох нь тогтоогдвол тухайн ажилтныг ажилд нь эгүүлэн тогтооно.” гэж заасан нөхцөл байдал үүсч байгааг нотлож байна. Анхан болон давж заалдах шатны шүүх хариуцагч талд ашигтайгаар үнэлэх замаар шийдвэр гаргасан нь ИХШХШТХуулийн 40 дүгээр зүйлд хэм хэмжээг зөрчсөн байна. Иймд Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 102/ШШ2017/02376 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 210/МА2017/02341 дугаар магадлал тус тус хүчингүй болгож нэхэмжлэлийг ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх үзэв. “Нэхэмжлэлийг хангаж өгөх”-ийг хүссэн нэхэмжлэгчийн хяналтын гомдол үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч Д.П нь хариуцагч МОХННУБТЗхолбогдуулан Зорчигч үйлчилгээний төвийн даргын ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгож, уг ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан бүх хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 11 384 195 төгрөгийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэл гаргасныг, хариуцагч эс зөвшөөрч, ”...түүний ажиллаж байсан нэгж татан буугдсан...” гэсэн үндэслэлээр маргажээ.

Шүүх хуралдаан дээр гаргасан нэхэмжлэлийн тайлбарт “...зорчигч үйлчилгээний төвийн чиг үүрэг хэвээр байгаа..., миний оронд Нарантуяа гэж намын хүн томилогдсон...” гэсэн агуулга нь Зорчигч үйлчилгээний албаны даргын ажилд эгүүлэн тогтоогдох шаардлага гаргасан гэж үзнэ.

Нэхэмжлэгч Д.П “...зорчигч үйлчилгээний төв татан буугдаагүй...” гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлжээ. 

Ажил олгогчийн 2017 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн Б-1-100 тоот тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 43 дугаар зүйлийн 43.1, ...Улаанбаатар төмөр замын даргын 2017 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн А-71 тоот тушаалыг баримталж, Зорчигч үйлчилгээний төв татан буугдсан гэх үндэслэлээр Д.Пг ажлаас нь чөлөөлсөн байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан... гэдгийг тухайн байгууллага болон түүний салбар, нэгжийн чиг үүрэг байхгүй, үйл ажиллагаа нь дуусгавар болж, орон тоо бүхэлдээ байхгүй болохыг ойлгоно.

Хэрэгт байгаа баримтаас үзвэл Зорчигч үйлчилгээний төв татан буугдаагүй, ажил олгогчийн тушаал үндэслэлгүй болох нь тогтоогдсон, хоёр шатны шүүх тушаалын үндэслэлийг хуульд нийцүүлэн дүгнэж чадаагүй байна. Тодруулбал:

1. Ажил олгогч нь 2017 оны 3 дугаар сарын 07-ны өдөр ажлаас чөлөөлөх талаар  Д.Пд мэдэгдэхдээ 2017 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн А-71 тоот тушаалын дагуу бүтцийн өөрчлөлт хийж, чөлөөлж байгааг үндэслэсэн боловч тухайн байгууллагад өөр эрх зүйн актаар буюу 2017 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн А-95 тоот тушаалаар Зорчигч үйлчилгээний албыг байгуулсан, энэ бүтцээр үйл ажиллагаа явуулж байх тул нэхэмжлэгчийг ажлаас нь чөлөөлсөн үндэслэлийг тогтоогдоогүй гэж үзнэ.

2. МОХННУлаанбаатар төмөр замын даргын 2017 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн А-71 тоот тушаалаар ...Тээвэрлэлт удирдлагын төв, Тээврийн үйлчилгээний төв, Зорчигч үйлчилгээний төвийг татан буулгаж, шинээр Тээвэр зохион байгуулалтын алба, Зорчигч тээврийн албыг балансгүйгээр тус тус байгуулсан байна.

Үүнээс өмнө нэхэмжлэгчийн ажиллаж байсан Зорчигч үйлчилгээний төвийн бүтэц зохион байгуулалтыг бүдүүвч зургаас үзэхэд тус төв нь 6 нэгжийг буюу тасалбарын төв, зорчигч үйлчилгээний буудал, зэхэлт бэлтгэлийн контор, Улаанбаатар дахь Вагон депо, тээш худалдааны, нийтийн хоолны төвийг тус тус харьяалан ажиллаж байсан бөгөөд 2017 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн А-71 тоот тушаалаар худалдаа үйлчилгээний алба тусдаа байгуулагдаж, Зорчигч тээврийн алба нь Улаанбаатар дахь Вагон депо, зорчигч үйлчилгээний буудал, тасалбар худалдаалах төвийг харьяалахаар, балансгүйгээр байгуулагдсан байна.

Үүний дараа 2017 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн А-95 тоот тушаалаар Зорчигч тээврийн албаны бүтцийг дахин баталж, “Улаанбаатар дахь вагон депо, Улаанбаатар зорчигч үйлчилгээний төв буудал, тасалбар худалдаалах төвийг тус тус харьяалуулсан, тушаалын 4-т зэхэлт бэлтгэлийн конторыг Улаанбаатар дахь вагон депод, тээш худалдааны төвийн Улаанбаатар дахь тээшийн хэсгийг Улаанбаатар зорчигч үйлчилгээний төв буудалд нэгтгэснээс үзэхэд Зорчигч үйлчилгээний төв татан буугдаагүй бөгөөд зөвхөн худалдаа, нийтийн хоол гэсэн бүтэц хасагдсан, бусад үндсэн чиг үүрэг нь хэвээр үлдэж, Зорчигч тээврийн алба болж өөрчлөгдсөн байна.  

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн ажиллаж байсан Зорчигч үйлчилгээний төвийн үйл ажиллагаа, үндсэн чиг үүрэг хэвээр үлдсэн бөгөөд харьяа нэгж нь хасагдсан, хасагдсан нэгж буюу худалдаа, нийтийн хоол нь бие даасан нэгж болсон байхад Зорчигч үйлчилгээний төвийг татан буугдсан гэж үзэх үндэслэлгүй болно.

Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан “...аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан...” гэх үндэслэл тогтоогдоогүй тул нэхэмжлэлийг хангаж, шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулав. Д.Пг Зорчигч үйлчилгээний албаны даргын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговрыг тогтоохдоо сарын дундаж цалин 2 277 923 төгрөгийг ажилгүй байсан 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдрөөс 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдөр хүртэл хугацааны 11  сарын цалин, хөлс 25 057 153 төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2 дах  хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 210/МА2017/02341 дүгээр магадлал, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 102/ШШ2017/02376 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.1, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсгийг баримтлан Д.Пг ...Зорчигч үйлчилгээний албаны даргын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговорт 25 057 153 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч Д.Пд олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилтийг хийлгэхийг хариуцагчид даалгасугай” гэж, шийдвэрийн 2 дах заалтад”...дурдьсугай гэснийг ...дурьдаж, хариуцагчаас 283 235 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай” гэж тус тус өөрчилж, магадлал, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.

                                ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                ШҮҮГЧ                                                    П.ЗОЛЗАЯА