Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 42

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

  Даргалагч,

Ерөнхий шүүгч             Б.Батзориг

Шүүгчид                        Я.Туул

                                                                     Д.Буянжаргал

  Оролцогчид:

                                  Прокурор                       А.Золзаяа

                                  Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Энхцэцэг нар    оролцож, Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Алтанцэцэг даргалж, шүүгч Б.Хэрлэн, шүүгч Ж.Эрдэнэбат нарын бүрэлдэхүүнтэй шийдвэрлэн, шүүх хуралдаанаас гаргасан, 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 14 дугаартай “Хэргийг мөрдөн байцаалт хийлгэхээр Прокурорт буцаах тухай” тогтоолыг эс зөвшөөрч бичсэн улсын яллагчийн эсэргүүцлээр Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Сан овогт Доногдандарын Чулуунбаатарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, эрүүгийн 201618020118 дугаартай, 1 хавтас хэргийг 2017 оны 04 дүгээр сарын     27-ны өдөр хүлээн авч, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Д.Буянжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1967 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, халх, эрэгтэй, бага боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, аав, ээж, дүү нарын хамт Сэлэнгэ аймгийн Мандал сумын 3 дугаар баг, Шарын голын 10 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, бие эрүүл, оюуны хөнгөн хомсдол хэмээх сэтгэцийн эмгэгтэй, хэрэг хариуцах чадвартай, урьд:        

-1999 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн Сэлэнгэ аймаг дахь сум дундын шүүхийн 01 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хэргийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.3хэсэгт зааснаар 03 жил тэнсэн харгалзах ял хойшлуулсан.

-2002 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн Сэлэнгэ аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн 108 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт зааснаар 02 жил хорих ял шийтгүүлж 2013 оны 12 дугаар сарын 05-ны өдөр тэнсэн суллагдсан, Сан овогт Доногдандарын Чулуунбаатар /РД: МЗ-67070612/

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр:

Д.Чулуунбаатар нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэр Төмөр замчдын 13 дугаар байрны 01 тоотод оршин суух иргэн Д.Баяртогтохын хашаа байшинг 2016 оны 05 дугаар сарын 21-ний орой 23 цагийн орчим санаатайгаар галдан шатааж, 1.300.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

 

Анхан шатны шүүх Д.Чулуунбаатарт холбогдох эрүүгийн хэргийг 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдөр хянан хэлэлцээд 14 дугаартай шүүхийн тогтоолоор:

-Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Сан овогт Доногдандарын Чулуунбаатарт холбогдох 201618020118 тоот эрүүгийн хэрэгт нэмэлт мөрдөн байцаалт хийхээр Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газарт буцааж,

-Хэргийг прокурорт очтол Д.Чулуунбаатарт урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж,

-Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн СД болон 2 ширхэг асаагуурыг хэргийн хамт прокурорт хүргүүлж,

-Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 23 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт зааснаар прокурор энэ тогтоолыг хүлээн авснаас хойш ажлын 5 хоногт багтаан эсэргүүцэл бичих эрхтэйг хэлж шийдвэрлэжээ.

 

Улсын яллагч давж заалдах шатны шүүхэд бичсэн эсэргүүцэлдээ:

…Шүүгдэгч Д.Чулуунбаатарт холбогдох хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцаасан шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байх шаардлага хангаагүй, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчөөгүй байхад нотлох баримтыг бүрэн гүйцэд тал бүрээс нь судлалгүй үндэслэлгүйгээр нэмэлт мөрдөн байцаалтанд буцаасан байна.

1.Шүүгдэгч Д.Чулуунбаатарын сэтгэцийг шалгуулсан “Шүүх сэтгэц эмгэг судлалын №1046 дугаартай дүгнэлт”-ээр Д.Чулуунбаатар нь оюуны хөнгөн хомсдол хэмээх сэтгэцийн эмгэгтэй, өөрийн сэтгэц оюун ухааны түвшинд мэдүүлэг өгөх чадвартай, сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай гэсэн дүгнэлт гарсан ба Д.Чулуунбаатар нь оюуны хүндэвтэр хомсдолгүй, шинж тэмдгийн уналт өвчингүй энэ талаар шинжээчийн дүгнэлтэнд дурьдаагүй байхад шүүх нотлох баримтанд тулгуурлаагүй дүгнэлт хийсэн байна.

Д.Чулуунбаатарыг 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 18 цаг 20 минутанд сэжигтнээр тооцон байцаахдаа өмгөөлөгч А.Хандмааг оролцуулсан болох нь хавтаст хэргийн 84-р талд авагдсан байгаа нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.3-т заасныг зөрчөөгүй байна.

2.Эрүүгийн байцаан шийтгэх хуульд зааснаар сэжигтэн яллагдагчийн хувийн байдлыг тогтоох зорилгоор түүний төрсөн эцэг Л.Доногдандар, төрсөн эх Г.Чанцалдулам нарыг гэрчээр байцаасан бөгөөд уг байцаалтыг эхлэхийн өмнө Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 16 дугаар зүйлийн 16.5, мөн хуулийн 147 дугаар зүйлийн 147.4-т заасан эрхийг тайлбарлан өгч, байцаагдаж буй этгээдүүд нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 147 дугаар зүйлийн 147.4 дэх хэсэгт заасан эрхээ эдлэхгүй гэсэн тул байцаан шийтгэх ажиллагаа явуулах журмаар байцаалт явуулсан нь хууль зөрчөөгүй байна.

3.Сэлэнгэ аймгийн Мандал сумын 7 дугаар баг Төмөр замын гудамжны 13-р байрны 01 тоот 33.4 метр сууцны талбай бүхий 1 өрөө сууцыг 2003 онд хувьчилж авахдаа хамтран өмчлөгчөөр Д.Баяртогтох, Д.Энхжаргал, Д.Дөлгөөн нарыг бүртгүүлсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан 0098358 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээ байх ба иргэн Д.Баяртогтох оюуны хүндэвтэр хомсдол, шинж тэмдгийн уналт сэтгэцийн эмгэгтэй, Д.Энхжаргал нь нас барсан тул хэрэгт Д.Баярхүүг хохирогчоор тогтоож мэдүүлэг авч байсан боловч хохирогч Д.Баярхүү нь нас барсан болох нь хавтаст хэргийн 89-р талд авагдсан нас барсны гэрчилгээгээр нотлогдох бөгөөд нэгэнт хэрэгт хохирогчоор тогтоогдсон иргэн нас барсан тул уг үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөгч эрхтэй иргэн Х.Дөлгөөнийг хэрэгт 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хохирогчоор тогтоож байцаасан болно.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт гэмт хэргийн улмаас нэр төр, алдар хүнд, санаа сэтгэл, бие эрхтэн, эд хөрөнгийн талаар хохирол хүлээсэн этгээдийг хохирогч гэнэ. Иргэн Х.Дөлгөөн нь уг хэргийн улмаас эд хөрөнгийн хохирол хүлээсэн этгээд мөн бөгөөд түүнийгээ нөхөн төлүүлэх эрхтэй энэ талаараа хавтаст хэрэгт хохирогчоор тогтоогдон мэдүүлэг өгсөн байна. /хх-ийн 92-93-р хуудас/

4.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 172 дугаар зүйлийн 172.3 дахь хэсэгт зааснаар “гомдол мэдээллийг шалгах явцад гэмт хэрэг үйлдэж байгаа болон үйлдсэн тухай үндэслэлтэй сэжиг байгаа тохиолдолд хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч нь уг хуулийн 172 дугаар зүйлийн 172.3.2-т зааснаар “...хүний биед үзлэг хийх эрхтэй...” энэ эрхийнхээ дагуу гэмт хэрэг үйлдсэн үндэслэлтэй сэжиг тогтоогдсон тул хойшлуулшгүй ажиллагааны явцад хүний биед үзлэг хийсэн тухай мөрдөн байцаагчийн тэмдэглэл үйлдэн Д.Чулуунбаатарын биед үзлэг хийсэн ба Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 126 дугаар зүйлийн 126.2, 127 дугаар зүйлийн 127.2 дахь хэсэгт зааснаар шөнийн цагаар хөндлөнгийн гэрч оролцуулах боломжгүй байдалтай байсан учраас үзлэгийг хөндлөнгийн гэрч оролцуулалгүйгээр явуулж явц үр дүнг нь техник хэрэгсэл ашиглан бэхжүүлэн авсан болох нь хавтаст хэрэгт авагдсан хойшлуулшгүй ажиллагааны явцад хүний биед үзлэг хийсэн тухай мөрдөн байцаагчийн тэмдэглэл юм.

Д.Чулуунбаатар хэргийг үйлдсэн гэх үндэслэл бүхий сэжиг байсан тохиолдолд Д.Чулуунбаатарын биед Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 172 дугаар зүйлийн 172.3.2 дахь хэсэгт зааснаар үзлэг хийж халааснаас нь 2 ширхэг асаагуур хураан авч эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргасан ба энэ нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчөөгүй, мөрдөн байцаагч чанга дуугаар асуусан асуулт нь тулгасан, хөтөлсөн шинжгүй Эрүүгийн байцаан шийтгэх хуульд зааснаар нотлох баримт бэхжүүлж авсан болно.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 48 дугаар зүйлийн 48.2 дахь хэсэгт зааснаар хөндлөнгийн гэрч нь тухайн хэрэгт хувийн сонирхолгүй этгээд байх ба тухайн цаг хугацаанд байсан иргэдийг гэмт хэргийн гол гэрчүүд гэж үзэж хэрэгт гэрчээр байцаах шаардлага байсан, хөндлөнгийн гэрч оролцуулах боломжгүй байдал тогтоогдсон учраас мөрдөн байцаагч нь үзлэгт хөндлөнгийн гэрчийг оролцуулалгүй явуулж явц үр дүнг нь техник хэрэгсэл ашиглан бэхжүүлэн авсан байна. /хх-ийн 19-р хуудас/

5.Хавтаст хэрэгт авагдсан гэрч Х.Дашмягмар, Г.Амгаланбаатар, Б.Батмөнх нарын мэдүүлэг нь гал түймэр гарсан тухай маргаангүй гэрчлэх бөгөөд уг үйлдэлд Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газар гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагчийн гал түймэр гарсан тухай №23 дугаартай актаар “...гал түймэр нь хүний үйл ажиллагаанаас санаатай галдан шатаасан...” болох нь тогтоогдсон ба шүүгдэгч Д.Чулуунбаатар гал эхэлж асч байх үед хашааны булан тойроод ганцаараа явж байгаа нь эд мөрийн баримтаар хураагдсан СД-нд бичигдсэн бөгөөд Д.Чулуунбаатарын 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдөр сэжигтнээр байцаасан байцаалтанд өмгөөлөгч А.Хандмааг оролцуулан байцаахад “...Би 2016 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Пүлцээкээ, Солонго хоёртой Тэнгэр захын урд тааралдаад Пүлцээкээтэй хэрэлдсэн юм. Тэгээд орой нь уурандаа Пүлцээкээгийн байшингийнх нь гадаа байсан модон амбаар, байшингийн дотор байсан орон дээрх даавуунд гал тавьчихсан юм...” гэж мэдүүлжээ.

2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.2 дахь хэсэгт зааснаар ял сонсгон яллагдагчаар татаж байцаахад мөн өмгөөлөгч А.Хандмааг оролцуулан байцаасан бөгөөд уг байцаалтанд Д.Чулуунбаатар нь “...Би буруугаа хүлээж байна... Би Пүлцээкээтэй Солонгоогоос болж маргалдаад гал тавьчихсан юм...Би уг нь Солонгоотой урьд нь суух гэж байсан юм. Тэгтэл Пүлцээкээ аваад суучихсан юм...” гэх мэдүүлгүүдийг өгсөн нь мөрдөн байцаалтын явцад цугларсан бусад нотлох баримтуудаар нотлогдсон тул яллах нотлох баримтаар тооцсон болно.

Иймд анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 14 дугаартай хэргийг мөрдөн байцаалт хийлгэхээр прокурорт буцаах тухай тогтоолыг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр буцаалгахаар Эрүүгийн Байцаан Шийтгэх хуулийн 230 дугаар зүйлийн 230.2, 303 дугаар зүйлийн 303.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан улсын яллагчийн эсэргүүцэл бичив. Давж заалдах шатны шүүх хуралдаанд прокурор оролцох болно...” гэжээ.

 

Ялтны өмгөөлөгч улсын яллагчийн бичсэн эсэргүүцлийн хариу тайлбартаа:

“...Д.Чулуунбаатарт холбогдох хэрийг 2017 оны 03 дугаар 22-ны өдөр шүүхээр хэлэлцэж, хэргийг мөрдөн байцаалтанд буцаасан. Өмгөөлөгчийн хувьд хүнийг гэм буруутай гэж үзэж байгаа бол нотлох баримтыг хуулийн дагуу хангалттай бүрдүүлсэн байх ёстой гэж үзэж байна.Д.Чулуунбаатарын эрхийг нь мөн Эрүүгийн байцаан шийтгэх хууль зөрчин нотлох баримт бүрдүүлсэн байна.

1.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх гэсэгт заасан Гэмт хэргийн нөхцөл байдлын талаар хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж авсан баримт сэлт, мэдээллийг нотлох баримт гэнэ гэж заасан байдаг. Гэтэл         Д.Чулуунбаатарт холбогдох хэрэгт цугларсан нотлох баримт нь хуулийн шаардлага хангаагүй, мөн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчиж цуглуулсан баримтууд байдаг. Тухайн үед гал гарсан боловч “Хаан” банкны камерын бичлэгээс харахад наашаа цаашаа олон хүн явж байдаг боловч тэндээс                  Д.Чулуунбаатар гэдэг мэдрэл муутай юм тэнд явж байсан тэр гал тавьсан гэж ганцхан Д.Чулуунбаатарыг шалгасан нь Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2 дахь хэсэгт заасан Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно. Хүн бүр эрх зүйн этгээд байна гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэж байна.

Улсын яллагч чанга дуугаар асуулт тавьсан нь тулгасан хөтөлсөн шинжгүй хуульд зааснаар нотлох баримт бүрдүүлсэн гэж байна. Хуульд согтуу сэтгэцийн өвчтэй хүнээс тулгаж асуулт асууж хэргийг тулгаж хүлээлгэж болно гэсэн заалт байхгүй шүү дээ. Тамхи татдаг хүн болгон л кармандаа асаагууртай явна.Тэнд байсан, явж байсан хүмүүсийг шалгах ёстой шүү дээ. Гал түймэр гарсан талаар маргаагүй. Гагцхүү гал түймэрийг Д.Чулуунбаатар тавьсан эсэх тал дээр эргэлзээтэй байдаг.

2.Халдашгүй чөлөөтэй байх эрхэнд нь халдсан.  Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэгт Хуульд заасан үндэслэл, журмаас гадуур дур мэдэн хэнийг ч нэгжих, баривчлах, хорих, мөрдөн мөшгих эрх чөлөөг нь хязгаарлахыг хориглоно. Хэнд боловч эрүү шүүлт тулгаж хүнлэг бус, хэрцгий хандаж, нэр төрийг нь доромжилж болохгүй. Баривчилсан шалтгаан, үндэслэлийг баривчлагдсан хүн, түүний гэр бүлийнхэн, өмгөөлөгчид нь хуульд заасан хугацаанд мэдэгдэнэ. Иргэний хувийн ба гэр бүл, захидал харилцааны нууц, орон байрны халдашгүй байдлыг хуулиар хамгаална гэж заасан байдаг. Гэтэл тэнд Д.Чулуунбаатар гэдэг мэдрэл муутай юм явж байсан тэр л гал тавьсан гэж таамаглаж мөрдөж мөшгиж байцаасан. Мэдрэл муутай ч бай хүн чөлөөтэй  явж болно шүү дээ. Д.Чулуунбаатараас өөр олон хүн  гал гарч байхад явж байсан. Тэр хүмүүсийг шалгаагүй. Д.Чулуунбаатарыг гал тавьж байхыг харсан хүн байдаггүй. “Хаан” банкны хяналтын камераас хуулж авсан бичлэгт Чулуунбаатар явж байгаа нь харагддаггүй. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн172 дугаар зүйлийн 172.5, мөн хуулийн 172.3,172.3.3, 172.3.4, 172.3.5-д заасан ажиллагааг гагцхүү энэ хуульд заасан журмаар явуулна гэж заасан. Д.Чулуунбаатарын биед нь үзлэг хийхдээ хөндлөнгийн гэрч оролцуулаагүй нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д заасныг зөрчсөн байна. Хойшлуулшгүй ажиллагаа явуулахад хөндлөнгийн гэрч оролцуулж болохгүй гэсэн юм байхгүй ээ. Тэр тусмаа Д.Чулуунбаатар шиг сэтгэцийн хувьд эрүүл биш хүн дээр заавал гэрч оролцуулах ёстой. Хэрэгт мөрдөн байцаагч тэмдэглэл хөтөлсөн байдаг үүнийгээ бэхжүүлсэн зүйл байдаггүй.

Монгол улсын үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14-т Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх, өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх, өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах, нотлох баримтыг шалгуулах, шударга шүүхээр шүүлгэх, хэргээ шүүх ажиллагаанд биеэр оролцох, шүүхийн шийдвэрийг давж заалдах, уучлал хүсэх эрхтэй. Өөрөө өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхийг шаардах, мэдүүлэг гаргуулахаар шахалт үзүүлэх, хүч хэрэглэхийг хориглоно. Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно. Гэм буруутны ял зэмлэлийг түүний гэр бүлийн гишүүд, төрөл саданд нь халдаан хэрэглэхийг хориглоно. Мөн Эрүүгийн байцааан шийтгэх хуулийн 16 дугаар зүйлийн 16.3-т Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүх нь сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийг өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхийг шаардах, мэдүүлэг гаргуулахаар шахалт үзүүлэх хүч хэрэглэхийг хориглоно гэж заасан байдаг. Гэтэл Д.Чулуунбаатарыг согтуу байхад нь бичлэг хийгээд хэргийг тулгаж асуусан нь хууль зөрчиж байна. Саяны шүүх хурал дээр би хэрэг хийгээгүй гал тавиагүй гэж ярьж байсан. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 82 дугаар зүйлийн 82.2-д Яллагдагч өөрийн гэм бурууг хүлээсэн нь гагцхүү хэрэгт байгаа бусад нотлох баримтаар батлагдвал яллах үндэслэл болно гэж заасан байдаг. Д.Чулуунбаатар бол сэтгэцийн хувьд бол зүгээр хүн биш оюуны хөнгөн хомсдолтой. Энэ хэргийг би үйлдсэн, нэг үйлдээгүй гэж мэдүүлдэг. Хэрэгт Д.Чулуунбаатарыг гэмт хэрэг үйлдсэн гэдгийг нотлох хангалттай баримт байдаггүй. Улсын яллагч хэт яллах талыг барьж байна. Прокурор яллах болон цагаатгах талын баримт тэгш бүрдүүлэх ёстой. Хүн муу байж болно хүний амьдралд юу ч тохиолдож болно. Энэ муу арчаагүй тэр үед гал гарсан газар явж байсан энэ л гал тавьсан гэж таамаглаж, хангалттай нотлох баримт бүрдүүлээгүй байж ял оногдуулж болохгүй юмаа. Энэрэнгүй ёсны зарчмаа бас баримтлах ёстой шүү дээ. Ингээд Д.Чулуунбаатарт холбогдох хэрэгт цугларсан нотлох баримт хууль зөрчиж бүрдүүлсэн, Д.Чулуунбаатарыг гэмт хэрэг үйлдсэн гэсэн хангалттай баримт байхгүй тул анхан шатны шүүхийн тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү...” гэжээ.

 

 Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор тайлбар, дүгнэлтдээ:

Анхан шатны шүүхээр энэ хэрэг 2 удаа хэлэлцэгдэж байсан. Өмнө нь Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн үндэслэлээр прокурор эсэргүүцэл бичиж анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр дахин буцааж байсан. Энэ үед шийтгэх тогтоол гарч, өөрөөр хэлбэл Д.Чулуунбаатар гэм буруутай нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон. Давж заалдах шатны шүүхээс магадлал гарч хэргийг анхан шатны шүүх дахин хэлэлцэх үедээ нотлох баримт нь нотлох чадвараа алдсан, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан үндэслэл нь тогтоогдоогүй байна гэсэн үндэслэлээр нэмэлт мөрдөн байцаалтанд буцаасан нь анхан шатны шүүх хэргийн жинхэнэ нөхцөл байдалд тохирсон дүгнэлтийг хийгээгүй байна гэж бчисэн хяналтын прокурор Н.Дүүрэнжаргалын эсэргүүцлийг бүрэн дэмжиж оролцож байна. Ийм учраас шүүхийн тогтоолыг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэж өгнө үү гэв.

Тодорхойлох нь:

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын прокурорын газраас Д.Чулуунбаатар нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэр Төмөр замчдын 13 дугаар байрны 01 тоотод оршин суух иргэн Д.Баяртогтохын хашаа байшинг 2016 оны 05 дугаар сарын 21-ний орой 23 цагийн орчим санаатайгаар галдан шатааж, 1.300.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

 Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх Д.Чулуунбаатарт холбогдох эрүүгийн хэргийг 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдөр хянан хэлэлцээд, 14 дугаартай шүүхийн тогтоолоор хэрэгт нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Прокурорын газарт буцааж шийдвэрлэсэн нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “…шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэл бүхий байна...” гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй байна.

 

 Анхан шатны шүүх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 8 дугаар зүйлд заасан байцаан шийтгэх ажиллагаа хууль ёсны байх, мөн 14 дүгээр зүйлд заасан хууль шүүхийн өмнө тэгш байх зарчмыг зөрчсөн тул шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргасан  хүсэлтийг харгалзан хэргийг нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр Прокурорт буцаасан нь үндэслэлгүй бөгөөд Д.Чулуунбаатарт холбогдох хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.1 дэх хэсэгт …шүүхэд хэрэг хэлэлцэх ажиллагаа нь зөвхөн шүүгдэгчийн хувьд, гагцхүү түүнийг шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор явагдана… гэж заасны дагуу шийдвэрлэх боломжтой байжээ.

 

Иймд Сэлэнгэ аймгийн  Мандал сум дахь сум дундын  шүүхийн  2017 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 14 дугаартай шүүхийн тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

 

 Д.Чулуунбаатарт холбогдох хэргийг анхан шатны шүүх 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдөр хянан хэлэлцсэн бөгөөд шүүхийн тогтоолыг 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр ёсчилж, 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр прокурорт гардуулсан. Түүнчлэн прокурорын эсэргүүцлийг 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгдэгч Д.Чулуунбаатар, түүний өмгөөлөгч А.Хандмаа нарт 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр эсэргүүцлийг танилцуулах ажиллагааг хийсэн атлаа тус шүүхэд хэргийг 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 65 тоот албан бичгээр хүргүүлсэн нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт заасан “Анхан шатны шүүхийн тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүх энэ тухай талуудад нэн даруй мэдэгдэн, гомдол, эсэргүүцлийг хэргийн материалын хамт гомдлыг хүлээн авснаас хойш 3 хоногийн дотор аймаг, нийслэлийн шүүхэд хүргүүлэх…” гэсэн хуулийн заалтыг зөрчсөн байгааг цаашид анхаарах нь зүйтэй. 

Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2,  317 дугаар зүйлийн 317.1.2,  322 дугаар зүйлийн 322.1, 325  дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сэлэнгэ аймгийн  Мандал сум дахь сум дундын  шүүхийн  2017 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 14 дугаартай шүүхийн тогтоолыг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Хэргийг анхан шатны шүүхэд очтол Д.Чулуунбаатарт урьд авсан батлан даалтын таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 307 дугаар зүйлийн 307.1 дэх хэсэгт зааснаар энэхүү магадлалд гомдол гаргах, эсэргүүцэл бичихгүйг дурьдсугай.

 

                                     ДАРГАЛАГЧ                                 Б.БАТЗОРИГ

                                         ШҮҮГЧИД                                 Я.ТУУЛ

                                                                                          Д.БУЯНЖАРГАЛ