Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Лхагвадуламын Батбаатар |
Хэргийн индекс | 128/2016/0313/З |
Дугаар | 490 |
Огноо | 2017-06-19 |
Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 06 сарын 19 өдөр
Дугаар 490
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Батбаатар даргалж, тус шүүхийн хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “Ч” ХХК /РД: **********/
Хариуцагч: Байгаль орчин, аялал жуулчлалын сайд
Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд: “М” ХХК /РД: *********/
Гуравдагч этгээд: “Г” ХХК
Нэхэмжлэлийн шаардлага: “Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн А-236 дугаар тушаалын “Ч” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн А/321 дугаар тушаалын “М” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох”
Бие даасан шаардлага: “Улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах *** дугаар гэрчилгээг илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Ц, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Э, Г.Г, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э, А.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ч нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Ч” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Манай Ч ХХК нь 2007 оны 11 дүгээр сарын 07-ны өдрөөс эхлэн, 2013 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр газрын давхцлыг арилгаж, гэрчилгээний хугацааг 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хүртэл сунгуулсан болно. Монгол Улсын Байгаль орчны яам, улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах *** дугаар гэрчилгээний дагуу Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн нутагт байрлах Богдхан уулын дархан цаазат газрын тусгай хамгаалалттай газар нутгийн *****ны ам нэртэй газрын 0,3 га талбайг Аялал жуулчлалын зориулалтаар өнөөдрийг хүртэл эзэмшиж, ашиглаж байгаа бөгөөд газрыг ашиглах хугацаанд тусгай хамгаалалттай газар нутгийг ашиглах, хамгаалах горимыг зөрчиж байгаагүйгээс гадна газар ашиглах гэрээ болон Газрын тухай хууль, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд заасан үүргээ зохих ёсоор биелүүлсээр ирсэн билээ.
Гэтэл Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Д.О нь 2015 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн А-236 дугаар Газар ашиглах эрх цуцлах тухай тушаалаар Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, Газрын тухай хуулийн 40.1.5, 40.1.6, 39 дүгээр зүйлийн 39.1.1 дэх заалтыг тус тус үндэслэн манай Ч ХХК-ийн газар ашиглах гэрчилгээг хүчингүй болгосон байх ба үүнийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.Учир нь Ч ХХК нь газрыг эзэмших, ашиглах хугацаанд Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль, Газрын тухай хуульд заасан үүргээ хугацаанд нь бүрэн биелүүлж, газрыг зориулалтын дагуу ашиглаж 2007 оноос өнөөдрийн хүртэл үйл ажиллагаа явуулсаар байгаа ба Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан тусгай хамгаалалттай газарт газар ашиглах эрхийг дуусгавар болгох хуульд заасан үндэслэл, нөхцөл бүрдээгүй байсан юм.
Иймд Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Д.О-ын 2015 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн А-236 дугаар тушаалын Ч ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү...” гэжээ.
2017 оны 05 дугаар сарын 12-ны өдөр “Ч” ХХК нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ:
“...Нэхэмжлэгч “Ч” ХХК нь Байгапь орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны сайдын 2015 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн А-236 дугаар “Газар ашиглах эрх цуцлах тухай” тушаалын “Ч” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус акт болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг гаргаад байгаа бөгөөд уг илт хууль бус захиргааны акт нь “М” ХХК-д нэхэмжлэгчийн эзэмшлийн 3 га газрыг ашиглах эрхийг олгосон БОНХАЖЯ-ны сайдын 2015 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн А/321 дугаар тушаал гаргах гол үндэслэл нь болсон байна. Өөрөөр хэлбэл илт хууль бус захиргааны актыг үндэслэсэн захиргааны акт болох Байгапь орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны сайдын 2015 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн А/321 дугаар тушаалын “М” ХХК-д холбогдох хэсэг илт хууль бус байх хууль зүйн үр дагавартай.
Иймд Байгапь орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны сайдын 2015 оны 08 сарын 05-ны өдрийн А/321 дугаар тушаалын “М” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоож өгнө үү...” гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...“Ч” ХХК нь 2016 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан тусгай хамгаалалттай газарт газар ашиглах эрхийг дуусгавар болгох үндэслэл, нөхцөл бүрдээгүй байхад газар ашиглах эрхийг цуцалсан нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.7-д зааснаар “иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй" байхад гарсан буюу илт хууль бус актын шинжийг агуулсан гэжээ.
Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу Байгаль орчин, аялал жуулчлалын сайд нь газрын тухай хуульд нийцүүлэн үйл ажиллагаа явуулах бүрэн эрхтэй.
Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-д "газар ашиглах" гэж хуулиар зөвшөөрсөн хүрээнд газар өмчлөгч, эзэмшигчтэй байгуулсан гэрээнд заасны дагуу газрын аль нэг ашигтай чанарыг нь гаргаж хэрэглэхийг; 3.1.8-д “газар ашиглах эрхийн гэрчилгээ” гэж энэ хуулийн дагуу “...газар ашиглах эрхийг баталгаажуулсан баримт бичгийг” гэж тус тус заасан. Хуульд зааснаас үзэхэд газар ашиглах эрхийн гэрчилгээ нь газар ашиглах эрхийг баталгаажуулсан баримт бичиг бөгөөд газар эзэмших эрх хүчингүй болсныг газар ашиглах эрхийн гэрчилгээ хүчингүй болсон гэж ойлгогдох тул Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн А/236 тушаалаар “Ч” ХХК-ийн газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон.
Иймд нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Э, Г.Г нар шүүхэд нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага болон гуравдагч этгээдийн бие даасан шаардлагад гаргасан хариу тайлбартаа: “
“...Тус Дархан цаазат газрын Залаатын *****ны амны хязгаарлалтын бүсэд “Ч” ХХК нь Байгаль орчны сайд /И.Э/-ын 2007 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 311 тоот тушаалаар 1.0 га газар ашиглах эрх авч байсан.
Харин Байгаль орчин, аялал жуулчлалын сайд /Л.Г/-ын 2010 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн А/160 тоот тушаалаар цуцлагдахдаа 3.0 га болсон байсан. Мөн оныхоо 7 дугаар сарын 06-ны өдрийн А/212 тоот тушаалаар сэргээлгэхдээ 3.0 га хэвээр сэргээгдсэн байна.
“Ч” ХХК-ний нэмж 2.0 га-г авсан тушаалын мэдээлэл БОАЖуулчлалын яам дээр байхгүй байна. Яамны мэдээллийн санд 3.0 га талбайн мэдээлэл байхгүй. Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд /Д.О/-ын 2015 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн А/236 дээрх 3.0 га талбарын газар ашиглах эрхийг цуцалсан.
Энэхүү мэдээлэл байхгүй байсан, талбайн солбилцол 3 өөр газарт байсан, 1 талбарыг зөвшөөрөлгүй хөдөлгөсөн, “М” ХХК-иас асуулгасан талбайн солбилцол нь “М” ХХК-ийн ******ын талбайд шилжүүлсэн 1.0 га талбайд хамаарагдаж байгаа, газрын төлбөр бүрэн төлдөггүй зэрэг мэдээллийн зөрчлөөс “Ч” ХХК-ийн газар ашиглах эрх цуцлагдсан.
БОНХАЖЯ-ны сайдын 2015 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн А/321 дугаар тушаалын “М” ХХК-д газар ашиглах эрх болгосон шийдвэр нь эрх зүйн үндэслэлтэй байна.
“Ч” ХХК-ны ашиглахаар авсан 3 газрын 1 га нь “М” ХХК-д олгогдсон байна. 1 га газар нь “М” ХХК-ны нэгж талбартай зэрэгцээ, 1 га газар нь авто замын хойд талд туул голын эрэг дагуу байна.” гэжээ.
Гуравдагч этгээд “М” ХХК нь нэхэмжлэлийн шаардлага болон нэмэгдүүлсэн шаардлагад гаргасан хариу тайлбартаа:
“...Өмнө нь “Ч” ХХК-ийн ашиглаж байсан газар нь шинээр газар зохион байгуулалт хийгдсэнтэй холбогдуулан манай компанийн аялал жуулчлалын зориулалтаар ашиглаж буй 5.2 га газарт хамаарч байгаа юм.
“Ч” ХХК-ийн нэхэмжлэлээс үзэхэд тус компани 2007 оноос тус газрыг аялал жуулчлалын зориулалтаар ашиглаж ирсэн гэж байгаа боловч өнөөдрийг хүртэл хугацаанд үйл ажиллагаа огт явуулаагүй, газрын төлбөрөө ч төлж байгаагүй, газрын төлбөрөө төлж байсан талаарх нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй байна. “Ч” ХХК Газрын тухай хуульд заасан газар ашиглагчийн үүргээ биелүүлээгүй атал өөрийн хайнга, буруутай үйл ажиллагааг “мэдэгдээгүй” гэх ялимгүй шалтгаанаар зөвтгөхийг оролдож байгаагаас үзэхэд хуульд заасан газар ашиглагчийн үүргээ биелүүлж газрын төлбөрөө төлж байгаагүй цаашлаад газраа зориулалтын дагуу ашиглан үйл ажиллагаа явуулж байгаагүйгээ өөрөө тодорхой нотлон харуулж байна.
Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү...”гэжээ.
Гуравдагч этгээд “М” ХХК 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдөр гаргасан бие даасан шаардлагадаа:
“...Улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах *** дугаар гэрчилгээг илт хууль бус болохыг тогтоолгох тухай:
Хариуцагч болох Байгаль орчин, аялал жуулчлалын яам нь 2007 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 311 тоот “Газар ашиглах гэрчилгээ олгох тухай” тушаалаар нэхэмжлэгч “Ч” ХХК-д, түүний ирүүлсэн ************************************************** солбилцол бүхий кадастртай газарт 1 га газрын ашиглах эрхийг олгосон атал 2007 оны 11 сарын 07-ны өдөр *** дугаартай З га газрын гэрчилгээ олгосон, мөн хуульд заасан эрх бүхий этгээдийн тушаал, шийдвэргүйгээр 2013 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр солбилцлын цэг буюу газрын байршлыг өөрчилж 497 тоот гэрчилгээний хугацааг сунгаж бичилт хийсэн.
Энэхүү захирамжилсан үйл ажиллагаанууд нь буюу захиргааны актууд нь “Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль”, “Газрын тухай хууль” болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актыг зөрчсөнөөс гадна “Захиргааны ерөнхий хууль”-ийн 47 дугаар зүйлийн 47.1-д “Дараах тохиолдолд захиргааны акт илт хууль бус болно.” 47.1.1-д “утга агуулгын илэрхий алдаатай” 47.1.7-д “..түүнийг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй” гэж заасны дагуу илт хууль бус захиргааны актын хэд хэдэн шинжийг агуулж байна. Цаашилбал тус хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-т илт хууль бус захиргааны акт гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй байх тухай тусгайлан заасан байна...” гэжээ.
Гуравдагч этгээд “Г” ХХК нь нэхэмжлэлийн шаардлага, нэмэгдүүлсэн шаардлага, гуравдагч этгээдийн бие даасан шаардлагад гаргасан хариу тайлбартаа:
Г нь 2012 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай ********************* дугаар бүхий гэрээг байгуулах явцдаа
дугаартай “Барьцааны гэрээ”-г байгуулан “Ч” ХХК-ийн хувьцааг 100 хувь нэмж барьцаалсан.
“Ч” ХХК-ийн хувьцааг барьцаалах болсон үндэслэл нь тус компани нь Баянзүрх дүүрэг Богд Хан уулын дархан цаазат газрын тусгай хамгаалалтын нутагт *****ны ам гэх газарт байршилтай 3 га бүхий газрыг аялал жуучлалын зорилгоор эзэмшиж байсан бөгөөд энэхүү эрх нь тус компаний хувьцааны үнэ цэнийг тодорхойлох үндсэн үзүүлэлт болж байсан.
Зээлдэгчийн үйл ажиллагаа санхүүгийн хямралтай холбоотойгоор зээлээ эргүүлэн төлүүлэн боломжгүй болсон тул тухайн үеийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаснаар, тус шүүхээс хэргийг хянан шийдвэрлэж 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 101/ШШ2016/01930 дугаартай шийдвэрээр нэхэмжлэл бүхэлдээ хангагдан шийдвэрлэгдсэн.
Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноор 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр шүүхийн шийдвэрийг албадан биелүүлэх тухай 181/Ш32016/06920 дугаартай шүүгчийн захирамж гарч улмаар 602 дугаартай шүүхийн гүйцэтгэх хуудас бичигдсэн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа билээ.
“Ч” ХХК-ийн Богд Хан уулын дархан цаазат газрын тусгай хамгаалалттай нутагт *****ны ам гэх газарт байршилтай 3 га бүхий газрыг аялал жуулчлалын зорилгоор эзэмшиж байгаа ашиглалтын зөвшөөрлийг БОНХАЖСайд /хуучин нэрээр/-ын 2015 оны А-236 дугаар тушаалаар хүчингүй болгосон нь Гны зээлийн төлбөр барагдуулах ажиллагааг эрсдэлд оруулж, улмаар Зээлдэгч болон Зээлдүүлэгч талуудын эрх ашигт ноцтой хохирол учруулах хэмжээнд хүрээд байна.
“Ч” ХХК-ийн гаргасан нэхэмжлэл нь зохих баримтуудын хүрээнд нотлогдсон үндэслэлтэй байх тул Байгаль орчин, аялал жуулчлалын яамны сайдын 2015 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн А-236 дугаартай тушаалын “Ч” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож талуудын эрх ашгийг хамгаалж өгөхийг хүсье.” гэжээ.
Тусгай хамгаалалтай нутаг дэвсгэрт газар ашиглах эрхийг зөвхөн Байгаль орчин, аялал жуучлалын сайд хуулиар олгогдсон эрхийн дагуу, эрхлэх асуудлын хүрээнд шийдвэрлэж, зохих тушаалыг гарган баталгаажуулдаг бөгөөд энэхүү тушаалд үндэслэн газар ашиглах эрх үүсч, улмаар газар ашиглах гэрчилгээ олгогддог.
“Ч” ХХК нь энэ журмын дагуу газар ашиглах эрхээ баталгаажуулан 497 тоот “Улсын тусгай хамгаалалтай нутаг дэвсгэрт газар ашиглах гэрчилгээ”-г гаргуулан авсан үйлдэл нь хууль ёсны байх тул гуравдагч этгээдийн гаргасан шаардлага нь үндэслэлгүй юм.
Иймд гуравдагч этгээдийн гаргасан бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье.
Нэхэмжлэгчийн Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуучлалын яамны сайдын 2015 оны 08 дугаар сарын 05 өдрийн А/321 дугаартай тушаалын “М”ХХК-д холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэсэн нь зохих ёсны үндэслэлтэй гэж үзэж байна...”гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Ч” ХХК нь /хуучнаар/ “Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн “Газар ашиглах эрх цуцлах тухай” дугаар А-236 тоот тушаалын “Ч” ХХК-д холбогдох хэсгийг бүхэлд нь хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч дээрх нэхэмжлэлийн шаардлагаа “Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн А/321 дугаар тушаалын “М” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох”-оор нэмэгдүүлсэн болно.
Харин гуравдагч этгээд “М“ ХХК нь “Улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах *** дугаар гэрчилгээг илт хууль бус болохыг тогтоолгох”-ыг хүссэн бие даасан шаардлага гаргажээ.
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, гуравдагч этгээдийн бие даасан шаардлага бүхий нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Ингэхдээ маргаан бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэл, актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн эсэхийг шалгаж, тогтоохыг гол зорилго болгон нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянасан болно.
Нэг: “Ч” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн үндэслэлийн тухайд:
Анх “Ч” ХХК нь 2007 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн *** дугаар гэрчилгээний дагуу Богд хан уулын Дархан цаазат газрын “*****ны ам” нэртэй газарт 3 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар, 5 жилийн хугацаатай, 2 га газрыг ашиглах эрх олгосон байна .
Гэтэл Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн “Газар ашиглах эрх цуцлах тухай” А-236 дугаар тушаалаар “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил буюу түүнээс дээш хугацаанд ашиглаагүй, газрын төлбөрийг хугацаандаа төлөөгүй” үндэслэлээр “Ч” ХХК-ийн газар ашиглах эрхийг цуцласан байна .
Маргаан бүхий А-236 дугаар акт гарсаны дараа Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 2015 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн “Газар ашиглах эрх цуцлах, газар ашиглах зөвшөөрөл олгох тухай” А/321 дүгээр тушаалаар “Ч” ХХК-д ашиглуулж байсан 3 га газрыг оролцуулан нийт 3.6 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар, 5 жилийн хугацаатайгаар ашиглах эрхийг “М“ ХХК-д олгосон байна.
Улмаар “М“ ХХК нь дээрх Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын тушаалуудыг үндэслэн тус яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын даргын 2015 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн ******* дугаар гэрчилгээ олгож, нийт 5.2 га газрыг Богд хан уулын Дархан цаазат газарт аялал жуулчлалын зориулалтаар ашиглахаар гэрээ байгуулжээ.
Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 1-дэх хэсэгт “Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрх дараахь тохиолдолд дуусгавар болно”, 1-д “Газрын тухай хуулийн З9 дүгээр зүйлд заасан үндэслэлээр”, Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.4-т “газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчингүй болсон” бол газар эзэмших, ашиглах эрх дуусгавар болохоор, 40 дүгээр зүйлийн 40.1.5-д “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй”, 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” бол газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно гэж хуульчилсан байна.
“Ч” ХХК нь эрхийн гэрчилгээний дагуу газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй, маргаан бүхий газрыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй болох нь хэрэгт авагдсан дараах баримтуудаар нотлогдож байна.
1.1. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 дахь хэсэгт заасан “Эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй” гэх үндэслэлийн тухайд:
Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.3-д газар эзэмшигч нь “газрын төлбөрийг тогтоосон хугацаанд төлөх” үүрэгтэй гэж заажээ.
“Ч” ХХК нь 2008 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 2/24 дүгээр Улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах тухай гэрээгээр жилд 7920000 төгрөгийг Төрийн сангийн *******, Баянзүрх дүргийн газрын албаны Улаанбаатар банкны ************** тоот дансанд шилжүүлэхээр үүрэг хүлээжээ.
Гэтэл тус компаниас дээрх банкны тоот дансанд 2013, 2014 онуудад газрын төлбөрөө огт төлж байгаагүй болох нь тогтоогдож байх бөгөөд нэхэмжлэгчээс гэрээгээр тохирсон газрын төлбөрийг “1 улиралд бүтнээр нь “бүрэн төлөх үүргээ биелүүлээгүй, төлбөр төлөх хугацаа дуусгавар болсны дараа 2015 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр, мөн маргаан бүхий акт гарсаны дараа буюу 2015 оны 8 дугаар сарын 03-ны өдөр тус тус 2,970,000 төгрөгийг тушаасныг дээрх хуульд заасан “газрын төлбөрөө тогтоосон хугацаанд төлөх” үүргийг биелүүлээгүй, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасныг зөрчсөн гэж үзэхээр байна.
1.2. Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэх үндэслэлийн тухайд:
Улсын дээд шүүхийн 2008 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн “Газрын тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай” 15 дугаар тогтоолд “...хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр... зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэдгийг ...газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг, газар эзэмшүүлэх гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга байгууламж, зам талбай бариагүй.../ байхыг ойлгохоор тайлбарлажээ.
Анх нэхэмжлэгч “Ч” ХХК-д 2007 оны *** дугаар гэрчилгээний дагуу газар ашиглах эрх олгосноос болон 2013 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр газрын давхцлыг арилгаж гэрчилгээг сунгасан хугацаанаас эхлэн тооцож үзсэн ч “Ч” ХХК нь уг газрыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан маргаан бүхий газрын үзлэгийн тэмдэглэл , “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн “...тус байршилд “Ч” ХХК-ийн нэрээр 2011 оноос одоог хүртэл манай байгууллагад техникийн нөхцөл хүссэн өргөдөл ирээгүй байна...” , Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн газрын Ой, ус, тусгай хамгаалалттай газрын Кадастрын хэлтсээс ирүүлсэн зураг зэргээр тогтоогдож байна.
Түүнчлэн 2008 онд “Ч” ХХК-ийн “*****” аялал жуулчлалын баазын төсөлд ******* дугаар Байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээ хийлгэсэн байх бөгөөд уг үнэлгээний дүгнэлтээр Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсэн үнэлгээ хийлгэх шаардлагатай гэж үзсэн бөгөөд өнөөдрийг болтол нарийвчилсан үнэлгээг холбогдох байгууллагаар батлуулсан баримт байхгүй байна.
Иймд нэхэмжлэгч маргаан бүхий газрыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй болох нь хэрэгт цугларсан баримтуудаар тодорхой нотлогдож байх бөгөөд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан үндэслэлээр нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг цуцласан нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
1.3.Нөгөөтэйгүүр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.3-д “Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, хариу тайлбарын үндэслэлийн талаар нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөх ба гаргаж өгөх боломжгүй, түүнчлэн шүүхэд мэдэгдээгүй нотлох баримтын эх сурвалжийг заах үүрэгтэй”, 32.8-д ”Хэргийн оролцогч өөрт байгаа нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй нь шүүхийг буруутгах үндэслэл болохгүй” гэж заажээ.
Шүүх өөрөөс шалтгаалах бүхий л бололцооны дагуу маргаан бүхий актын үндэслэлд дурьдсан Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасан асуудлаар нотлох баримт цуглуулах ажиллагааг хийсэн бөгөөд энэ талаар нэхэмжлэгчээс хангалттай нотлох баримт, хүсэлт гаргаж байгаагүй болно.
Хоёр: “Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн А/321 дугаар тушаалын “М” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон тухайд:
2.1.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн /2002 оны/ 9 дүгээр зүйлийн 9.1.1-9.1.9, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-47.1.7-д захиргааны акт илт хууль бус байх тохиолдлуудыг зааж өгсөн.
Нэхэмжлэгч итгэмжлэгдсэн төлөөлөгч, түүний өмгөөлөгчөөс “...Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны сайдын 2015 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн А-236 дугаар “Газар ашиглах эрх цуцлах тухай” тушаалаар “Ч” ХХК-д эзэмшлийн 3 га газрыг ашиглах эрхийг хүчингүй болсонд тооцсоны дараа мөн сайдын 2015 оны 08 сарын 05-ны өдрийн А/321 дугаар тушаал гаргах гол үндэслэл болсон. Өөрөөр хэлбэл илт хууль бус захиргааны актыг үндэслэсэн гарсан захиргааны акт тул энэ тушаалын “М” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоож өгнө үү...” гэж маргааны бүхий актын үндэслэлийг тодорхойлжээ.
Гэтэл хэрэгт авагдсан нотлох баримтууд болон хэргийн оролцогч нарын тайлбар зэргийг шинжлэн судлан маргаан бүхий 2015 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн “Газар ашиглах эрх цуцлах, газар ашиглах зөвшөөрөл олгох тухай” дугаар А-321 тоот тушаалын хууль зүйн үндэслэлийг хянаж үзэхэд уг захиргааны акт “илт хууль бус байх” шинж, агуулга тогтоогдохгүй байх тул Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын тушаал дээрх хуулийн зохицуулалтуудыг зөрчөөгүй байна.
2.2.Мөн шүүхээс “Ч” ХХК-ийн газар ашиглах эрхийг цуцалсан Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн “Газар ашиглах эрх цуцлах тухай” дугаар А-236 тоот тушаалыг хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэсэн тул “М” ХХК-д газар ашиглах эрх олгосон сайдын 2015 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн “Газар ашиглах эрх цуцлах, газар ашиглах зөвшөөрөл олгох тухай” дугаар А-321 тоот тушаал нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй гэж үзнэ.
Иймд дээрх үндэслэлүүдээр “М” ХХК-д газар ашиглах эрх олгосон Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын дээрх А-321 тоот тушаалыг хууль зөрчсөн гэж үзэж, шүүхээс хүчингүй болгох боломжгүй байх тул уг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Гурав: Гуравдагч этгээд “М” ХХК-ийн “Улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах *** дугаар гэрчилгээг илт хууль бус болохыг тогтоолгох”-ыг хүссэн бие даасан шаардлагын тухайд:
Гуравдагч этгээд “М” ХХК-иас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Ч” ХХК-ийн Улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах *** дугаар гэрчилгээг илт хууль бус болохыг тогтоолгохоор бие даасан шаардлага гаргасан байна.
Гуравдагч этгээд “М” ХХК-ийн бие даасан шаардлагад дурьдсан үндэслэл, тайлбар зэргээс үзэхэд нэхэмжлэлд тавигдах шаардлагын нэгэн адил Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3-д заасан “Захиргааны ерөнхий хуулийн 92-94 дүгээр зүйлд заасан гомдол гаргах журмаар урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг биелүүлээгүй ба энэ журмыг хэрэглэх боломжтой” гэсэн ажиллагаа буюу журмыг хийлгэх үндэслэл тогтоогдож байна
Учир нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд захиргааны актыг илт хууль бусад тооцох тохиолдлыг заасан байхаас гадна энэ хуулийн 47.4-д “Эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн этгээд захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоолгохоор захиргааны байгууллагад хэдийд ч хандаж болно” гэжээ.
Гэтэл гуравдагч этгээд “М” ХХК-иас Улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах *** дугаар гэрчилгээний улмаас түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчигдсөн гэж үзэж түүнийг захиргааны ерөнхий хуулийн 47.1.1, 47.1.7-д заасан үндэслэлээр илт хууль бусад тооцуулах талаар захиргааны журмаар гомдол гаргаж байгаагүй байна.
Иймд гуравдагч этгээд “М” ХХК-иас Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд холбогдуулан гаргасан шаардлага бүхий нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Дөрөв: Нөгөөтэйгүүр арилжааны банк зээл олгохдоо зээлийн гэрээний судалгаа хийж эрсдлийг тооцдог тул энэ тохиолдолд гуравдагч этгээд “Г” олгосон зээлийнхээ эрсдлийг өөрөө хариуцахаар байна.
Учир нь **/*****************-* тоот Барьцааны гэрээний 2.11-д “Газар ашиглах эрхийн хугацаа болон газрын төлбөртэй холбоотой асуудлуудыг барьцаалуулагч нар өөрсдөө хариуцана шийдвэрлэх үүргийг хүлээнэ” гэжээ .
Тиймээс учирсан хохирлоо иргэний хэргийн журмаар жич нэхэмжлэх боломжтой.
Эцэст дүгнэхэд хэргийн маргаан бүхий үйл баримтууд болон хэрэгт авагдсан “Г”-ны 2009 оны 07 дугаар сарын 02-ны өдөр ************* тоот , 2012 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн *************А тоот гэрээ , **/*****************-* тоот барьцааны гэрээ , “Ч” ХХК-ийн 2012 оын 10 дугаар сарын 02-ны өдрийн хүсэлт зэргээр нэхэмжлэгч “Ч” ХХК нь Монгол Улсын Байгаль орчны яам, улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах *** дугаар гэрчилгээг зориулалтын дагуу ашиглахаас илүүтэй, түүнийг арилжааны банкинд барьцаалан “тоосгоны шаврын ордыг ашиглаж, тоосго үйлдвэрлэх” зорилгоор зээлийн барьцааны үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор ашиглаж байсан байна .
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14, 109 дүгээр зүйлийн 109.2-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6, /2002 оны/ Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.7-д заасныг тус тус баримтлан “Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн А-236 дугаар тушаалын “Ч” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн А/321 дугаар тушаалын “М” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэгч “Ч” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3-д заасныг баримтлан “Улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах *** дугаар гэрчилгээг илт хууль бус болохыг тогтоолгох“-ыг хүссэн шаардлага бүхий гуравдагч этгээд “М” ХХК-ийн бие даасан шаардлага бүхий нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, бие даасан шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/-төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, гуравдагч этгээдээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/-төгрөгийг буцаан олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.БАТБААТАР