Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Чимэдцэрэнгийн Ичинхорлоо |
Хэргийн индекс | 101/2016/00045/И |
Дугаар | 181/ШШ2016/00881 |
Огноо | 2016-10-05 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 10 сарын 05 өдөр
Дугаар 181/ШШ2016/00881
2016 оны 10 сарын 05 өдөр Дугаар181/ШШ2016/00881 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Ичинхорлоо даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: К.Я -ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Д.А д холбогдох
2010 оны 7 дугаар сарын 20-ны өдөр Худалдах худалдан авах гэрээ гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүйд тооцуулах, Д.Э ыг гэрээний нэг тал биш болохыг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч К.Я , түүний өмгөөлөгч А.А, орчуулагч П.С, хариуцагч Д.А , бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Д.Э , нарийн бичгийн даргад Б.Энхтүвшин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие К.Я нь 2010 оны 07 сарын 20-ны өдөр Д.П ээс Сүхбаатар дүүрэг 6 хороо, Бага тойруугийн 4 дүгээр байрны 22 тоот хаягт байрлах Ү-220**** бүртгэлийн дугаартай 26м/кв талбай бүхий орон сууцыг 60,205 ам.доллараар худалдан авахаар тохиролцож худалдах худалдан авах гэрээ байгуулан нотариатч Д.А аар гэрчлүүлсэн.
К.Я би иргэн Д.П , Д.Н нарт 2010 оны 07 сарын 20-ны өдөр 60,205 ам.долларыг хүлээлгэн өгсөн.
Дээрх үнээр гэрээ хийхэд татвар нь өндөр байдаг гэсэн шалтгаанаар Худалдах худалдан авах гэрээг 2 269 800 төгрөг гэж буруу бичиж, 60 205 ам доллар хүлээлцсэн тухай хэлцэл нэртэй баримтыг үйлдэж мөн Д.А нотариатч гэрчилсэн. Францад нотариатаар гэрээ гэрчлүүлэхэд гэрч гэж оролцдог тул би Д.Э ыг гэрч гэж ойлгож байсан.
Нотариатын тухай хуулийн 21.2.1 дахь заалт, Хууль зүй дотоод хэргийн сайдын 2011 оны 171 дүгээр тушаалын хавсралт Нотариатын үйлдэл хийх зааврын 2.9 дэх хэсэг, 4.1 дэх хэсэгт зааснаар нотариатч үйлчлүүлэгчийн хувийн байдлыг тогтоох үүрэгтэй бөгөөд үйлчүүлэгч монгол хэл мэддэггүй тохиолдолд түүнд орчуулагчаар дамжуулан гэрчлүүлэх үйлдлийн утга агуулга, хууль зүйн ач холбогдол, үр дагавар, хариуцлага зэргийг тайлбарлаж, Нотариатын тухай хуулийн 34, 35 дугаар зүйлд заасны дагуу тэмдэглэл үйлддэг журамтай.
Үйлчлүүлэгчийн хувийн байдал буюу монгол хэл мэддэг эсэхийг нотариатч Нотариатын үйлдэл хийх зааврын 4.1.5 дахь хэсэгт заасан гадаадын иргэний паспорт, түүнийг орлох баримтыг үндэслэн тогтоох бөгөөд энэ тухай Нотариатын тухай хуулийн 34 дүгээр зүйлд заасан тэмдэглэлд тодорхой тусгах ёстой.
Гэвч нотариатч Д.А нь талуудын хооронд байгуулсан Орон сууц худалдах, худалдан авах гэрээг гэрчлэхдээ Монгол Улсын Нотариатын тухай хуулийн 21.2.1., 32.1, 32.3, 34, 35 дугаар зүйлд заасныг баримтлан нотариатчийн тусгай тэмдэглэл хөтөлж, орчуулагчийг оролцуулан үйлчлуүлэгч К.Я т Орон сууц худалдах, худалдан авах гэрээний оролцогч талуудад, эцсийн үр дагаврыг танилцуулж, тайлбарлаж өгөөгүйгээс дээрхи орон сууцны хамтран өмчлөгч биш, Д.Э ыг орон сууц худалдах, худалдан авсан гэрээний оролцогч, хамтран өмчлөгчөөр оролцуулж, нотариатчийн үйлдлийг алдаатай хийсэн байна.
Гэрээний оролцогч тал биш, хамтран өмчлөх хуулийн үндэслэлгүй этгээдийг гэрээнд оролцуулж хамтран өмчлөгчөөр гарын үсэг зуруулсан байх бөгөөд нотариатын үйлдэл хийхдээ орчуулагч оролцуулалгүй, гэрээний талуудыг тодруулалгүй, нотариатчийн тэмдэглэл үйлдээгүй байна.
Нотариатч Д.А ын буруутай үйлдлээс болж уг орон сууцны худалдан авагч биш этгээд Д.Э улсын бүрттэлд хамтран өмчлөгчөөр бүртгэгдэж, Д.Э нь өөрт ногдох хэсгээ нэхэмжилэн шийдвэрлүүлээд байна. Энэ нь нотариатчийн буруутай үйлдлээс эхлэлтэй юм.
Иймд 2010 оны 07 сарын 20-ны өдрийн Орон сууц худалдах, худалдан авах гэрээг гэрчилсэн нотариатч Д.А ын үйлдлийг бүхэлд нь хүчингүйд тооцож өгнө үү.
Харин Д.Э ыг гэрээний нэг тал биш болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна гэв.
Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:
2010 оны 07 сарын 20-ны өдөр К.Я , Д.Э нар нь Д.П Д.Н нараас Сүхбаатар дүүрэг 6 хороо, Бага тойруугийн 4 дүгээр байрны 22 тоот хаягт байрлах Ү-220**** бүртгэлийн дугаартай 26м/кв талбай бүхий орон сууцыг 60,205 ам.доллараар худалдан авахаар тохиролцож худалдах худалдан авах гэрээ байгуулахаар орж ирсэн нь үнэн. Тэд гэрээгээ дээрх үнээр хийхэд их татвар төлдөг тул 2 269 800 төгрөгөөр худалдан авсан мэт бичээд 60,205 ам.долларыг К.Я хүлээлгэн өгч, Д.П хүлээн авсан тухай хэлцэл нэртэй баримт үйлдсэн.
Би Орон сууц худалдан авах гэрээ болон мөнгө хүлээлцсэн тухай хэлцлийг гэрчилэхдээ К.Я ийг монгол хэл мэддэг эсэхийг асууж, орчуулагч авах эсэхийг асуухад Д.Э нь миний эхнэр юмаа, орчуулагч авах шаардлагагүй, ойлгож байна гээд харилцан зөвшөөрч байсан. Мөн Д.Э ыг хамтран өмчлөгчөөр оролцуулахыг зөвшөөрч байна уу гэж асуухад Д.Янник нь инээгээд толгой дохиж байсан.
Нотариатын тухай хуулийн 34, 35 дугаар зүйлд зааснаар үйлдэх тэмдэглэл нь гэрч, орчуулагч оролцуулсан тохиолдолд үйлдэгддэг. К.Я нь орчуулагч аваагүй учраас энэхүү тэмдэглэл үйлдэгдээгүй. Нотариатын үйлдэл хийх зааврын 4.1.5-д заасны дагуу үйлчлүүлэгчийн хувийн байдлыг тогтоож гадаад паспортын хуулбарыг гэрээнд хавсаргасан.
Янник нь тухайн орон сууцанд Д.Э ыг хамтран өмчлөгчөөр оруулна гэж хэлсэн тул хамтран өмчлөгчөөр бичигдэж К.Я , Д.Э нар нь гэрээнд гарын үсгээ зурсан. Гэрээний талууд худалдах үнээ өөрсдөө тодорхойлдог. Нотариатч үйлчлүүлэгчдийн орон сууцны худалдах үнийг тогтоодоггүй. Аливаа гэрээ хэлцэл нь талуудын хүсэл зоригийн үндсэн дээр хийгддэг. Тухайн үед нотариатч энэхүү үйлдлийг буруу гэрчилсэн бол гомдол гаргах эрх нь талуудад нээлттэй байсан.
Улсын бүртгэлийн газраас 2 хүний нэр бүхий орон сууц өмчлөлийн гэрчилгээ гарч ирснийг К.Я харж гэрчилгээгээ хүлээн авахдаа ямар ч гомдол гаргаагүй нь Д.Э ыг хамтран өмчлөгчөөр бичигдсэнийг зөвшөөрсний нэг илрэл юм.
Миний тайлбарласныг ойлгосон учир гэрээг гэрчлүүлж гэрээнд гарын үсэг зурсан,тайлбарлаж өгөөгүй ойлгоогүй бол гарын үсгээ зурахгүй байсан. Тухайн үед өөрсдөө хүсэж, хүлээн зөвшөөрч гэрээг гэрчлүүлчихээд нотариатч намайг гүтгэж байгаад нь харамсаж байна.Би хуулийн дагуу үйл ажиллагаа явуулсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Гуравдагч этгээд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
К.Я нь надтай хамтран амьдарч байсан. Бид хамт амьдарч байх үедээ Сүхбаатар дүүрэг 6 хороо, Бага тойруугийн 4 дүгээр байрны 22 тоот хаягт байрлах Ү-220**** бүртгэлийн дугаартай 26м/кв талбай бүхий орон сууцыг 60,205 ам.доллараар худалдан авахаар тохиролцож гэрээ хийсэн. Тэр үед татвар төлөхөөс зайлсхийж 2 269 800 төгрөгөөр худалдан авсан мэт бичээд 60,205 ам.долларыг хүлээлцсэн тухай баримт үйлдсэн. Энэ бүхнийг би К.Я т орчуулж өгсөн байхад би ойлгоогүй гээд байгаа нь худлаа. Үл хөдлөхийн гэрчилгээг бид хамтдаа очиж авч байсан. Энэ хүн ганц энэ гэрээ хийж байгаа юм бишээ,олон гэрээ хийдэг тэр бүхнийхээ үр дагаварыг сайн ойлгож хийдэг гэв.
Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ
Нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэстэй.
Нэхэмжлэгч К.Я нь нотариатч Д.А д холбогдуулан 2010 оны 7 дугаар сарын 20-ны өдөр Худалдах худалдан авах гэрээ гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.
Хариуцагч Д.А нь хуулийн дагуу үйл ажиллагаа хийсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж маргажээ.
Франц улсын иргэн К.Я , Д.Э нар нь 2010 оны 7 дугаар сарын 20-ны өдөр Д.П , Д.Н нараас Сүхбаатар дүүрэг 6 хороо, Бага тойруугийн * дүгээр байрны ** тоот хаягт байрлах Ү-220**** бүртгэлийн дугаартай 26м/кв талбай бүхий орон сууцыг худалдах худалдан авах гэрээ байгуулж, 60205 ам доллар хүлээлцсэн тухай хэлцэл нэртэй баримт үйлдэн нотариатч Д.А аар тус тус гэрчлүүлсэн байна./хх-ийн 9-12,14-р хуудас/
Нотариатч Д.А нь Нотариатын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-д заасан үйлдлийг хийхдээ үйлчлүүлэгч К.Я т эрх, үүргийг нь тайлбарлан, тухайн үйлдлийг өөрийн хүсэл зоригийн дагуу хэрэгжүүлж байгаа эсэхийг тодруулаагүй байх бөгөөд Нотариатын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д Үйлчлүүлэгч нь монгол хэл мэдэхгүй бол нотариатын үйлдэл хийх, баримт бичиг үйлдэхдээ орчуулагчийг оролцуулнагэж,
Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2011 оны 171 дүгээр тушаалаар батлагдсан Нотариатын үйлдэл хийх заавар-ын 2.9-д Үйлчлүүлэгч нь монгол хэл мэддэггүй бол орчуулагчаар нь дамжуулан гэрчлүүлэх үйлдлийн утга агуулга, хууль зүйн ач холбогдол, үр дагавар, хариуцлага зэргийг түүнд тайлбарлаж, Нотариатын тухай хуулийн 34, 35 дугаар зүйлд заасны дагуу тэмдэглэл үйлдэнэ гэж тус тус заасны дагуу орчуулагч оролцуулаагүй, тэмдэглэл үйлдээгүй, хамтран өмчлөгчөөр оролцохоор гэрээний нэг тал болж буй Д.Э тай гэр бүлийн баталгаатай эсэхийг тодруулалгүй нотариатын үйлдэл хийсэн болох нь нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.
Хариуцагч нь нотариатын үйлдэл хийхдээ нэхэмжлэгч К.Я нь монгол хэл мэддэг тул орчуулагч авахгүй гэснээс орчуулагч оролцуулаагүй, биеийн байцаалтыг нь шалгасан гэж маргаж байгаа боловч, тэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2., 38.1, 42 дугаар зүйлийн 42.1-д зааснаар өөрийн тайлбарын үндэслэлээ баримтаар нотлоогүй гэж үзнэ.
Иймд 2010 оны 7 дугаар сарын 20-ны өдөр Худалдах худалдан авах гэрээ гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлийг хангах үндэстэй.
Нэхэмжлэгч нь Д.Э ыг гэрээний нэг тал биш болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг батлах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1.Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3., 32 дугаар зүйлийн 32.1, 34, 35 дугаар зүйлд заасныг баримтлан 2010 оны 7 дугаар сарын 20-ны өдөр Худалдах худалдан авах гэрээ гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүйд тооцсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч нь Д.Э ыг гэрээний нэг тал биш болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталсугай.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1., 106 дугаар зүйлийн 106.6 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 105300 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөгийг, Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн 2609006167 тоот данснаас 35100 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.ИЧИНХОРЛОО