Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 08 сарын 12 өдөр

Дугаар 221/МА2020/0489

 

“СГ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Мөнхжаргал даргалж, шүүгч А.Сарангэрэл, Д.Оюумаа нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Улаанмуна, нэхэмжлэгчийн төлөөлөгч Х.Б, хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Э, Э.Б, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ц, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.А, Б.У нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 337 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлын дагуу “СГ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын дарга, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн А/38 дугаар тушаалаар томилогдсон сонгон шалгаруулалтын комисст тус тус холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Оюумаагийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 337 дугаар шийдвэрээр: “Ашигт малтмалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, 10.1.2, 20 дугаар зүйлийн 20.1, 20.5-д Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д тус тус баримтлан “СГ” ХХК-ийн нэхэмжлэлтэй Ашигт малтмал, газрын тосны газрын дарга, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн А/38 дугаар тушаалаар томилогдсон сонгон шалгаруулалтын комисст тус тус холбогдох Ашигт малтмал газрын тосны газраас 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдөр зарласан СШ-34-06-ийн сонгон шалгаруулалтыг хүчингүйд тооцож, Ашигт малтмал, газрын тосны газарт ирүүлсэн байгаа материалаар техникийн саналыг үнэлэх, үнийн саналыг нээж үнэлэх, сонгон шалгаруулахыг даалгах, 2016 оны 06 дугаар сарын 04-ны өдөр зарласан сонгон шалгаруулалтын 2-т заасан СШ-38-02-ийг хүчингүй болгуулах, Сонгон шалгаруулалтын комиссын 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 11 дүгээр шийдвэр, Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн А/95 дугаар тушаал, мөн даргын 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн А/132 тушаалын СШ-38-02 холбогдох хэсгийг тус тус илт хууль бус болохыг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төрийн сангийн орлогод хэвээр үлдээж” шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Х.Б давж заалдах гомдолдоо: “Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 337 дугаар шийдвэрийг 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдөр гардан авч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу бүхэлд нь эс зөвшөөрч энэхүү гомдлыг гаргаж байна.

Нэг. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 12 дугаар хуудасны 2 болон 4 дэх догол мөрөнд “ ... дээрхээс дүгнэвэл тус комиссын гишүүн Н.М СШ-34-6 дугаар Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Хавчуу нэртэй сонгон шалгаруулалтын санал нээх ажиллагаанд оролцоогүй болох нь түүний тайлбар тодруулга, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн А/76 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн дүгнэлтээр нотлогдож байгаа бөгөөд тухайн санал нээх ажиллагаанд саналын эрхтэй 7 гишүүн байсан нь нийт гишүүдийн 77.7 хувийн ирцийг бүрдүүлж байгаа нь Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журмын 4 дүгээр зүйлийн 4.1.6-д “80 ба түүнээс дээш хувийн ирцтэйгээр сонгон шалгаруулалт хүчин төгөлдөр болно.” гэснийг зөрчсөн гэж дүгнэсэн ажлын хэсгийн дүгнэлт хуульд нийцжээ” гэж дүгнэн, СШ-34-6 дугаартай сонгон шалгаруулалт ирц хүрээгүй болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар бүрэн тогтоогдож байна” гэжээ.

Гэвч Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журмын 4 дүгээр зүйлийн 4.1.6-д “Сонгон шалгаруулалтын комиссын саналын эрхтэй гишүүдийн 80 (ная) ба түүнээс дээш хувийн ирцтэйгээр сонгон шалгаруулалт хүчин төгөлдөр болно.” гэж зохицуулсныг үгийн шууд утгаар тайлбарлавал саналын эрхтэй 9 гишүүний 80 хувь гэж тооцоход 7,2 буюу 7 саналын эрхтэй гишүүн ба түүнээс дээш байгаа тохиолдолд сонгон шалгаруулалт хүчин төгөлдөрт тооцогдохоор байна. 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр техникийн саналыг нээхэд нийт 9 гишүүний саналын эрхгүй нарийн бичгийн даргыг оролцуулсан байдлаар /бүрэлдэхүүнтэй байсан бөгөөд сонгон шалгаруулалтын гишүүн Н.М нь 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдөр өгсөн тайлбар тодруулгаар СШ-34-06 дугаар сонгон шалгаруулалтад оролцохдоо 10 цаг 10 минутаас 10 цаг 40 минутын хооронд сонгон шалгаруулалтаас ажлын шаардлагаар гарсан тухай тайлбарладаг.

Тэгвэл тус гишүүн гарч явснаар санал нээх ажиллагаанд саналын эрхтэй 7 гишүүнтэй болсон нь сонгон шалгаруулалтын журмын 4.1.6-д заасан “саналын эрхтэй гишүүдийн 80 ба түүнээс дээш” хувийн ирцэд хүрч байгаа бөгөөд хариуцагчийн “саналын эрхтэй 9 хүн нь 100 хувь гэж үзэх юм бол 7 хүн нь 77.7 хувь” гэж тайлбарлаж байгаа нь уг журмыг буруу тайлбарлаж байна гэж үзэх үндэслэлтэй “Саналын эрхтэй гишүүд 80 ба түүнээс дээш” гэдгийг саналын эрхтэй 9 гишүүн байна, үүний 80 хувиас дээш гэдэгт ямар тоо гарах вэ? гэвэл 7,2 гэх тоо гарч байх ба хүнийг бутархай тоогоор илэрхийлэх боломжгүй тул 7 хүн оролцсоноор сонгон шалгаруулалт хүчин төгөлдөр болно гэж ойлгогдож байна. Гэвч хариуцагчаас тус журамд заасан ирцийг тооцох аргачлалыг яг эсрэгээр буюу 9 хүн нь 100 хувь бол 7 хүн нь 77.7 хувь байна гэж тооцон уг журмын 80 хувьд хүрэхгүй байна хэмээн журмыг буруугаар тайлбарласан.

Хоёр. Сонгон шалгаруулалтын журам оролцогчдод тэгш байдлаар үйлчлэх зарчим зөрчигдсөн тухайд: 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн хэрэгт авагдсан СШ-40-ийн ирүүлсэн саналын нээлтийн тэмдэглэлд саналын эрхтэй 7 гишүүн, саналын эрхгүй нарийн бичгийн даргын хамт нийт 8 хүн оролцож, 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 18 тоот дүгнэлтийг гаргасан байна. Тус дүгнэлтэд дурдсанаар комиссын саналын эрхтэй 7 гишүүн байсан ч сонгон шалгаруулалтад ирүүлсэн саналын бүрдлийг сонгон шалгаруулалтад оролцогчдын төлөөллийг байлцуулан шалгаж, оролцогчдод саналын бүрдэл бүрдсэн эсэхийг танилцуулсан байна.

Тэгвэл СШ-34-6-ын сонгон шалгаруулалтын саналыг нээхэд комисс саналын эрхтэй 8 гишүүн байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан Сонгон шалгаруулалтын комиссын 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 13 дугаар дүгнэлтэд тусгагдсан байх буюу СШ-34-6 тоот сонгон шалгаруулалтад 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 10 цаг 39 минутад нээхэд нийтдээ саналын эрхтэй 8 хүн байсан. Нэг минутын дараа буюу 10 цаг 10 минутад 1 гишүүн Н.Мөнхбилэг гарч явсан байна. Тэрээр дараагийн материалыг нээх шийдвэр гарахаас өмнө буюу 10 цаг 40 минутад орж ирсэн байдаг. Нээлтийн саналын тэмдэглэлд нийтдээ 9 хүний гарын үсэг зурагдаж баталгаажсан байна.

Тодруулж хэлбэл СШ-34-6-ын хувьд техникийн саналыг нээх ажиллагаанд саналын эрхтэй 8 хүн байсан ч 1 гишүүн дундуур нь гарч яваад буцаж ирснийг “ирц бүрэн биш” гэсэн дүгнэлт гаргаж улмаар сонгон шалгаруулалтыг хүчингүйд тооцсон мөртлөө хожим явагдсан СШ-40-ийн хувьд техникийн саналыг нээх ажиллагаанд саналын эрхтэй 7 гишүүн оролцож саналын бүрдлийг шалгах ажиллагааг явуулж улмаар сонгон шалгаруулалтад оролцож ялсан аж ахуй нэгжид тусгай зөвшөөрлийг олгосон явдал нь Сонгон шалгаруулалтын журам нь тухайн сонгон шалгаруулалтад оролцож байгаа нийт аж ахуй нэгжүүдэд тэгш байдлаар үйлчлэх зарчмыг зөрчсөн байна.

Гэтэл шүүхээс “СШ-40-д саналын эрхтэй 7 гишүүн оролцсон, уг сонгон шалгаруулалт хүчинтэй байгаа, хариуцагчаас адил нөхцөлд адил хангаагүй гэж тайлбарлаж байгаа хэдий ч тухайн сонгон шалгаруулалтад нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй, оролцогч нараас тус шүүхэд нэхэмжлэл гаргаагүй байх тул шүүх уг сонгон шалгаруулалттай холбоотой хууль зүйн дүгнэлт хийх боломжгүй” хэмээн тэгш байдлаар үйлчлэх зарчим зөрчигдсөн тухайд дүгнэлт өгөхөөс татгалзаж, төрийн захиргааны байгууллагын хууль зөрчсөн ажиллагааг зөвтгөж байгаа нь хэт нэг талыг барьсан үндэслэлгүй шийдвэр гаргахад хүргэсэн байна.

Гурав. Нэхэмжлэгч нь СШ-38-2 дугаартай сонгон шалгаруулалтын улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн этгээд мөн болох нь: Тус шийдвэрийн үндэслэх хэсгийн 13 дугаар хуудасны 3 дах догол мөрөнд “нэхэмжлэгч нь СШ-38-02 дугаар сонгон шалгаруулалтыг 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдөр зарлагдсаныг мэдсэн боловч уг сонгон шалгаруулалтад оролцоогүй, өмнөх сонгон шалгаруулалттай холбоотой маргаж буй талаар эрх бүхий байгууллага, албан тушаалтанд мэдэгдээгүй байх тул түүний эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн гэж үзэхээргүй байна. ” гэжээ.

СШ-34-6 сонгон шалгаруулалтыг ирц хүрээгүй гэдэг шалтгаанаар хүчингүй болгосон буюу тус шалгаруулалт хууль ёсны дагуу явагдаагүй учраас манай компанийн эрх зөрчигдөж, энэхүү хууль бус шийдвэрийг үл хүлээн зөвшөөрч СШ-38-2 дугаар сонгон шалгаруулалтад оролцоогүй болно. СШ-34-6-г хүчингүй болгосныг эс зөвшөөрч Монгол Улсын Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд 2019 оны 05 дугаар сарын 19-ний өдөр хандсан боловч гомдлыг хангаж шийдвэрлээгүй тул 2019 оны 06 дугаар сарын 20-ны захиргааны шүүхэд нэхэмжлэл гаргасан. 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдөр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Д нь нэхэмжлэлийг хүлээн авч, Ашигт малтмал, газрын тосны газрын бичиг хэрэг бүртгүүлэн газрын болон кадастрын хэлтсийн дарга буюу удирдлагуудад танилцуулагдаж, СШ-34-6 болон СШ-38-2-той холбоотой захиргааны маргаан үүссэн гэдгийг Ашигт малтмал, газрын тосны газрын дарга буюу шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтан нь мэдсээр байж 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Ашигт малтмал, газрын тосны газрын даргын А/132 дугаар тушаал гаргаж, тусгай зөвшөөрөл олгох компанийг шалгаруулсан байдаг. Өөрөөр хэлбэл СШ-34-6-тай холбоотой маргаан шийдэгдээгүй гэдгийг захиргааны байгууллага мэдсэн хэрнээ СШ-38-2-ыг зарлаж, шийдвэр гаргаж байгаа нь манай компанийн эрх ашиг сонирхлыг зөрчсөн илт хууль бус шийдвэр болсон юм.

Дөрөв. Шүүхээс “Сонгон шалгаруулалтын комиссын 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 11 дүгээр шийдвэр, Ашигт малтмал газрын тосны газрын даргын 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн А/95 дугаар тушаал, Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн А/132 дугаар тушаалыг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасан илт хууль бус шинжийг аль ч нь агуулаагүй, зорилгодоо нийцсэн захиргааны акт байна” гэж үндэслэлгүй дүгнэсэн байна.

Учир нь СШ-34-6-ын хувьд санал нээх ажиллагаанд саналын эрхтэй 7 гишүүн байсан нь Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журмын 4.1.6-г зөрчөөгүй тул Сонгон шалгаруулалтын комиссын 2012 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 11 дүгээр шийдвэр, түүнд үндэслэн гарсан Ашигт малтмал газрын даргын 2012 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн А/95 дугаар тушаалуудыг гаргасан нь хууль бус бөгөөд Сонгон шалгаруулалтын комиссын 11 дүгээр шийдвэр нь эрх зүйн хэлбэрийн хувьд 2 өөр хэлбэрээр авагдсан буюу утга агуулгын илэрхий алдаатай, шийдвэрийг гаргасан захиргааны байгууллага аль нь болох нь тодорхойгүй байх тул Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, 47.1.2-т тус тус заасан үндэслэлээр илт хууль бус захиргааны актад, харин Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн А/132 дугаар тушаалын хувьд хариуцагч нь СШ-34-6-тай холбоотойгоор захиргааны хэрэг үүсгэсэн гэдгийг мэдсээр байж маргаан бүхий тусгай зөвшөөрөл олгох шийдвэрийг гаргасан тул Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасны дагуу “иргэн, хуулийн этгээдийн эрх, ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” илт хууль бус захиргааны актад хамаарч байна.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 337 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Ашигт малтмал, газрын тосны газраас 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдөр зарласан СШ-34-6 сонгон шалгаруулалтыг хүчинтэйд тооцож, Ашигт малтмал, газрын тосны газарт ирүүлсэн байгаа материалаар техникийн саналыг үнэлж, үнийн саналыг нээж үнэлж, сонгон шалгаруулахыг даалгаж, 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдөр зарласан сонгон шалгаруулалтын 2-т заасан СШ-38-2-ыг хүчингүй болгож, сонгон шалгаруулалтын комиссын 2012 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 11 дүгээр шийдвэр, Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн А/95 дугаар тушаал, мөн даргын 2019 оны 07 дугаар сарын 10-ны А/132 дугаар тушаалын СШ-38-2 холбогдох хэсгийг тус тус илт хууль бус болохыг тогтоож өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт дараах үндэслэлээр өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч “СГ” ХХК-иас гаргасан “Ашигт малтмал газрын тосны газрын 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдөр зарласан СШ-34-06-ийн сонгон шалгаруулалтыг хүчинтэйд тооцож, Ашигт малтмал, газрын тосны газарт ирүүлсэн байгаа материалаар техникийн саналыг үнэлэх, үнийн саналыг нээж үнэлэх, сонгон шалгаруулахыг даалгах, Сонгон шалгаруулалтын комиссын 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 11 дүгээр шийдвэр, Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн А/95 дугаар тушаалыг илт хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагуудыг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.

Тодруулбал СШ-34-06 дугаар Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Хавчуу нэртэй сонгон шалгаруулалтын техникийн саналыг нээх хурал 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр дарга, нарийн бичгийн дарга, гишүүд нийт 9 хүний бүрэлдэхүүнтэй, нэг гишүүн гадаад томилолттой шалтгаанаар чөлөөтэй тул ирц 88.8 хувьтай эхэлсэн бөгөөд хуулийн этгээдүүдээс ирүүлсэн техникийн саналын бүрдлийг шалгах ажиллагаа 10 цаг 09 минутаас 10 цаг 15 минутын хооронд явагдсан боловч тухайн ажиллагаанд сонгон шалгаруулалтын комиссын гишүүн Н.Мөнхбилэг оролцоогүй болох нь гуравдагч этгээд “ТУ” ХХК-ийн гомдлоор хянан шалгасан хариуцагчаас    гаргасан   эрх    зүйн    актууд    болон    хэрэгт    авагдсан    бичгийн

баримтуудаар тогтоогдож байх ба үүнд хэргийн оролцогчид маргаагүй байна.

Ийнхүү тус сонгон шалгаруулалтын хуулийн этгээдүүдээс ирүүлсэн техникийн саналын бүрдлийг шалгах ажиллагаанд саналын эрхтэй 7 гишүүн байсан нь нийт гишүүдийн 77.7 хувийн ирцийг бүрдүүлсэн тул Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн А/28 дугаар тушаалаар батласан Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журмын 4 дүгээр зүйлийн 4.1.6-д “Сонгон шалгаруулалтын комиссын саналын эрхтэй гишүүдийн 80 (ная) ба түүнээс дээш хувийн ирцтэйгээр сонгон шалгаруулалт хүчин төгөлдөр болно.” гэж зааснаар сонгон шалгаруулалтыг хүчингүй болгож, дахин зарласан Сонгон шалгаруулалтын комиссын 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 11 дүгээр шийдвэр, Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн А/95 дугаар тушаал хуульд нийцсэн гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй байна.

Мөн энэ тохиолдолд сонгон шалгаруулалтад оролцсон 7 гишүүн нь дээрх журмын дагуу тооцвол 7.2 гишүүн оролцсон байх шаардлагыг хангахгүй байх ба тус журамд бутархай тоо бүхий илэрхийллийг хасаж тооцох агуулгыг тусгаагүй тул нэхэмжлэгчийн төлөөлөгчийн тайлбарлаж буй “...үгийн шууд утгаар тайлбарлавал саналын эрхтэй 9 гишүүний 80 хувь гэж тооцоход 7,2 буюу 7 саналын эрхтэй гишүүн ба түүнээс дээш байгаа тохиолдолд сонгон шалгаруулалт хүчин төгөлдөрт тооцогдохоор байна...” гэх тайлбар үндэслэлгүй байх тул дээрх захиргааны актуудад холбогдох нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Үүнээс гадна захиргааны хэргийн шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3-д заасан шийдвэрийг гаргах бөгөөд “СГ” ХХК-ийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагаар тодорхойлоогүй СШ-40 сонгон шалгаруулалтын тухайд үнэлэлт, дүгнэлт өгөх шаардлагагүй болохыг дурдах нь зүйтэй.

Харин үлдсэн шаардлагын гомдлын тухайд нэхэмжлэгч “СГ” ХХК дээрх захиргааны байгууллагын шийдвэрүүдийг эс зөвшөөрч 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд 19/15 тоот “Гомдол гаргах тухай” албан бичгээр хандсанд 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдөр хариу хүргүүлсэн тул 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж, 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдөр захиргааны хэрэг үүссэн байна.

Гэтэл маргаан бүхий СШ-36-04 сонгон шалгаруулалтыг СШ-38-02 нэртэйгээр 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдөр дахин зарлаж, техникийн саналыг 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдөр нээж, сонгон шалгаруулалтын комиссын 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 17 дугаар дүгнэлт болон Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журмын 4 дүгээр зүйлийн 4.7.3-д заасан үндэслэлээр гуравдагч этгээд “ТУ ” ХХК-ийг шалгарсанд тооцсоныг 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Ашигт малтмал, газрын тосны газрын даргын А/132 дугаар “Комиссын дүгнэлт, үнэлгээний дүнг баталгаажуулах тухай” тушаалаар үнэлгээний дүнг баталгаажуулжээ.

Хариуцагчийн энэхүү үйлдэл нь Ашигт малтмалын тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.10-д “Тусгай зөвшөөрөлтэй холбогдсон маргаан шүүхээр хянан шийдвэрлэгдэж байгаа бол шүүхийн шийдвэр гарах хүртэл тухайн тусгай зөвшөөрлийг шилжүүлэхийг хориглоно” гэж зохицуулснаас үзвэл “СГ” ХХК-ийн нэхэмжлэлтэй Ашигт малтмал, газрын тосны газрын дарга, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн А/38 дугаар тушаалаар томилогдсон сонгон шалгаруулалтын комисст тус тус холбогдох уг захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэгдэж байх хугацаанд Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутаг 2366.86 га бүхий Хавчуу нэртэй талбайн сонгон шалгаруулалтын комиссын дүгнэлт, үнэлгээний дүнг баталгаажуулан шалгарсан оролцогчид ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон нь захиргааны байгууллагын алдаатай шийдвэр байтал анхан шатны шүүх хуульд нийцсэн шийдвэр хэмээн үзсэн нь буруу дүгнэлт болжээ.

Өөрөөр хэлбэл Захиргааны байгууллага өөрийн үйл ажиллагаандаа хууль ёсны итгэл хамгаалах зарчмыг баримтлах болзол нь тухайн харилцаа дуусгавар болох хүртэл үргэлжилдэг бөгөөд сонгон шалгаруулалтад оролцсон гуравдагч этгээд болох “ТУ” ХХК-ийн “сонгон шалгаруулалтад оролцсон 7 гишүүн нь дээрх журмын дагуу тооцвол 7.2 гишүүн оролцсон байх шаардлагыг хангаагүй” гэх гомдлыг хянан үзэж тухайн сонгон шалгаруулалтыг хүчингүй болгосон атлаа энэхүү сонгон шалгаруулалт нь захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагаанаас үүдэлтэй хэмээн хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасныг мэдсээр байж, шүүхээр маргаан хянан шийдвэрлэгдэж байх хугацаанд сонгон шалгаруулалт явуулан гуравдагч этгээдэд тусгай зөвшөөрөл олгосон Ашигт малтмал, газрын тосны газрын даргын А/132 дугаар тушаал нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д “иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” гэж заасны дагуу илт хууль бус акт гэж үзэхээр байна. Үүний улмаас анхнаасаа зохих журмаар сонгон шалгаруулалтад орж үнэлэгдэх байсан нэхэмжлэгчийн шүүхийн шийдвэр гарсны дараагаар сонгон шалгаруулалтад оролцох эрх, ашиг сонирхол нь зөрчигдсөн байна.

Иймд нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийн зарим хэсгийг хангасан өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 337 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Ашигт малтмалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, 10.1.2, 20 дугаар зүйлийн 20.1, 20.5, 49 дүгээр зүйлийн 49.10, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасныг тус тус баримтлан “СГ” ХХК-ийн нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, Ашигт малтмал, газрын тосны газраас 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдөр зарласан сонгон шалгаруулалтын 2-т заасан СШ-38-02-ийг хүчингүй болгож, мөн Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн А/132 тушаалын СШ-38-02-т холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоож, бусад шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай”, 2 дахь заалтыг “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 35100 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.” гэж тус тус өөрчлөн, нэхэмжлэгч “СГ” ХХК-ийн төлөөлөгч Х.Б-ын давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-д заасны дагуу нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөгийг буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

  ШҮҮГЧ                                                                        С.МӨНХЖАРГАЛ

  ШҮҮГЧ                                                                        А.САРАНГЭРЭЛ

  ШҮҮГЧ                                                                        Д.ОЮУМАА