Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 46

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

Даргалагч,

Ерөнхий шүүгч                Б.Батзориг

Шүүгчид                          Я.Туул

                                                                       Д.Буянжаргал

  Оролцогчид:

                                  Прокурор                          Д.Нямдэлэг

Ялтан нарын өмгөөлөгч  М.Гансүх, Б.Чинбаатар

                                  Ялтан                                  Ө.Дашзэвгэ, Б.Бат-Ирээдүй

                                  Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Энхцэцэг нар    оролцож,  Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Эрдэнэхишиг даргалж, шүүгч С.Нолхоосүрэн, шүүгч Б.Нацагдорж нарын бүрэлдэхүүнтэй шийдвэрлэн, шүүх хуралдаанаас гаргасан, 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 37 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн ялтан, тэдгээрийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдлоор Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Эрхий мэргэн овогт Өнөрсайханы Дашзэвгэ, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Боржигон овогт Батдэлгэрийн Бат-Ирээдүй нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, эрүүгийн 201718000008 дугаартай, 1 хавтас хэргийг 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Д.Буянжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт:

1.Монгол Улсын иргэн, Төв аймгийн Угтаал суманд 1995 оны 08 дугаар сарын 24-нд төрсөн, эрэгтэй 21 настай, дээд боловсролтой, машинч мэргэжилтэй, ам бүл 4, ээж, аав, ахын хамт Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 7 дугаар баг, Ган Зам 2 дугаар хэсэг, 2 дугаар байр 56 тоотод оршин суух хаягтай, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай Эрхий  мэргэн овогт Өнөрсайханы Дашзэвгэ /РД: НТ-95082412/,

 

 2.Монгол Улсын иргэн Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд 1996 оны 06 дугаар сарын 01-ний өдөр төрсөн, эрэгтэй, 20 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 1, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум 6 дугаар баг Салхит 1 дүгээр хэсэг 046 тоотод оршин суух хаягтай, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн гэх  Боржигон овогт Батдэлгэрийн Бат-Ирээдүй /РД:МЮ-96060139/.

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр:

1.Ө.Дашзэвгэ нь 2016 оны 12 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 3 дугаар баг, 1 дүгээр хэсэг 46 тоотод архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусдыг илтэд үл хүндэтгэн, үл ялиг зүйлээр шалтаглан, нийгмийн хэв журмыг бүдүүлгээр зөрчин танхайрч иргэн А.Энхсамбууг зодож биед нь хөнгөн гэмтэл учруулан танхайрсан,

2.Б.Бат-Ирээдүй нь  2016 оны 12 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 3 дугаар баг, 1 дүгээр хэсэг 46 тоотод архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусдыг илтэд үл хүндэтгэн, үл ялиг зүйлээр шалтаглан, нийгмийн хэв журмыг зөрчин зэвсгийн чанартай болох сандал, хайч, төмөр зэргийг хэрэглэж А.Энхсамбууг зодож танхайрсан гэмт хэрэгт холбогджээ.  

 

Анхан шатны шүүх Ө.Дашзэвгэ, Б.Бат-Ирээдүй нарт холбогдох эрүүгийн хэргийг 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр хянан хэлэлцээд 37 дугаартай  шийтгэх тогтоолоор:

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар Эрхий мэргэн овогт Өнөрсайханы Дашзэвгийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-т заасан “Догшин авирлаж танхайрах” гэмт хэрэгт, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар Боржигон овогт Батдэлгэрийн Бат-Ирээдүйг мөн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-т “Зэвсэг, зэвсгийн чанартай зүйл хэрэглэж танхайрах” гэмт хэрэгт тус тус  гэм буруутайд тооцож,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1-д заасныг журамлан  мөн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-т зааснаар Эрхий мэргэн овогт Өнөрсайханы Дашзэвгэд 01  жил 06 сарын, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар Боржигон овогт Батдэлгэрийн Бат-Ирээдүйд 03  жил 05  сарын хорих ял тус тус шийтгэж,    

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар Ө.Дашзэвгэд оногдуулсан 01 жил, 06 сарын хорих ялыг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10-т заасныг журамлан 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар Б.Бат-Ирээдүйд оногдуулсан 03 жил 05 сарын хорих ялыг тус тус жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлж,

 -Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цагаан модон сандал 1 ширхэг, урт хавтгай хуурай 1 ширхэг, урт бөөрөнхий хуурай 1 ширхэгийг тус тус  шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж,

-Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эрх хязгаарласан арга хэмжээ авагдаагүй болохыг  тус тус дурьдсугай.

-Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 292 дугаар зүйлийн 292.2-т заасны дагуу хохирогч А.Энхсамбуугийн энэ гэмт хэргийн улмаас цаашид эмчлүүлэхтэй холбогдож гарсан зардлаа нэхэмжлэх эрхийг нээлттэй  үлдээж,   

-Шүүгдэгч Ө.Дашзэвгэ, Б.Бат-Ирээдүй  нарт урьд авсан бусдын батлан даалтанд өгсөн таслан сэргийлэх арга  хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьж, шийдвэрлэжээ.

 

 

Ялтан Б.Бат-Ирээдүй давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

…Би өдрөөс хойш Энхсамбуугийн үйлдлийг тэвчиж, өөрт нь дандаа хэлж байсан. Надад танхайрсан үйлдэл байхгүй, энэ хүнийг шөнөжингөө дэглэж зодоогүй. Бид хоёрын хувийн таарамжгүй харьцаанаас ийм зүйл болсон.        Б.Бат-Ирээдүй миний бие 2017 оны 03 дугаар сарын 23-нд Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар яллагдаж, 2017 оны 04 дүгээр сарын 10-нд шүүх хурлаар орж 03 жил 05 сар ял оноосон. Хоригдож байх хугацаандаа өөрийн гэм бурууг маш их ойлгож байна. Ар гэрийн байдал минь хүнд /Өөрийн төрсөн ээж минь 1 жилийн өмнө бурхан болж, аав минь энэ хэргийн мөрдөн байцаалтын шатанд байхад бурхан болсон./ Би гэртээ ганцаараа амьдардаг. Миний найз охин 2 сартай жирэмсэн. Та бүхэн энэ гачигдлыг минь харгалзан үзэж Монгол улсын хуулийн дагуу энэрэнгүй хандаж, зохих ял шийтгэлийг минь хөнгөлж өгнө үү...” гэжээ.

 

Ялтан Ө.Дашзэвгэ давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

…Надад танхайрсан зүйл байхгүй. Миний бие нь 2017 оны 04 дүгээр сарын 10-нд шүүх хурлаар орж 01 жил 06 сарын ял оноосон юм. Өөрийн хийсэн хэрэгтээ одоог хүртэл гэмшиж гэм буруугаа маш ихээр ойлгож байна. Энэ хугацаанд ээжийн минь бие улам хүндэрч байгаа тул та бүхэн энэхүү гачигдлыг минь харгалзан үзэж Монгол улсын хуулийн дагуу энэрэнгүй хандаж зохих ял оногдуулж зүйл ангийг минь өөрчилж өгнө үү...” гэжээ.

 

Ялтны өмгөөлөгч Б.Чинбаатар давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...Батдэлгэр овогтой Бат-Ирээдүйгийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалан Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 37 дугаартай шийтгэх тогтоолыг өмгөөлөгчийн зүгээс эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдлыг гаргаж байна.

…Анхан шатны шүүхээс шүүгдэгч нарыг Нийгмийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг болох Танхайрах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутэйд тооцон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.3-т заасан ял шийтгэлийг оногдууллаа.

Өөрөөр хэлбэл шүүхээс хэт яллах талыг барьсан шүүгдэгч нарын эрх зүйн  байдлыг дордуулсан, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн буюу шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэсэнгүй гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна.

Хэрэг учрал болохоос өмнө хохирогч А.Энхсамбуу нь “SS” бааранд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байхдаа н.Мөнхзаяа руу хандаж “...гичий, нохой, янхан...” гэх мэт зохисгүй үг хэллэгээр харааж бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчсөн үйлдэл гаргажээ.

Түүнчлэн хохирогч А.Энхсамбуу нь “SS” бааранд байхдаа Ө.Дашзэвгийн түрийвчийг авсан бөгөөд үүнээс болж хоорондоо маргалдан улмаар Ө.Дашзэвгэ, А.Энхсамбуугийн нүүр хэсэг рүү цохиж, өшиглөснийг гэрч нар мэдүүлсэн нь хэрэгт авагдсан байдаг. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд хохирогч А.Энхсамбуугийн согтуурсан үедээ “SS” баар, цэнгээний газар элдэв бусын зан авир гарган хоорондоо хэрүүл маргаан үүсгэсэн нь уг гэмт хэрэг гарахад нөлөөлсөн гэж үзсэн атлаа танхайн сэдэлтэйгээр гэмт хэргийг үйлдсэн гэж дүгнэсэн нь зөрүүтэй дүгнэлт болсон бөгөөд ойлгомжгүй байна.

Хэрүүл маргаан дууссаны дараа буюу Б.Бат-Ирээдүйгийн гэрт очсоны дараа шүүгдэгч Ө.Дашзэвгийг “...гэрийн түлхүүр авч нуусан...” гэсэн үл ялих зүйлээр шалтаглан догшин авирлаж танхайрсан, шүүгдэгч Б.Бат-Ирээдүйг “...унтаж байхад, өшиглөж сэрээлээ, өдрөөс хойш гэр орныг минь доромжиллоо...” гэсэн шалтгаанаар хохирогчийг гал тогооны өрөөнд дагуулан орж, нуруу орчимд нь сандлаар цохиж, зэвсэг, зэвсгийн чанартай зүйл хэрэглэж танхайрсан гэм буруутай гэсэн дүгнэлт хийсэн нь хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор тогтоох хуулийн шаардлагыг биелүүлээгүй, шүүхийн хэлэлцүүлгийг явуулахдаа нэг талыг барьсан гэж үзэх үндэслэлтэй байна.

Хэрэг учрал нь олон нийтийн газар, гудамж талбай, нийгмийн амгалан тайван байдлыг алдагдуулсан үйлчилгээний газар биш шүүгдэгч Б.Бат-Ирээдүйгийн гэрт болсон байдаг бөгөөд анхан шатны шүүх гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр, шалтгаан, нөхцөл зэргийг анхаарч үзсэнгүй. Өөрөөр хэлбэл хохирогч А.Энхсамбуугийн зүгээс бааранд болон Б.Бат- Ирээдүйгийн гэрт гаргасан зохисгүй үйлдлүүдийн улмаас хохирогч шүүгдэгч нарын хооронд таарамжгүй харилцаа үүссэн байдаг бөгөөд энэхүү хувийн таарамжгүй харьцааны улмаас хохирогчийн биед хөнгөн гэмтэл учруулсан.

Хохирогч А.Энхсамбуугийн зүгээс бааранд шүүгдэгч Ө.Дашзэвгийн найз охин н.Мөнхзаяа руу “...гичий, нохой, янхан...” гэх мэт зохисгүй үг хэлж агсарсан, гэрийн түлхүүр авч нуусан, Б.Бат-Ирээдүйгийн гэрт орж ирээд хувцастайгаа оронд дээр хэвтсэн зэрэг зүй бус, нийгэмд тогтож хэвшсэн ёс журмыг зөрчсөн үйлдлийн улмаас тэдгээрийн хооронд хувийн таарамжгүй харьцаа үүсэх нөхцөл шалтгаан болсон байна.

Ийнхүү хувийн таарамжгүй харьцаа, хохирогчийн зүй бус ажиллагаа зэргээс үүдэн өөр хоорондоо маргалдсан, зодолдсон, доромжилсон, бие махбодид нь гэмтэл учруулсан нь хүний амь бие, эрүүл мэнд, эрх, эрх чөлөө, алдар хүнд, нэр төрийн эсрэг гэмт хэргээр зүйлчилж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх зүйтэй гэж үзэж байна.

Иймд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд зааснаар гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэрийг зөв тодорхойлж, шүүгдэгч нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. Шүүх хуралдаанд биечлэн оролцох болно...” гэв.

 

Ялтан нарын өмгөөлөгч М.Гансүх давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...Хуульч, өмгөөлөгч М.Гансүх миний бие Ө.Дашзэвгэ, Б.Бат-Ирээдүй нарын хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалан эрүүгийн 201718000008 дугаартай хэргийн байцаан шийтгэх ажиллагаанд оролцож ирсэн бөгөөд Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс хэргийг хянан хэлэлцээд гаргасан 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 37 тоот шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараахь гомдлыг гаргаж байна.

Болсон үйл баримтын талаар:

…маргаан үргэлжлэн, улмаар Ө.Дашзэвгэ, Б.Бат-Ирээдүй нар нь А.Энхсамбуугийн эрх чөлөөнд халдсан  үйлдэл мөрдөн байцаалтын шатанд тогтоогдсон байдаг.

Хууль зүйн үндэслэлийн хувьд:

Танхайрах гэмт хэргийн бүрэлдэхүүний объектив тал нь: Бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэсэн буюу хэрэглэхээр заналхийлсэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчсөн үйлдэл байдаг.

…Харин өс хонзон, эр, эмийн хардлага зэрэг бусад хувийн сэдэлтээр үйлдэгдсэн хэргийг танхайн гэмт хэрэг гэж үзэхгүй.

Танхайрах гэмт хэргийг бусад гэмт хэргээс ялган зүйлчлэхэд гэмт этгээдийн гэм буруугийн сэдэлт, зорилго, гэмт хэрэг үйлдсэн орон цаг, нөхцөл байдлыг зөв тогтоох, гэмт хэргийн улмаас бий болсон хор уршгийг бодитой үнэлэх явдал чухал ач холбогдолтой. Үүнд:

Хувийн тохиромжгүй харьцаа, эр эмийн хардлага, хохирогчийн зүй бус ажиллагаанаас үүдэн өөр хоорондоо хэрэлдэж зодолдсон. Тохуурхан доромжилсон эрүүл мэндэд нь хүч хэрэглэн гэмтэл учруулсан нь нийгмийн хэв журам, бусдыг илтэд үл хундэтгэсэн шинжгүй байвал танхайн хэргээр бус иргэдийн амь бие эрүүл мэнд, эрх чөлөөнд халдсан гэмт хэргийн аль тохирох зүйл, хэсгээр зүйлчилнэ.

Хохирогчийн хууль бус ажиллагаа, харьцаанаас үүдэлтэй үндэслэл, шалтгааны улмаас нийгмийн хэв журам ноцтой зөрчигдсөн тохиолдолд танхайн гэмт хэргийн шинж үгүйсгэгдэх бөгөөд харин тухайн этгээдийн үйлдэл нь өөр гэмт хэргийн шинжийг агуулж байвал Эрүүгийн хуулийн тохирох зүйлээр зүйлчилнэ.

 

Шүүхийн шийтгэх тогтоол түүгээр хийсэн дүгнэлтээс үзвэл:

Хохирогч А.Энхсамбуу нь Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд ирээд шүүгдэгч Ө.Дашзэвгэ, Б.Бат-Ирээдүй нартай хамт архи ууж согтуурсан үедээ Сүхбаатар сумын 2 дугаар багийн нутагт байрлах “SS” баар, цэнгээний газар элдэв бусын зан авир гарган хоорондоо маргаан үүсгэсэн нь уг гэмт хэрэг гарахад нөлөөлсөн байна гэж дүгнэсэн нь уг гэмт хэрэг бусад хувийн сэдэлтээр үйлдэгдсэн гэдгийг тогтоосон байна.

Харин уг маргаан цаашид Б.Бат-Ирээдүйн гэрт үргэлжлэн Ө.Дашзэвгэ, Б.Бат-Ирээдүй нар нь А.Энхсамбуугийн эрх чөлөөнд халдснаар төгссөн байхад “SS” бааранд болон Б.Бат-Ирээдүй нарын гэрт болсон үйл явдал гэж хоёр тусд нь ялган дүгнэлт хийсэн нь буруу гэж үзэж байна. Учир нь:

Хохирогч, гэрч, яллагдагч нарын мэдүүлгээс үзэхэд халаасанд байсан түрийвч, гэрийн түлхүүр авсан, баар саванд биеэ зөв авч яваагүй хамт явсан эмэгтэйг нь хэл амаар доромжилсон, зүгээр ажлаа хийж байгаа хүний эрх чөлөөнд халдаж, гэр орныг нь оромжоор нь дуудаж, шүлс нус цэрээ хаяж, охин хүүхэн авч ирэх, унтаж хэвтэх санал тавьж, хэрүүл маргаан үүсгэн, унтуулж амраасангүй гэх олон шалтгаанаар А.Энхсамбуу, Ө.Дашзэвгэ, Б.Бат-Ирээдүй нар нь хоорондоо маргалдаж, улмаар А.Энхсамбуугийн бие махбодид хөнгөн гэмтэл учруулснаас үзэхэд Ө.Дашзэвгэ, Б.Бат-Ирээдүй нарын үйлдэлд танхайрах гэмт хэргийн субъектив талын шинж тогтоогдохгүй баина.

Мөн танхайрах гэмт хэргийн обьект нь нийгмийн хэв журам байх ба хүний нэр төр, эрх чөлөө, эрүүл мэнд, нийтийн болон хувийн өмчийн эрх зэрэг нь энэ гэмт хэргийн давхар обьект байна.

Гэтэл хэргийн нөхцөл байдлаас үзэхэд үндсэн обьект нь байхгүй, зөвхөн давхар обьектод чиглэсэн үйлдэл хийгдсэн байдгаар танхайрах гэмт хэргийн шинж үгүйсгэгдэж байгаа юм.

Энэ тохиолдолд Ө.Дашзэвгэ, Б.Бат-Ирээдүй нарын үйлдэл нь хувийн сэдэлтэйгээр, тодорхой хүн буюу зүй бус үйлдэл гаргасан А.Энхсамбуу руу чиглэсэн, түүний эрүүл мэндэд халдсан шинжтэй санаатай үйлдэл бөгөөд хэрэв тухайн хүнд ямар нэгэн гэмтэл учруулсан бол үр дагаврыг харгалзан хүний амь бие, эрх чөлөөний эсрэг гэмт хэргийн зохих зүйл, хэсгээр зүйлчилж хариуцлага хүлээлгэх учиртай байсан.

Өөрөөр хэлбэл, Ө.Дашзэвгэ, Б.Бат-Ирээдүй нарын үйлдлийн халдлагын зүйл нь А.Энхсамбуугийн бие, эрүүл мэнд байсан бөгөөд чухамхүү түүнд хор уршиг учруулахаар хүсэж үйлдэж буй санаатай үйлдэл байсан юм.

Шүүхээс Б.Бат-Ирээдүй нарын үйлдлийг хүний эрх чөлөөний эсрэг гэмт хэрэг гэж үзэхгүй үндэслэлээ хохирогч А.Энхсамбуугийн эрх, эрх чөлөөнд халдаж, халдашгүй чөлөөтэй байх, амрах эрхийг нь хязгаарлаж, суниалгах зэргээр эрхийг нь хязгаарласан байна гэж үзсэн байна.

Гэтэл А.Энхсамбуу нь бусдын халааснаас эд зүйлийг нь авсан, бусадтай маргаан үүсгэн, эрх чөлөөнд нь халдсан, бусдын гэрт архидан согтуурч, хэл үгээр доромжилсон, амрах эрхийг нь хязгаарласан үйлдэлд шүүх огт дүгнэлт хийлгүй орхигдуулсан.

Түүнчлэн А.Энхсамбууг суниалгах, олон цагаар зодсон зэрэг үйлдэл нь мөрдөн байцаалтын явцад тогтоогдоогүй ба хохирогчоос шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгт онцгой ач холбогдол өгч түүнийг үндэслэлээ болгосон нь буруу гэж үзэж байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 2 ширхэг хуурай нь Б.Бат-Ирээдүйн хувьд гэмт хэрэг үйлдэхэд урьдчилан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл байгаагүй, Б.Бат-Ирээдүй нь гэмт хэрэг үйлдэхэд ашиглаагүй, мөн хохирогч А.Энхсамбуу нь намайг хайчаар зүссэн гэж мэдүүлдэг боловч уг хайчийг олж эд мөрийн баримтаар хураагаагүй, шинжээчийн дүгнэлтэнд зүсэгдсэн бус, харин зулгарсан шарх үүссэнийг дурьдсан байхад эдгээр нөхцөл байдлыг шүүх мөн л анхаарч үзсэнгүй.

Шүүхээс анхаарах хамгийн гол асуудал бол үйл явдал өрнөж, үргэлжилж, төгссөн гэх газар нь Б.Бат-Ирээдүйн гэр, түүний хувийн орон зайд болсон ба энэ тохиолдолд нийгмийн хэв журмыг зөрчсөн, нийгмийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэж дүгнэж байгаа нь үндэслэлгүй юм.

Мөн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт Ө.Дашзэвгэ, Б.Бат-Ирээдүй нарын үйлдлийн улмаас А.Энхсамбуугийн биед чухам аль аль гэмтэл нь учирсан болохыг ялгаж зааглаагүй байна.

Тодруулбал Ө.Дашзэвгэ нь А.Энхсамбуугийн эрх чөлөөнд халдаж зүүн чихний омогны дээд хэсгийн шарх, хамрын таславчийн хугарал, баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зүүн чих, баруун зүүн хацар шанаа, баруун чихний ар хэсэгт цус хуралт бүхий гэмтлүүд үүсгэн, Б.Бат-Ирээдүй нь А.Энхсамбуугийн эрх чөлөөнд халдаж зүүн чихний омогны дээд хэсгийн шарх, хамрын таславчийн хугарал, баруун зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт, зүүн чих , баруун зүүн хацар шанаа, баруун чихний ар хэсэгт цус хуралт бүхий гэмтлүүд үүсгэсэн гэснээс үзвэл хохирогчийн биед дээрх 2 яллагдагч нар нь ижил гэмтлийг 2-уулаа зэрэг учруулсан гэж дүгнэхээр байна.

Эцэст нь шүүгдэгч нарын хувийн байдлын талаар дурьдвал Б.Бат-Ирээдүй нь 20 настай, анх удаа тохиолдлын чанартай гэмт хэрэгт холбогдсон, түүний эх нь 1 жилийн өмнө, эцэг нь уг хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж байх үед нас барж, араас нь харж хандах хүнгүй ганцаараа үлдсэн, Ө.Дашзэвгэ нь 21 настай, түүний эх нь хүнд өвчний улмаас байнгын эмнэлгийн хяналтанд байдаг зэрэг нөхцөл байдлуудыг анхаарч үзэн, эдгээр залуусыг цаашид амьдралаа зөв зохион байгуулж, дахин алдаа гаргахгүй байхад нь боломж олгоно уу.

Иймд Ө.Дашзэвгэ, Б.Бат-Ирээдүй нар нь бүлэглэн А.Энхсамбуугийн зүй бус үйлдлийн улмаас маргаан үүсгэн, улмаар А.Энхсамбуугийн эрх чөлөөнд халдаж бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан үйлдэлд нь тохирсон буюу Ө.Дашзэвгэд сонгосон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, Б.Бат-Ирээдүйд урьд сонсгосон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт заасан зүйлчлэлийг хөнгөрүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлд зааснаар өөрчилж өгнө үү...” гэв.

 

Ялтан Ө.Дашзэвгэ давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Давж заалдах шатны шүүхэд бичгээр гаргасан гомдлоо дэмжиж байна гэв.

Ялтан Б.Бат-Ирээдүй давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Хэлэх зүйл байхгүй, гомдлоо дэмжиж байна гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор тайлбар, дүгнэлтдээ:

Анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн шийтгэх тогтоол нь үндэслэлтэй байна гэж дүгнэж байгаа учраас шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэж хүсч байна.

Учир нь шүүгдэгч нарын хийсэн үйлдэлд тохирсон ял шийтгэсэн гэж үзэж байна. Танхайрах гэмт хэргийг Улсын дээд шүүхээс тайлбарласан байгаа. Өмгөөлөгч нарын зүгээс хувийн таарамжгүй харьцаа байсан, хохирогчийн зүй бус харилцаанаас үүдэлтэй гэмт хэрэг гарсан гэж хэлж байна. Хувийн таарамжгүй харьцаанаас болж гэмт хэрэг гарсан гэж хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогддоггүй. Түлхүүр авлаа гэх үл ялиг шалтгаанаар зодож байгаа асуудал.

 Мөн танхайрах гэмт хэргээ ичгүүр сонжуургүй байдлаар үргэлжлүүлсэн, Б.Бат-Ирээдүйгийн хувьд хохирогчийг шөнөжингөө сунайлгасан, цэрэгт яваагүй хүнийг сургана гэх мэтээр зодсон асуудал нь хохирогчийн мэдүүлэг болон бусад гэрчүүдийн мэдүүлгээр хангалттай тогтоогддог. Хохирогч нь өглөө 8 цагийн орчимд зугтааж гарсан байдаг. Өглөө нь н.Энхсамбуу хаачсан талаар асуухад Б.Бат-Ирээдүй нь шөнөжингөө дэглэсэн болохоор өглөө нь зугтсан талаар гэрчүүд мэдүүлдэг. Энд хувийн сэдэлтээр хандсан байдал байхгүй. Ичгүүр сонжуургүй байдлаа шөнөжингөө үргэлжлүүлсэн байдал нь Дээд шүүхийн тайлбартай тохирч байна.

Мөн хувийн орон зайндаа хохирогчтой маргасан талаар яриад байна. Гэртээ яаж ч авирлаж болох талаар хэлж байна. Учир нь Улсын Дээд шүүхийн тайлбарт “...нийгмийн хэв журам болон бусдын амгалан тайван байдал, хүний халдашгүй чөлөөтэй байх эрх...” гээд заачихсан байдаг. Б.Бат-Ирээдүйгийн үйлдэл нь хохирогчийн эрхэнд халдаад, зодоод, сунайлгаад, нүцгэн түлээнд гаргасан, сандлаар зодож байгаа үйлдэл гаргасан.

Зэвсгийг бэлдээгүй гэж ярьж байна. Бэлтгэсэн, бэлтгээгүй гэх асуудал яриагүй. Гэмт хэрэгт хэрэглэсэн тухай яригдана. Хохирогчийн өдрөөс хойш зүй бус үйлдэл гаргасан гэх асуудал яригддаг боловч хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт, гэрчүүдийн мэдүүлэгт дурдагддаггүй. Б.Бат-Ирээдүй хохирогчийн хооронд цэрэгт яваагүй чамайг дэглэнэ, сургана гэсэн байдлаар яригддаг. Гар хөлийг нь зүссэн, хэн яаж зодсон талаар шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Ийм учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй байх тул хэвээр үлдээж өгнө үү гэв.

Тодорхойлох нь:

 

Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Ө.Дашзэвгэ нь 2016 оны 12 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 3 дугаар баг, 1 дүгээр хэсэг 46 тоотод архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусдыг илтэд үл хүндэтгэн, үл ялиг зүйлээр шалтаглан, нийгмийн хэв журмыг бүдүүлгээр зөрчин танхайрч иргэн А.Энхсамбууг зодож биед нь хөнгөн гэмтэл учруулан танхайрсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар,

Б.Бат-Ирээдүй нь  2016 оны 12 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 3 дугаар баг, 1 дүгээр хэсэг 46 тоотод архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусдыг илтэд үл хүндэтгэн, үл ялиг зүйлээр шалтаглан, нийгмийн хэв журмыг зөрчин зэвсгийн чанартай болох сандал, хайч, төмөр зэргийг хэрэглэж А.Энхсамбууг зодож  танхайрсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр  зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцэж, Өнөрсайханы Дашзэвгийг “Догшин авирлаж танхайрах” гэмт хэрэгт, Батдэлгэрийн Бат-Ирээдүйг “Зэвсэг, зэвсгийн чанартай зүйл хэрэглэж танхайрах” гэмт хэрэгт тус тус  гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1-д заасныг журамлан  мөн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-т зааснаар Эрхий мэргэн овогт Өнөрсайханы Дашзэвгэд 01  жил 06 сарын, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар Боржигон овогт Батдэлгэрийн Бат-Ирээдүйд 03  жил 05  сарын хорих ял тус тус шийтгэж, шүүгдэгч нарт оногдулсан хорих ялыг тус тус жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн  нь  Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “…шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэл бүхий байна...” гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй байна.

 

Ялтан нар, тэдгээрийн өмгөөлөгчдийн гаргасан давж заалдах гомдлын дагуу Б.Бат-Ирээдүй, Ө.Дашзэвгэ нарт холбогдох эрүүгийн хэргийг бүрэн хэмжээнд шинжлэн судлахад мөрдөн байцаалтын ажиилагааг бүрэн биш хийсэн дараах зөрчил илэрлээ.

 

Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 21 тоот яллах дүгнэлтэнд уг гэмт хэрэг зөвхөн Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 3 дугаар баг, 1 дүгээр хэсэг 46 тоотод гарсан байдлаар тусгаж, анхан шатны шүүх  энэ  хүрээнд хэргийг хэлэлцэж, хянан шийдвэрлэжээ.

 

Гэтэл Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд байх “SS” бааранд А.Энхсамбуу, Ө.Дашзэвгэ нарын хооронд анх маргаан үүсэж, улмаар Ө.Дашзэвгэ нь  уг баарны гадаа А.Энхсамбуугийн эрх чөлөөнд халдаж, түүний нүүр лүү 2-3 удаа цохиж, газар унахад нь хэд хэдэн удаа өшиглөсөн, А.Энхсамбуу нь Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 3 дугаар баг, 1 дүгээр хэсэг 46 тоотод нүүр нь хавдсан байдалтай орж ирсэн зэрэг нь хавтаст хэрэгт авагдсан хохирогч А.Энхсамбуу, гэрч П.Аззаяа, Т.Мөнхзаяа, Б.Энхзаяа, Н.Алтанхуяг нарын мэдүүлгүүдээр батлагдаж байгаа бөгөөд энэ талаар прокурорын яллах дүгнэлт болон давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцож байгаа прокурорын тайлбар зөрүүтэй байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг гарсан  байдлыг мөрдөн байцаалтын шатанд  нарийвчлан тогтоогоогүй гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Түүнчлэн хохирогчийн бие махбодид үүсэн гэмтлүүд хэдийд  үүссэн болон Ө.Дашзэвгэ, Б.Бат-Ирээдүй нарын гэмт хэрэг үйлдсэн сэдэлтийг сайтар тогтоосны эцэст хэргийг шийдвэрлэх шаардлагатай гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

 

Мөн анхан шатны шүүх Ө.Дашзэвгэт ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсгийг буруу хэрэглэсэн зөрчил  гаргасныг цаашид анхаарах шаардлагатай байна.

Иймд Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 37 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, мөрдөн байцаалт хийлгэхээр прокурорт буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2, 317 дугаар зүйлийн 317.1.1, 322 дугаар зүйлийн 322.1, 325  дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 37 дугаартай  шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, мөрдөн байцаалт хийлгэхээр прокурорт буцаасугай.

2.Хэргийг прокурорт очтол  Ө.Дашзэвгэ, Б.Бат-Ирээдүй нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

3.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 307 дугаар зүйлийн 307.1 дэх хэсэгт зааснаар энэ магадлалд гомдол гаргах,эсэргүүцэл бичихгүй болохыг дурьдсугай

 

 

                                      ДАРГАЛАГЧ                Б.БАТЗОРИГ

                                         ШҮҮГЧИД                                Я.ТУУЛ

                                                                                     Д.БУЯНЖАРГАЛ