Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 08 сарын 19 өдөр

Дугаар 221/МА2020/0497

 

Д.Г нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Сарангэрэл даргалж, Н.Долгорсүрэн шүүгч, Д.Оюумаа нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Улаанмуна, нэхэмжлэгчийн өмгөөлөгөч Н.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б нарыг оролцуулан Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 13 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын дагуу Д.Г нэхэмжлэлтэй, Өмнөговь аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Оюумаагийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 13 дугаар шийдвэрээр: “Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6, 26 дугаар зүйлийн 26.1, Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1, 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.6 дахь заалтуудыг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.Г Өмнөговь аймгийн Засаг даргын 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн А/1184 дүгээр захирамжийн Д.Г холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар Д.Г улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг Өмнөговь аймгийн Татварын хэлтсийн орлогод хэвээр үлдээж” шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Н давж заалдах гомдолдоо: “...Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н миний бие Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 13 дугаар шийдвэрийг 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдөр гардаж аваад эс зөвшөөрч дараах давж заалдах гомдлыг гаргаж байна.

1. Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “ Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно”, 26.2-т “Энэ хуулийн 26,1-д заасан оролцогчоос тайлбар санал авах ажиллагааг сонсох ажиллагаа гэнэ” гэж заасан. Дээрх хуульд заасны дагуу хариуцагч нь захиргааны акт гаргахаас өмнө Д.Г Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан үндэслэл бүрдсэн тухайгаа мэдэгдсэн, сонсох ажиллагаа хуулийн дагуу хийгдсэн гэж үзэхээр байна гэж дүгнэсэн нь учир дутагдалтай дүгнэлт болжээ.

Учир нь Өмнөговь аймгийн Засаг даргаас 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Газрын тухай хуулийн 40.1.6 дахь заалтын дагуу хүчингүй болгох нөхцөл бүрдсэн тул санал тайлбараа ирүүлнэ үү. Хэрэв заасан хугацаанд санал, тайлбараа ирүүлээгүй тохиолдолд Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлд заагдсан сонсох ажиллагааг явуулсанд тооцож газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно гэсэн утга бүхий 1/2397 тоот албан бичгийг нэхэмжлэгч Д.Г хүргүүлсэн.

Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-д сонсох ажиллагааны талаарх мэдэгдэлд сонсох ажиллагааг явуулах журам, ажиллагаа явуулах он, сар, өдөр, цаг, байрлал, дарааллын талаарх мэдээлэл, захиргааны шийдвэр гаргах эрх олгогдсон хууль, захиргааны хэм хэмжээний актын зүйл, заалт, захиргааны шийдвэр гаргах тухайн асуудлын талаарх мэдээлэл, үндэслэлийг тусгахаар хуульчилсан. Гэтэл аймгийн Засаг даргын дээрх мэдэгдэлд сонсох ажиллагааг явуулах журам, ажиллагаа явуулах он, сар, өдөр, цаг, байрлал, дарааллын талаарх мэдээлэл, захиргааны шийдвэр гаргах тухайн асуудлын талаарх мэдээлэл, үндэслэлийг огт тусгаагүй байдаг. Уг албан бичигт тайлбар, саналаа ирүүлсэн тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохгүй байх утга агуулагдаж байна.

Энэ нь нэхэмжлэгчийг төөрөгдүүлсэн захиргааны шийдвэр гаргах тухайн асуудлын талаарх мэдээлэл, үндэслэл тусгаагүй байдал юм. Энэ нь нэхэмжлэгч Д.Г Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан үндэслэл бүрдсэн тухайгаа мэдэгдсэн, сонсох ажиллагаа хуулийн дагуу хийгдсэн гэж үзэх үндэслэлгүй байна .

2. Маргаан бүхий захиргааны акт болох Өмнөговь аймгийн Засаг даргын 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн А/1184 дүгээр захирамжид Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.4 дэх хэсэгт заасныг баримталсан байх бөгөөд мөн хуулийн 27.4.1-27.4.7 дахь хэсгүүдэд сонсох ажиллагааг явуулах хэлбэрийг тусгасан байдаг. Дээрх зүйл заалтад тусгагдсан ямар хэлбэрээр сонсох ажиллагааг явуулсан нь уг захирамжаас харагдахгүй байна. Иймд нотлох баримтыг буруу үнэлсэн, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 13 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд хянаад анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг зөв үнэлсэн, шийдэл үндэслэлтэй байх тул шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс анхан шатны шүүх хариуцагч Өмнөговь аймгийн Засаг даргын 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн А/1184 дүгээр захирамжийг гаргахдаа мэдэгдэх, сонсгох ажиллагааг хуульд заасан хүрээнд хийгээгүй байтал буруу дүгнэлт хийсэн гэх үндэслэлээр давж заалдах гомдол гаргажээ.

Гэвч хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Өмнөговь аймгийн Засаг даргаас иргэн Д.Г хүргүүлсэн 1-2397 тоот “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгээр Д.Г нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан үндэслэлээр газар эзэмших эрхийг цуцлах нөхцөл бүрдсэн тул 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн дотор санал тайлбараа ирүүлэхийг мэдэгджээ.

Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1-д “хорь буюу түүнээс доош тооны этгээдийг сонсохоор бол мэдэгдлийг этгээд тус бүрд шууд хүргүүлэх” гэж зааснаар хариуцагч Өмнөговь аймгийн Засаг дарга дээрх мэдэгдлийг хүргүүлэхдээ захиргааны шийдвэр гаргах асуудлын талаарх мэдээлэл, үндэслэл болон санал, тайлбар хүргүүлэх эцсийн хугацаа зэргийг хангалттай тодорхой тусгасан нь хуульд нийцсэн байх ба тус мэдэгдэлд нэхэмжлэгчээс 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хариу, саналыг хариуцагчид хүргүүлсэн байгаа нь сонсох ажиллагаа явуулсан гэж үзэх үндэслэл бүрэн бүрдсэн байна.

Нөгөөтэйгүүр сонсох ажиллагаа нь захиргааны байгууллага шийдвэр гаргахаас өмнө хууль ёсны эрх ашиг хөндөгдөх этгээдэд урьдчилан мэдэгдэж, санал, тайлбараа бичгээр эсхүл амаар гаргах бололцоог олгож, иргэн хуулийн этгээд шийдвэр гаргах ажиллагааны оролцогч байх боломжийг бүрдүүлэн бодит нөхцөлд тохирсон захиргааны шийдвэр гарах ач холбогдолтой бөгөөд ийнхүү сонсох ажиллагааг хийж, эрх ашиг хөндөгдөх этгээдээс санал, тайлбар авснаар иргэн, хуулийн этгээдийн хууль бус үйлдлийг зөвтгөх үндэслэл тогтоогдохгүй бол захиргааны байгууллагаас сөрөг үр дагавар бүхий шийдвэр гаргах эрхтэй байдаг.

Ийнхүү нэгэнт хариуцагчаас Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагааг алдаагүй гүйцэтгэсэн байх тул 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн А/1184 дүгээр захирамжаар нэхэмжлэгч Д.Г Өмнөговь аймгийн Даланзадгад сумын нутаг дэвсгэрт байрлах 3400 м.кв газрын газар эзэмших эрхийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 13 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

ШҮҮГЧ                                                                          А.САРАНГЭРЭЛ

ШҮҮГЧ                                                                          Н.ДОЛГОРСҮРЭН

ШҮҮГЧ                                                                          Д.ОЮУМАА