Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Даваанямын Оюумаа |
Хэргийн индекс | 128/2019/0164/З |
Дугаар | 221/МА2020/0498 |
Огноо | 2020-08-19 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 08 сарын 19 өдөр
Дугаар 221/МА2020/0498
О.Б нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Мөнхжаргал даргалж, шүүгч Э.Лхагвасүрэн, Д.Оюумаа нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Улаанмуна, нэхэмжлэгч О.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.М , Х.Б, хариуцагч Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г, гуравдагч этгээд Ө.Б, Д.Г нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 334 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын дагуу О.Б 1нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг дарга, Хан-Уул дүүргийн Засаг дарга, Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын албанд тус тус холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Оюумаагийн илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 334 дүгээр шийдвэрээр: “Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3.2, 27 дугаар зүйлийн 27.1, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.3-д заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгч О.Б Нийслэлийн Засаг дарга, Хан-Уул дүүргийн Засаг дарга, Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын албанд тус тус холбогдуулан гаргасан Хан-Уул дүүргийн Газрын албаны 2016 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр иргэн О.Б нэрээр бүртгэгдсэн кадастрын мэдээллийг өөрчилсөн үйлдлийг илт хууль бус болохыг тогтоож, 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр Газрын албанд гаргасан хүсэлтийг шийдвэрлээгүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, хүсэлтийн дагуу эзэмшүүлэх захирамж гаргахыг хариуцагчид даалгуулж, Хан-Уул дүүргийн Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн А/423 дугаар Газар эзэмшүүлэх эрх баталгаажуулах тухай захирамжийн иргэн Ө.Б, 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн А/340 дүгээр захирамжийн иргэн Ө.Б, Д.Г нарт холбогдох хэсэг, 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн А/24 дүгээр захирамжийн Б.Н холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах, Нийслэлийн Засаг даргын 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн Иргэдэд газар өмчлүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай захирамжийн иргэн Ө.Б холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж” шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.М давж заалдах гомдолдоо: “Иргэн О.Б Хан-Уул дүүргийн Засаг дарга, тус дүүргийн Газрын албанд холбогдуулан гаргасан нэхэмжлэлтэй захиргааны хэргийг шийдвэрлэсэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 0334 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хууль буруу тайлбарласан, нотлох баримтыг буруу үнэлсэн гэх үндэслэлээр энэхүү гомдлыг гаргаж байна.
Нэхэмжлэгчийн хувьд шаардлагын үндэслэлээ “ ... ахыгаа нас барах үед гадаад улсад байсан 2008 онд ирэхэд нь өв залгамжлалын гэрчилгээ авах боломжгүй байсан харин ахынхаа өмчилж байсан газрыг өөрийн нэр дээр шилжүүлэх хүсэлтийг 2008 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр хорооны даргын цохолттойгоор дүүргийн газрын албанд гаргасан бөгөөд уг хүсэлтийн хамт дунд ах болох О.Б хүсэлтийг мөн хавсарган өгсөн бөгөөд уг хүсэлтийн дагуу нэхэмжлэгчид хариуцагчаас газар эзэмшүүлэхээр шийдвэрлээгүй”,
Тодруулбал зүй ёсоор хууль ёсны өв залгамжлагч дунд ах болон иргэн би амьд сэрүүн байсаар байхад ахын минь өмч, өөрийн төрж өссөн, эцэг эхийн минь амьдарч гал голомтоо бадрааж байсан газрыг уг хашаа, байшингаа харуулахаар өөрийн найз Г.Н танил Ө.Б гэгч хүн, түүний гэр бүлийн хүн болон олон нялх хүүхдийг нь өрөвдөж хаягтаа бүртгүүлж, амьдруулсан нь хашаа байшин газраа зүгээр өгөх гэсэн үг биш бөгөөд газраа хамгаалах, хүнд туслах гэсэн санаатай байсан итгэлийг нь далимдуулж ёс суртахуунгүй үйлдэл гаргаж хууль бус аргаар нэхэмжлэгчийн эзэмших ёстой байсан газрыг өөрийн нэр дээр авсан байгаа хүний газар эзэмших эрхийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан”-ыг шүүхийн зүгээс нас барсан ахынх нь нэр дээр уг газрыг өмчлүүлсэн захирамж байхгүй гэдэг үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож байгаа нь “шударга ёс”-ны зарчимд нийцээгүй гэж үзэж байна.
Учир нь нэхэмжлэгчийн хувьд тухайн үед өөрийн боломжоор тухайн газраа ашиглах, эзэмших боломжоо хадгалах олон үйлдлүүдийг хийсэн бөгөөд энэ нь ч нотлох баримтаар тогтоогдсон байдаг. Жишээлбэл, хаягийн бүртгэл, гэрчээр оролцсон этгээдүүдийн өгсөн мэдүүлэг, маргаан бүхий газар нэхэмжлэгчийн эцэг эх, ахын байнга байсан газар, шүүхийн шийдвэрийг үндэслээд дуудлага худалдаагаар оруулж байсан баримт, эзэмших эрхийн гэрчилгээний дугаар, өмчлөх эрхтэйгээр бүртгэсэн газрын кадастрын мэдээллийн сангийн зураг, бодитоор барьсан хашаа, байшин зэрэг олон үйл баримтуудаар нэхэмжлэгчийн үндэслэл тогтоогдож байхад шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлээгүй нь буруу болсон гэж үзэж байна.
Анхан шатны шүүхээс Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д заасанчлан захиргааны үйл ажиллагаанд хуульд үндэслэх тусгай зарчмыг баримтлах ёстой гэж дурдсан бөгөөд яг энэхүү заалтын агуулгаас үзэхэд хариуцагч Хан-Уул дүүргийн газар зохион байгуулалтын албаны явуулсан үйл ажиллагаа болох нэхэмжлэгчийн ах О.Б өмчлөгчөөр бүртгэгдсэн мэдээллийг өөрт олгогдсон хуулийн эрхгүйгээр албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөрийн танилын гуйлтын дагуу хууль бус зүйл хийснээ хүлээн зөвшөөрсөн албан тушаалтан байхад уг үйл баримтыг үнэлээгүй, тухайн газрыг дахин эзэмшүүлэх, өмчлүүлэх талаар газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгаагүй баримт, гэрч Д.Ш өгсөн мэдүүлгээр нотлогдож буй үйл баримтыг анхаарч нэхэмжлэгчийн гаргасан үндэслэл нотлогдож байгааг анхаарч үзээгүй.
Хэдийгээр захирамж, гэрчилгээ гарч ирээгүй боловч хариуцагч байгууллагуудаас ирүүлсэн албан бичиг, тайлбаруудад үндэслэж, гуравдагч этгээд нарын ёс зүй, ёс суртахуунгүй үйлдлийг өөгшүүлэх боломжийг олгож, хуульд нийцсэн гэж дүгнэж байгаа нь энэ мэт дараа дараагийн олон үйлдлийг хариуцагчийн зүгээс хуульд нийцүүлсэн аргыг ашиглаж, хууль бус зорилгоо гүйцээх нөхцөлийг бүрдүүлсэн гэж үзэж байна.
Уг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудын хувьд нэхэмжлэгчийн үндэслэл болгосон зүйлсийг үгүйсгэсэн баримт зөвхөн хариуцагч байгууллагын зүгээс гаргаж өгсөн бөгөөд уг баримтуудыг шууд тус байгууллагад ашигтайгаар үнэлсэн нь буруу гол үйл баримтыг нотолсон нотолгоо олдсон байдлыг анхаараагүй.
Гуравдагч этгээд Ө.Б журмын дагуу гаргасан газар эзэмших хүсэлтийг үндэслэж гаргасан маргаан бүхий захирамжийг хүчингүй болгох боломжгүй гэж дүгнэж байгаа нь хуульд нийцүүлсэн юм шиг хийсэн хариуцагч, гуравдагч этгээдийн үйлдлүүдийг хууль зөрчөөгүй гэж дүгнэж байгаа нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шударга ёсыг тогтоосон байх гэсэн үндсэн агуулгадаа нийцээгүй болсон гэж үзэж байгаа тул Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 334 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.
ХЯНАВАЛ:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгчээс өөрийн ах О.Б нь нас эцэслэсэн тул түүний өмчилж байсан Хан-Уул дүүргийн 7 дугаар хороо, Жаргалантын 25 дугаар гудамжны 509 тоот /мөн 577 тоотоор давхар бүртгэгдсэн/-д байрлах нэгж талбарын 18635306359054 дугаараар бүртгэгдэж байсан 852 м.кв талбай бүхий газрыг өөрийн нэр дээр шилжүүлэн авахаар маргасан байна.
Хэдийгээр гэрчийн мэдүүлэг болон бусад хэрэгт авагдсан баримтуудаар талийгч О.Б нь маргаан бүхий газарт амьдардаг байсан болох нь тогтоогдож байх боловч Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, 31 дүгээр зүйлийн 31.3-д “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” хэмээн зааснаас үзвэл хэний ч эзэмшил үүсээгүй газарт түрүүлж хүсэлт гаргасан этгээдэд газар эзэмших эрх үүсэх хуулийн зохицуулалттай байх тул гуравдагч этгээдүүд нь хуульд заасан журмын дагуу нэхэмжлэгчээс өмнө газар эзэмших хүсэлтээ гарган Хан-Уул дүүргийн 7 дугаар хороо, Жаргалантын 25 дугаар гудамжны 577 тоот газрыг эзэмших эрх олж авсан учир нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийжээ.
Учир нь Хан-Уул дүүргийн Засаг даргын 2019 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 11/124 албан бичиг, Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 16/839, 2019 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 16/1562 болон 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 16/524 дугаар албан бичиг, Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 02-04/4746 болон 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 03-08/5776 дугаар албан бичгүүдээс үзвэл маргаан бүхий газрыг нэхэмжлэгч О.Б болон түүний ах О.Б нарт эзэмшиж, өмчлүүлэхээр эрх бүхий албан тушаалтнаас аливаа захирамж, шийдвэр гарч байгаагүй байна.
Мөн нэхэмжлэгч О.Б шүүхэд гаргасан тайлбартаа 2008 онд дүүргийн газрын албанд талийгч О.Б өмчилж байсан газрыг өөрийн нэр дээр шилжүүлэхээр хүсэлт гаргаж байсан хэмээн тайлбарлах боловч энэ нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цуглуулсан нотлох баримт, шүүхээс Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын албанд хийсэн бичиг баримтын үзлэг, гэрчийн мэдүүлэг зэргээр тогтоогдохгүй байх ба мөн тухайн үед захиргааны байгууллагаас иргэн О.Б гаргасан хүсэлтийг шийдвэрлээгүй орхигдуулсанд зохих албан тушаалтан болон шүүхэд гомдол гаргаж байгаагүйгээс үзвэл тус тайлбар тогтоогдохгүй байна.
Харин Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас ирүүлсэн талийгч О.Б холбоотой албадан дуудлага худалдаа болон шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаарх баримтуудаар Хан-Уул дүүргийн 7 дугаар хороо, 25 дугаар гудамж, 577 тоот хашаа дуудлага худалдаагаар зарагдсан тул О.Б гэрчилгээг хүчингүй болгуулах утга бүхий баримтууд байх боловч тус дуудлага худалдаагаар маргаан бүхий газрыг худалдан авсан гэрч Д.Ш мэдүүлгээс үзвэл тус баримтуудаар талийгч О.Б нь хүчин төгөлдөр газар эзэмших, өмчлөх эрхийн гэрчилгээтэй байсан болох, уг газар нь түүний төрөл төрөгсдөд өвлөгдөн эзэмших, өмчлөгдөх боломжтой эсэх нь хангалттай нотлогдохгүй, эргэлзээтэй байх тул анхан шатны шүүх газар эзэмших, өмчлөх эрхийг олгодог захиргааны байгууллагаас ирүүлсэн лавлагаа болон гэрчийн мэдүүлэг зэрэг холбогдох бусад баримтуудад үндэслэн маргаан бүхий үйл баримтыг дүгнэсэн нь нотлох баримтыг буруу үнэлсэн гэж үзэх боломжгүй.
Үүнээс гадна талийгч О.Б нь 2005 оны 10 дугаар сарын 25-ны өдөр нас барсан байх ба хууль ёсны эрх бүхий этгээдээс хуульд заасан журмын дагуу О.Б өвийн хүлээн авах хүсэлтийг нотариатчид хандаж гаргаж байгаагүй ба нэхэмжлэгч О.Б нь талийгчийн өвийг хүлээн авсан тухай үйл баримт хэрэгт авагдаагүй болохыг дурдах нь зүйтэй.
Иймд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 334 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН
ШҮҮГЧ Д.ОЮУМАА