Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 16 өдөр

Дугаар 103/ШШ2016/00496

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

   Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ариунаа даргалж, шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

          Нэхэмжлэгч: Багануур дүүргийн 4 дүгээр хороо, Хэрлэнгийн 11 дүгээр гудамжны 4 тоотод оршин суух, Бэсээд овгт Бэгзсүрэнгийн Баасанхүүгийн нэхэмжлэлтэй

          Хариуцагч: Багануур дүүргийн 3 дугаар хороо, Нугын талын 1 дүгээр гудамжны 8 тоотод оршин суух, Боржигон овогт Ширмэнгийн Лхагва-Өлзийд холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 224.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.Баасанхүү, хариуцагч Ш.Лхагва-Өлзий, нарийн бичгийн дарга Д.Оргил нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь

 Нэхэмжлэгч Б.Баасанхүү нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2016 оны 3 дугаар сарын 02-нд аргагүйн эрхэнд 3, 4, 5, 6, 7 сарын тэтгэврийн зээлээ Ш.Лхагва-Өлзийг гуйгаад байхаар өөрийг нь дагуулж очоод авч өгсөн. Өөрөө сард 200.000 төгрөг өгч байхаар тохиролцож, гарын үсгээ зурсан. Одоо 7 дугаар сарын 200.000 төгрөгийг сарын 6 хувиар бодож 24000 төгрөгийн хүүг нэмээд, нийт 224.000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Би шүүхэд анх хандъя гэж бодоогүй, өөрөө л шүүхдээ өг гээд хэл амаар доромжлоод байхаар нь өгсөн. Бид урьд нь бие биеэндээ зөндөө мөнгө зээлээл авч, өгч байсан юм. Энэ удаа харин үлдэгдэл мөнгөө өгөхгүй байна гэжээ.

     Хариуцагч Ш.Лхагва-Өлзий шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Миний бие Баасанхүү эгчтэй уулзаж ярилцаад  2016 оны 3 дугаар сарын 2-ны өдөр 1.000.000 төгрөгийг, 5 сарын хугацаатай, 8 хувийн хүүтэй зээлэхээр болж,  зээлийн хүү гэж 400.000 төгрөгийг урьдчилан авч, гар дээр бэлэн 600000 төгрөг өгсөн. Эхний төлөлтийг 2016 оны 3 дугаар сарын 28-нд өгсөн. Ингээд сар бүрийн 2-15-ны хооронд эхний 3 сарын 600.000 төгрөг, 7 дугаар сарын 28-нд 200.000 төгрөг өгсөн. Сүүлийн 200.000 төгрөгийг 8 дугаар сараас эхэлж нэхсэн. Хүний мөнгөний гачигдалаар далимдуулж хүүг урьдчилан авч дахин төлүүлж байна. Би бэлнээр хүлээн авсан 600.000 төгрөгийг сарын 8 хувиар бодоод, хүүний үлдэгдэл 40.000 төгрөгийг төлнө. Миний хувьд өөрөөс нь зээл аваагүй хүүг минь доромжилсон учраас утсаар ярьж, хашгирч, орилсон асуудал бий. Гэхдээ би өөрийн ээж шигээ хүнтэй намайг элдвээр хэлсэн, нэр төрд минь халдсан гээд шүүхэд өргөдөл өгөхгүй гэв.

ҮНДЭСЛЭХ нь

         Нэхэмжлэгч Б.Баасанхүү, хариуцагч Ш.Лхагва-Өлзийд холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлт 224.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

         Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, нэхэмжлэгчээс бэлнээр авсан 600.000 төгрөгийг хүүгийн хамт төлнө гэж маргаж байна.

         Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

         Нэхэмжлэгч Б.Баасанхүү нь хариуцагч Ш.Лхагва-Өлзийд 1.000.000 төгрөгийг сарын 8 хувийн хүүтэй, 5 сарын хугацаатай зээлсэн бөгөөд зээлээ сар бүрийн 10-ны өдрийн дотор 200.000 төгрөгөөр төлж байхаар 2016 оны 3 дугаар сарын 02-ны өдөр гэрээ байгуулсан нь зээл төлөх баримт, зохигчдын шүүхэд өгсөн тайлбараар тогтоогдож байна.

         Шүүхийн хэлэлцүүлэгийн явцад нэхэмжлэгч, хариуцагчид 1.000.000 төгрөгийг өгөөгүй, 600.000 төгрөгийг гар дээр нь бэлнээр өгч, үлдэгдэл 400.000 төгрөгийг 5 сарын хүүндээ суутгаж авсан талаар талууд маргаагүй бөгөөд хариуцагч Ш.Лхагва-Өлзий, нэхэмжлэгчид 800.000 төгрөгийг эргэн төлсөн болох нь зохигчдын тайлбараар нотлогдож байна.

         Хэдийгээр талууд 1.000.000 төгрөг зээлсэн гэрээг бичгээр байгуулсан боловч Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт “ Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж зааснаар нэхэмжлэгч уг гэрээтэйгээ зөрчилдөж, бодит байдал дээр хариуцагчид 600.000 төгрөгийг бэлнээр өгч, 5 сарын хүү 400.000 төгрөгийг суутган авсан нь үндэслэлгүй бөгөөд

хариуцагч 600.000 төгрөгийн х 8 хувь = 48000 төгрөг /нэг сарын хүү/, 48000х5=240.000 төгрөг /5 сарын хүү/, 600.000 /үндсэн зээл/ +240.000 / 5 сарын хүү/ = 840.000 төгрөгийг нэхэмжлэгчдэд төлөх ёстой ба үүнээс хариуцагч 800.000 төгрөгийг төлсөн байх тул үлдэгдэл 40.000 төгрөгийг нэхэмжлэгчдэд төлөх нь зүйтэй байна гэж үзлээ.

         Хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад, хуулийн дагуу цуглуулсан, нотлох баримтын шаардлага хангасан, үнэн зөв  эргэлзээгүй баримтууд гэж шүүх дүгнэв.

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 7000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 40.000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 4550 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь :

  1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 дахь хэсгүүдэд зааснаар хариуцагч Боржигон овогт Ширмэнгийн Лхагва-Өлзийгөөс 40.000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Бэсээд овгт Бэгзсүрэнгийн Баасанхүүд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 184.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 7000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 4550 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
  4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Г.АРИУНАА