Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 254

 

Б.Баасанхүүгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч М.Наранцэцэг, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 496 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Б.Баасанхүүгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Ш.Лхагва-Өлзийд холбогдох

 

Зээл, хүү 224 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Баасанхүү,

Хариуцагч Ш.Лхагва-Өлзий,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

 

Нэхэмжлэгч Б.Баасанхүү нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2016 оны 3 дугаар сарын 02-нд аргагүйн эрхэнд 3, 4, 5, 6, 7 сарын тэтгэврийн зээлээ Ш.Лхагва-Өлзийг гуйгаад байхаар өөрийг нь дагуулж очоод авч өгсөн. Өөрөө сард 200 000 төгрөг өгч байхаар тохиролцож, гарын үсгээ зурсан. Одоо 7 дугаар сарын 200 000 төгрөгийг сарын 6 хувиар бодож 24 000 төгрөгийн хүүг нэмээд, нийт 224 000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Би шүүхэд анх хандъя гэж бодоогүй, өөрөө л шүүхдээ өг гээд хэл амаар доромжлоод байхаар нь өгсөн. Бид урьд нь бие биедээ мөнгө зээлээд л авч, өгч байсан юм. Энэ удаа харин үлдэгдэл мөнгөө өгөхгүй байна гэжээ.

 

Хариуцагч Ш.Лхагва-Өлзий шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Миний бие Б.Баасанхүү эгчтэй уулзаж ярилцаад 2016 оны 3 дугаар сарын 02-ны өдөр 1 000 000 төгрөгийг, 5 сарын хугацаатай, 8 хувийн хүүтэй зээлэхээр болж, зээлийн хүү гэж 400 000 төгрөгийг урьдчилан авч, гар дээр бэлэн 600 000 төгрөг өгсөн. Эхний төлөлтийг 2016 оны 3 дугаар сарын 28-ны өдөр өгсөн. Ингээд сар бүрийн 2-15-ны хооронд эхний 3 сарын 600 000 төгрөг, 7 дугаар сарын 28-нд 200 000 төгрөг өгсөн. Сүүлийн 200 000 төгрөгийг 8 дугаар сараас эхэлж нэхсэн. Хүний мөнгөний гачигдалаар далимдуулж хүүг урьдчилан авч дахин төлүүлж байна. Би бэлнээр хүлээн авсан 600 000 төгрөгийг сарын 8 хувиар бодоод, хүүний үлдэгдэл 40 000 төгрөгийг төлнө. Миний хувьд өөрөөс нь зээл аваагүй хүүг минь доромжилсон учраас утсаар ярьж, хашгирч, орилсон асуудал бий. Гэхдээ би өөрийн ээж шигээ хүнтэй намайг элдвзэр хэлсэн, нэр төрд минь халдсан гээд шүүхэд өргөдөл өгөхгүй гэжээ.

 

            Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсгүүдэд зааснаар хариуцагч Боржигон овогт Ширмэнгийн Лхагва-Өлзийгөөс 40 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Бэсээд овгт Бэгзсүрэнгийн Баасанхүүд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 184 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 7 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 4 550 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч Б.Баасанхүү давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 496 дугаар шүүхийн шийдвэрийг үл зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

2016 оны 3 дугаар сард Ш.Лхагва-Өлзий нь удаа дараа надтай уулзаж тэтгэврээ аваад 10 хувийн хүүтэй надад мөнгө зээлдүүлээч гэж гуйсны дагуу миний бие 2016 оны 3 дугаар сарын 02-ны өдөр Ш.Лхагва-Өлзийг дагуулан банкин дэзр очиж өөрийнхөө тэтгэврийн зээлийг авч 1 000 000 төгрөгийг Ш.Лхагва-Өлзийд зээлдүүлсэн. Зээлийн гэрээг хийхдээ танилууд юм байна 10 хувийн хүү гээд яахав сарын 8 хувийн хүүтэй, 5 сарын хугацаатай байхаар тохиролцсон. Ингээд мөнгө хүлээлцэх үед 5 сарын нийт хүү буюу 400 000 төгрөгөө урьдчилж өгөөд, үндсэн зээлийн төлбөр болох 1 000 000 төгрөгөө 5 хувааж сард 200 000 төгрөгөөр төлж байхаар зээл төлөлтийн хуваариа тохиролцож бичгээр бичиж гарын үсэг зурсан. Улмаар Ш.Лхагва-Өлзий нь хуваарийнхаа дагуу 3, 4, 5, 6 сарын төлбөр болох 200 000 төгрөг, нийт 800 000 төгрөгийг өгсөн. Харин үлдэгдэл 7 сарын төлбөр 200 000 төгрөгөө өгөхгүй удаад байхаар нь миний бие нэхэж хэд хэдэн удаа уулзсан. Сүүлдээ намайг хэл амаар доромжилж чаддаг юм бол шүүхээр заргалдаад аваарай гэсэн.

Ингээд мөнгөө авч чадахгүй байсан тул шүүхэд нэхэмжлэл гаргасан. Гэтэл анхан шатны шүүх шийдвэрлэхдээ бидний хооронд зээлийн гэрээ байгуулагдсан боловч 600 000 төгрөгийг зээлдүүлсэн гэж дүгнэсэнд гомдолтой байна. Хэрвээ үнэхээр бидний хооронд 600 000 төгрөгний зээлийн гэрээ байгуулагдсан байсан бол зээл төлөлтийн хувиараа өөрөөр тохиролцох байсан. Харин 1 000 000 төгрөгний зээлийг хэн хэн маань зөвшөөрч хариуцагч зээлийн хүү төлөх үүргээ урьдчилж биелүүлсэн, мөн тохиролцсон хуваарийнхаа дагуу зээлээ төлж байсан зэргээс үзвэл зээлийн гэрээг 1 000 000 төгрөгөөр байгуулсан нь тодорхой харагдана.

Иймд Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 496 дугаар шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж Ш.Лхагва- Өлзийгөөс зээлийн гэрээний үүргийн үлдэгдэл 200 000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

 

Зээл, хүүгийн төлбөрт 224 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг нэхэмжлэгч Б.Баасанхүү нь хариуцагч Ш.Лхагва-Өлзийд холбогдуулан гаргасныг тэрээр 40 000 төгрөг төлөхийг зөвшөөрч, үлдэх хэсгийг эс зөвшөөрч маргасан байна.

 

Талуудын хооронд 2016 оны 3 дугаар сарын 02-ны өдөр 5 сарын хугацаатай, 8 хувийн хүүтэй 1 000 000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулагдаж, нэхэмжлэгч нь 600 000 төгрөгийг хариуцагчид бодитойгоор шилжүүлсэн, хариуцагч нь зээл, хүүгийн төлбөрт 800 000 төгрөгийг буцаан төлсөн үйл баримтын талаар зохигчид маргаагүй байна.

/хэргийн 10 дугаар тал/

 

Нэхэмжлэгч нь 1 000 000 төгрөг хариуцагчид зээлэхээр тохиролцсон боловч  400 000 төгрөгийг шилжүүлэлгүй 5 сарын хүүнд тооцон суутгасан болохыг хариуцагч үгүйсгээгүй хэдий ч, уг шилжүүлж аваагүй мөнгөн хөрөнгөд хүү тооцон нэхэмжлэгчид төлөх үндэслэлгүй гэх хариуцагчийн тайлбар хууль зүйн үндэслэлтэй.

 

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар зээлийн хөрөнгийг бодитой шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээ байгуулагдсанд тооцох тул талуудын хооронд 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт зааснаар 600 000 төгрөгийн зээлд гэрээгээр тохирсон 5 сарын хугацаанд сарын 8 хувийн хүү төлөх үүрэг хариуцагчид үүсчээ.

 

Өөрөөр хэлбэл, хариуцагч гэрээгээр тохиролцсон 1 000 000 төгрөгийн зээлээс бодит байдал дээр 600 000 төгрөгийг шилжүүлэн авсан байх тул аваагүй 400 000 төгрөгийн зээл, хүү төлөх үүрэг үүсэхгүй юм.

 

Иймд хариуцагчид дээрх хуульд зааснаар зээл 600 000 төгрөг, түүнд ногдох хүү 240 000 төгрөг нийт 840 000 төгрөг төлөх үүрэг үүссэнээс хариуцагчийн нэхэмжлэгчид төлсөн 800 000 төгрөгийг хасч, үлдэх 40 000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

 

Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 496 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэгч гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 6 650 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Ж.ОЮУНТУНГАЛАГ   

 

                                              ШҮҮГЧИД                               М.НАРАНЦЭЦЭГ    

                       

                                                                                             С.ЭНХТӨР