Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 08 сарын 21 өдөр

Дугаар 221/МА2020/0506

 

Д.Д нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Баатархүү даргалж, шүүгч Ц.Сайхантуяа, Д.Оюумаа нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга А.Гантогтох, нэхэмжлэгч Д.Д, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э, Ж.А, гуравдагч этгээд Ж.Ц, гуравдагч этгээдийн өмгөөлөгч П.Н нарыг оролцуулан Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 01 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын дагуу Д.Д нэхэмжлэлтэй, Говьсүмбэр аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Оюумаагийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 1 дүгээр шийдвэрээр: “Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль /2002/-ийн 9 дүгээр зүйлийн 9.1.7, Газрын тухай хууль /1994 он/-ийн 28 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Газрын тухай хууль /2002 он/-ийн 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Д.Д гаргасан Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2010 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн А/300 дугаар захирамжийн Ж.Ц холбогдох хэсэг, 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн А/180 дугаар захирамжийг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсгийг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж” шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Д.Д давж заалдах гомдолдоо: “...Говьсүмбэр аймгийн захиргааны хэргийн шүүхийн 01 тоот захирамжийг доорх үндэслэлээр хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэж, уг шийдвэрийг хүчингүй болгож иргэн миний зөрчигдсөн эрхийг сэргээж өгөхийг хүсч өргөдөл гаргах учир нь:

Миний бие нь Говьсүмбэр аймгийн засаг дарга нь 2010 оны А/300 тоот захирамжаараа иргэн миний хүчин төгөлдөр 070200088 тоот эзэмших эрхийн гэрчилгээтэй газрыг давхардуулан иргэн Ж.Ц олгосон шийдвэр гаргасан нь илт хууль бус болохыг тогтоолгохоор Говьсүмбэр аймгийн захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан. Шүүхээс 01 тоот шийдвэр гарч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Миний бие 1991 онд иргэн Н.Ц хамт 2 ширхэг амины орон сууцыг өөрийн ажиллаж байсан байгууллагаасаа худалдан авсан. Эдгээр орон сууцнууд нь бөөрөөрөө нийлж баригдсан буюу нэг байшин юм. Иргэн Н.Ц нь миний гэр бүлийн хүн боловч 2 орон сууцыг тус тусдаа гэр бүлийн хэсгээр өмчлөх өмч болгон худалдан авсан нь хуулийн дагуух өмчлөлийн харилцаа юм. Миний бие нь 1998 онд орон сууцны эргэн тойрны хашаалсан газрыг өөрийн нэр дээр эзэмшихээр хүсэлт гаргаснаар 60 жилийн хугацаатайгаар эзэмших эрх олж авсан. 2 орон сууц нь нэгдмэл нэг хашаатай, дундаа 00-той байсан бөгөөд бидний хооронд газрын маргаан гарч байгаагүй хамтран ашиглаж байсан. Би өөрийн өмчлөлийн байраа төрсөн дүүдээ бэлэглэсэн болохоос газрыг бэлэглээгүй. Уг 2 айлын орон сууцыг 1991 онд тойруулан нэгдсэн нэг хашаагаар хашсан, магадгүй газрын кадастрын алба байсан бол зөвхөн миний орон сууцыг тойруулсан газрыг надад өгөх нь тодорхой, бусдын үл хөдлөх хөрөнгийн доорх газрыг надад эзэмшүүлэх шийдвэр гаргахгүй байсан биз.

1998 онд газрын кадастр гэдэг зүйл байгаагүй, айлын газрыг хүсэлтийнх дагуу хашаалсан хэмжээгээр нь өгч байсан. 2 орон сууцны өмчлөгчид нь мэдээж өөр өөрийнхөө үл хөдлөх хөрөнгийг тойрсон газрыг эзэмшиж, өмчлөх нь тодорхой гэж ойлгож ирсэн. Иргэн Н.Ц өөрийн үл хөдлөх хөрөнгийн доорх газрыг эзэмших хүсэлтээ 2019 онд аймгийн засаг даргад гаргасан байдаг бөгөөд тэр үед намайг зөвшөөрвөл үл хөдлөх хөрөнгийнх нь доорх газрыг эзэмшүүлэх шийдвэр гаргах боломжтой гэсэн хариу өгсөн. Миний үл хөдлөх хөрөнгийн доорх газрыг бусдад эзэмшүүлэх шийдвэр гаргахдаа надаас зөвшөөрөл аваагүй атлаа бусдын 1991 оноос өмчилж ирсэн орон сууцных нь доорх болон эргэн тойрны газрыг эзэмшүүлэх шийдвэр гаргахдаа миний зөвшөөрөл авахаар албан бичигт тусгасан байсан нь хавтаст хэрэгт буй.

Захиргааны хэргийн шүүх шийдвэр гаргахдаа нэг удаа үнэ төлбөргүй эзэмших газрыг хуулиар тогтоосон хэмжээнээс хэтрүүлж эзэмшихээр шаардах нь захиргааны актыг илт хууль бус гэж тогтоох үндэслэл болохгүй, нэхэмжлэгчийн эрх зүйн байдал дээрдэх буюу сэргэхгүй гэж дүгнэжээ. Мөн шүүхээс газрын тухай хуулийн дагуу 0.05, 0.07 га гаас илүү газар олгох ёсгүй гэжээ. Бид сүүлд газраа сунгасан нь үнэн. Энэ нь захирамжтай хамааралгүй.

Хэдийгээр миний бие нь гуравдагч этгээд буюу өөрт хамааралгүй иргэн Н.Ц эрх ашгийг зөрчлөө гэж ярих эрхгүй ч миний өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийн доорх газрыг Н.Ц үл хөдлөх хөрөнгийн доорх болон эргэн тойрны газартай солбицуулан кадастаржуулан олгосноороо намайг огт газаргүй болгох эрх зүйн боломжийг бий болголоо. Монгол Улсад иргэн бүр газар эзэмших эрхтэй, тэр нь ямар нэг хэмжээгээр бусдын газартай давхцаагүй байх зарчмын шаардлага байгаа. Иргэн Н.Ц нь уг хэрэгт удаа дараа гуравдагч этгээдээр оролцох хүсэлт гаргасан ч шүүх хангаагүй.

Бусдын орон сууцны доорх газрыг надад кадастаржуулан олгосон Аймгийн засаг даргын 180 тоот захирамж, миний 60 жилийн хугацаатай эзэмшиж байсан газрыг бусдад давхардуулан олгосон А/300 тоот захирамжуудыг илт хууль бус болохыг тогтоож иргэн намайг байшин ч үгүй, газар ч үгүй болох аюулаас сэргийлж миний зөрчигдсөн эрхийг сэргээж өгнө үү.

Шүүхээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.1.3-д заасны дагуу хүн ... захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулах, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасны дагуу захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоолгох хүсэлт гаргаж байгаа болно” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг зөв үнэлсэн, шийдэл үндэслэлтэй байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн “шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангуулах тухай” гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Д.Д Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2010 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн А/300 дугаар захирамжийн Ж.Ц холбогдох хэсэг, 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн А/180 дугаар захирамжийг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд захиргааны акт илт хууль бус болох тохиолдлыг тусгайлан хуульчилсан байх ба нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараас үзвэл маргаан бүхий актуудыг тус зүйлийн 47.1.6-д заасан “иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй”, 47.1.7-д заасан “түүнийг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй” гэх үндэслэлүүдээр хүчингүй болгуулахаар тайлбарлажээ.

Гэвч дээрх тайлбарлаж буй үндэслэл нь захиргааны байгууллага хуулиар олгогдоогүй эрхийн хүрээнд хүний эрх, эд хөрөнгөнд халдсан бөгөөд бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй шийдвэр гаргасан байхыг шаардах боловч тухайн нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул анхан шатны шүүх “...нэхэмжлэгчийн эрх зүйн байдал дээрдэх буюу сэргэхгүй энэ тохиолдолд түүний эрх зөрчигдсөн гэж үзэхгүй...” хэмээн дүгнэсэн нь хууль зүйн үндэслэл бүхий болжээ.

Учир нь хэрэгт авагдсан баримтаас үзвэл нэхэмжлэгч нь Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Засаг даргын 1998 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 122 дугаар захирамжаар тус сумын БУК хэмээх хаягт байрлах 30х25 хэмжээтэй газрыг эзэмших эрхтэй болж, 1998 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын нутагт 700 м.кв газрыг 60 /жаран/ жилийн хугацаанд эзэмших 070200088 дугаар гэрчилгээг авсан байна.

Үүний дараагаар нэхэмжлэгч Д.Д нь Сүмбэр сумын 1 дүгээр багт байрлах өөрийн өмчлөлийн зэргэлдээ хоёр байшингийн улсын бүртгэлийн Ү-1902001102 дугаарт бүртгэгдсэн, ХБ17-02 тоот хаягт байрлах амины орон сууцыг 2009 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн бэлэглэлийн гэрээгээр дүү Ж.Ц бэлэглэсэн байх бөгөөд Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2010 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн А/300 дугаар захирамжийн дагуу гуравдагч этгээд Ж.Ц нь Сүмбэр сумын 1 дүгээр баг ХБ17-02 тоот газарт байрлах 502 м.кв талбай бүхий нэгж талбарын 4201000081 дугаартай газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмших эрхтэй болжээ.

Харин Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн А/180 дугаар захирамжаар Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Засаг даргын 1998 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 122 дугаар захирамжийн Д.Д холбогдох хэсгийг хүчингүй болгон Сүмбэр сумын 1 дүгээр баг ХБ17-01 тоот газарт байрлах 732 м.кв талбай бүхий нэгж талбарын 4201000255 дугаартай газрыг нэхэмжлэгч Д.Д түүний хүсэлтийн дагуу гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмших эрх олгосон байна.

Хэдийгээр нэхэмжлэгч Д.Д Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Засаг даргын 122 дугаар захирамжаар тус сумын нутагт 700 м.кв газрыг жаран жилийн хугацаатайгаар эзэмших эрх олгосон захирамж хүчин төгөлдөр байх хугацаанд гуравдагч этгээд Ж.Ц Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2010 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн А/300 дугаар захирамжаар газар эзэмших эрх олгосон байх боловч анх 1998 онд нэхэмжлэгчид газар эзэмших эрх олгохдоо тус газрын хил хязгаар, хэлбэрийг тодорхой заагаагүй учир гуравдагч этгээд Ж.Ц олгосон газартай ямар хэсгээр давхардаж байгаа эсэх нь ойлгомжгүй бөгөөд тодорхойлох боломжгүйг анхан шатны шүүх зөв дүгнэсэн байна.

Мөн 2016 онд нэхэмжлэгч өөрөө газар эзэмших эрх баталгаажуулах хүсэлтээ гаргасанд хариуцагчаас 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн А/180 дугаар захирамжаар өмнө олгосон Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Засаг даргын 122 дугаар захирамжийг хүчингүй болгож, гуравдагч этгээдийн ХБ17-02 тоот хаяг бүхий газартай зэргэлдээ байрлах ХБ17-01 тоот, 732 м.кв талбайтай газрын хил хязгаарыг тодорхой болгон эзэмших эрхийг 15 жилийн хугацаатайгаар олгосон нь гуравдагч этгээд Ж.Ц газартай давхцаагүй байх тул маргаан бүхий актуудыг илт хууль бус болохыг тогтоох буюу нэхэмжлэгчийн хууль ёсны ашиг сонирхолд халдсан гэж үзэх үндэслэл байхгүй.

Дээрхээс гадна энэ тохиолдолд маргаан бүхий газарт байрлах ХБ17-01, ХБ17-02 тоот байшин бүхий хөдлөх хөрөнгүүдийг тусад нь ангилж үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ 2005 онд олгогдсон бөгөөд тус бүр хамаарах газрыг ялган газар эзэмших эрхийг нэхэмжлэгч болон гуравдагч этгээдүүд нарт олгосон шийдвэр бодит нөхцөлд биелэгдэх боломжтой болох нь хэрэгт авагдсан газрын кадастрын зургууд болон шүүхээс хийсэн үзлэгээр тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ гуравдагч этгээдээр нэхэмжлэгчийн эхнэр Д.Ц оролцуулаагүй тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлж өгнө үү гэх гомдлын тухайд, иргэн Д.Ц нь уг захиргааны хэрэгт нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөр оролцсон байх ба Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасны дагуу маргаан бүхий актын улмаас хууль ёсны эрх ашиг нь дангаар хөндөгдөх этгээд биш байгааг дурдах нь зүйтэй.

Иймд шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон

 ТОГТООХ нь:

1. Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 01 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

ШҮҮГЧ                                                                          Д.БААТАРХҮҮ

ШҮҮГЧ                                                                          Ц.САЙХАНТУЯА

ШҮҮГЧ                                                                                   Д.ОЮУМАА