Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 001/ХТ2018/00414

 

“Б” ХХК, Л.Б нарын

 нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

    Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож даргалж, шүүгч Г.Алтанчимэг,  П.Золзаяа, Б.Ундрах, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

          2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 181/ШШ2017/02156 дугаар шийдвэр,

          Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

          2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 210/МА2017/02291 дүгээр магадлалтай,

          Нэхэмжлэгч: “Б” ХХК

          Нэхэмжлэгч: Л.Б

          Хариуцагч: “Б” ХХК-д холбогдох                                                                                      

      “Б групп”, “Б” гэх нэрийг нэхэмжлэгч нар  эзэмшиж, ашиглах онцгой эрхтэй болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

    Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ц гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ц, өмгөөлөгч А.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, нарийн бичгийн даргад Г.Наранхүү нар оролцов.

         Нэхэмжлэгч “Б” ХХК болон Л.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Талуудын  хооронд "Б групп" гэх нэрийг хэн эзэмших, түрүүлж баталгаажуулах эрхтэй  талаар маргаан гарсан. Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2015-01-26-ны өдрийн 23-р тогтоолоор тухайн маргааныг иргэний хэргийн шүүх эцэслэн шийдвэрлэхээр хэргийн харьяаллыг тогтоож өгсөн.  Л.Б нь дараах үндэслэлээр “Б групп” гэх оноосон нэрийг тэргүүн ээлжинд эзэмших, ашиглах эрхтэй болно. Маргааны гол агуулга нь "Б" гэх нэр бөгөөд "Б групп" ХХК-ийн үүсгэн байгуулагч Л.Бийн төрсөн эцэг С.Лувсанвандан нь Баянхонгор аймгийн Богд сумын нутагт орших "Б"-ийн шанаа гэх газар төрж өссөн. Улмаар С.Лувсанвандан нь "Б" гэсэн хоршоог 1989 онд үүсгэн байгуулж, 1991-11-15-ны өдөр 24/67 дугаар БНМАУ-ын хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээг шинэчлэн "Б" бүрэн бус хариуцлагатай хоршооны нэрээр авсан.  Л.Б нь 1996 онд "Б" ХХК-ийг үүсгэн байгуулж, хуулийн этгээдийн бүртгэлд бүртгэл баталгаажуулсан байдаг. Л.Бийн үүсгэн байгуулсан "Б" ХХК-ийн 1996-04-03-ны өдрийн 4089 дугаар, оноосон нэрийн зөвшөөрлийн "Удирдлагын оноосон нэр" гэсэн хэсэгт "Б" ББХХ гэжээ. Мөн 1996-04-05 -ны өдрийн "Б" ХХК-ийг үүсгэн байгуулах гэрээний оролцогч нь нэг талаас "Б" ХХК-ийг төлөөлж Л.Болд, нөгөө талаас Д.Баясгалан, М.Зоригт нар байна. Үүнээс үзэхэд "Б" ББХХ нь "Б" ХХК-ийн үүсгэн байгуулагч, "Б" ХХК нь "Б" ХХК-ийн үүсгэн байгуулагч байна. Иймд "Б" гэх үндсэн нэрний гарал үүсэл нь иргэн Л.Бийн төрсөн эцэг, эхтэй шууд холбоотой бөгөөд тэрээр анхлан "Б" нэртэй хуулийн этгээдийг үүсгэн байгуулж байсан.Иймд уг  нэрийг хэн нэгэн иргэн, хуулийн этгээд эзэмших нь хуульд нийцэхгүй байна. "Б" ХХК-ийг үүсгэн байгуулах гэрээний 5-н 4-т "салбар болон харьяа компани нь нэрэндээ "Б" гэсэн тодотгол хэрэглэж болно" гэж зааснаас үзэхэд "Б" хэмээх нэр "Б" ХХК-тай хамааралгүй, харин ч "Б групп" ХХК-ийг үүсгэн байгуулагч Л.Б буюу "Б" ХХК уг нэрийг эзэмших, ашиглах онцгой эрхтэй болохыг нотолж байна. 2013-11-12-ны өдрийн ХЭ-13-01 дугаар "Хувьцаа худалдах-худалдан авах гэрээ"-ний дагуу "Б" ХХК-ийн үүсгэн байгуулагч "Б" ХХК нь хувьцаа эзэмшигч байхаа больсон байдаг. Иймд "Б” ХХК нь өөрийн хүсэл сонирхлын дагуу "Б" ХХК-ийн зөвшөөрөлгүйгээр "Б" гэх нэрийг оролцуулан өөр хуулийн этгээд байгуулах эрхгүй ба энэ нь хуулиар хориглосон байна. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 16.8, Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2013 оны 742 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан Хуулийн этгээдийн нэрийг баталгаажуулах, хадгалах журмын 1.6-д заасны дагуу иргэн Л.Б нь "Б групп" гэх нэрийг анх баталгаажуулсан байдаг. Энэ талаар Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүхийн 2015 оны  23 дугаар тогтоолд дурдсан. Иймд "Б групп", "Б" гэх нэрийг иргэн Л.Б болон "Б" ХХК  тэргүүн ээлжинд эзэмшиж, ашиглах эрхтэй болохыг тогтоож өгнө үү гэжээ.

       Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хариу тайлбартаа: Иргэний хэргийн шүүхэд иргэн, хуулийн этгээд нь өөрийн эдийн болон эдийн бус баялагтай холбоотой зөрчигдсөн эрхээ сэргээлгэх зорилгоор ханддаг гэж ойлгож байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26.2 дахь хэсэгт нэхэмжлэгч гэж эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхол нь зөрчигдсөн, тэдгээрийг сэргээлгэхээр шүүхэд хандсан этгээдийг хэлнэ гэж тодорхойлжээ. "Б" ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлээс тус компанийн эдийн болон эдийн бус баялагтай холбоотой ямар эрх зөрчигдсөн болон "Б" ХХК-ийн зүгээс "Б" ХХК-ийн яг ямар эрх ашиг сонирхлыг яаж хөндсөн нь тодорхойгүй байна. Хувь хүн, хуулийн этгээдэд нэр эзэмшүүлэх, олгохтой холбоотой асуудлыг тусгай хуулиар зохицуулдаг бөгөөд энэ асуудлаар шүүх шийдвэр гаргах хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Нэхэмжлэгч нь Б групп гэх нэр давхардсан гэж маргаагүй, энэ нэрийг хэн эзэмших ёстой талаар маргасан, уг маргаан иргэний журмаар шийдвэрлэгдээгүй байхад бүртгэлийн байгууллага шийдвэрлэх эрх хэмжээгүй гэсэн тайлбар хийсэн. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 18.1.2-т “Хэргийн харьяаллын талаар шүүх болон танхим хооронд гарсан маргааныг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч шийдвэрлэх бүрэн эрхтэй” байхаар заасан байдаг.  Улсын Дээд шүүхийн 2015 оны 23-р тогтоолоор харьяалал тогтоосон гэж үзэх үндэслэлгүй. Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2013 оны 742-р тушаалын хавсралт “Хуулийн этгээдийн нэрийг баталгаажуулах, хадгалах журам”-ын 1.6-д Хуулийн этгээдийн нэр бусад хуулийн этгээдийн нэртэй давхцаж баталгаажсан тохиолдолд хэн нь эхэлж нэрээ авсан огноогоор бүртгэх байгууллага шийдвэрлэнэ гэх мэтээр хуулийн этгээдийн нэр олгох, баталгаажуулах, нэрийн давхардалтай холбоотой харилцааг зохицуулах тусгай хууль, хуульчилсан актууд батлагдан мөрдөгдөж байна. Тиймээс хуулийн этгээдийн нэр эзэмших, ашиглахтай холбоотой асуудлыг дээрх хууль зүйн актуудаар шийдвэрлэх боломжтой байна. Улсын дээд шүүхийн 2015 оны  23-р тогтоолд "Б групп" гэх нэрийг хэн анх баталгаажуулсан талаар дурдсан зүйл байхгүй, харин ч Л.Бийн нэр дээр "Б групп" ХХК-ийг бүртгэсэн хууль бус Улсын бүртгэлийн шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

       Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 181/ШШ2017/02156 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.1, 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт заасныг баримтлан  “Б” ХХК-д холбогдох, “Б групп”, “Б” гэх нэрийг иргэн Л.Б болон “Б” ХХК тэргүүн ээлжинд эзэмшиж, ашиглах эрхтэй болохыг тогтоолгох тухай, “Б” ХХК, Л.Б нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

       Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 210/МА2017/02291 дүгээр магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 181/ШШ2017/02156 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхижээ.

        Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын гомдолдоо: 1/. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 26.2 дахь заалт, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14.1, 14.2 дахь заалтуудыг иш татаж хуулийн этгээдийн нэрийг эзэмших, ашиглах эрхийг олж авах боломжийг хуулиар тогтоосон шаардлагыг хангасан аливаа этгээдэд адил тэнцүү олгожээ. ... хуулийн этгээдийн нэрийг тэргүүн ээлжинд эзэмших, ашиглах давуу эрхийг хэн нэгэн этгээдэд тусгайлан олгоогүй байна” хэмээн дүгнэлт хийсан нь  үндэслэлгүй юм. Иргэний хуулийн 27.3-т “Хуулийн этгээдийн нэр өөр хуулийн этгээдийн нэртэй давхардсан буюу бусдыг төөрөгдүүлэхээр ижил, төсөөтэй байж болохгүй” гэж заасны дагуу хуулийн этгээд нь өөрийн нэртэй ижил, төстэй буюу хэрэглэгчдийг төөрөгдүүлэхээр нэртэй хуулийн этгээдийг эсэргүүцэх эрхтэй. Иргэний хуулийн 27.4-т “Хуулийн этгээдийн нэрийг хууль бусаар ашиглахыг хориглоно” гэж заасан нь хуулийн этгээд нь өөрийн нэрийг өмчлөх, эзэмших эрхтэй болохыг илтгэнэ. Энэ тухай нарийвчилсан, тодорхой заалт бол Компанийн тухай хуулийн 10.2 дахь хэсэгт “Компанийн оноосон нэр нь бусад компани, өөр хуулийн этгээдийн оноосон нэртэй давхардаагүй байх бөгөөд компани оноосон нэрээ бүртгэх байгууллагад бүртгүүлснээр түүнийг хэрэглэх онцгой эрхтэй болно” гэж тодорхойлсон заалт юм. Иргэний хуулийн 27.3, Компанийн тухай хуулийн 10.2 дахь заалтын дагуу компани нь өөрийн нэрийг ашиглах онцгой эрхийнхээ хүрээнд түүнтэй ижил, төстэй нэр бүхий хуулийн этгээдийг эсэргүүцэх, аливаа шаардлага гаргах эрхтэй. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14.5-р Хууль зүйн сайдын 2015 оны А/42 дүгээр тушаалаар батлагдсан Хуулийн этгээдэд нэр олгох, баталгаажуулах журмын 3.10-т “Хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэлтэй оноосон нэрийн өмнө эсхүл хойно нь зохион байгуулалтын хэлбэр заасан үгсийн хамт баталгаажуулахгүй. Жишээлбэл “Төмөр” гэж нэртэй хуулийн этгээд улсын бүртгэлд бүртгэлтэй бол “Төмөр корпораци”,“Төмөр групп, “Төмөр холдинг”, “Төмөр консерциум” гэж баталгаажуулахгүй” гэж, 3.11-д “Энэ журмын 3.10 дахь заалт нь тухайн нэрийг анх баталгаажуулж, улсын бүртгэлд бүртгүүлсэн хуулийн этгээдэд хамаарахгүй.” гэж зааж өгсөн нь хуулийн этгээдийн нэрийг анх олж авсан этгээд давуу эрхтэйгээр ашиглах эрхтэй болохыг тодорхой заасан хэрэг юм. Иймд анхан шатны шүүхийн “хуулийн этгээдийн нэрийг тэргүүн ээлжинд эзэмших, ашиглах давуу эрхийг хэн нэгэнд олгоогүй” гэх дээрх дүгнэлт нь үндэслэлгүй болно.

        2/. Нэхэмжлэгчтэй Б нэрний талаар хэн нэгэн маргаагүй гэх дүгнэлтийн тухайд: Түүнчлэн, анхан шатны шүүхийн зүгээс “Б” ХХК нь “Б” гэх оноосон нэрийг улсын бүртгэлд бүртгүүлэн ашиглаж байгаа, ... тус нэрийг ашиглах эрхийн талаар түүнтэй аливаа этгээд маргаагүй” хэмээн талуудын хооронд хуулийн этгээдийн нэрний талаар маргаан байхгүй буюу эрхийн зөрчил байхгүй мэт дүгнэсэн байх бөгөөд энэ нь дараах байдлаар үндэслэлгүй юм. “Б” ХХК болон “Б” ХХК-ын хувьцаа эзэмшигчид болох иргэн Л.Б, Л.Болд, Б.Баясгалан нар нь хамтарч бизнес эрхэлж, “Б”, “Б Даатгал”, “Б”, “Б цамхаг”, “Б Констракшн” зэрэг компаниудын хувьцааг хамтран эзэмшиж байсан. “Б” гэх нэр орсон компаниудын хувьцааг хамтран эзэмшиж байсан тул хуулийн этгээдийн нэрний талаар маргаан байгаагүй. Гэвч, 2014 онд компаниудын хувьцааг шилжүүлж, бизнесээ хуваан “Б” ХХК, “Б Даатгал”, “Б цамхаг”, “Б Инвест”, “Б Капитал”, “Б системс”, “Б хотел, резортс”, “Б партнерс”, “Б Констранкшн” зэрэг компаниудын хувьцааг зуун хувь иргэн Л.Б, түүний ах Л.Болд нар эзэмшиж, нөгөө талаас “Б” ХХК-ийн хувьцааг иргэн н.Баясгалан нар эзэмшсэн үеэс эхлэн “Б” гэх нэрний эрхийг аль компани ашиглах онцгой эрх эдлэх эсэх нь маргаантай болсон. Тухайлбал, 2014-05-06 -ны өдөр нэхэмжлэгч нар нь “Б Групп” нэртэй компани байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлэхэд хариуцагчийн зүгээс тус бүртгэлийг Иргэний хуулийн 27.3 дахь хэсэгт “Хуулийн этгээдийн нэр өөр хуулийн этгээдийн нэртэй давхардсан буюу бусдыг төөрөгдүүлэхээр ижил, төсөөтэй байж болохгүй” гэж заасны дагуу хүчингүй болгуулахыг хүсч маргасан байдаг. Энэ нь талуудын хооронд маргаан байгаа болохыг нотлох зүйл юм. Тус маргааныг Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын 2015 оны  23 дугаар тогтоолоор эцэслэн шийдвэрлэхдээ “нэхэмжлэгч, гуравдагч этгээд нар аль аль нь “Б” гэх нэр орсон хуулийн этгээдийн хувьцаа эзэмшигч бөгөөд “Б групп” гэх нэр давхардсан гэж маргаагүй, тус нэрийг хэн эзэмших ёстой талаар маргасан бөгөөд уг маргаан иргэний журмаар шийдэгдээгүй байна” хэмээн, “Б Групп ХХК-ийг улсын бүртгэлд бүртгэсэн маргааныг шийдвэрлэхийн тулд талуудын хэн нь нэрний хувьд анхдагчаар, онцгой эрх эзэмшиж буй болохыг иргэний хэргийн шүүхэд хандаж тогтоолгох нь зүйтэй” гэх агуулга бүхий дүгнэлтийг хийсэн байдаг. Нэхэмжлэгч болон хариуцагч нарын хэн аль нь “Б” гэх тодотголтой хуулийн этгээдийн нэрийг хэрэглэж байгаа тул хэн тус нэрний хувьд онцгой эрхтэй болохыг шүүхээр тогтоолгох шаардлагатай юм. Учир нь, аль нэг тал нь “Б Групп” гэх нэртэй компани байгуулахад Иргэний хуулийн 27.3 дахь заалтад “Хуулийн этгээдийн нэр өөр хуулийн этгээдийн нэртэй давхардсан буюу бусдыг төөрөгдүүлэхээр ижил, төсөөтэй байж болохгүй” гэж, Хуулийн этгээдэд нэр олгох, баталгаажуулах журмын 3.10-т “Хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэлтэй оноосон нэрийн өмнө эсхүл хойно нь зохион байгуулалтын хэлбэр заасан үгсийн хамт баталгаажуулахгүй. Жишээлбэл “Төмөр” гэж нэртэй хуулийн этгээд улсын бүртгэлд бүртгэлтэй бол “Төмөр корпораци”, “Төмөр групп“, “Төмөр холдинг”, “Төмөр консерциум” гэх нэрийг баталгаажуулахгүй" гэж тус тус заасны дагуу зохигчдын хэн шаардлага гаргах эрхтэй болохыг тогтоох нь чухал. “Б” болон “Б групп” гэх нэрийг аль тал хэрэглэх онцгой эрхтэй болохыг шийдвэрлэхгүй бол цаашид зохигчдын аль нэг тал “Б” гэх нэр орсон компани байгуулахад зохигчдын хооронд маргаан гарсаар байх болно. Тухайлбал, нэхэмжлэгч, хариуцагч нарын аль нэг тал “Б банк” ХХК, “Б арт” “Б финанс”, “Б групп” зэрэг нэртэй компани байгуулах нөхцөлд нөгөө тал нь Иргэний хуулийн 27.3 дахь заалт, журмын дээрх заалтын хүрээнд нэхэмжлэл гаргаж маргаан үүсгэх болно. Иймд талуудын хооронд нэрний талаар маргаан байхгүй гэж үзэх үндэслэлгүй юм. Аж үйлдвэрийн өмчийг хамгаалах тухай Парисийн конвенцийн 8 дугаар зүйлд “Холбооны гишүүн бүх оронд аж ахуйн нэгжийн нэрийг барааны тэмдгийн бүрдэлд орсон эсэхээс үл хамааран түүнийг мэдүүлэг гаргахыг шаардахгүйгээр эсхүл бүртгэлгүйгээр хамгаална” гэж заасны дагуу нэхэмжлэгч нь “Б” гэх нэр барааны тэмдгийн хамгаалалтыг эдлэх бөгөөд тус нэрийг хэрэглэх замаар өөрийн компанийн бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээг бусдын бүтээгдэхүүн, үйлчилгээнээс ялгах юм. Өөрөөр хэлбэл, “Б” гэдэг бол бренд юм. Барааны тэмдэг эзэмшигч нь өөрийн барааны тэмдгийг ашиглах онцгой эрх эдэлдэг бөгөөд түүнтэй төстэй барааны тэмдэг ашиглалтыг таслан зогсоохыг шаардах эрх эдэлдэг. /Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 12.3 дахь заалт/ Барааны тэмдэг нь хэрэглэгчдийн дунд нэрд гарсан брендийг илэрхийлэх тул барааны тэмдэг нь эзэмшигчдээ бизнесийн хувьд өрсөлдөөний давуу байдал авчрах билээ. Тухайлбал, хэрэглэгчид дэлхий даяар “samsung”, “Аррlе”, “Adidas” зэрэг компаниуд, брендүүдийн бүтээгдэхүүнүүд нь чанартай гэж, Монголчууд “Эрдэнэт хивс” компанийн хивс, “Шилмэл буйдан” компанийн буйдангууд, “Дархан нэхий” компанийн нэхий бүтээгдэхүүнүүд чанартай гэж боддог тул тус компаниудын бүтээгдэхүүн хурдан борлогдож, өрсөлдөөнд давуу тал олж авдаг. Гэтэл, хэн нэгэн тэдгээр компани, брендүүдтэй төстэй нэртэй ...гэх зэрэг, эсвэл “Эрдэнэт Монгол хивс” гэх зэрэг компани байгуулах нь хэрэглэгчдийг төөрөгдөлд оруулж, улмаар барааны тэмдэг, бренд эзэмшигчийн борлуулалтын орлогыг багасгах тул барааны тэмдэг эзэмшигчийн эрхийг зөрчсөн хэрэг болно. Иймд нэхэмжлэгч болоод хариуцагч нарын хэн нь “Б” гэх хуулийн этгээдийн нэрийг ашиглах онцгой эрхтэй болохыг тогтоох нь “Б” брендийг хэнд үлдээх тухай ч маргаан тул “талуудын хооронд маргаан байхгүй” гэж үзэх, хариуцагчийн төлөөлөгчийн тайлбарлаж буй шиг эрх нь хэрхэн зөрчигдөж байгаа нь тодорхой бус гэж үзэх үндэслэлгүй юм. Иймд зохигчдын аль тал нь “Б” гэх хуулийн этгээдийн нэрийг ашиглах онцгой эрхтэй болохыг тогтоох, шийдвэрлэх нь зайлшгүй шаардлагатай зүйл юм. Бид үүнтэй холбоотой Иргэний хуулийн 9.4.1 дэх хэсэгт иргэний эрхийг “эрхийг хүлээн зөвшөөрүүлэх” замаар хамгаалж болох тухай заасны дагуу нэрний тухай маргаж буй тал болох “Б” ХХК-ийг хариуцагчаар татаж, маргасан болно.

        3/. Нэхэмжлэгч нь “Б” гэх хуулийн этгээдийн нэрний хувьд онцгой эрхтэй болох тухай: Компанийн тухай хуулийн 10.2 дахь хэсэгт “Компанийн оноосон нэр нь бусад компани, өөр хуулийн этгээдийн оноосон нэртэй давхардаагүй байх бөгөөд компани оноосон нэрээ бүртгэх байгууллагад бүртгүүлснээр түүнийг хэрэглэх онцгой эрхтэй болно” гэж, Иргэний хуулийн 27.3 дахь хэсэгт “Хуулийн этгээдийн нэр өөр хуулийн этгээдийн нэртэй давхардсан буюу бусдыг төөрөгдүүлэхээр ижил, төсөөтэй байж болохгүй” гэж, Хуулийн этгээдийн нэр олгох, баталгаажуулах журмын 3.10 дахь хэсэгт “Хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэлтэй оноосон нэрийн өмнө эсхүл хойно нь зохион байгуулалтын хэлбэр заасан үгсийн хамт баталгаажуулахгүй” гэж, 3.11-д “Энэ журмын 3.10 дахь заалт нь тухайн нэрийг анх баталгаажуулж, улсын бүртгэлд бүртгүүлсэн хуулийн этгээдэд хамаарахгүй” гэж тус тус заасны дагуу “Б” нэрийг хэрэглэх онцгой эрх эдлэх бөгөөд хууль, журмын дээрх заалтуудын дагуу тус нэртэй төстэй, ижил нэртэй хуулийн этгээдийг эсэргүүцэх эрхтэй байх юм. Тухайлбал, журмын 3.10 дахь хэсэгт “Хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэлтэй оноосон нэрийн өмнө эсхүл хойно нь зохион байгуулалтын хэлбэр заасан үгсийн хамт баталгаажуулахгүй” гэж заасны дагуу бусад этгээд “Б” гэсэн нэр орсон хуулийн этгээд байгуулахыг эсэргүүцэх эрхтэй байна. Журмын 3.11 дэх хэсэгт “Энэ журмын 3.10 дахь заалт нь тухайн нэрийг анх баталгаажуулж, улсын бүртгэлд бүртгүүлсэн хуулийн этгээдэд хамаарахгүй” гэж заасны дагуу “Б” ХХК, иргэн Л.Б нар нь “Б групп”, “Б финанс” зэрэг компани байгуулах эрхтэй байх юм. Учир нь, 1996-04- 03-ны өдөр нэхэмжлэгч Л.Б нь “Б” гэх хуулийн этгээдийн нэрийг баталгаажуулан, тус компанийн өөрийн төрсөн ах Л.Болдтой цуг байгуулж, тус оны 04 дүгээр сарын 12-ны өдөр улсын бүртгэлд анхлан бүртгүүлсэн юм. “Б” гэх компанийн нэрийг улсын бүртгэлээс олгох болсон үндэслэл нь “Б” гэх хуулийн этгээдийн нэрийг ашиглах онцгой эрх бүхий этгээд тус компанийн хувьцаа эзэмшиж хамтран байгуулсан явдал юм. Хэрэв, нэхэмжлэгч нь тус компанийн хувьцаа эзэмшээгүй, тус компанийг хамтран байгуулаагүй бол хуулийн этгээдийн нэр ижил, төстэй буюу бусдыг төөрөгдүүлэх үндэслэлтэй хэмээн үзэж, тус компанийн нэрийг олгохгүй байсан. Нэхэмжлэгчийн зөвшөөрлийн үндсэн дээр анх “Б” ХХК байгуулагдаж байгаа билээ. Иймд анхан шатны шүүх нь Иргэний хуулийн 26.2 дахь заалтыг хэрэглэсэн нь хэрэглэвэл зохих хууль бус юм. Хэрэглэвэл зохих хууль нь Компанийн тухай хуулийн 10.2 дахь заалт, Иргэний хуулийн 27.3 дахь заалт, Хуулийн этгээдийн нэр олгох, баталгаажуулах журмын 3.10, 3.11 дэх заалтууд юм.

            4. Давж заалдах шатны шүүх үндэслэлгүй дүгнэлт хийсэн тухай: Давж заалдах шатны шүүх нь “Б гэх нэр Монгол хэлний үгсийн санд багтаж, түгээмэл хэрэглэгддэг үг байх тул барааны тэмдгийн нэгэн адил хамгаалагдана гэж үзэх боломжгүй” гэх дүгнэлт хийсэн. Энэ нь дараах байдлаар үндэслэлгүй байна. “Б” гэх нэр нь орчин үеийн Монгол хэлэнд түгээмэл хэрэглэгддэг үг биш бөгөөд тийм байсан ч барааны тэмдгийн адил хамгаалагдахгүй гэх үндэслэлгүй. Учир нь, дээрх нөхцөл байдал Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 5.1, 5.2 дахь хэсгүүдэд заасан барааны тэмдэгт тооцохгүй байх, барааны тэмдэгээр бүртгэхгүй байх үндэслэлд хамаарахгүй. Нэхэмжлэгч болон хариуцагч нар нь хамтарч бизнес хийж байх үед “Б” гэх нэрийг барааны тэмдгийн хувьд улсын бүртгэлд бүртгүүлсэн байгааг тус нэр барааны тэмдэгээр хамгаалагдахыг илтгэнэ. Түүнчлэн, “Б” гэх нэр барааны тэмдгийн хувьд хамгаалагдах эсэх нь энэхүү маргааныг шийдвэрлэхэд тэргүүн зэргийн ач холбогдолтой зүйл биш юм. Маргааныг шийдвэрлэхийн тулд зохигчдын хэн нь “Б” гэх хуулийн этгээдийн нэрийг ашиглах онцгой эрх эдлэхийг тогтоох явдал бөгөөд үүнийг Иргэний хуулийн 27.3 дахь заалт, Хуулийн этгээдийн нэр олгох, баталгаажуулах журмын 3.11, 3.10 дахь заалтуудын дагуу дүгнэх үндэслэлтэй юм. Давж заалдах шатны шүүхийн зүгээс Аж үйлдвэрийн өмчийг хамгаалах тухай Парисийн конвенцийн 8 дугаар зүйлийн дагуу “Б”, “Б групп” гэх нэрийг барааны тэмдгийн адил хамгаалах зүйл гэж үзэхгүй гэх дүгнэлтийг хэрхэн хийсэн нь тодорхой бус байна. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэгчдийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэхийг хүсч байна.” гэжээ.

ХЯНАВАЛ:

         “Б” ХХК, Л.Б нар 2015-11-16-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа “... Б групп гэх оноосон нэрийг  тэргүүн ээлжинд эзэмшиж, ашиглах эрхтэй болохыг тогтоолгох...” гэж тодорхойлж, 2017-01-06-ны өдөр шаардлагыг “... Б гэх оноосон нэрийг эзэмшиж, ашиглах эрхтэй болохыг тогтоолгох...” гэж нэмэгдүүлж, үндэслэлээ “...1996-04-03-ны өдрийн 4089 дугаар оноосон нэрийн зөвшөөрөл...үүсгэн байгуулах гэрээний 5-ын 4 ...Б ХХК-д Б ХХК нь хувьцаа эзэмшихээ больсон...хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 16.8-р нэр давхардах ёсгүй...Б групп нэрийг анх Л.Б баталгаажуулан авсан...” гэж тайлбарласан байна.  /хх 1-н 1-4, хх 2-н 188/ 

        Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрөхдөө “...нэхэмжлэгчийн ямар эрх ашиг зөрчигдсөн нь тодорхойгүй ... нэрийг эзэмших олгохтой холбоотой асуудал нь тусгай хуулиар зохицуулагддаг бөгөөд энэ нь иргэний хэргийн шүүхийн маргаан биш...” гэсэн  агуулга бүхий тайлбар өгчээ. /хх 1-н 30, 75-77,  хх 2-н 194/

       Зохигч талын хэн аль нь анхан шатны шүүх хуралдаанд оролцоогүй бөгөөд шүүх  нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо “... “хуулийн этгээдийн нэр”-ийг эзэмших, ашиглах эрхийг олж авах боломжийг аливаа этгээдэд адил тэнцүү олгосон байдаг... Л.Бийн эцгийн...төрж өссөн газар зэрэг нь тухайн нэрийг тэргүүн ээлжинд эзэмших, ашиглах эрхийг бий болгохгүй... нэхэмжлэгч нь “Б” ХХК гэх оноосон нэрийг улсын бүртгэлд бүртгүүлэн эзэмшиж, ашиглаж байгаа... Б гэх нэрийн талаар хэн нэгэн маргаагүй...” гэсэн үндэслэл заасан байна.

       Давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээхдээ “... “Б” гэх нэрийг барааны тэмдгийн нэгэн адил хамгаалагдах оюуны өмч гэж үзэх боломжгүй...Аж үйлдвэрийн өмчийг хамгаалах тухай Парисын конвенцын 8 дугаар зүйлээр “Б”, “Б групп” гэх нэрийг барааны тэмдгийн адил хамгаалах обьект гэж үзэхгүй... “Б” гэх нэрийг оноосон нэр болгон барааны тэмдгийн болон хуулийн этгээдийн өмчийн /нэрийн/ хамгаалалтад орсон гэдгийг нэхэмжлэгч тал нотолж чадаагүй...” гэжээ.

      Шийдвэр болон магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

  Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг      тодруулаагүйгээс шийдвэр хууль ёсны болж чадаагүй байна.

      Шүүх нэхэмжлэлийн хэмжээнд шийдвэр гаргах нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4, 115 дугаар зүйлийн 115.2 дахь хэсэгт нийцэх бөгөөд тодорхой бус шаардлагыг нэхэмжлэлийн агуулгын хэмжээнд ойлгомжтой томъёолох нь мөн хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.1 дэх хэсгийн зохицуулалтыг зөрчихгүй. Нэхэмжлэлийн шаардлага тодорхой байж хэргийн оролцогч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд заасан эрх, үүргээ хэрэгжүүлэх нөхцөл бүрдэнэ.

      Шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ /хх 1-н 1-4., хх 2-н 188/ “Б” ХХК, Д.Болдхуяг нар шаардлагаа өөр өөр байдлаар томъёолсон байхад шүүх тэдгээрийг “... “Б групп”, “Б” гэх нэрийг хариуцагчаас тэргүүн ээлжинд эзэмших, ашиглах эрхтэй болохыг тогтоолгох...” тухай нэхэмжлэл гаргасан гэж үзсэн нь, мөн энэ тухай дүгнэлтийн үндэслэлээ шийдвэрт тусгаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т нийцээгүй байна.

      Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, талуудын оноосон нэрэнд багтсан адил үгийг  зохигчийн хэн нь цаашид эзэмших, ашиглах талаар /хх 1-н 1-4, 2-н 68/ нэхэмжлэгч нар  маргаан үүсгэж, “Б” гэсэн оноосон нэрийг “өөрт авч үлдэх” үндэслэлээ Л.Бийн  эцгийн төрж өссөн газар болон анх үүсгэн байгуулж байсан хуулийн этгээдтэй холбон тайлбарлажээ. Иймд энэхүү маргаан нь зохигч талууд өмнө хамтран үүсгэн байгуулсан болон цаашид байгуулах хуулийн этгээдүүдийн оноосон нэрэнд “Б” гэдэг үг оруулах асуудалтай холбоотой байгааг шүүх анхаарч үзээгүй нь дутагдалтай болсон гэж үзнэ.  

     Түүнчлэн, анхан шатны шүүх өөрийн тодорхойлсон нэхэмжлэлийн хэмжээнд дүгнэлт хийхдээ хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн байна.

     “Б” ХХК, Д.Болдхуяг нарын нэхэмжлэлд “...шинээр, өөрчлөн байгуулах замаар хуулийн этгээд байгуулах, хуулийн этгээдийн нэр өөрчлөх мөн “Б” болон “Б групп” гэсэн оноосон нэрийг бүртгэлээс хасуулах...” агуулга байхгүй тул Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.2 дахь хэсгийн зохицуулалт энэ тохиолдолд хамааралгүй юм.  

      Давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээхдээ үндэслэл муутай дүгнэлт хийсэн байна.   

         Аливаа илэрхийллийг “барааны тэмдэг” эсхүл “барааны тэмдгийн нэгэн адил  хамгаалагдах оюуны өмч” гэж үзэх эсэх нь төрийн захиргааны байгууллагын чиг үүрэгт хамаарч байхад давж заалдах шатны шүүх энэ талаар дүгнэлт хийж, уг нөхцөл байдлыг шийдвэрийг хэвээр үлдээх үндэслэл болгосон нь буруу гэж үзнэ.      

        Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “барааны тэмдгийг бүртгүүлэх тухай хүсэлтэй иргэн, хуулийн этгээд барааны тэмдгийн мэдүүлгийг төрийн захиргааны байгууллагад...гаргана...”., 8 дугаар зүйлийн 8.3-т “...төрийн захиргааны байгууллага тухайн барааны тэмдэг энэ хуулийн 5-р зүйлд заасан шаардлагыг хангасан гэж үзвэл энэ тухай дүгнэлт гаргах ба түүнийг үндэслэн барааны тэмдгийг улсын бүртгэлд бүртгэх тухай шийдвэр гаргана...” гэж, 8.4-т “...төрийн захиргааны байгууллага тухайн барааны тэмдэг энэ хуулийн 5-р зүйлд заасан шаардлагыг хангаагүй гэж үзвэл энэ тухай дүгнэлт гаргах ба түүнийг үндэслэн барааны тэмдгийг бүртгэхээс татгалзах тухай урьдчилсан шийдвэр гаргаж, мэдүүлэг гаргагчид бичгээр мэдэгдэнэ...” гэж заасан байна. 

       Иймд “...Б, Б групп гэх нэрийг барааны тэмдгийн нэгэн адил хамгаалагдах оюуны өмч гэж үзэх боломжгүй... уг нэрийг барааны тэмдгийн адил хамгаалах обьект гэж үзэхгүй...” гэсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт шийдвэрийг хэвээр үлдээх нөхцөл болохгүй юм.   

       Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэнээс гадна хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, өөрчлөлт оруулах буюу хяналтын шатны шүүхээс хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул шийдвэр болон магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаав. 

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

        1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 181/ШШ2017/02156 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 210/МА2017/02156 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.                                

        2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  59 дүгээр зүйлийн 59.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр төлсөн 70.200 төгрөгийг Б ХХК-д  захирамжаар буцааж олгосугай.

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Г.ЦАГААНЦООЖ

                                  ШҮҮГЧ                                                     Б.УНДРАХ