Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 10 өдөр

Дугаар 221/МА2020/0535

 

Ж.Г-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

            Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Лхагвасүрэн, О.Номуулин нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гантогтох, нэхэмжлэгч Ж.Г, өмгөөлөгч Н.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.С /цахимаар/ нарыг оролцуулан Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 16 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор Ж.Г-ийн нэхэмжлэлтэй, Баянхонгор аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч О.Номуулин илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 16 дугаар шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлин 4.4, 6 дугаар зүйлийн 6.1.4, 7 дугаар зүйлийн 7.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3, 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ж.Г-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Баянхонгор аймгийн Засаг даргын 2020 оны 03 сарын 27-ны өдрийн "Бууцагаан сумын ерөнхий боловсролын сургуулийн захирал Ж.Г-т ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулж, хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай" А/209 дүгээр захирамжийг хүчингүй болгон, Ж.Г-ийг урьд эрхэлж байсан Баянхонгор аймгийн Бууцагаан сумын сургуулийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоож, Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 6 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн ажилгүй байсан 3 сар 10 хоногийн олговор 4.503.580 /дөрвөн сая таван зуун гурван мянга таван зуун ная/ төгрөгийг хариуцагч Баянхонгор аймгийн Засаг дарга /түүний Тамгын газар/-аас гаргуулан нэхэмжлэгчид олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр тооцон Ж.Г-ийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэжээ.

  Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “Нэхэмжлэгч Ж.Г нь Бууцагаан сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлаар ажиллаж байхдаа төсөв, санхүүгийн үйл ажиллагаатай холбоотой дараах ноцтой зөрчлийг удаа дараа гаргасан байдаг Үүнд: 1/ Бууцагаан сумын Засаг даргын 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 1а/54 дүгээр албан бичгээр хүсэлт ирүүлсний дагуу тус сумын Ерөнхий боловсролын сургуулийн үйл ажиллагаанд хяналт шинжилгээ үнэлгээ хийх, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэх ажлын удирдамжийг аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн даргаар батлуулан, ажлын хэсэг 2019 оны 10 дугаар сарын 15-16-ны өдрүүдэд тус сургуулийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж ажилласан. Хяналт шалгалтаар сургуулийн захирлын гаргасан захиргааны актын эрх зүйн үндэслэлийг хянахад 10 тушаал эрх зүйн чадамжгүй буюу гарын үсгийн бүрдэл дутуу, буруу хуулийн заалт үндэслэсэн зэрэг ноцтой зөрчил гаргасан. Тухайн оны төсвийн хүрээнд байгууллагын орон тоо, багш ажилтнуудын цалин, нэмэгдлийг тушаалаар батлаагүй, багш ажиллагсдын амралтын хугацааг баталж, амралтын эхлэх, дуусах хугацааг амралтын мэдэгдэх хуудсаар баталгаажуулдаггүй, сургуулийн захирал нягтлан бодогч нь төсөв санхүүгийн мэдээллийг хамт олонд танилцуулдаггүй, цагийн тооцоог тухай бүр хийдэггүй, ажилтан албан хаагчдын гарын үсгээр баталгаажуулдаггүй. Сургуулийн захирал нь Бага дунд боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.1-20.2.3, 20.2.7, 20.2.11, 20.2.12 дахь заалтаар хүлээсэн үүрэг, байгууллагын дотоод журам, багш ажилтнуудтай байгуулсан хөдөлмөрийн гэрээний хүрээнд дээрх асуудлыг бүрэн шийдвэрлэх чиг үүргээ хангалтгүй биелүүлж, аймгийн Засаг даргатай байгуулсан хөдөлмөрийн гэрээг зөрчсөн. 2/ Тус сургуулийн багш нар ажлаас гаргах өргөдөл өгсөнтэй холбогдуулан аймгийн Засаг даргын дэргэдэх Санхүүгийн хяналт аудитын албанаас 2020 оны 01 дүгээр сарын 21-22-ны өдрүүдэд Санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч Б.Нармандах 2019 оны 09-12 дугаар саруудын санхүү, цалин, цагийн тооцооны баримтуудад хэсэгчлэн үзлэг шалгалтыг хийсэн. Тус шалгалтаар: 2019 оны 10 дугаар сарын 15-16-ны өдрүүдэд хийсэн хяналт шалгалтаар илэрсэн зөрчлийг арилгуулахаар аймгийн Засаг даргын 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 1а/895 дугаар албан бичгээр хүргүүлсэн боловч зөвлөмжийн хүрээнд төлөвлөгөө гаргаж, үр дүнг тооцон, зөрчил дутагдалаа арилгаж ажиллаагүй, Бууцагаан сумын 12 жилийн сургуулийн 2019 оны 9-12 дугаар саруудын санхүүгийн баримтыг шалгахад 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Буянтцагаан тээвэрчин хоршооны харилцах дансанд 2.184.683 төгрөгийг, “Монос Баянхонгор” ХХК-ийн харилцах дансанд 521.400 төгрөгийг, төрийн сангийн дансанд цалингийн татвар болох 488.583 төгрөгийг, мөн 179.451 төгрөгийг, П.Б-ийн хувийн харилцах дансанд 36.600 төгрөгийг, Л.Б-ын харилцах дансанд 730.034 төгрөгийг, нийт 4.140.751 төгрөгийг шилжүүлэхдээ 2-р буюу нягтлан бодогч гарын үсэг зурахгүйгээр гүйлгээ хийсэн, Сургуулийн захирал Ж.Г нь өөрийн нөхөр болох Л.Б-ын дансанд 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 6.500.000 төгрөг, мөн тухайн өдөр 730.034 төгрөг, нийт 7.230.034 төгрөгийг шилжүүлж өөрийн давуу байдлыг ашиглан худалдан авалт хийсэн зэрэг ноцтой зөрчлийг гаргасан. Дээрх зөрчлүүд нь аймгийн Засаг даргатай байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 8.7-д заасан “төсвийн хөрөнгийг зориулалтын дагуу үр ашигтай, хэмнэлттэй зарцуулж, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж, эрхэлсэн ажлаа мэргэжлийн өндөр түвшинд гүйцэтгэх” үүргээ биелүүлээгүй, мөн гэрээний 10.2.6-д заасан хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулж ноцтой зөрчил гаргасан нь холбогдох мэргэжлийн байгууллагын баримтаар удаа дараа нотлогдсон тул аймгийн Засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн А/209 дүгээр захирамжаар Бууцагаан сумын сургуулийн захирал Ж.Ганцэцэгт ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулж, хөдөлмөрийн гэрээг цуцалсан. ...Гэтэл шүүхээс ...хөдөлмөрийн гэрээг зөрчсөн гэсэн үндэслэлээр Ж.Ганцэцэгт халах сахилгын шийтгэл ногдуулж, мөн зөрчлийг давтан гаргасан, хөдөлмөрийн гэрээ болон хуульд заасан ноцтой зөрчил гаргасан гэж ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь түүний гаргасан зөрчилд хүндэдсэн гэж дүгнэсэн байна. “Хүндэдсэн” гэх нэр томъёог ямар хууль тогтоомжийг үндэслэн шийдвэрт тусгасан эсэх нь тодорхойгүй, Ж.Г-ийг зөрчил гаргасан гэдгийг шүүхээс ч нотолдог. Ж.Г нь Хөдөлмөрийн гэрээний 8.7-д заасан “төсвийн хөрөнгийг зориулалтын дагуу үр ашигтай, хэмнэлттэй зарцуулж, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж, эрхэлсэн ажлаа мэргэжлийн өндөр түвшинд гүйцэтгэх” үүргээ биелүүлээгүй. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 11 дүгээр зүйлийн 11.1-д тус тус заасан хориглолт, хязгаарлалтыг зөрчиж, өөртэй нь хамаарал бүхий этгээд буюу өөрийн нөхөр болох Л.Б-ын дансанд 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 6.500.000 төгрөг, мөн тухайн өдөр 730.034 төгрөг, нийт 7.230.034 төгрөгийг шилжүүлж, өөрийн давуу байдлыг ашиглан худалдан авалт хийсэн ноцтой зөрчил. ...Төсөв санхүүтэй холбоотой зөрчлийг нэг удаа гаргаагүй, удаа дараа гаргасан түүнийг холбогдох мэргэжлийн байгууллагаас тус тус тогтоосон, ажил олгогчийн зүгээс дээрх зөрчлүүдийг засаж, залруулах чиглэлээр зөвлөмж чиглэлийг өгсөөр байтал давтан гаргаж, хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулсан. Мөн Ж.Г нь анхан шатны шүүх дээр хүлээн зөвшөөрсөн байдаг. Гэтэл анхан шатны шүүх нь аймгийн Засаг даргын А/209 дүгээр захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь хэт нэг талыг барьсан, сахилгын шийтгэл нь хүндэдсэн гэх хуульд байхгүй нэр томъёо хэрэглэсэн гэж үзэж байна. Нийтийн албан тушаалтан, төрийн албан хаагч нь Монгол Улсын хууль тогтоомжийг нэг мөр хэрэгжүүлэн ажиллах үүрэгтэй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг дахин хянаж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

Нэхэмжлэгч Ж.Г нь “Баянхонгор аймгийн Засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн А/209 дүгээр захирамжийг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгах”-ыг хүссэн нэхэмжлэл гаргасан.

Маргаан бүхий Баянхонгор аймгийн Засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн "Бууцагаан сумын ерөнхий боловсролын сургуулийн захирал Ж.Г-т ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулж, хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай" А/209 дүгээр захирамжаар Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3, 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5, Төрийн аудитын газрын 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 54/93-2020/СТА-ТШЗ дугаар албан шаардлагыг тус тус баримтлан “Хөдөлмөрийн гэрээний 8.7-д заасан төсвийн хөрөнгийг зориулалтын дагуу үр ашигтай, хэмнэлттэй зарцуулж, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж, эрхэлсэн ажлаа мэргэжлийн өндөр түвшинд гүйцэтгэх үүргээ биелүүлээгүй, 10.2.6-д заасан хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулан ноцтой зөрчил гаргасан, Төрийн аудитын газрын санхүүгийн шалгалтаар “Хязгаарлалттай” санал дүгнэлт авсан” гэх үндэслэлээр Ж.Г-т ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулж, хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь холбогдох хууль болон нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл Баянхонгор аймгийн Бууцагаан сумын Засаг даргын 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 1а/54 дүгээр албан бичгээр аймгийн Засаг даргад хандан “...тус сумын Ерөнхий боловсролын сургуульд үүссэн зөрчил дутагдлыг залруулах, сайжруулах, зөвлөмж, үүрэг өгч, хариуцлага тооцож ажил сайжруулах талаар ажлын хэсэг томилуулан ажиллуулах” тухай хүсэлт гаргасны дагуу Баянхонгор аймгийн Засаг даргаас 2019 оны 10 дугаар сарын 15-16-ны өдрүүдэд ажлын хэсэг томилон ажиллуулсан байх ба аймгийн Засаг даргын 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 1а/895 дугаар албан бичгээр “Бууцагаан сумын ерөнхий боловсролын сургуулийн үйл ажиллагааны хяналт шалгалтын явцад илэрсэн зөрчил дутагдлыг арилгах, удирдах ажилтан албан хаагчдын хооронд үүссэн үл ойлголцол, маргааныг байгууллагын эрх бүхий албан тушаалтан зохих хуулийн дагуу шийдвэрлэн ажилтан, албан хаагчдад мэдэгдэх” талаар зөвлөмж хүргүүлсэн, Бууцагаан сумын Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн багш нар ажлаас гарах өргөдөл өгсөнтэй холбогдуулан Баянхонгор Аймгийн Засаг даргын дэргэдэх Санхүүгийн хяналт аудитын албанаас 2020 оны 1 дүгээр сарын 21-22-ны өдрүүдэд үзлэг шалгалт хийж, 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн илтгэх хуудсаар “...байгууллагын удирдлага, нягтлан бодогч нар нь ажилдаа хариуцлагагүй хандсан, хувийн ашиг сонирхлыг гаргасан тул шалгалтын үр дүнг Авлигатай тэмцэх газарт хүргүүлж шалгуулах”-аар шийдвэрлэжээ.

Дээрх зөвлөмж болон Баянхонгор Аймгийн Засаг даргын дэргэдэх Санхүүгийн хяналт аудитын албаны улсын ахлах байцаагч Б.Н-ын илтгэх хуудсаар тодорхойлсон зөрчлүүдээс нэхэмжлэгч Ж.Г нь өөрийн нөхөр болох Л.Б-ын банкны дансанд 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 6.500.000 төгрөг, 730.034 төгрөг, нийт 7.230.034 төгрөг шилжүүлсэн үйлдэл нь  Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т “... эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан” гэж заасанд хамаарч байна. Тодруулбал,

Нэхэмжлэгч Ж.Г нь нийтийн албан тушаалтан болохын хувьд Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг дагаж мөрдөх үүрэгтэй ба тус хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхдээ өөрийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах, удирдах, хяналт, шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, гэрээ байгуулах, эдгээрийг хэлэлцэх, бэлтгэх, оролцох зэрэг үйл ажиллагаа явуулахыг хориглоно” гэж заасныг зөрчиж өөртэй нь хамаарал бүхий этгээд болох нөхөр Л.Б-аас 7.230.034 төгрөгийн эд зүйл, бараа материал худалдан авч худалдах, худалдан авах гэрээний эрх зүйн харилцаанд оролцсон нь нотлогдож байх тул Хөдөлмөрийн гэрээний Аравдугаар зүйлийн 10.2 “Хөдөлмөрийн гэрээг цуцлах “ноцтой зөрчил”-д дараах зөрчлийг ойлгоно: 10.2.6-д “Хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулсан” гэж заасан үндэслэл бий болсон гэж үзнэ.

Түүнчлэн, Баянхонгор аймаг дахь Төрийн аудитын газрын 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 88/БНА-2020/93/СТА-ТШЗ тоот актаар “Хүүхдийн хоолны зардлын төсвийн хэмнэлтээр худалдан авалт хийж тайлант хугацааны эцэст 2869,7 мянган төгрөгийн хүнсний материал нөөцөлж үлдэгдлээр тайлагнасан” зөрчилд, мөн өдрийн 65/БНА-2020/93/СТА-ТШЗ тоот актаар “Цалингийн зардлаас байгууллагын багш, ажилтан нарт даргын 2019.12.13-ны өдрийн А/30 тоот тушаалаар 15,0 сая төгрөгийн түлшний хөнгөлөлт олгосон” зөрчилд тус тус төлбөр тогтоосон, Баянхонгор аймаг дахь Төрийн аудитын газрын 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 1/243 тоот Аудитын гэрчилгээгээр  “анхан шатны баримтгүйгээр гүйлгээ хийсэн, төсвийг зориулалт бусаар зарцуулсан” гэх үндэслэлээр “Хязгаарлалттай санал дүгнэлт” авсан, мөн газрын  2020 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 54/93-2020/СТА-ТШЗ дугаар албан шаардлагаар Ж.Г-т сахилгын шийтгэл ногдуулах арга хэмжээ авч холбогдох баримтыг ирүүлэхийг  аймгийн Засаг даргаас шаардсан үйл баримтууд тогтоогджээ.

Дээрх эрх бүхий албан тушаалтаны шийдвэр, үйл ажиллагаанд нэхэмжлэгчээс гомдол гараагүй тул хүчин төгөлдөр гэж үзэх бөгөөд эдгээр эрхийн актуудаар нотлогдсон зөрчил нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д “мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан, ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон” гэж заасанд хамаарч байна.

Гэтэл анхан шатны шүүх “...Ж.Г нь ажил үүргээ хэрэгжүүлэхдээ тодорхой хэмжээний зөрчил, дутагдал гаргасан болох нь хэрэгт авагдсан баримтуудаас харагддаг...” гэж дүгнэсэн атлаа “төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан, хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулсан зэрэг нь тогтоогдоогүй, мөн хөдөлмөрийн гэрээнд ямар зөрчлийг ноцтойд тооцох талаар тухайлан, нэг бүрчлэн тодорхой заагаагүй” гэж ойлгомжгүй, зөрүүтэй дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ”, 106 дугаар зүйлийн 106.2-т “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэж заасантай нийцээгүй.

Харин “сургуулийн захирлын гаргасан захиргааны актуудын гарын үсгийн бүрдэл дутуу, буруу хуулийн заалт үндэслэсэн, байгууллагын орон тоо, багш ажилтнуудын цалин, нэмэгдлийг тушаалаар батлаагүй, багш ажиллагсдын амралтын хугацааг баталж, амралтын эхлэх, дуусах хугацааг амралтын мэдэгдэх хуудсаар баталгаажуулдаггүй, төсөв санхүүгийн мэдээллийг хамт олонд танилцуулдаггүй, цагийн тооцоог тухай бүр хийдэггүй, ажилтан албан хаагчдын гарын үсгээр баталгаажуулдаггүй” зэрэг зөрчлүүдийн тухайд ажлаас халах сахилгын шийтгэл хүлээлгэх нь зөрчлийн хэр хэмжээнд тохирохгүй, “4.140.751 төгрөгийг шилжүүлэхдээ 2-р буюу нягтлан бодогч гарын үсэг зурахгүйгээр гүйлгээ хийсэн” гэх үйлдэл нь байгууллагын удирдлагын шууд гэм буруутай холбоогүй тул зөрчилд тооцохгүй боловч дээр тухайлан дурдсан зөрчлүүд тогтоогдож байгаа тохиолдолд ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулж хөдөлмөрийн гэрээг цуцалсаныг зөрчлийн хэр хэмжээнд тохироогүй, хүндэдсэн гэж үзэхээргүй байна.

Мөн хариуцагч нь тухайн үед хүчин төгөлдөр байсан Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15 /2020.7.01-ний өдрөөс хүчингүй болсон/ “аймаг, нийслэлийн боловсролын газрын сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийг томилох, тэдгээрийг үр дүнгийн гэрээний хэрэгжилт болон аймаг, нийслэлийн боловсролын газрын саналыг үндэслэн чөлөөлөх” гэж заасныг хэрэгжүүлээгүй, өөрөөр хэлбэл аймгийн боловсролын газрын саналыг аваагүй байх боловч хөдөлмөрийн сахилгын шийтгэл хүлээлгэж ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалж байгаа энэ тохиолдолд “санал аваагүй” гэх нөхцөл байдал нь маргаан бүхий актыг хүчингүй болгох үндэслэл болж чадахгүй гэж шүүх үзлээ.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэв. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 121 дүгээр зүйлийн 121.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 16 дугаар шийдвэрийг хүчингүй болгож,  Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ж.Г-ийн “Баянхонгор аймгийн Засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн А/209 дүгээр захирамжийг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

                ШҮҮГЧ                                                          Д.БАТБААТАР

                ШҮҮГЧ                                                          Э.Лхагвасүрэн

                ШҮҮГЧ                                                          О.НОМУУЛИН