Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 17 өдөр

Дугаар 221/МА2020/0545

 

“А” ХХК-ийн гомдолтой зөрчлийн хэргийн тухай

            Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Д.Баатархүү, О.Номуулин нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Улаанмуна, нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Б, хариуцагч М.Т /цахимаар/ нарыг оролцуулан, Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 08 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлоор “А” ХХК-ийн гомдолтой, Увс аймгийн Татварын хэлтсийн татварын улсын ахлах байцаагч М.Т-д холбогдох зөрчлийн хэргийг шүүгч О.Номуулин илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 08 дугаар шийдвэрээр: Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 8.1 дэх хэсэгт заасныг баримтлан гомдол гаргагч “А” ХХК-ийн гомдлыг бүхэлд нь хангаж, Увс аймгийн Татварын хэлтсийн татварын улсын ахлах байцаагч М.Т-ын 2020 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 0176457 дугаартай “Зөрчилд шийтгэл оногдуулах” тухай шийтгэлийн хуудсыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож шийдвэрлэжээ.

  Хариуцагч шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “...Иргэн М.*******л “А” ХХК-ийн барьсан орон сууцаас 64.4 сая төгрөгийн үнэ бүхий байрыг худалдан авахаар урьдчилгаа төлбөрийг “Орон сууцны барилгыг захиалан бариулах гэрээ”-г байгуулж 4 сая төгрөгийн үлдэгдэлтэйгээр 15.3 сая төгрөгийг иргэн Ө.Бат-Очирын дансаар шилжүүлсэн байдаг. Гэтэл ипотекийн зээлээр олгогдсон 45.1 сая болон урьдчилгаа төлбөрийн үлдэгдэл болох 4 сая, нийт 49.1 сая төгрөгийн цахим төлбөрийн баримтыг 2019 оны 12 сард “А” ХХК-ийн нэрээр хэвлэж өгсөн, мөн иргэн М.*******л тус хэлтэст гомдол гаргасны дараагаар “А” ХХК нь түүний гомдлыг барагдуулан 15.3 сая төгрөгийн баримтыг нөхөн олгож хэвлэж өгч байгаа нь гаргасан зөрчлөө хүлээн зөвшөөрч байгаа гэж үзэхээр байхад эрх, үүргийн харилцаа үүсээгүй гэж шүүх үзсэн. Иргэн М.С-ын ирүүлсэн гомдлыг хянан шалгаад Зөрчлийн тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 3, 4 дэх заалтыг баримтлан 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс мөрдөгдөж эхэлсэн Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 11.19 дүгээр зүйлийн 12. “Үйл ажиллагаа явуулж байгаа хүн, хуулийн этгээд бэлэн мөнгөний системийн хэрэглэгч гишүүнд бэлэн мөнгөний тасалбар олгоогүй, олгохоос татгалзсан, эсхүл үнийн дүнгээс зөрүүтэй олгосон тохиолдолд:12.2 “бэлэн мөнгөний тасалбарыг борлуулалтын үнийн дүнгээс зөрүүтэй олгосон бол тайлант сарын хугацаанд олсон орлогын үнийн дүнгийн 20 хувиар торгуулийн арга хэмжээг авах бүрэн боломжтой байсан ба шийтгэлийн үнийн дүн хэт өндөр байсан тул дээрх зүйлийн 12.1 дэх хэсэгт заасан “бэлэн мөнгөний бүртгэлийн тасалбар олгоогүй бол тайлант сарын хугацаанд олсон орлогын үнийн дүнгийн хоёр хувь”-аар торгох хуулийг үндэслэн баримт хэвлэж өгөөгүй холбогдох 2018 оны 12 сар болон 2019 оны 4 сарыг зөрчил гаргасан сар гэж үзсэн. 2018 оны 12 сард шилжүүлсэн 15.3 сая төгрөгийн үнийн дүнд баримт олгоогүй тул зөрчил гаргасан сар, 2019 оны 4 сард шилжүүлсэн 45.1 сая, урьдчилгаа төлбөрийн 4 сая, нийт 49.1 сая төгрөгийн үнийн дүнд тухайн сард нь баримтыг олгохгүйгээр 2019 оны 12 сард нөхөж олгосон тул 2019 оны 4 сард олгох байсан гэж үзэж шийтгэлийг оногдуулсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, “А” ХХК нь иргэн М.С-д цахим төлбөрийн баримт олгоогүй гомдолд шийтгэл оногдуулсан 0176457 дугаартай шийтгэлийн хуудсыг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч “А” ХХК нь “Увс аймгийн Татварын хэлтсийн татварын улсын ахлах байцаагч М.Т-ын 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 0176457 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ “Зөрчлийн тухай хуулийн хүчингүй болсон заалтаар шийтгэл оногдуулсан, М.*******лын худалдаж авсан орон сууцны төлбөрт 2018, 2019 онд төлсөн дүнгээр баримт нөхөж олгосон, зөрчлийн хэрэг нээсэн тогтоол алдаатай, эрх үүрэг танилцуулаагүй, иргэн М.С нь хувь хүнтэй гэрээ хийсэн байхад тус компанид шийтгэл оногдуулсан нь хууль зөрчсөн” гэж маргажээ.

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ ач холбогдол бүхий нотлох баримтыг дутуу бүрдүүлсэнээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд иргэн М.*******л нь “А” ХХК-иас 2018 онд 64,4 сая төгрөгөөр орон сууц худалдан авахаар тохиролцож, 2018 оны 11 дүгээр сарын 16-нд 10.000.000 төгрөг, 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 4.443.100 төгрөг, 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдөр 889.200 төгрөг, нийт 15.332.300 төгрөг төлсөн, 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдөр 4.000.000 төгрөг, 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр 45.108.700 төгрөг, нийт 49.108.700 төгрөг төлсөн нь зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад холбогдогч компанийн захирал Ө.Б, нягтлан бодогч Н.Б, хохирогч М.С нарыг асууж авсан тэмдэглэл, төлбөр төлсөн дансны хуулга, “А” ХХК-ийн авлага өглөгийн дэлгэрэнгүй тайлан, 2018 онд төлөгдсөн 15.332.300 төгрөгийн дүнгээр төлбөрийн баримт нөхөн олгосон үйл баримт зэргээр тогтоогдсон.

Иймд нэхэмжлэгч “А” ХХК болон иргэн М.С нарын хооронд худалдах, худалдан авах гэрээний эрх зүйн харилцаа үүссэн гэж үзэх бөгөөд иргэн Ө.Бат-Очирын дансанд урьдчилгаа төлбөр орсон, Орон сууцны барилгыг захиалан бариулах гэрээг бичгийн хэлбэрээр Ө.Б-той байгуулсан  нь дээр дурдсан баримтуудыг үгүйсгэх үндэслэл болж чадахгүй.

Гэтэл анхан шатны шүүх “иргэн М.С болон “А” ХХК-ийн хооронд эрх үүргийн харилцаа үүссэнийг нотлох хуулийн хүчин төгөлдөр гэрээ байгуулагдсан эсэхийг тогтоогоогүй” гэж дүгнэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэж заасантай нийцээгүй, энэ талаар гаргасан хариуцагчийн гомдол үндэслэлтэй.

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3 “Албан татвар суутган төлөгч доор дурдсан үйл ажиллагааг хэрэгжүүлнэ: 17.3.2-т “бараа, ажил, үйлчилгээг борлуулсан тухай бүр төлбөрийн баримтыг татвар төлөгчид олгоно” гэж зааснаар нэхэмжлэгч нь худалдан авагч М.С-ын 2018 онд төлсөн төлбөрт тухай бүр нь төлбөрийн баримт олгох үүрэгтэй байсан бөгөөд Зөрчлийн тухай хуулийн 2.4 дүгээр зүйлийн 2-т “Зөрчил тодорхой хугацаанд үргэлжилсэн бол үйлдэгдэж дууссан, эсхүл таслан зогсоогдсон үеийг зөрчил үйлдсэн хугацаанд тооцно” гэж зааснаар тооцвол 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдөр 889.200 төгрөг төлөхөд төлбөрийн баримт олгоогүйг зөрчил үйлдсэн хугацаанд тооцохоор байна.

Хэдийгээр орон сууцны үнэ бүрэн төлөгдөж дуусаагүй ч жил дамнан төлөгдөх хэсэгчилсэн үүргийн тухайд 2018 оны борлуулалтад 2019 онд төлбөрийн баримт өгөх боломжгүй тул тайлант жилдээ багтаж төлбөрийн баримтаа олгох нь Татварын хууль тогтоомжоор хүлээсэн татвар төлөгчийн үүрэгт нийцэх бөгөөд ийнхүү 15.332.300 төгрөгийн дүнгээр төлбөрийн баримт олгоогүй зөрчил нотлогдсон, хэргийн оролцогчид энэ талаар маргаагүй.

Харин “А” ХХК-ийн зөрчил үйлдсэн хугацааг 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрөөр тооцож шийтгэл ногдуулахдаа тухайн үед хүчин төгөлдөр байсан Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 12.1-д “бэлэн мөнгөний бүртгэлийн тасалбар олгоогүй бол тайлант сарын хугацаанд олсон орлогын үнийн дүнгийн хоёр хувь” гэж заасныг, эсхүл 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс мөрдөгдөж байгаа Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 8.1-д “төлбөрийн баримт олгоогүй бол өмнөх тайлант сарын хугацаанд олсон орлогын үнийн дүнгийн хоёр хувь” гэж заасны алийг хэрэглэх нь Зөрчлийн тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 4-т “Зөрчилд тооцохгүй болсон, оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээг хөнгөрүүлсэн, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заасанд нийцэх эсэхэд дүгнэлт өгөх шаардлагатай байжээ.

Хариуцагч улсын байцаагч нь тухайн үед хүчин төгөлдөр байсан Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 12.1-д зааснаар 2018 оны 12 дугаар сарын борлуулалтын орлого болох 772.811.712 төгрөгийн 2 хувиар тооцож 15.456.234 төгрөгийн торгох шийтгэл ногдуулсан байх бөгөөд 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс мөрдөгдөж байгаа Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 8.1-д заасан өмнөх тайлант сар буюу 2018 оны 11 дүгээр сард олсон орлогын үнийн дүнгээс тооцож торгуулийн хэмжээг тогтоосноор нэхэмжлэгчийн эрх зүйн байдал дээрдэх эсэхэд дүгнэлт өгөх боломжтой, маргаан бүхий актын хууль хэрэглээ тодорхойлогдох учиртай.

Харин 2019 оны 4 дүгээр сард төлөгдсөн 49.108.700 төгрөгийн төлбөрийн баримтыг 12 сард олгосон гэх зөрчлийн талаар гомдол мэдээлэл  гараагүй  бөгөөд

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1.1-д “хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад энэ хуулиар шалган шийдвэрлэхээр харьяалуулсан зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн” гэж зааснаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулах үндэслэл болох ч зөрчил арилсанаас хойш, хохирогчийн эрх зөрчигдөөгүй цаг хугацаанд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан нь буруу.

           Иймд 2019 оны 4 дүгээр сарын борлуулалтын орлогын 2 хувиар тооцож торгосон нь үндэслэлгүй талаар шүүхийн хийсэн дүгнэлт зөв гэж үзнэ.

Хэрэгт авагдсан баримтаар “А” ХХК-ийн 2018 оны 11 дүгээр сард олсон орлого тодорхойлогдохгүй, аль хуулийг хэрэглэх нь нэхэмжлэгчийн эрх зүйн байдал дээрдэх эсэхэд давж заалдах шатны шүүх дүгнэлт өгөх боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 08 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2, 113.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш таван хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

             

 

                ШҮҮГЧ                                                        Д.БАТБААТАР

                ШҮҮГЧ                                                         Д.БаатарХҮҮ      

                ШҮҮГЧ                                                         О.НОМУУЛИН