Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Батсүрэнгийн Ундрах |
Хэргийн индекс | 102/2017/00522/и |
Дугаар | 001/ХТ2018/00522 |
Огноо | 2018-04-03 |
Маргааны төрөл | Гүйцэтгэгчийн эд хөрөнгө үнэлсэн маргаан, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2018 оны 04 сарын 03 өдөр
Дугаар 001/ХТ2018/00522
Б.Эын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 102/ШШ2017/02976 дугаар шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 46 дугаар магадлалтай,
Нэхэмжлэгч: Б.Э
Хариуцагч: Ннд холбогдох
Анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Нэхэмжлэгч Б.Эын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн
Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.С, нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016-01-15-ны өдрийн 629 дугаар шийдвэрээр Б.Эаас 149.021.766 төгрөг гаргуулж, “П” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн.Энэ ажиллагаанд Н албадан гүйцэтгэх ажиллагаа хийж байгаа. Үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, 51 дүгээр байр, 84 тоот орон сууцыг анхны албадан дуудлага худалдаанд 2017-06-21-ний өдрийн 10 цагт оруулах мэдэгдлийг 2017-06-09-ний өдөр хүлээн авч мэдсэн. Дээрх орон сууцны үнэлгээг 88сая төгрөгөөр үнэлсэн байхад шийдвэр гүйцэтгэгч 61.600.000 төгрөгөөр анхны албадан дуудлага худалдаанд оруулж буй нь хууль зөрчиж байна. Н орон сууцыг анхны албадан дуудлага худалдаанд үнэлгээ бууруулан оруулж байгааг хууль бус гэж үзэж байна.Иймд Анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хариу тайлбартаа: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2016-01-15-ны өдрийн 629 дугаар шийдвэрээр Б.Эаас 149.021.766 төгрөг гаргуулж “Пүрефинанс ББСБ” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч Б.Эын барьцаалсан Ц.Сүлдгэрэл, Д.Мөнхтуяа нарын өмчлөлийн Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, 51 дүгээр байр, 84 тоотод байрлах 40 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 36 дугаар зүйлд заасны дагуу 2016-05-18-ны өдөр 171/01-р тогтоолоор битүүмжилж, 2016-08- 01-ний өдрийн 171/03 тогтоолоор хураан авсан. Б.Э, Ц.Сүлдгэрэл, Д.Мөнхтуяа нараас 2016-08-01-ний өдөр Иргэний хуулийн 177.1-т заасны дагуу албадан дуудлага худалдаанд оруулах үнийн санал авахад 300сая төгрөгийн санал өгсөн.Үүнийг төлбөр авагч хүлээн зөвшөөрөхгүй, шинжээч томилох хүсэлт гаргасан. Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 31, 37 дугаар зүйлүүдэд заасны дагуу үнэлгээ хийлгэсэн. “Мөнх-Оргил Трейд” ХХК орон сууцыг 88сая төгрөгөөр үнэлсэн. Төлбөр төлөгч Б.Э, өмчлөгч Ц.Сүлдгэрэл, Д.Мөнхтуяа нарт энэ талаар 2016-08-11-ний өдрийн 3/25469 дугаар мэдэгдлийг мэдэгдэж, тэмдэглэл хөтөлсөн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад Б.Э 2016-08-24-ний өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасныг шүүх 2016-12-16-ны өдрийн 181/ШШ2016/01586 дугаар шийдвэрээр хэрэгсэхгүй болгосныг давах, хяналтын шатны шүүх хэвээр үлдээсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үргэлжлэн явагдаж барьцаа хөрөнгийг Иргэний хуулийн 177.1-т заасны дагуу 88сая төгрөгийн 70 хувь буюу 61.600.000 төгрөгөөс анхны дуудлага худалдаанд 2017-06-21-ний өдөр оруулахад үнийн санал ирээгүй. Үл хөдлөх хөрөнгийн анхны албадан дуудлага худалдааны талаар 2017-06-09-ний өдрийн 3/16739 дугаартай мэдэгдлийг хүлээлгэн өгч тэмдэглэл хөтөлсөн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 102/ШШ2017/02976 дугаар шийдвэрээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай 2002 оны хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3 дахь хэсэгт заасныг баримтлан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгох тухай нэхэмжлэгч Б.Эын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Эаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэсэн байна.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 46 дугаар магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 102/ШШ2017/02976 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхижээ.
Нэхэмжлэгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 629 дугаар шийдвэрээр Б.Эаас 149.021.766 төгрөг гаргуулж, Пүре финанс ББСБ-д олгохоор шийдвэрлэсэн. Н гүйцэтгэх ажиллагаа хийхдээ үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, 51 дүгээр байр, 84 тоот, орон сууцыг анхны албадан дуудлага худалдаанд 2017-06-21-ний өдрийн 10 цагт оруулах болсныг 2017-06-09-ний өдөр мэдлээ. Орон сууцын үнэлгээг 88 сая төгрөгөөр үнэлсээр байхад 61.600.000 төгрөгөөр анхны албадан дуудлага худалдаанд оруулж буй нь хууль зөрчиж байна. Иймд анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгож өгнө үү. Мөн Б.Э миний өмгөөлөгчийг хэргийн материалтай танилцуулаагүй, шүүх хуралд оролцуулалгүй шүүх хуралдаан хийсэн нь хуулийг ноцтой зөрчиж байна. Иймд албадан дуудлага худалдааг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Б.Э 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Ннд холбогдуулан нэхэмжлэл гаргаж, анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах шаардлага тавьж, үндэслэлээ “... Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 19-р хороо, 4-р хороолол, 51-р байр, 84 тоот 3 өрөө орон сууцыг шинжээч 88.000.000 төгрөгөөр үнэлсэн байхад 61.600.000 төгрөгөөр дуудлага худалдаанд оруулж буйг зөвшөөрөхгүй...” гэж тайлбарлажээ.
Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосныг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн байна.
Хяналтын шатны шүүхэд гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 102/ШШ2016/00629 дугаар шийдвэрийг хариуцагч албадан гүйцэтгэх явцдаа Улаанбаатар хотын Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, 51-р байрны 84 тоот 3 өрөө орон сууцыг битүүмжлэн хурааж албадан дуудлага худалдаанд оруулахаар үнэлгээ хийлгэсэн байна.
Төлбөр төлөгч эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулахыг шаардаж шүүхэд хандсан байх бөгөөд уг нэхэмжлэлийг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 181/ШШ2016/01586 дугаар шийдвэрээр хэрэгсэхгүй болгосоныг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 403 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 001/ХТ2017/00564 дугаар тогтоолоор хэвээр үлдээжээ.
Үнэлгээг хүчингүй болгох шийдвэр хүчин төгөлдөр болсон тул хариуцагч шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үргэлжлүүлэн явуулсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн /2002/ 4-р зүйлд нийцсэн байна.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба нь анхны албадан дуудлага худалдааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, Иргэний хуульд заасан журмын дагуу товлож, талуудад мэдэгдсэн байх бөгөөд энэ ажиллагаатай холбоотой нэхэмжлэгчийн гомдлыг хангах үндэслэл тогтоогдоогүй тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :
1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 102/ШШ2017/02976 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 46 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ Б.УНДРАХ