Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 670

 

            Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Болортуяа даргалж,

Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга: Б.Ууганзаяа хөтлөн,

Улсын яллагч: Г.Билгүүжин,

Шүүгдэгч: Б.О-нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1805060550000дугаартай хэргийг 2019 оны 7 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1986 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, “Ариун-Очир” констракшн ХХК-д засварчин ажилтай, ам бүл 6, эх, эгч, ах, дүү, охин нарын хамт Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Дарь-Эхийн 0-тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэгдэж байгаагүй, Х- овогт Б.О-.

 

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

 

Яллагдагч Б.О-нь 2018 оны 11 дүгээр сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Д-” караокед иргэн Ж.Б-ийг шат руу түлхэж унаган эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Б.О-г хүний эрүүл хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:

 

 Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дараах нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үзээд дүгнэвэл:

 

Хэрэгт авагдсан хохирогч Ж.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “2018 оны 11 дүгээр сарын 24-25-нд шилжих шөнө манай ажил болох Баянгол дүүргийн 17 дугаар хороо, Д- караокед 2 эмэгтэй, 3 залуу, 2 номерын өрөөнд орж 2 шил 0.75 литрийн Соёрхол нэртэй архи авч уусан. Тэгээд хоорондоо маргалдаад зодолдоод байхаар нь би 2 номерын өрөөнд яваад ороход нэг залуу удирдлага барьчихсан байхаар нь би удирдлагыг авч гайгүй болгоод гарах гэж байхад уг маргалдаж байсан хоёр залуу дахин маргалдсан. Тэдгээр хүмүүс гарч явах гэхээр нь тооцоогоо хий гэхэд хоёр эмэгтэй нь тооцоогоо хийчихсэн гэсэн. Тэгэхэд хажуунаас нь хамт явсан залуу нь тооцоогоо хийгээгүй шүү дээ гэсэн. Би цагдаа дуудсан. Энэ үед хоёр эрэгтэй нь гараад явчихсан, нэг үлдсэн эрэгтэй нь согтуу байхаар нь элбээд гаргах гэтэл хаалга сонин болгочихсон. Тэгээд уг залуу хоёр эмэгтэйг цагдаа иртэл байлгаж байя гэж бодоод хаалганы хажууд хаалгаа түгжих гээд зогсож байхад залуу нь намайг үсдэж, манай зөөгч рүү дайрсан. ... 2 номерын өрөөнд үйлчлүүлж байсан хар куртиктэй, намхан бүлцгэрдүү нүдтэй,   шар хүүхэн намайг  шат руу түлхэж унагаасан. Би босох гэхэд миний нуруу эвгүй болсон байсан... Би Б.О-гаас хаалга эвдэрсэн хохирлын мөнгө болон эмчилгээний зардалаа бүрэн авсан тул бид хоёр сайн дурын үндсэн дээр эвлэрсэн. Одоо надад гомдол санал байхгүй, хуралд оролцохгүй. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү...” /хх-ийн 09-10, 39-40 тал/,

 

Гэрч Г.Д-гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2018 оны 11 дүгээр сарын 24-нд Баянгол дүүргийн 17 дугаар хороо, Д- нэртэй караокед ажиллаж байхад манай 2 номерын өрөөнд хоёр залуу, хоёр эмэгтэй орсон. Тэгээд уг хоёр залуу хоорондоо зодолдоод нэгнийх нь нүүр ам нь цус болсон байсан. Уг залуу караокены удирдлагаар цохиж толгой нь бас хагарсан байсан. ...Эдгээр хүмүүс тооцоогоо хийлгүй явах гэхээр нь Бямбасүх эгч тооцоогоо хийгээд гараарай гээд араас нь очиход нэг намхандуу бордуу царайтай ахимаг насны эмэгтэй шатнаас түлхээд унагасан. Тэгээд гараад явсан...” /хх-ийн 11 тал/,

 

Гэрч Б.Ө-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2018 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр манай ажлын газрын хүн байрны найр хийсэн. Найрнаас би Наранбаатар, О-, Ган-Эрдэнэ нарын хамт гараад Баянгол дүүргийн 17 дугаар хороо Д- караокены текний урдаас харсан өрөөнд ороод 0.75 литр, 0.5 литрийн 2 шил архи аваад бид 4 хувааж уугаад би өрөөнөөс гарахад зодоон болж байсан. Би тухайн үед согтуу байсан болохоор сайн санахгүй байна. Тухайн үед нэг сэрэхэд Наранбаатар согтуу байсан болохоор гаргахгүй байсан. Тэгээд уг караокены эзэнтэй маргалдсан. О- архи уусан байсан, гэхдээ тухайн үед болсон үйл явдлыг бүгдийг нь мэдэж байсан. Маргааш нь О-тай ярихад тухайн үед болсон зүйлийг надад хэлсэн. Караокены эгч хаалга түгжчихээд намайг гаргахгүй гээд байсан гэсэн...” /хх-ийн 12-13 тал/,

 

Шүүгдэгч Б.О-гийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: “... Яллагдагчаар татсан тогтоолтой танилцлаа. Сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна. Согтуу байснаас ийм зүйл болсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 25 тал/ гэх мэдүүлгүүд,

 

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 14078 дугаартай “Ж.Б-гийн биед ахар сүүлний 2-р нугалмын зөрүүгүй хугарал, баруун өгзөгт цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой..” гэх дүгнэлт, эд зүйлд үнэлгээ хийсэн Ашид Билгүүн ХХК-ийн тайлан /хх-ийн 16, 39-43 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч Б.О-нь 2018 оны 11 дүгээр сарын 24-25-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 17 хорооны нутаг дэвсгэрт байрлах Д- караокед тус караокены ажилтан, хохирогч Ж.Б-тэй төлбөр тооцооны асуудлаас болж маргалдан, түүнийг шат руу түлхэж унагасаны улмаас хохирогчийн биед хүндэвтэр гэмтэл учирсан үйл баримт хангалттай нотлогдож тогтоогдсон байна.   

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.                                                                                    

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

 

Хохирогч Ж.Б-гийн биед “... ахар сүүлний 2-р нугалмын зөрүүгүй хугарал, баруун өгзөгт цус хуралт, зөөлөн эдийн няцрал” бүхий гэмтэл учирсан болох нь хэргийн 16 дахь талд авагдсан шинжээч эмчийн 14078 дугаартай дүгнэлтээр нотлогдсон ба энэ гэмтэл нь шүүгдэгч Б.О-гийн хохирогчийг шат руу түлхсэн гэмт үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна.

 

Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 216/422 дугаар “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.3.1-т “гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос дээш буюу удаан хугацаагаар сарниулсан...” тохиолдолд гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарахаар заасан тул шинжээч эмчийн 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 14078 дугаар дүгнэлт үндэслэлтэй.

 

Мөн шүүгдэгч Б.О-гэмт үйлдэлдээ идэвхтэй бөгөөд ухамсартай хандаж, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй гэж үзнэ.

 

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийн үндсэн шинж хангагдсан гэж дүгнэлээ.  

 

Прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, бүрдэл хангагдсан тул шүүгдэгч Б.О-г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

Хохирогч Ж.Б- мөрдөн шалгах ажиллагаанд “О-тай сайн дурын үндсэн дээр эвлэрч, хохирол, эмчилгээний төлбөрөө бүрэн барагдуулж авсан. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” /хх-ийн 57 тал/ гэсэн, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.О-“хохирол хор уршигт тооцож 2 сая төгрөгийг хохирогчид төлж барагдуулсан” гэж мэдүүлж байх тул шүүгдэгчээс гаргуулах хохирол, төлбөргүй байна.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч Б.О-нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд ял шийтгэх үндэслэлтэй.

 

 Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой Б.О-гийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхний лавлагаа оршин суугаа хаягийн тодорхойлолт, Эд хөрөнгөтэй эсэх лавлагаа, А-ХХК-ийн 2019 оны 3 дугаар сарын 04-ны өдрийн 19/033 дугаартай тодорхойлолт, Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны засаг даргын тодорхойлолт, Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 28-34, 52 тал/ зэрэг бичгийн нотлох баримтууд хэрэгт авагдсан ба шүүгдэгч нь Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, 3 хэсэг, Их Дарь эх 1-14 тоотод ам бүл зургуулаа оршин суудаг, хувьдаа ямар нэгэн хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөгүй, А- ХХК-д сарын 600.000 төгрөгийн цалинтай туслах ажилтан хийдэг, анх удаа хөнгөн ангиллын гэмт хэрэгт холбогдсон байна.  

 

Шүүгдэгч Б.О-д ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан “учруулсан хохирлыг төлсөн” хөнгөрүүлэх байдал тогтоогджээ.

Шүүгдэгч Б.О-гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна.

Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал хангагдсан гэж дүгнэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болно. 

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зургаан зуун таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 605.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг Б.О-д танилцуулсныг тэрээр хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй гэж үзнэ.

Иймд шүүгдэгч Б.О-гийн хувийн байдал, хохирогчид учруулсан хохирлын шинж, хуулинд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал болон талуудын ялын талаар тохиролцсон зэргийг харгалзаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 605 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 605.000 төгрөгөөр торгох ял шийтгэж шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно” гэж, мөн зүйлийн 5 дахь хэсэгт "Ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солино” гэж тус тус заасан.

 

Иймд шүүгдэгч Б.О-гийн хувийн байдлыг харгалзаж, шүүхээс оногдуулсан 605 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650.000 төгрөгийн торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдэх нь зүйтэй.  

 

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Б.О-г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэнтэй холбогдуулан өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 17.5, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Х- овогт Б.О-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Б.О-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 605 /зургаан зуун тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 605.000 /зургаан зуун таван мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О-д оногдуулсан 605 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 605.000 төгрөгөөр торгох ялыг 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 2, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О-торгох ялыг шүүхээс тогтоосон 5 /тав/ сарын хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч Б.О-нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.О-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.БОЛОРТУЯА