Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 2019/ДШМ/520

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Од холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Д.Очмандах, Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Билгүүжин,

шүүгдэгч Б.О,

нарийн бичгийн дарга Б.Болорчимэг нарыг оролцуулан,

            Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 690 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Г.Билгүүжиний бичсэн 2019 оны 5 дугаар сарын 1-ний өдрийн 5 дугаартай улсын яллагчийн эсэргүүцлээр Б.Од холбогдох 1805060550280 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Х овгийн Б-ны О, 1986 оны 3 дугаар сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, эмэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, “Ариун Очир констракшн” ХХК-д засалчин ажилтай, ам бүл 6, эх, эгч, ах, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Дарь-Эхийн 1-14 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй,

            Б.О нь 2018 оны 11 дүгээр сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Даймонд” караокед, иргэн Ж.Бямбасүхийг шат руу түлхэж унаган эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Баянгол дүүргийн прокурорын газраас: Б.Огийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад "хэргийг прокурорт буцаах"-ыг зохицуулж, үндэслэлийг нь "хэргийг буруу тусгаарласан бол", "шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй, мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх бол", "мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн бол" гэж тодорхойлсон байдаг.

Шүүгдэгч Б.Од холбогдох хэргийн үйл баримтаас үзэхэд тухайн цаг хугацаанд дан ганц "Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг" үйлдэгдээгүй, өөр төрлийн гэмт хэрэг үйлдэгдсэн гэж үзэхээр байна.

Олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах гэмт хэрэг буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, эсхүл эд хөрөнгө устгаж, гэмтээж, эсхүл эдгээр үйлдэлд өдөөн турхирч, татан оруулж хүний халдашгүй, чөлөөтэй байх, эд хөрөнгө өмчлөх эрхийг зөрчиж, аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан бол ..." гэж хуульчилсан.

Тухайн үед болсон асуудлын талаарх мэдүүлгүүд нь Олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах гэмт хэргийн үндсэн шинжид нийцнэ.

Өөрөөр хэлбэл, энэ гэмт хэргийн шинж нь хэн нэгний эрүүл мэндэд хохирол учруулсан байхыг шаардахгүй. Харин нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэсэн, эсхүл эд хөрөнгө устгасан, гэмтээсэн, эсхүл эдгээр үйлдэлд өдөөн турхирсан, хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэнд халдсан, байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан байхыг тус тус шаарддаг.

Биеийн эрүүл мэнд, эд хөрөнгөөр хохирсон хохирогч бус олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулснаар энэ гэмт хэргийн шинж бүрддэг онцлогтой.

Тухайлбал, караокегоор үйлчлүүлсэн, тооцоогоо хийхгүй гэж маргаж байгаа, улмаар караоке-ны ажилтныг үсдсэн, караоке дотор өөр хоорондоо зодоон хийж байгаа зэрэг нь байгууллагын хэвийн үйл ажиллагаа алдагдуулж байгаа явдал юм.

Түүнчлэн, тус караокегоор үйлчлүүлж байсан бусад хүмүүсийн тав тухтай байж үйлчлүүлэх нөхцөлийг нь алдагдуулж байгаа явдал нь олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэж үзэх үндэслэл болно.

Гэтэл мөрдөн шалгах ажиллагааны явцад дээрх үйл баримтуудад хууль зүйн ямар нэгэн дүгнэлт өгч, хэргийг шалгахгүйгээр зөвхөн "Хүний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан" гэдгээр яллах дүгнэлт үйлдэж, улмаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн нь учир дутагдалтай байх тул "шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх бол" гэсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг баримтлан яллагдагч Б.Од холбогдох 1805060550280 дугаартай эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр Баянгол дүүргийн прокурорын газарт буцааж шийдвэрлэжээ.

Прокурор Г.Билгүүжин бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Яллагдагч Б.О нь 2018 оны 11 дүгээр сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Даймонд” караокед иргэн Ж.Бямбасүхийг шат руу түлхэж унаган эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, шүүхэд шилжүүлсэн нь үндэслэлтэй.

Учир нь, хохирогч Ж.Бямбасүх нь "...Тооцоогоо хийхгүй явах гээд байхаар нь тооцоогоо хийгээд гараарай. ..." гэж яллагдагч Б.О нарт хандаж хэлсний улмаас хувийн таарамжгүй харьцаа үүссэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр илэрч байна.

Гэтэл анхан шатны шүүхээс яллагдагч Б.О нарыг тодорхой шалтгаан, зорилгогүйгээр Ж.Бямбасүхийн эрх чөлөөнд халдаж, бүлэглэн нийтийн хэв журмыг зөрчсөн гэж дүгнэсэн нь ойлгомжгүй бөгөөд хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлд заасан "Олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах" гэмт хэргийн үндсэн шинж нь нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчих ба уг шинжид үндэслэн аж ахуй нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан тохиолдолд "Олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах" гэмт хэргээр зүйлчлэхээр хуульчилжээ.

Хэрэгт цугларсан хохирогч Ж.Бямбасүхийн "...Намайг “тооцоогоо хийгээрэй” гэхэд хоёр эмэгтэй нь “тооцоогоо хийчихсэн” гэсэн ба хамт явсан залуу нь “тооцоогоо хийгээгүй шүү дээ” гэж хэлсэн. Би цагдаа дуудсан. ...Цагдаа нарыг ирэхэд нь байлгаж байя гэж бодоод хаалганы хажууд хаалга түгжих гээд зогсож байхад намхан, бүлцэндүү нүдтэй, шар эмэгтэй нь намайг шат руу түлхэж унагаагаад караокены хаалгыг савж эвдээд гараад явсан. ...Залуу нь намайг үсдэж, манай зөөгч рүү дайрсан. ...",

гэрч Г.Дайриймаагийн "...Тооцоогоо хийгээд гар гээд араас нь очиход уг намхандуу, бордуу царайтай, ахимаг насны эмэгтэй шатнаас түлхэж унагаагаад гараад явчихсан. ..." гэх мэдүүлгүүд зэрэг нотлох баримтаар тэднийг бүлэглэн нийтийн хэв журмыг зөрчсөн гэж үзэх боломжгүй бөгөөд хохирогч Ж.Бямбасүх нь хүн тус бүр дээр очиж “...Тооцоогоо хий. ...” гэж хэлэх үед тус тусдаа маргалдаж, ноцолдсон болох нь тогтоогдсон.

Мөрдөн байцаалтын явцад яллагдагч Б.Отай хамт байсан хүмүүсийн үйлдлийн улмаас тухайн өдөр караоке нь үйл ажиллагаа явуулах боломжгүй, хааж зогссон зүйлгүй нь тэдний мэдүүлгээр нотлогджээ.

Анхан шатны шүүхээс Б.О нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлд заасан "Олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах" гэмт хэрэгт холбогдуулан шалгуулахаар буцаасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Энэ хуульд заасан үндэслэл, журмаас гадуур хэнийг ч нэгжих, баривчлах, хорих, мөрдөн мөшгөх, эрх чөлөөг нь хязгаарлах, өмчлөх эрхэд нь халдах, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах, гэм буруутайд тооцох, эрүүгийн хариуцлага хүлээлгэхийг хориглоно." гэж заасныг зөрчжээ.

Иймд, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 690 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эсэргүүцэл бичсэн.” гэв.

Шүүгдэгч Б.О “Тус шүүх хуралдаанд гаргах тайлбаргүй.” гэв.

                                                ТОДОРХОЙЛОХ НЬ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүгчийн захирамжид дурдсан үндэслэлээр хэргийг прокурорт буцаан мөрдөн шалгах ажиллагаа хийх шаардлагагүй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно.” гэж заасан бөгөөд хэргийн бодит байдлыг тогтоох чиг үүргийн хүрээнд шаардлагатай гэрч, шинжээч, хохирогч нарыг шүүх хуралдаанд оролцуулах хүсэлт гаргаж, прокурор хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэх боломжтойг дурдаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж зааснаар шүүх хуралдаанд хохирогч, гэрч, шинжээч нарыг дуудан оролцуулж, хэрэгт цугларч, бэхжүүлэгдсэн нотлох баримтын хүрээнд үнэлэлт, дүгнэлт өгч, прокурорын яллах дүгнэлтийн хүрээнд хэргийг хэлэлцэж шийдвэрлэх боломжтой байна.

Иймд прокурор Г.Билгүүжиний бичсэн эсэргүүцлийг хүлээн авч, шүүгчийн захирамжийг хүчингүй болгон, анхан шатны шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 690 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, Б.Од холбогдох эрүүгийн хэргийг анхан шатны шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

2. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх хүртэл Б.Од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ,

                                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                    Т.ӨСӨХБАЯР

                                    ШҮҮГЧ                                                                                    Д.ОЧМАНДАХ

                                    ШҮҮГЧ                                                                                    Г.ЕСӨН-ЭРДЭНЭ