Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 001/ХТ2018/00520

 

Г.Ягийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

          Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч  Ц.Амарсайхан, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

          2017 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 101/ШШ2017/02499 дүгээр шийдвэр,

    Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

          2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 210/МА2017/02563 дугаар магадлалтай,

          Нэхэмжлэгч: Г.Я

          Хариуцагч: “С” ХХК

          Хариуцагч: И.О

          Хариуцагч: Х.Э нарт холбогдох

      Гэм хорын хохирол, хөдөлмөрийн чадвар алдалтын нөхөн төлбөрт 61.065.897 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

          Хариуцагч “С” ХХК-ийн өмгөөлөгч Н.У хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

          Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Г.Я, хариуцагч “С” ХХК-ийг төлөөлж Х.Э, “С” ХХК-н өмгөөлөгч Н.У, нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

          Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч миний бие “С” ХХК-д ажиллаж 2012-08-05-ны өдөр тус компанийн Дорноговь аймаг дахь барилгын ажлын заслын ажлыг гүйцэтгэж байхдаа үйлдвэрлэлийн осолд орсон.Үүний улмаас гавлын ясандаа хүнд зэргийн гэмтэл авч хөдөлмөрийн чадвараа 51-70 хувь алдсан.С ХХК-ийн захирал нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 183.1-т зааснаар хэрэг үүсгэн шалгаж, хөнгөн гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн үндэслэлээр Дорноговь аймгийн прокурорын газрын 2013-08- 02-ны өдрийн 5/123 тоот тогтоолоор хэрэгсэхгүй болгосон. Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Б.Болор-Эрдэнийн 381 дүгээр дүгнэлтэд амь насанд аюултай шинжээрээ гэмтлийн хүнд зэрэгт хамаарна гэж дүгнэсэн. Миний хувьд 2012-12-27-ны өдрөөс 2013-05-27-ны өдрийг хүртэл 6 сарын хугацаанд 70%, 2013-05-27-ны өдрөөс 2013-11-27-ны өдрийг хүртэл 6 сарын хугацаанд 65%, 2013-11-22-с 2014-11-22-ны өдөр хүртэл 12 сар 65%,  2015-02-10-с 2015-08-10-ны өдрийг хүртэл 6 сарын хугацаанд 50%, 2015-08-10-с 2016-08-10-ны өдрийг хүртэл 12 сарын хугацаанд  50%, 2016-08-10-с 2017-08-10-ны өдрийг хүртэл 12 сарын хугацаанд 60% тус тус хөдөлмөрийн чадвар алдсан нь Баянгол дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комиссын хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон актаар тогтоогдсон. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28.3, Иргэний хуулийн 505.1-т эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж заасан. “С” ХХК-ийн ажлыг гүйцэтгэж байсан  тул өөрт учирсан хохирлоо иргэн Х.Э, И.О нараас бус, харин  компаниас нэхэмжилж байна. Иймд үйлдвэрлэлийн осолд орсны улмаас эмчлүүлсэн эмчилгээний зардал 4.091.206 төгрөг, 2012 оны 10 дугаар сараас 2017 оны 6 дугаар сар хүртэл нийт 57 сараар ажилгүй байсан хугацааг тооцож мөн сарын дундаж цалинг 2012 оны 7, 8, 9 дүгээр саруудад “С” ХХК-иас Л.Март болон Г.Я бидэнд олгосон нийт 6 520 000 төгрөгийн цалингийн дунджаар буюу сарын цалинг 1 086 666 төгрөгөөр тооцож тус хугацаанд авсан хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэмж 9 652 765 төгрөгийг хасч зөрүү дутуу авсан цалин нийт 52 287 197 төгрөг, Хөдөлмөрийн хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.1-д “... хөдөлмөрийн чадвар 51-70 хувь алдсан бол 9 сарын цалингийн дундажтай тэнцэх хэмжээний нөхөн төлбөрийг 1 ба түүнээс дээш удаа” гэж заасныг үндэслэн 2012 оны 7, 8, 9 дүгээр саруудад “С” ХХК-иас олгосон цалингийн дундаж 1 086 666 төгрөгөөр тооцон 9 сараар үржүүлж үйлдвэрлэлийн осолд орсны хохирлын нөхөн төлбөр 9 779 994 төгрөг, нийт 66 158 397 төгрөгөөс “С” ХХК-ийн өгсөн 5 092 500 төгрөгийг хасч үлдэх 61 065 897 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

         Хариуцагч “С” ХХК шүүхэд  гаргасан хариу тайлбартаа: Г.Я анх н.Мартын бригадын гишүүн байсан бөгөөд тухайн бригад Дорноговь аймагт баригдсан Соёмбо барилгын туслан гүйцэтгэгчээр барилгын заслын ажтл хийсэн. “С” ХХК-д байнгын ажлын байранд ажиллаж байгаагүй, хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллаж байсан. Нэхэмжлэгч нь өөрт учирсан гэмтлийн хохирлыг н.Мартаас нэхэмжлэх нь зүйтэй. Хөдөлмөрийн ажиллагааны аюулгүй байдлыг бригадын ахлагч нь хариуцах ёстойг өмнө нь хариуцагч компанийн зүгээс удаа дараа мэдэгдэж ирсэн хэдий ч эмчилгээ хийлгэх хугацаанд нь эмчилгээний зардал болон бусад төлбөрийг төлж, тусламж дэмжлэг үзүүлж 9сая орчим төгрөгийг бэлэн болон дансаар шилжүүлэн өгсөн. Түүнчлэн Г.Я олох байсан орлогоо хэрхэн тодорхойлж байгаа нь эргэлзээтэй байна. Байнгын ажлын байранд нийгмийн даатгалын дэвтэр болон хөдөлмөрийн гэрээг үндэслэн олох ёстой байсан орлогыг тодорхойлж болно. Эмчилгээний зардлын хувьд нөхөн сэргээхтэй холбоотой зардал нэхэмжилж байгаа нь хэрхэн нотлогдож байгааг харгалзан үзэх, ямар зардал гарсан гэдгийг сайн тодруулах шаардлагатай. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

        Хариуцагч Х.Э гаргасан хариу тайлбартаа: “С” ХХК нь барилгын ажлын гүйцэтгэлд харилцан тохиролцож барилгын бригад авч ажиллуулсан бөгөөд тухайн бригадын ажилчин Г.Я нь барилгын талбайд ажил гүйцэтгэж байхдаа унаж бэртсэн байсан. Г.Я барилгын талбайд унаж бэртсэний дараагаар компанийн зүгээс тухайн үед холбогдох газарт нь мэдэгдэж арга хэмжээ авч, шаардлагатай эмчилгээний төлбөрийг төлөн хийлгэж, унаа зардлын төлбөрийг бүрэн төлж барагдуулж, өөр бусад гарсан зардлыг сайн дураараа зарцуулсан баримтыг нэхэхгүйгээр төлж хохиролгүй болгосон. Өнөөдөр үндэслэлгүйгээр баримт бүрдүүлэн мөнгө нэхэмжилж байна. Холбогдох эмч, эмнэлгийн үйл ажиллагааг шалгуулах, шаардлагатай эмчилгээг хийсэн эсэхийг тогтоолгох арга хэмжээг авсны дараагаар уг асуудлыг шийдвэрлүүлэх хүсэлтэй байна. “С” ХХК нь барилгын бригадтай тохиролцсоны дагуу ажлын хөлсийг бүрэн төлж барагдуулж, ажлаа хүлээж авсан. Тиймээс Г.Ягийн нэхэмжилж буй ажлын хөлс 10 550 000 төгрөг, 12 сарын цалин 15 712 000 төгрөг, эм тарианы зардал 7 000 000 төгрөг, нийт 30 000 000 төгрөгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

          Хариуцагч И.О шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Г.Я нь “С” ХХК-ийн барьж буй барилгын ажилд туслан гүйцэтгэгчээр ажил гүйцэтгэж байхдаа унаж бэртсэн эмчилгээний зардлыг хариуцахгүй. Г.Яг бэртсэний дараагаар компаний зүгээс эмчилгээ, замын бүх зардлыг дааж, улмаар бусад зардалд нийт 8 300 000 орчим төгрөгийг ямар нэгэн баримтгүйгээр өөрт нь бэлнээр, дансаар шилжүүлсэн байдаг. Нэхэмжлэлд дурдсан гэм хорыг иргэн И.О миний бие хариуцах субьект биш тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

        Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 101/ШШ2017/02499 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасныг баримтлан “С” ХХК-иас 3.091.206 төгрөг гаргуулан Г.Яд олгож, нэхэмжлэлээс 57.974.691 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.7-д заасныг баримтлан  Г.Я нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж,  “С” ХХК-иас 64.410 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж, Г.Я нь Х.Э, И.О нараас татгалзсан болохыг дурдаж шийдвэрлэсэн байна.

        Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 210/МА2017/02563 дугаар магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 101/ШШ2017/02499 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 3 дахь заалтыг “...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар нэхэжлэгч Г.Я нь хариуцагч И.О, Х.Э нарт холбогдох нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан болохыг баталсугай” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн  гомдлыг хангахгүй орхижээ.

     Хариуцагч “С” ХХК-ийн өмгөөлөгч Н.Ууганцэцэг хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...Шүүхийн магадлалын хянавал хэсэгт дурдсанаар “....Иргэний хуулийн 497.1 дэх хэсэгт зааснаар хариуцлага хүлээлгэхийн тулд гэм хор учруулагчийн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй, гэм хор учирсан нөхцөл байдлын хоорондын шалтгаант холбоо тогтоогдсон байх шаардлагатай, анхан шатны шүүх хариуцагч С ХХК нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандартыг хангах үүргээ биелүүлж ажиллаагүй болох нь тогтоогдсон гэж дүгнэснийг буруутгах боломжгүй байна. ...Хариуцагч байгууллага Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 18.2.7, 28 дугаар зүйлд заасан үүргээ биелүүлж ажилласан болохоо нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй, уг байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй тул гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөх үндэслэл тогтоогдоогүй...” гэж дүгнэжээ. Ийнхүү дүгнэхдээ Иргэний хууль, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн холбогдох заалтыг зөв тайлбарлаж хэрэглээгүй гэж үзэх үндэслэлтэй байна. Үүнд: Шүүх Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 18.2.7 дахь заалтыг тайлбарлаж хэрэглэсэн тухайд: Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 18.2.7-д заасан өөрийгөө болон бусдыг аюул, эрсдэлд учруулахгүй байх нь ажил олгогчийн биш ажил хөдөлмөр эрхэлж байгаа иргэн, ажилтны үүргийг хуульчилсан байтал шүүхээс хариуцагч байгууллагын үүрэг гэж тайлбарласан. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийг тайлбарлаж хэрэглэсэн тухайд: Хариуцагч С ХХК нь нэхэмжлэгч Г.Ягийн өмнө Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлд заасан үүргийг хариуцахын тулд нэхэмжлэгчтэй хөдөлмөрийн болон гэрээний эрх зүйн харилцаа үүсгэсэн буюу түүний ажил олгогч байхыг шаардана. Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүхээс С ХХК нь Г.Ягийн ажил олгогч мөн эсэхэд хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийлгүйгээр Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлд заасан ажил олгогчийн үүргийг хариуцуулсан нь буруу болжээ. Хэргийг шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарууд, шүүхээс нотлох баримт гаргуулахаар шийдвэрлэсэн захирамжинд тайлбар ирүүлсэн хариуцагч байгууллагын 2014-12- 02-ны өдрийн 07 тоот албан бичиг, н.Мартад ажлын хөлс шилжүүлсэн банкны хуулга зэргээс үзэхэд С ХХК нь нэхэмжлэгч Г.Ятэй ямарваа нэгэн гэрээ хэлцэл байгуулсан үйл баримт тогтоогдоогүй ба энэ хэрэгт гэрчээр тогтоогдсон н.Марттай Иргэний хуулийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээг амаар байгуулж, н.Март тус хуулийн 347.1 дэх хэсэгт зааснаар өөрийн туслан гүйцэтгэгчийг сонгосон нь нэхэмжлэгч Г.Я байх бөгөөд түүний ажлын үр дүнг н.Март нь захиалагч буюу Сондуулт Эг ХХК-ийн өмнө хариуцсан. Иргэний хуулийн дээрх зохицуулалтаас үзвэл тухайн ажил гүйцэтгэх гэрээний эрх зүйн харилцаанд С ХХК нь захиалагч, н.Март ерөнхий ажил гүйцэтгэгч, нэхэмжлэгч Г.Я ажил гүйцэтгэгч болох нөхцөл байдал тогтоогдоно. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 4 дүгээр зүйлд тус хуулийн үйлчлэх хүрээг тодорхойлсон байх ба хуулийн 4.1.3-т зааснаар “Иргэд хоорондын гэрээгээр ажиллагчид” гэж зааснаас үзэхэд иргэн н.Март болон нэхэмжлэгч Г.Я нарын хооронд үүссэн эрх зүйн харилцаанд тус хууль мөн адил үйлчлэх бөгөөд нэхэмжлэгчийг гэрээгээр ажиллуулсан иргэн н.Март нь түүний хувьд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандартыг хангах үүргийг хэрэгжүүлэх үүрэг бүхий субьект болохоор байна. Энэ нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28.3 дахь хэсэгт зааснаар тодорхойлогдож байгаа юм. Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

       Г.Я 2014 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Х.Э, И.О, С ХХК-д холбогдуулан нэхэмжлэл гаргаж, “...хөдөлмөрийн чадвар алдсан...”  гэсэн үндэслэлээр эмчилгээний зардалд 4.091.206 төгрөг, 2012 оны 10 дугаар сараас 2017 оны 6 сар хүртэл 57 сарын хөдөлмөрийн чадвар алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого 52.287.197 төгрөг, Хөдөлмөрийн тухай хуулийн 97.1.1-д заасны дагуу 9.779.994 төгрөг нийт 66.158.397 төгрөгөөс 5.092.500 төгрөгийг хасаж үлдэх 61.065.897 төгрөгийг нэхэмжилжээ.  / хх 1-н 1., хх 2-н 294-296, 351/

       Хариуцагч нар нэхэмжлэлийг эс зөвшөөрч “... тухайн үед эмчилгээний зардал, унааны зардлыг бүрэн төлсөн...8.300.000 төгрөг өгсөн...манай компанийн үндсэн ажилтан биш... нэхэмжлэгч нь ажил гүйцэтгэгч Мартын туслан гүйцэтгэгчээр ажиллахаар тохиролцсон...” гэж маргасан байна. /хх 1-н 71, 79, 101, 102, 117, 124/

       Анхан шатны шүүх нэхэмжлэлээс 3.091.206 төгрөгийн шаардлагыг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосон бөгөөд ийнхүү шийдвэр гаргахдаа “... “С“ ХХК нь нэхэмжлэгчид  нийт  5.092.500 төгрөг төлсөн байна...талуудын хооронд  хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн нь тогтоогдсон тул  дутуу авсан цалин хөлс 52.287.197 төгрөг,  нэг удаагийн нөхөн төлбөр 9.779.994 төгрөг гаргуулах үндэслэлгүй, харин эмчилгээний зардал 4.091.206 төгрөгөөс чихний аппаратын үнэ 1.000.000 төгрөгийг хасаж үлдэх  3.091.206 төгрөгийг  “Сондуулт Эг" ХХК-с гаргуулна...” гэсэн дүгнэлт хийсэн байна.

        Давж заалдах шатны шүүх “...И.О, Х.Э нарт холбогдох шаардлагаасаа нэхэмжлэгч татгалзсан байхад шүүх энэ тухай шийдвэртээ заагаагүй байна...” гэж дүгнэн, И.О, Х.Э нарт холбогдох нэхэмжлэлээс  Ш.Ядамсүрэн татгалзсан болохыг баталсан өөрчлөлтийг шийдвэрт оруулжээ.

        Хяналтын шатны шүүхэд гаргасан С ХХК -ийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

        Хариуцагч гомдолдоо “...С ХХК Г.Ятэй бус, харин Л.Мартай гэрээний харилцаа үүсгэсэн байхад шүүх ажил олгогч болон хөдөлмөр эрхэлж байгаа этгээдэд хамаарах Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн зохицуулалтаар нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангасан буруу...” гэх боловч энэ нь  үндэслэлгүй байна.

       Нэхэмжлэгч нь Дорноговь аймгийн 3-р баг, “Соёмбо” цогцолборын барилгын ажлыг    амаар байгуулсан гэрээний дагуу гүйцэтгэж байхдаа 2012 оны 08 дугаар сарын 03-ны өдөр гэмтэл авсан нь нотлогдсон, үйлдвэрлэлийн ослын 2012 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн акт /хх 1-н 34-35/, Дорноговь аймгийн Прокурорын газрын 2013 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 5/123-р тогтоол /хх 2-н 345/-г хариуцагч үгүйсгэж чадаагүй, гэрээг  гүйцэтгэгч талаас Л.Марттай байгуулсан гэж үзэх баримт хэрэгт байхгүй тул Сондуулт Эг  ХХК гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэл тогтоогдоогүй гэж үзнэ.

        Гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөнө.

       Түүнчлэн, Ш.Ядамсүрэн шүүхэд нэхэмжлэл гаргахаас өмнө “С” ХХК нэхэмжлэгчид 5.092.500 төгрөг төлсөн талаар зохигч маргаагүй, уг мөнгийг нэхэмжлэлд зааснаас бусад зардалд тооцсон тухай нэхэмжлэгчийн тайлбарыг үгүйсгээгүйгээс гадна энэ талаар хариуцагч нар хяналтын шатны шүүхэд гомдол гаргаагүй тул шүүх нэхэмжлэлээс 3.091.206 төгрөгийн шаардлагыг хангасныг буруутгах үндэслэлгүйг дурдах нь зүйтэй гэж үзлээ.

       Давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн талаар дүгнэлт хийхдээ Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль, Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг хэрэгт байгаа баримтын хэмжээнд зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул гомдлыг хангахгүй орхиж, магадлалыг хэвээр үлдээв. 

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

       1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 210/МА2017/02563 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч “С” ХХК-н гомдлыг хангахгүй орхисугай.  

        2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр төлсөн 64.410 төгрөгийг хэвээр үлдээсүгэй.

 

                                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                  ШҮҮГЧ                                                     Б.УНДРАХ