Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 2017/ДШМ/45

 

 

Б.Ид холбогдох

эрүүгийн хэргийн тухай                                                                                              

                                                                                                                                                                                               Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Батчимэг даргалж, шүүгч Г.Тэгшсуурь, шүүгч А.Сайнтөгс нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд цахим хэлбэрээр хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд;

Прокурор: Б.Б /цахимаар/,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Д.Х,

Шүүгдэгч: Б.И,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Эрдэнэчимэг нарыг оролцуулан,

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 65 дугаар шийтгэх тогтоолтой, шүүгдэгч Б.Ид холбогдох, эрүүгийн 201601000277 дугаартай, 1 хавтас, 240 хуудас эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Хгийн давж заалдсан гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч А.Сайнтөгсийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нийслэлийн Прокурорын газраас;

Шүүгдэгч: И -д холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 14 дүгээр зүйлийн 14.1-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1, 188 дугаар зүйлийн 188.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг анхан шатны шүүх 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцжээ. 

Шүүгдэгч Б.И нь Бүгд найрамдах Хятад ард улсын нутаг дэвсгэрт 2016 оны 12 дугаар сарын 17-ны өдрөөс мөн оны 12 дугаар сарын 22-ны өдрийн хооронд НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтанд багтсан метамфетамины агууламжтай 45,353 грамм мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан, 

Дорноговь аймгийн Замын-Үүд сумын шалган нэвтрүүлэх боомтоор 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтанд багтсан метамфетамины агууламжтай 5 хэсэг тунгалаг өнгийн зиплок түгжээ бүхий ууттай нийт 45,353 грамм мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисыг хууль бусаар Монгол Улсын хилээр нэвтрүүлсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ. 

Анхан шатны шүүх: Шүүгдэгч Б.Иийг мансууруулах бодисыг хууль бусаар Монгол Улсын хил нэвтрүүлэх, мансууруулах бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, 

шүүгдэгч Б.Иийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 14 дүгээр зүйлийн 14.1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1-т зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 188 дугаар зүйлийн 188.2-т зааснаар 5 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, 

Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар шүүгдэгч Б.Ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 188 дугаар 188.2-т зааснаар оногдуулсан 5 жил 6 сарын хугацаагаар хорих ялд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1-т зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар баривчлах ялыг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх ялыг 6 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоож,

Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10-т заасныг журамлан мөн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Б.Ид оногдуулсан 6 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй эргтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр, 

Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар шүүгдэгч Б.Иийн цагдан хоригдсон 52 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцохоор,

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.И нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж, 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.1.7-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн гялгар уутны хамт 39,853 грамм метафеманины агууламж бүхий бодис, 8 см урттай цорго гаргасан улаан өнгийн тагтай хуванцар сав 1 ширхэг, 21 см, 14 см, 35 см, 37 см урттай цангийн өнгийн уян гуурс мэт зүйл 4 ширхэг, 6,5 см урттай шилэн гаанс мэт зүйл 3 ширхэг, 7 см урттай хүрэн өнгийн толгойтой цэнхэр өнгийн дугуй зүйлтэй шилэн гаанс мэт зүйл 1 ширхэг зэргийг устгаж, Е12062225 дугаартай гадаад паспортыг шүүгдэгч Б.Ид буцаан олгож,

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Ид урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, цагдан хорьж, тогтоолыг шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Х давж заалдсан гомдол болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Өмгөөлөгчийн хувьд дээрх шийтгэх тогтоолыг үгүйсгээгүй боловч миний үйлчлүүлэгч Б.И нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэргийн нөхцөл байдлыг анхан шатны шүүхэд шударгаар хүлээн мэдүүлсэн, энэ хэргийн улмаас бусдад ямар нэгэн бодит хохирол учраагүй, түүний биеийн эрүүл мэндийн байдлыг харгалзан үзэж анхан шатны шүүхээс оногдуулсан 6 жилийн хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551.1-г хэрэглэн хуульд зааснаас хөнгөн ял оногдуулж өгнө үү гэсэн гомдол гаргасан байсан. Гэтэл энэ хэрэг нь 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдөр батлагдсан шинэ Эрүүгийн хуулийн 18.5 дугаар зүйлд заасан 2-8 жилийн хорих ялтай зүйл анги байгаа тул уг хуульд зааснаар хөнгөн ял оногдуулж өгнө үү гэсэн саналыг тавьж байна гэв. 

Прокурор Б.Б давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Иийн хувьд тухайн үйлдсэн гэмт хэрэг нь хуучин хуулийн 188, 192 дугаар зүйлд заасан гэмт хэрэг ба мөрдөн байцаалтан болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд түүний үйлдсэн хэрэг хангалттай нотлогдсон, шүүхээс түүнд хуульд заасан ялыг зөв оногдуулсан. Гэхдээ шинэ үйлчилж байгаа хуулиар түүний үйлдсэн хэргийн зарим төрлийн үйлдлийн нийгмийн аюулын гэм хор хөнгөрсөн гэсэн асуудал байгаа тул хууль тогтоомжид нийцүүлэн өөрчилж шийдвэрлэх боломжтой гэв. 

Шүүгдэгч Б.И давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би сурч боловсрох насанд дээрээ байгаа, олон жил энэ газар суулгахгүй байх үүднээс ялыг хасч өгөөч гэж хүсч байна гэв. 

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүх нь шүүгдэгч Б.Иийг хар тамхи, мансууруулах бодисыг хууль бусаар Монгол Улсын хил нэвтрүүлсэн буюу 2002 оны Эрүүгийн хуулийн 188 дугаар зүйлийн 188.2,  мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан буюу 2002 оны Эрүүгийн хуулийн 192 дугаар зүйлийн 192.1-д заасан гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгчид нийт 6 жилийн хорих ялыг оногдуулж, жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн тус шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 65 тоот шийтгэх тогтоол нь хууль зүйн үндэслэлтэй болсон байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Хгийн давж заалдсан гомдлын дагуу хэргийг бүхэлд нь хянан хэлэлцэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2-т заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчдийн хуулиар хамгаалагдсан эрхийг хангаж ажилласан,  хэрэгт олж авсан нотлох баримтууд нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан байна гэж үзлээ.

2017 оны 07 дугаар сарын 01-нээс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заасан ба 2002 оны Эрүүгийн хуулийн 188 дугаар зүйлийн 188.2-т заасан гэмт хэрэг нь 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 18.5 дугаар зүйлийн 3 дах хэсэгт заасан гэмт хэрэг болж зүйлчлэгдэж, оногдуулах хорих ялын хэмжээ нь хоёр жилээс найман жил хүртэл болж доод, дээд ялын хэмжээ нь хуучин хуулиас хөнгөрсөн,  анхан шатны шүүх 2002 оны Эрүүгийн хуулийн 192 дугаар зүйлийн 192.1-д зааснаар шүүгдэгчид 6 сарын баривчлах оногдуулсан боловч 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 5.2 дугаар зүйлд зааснаар баривчлах ялыг эрүүгийн хэрэгт хэрэглэхгүй болсон тул 2002 оны Эрүүгийн хуулиар оногдуулсан 6 сарын баривчлах ялаас шүүгдэгчийг чөлөөлөх, 188 дугаар зүйлийн 188.2-д зааснаар оногдуулсан хорих ялыг шинэ эрүүгийн хуульд нийцүүлж ялыг хөнгөрүүлэн, шийтгэх тогтоолд эдгээр үндэслэлүүдээр өөрчлөлт оруулахаар шийдвэрлэлээ.

Эдгээр нөхцөл байдлуудыг харгалзан шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүгдэгчид оногдуулсан 6 жилийн хорих ялаас хөнгөрүүлж өгөхийг хүссэн давж заалдсан гомдол үндэслэлтэй байна гэж үзлээ.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 4,  39.9 дүгээр зүйлийн 1, 1.4, 1.5, 2 дахь хэсгүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 65 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дугаар заалтыг “Эрүүгийн хуулийн /2015 оны/ 1.9 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Иийг 2 жил 8 сар 22 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй” гэж, 

4 дүгээр заалтыг “Эрүүгийн хуулийн /2015 оны/ 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ид оногдуулсан 2 жил 8 сар 22 хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй “ гэж тус тус өөрчилж, 

“Эрүүгийн хуулийн /2015 оны/ 1.9 дүгээр зүйлийн 1 дэхь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Иийг Эрүүгийн хуулийн /2002 оны/ ерөнхий ангийн 14 дүгээр зүйлийн 14.1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын баривчлах ялаас чөлөөлсүгэй.” гэж нэмэлт оруулж, 3 дугаар заалтыг хүчингүй болгож, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шийтгэх тогтоол гарсанаас хойш давж заалдах шатны магадлал гарах хүртэл хугацаанд шүүгдэгч Б.Иийн цагдан хоригдсон нийт 62 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай. 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 3, 3.1, 3.2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурьдаж, давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор давж заалдах шатны шүүхийн шийдвэрт оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

   ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Н.БАТЧИМЭГ

                                                 ШҮҮГЧИД                                   Г.ТЭГШСУУРЬ 

                                                                                                     А.САЙНТӨГС