| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэмбилэгийн Лхагвасүрэн |
| Хэргийн индекс | 120/2020/0008/З |
| Дугаар | 221/МА2020/0518 |
| Огноо | 2020-09-02 |
| Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 09 сарын 02 өдөр
Дугаар 221/МА2020/0518
“А” ХХК нэхэмжлэлтэй
захиргааны хэргийг хянасан тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Н.Хонинхүү, Э.Лхагвасүрэн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.У, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.У, онлайнаар гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н нарыг оролцуулан, Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 19 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н гаргасан давж заалдах гомдлоор, “А” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Өмнөговь аймгийн Засаг дарга, тус аймгийн Ханбогд сумын Засаг даргад тус тус холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Лхагвасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэгч “А” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.У 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа:
“Өмнөговь аймгийн Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн А/1311 дүгээр захирамжийн “А” ХХК-д холбогдох хэсэг, Ханбогд сумын Засаг даргын 2018 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн A/24 дүгээр захирамжийн “И” ХХК-д холбогдох хэсгийн “А” ХХК-ийн газартай давхцаж буй 8 га газрыг тус тус хүчингүй болгуулах”-ыг хүсчээ.
Хоёр. Гуравдагч этгээд “И” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдөр гаргасан бие даасан шаардлагадаа:
“Өмнөговь аймгийн Засаг даргын 2012 оны 2 дугаар сарын 3-ны өдрийн а/42 дугаар захирамжийн “А” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох”-ыг хүсчээ.
Гурав. Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 19 дүгээр шийдвэрээр:
“Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.3, Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.3, 32.5, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан “А” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, “Өмнөговь аймгийн Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн А/1311 дүгээр захирамжийн “А” ХХК-д холбогдох хэсэг, Ханбогд сумын Засаг даргын 2018 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн А/24 дүгээр захирамжийн “И” ХХК-д холбогдох хэсгийн “А” ХХК-ийн газартай давхцаж буй 8 га газрыг тус тус хүчингүй болгож, гуравдагч этгээд “И” ХХК-ийн “Өмнөговь аймгийн Засаг даргын 2012 оны 2 дугаар сарын 3-ны өдрийн а/42 захирамжийн “А” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоох” бие даасан шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.
Дөрөв. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2020 оны 7 дугаар сарын 22-ны өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:
“...“А” ХХК-д газар эзэмшүүлсэн аймгийн Засаг даргын 2012 оны 2 дугаар сарын 3-ны өдрийн а/42 дугаар захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох бие даасан шаардлага гаргасныг шүүхээс эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдөөгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Манай компани Ханбогд сумын Засаг даргын 2018 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн А/24 дүгээр захирамжаар маргаж буй газрыг эзэмшсэн бөгөөд тухайн газрыг урьд нь ямар нэгэн иргэн, хуулийн этгээд эзэмшиж байсан эсэхийг мэдэх үүрэггүй байсан. Учир нь газар олгох эрх бүхий этгээдийн шийдвэр гарч Газрын тухай хуульд заасан журмын дагуу гэрээ байгуулж, гэрчилгээ аван, гэрээгээр хүлээсэн үүргээ хариуцлагатай биелүүлж ирсэн.
Гэтэл уг газарт 3,1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар бүтээн байгуулалт, ногоон байгууламж барьж байгуулан үйл ажиллагаагаа хэвийн явуулж байтал “А” ХХК манай газрыг эзэмшихээр маргаан үүсгэж, улмаар манайд олгосон газар эзэмшүүлэх шийдвэрийг шүүхээс хүчингүй болгож эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж байгаа нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон шийдвэр нь үндэслэл бүхий байх”, 4.2.8-д “хууль ёсны итгэлийг хамгаалах зарчим”-ыг зөрчсөн үндэслэлгүй шийдвэр гарсан байна.
Манай компанийн тухайн газарт хийсэн хөрөнгө оруулалтын ажил, барилга байгууламжийг хааш нь хийгээд “тухайн газарт нэхэмжлэгчийн үйл ажиллагаа эрхэлж болно” гэж шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр бодит нөхцөл байдалд хэрэгжих боломжгүйн дээр дур зоргоор газар эзэмшээгүй, захиргааны байгууллагын шийдвэрээр газар эзэмшиж байсан эрхийг ноцтой зөрчсөн.
Шүүхийн шийдвэрт дурдсан газар олгох журмыг зөрчсөн эсэх нь хариуцагчийн үйл ажиллагаанд хамаарахаас гуравдагч этгээдийг буруутгах үндэслэл болохгүй юм. “А” ХХК нь анх аймгийн Засаг даргын шийдвэрээр газар олгохдоо илт хууль бус буюу тухайн газарт газар олгох эрх хуулиар олгогдоогүй этгээд газар олгосон бөгөөд манай эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж нэхэмжлэл гаргаж байгаа энэ тохиолдолд бие даасан шаардлага нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-д заасан нэхэмжлэлд хамаарч, зөрчигдөж болзошгүй эрхээ хамгаалуулах бодит нөхцөл байдал бий болсон. Шүүхээс эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн эсэхийг цаг хугацаагаар хэмжиж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй бөгөөд ийм зохицуулалт хуульд байхгүй болно.
Нэхэмжлэгч “А” ХХК нь 2012 онд хууль бусаар газар эзэмших эрхтэй болсноос хойш 2017 он хүртэл 5 жилийн турш уг газартаа ямар ч үйл ажиллагаа явуулаагүй бөгөөд газар эзэмших эрх нь цуцлагдсаныг мэдэж байсан нь сумын Газрын даамал, Газрын албаны мэргэжилтэн нарын тайлбар, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр нотлогддог бөгөөд Газрын даамал Н.Н, Ханбогд сумын Засаг дарга Б.Д нарыг манай компанид газар олгосон үйлдэлтэй холбогдуулан Авлигатай тэмцэх газарт гомдол гарган шалгуулж байсан баримт хэрэгт авагдсан байгаа нь шүүхэд нэхэмжлэл гаргах хугацаа зогсох үндэслэл болохгүй.
“А” ХХК-д газар эзэмшүүлсэн Өмнөговь аймгийн Засаг даргын 2012 оны 2 дугаар сарын 3-ны өдрийн а/42 дугаар захирамжийг аймгийн Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 2-ны өдрийн А/1311 дүгээр захирамжаар хүчингүй болгож 46 хоног өнгөрсний дараа Ханбогд сумын Засаг даргын 2018 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн A/24 дүгээр захирамжаар “И” ХХК-д газар олгосон байдаг.
“А” ХХК-ийн эрх ашиг зөрчигдөөгүй байхад Ханбогд сумын Засаг даргын 2018 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн A/24 дүгээр захирамжийн манай компанид холбогдох хэсгийн “А” ХХК-ийн газартай давхцаж буй 8 га газрыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхгүй юм.
Иймд хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 19 дүгээр шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Шүүхийн шийдвэрт шийдлийн хувьд хариуцагчдаас дараах нөхцөл байдлыг нягтлан шалгасны үндсэн дээр дахин шинэ акт гаргах хүртэл маргаан бүхий захиргааны актуудыг 3 сарын хугацаагаар түдгэлзүүлсэн өөрчлөлт оруулав.
“Эерэг нөлөөлөл бүхий хууль бус захиргааны актыг гаргасан өдрөөс хойш таван жилийн дотор хүчингүй болгож болох” тухай Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт заасны дагуу зөвхөн “хуульд заасан хугацаа өнгөрсөн” гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хангаж, мөн “И” ХХК-иас маргаж буй газарт хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт хийгдсэн гэх баримтуудыг шүүхэд ирүүлсэнтэй холбогдуулан “…тус компаниас өөрт мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хохирол учирсан гэж үзвэл зохих этгээдээс хохирлоо нэхэмжлэх эрх нээлттэй болохыг дурдсан” байдлаар хэргийг шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүйгээс гадна нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, нотолгооны ач холбогдолтой талаас нь бүрэн гүйцэд үнэлээгүй байна.
Бодит байдалд Өмнөговь аймгийн Засаг даргын 2012 оны 2 дугаар сарын 3-ны өдрийн а/42 дугаар захирамжаар тус аймгийн Ханбогд сумын “Цагаан хад”-нд гаалийн хяналтын талбайн зориулалтаар нэхэмжлэгч “А” ХХК-д анх эзэмшүүлсэн 10 га, мөн Ханбогд сумын Засаг даргын 2018 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн А/24 дүгээр захирамжаар гуравдагч этгээд “И” ХХК-д дээрх зориулалтаар эзэмшүүлсэн 10 га газрууд нь байршлын хувьд 8 га-гаар давхцалтай болох нь 2-р хх-ийн 143 дугаар талд авагдсан аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас ирүүлсэн зурган мэдээллээр, түүнчлэн гуравдагч этгээдээс энэхүү давхцал бүхий талбайн тодорхой хэсэгт хоёр давхар оффис, ажилчдын байр, цайны газар, халуун ус, угаалга, засварын газар зэрэг жишиг кемп байгуулж байгаа нь хэрэгт авагдсан фото зургаар тус тус тогтоогдож байна.
Үндсэндээ аймгийн Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн А/1311 дүгээр захирамжаар Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийг зөрчиж газар эзэмшүүлсэн гэсэн үндэслэлээр нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохдоо уг газрыг сумын 2018 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгаж, дээрх хуулийн 21.4.3-т заасны дагуу шийдвэрлэхийг Ханбогд сумын Засаг даргад үүрэг болгосны дагуу олгогдсон газарт гуравдагч этгээдээс бүтээн байгуулалт, барилга угсралтын ажил хийж байгааг шүүх маргааныг шийдвэрлэхдээ харгалзан үзэх нь зүйтэй.
Харин нэхэмжлэгчийн тухайд 2012 онд газар эзэмшүүлснээс хойш газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох хүртэлх хугацаанд гэрээнд заасан зориулалтын дагуу ямар үйл ажиллагаа явуулсан, нэхэмжлэлд “…2018 оны 1 дүгээр сараас хойш газар дээрээ үйл ажиллагаа явуулж чадаагүй…” гэх боловч 2017 оныг хүртэлх 5 жилийн хугацаанд газраа зориулалтын дагуу ашиглаж эхлээгүй, тэмдэг, тэмдэглэгээ тавиагүй, хашаа бариагүй байсан талаар тухайн үед газрын даамлаар ажиллаж байсан Ж.Н гэрчийн мэдүүлэг, мөн “…газар дээрээ 2012-2018 он хүртэл огт үйл ажиллагаа явуулж, ашиглаагүй…” гэх тус аймгийн Ханбогд сум дахь сум дундын прокурорын 2019 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 5/86 дугаар тогтоол тус тус авагдсан байх бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.3-т заасан эерэг нөлөөлөл бүхий захиргааны актыг хүчингүй болгох 1 үндэслэл болсон “захиргааны актаар олгогдсон эрхийг хэрэгжүүлээгүй” гэж үзэх үндэслэл бүрдсэн эсэхийг хариуцагч хуулиар олгогдсон эрх хэмжээний хүрээнд шалган тодруулах нь зүйтэй.
Өөрөөр хэлбэл “А” ХХК нь 10 га газрын 2.5 га-д ажилчдын байр, 7.0 га-д гаалийн хяналтын талбай, 0.5 га-д авто машины зогсоол, хоногт дунджаар 50 орчим машин 5000 гаруй тонн нүүрс буулгаж, ачиж экспортонд гаргах ба жилдээ 1.5-2 сая тонн нүүрс ачиж буулгах хүчин чадалтай, 150 тн-ын даацтай 1 ш пүү, пүүлэгчийн 1 байр, нүүрс ачиж буулгах зориулалт бүхий 2 ширхэг ковш, хяналтын 4 камер, бүсийн эргэн тойронд 1000 кВт-ийн хүчин чадалтай 10 ш гэрэлтүүлэг, салхи хаах зориулалтаар 1100 м хашаа барихаар төлөвлөж, байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээг хийлгэсэн боловч Засгийн газрын шийдвэрийн улмаас уг төлөвлөсөн ажил нь удааширсан гэх тайлбартай холбогдуулан энэ хүрээнд хийгдсэн, хийгдэхээр төлөвлөсөн ажлын явц байдлыг нягтлан шалгах шаардлагатай.
Үүнээс гадна Ханбогд сумын Засаг дарга цаг хугацааны хувьд гуравдагч этгээдэд газар эзэмшүүлсний дараа буюу 2018 оны 2 дугаар сарын 5-ны өдрийн А/34 дүгээр захирамжаар тус сумын Хайрхан багийн “Цагаан хад”-нд “А” ХХК-д дахин газар эзэмшихээр хүсэлт гаргаагүй байхад нь гаалийн хяналтын талбайн зориулалтаар дахин 10 га газрыг 15 жилийн хугацаагаар эзэмшүүлсэн, энэхүү газар нь байршлын хувьд өмнө олгогдсоноос өөр байршилд байгаа нь нэгж талбарын дугаарууд /эхнийх ........, дараагийнх ....../ болон тухайн үед газрын даамлаар ажиллаж байсан гэрч Ж.Наранхүүгийн мэдүүлгээр тогтоогддог.
Иймд Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т “…заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ауйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ….” гэж заасан энэхүү зохицуулалтад нэхэмжлэгчид анх, дараа нь гуравдагч этгээдэд эзэмшүүлсэн давхцал бүхий газар бүхэлдээ хамаарч байх тул тэдгээрт тухайн газрыг анх эзэмшүүлэхдээ энэ шаардлагыг хэрхэн хангасан эсэхийг, мөн одоогийн бодит нөхцөл байдлыг тус тус харьцуулан үзэж, нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн эрх зүйн байдлыг зөв тодорхойлох нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 19 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4.3, 31 дүгээр зүйлийн 31.2, 31.3, 33 дугаар зүйлийн 33.1.2, 35 дугаар зүйлийн 35.1.1-д заасныг тус тус баримтлан “Өмнөговь аймгийн Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн А/1311 дүгээр захирамжийн “А” ХХК-д холбогдох хэсэг, 2012 оны 2 дугаар сарын 3-ны өдрийн а/42 захирамжийн “А” ХХК-д холбогдох хэсэг, мөн тус аймгийн Ханбогд сумын Засаг даргын 2018 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн А/24 дүгээр захирамжийн “И” ХХК-д холбогдох хэсгийг хариуцагчдаас дахин шинэ акт гаргах хүртэл гурван сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй” гэж өөрчлөн, “2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд захиргааны байгууллагаас шинэ акт гаргаагүй бол маргаан бүхий захирамжуудыг хүчингүй болгох болохыг дурдсугай” гэсэн заалт нэмж, 2 дахь заалтын дугаарыг “3” гэж өөрчлөн, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар гуравдагч этгээдээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хууль буруу хэрэглэсэн, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН