| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Жавзмаагийн Байгалмаа |
| Хэргийн индекс | 171/2019/0068/Э |
| Дугаар | 0320 |
| Огноо | 2019-10-28 |
| Зүйл хэсэг | 11.1.2.1., |
| Улсын яллагч | Б.Ж |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 10 сарын 28 өдөр
Дугаар 0320
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Байгалмаа даргалж, ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг, шүүгч Ц.Алтангадас нарын бүрэлдэхүүнтэй
Иргэдийн төлөөлөгч Ж.Г
Улсын яллагч Б.Ж
Шүүгдэгч Б.А, Б.Ц
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Ж.Ш, Р.Бя
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.О нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.А, Б.Ц нарт холбогдох эрүүгийн 1825006650524 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, Б.А
Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, Б.Ц
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/: Шүүгдэгч Б.А, Б.Ц нар бүлэглэн 2018 оны 09 сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Орхон аймаг Баян-Өндөр сумын Зэст багийн нутаг дэвсгэрт маргааны улмаас У.Тулгыг зодож эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
-Шүүгдэгч Б.А-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Тухайн үед би Шугар бааранд сууж байгаад гарч такси барих гээд замын хажууд зогсож байтал хэдэн залуучууд үг хэлээр бид нарыг доромжилсон. Тэгээд Цогбаяр, Билгүүн 2 Тулгын араас гүйсэн. Би Болдоотой нь маргалдаж байгаад араас нь очоод Тулгын толгой руу 3-4 удаа өшиглөсөн. Намайг Тулга дээр очиход Цогбаяр, Билгүүн 2 цааш нь Жаргалсайханы араас явсан байсан. Би Цогбаярыг Тулгыг цохиж байгааг хараагүй. Би Тулгын биед гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрнө. Гэм буруугаа хүлээж байна. Үнэхээр гэмшиж байна. Өөрийнхөө тэнэг алдаанаас ар гэрээ зовоож байна. Үүнийгээ ойлгож байна. Цагдан хоригдож байхдаа их зүйл бодсон. Хохирогчид хохиролд 5.200.000 төгрөг төлсөн. Хохирогчоос уучлалт гуйсан. Хохирлоо Цогбаяртай хувааж төлсөн. Миний зүгээс 3.200.000 төгрөг төлсөн. Энэ үйлдэлд Цогбаяр хамааралгүй гэж бодож байгаа гэсэн мэдүүлэг,
-Шүүгдэгч Б.Ц-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Тухайн өдөр баарнаас гарч ирээд байж байтал хэдэн залуучууд “Эрдэнэтийнхэн яадаг болчихсон юм” гэж хэлсэн. Бид ч омголон зангаасаа болоод муудалцсан. Би Тулгыг араас нь хөөж дэгээдэж унагаачихаад цаашаа явж Жаргалсайхан дээр очсон. Тэгтэл ард хүн аллаа гэхээр нь харсан. Амарболд Тулгын толгой руу нь өшиглөж байсан. Хажууд нь нэг охин зогсож байсан. Тухайн үед уураа барьж чадаагүйдээ харамсаж байна. Би Тулгыг дэгээдэж унагаачихаад хаяж яваагүй, уг нь босгох гэж оролдсон, босохгүй байсан. Тэгэхээр нь духан дээр нь 2 удаа цохичихоод явсан. Тулга яагаад ингэж мэдүүлээд байгааг ойлгохгүй байна. Эмчилгээний төлбөрт 2.100.000 төгрөг төлсөн. Би хохирогчийн эгэмийг хугалсанаа хүлээн зөвшөөрч байна. Намайг дэгээдэж унагахад эгэм нь хугарсан байх. Би хохирогчийг бүлэглэж зодоогүй.Би 0.6-5 насны 3 хүүхэдтэй. Одоо 2-5 насны 2 хүүхэдтэйгээ үлдсэн. Эхнэр хаяад явсан. Миний хувьд амьдрал хүнд байна. Би цагдан хоригдож байхдаа маш их зүйл ухаарсан гэсэн мэдүүлэг,
-Хохирогч У.Т-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Баарнаас 00 цаг дөхүүлээд гарч урагшаа зам руу такси барих гээд зогсож байтал 2-3 бүлэг залуучууд ойролцоо байсан. Болдоо Эрдэнэтийнхэн яадаг болчихсон юм гээд орилсон. Гэтэл нэг хэсэг залуучууд бид гурав дээр ирээд та нар юу гээд байгаан гээд Болдоог бариад авсан. Тэгэхээр нь Жаргалсайхан бид 2 салгах гээд ахын дүү нар боль гэтэл махлаг залуу болох Амарболд нь чи бид хоёр хэзээ ах дүү хоёр болчихсон юм гээд байсан. Энэ үед тэд нар Болдоог явуулахгүй байхаар нь эргэж очоод найзыгаа аваад явчихъя гэтэл өндөр хар малгайтай залуу нь нөгөө хэддээ чи манийгаа мэдэж байгаа биздээ, би эд нарыг угаасаа гүйцээнэ гэхээр нь Жаргалсайхан бид хоёр 2 тийшээ салаад зугтаасан. Би зам дагаад гүйж байтал өндөр хар малгайтай залуу нь намайг араас цохих шиг л болсон. Гэтэл би зүүн гараараа газар дараад эвгүй унасан. Би босох гээд босч чадахгүй байсан. Гэтэл Цогбаяр гэх залуу нь хажууд ирчихээд толгой руу өшиглөөд байсан. Гэтэл араас нь махлаг залуу Амарболд миний толгой руу нэлээд олон удаа өшиглөсөн. ...Цогбаяр гэх залуу нь намайг хөөж байгаад араас өшиглөж юмуу дэгээдсэн. Би гараараа дараад хүчтэй унасан. Би босч чадахгүй байсан чинь намайг өшиглөж унагаадаг залуу ирээд миний толгой руу 4-5 удаа өшиглөсөн. Би өндийгөөд босох гэтэл араас нь гүйж ирсэн намхан пальтотой залуу дараа нь нэрийг сонсоход Билгүүн гэсэн нэртэй залуу миний нүүр рүү 2-3 удаа алгадсан. Энэ үед Амарболд гэх махлаг залуу мөн араас нь ирээд энэ муу далжигнасан пизда гээд миний толгой руу дахиад 4-5 удаа өшиглөсөн. Тухайн үед миний толгой эргээд ухаан алдах гээд байсан. Тэд нарыг салаад явсаны дараа Болдоо ирээд намайг босгосон. Сүүлд намайг ирж өшиглөсөн Амарболд гэх залуу нь нэлээд том гуталтай байсан гэсэн мэдүүлэг /1 хх 15-17 ху/ гэсэн мэдүүлэг,
-Гэрч Л.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Цогбаяр бид хоёр Тулгыг араас нь хөөж байтал Цогбаяр Тулгыг дэгээдээд унагаасан. Цогбаяр Тулгыг газар хэвтэж байхад нь дээрээс 2-3 удаа цохих шиг болсон. Гэтэл Болдоо гэх залуу цаана нь зогсчихоод орилоод байсан. Энэ үед Цогбаяр цаашаа гүйгээд Болдоог түлхээд унагаачихаад Жаргалсайхан руу гүйсэн.Тэгэхээр нь би Болдоог босгочихоод эргээд хартал Амарболд Тулга дээр оччихсон өшиглөж харагдсан. Энэ үед замаар явж байсан хүмүүс Амарболдыг чи хүн аллаа шүү дээ гээд салгаж байсан. Цогбаяр дэгээдэж унагаачихаад толгой руу нь 2-3 удаа цохиж харагдсан. Харин намайг Болдоо дээр очоод босгочихоод эргээд хартал Амарболд Тулгыг өшиглөж байсан. Тухайн үед Амарболд үдээстэй хар тембэрланд гэх нэртэй гуталтай байсан. Амарболдоос өөр том хар гуталтай хүн байгаагүй гэсэн мэдүүлэг /1 хх 24 ху/,
-Гэрч Ц.Ж мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...23 цаг өнгөрч байхад би нар баарнаас гарсан ба урд талын зам дээр такси барих гээд зогсож байтал зам дээр 2 согтуу залуу таарсан. Манай найз Болдоо “Эрдэнэтийнхэн яадаг болчихсон юм” гэсэн. Энэ үед замын ард явж байсан 4 залуу та нар юу гээд байгаа юм, яадаг болчихсон юм гээд зам гарч ирээд нэг залуу нь манай найз Болдоотой барьцалдаж авсан. Тэгэхээр нь Тулга бид 2 салгаад ахын дүү нар одоо болъё салцгаая гэтэл уг залуучууд бид гурав руу дайрсан. Бид гурав зам дагаад гурван тийшээ салаад зугтаасан. Би нэлээд гүйж байгаад эргээд хартал Болдоо нэг залуутай нь барьцалдан ноцолдоод байсан. Тухайн үед Тулга харагдахгүй байсан гэсэн мэдүүлэг /1 хх 28 ху/,
-Гэрч Ж.Б-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Бааранд бид 3 нэг нэг шил пиво ууж бүжиглэж байгаад гарсан ба урд талынх нь замаас такси барих гээд зогсож байтал замын эсрэг талд 2 бүлэг хүмүүс зогсож байсан. Би хажуугаар нь гарахдаа нэгэнтэй нь мөрлөж өнгөрөхдөө Эрдэнэтийнхэн яадаг болчихсон юм гэтэл махлаг өндөр залуу нь над дээр ирээд хөгшин банди минь амаа мэдэж яваарай гээд намайг заамдаад автал, манай 2 найз Тулга, Жаргалсайхан нар намайг салгасан. Гэтэл цаанаас найзууд нь иртэл Тулга, Жаргалсайхан хоёр зугтаасан. Энэ үед хоёр нь надтай барьцалдаж үлдсэн ба бусад нь Жаргалсайхан, Тулга хоёрыг хөөгөөд явсан. Энэ үед нь би намайг барьж байсан залуугаас зугтаагаад “Дээдэс”-ийн баруун талд очтол миний урд Тулгыг унагаачихсан махлаг залуу болох Амарболд, өндөр залуу болох Цогбаяр нар дээрээс нь дэвсэж байсан. Тэгэхээр нь би зогсоод наадах чинь үхлээ шүү дээ гэтэл пальтотой намхан залуу нь араас ирж намайг түлхтэл би унасан. Тулга дээр очоод толгой руу нь алгадсан. Харин нөгөө 2 нь Тулгын толгой руу нь нилээд хэдэн удаа цохисон. Амарболд гэх махлаг залуу нь темберланд гэх хүнд том гуталтай байсан ба Тулгын толгой руу нь дэвсээд байсан гэсэн мэдүүлэг /1 хх 29-31 ху/,
-Гэрч П.А-н өгсөн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Эмчилгээний зардал хэдэн төгрөг болохыг мэдэхгүй байна. Зодсон хүмүүсээс эмчилгээний зардалд 1.100.000 төгрөг төлсөн. Манай нөхөр одоо нэг жил гарангийн дотор ямарч ажил хийж болохгүй гэсэн. Насан туршийн согогтой болж байгаа. Чих нь юм сонсохгүй байгаа. Эрүүл байсан нөхрийг маань санаатайгаар бүлэглэж зодсонд маш их гомдолтой байна гэсэн мэдүүлэг /1 хх 32 ху/,
-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 11811 дугаартай дүгнэлтэнд:
1. У.Т-н биед зүүн чамархайн яс хөхлөг сэртэнгийн хугарал, зүүн эгэм ясны хугарал, бүсэлхийд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүснэ.
3. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
5. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой”... гэх дүгнэлт /1 хх 40 ху/,
-Орхон аймгийн Шүүхийн шижилгээний албаны шинжээчийн 685 дугаартай дүгнэлтэнд:
1. У.Т-н биед зүүн эгэмний ясны дунд 1/3-ээр далд зөрөөтэй хугарал, зүүн ташаа, зүүн дээд зовхинд 2 тооны зулгаралт, нуруу, зүүн чихний дэлбээнд зөөлөн эдэд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.
2. Эдгээр гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулна.
4. Эгэмний ясны хугарал нь гэмтлийн зэргийн зааврын 2.3.1-д заасны дагуу гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарагдана. Бусад гэмтэл нь гэмтлийн зэргийн зааврын 2.6-д заасны дагуу гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй.
5. Гоо сайхан болон хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
6. Гэмтэл нь 2018 оны 09 сарын 27-ны өдөр үүссэн байж болно гэсэн дүгнэлт /1 хх 45 ху/ ,
-Шүүхийн шижилгээний үндэсний хүрээлэнгийн 1231 дугаартай дүгнэлтэнд:
1. У.Т-н биед зүүн чамархайн яс хөхлөг сэртэнгийн хугарал, зүүн эгэм ясны хугарал, зүүн чихний дэлбээнд цус хуралт, зөөлэн эдийн няцрал, зүүн чихний сонсголын дунд зэргийн бууралт, зүүн нүдний доод зовхи, зүүн ташаанд зулгаралт гэмтэл учирчээ.
2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Зүүн чамархайн яс хөхлөг сэртэнгийн далд хугарал нь гэмтлийн хүнд зэрэгт, зүүн эгэмний ясны далд хугарал нь гэмтлийн хүндэвтэр зэрэгт, нуруу, зүүн чихний дэлбэнгийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн чихний сонсголын дунд зэргийн бууралт нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, зүүн нүдний дээд зовхи, зүүн ташааны зулгаралт нь дангаараа гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна.
5. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна.
6. 2018 оны 10 сарын 03-ны өдрийн 685 дугаартай шинжээчийн дүгнэлт тухайн үедээ үндэслэлтэй байна.
7. 2018 оны 10 сарын 05-ны өдрийн 11811 дугаартай шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байна гэсэн дүгнэлт /1 хх 52-54 ху/,
-Согтуурлын зэрэг шалгасан тухай тэмдэглэл /1 хх 5-7 ху/
-Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /1 хх 10 ху/
-Гэрэл зургийн үзүүлэлт /1 хх 11-12, 173-175 ху/
-Хохирогчийн өвчний түүх /1 хх 59-66 ху/
-Эрүүгийн хариуцлага хүлээлгэж байсан эсэхийг шалгах хуудас /1 хх 85, 109 ху/
-Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 сарын 11-ний өдрийн 222 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /1 хх 87-89 ху/,
-Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 сарын 01-ний өдрийн 403 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /1 хх 90-91 ху/
-Б.А-ыг яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, яллагдагчаар мэдүүлэг /1 хх 148-149, 151-153 ху/
-Б.Ц-г яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, яллагдагчаар мэдүүлэг /1 хх 154-155, 157-159 ху/
-Хохирлын баримт /1 хх 168-169, 172, 176-222, 225-250 ху, 2 хх 1-13, 16-20, 25, 89-114, 129-131, 180-185 ху/
-Хохирол төлсөн баримт /2 хх 23-24, 88, 128 ху/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.
Шүүгдэгч Б.А, Б.Цнар бүлэглэн 2018 оны 09 сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Орхон аймаг Баян-Өндөр сумын Зэст багийн нутаг дэвсгэрт маргааны улмаас У.Т-г зодож эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгч Б.Аын “...Шугар бааранд сууж байгаад гарч такси барих гээд замын хажууд зогсож байтал хэдэн залуучууд үг хэлээр бид нарыг доромжилсон. Тэгээд Цогбаяр, Билгүүн 2 Тулгын араас гүйсэн. Би Бордоотой нь маргалдаж байгаад араас нь очоод Тулгын толгой руу 3-4 удаа өшиглөсөн. ...Би Тулгын биед гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрнө. Гэм буруугаа хүлээж байна” гэсэн, шүүгдэгч Б.Цогбаярын “...Би хохирогчийн эгэмийг хугалсанаа хүлээн зөвшөөрч байна. Намайг дэгээдэж унагахад эгэм нь хугарсан байх. Би хохирогчийг бүлэглэж зодоогүй” гэсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч У.Тулгын “...Би зам дагаад гүйж байтал өндөр хар малгайтай залуу нь намайг араас цохих шиг л болсон. Гэтэл би зүүн гараараа газар дараад эвгүй унасан. Би босох гээд босч чадахгүй байсан. Гэтэл Цогбаяр гэх залуу нь хажууд ирчихээд толгой руу өшиглөөд байсан. Гэтэл араас нь махлаг залуу Амарболд миний толгой руу нэлээд олон удаа өшиглөсөн. ...Цогбаяр гэх залуу нь намайг хөөж байгаад араас өшиглөж юмуу дэгээдсэн. Би гараараа дараад хүчтэй унасан. Би босч чадахгүй байсан чинь намайг өшиглөж унагаадаг залуу ирээд миний толгой руу 4-5 удаа өшиглөсөн. Би өндийгөөд босох гэтэл араас нь гүйж ирсэн намхан пальтотой залуу дараа нь нэрийг сонсоход Билгүүн гэсэн нэртэй залуу миний нүүр рүү 2-3 удаа алгадсан. Энэ үед Амарболд гэх махлаг залуу мөн араас нь ирээд энэ муу далжигнасан пизда гээд миний толгой руу дахиад 4-5 удаа өшиглөсөн. Тухайн үед миний толгой эргээд ухаан алдах гээд байсан. Тэд нарыг салаад явсаны дараа Болдоо ирээд намайг босгосон. Сүүлд намайг ирж өшиглөсөн Амарболд гэх залуу нь нэлээд том гуталтай байсан” гэсэн мэдүүлүүд, гэрч Л.Билгүүн / 1 хх 24 ху/, гэрч Ц.Жаргалсайхан / 1 хх 28 ху/ гэрч Ж.Болдоо / 1 хх 29-31 ху/, гэрч П.Ариунаа / 1 хх 32 ху/ нарын өгсөн мэдүүлгүүд, хохирогчийн биед зүүн чамархайн яс хөхлөг сэртэнгийн хугарал, зүүн эгэм ясны хугарал, зүүн чихний дэлбээнд цус хуралт, зөөлэн эдийн няцрал, зүүн чихний сонсголын дунд зэргийн бууралт, зүүн нүдний доод зовхи, зүүн ташаанд зулгаралт бүхий гэмтэл үүссэнийг тогтоосон 1231 дугаартай шинжээчийн дүгнэлт, шинжээчийн 11811, 685 дугаартай дүгнэлтүүд,эрүүгийн хариуцлага хүлээлгэж байсан эсэхийг шалгах хуудас болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Ц шүүхийн хэлэлцүүлэгт “...Би Тулгыг араас нь хөөж дэгээдэж унагаачихаад цаашаа явж Жаргалсайхан дээр очсон. ...Би уг нь босгох гэж оролдсон, босохгүй байсан. Тэгэхээр нь духан дээр нь 2 удаа цохичихоод явсан. Би хохирогчийн эгэмийг хугалсанаа хүлээн зөвшөөрч байна. ...Би хохирогчийг бүлэглэж зодоогүй” гэж мэдүүлж байгааг буруутгах үндэсгүй, шүүгдэгч нь өөрийнхөө эсрэг мэдүүлэх болон гэм буруугаа нотлох үүрэггүй.
Шүүгдэгч Б.Ц-н өмгөөлөгч Р.Б “...Цогбаярын хувьд дэгээдэж унагаан гэмтэл учруулсанаа хүлээн зөвшөөрч байгаа, бүлэглэж үйлдсэн гэдгээр зүйлчилсэн нь учир дутагдалтай. Зүйлчлэл эргэлзээтэй” гэж, шүүгдэгч Б.Аын өмгөөлөгч Ж.Шинэжаргал “...Амарболд, Цогбаяр нар нь бүлэглээгүй, Цогбаяр хохирогчийн толгой руу нь цохисон нь нотлогдоогүй. Хохирогчийн биед учирсан хүнд гэмтэл нь А-н үйлдлээс үүссэн байх магадлалтай” гэж тус тус мэтгэлцэж байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн дээрхи мэдүүлэг нь шүүгдэгч Б.Аын “...Би Бордоотой нь маргалдаж байгаад араас нь очоод Тулгын толгой руу 3-4 удаа өшиглөсөн” гэсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн гэрч Л.Билгүүний “...Цогбаяр бид хоёр Тулгыг араас нь хөөж байтал Цогбаяр Тулгыг дэгээдээд унагаасан. ...Цогбаяр дэгээдэж унагаачихаад толгой руу нь 2-3 удаа цохиж харагдсан. Харин намайг Болдоо дээр очоод босгочихоод эргээд хартал Амарболд Тулгыг өшиглөж байсан” гэсэн, гэрч Ж.Болдоогийн “...Тулга, Жаргалсайхан хоёр зугтаасан. Энэ үед хоёр нь надтай барьцалдаж үлдсэн ба бусад нь Жаргалсайхан, Тулга хоёрыг хөөгөөд явсан. Энэ үед нь би намайг барьж байсан залуугаас зугтаагаад “Дээдэс”-ийн баруун талд очтол миний урд Тулгыг унагаачихсан махлаг залуу болох Амарболд, өндөр залуу болох Цогбаяр нар дээрээс нь дэвсэж байсан” гэсэн мэдүүлгүүд, хохирогчийн биед зүүн чамархайн яс хөхлөг сэртэнгийн хугарал, зүүн эгэм ясны хугарал, зүүн чихний дэлбээнд цус хуралт, зөөлэн эдийн няцрал, зүүн чихний сонсголын дунд зэргийн бууралт, зүүн нүдний доод зовхи, зүүн ташаанд зулгаралт бүхий гэмтэл үүссэнийг тогтоосон 1231 дугаартай шинжээчийн дүгнэлт, шинжээчийн 11811, 685 дугаартай дүгнэлтүүд зэргээр шүүгдэгч Б.А, Б.Цнар нь үйлдлээрээ санаатай нэгдэж хохирогчийг зодсоны улмаас хүнд гэмтэл учирсан болох нь нотлогдсон тул шүүгдэгч нарын өмгөөлөгчийн дүгнэлтийг үндэслэлгүй гэж үзлээ.
Дээрхи үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар өөрсдийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, хохирогчид учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой байх бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1-т заасан бүлэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийн үндсэн шинжийг агуулж байна гэж дүгнэв.
Орхон аймгийн прокуророос шүүгдэгч Б.А, Б.Ц нарт Эрүүгийн хуулийн тусгай 11.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, байх тул тэднийг бүлэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Б.А, Б.Ц нар нь бусдад учруулсан хохирлоо сайн дураар нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар ял шийтгэлийг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.
Шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, мөн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлоо нөхөн төлсөн, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасны дагуу хуульд заасан хорих ялаас доогуур хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.
Хохирлын хувьд хохирогч талаас “шүүгдэгч нар 5.200.000 төгрөг төлсөн. Одоо 4.793.000 төгрөгийг нэхэмжилнэ” гэсэн байх бөгөөд хэрэгт эмчилгээ оношлогооны 1.474.023 төгрөгийн, Орифлейм компанийн эрэгтэйчүүдийн эрүүл мэндийн бүтээгдэхүүн, уургийн коктейлны үнэ 673.800 төгрөгийн, шатахууны 692.202 төгрөгийн, буудал хоолны зардал 143.400 төгрөгийн, өмгөөллийн хөлс 750.000 төгрөгийн, нийт 3.733.425 төгрөгийн баримтууд авагдсан байна. Шүүгдэгч нар нь мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шатанд хохиролд 5.200.000 төгрөгийг төлсөн байх тул энэ удаад төлөх төлбөргүй гэж үзэв.
Хохирогч нь “ ...эхний шүүх хуралдаан хүртэл ажилгүй байсан хугацааны цалинг нэхэмжилнэ” гэж нотлох баримтаар 1-р хавтаст хэргийн 172 дугаар хуудсанд авагдсан МЗЭ- ХХК-ийн тодорхойлолт, 2-р хавтаст хэргийн 84-86 дугаар хуудсанд авагдсан нийгмийн даатгалын дэвтрийн хуулбарыг ирүүлсэн байх боловч эдгээр баримтыг үндэслэн дутуу авсан цалинг тооцож олгох боломжгүй, нийгмийн даатгалын сангаас авсан өвчтэй үеийн цалингийн хэмжээг тодорхойлсон баримт буюу листийг үндэслэн дутуу авсан цалин хөлсийг тооцож гаргах ёстой. Хохирогч нь энэ талаархи баримтыг шүүхийн шатанд ирүүлээгүй тул нэхэмжлэлийг шийдвэрлэх боломжгүй. Энэ талаархи нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар шийдвэрлүүлэх боломжтой.
Шүүгдэгч Б.А, Б.Ц нарын цагдан хоригдсон тус бүрийн 80 хоногийг, тэдний эдлэх ялд оруулан тооцож, энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.А, Б.Ц нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А, Б.Ц нарыг тус бүрийг 3 /гурав/ жил 5 /тав/ сарын хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А, Б.Ц нарын эдлэх 3 жил 5 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.А, Б.Ц нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А, Б.Ц нарын цагдан хоригдсон тус бүрийн 80 хоногийг тус тус тэдний эдлэх ялд оруулан тооцсугай.
6. Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хохирогч нь ажилгүй байсан хугацааны цалингаа нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурьдсугай.
7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.БАЙГАЛМАА
ШҮҮГЧИД Д.АРИУНЦЭЦЭГ
Ц.АЛТАНГАДАС