Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 2017/ДШМ/46

 

 

М.Аэд холбогдох

эрүүгийн хэргийн тухай                                                                                              

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                               Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Сайнтөгс даргалж, шүүгч Г.Тэгшсуурь, Ерөнхий шүүгч Н.Батчимэг нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд цахим хэлбэрээр хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд;

            Прокурор: Э.Б /цахимаар/,

            Шүүгдэгчийн өмгөөлөгч: Д.Э,

            Шүүгдэгч: М.А,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Эрдэнэчимэг нарыг оролцуулан,

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 61 дүгээр шийтгэх тогтоолтой, шүүгдэгч М.Аэд холбогдох, эрүүгийн 201701000002 дугаартай, 1 хавтас, 244 хуудас эрүүгийн хэргийг шүүгдэгч М.А, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Э нарын давж заалдсан гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Н.Батчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нийслэлийн Прокурорын газраас;

Шүүгдэгч: А -д холбогдуулан Эрүүгийн хуулийн /2002 оны/ ерөнхий ангийн 14 дүгээр зүйлийн 14.1-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1, 188 дугаар зүйлийн 188.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг анхан шатны шүүх 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцжээ.

Шүүгдэгч М.А нь 2016 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Бээжин хотод НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтанд багтсан метамфетамины агууламжтай 30,135 грамм мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авч, хадгалсан. Улмаар уг бодисоо 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын шалган нэвтрүүлэх боомтоор биедээ нууж хууль бусаар Монгол Улсын хилээр нэвтрүүлсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүх 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 61 дүгээр шийтгэх тогтоолоор: Шүүгдэгч М.Аийг мансууруулах бодисыг хууль бусаар Монгол Улсын хил нэвтрүүлэх, мансууруулах бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,

шүүгдэгч Аийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 14 дүгээр зүйлийн 14.1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 188 дугаар зүйлийн 188.2-т зааснаар 5 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж,

Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар шүүгдэгч М.Аэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 188 дугаар 188.2-т зааснаар оногдуулсан 5 жил 6 сарын хугацаагаар хорих ялд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1-т зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар баривчлах ялыг нэмж нэгтгэн, шүүгдэгч М.Аэд биечлэн эдлэх ялыг 6 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоож,

Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6-д зааснаар шүүгдэгч М.Аэд оногдуулсан 6 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй эргтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр,

Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар шүүгдэгч М.Аийн цагдан хоригдсон 3 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож,

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч М.А нь бусдад төлөх төлбөргүй, гадаад зорчих эрхийг түдгэлзүүлээгүй болохыг тус тус дурдаж,

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.1.7-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн №6 гэж дугаарласан шилэн гаанс 1 ширхэг, №7 гэж дугаарласан дотор хэсэг нь хар бор өнгийн зүйлээр бохирлогдсон тугалган цаас, №1 гэж дугаарласан зиплок түгжээ бүхий уутны хамт 10,3 грамм талстлаг бүхий бодис, №2 гэж дугаарласан зиплок түгжээ бүхий уутны хамт 10,3 грамм бүхий талстлаг бүхий бодис, №3 гэж дугаарласан зиплок түгжээ бүхий уутны хамт 10,1 грамм талстлаг бүхий бодис зэргийг устгаж, М.Аийн Е1377673 дугаартай гадаад паспортийг шүүгдэгч М.Аэд буцаан олгохоор,

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Аэд урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, цагдан хорьж, тогтоолыг шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Э давж заалдсан гомдол болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Шүүгдэгч М.Аийн үйлдсэн хэрэг нотлох баримтаар тогтоогдсон, өөрөө үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч гэм буруугаа ойлгож байгаа тул хэргийн зүйлчлэлийн талаар болон нотолгооны талаар маргах зүйлгүй болно. Харин М.А нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн. Бусдад учруулсан хохиролгүй, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа болон 0-9 насны 3 хүүхэдтэй, эхнэр Д.Ганчимэг нь элэгний В вирустай, бамбайн хавдрын улмаас эмчийн байнгын хяналтанд байдаг, ажил хөдөлмөр эрхэлж үр хүүхдээ тэжээн тэтгэх боломжгүй зэрэг байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5511.1-д зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулж өгнө үү гэсэн гомдол гаргасан байсан. Нэгэнт Эрүүгийн шинэчилсэн хууль хэрэгжиж, хуулийн 1.9 дүгээр зүйлийн 3-т шинэ хуулиар тухайн гэмт хэрэгт оногдуулах ялын хэмжээг багасгасан тохиолдолд шүүх урьд ял шийтгүүлсэн этгээдийн ялыг шинээр тогтоосон хэмжээнд нийцүүлэн хасна гэж заасан тул шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэх нь зүйтэй гэж үзэж байна. Оногдуулсан ялыг мөн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлж өгнө үү гэв.

Шүүгдэгч М.А давж заалдсан гомдол болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: А миний бие шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192.1 гэсэн зүйл заалтыг хэрэгсэхгүй болгож, 188.2 дахь заалт хамт давхардсаныг хасч өгөхийг хүсч байна. А миний эхнэр Ганчимэг нь 2016.09.09-нд төрөхийн хүндрэлээр хийсвэр хагалгааны үеэр саваа авахуулан цус их алдсанаас тамир муутай, 8 сартай охин, 5 нас 9 сартай 2 хүүхдийн хамт ард хоцорсоныг харгалзан үзэж шүүхээс ногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү гэв.

Прокурор Э.Б давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Шүүгдэгч М.Аийн үйлдсэн хэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул шүүхээс түүнд 6 жилийн хорих ял оногдуулсан. 2015 онд батлагдсан Эрүүгийн хуулийг дагаж мөрдөж байгаатай холбогдуулан хуулийн 1.9-д зааснаар шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлж шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй гэв.

Давж заалдах шатны шүүх шүүгдэгчийн өмгөөлөгч болон шүүгдэгчийн давж заалдсан гомдлыг үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1-д заасны дагуу хэргийн бүх ажиллагаа болон шийдвэрийг бүхэлд нь хянан үзвэл:

1. Шүүгдэгч М.А нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн /2002 оны/ 188 дугаар зүйлийн 188.2, 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт заасан мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авч, хадгалсан, хууль бусаар Монгол Улсын хил нэвтрүүлсэн буюу  2016 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Бээжин хотод НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтанд багтсан метамфетамины агууламжтай 30,135 грамм мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авч, хадгалсан, улмаар уг бодисоо 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын шалган нэвтрүүлэх боомтоор биедээ нууж хууль бусаар Монгол Улсын хилээр нэвтрүүлсэн гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтууд болох М.Аийн биед үзлэг хийсэн тэмдэглэл /хх-06-07/, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлсэд мансууруулах сэтгэцэнд нөлөөт бодисын агууламжтай эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-15-16/, Гаалийн хяналтын хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-17-20/, М.Аийн биедээ авч явсан эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх 55-59/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017.01.07-ны өдрийн 680 дугаар дүгнэлт /хх-69/, 2017.01.10-ны өдрийн 656 дугаар дүгнэлт /хх 71-72/ зэргээр нотлогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй болжээ.

2. Мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Харин 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хууль нь 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн бөгөөд гэмт хэрэгт холбогдсон хүний эрх зүйн байдлыг аливаа хэлбэрээр дээрдүүлж байгаа эрүүгийн хуулийн хэм хэмжээг хэрэглэх нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хүний эрхийг хангахад чиглэсэн, хүнлэг энэрэнгүй үзэл зарчимд нийцэх тул  Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” 3 дахь хэсэгт “Шинэ хуулиар тухайн гэмт хэрэгт оногдуулах ялын хэмжээг багасгасан тохиолдолд шүүх урьд ял шийтгүүлсэн этгээдийн ялыг шинээр тогтоосон хэмжээнд нийуүүлэн хасна” гэж тус тус зааснаар шүүгдэгч М.Аэд оногдуулсан ялыг дээрх хуульд нийцүүлэн хөнгөрүүлж өөрчлөх нь зүйтэй.

Тодруулбал анхан шатны шүүх шүүгдэгч М.Аийг Эрүүгийн хуулийн /2002 оны/ ерөнхий ангийн 14 дүгээр зүйлийн 14.1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 188 дугаар зүйлийн 188.2-т зааснаар 5 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 6 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоосон бөгөөд 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд баривчлах ял байхгүй болсон, мөн хуулийн 18.5 дугаар зүйлийн 3-т зааснаар мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэгт оногдуулах хорих ялын хэмжээ багассан тул шүүгдэгч М.Аэд анхан шатны шүүхээс оногдуулсан баривчлах ялаас чөлөөлж, хорих ялын хэмжээг шинэ хуульд нийцүүлэн хасаж, шүүгдэгчийн өмгөөлөгч болон шүүгдэгчийн “ял хөнгөрүүлэх тухай” давж заалдсан гомдлыг хангаж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 4,  39.9 дүгээр зүйлийн 1.4, 1.5, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 61 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дугаар заалтыг  “Эрүүгийн хуулийн /2015 оны/ 1.9 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн 18.5 дугаар 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Аийг 2 жил 8 сар 22 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.” гэж,

4 дүгээр заалтыг  “Эрүүгийн хуулийн /2015 оны/ 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Аэд оногдуулсан 2 жил 8 сар 22 хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй” гэж тус тус өөрчилж,

“Эрүүгийн хуулийн /2015 оны/ 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч М.Аийг Эрүүгийн хуулийн /2002 оны/ ерөнхий ангийн 14 дүгээр зүйлийн 14.1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын баривчлах ялаас чөлөөлсүгэй.” гэж нэмэлт оруулж, 3 дугаар заалтыг хүчингүй болгож, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Аийн анхан шатны шийтгэх тогтоол гарсанаас хойш давж заалдах шатны магадлал гарах хүртэл хугацаанд цагдан хоригдсон нийт 76 хоногийг ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.  

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 3, 3.1, 3.2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурьдаж, давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор давж заалдах шатны шүүхийн шийдвэрт оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   А.САЙНТӨГС

                                     ШҮҮГЧИД                                  Г.ТЭГШСУУРЬ

                                                                                        Н.БАТЧИМЭГ