Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 03 өдөр

Дугаар 221/МА2020/0526

 

Д.Г-ын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Сайхантуяа даргалж, шүүгч Э.Лхагвасүрэн, шүүгч Д.Баатархүү нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Улаанмуна, нэхэмжлэгч Д.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Т, Д.С, гуравдагч этгээд Т.Т нарыг оролцуулан, Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 15 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдлын дагуу Д.Г-ын нэхэмжлэлтэй, Хөвсгөл аймгийн Түнэл сумын Засаг дарга, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг даргад тус тус холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Баатархүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 15 дугаар шийдвэрээр:

 “Газрын тухай хуулийн 31 дугаар зүйлийн 31.2-д заасныг баримтлан Түнэл сумын Засаг даргад холбогдох Түнэл сумын Засаг дарга даргын 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 128 дугаар захирамжийг хүчингүй болгож, Түнэл сумын Засаг даргад иргэн Д.Г-д газар эзэмшүүлэх захирамж буюу шаардагдах захиргааны акт гаргахыг даалгах тухай шаардлага бүхий Д.Г-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-д заасныг баримтлан Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг даргад холбогдуулан нэмэгдүүлэн гаргасан Мөрөн сумын Засаг даргын 2019 оны 3 сарын 22-ны өдрийн А/52 дугаар захирамжийн хавсралтын Д.Г-д холбогдох  хэсгийг хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож,

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж” шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Д.Г болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М нар давж заалдах гомдолдоо: “...Миний бие Д.Г нь 1960 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Дундговь аймгийн Говь-Угтаал суманд төрсөн, нас 60 хүрсэн, өөрийн нэр дээр эзэмшлийн болон өмчийн газар огт авч байгаагүй бөгөөд 2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг даргын А/172 дугаар захирамжаар гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 581.6 м.кв ганц шонгүй хоосон газрыг Мөрөн сумын байгаль орчны улсын байцаагч Н.Н тухайн үед газрын даамал байсан Н.Б нарын өөрсдийнх нь зааж өгсөн газрыг Д.Г хашаа барьж гэртээ амьдарч байтал эзгүй хойгуур 2019 оны 08 дугаар сарын 31-ний амралтын өдөр Т.Т гэгч этгээд өөрийн ах дүү, төрөл садан, төрийн албан хаагч 2 дугаар арван жилийн сургуулийн захирал Н.М-оор толгойлуулсан /1245 улаан ландтай/ хөлсний 5,6 ажилчидтай хамтран дайрч тэр дор нь хашааг буулган шидэж, орж эхэлсэн. Энэ яав гэсэн чинь Мөрөн сумын Засаг даргын А/52 дугаар захирамжаар Түнэл сумын газартай давхцаж олгогдсон газар байна гэх шалтгаанаар 300 айлын газрын гэрчилгээ түр автоматаар цуцлагдаж дахин Түнэл сумаас гэрчилгээ солиулж авах шийдвэр гарсныг бид ч мэдээгүй байхад өмнө нь тухайн газрыг аваад 5 жил огт юм бариагүй эдгэрсэн газрыг Ц.Д гэгч заль этгээд манай барьсан хашааг өөрийн мэтээр Т.Т-т ойлгуулан зарсан юм.

Т.Т гэдэг хүүхэн урьд нь Рашаант суманд газрын даамал байсан юм. Ингээд газрын маргаан эхэлж цагдаа, төрийн байгууллагад ажиллагсад бүгд Ц.Д, Т.Т нарт илт давуу үйлчилж Д.Г миний газрыг шууд булаан авсанд бид чадлаараа тэмцэн хөөцөлдсөн боловч аймгийн Мэргэжлийн хяналтын газраас Д.Г-ын газар мөн байна, буцаан олго гэсэн дүгнэлт гарсныг эс тоон аймгийн ГХБХБ газрын дарга Б.Г, аймгийн Засаг дарга Л.Г нар /хоорондоо цусан төрлийн ойрхон холбоотой хүмүүс/ Түнэл сумын Засаг дарга С.В, даамал Ё.О бүгд Ц.Д, Т.Т нарын газар мөн гэж үндэслэлгүй шийдвэр гаргаж хуйвалдсаныг шүүгч Б.Э улаан цайм тэдэнд үйлчилж бидний үг хэлэх эрхийг боомилж зөвхөн миний асуултад хариул хэмээн дарамталж, итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М-н тайлбар үгийг огт сонсоогүй. Өмгөөлөгч Б.Т, Б.С нарын тайлбарыг бүрэн сонсохгүй алх цохиж, шүүгч Б.Э нь шүүх хуралдаанд өөрөө процессын алдаа гаргаж байсныг мэргэжлийн хуульч нар болон иргэн би ч мэдсэн.

Нөгөө талын өмгөөлөгч Э-д хүртэл алдаа гаргаж байсныг бид ойлгож гүтгүүлж байсан нь гүнээ харамсалтай.

Шүүх хурлын эхэнд шүүгч Б.Э нь Д.Г-ы итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М намайг шууд өөр газар авахыг тулган шаардсаныг би үл зөвшөөрч 10-48-11-ээс авах гэж шүүхэд хандсан. Ямарч булаалгах ёсгүй газраа Т.Т дарга даамлууд болон Ц.Д нарт дээрэмдүүлээд өөр тэдний зааж өгсөн газрыг нь үг дуугүй авах ёстой юм байж.

2021 оноос нааш газар төлөвлөлт байх ч үгүй гэж даамлууд хэлсэн. Анх Түнэл сумын дарга даамал нь өөр дүйхүйц газар өгье наад газраа үг хэлгүй Т.Т-т өгчих гэж Засаг дарга С.В гуйж байсан юм.

Бид зөвшөөрсөн ч дараа нь өөр газар байхгүй гэсэн. Ер нь Б.Э шүүгч намайг өөр газар өгвөл авахгүй гэлээ гэж илтээр дургүйцэж зэвүүцэж Т.Т-ын талд шийдвэр гаргасанд бид харамсаж байна. Шүүгч Б.Э нь үнэн зөвөөр шийдвэрлэхийн оронд хөнгөн хуумгай хандаж үндэслэлгүй шийдвэр гаргасан.

Түнэл сумын Засаг дарга С.В гэгч нь Т.Т-т бидний газрыг булаан авч өгч долигноод барахгүй сумандаа байгаль, орчны байцаагчаар ажилд авахад Т.Т нь 10 хонолгүй ажлаасаа хөөгдсөн. Яагаад гэвэл 30 гаруй модны гоожин 3-4 хөрөө рамны зөвшөөрлийн бичгийн мөнгийг идээд одоо цагдаа, шүүхэд шалгагдаж байгааг нь Д.Г би өөрөө гэрчилнэ. Би Түнэл сумын хөрөө рамтай гэрээтэй, хамтран ажилладаг юм.

С.В дарга анх бидний өгсөн өргөдөл гомдлыг өөрөө хүлээн аваад та 2 энэ өргөдлөө буцаагаад авчих биднийг дээрээс цагдаа дарамтлаад байна. Өөр газар аваач гэж гуйгаад, дараа нь бидний өгсөн өргөдлийн холбогдох материалуудыг хамт алдсан гээд сууж байсан. Дахин материал бүрдүүлж өгсөнг юу гэж ойлгох вэ?

Энд дандаа бүлэглэл, луйвар явагдаж байгааг шүүгч дэнсэлж чадаагүйд харамсаж байна. Д.Г би шүүхийн шийдвэрээр хохирсон дээрээ 2021 онд газаргүй үлдсэн.

Итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М бид хоёр Ё.О-тай уулзахаар Түнэл сумын иргэн Н.Б гэдэг эмэгтэйтэй хамт очиж газрынхаа гэрчилгээг солиулахаар уулзахад Ё.О нь 10-42-49 дүгээр гудамжны материалуудыг гаргаж үзээд 10-48-11 Ц.Д-гийн нэр дээр мэдээллийн санд ороогүй байна. Тийм учраас та 2 ирж 7 хоногийн 1 дэх өдөр ирж 10-48-11-д гэрчилгээ солиулж аваарай. Танайхаас гадна өшөө 10 гаруй айл байна. Бөөнөөр нь гэрчилгээ гаргана гэж өөрөө хэлж байсныг нь Н.Б сонсож байсан болно. Ингээд дараа нь Ё.О шүүхэд мэдүүлэхдээ маргаан бүхий газар дээр 2016 оны 07 дугаар сард шон зоож, дай хадсан байсан гэж өөрөө огт үзэж шалгаагүй мэдэхгүй байсан газрыг үзсэн мэтээр худал мэдүүлэг өгч бид хоёрыг гүжирдсэнийг шүүх гэрчилж, нотлоогүй байж шийдвэр гаргасан.

10-48-11 дүгээр газар мэдээллийн санд ороогүй учраас танай газар мөн гэж Ё.О даамал хэлсэн мөртлөө төрийн албан хаагчид байхааргүй ёс суртахуунгүй зан гаргаж урвасныг иргэн Н.Б бид хоёртой хамт очиж Ё.О-тай очиж уулзаж байсныг гэрчилнэ. Гэрч Н.Б хэлсэн үгийг нотолгоо болгон утсанд видео бичлэг хийснийг шүүхийн материалд хавсаргасан.

Ер нь Ц.Д, Т.Т, өмгөөлөгч Н.Э нарын хэлсэн үг бүр намайг биднийг гүтгэж байсныг манай хоёр өмгөөлөгч нар мэднэ. Нөгөө тал нотлох баримтгүй хуурамч гэрчүүд шүүх хуралдаанд оролцуулж байсан.

Төрийн албан тушаалтнууд болох газрын албаныхан, Мөрөн сумын газрын даамал Н.Б, байгаль орчны улсын байцаагч Н.Н газрын даамал Н.М Түнэл сумын газрын даамал Ё.О Засаг дарга С.В нар өөрсдөө надад газар зааж өгж, гэрээ гэрчилгээ гаргаж өгсөн мөртлөө дээрх нэр бүхий албан тушаалтнууд 10-48-11 тоот газрыг өөрсдөө дахин буцааж авч Рашаант суманд газрын даамал байсан Т.Т-аа дээрэм, луйврын аргаар ичихгүйгээр булаан авч өгсөн.

Би ямар ч хууль зүйн үндэслэлгүйгээр газрын маргаан хийгээгүй, өмгөөлөгч нар болон Мэргэжлийн хяналтын газрын гаргасан дүгнэлт /Д.Г-ын газар мөн гэсэн шийдвэр/-ийг үндэслэн гомдол гаргасан учраас албан тушаалтнуудыг өөрсдөө оролцож газрын луйвар дээрмийг шүүгч Б.Э нягталж хяналгүйгээр буруу шийдвэр гаргасныг үнэн зөвөөр нь шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

 Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Т давж заалдах гомдолдоо:

“... 1. Иргэн Д.Г-д Мөрөн сумын Засаг дарга 2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 172 тоот захирамжаараа Мөрөн сумын 11-48-11 тоотод 581.6 м.кв газрыг гэр бүлийн зориулалтаар 30 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэр гаргаж, гэрээ, гэрчилгээ  олгогдож, газрын кадастрын зураг хийгдсэн.

Иргэн Д.Г нь энэ газраа хашаа гэр барьж суурьшсан байхад нь иргэн Т.Т уг газрыг Ц.Д-ээс худалдаж авсан гэж газрын маргаан гарсан юм.

Ц.Д уг газрыг 2014 онд иргэн Н.Г-аас худалдаж аваад шон босгож, хашаа ч бариагүй 5 жил болоод Түнэл сумын байгаль хамгаалагч Т.Т-т 2019 оны 03 дугаар сард худалдаж шилжүүлсэн байна.

Түнэл сумын Засаг дарга нь иргэн Ц.Д-гийн 5 жил эзэмшээгүй хоосон газрыг хууль тогтоомжийг зөрчсөн дагуу хураан авах ёстой байтал танил талаа харж Т.Т-т эзэмшүүлэх шийдвэр гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж иргэн Т.Т-т холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар иргэн Д.Г нэхэмжлэл гаргасан юм.

2. Мөрөн, Түнэл сумын Засаг дарга, газрын мэргэжилтнүүдийн ажлын хариуцлагагүй үйл ажиллагаанаас болж иргэн Ц.Д Д.Г нарын уг газрыг давхцуулан олгосон нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь заалтыг зөрчсөн болох нь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн дүгнэлтээр тогтоогдсон юм.

Шүүх нь аймгийн газрын албаны иргэн Д.Г, С.М нарт урьд нь газар олгогдож байсан эсэх талаар дэлгэрэнгүй лавлагаа гаргуулж аваагүй.

3. Орон нутгийн захиргааны байгууллагууд нь газар эзэмшигч, ашиглагч нарт тавих хяналт шалгалт орхигдсоноос, мөн ажлын уялдаа холбоо байгаагүйгээс иргэний хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж байна.

Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-д зааснаар хууль бус шийдвэрээ хянан үзэж хүчингүй болгож, гарч буй үйлдэл зөрчлийг таслан зогсоох арга хэмжээ авах хуульд заасан эрх үүргээ хэрэгжүүлээгүй байгаад иргэн Д.Г-ы хувьд гомдолтой байгаа юм.

Мөрөн сумын Засаг дарга нь уг газрын маргааныг таслан зогсоох нэрийдлээр Д.Г-д биш хамтран амьдрагч С.М-д газар олгосноор хариуцлагаас мултарч байна.

Д.Г, С.М нар нь хууль ёсоор гэр бүлийн баталгаагүй, хэрэгт нотлох баримт хавсаргагдсан байгаа.

Иймд Түнэл сумын Засаг даргын хууль бус шийдвэр болох 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн А/128 тоот захирамжаар баталсан жагсаалтад бичигдсэн Т.Т-т газар эзэмшүүлсэн холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгуулж бүртгэл хийгдсэн үйл ажиллагаа нь хууль бус болохыг зөвшөөрүүлсэн шийдвэр гаргуулах хүсэлтэй байгаа тул уг шийдвэрийг хянаж, хэргийн материалыг бүхэлд нь хянаж өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны   хэрэг   шүүхэд   хянан   шийдвэрлэх  тухай  хуулийн  118  дугаар

зүйлийн 118.3-д зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор хэргийг хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Д.Г нь Хөвсгөл аймгийн Түнэл сумын Засаг даргын 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 128 дугаар захирамжийг хүчингүй болгож, Түнэл сумын Засаг даргад иргэн Д.Г-д газар эзэмшүүлэх захирамж гаргахыг даалгах, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг даргын 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн А/52 дугаартай захирамжийн Д.Г-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.

Анхан шатны шүүх маргааны үйл баримтад үндэслэлтэй дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, маргаан бүхий захиргааны актуудыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна.

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг даргын 2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” А/172 дугаар захирамжаар нэхэмжлэгч Д.Г-д Хөвсгөл аймгийн Түнэл сумын Хөх толгойн 10.48.11 тоот байршилд байрлах нэгж талбарын 6712011039 дугаар бүхий 581.6 м.кв газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 30 жилийн хугацаатай эзэмшүүлсэн боловч Мөрөн сумын Засаг даргын 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн “Газар эзэмших эрхийг цуцлах тухай” А/52 дугаар захирамжаар Түнэл сумын нутаг дэвсгэр дээр гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрх олгосон иргэдийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон ба үүнд нэхэмжлэгч Д.Г-ы газар эзэмших эрх багтжээ.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл маргаан бүхий газрыг анх Түнэл сумын Засаг даргын 2012 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн “Газар эзэмшүүлэх болон эзэмших эрхийн гэрчилгээ олгох тухай” Б/56 дугаар захирамжаар Б.Г-д олгосон байх ба мөн сумын Засаг даргын 2014 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн “Газар эзэмшүүлэх, газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай” А/109 дүгээр захирамжаар Ц.Д-д, 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн “Газар эзэмшүүлэх эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай” А/128 дугаар захирамжаар гуравдагч этгээд Т.Т-т шилжүүлэн эзэмшүүлсэн байна.

Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, 31 дүгээр зүйлийн 31.3-д “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна.” гэж зааснаас үзвэл иргэн, аж ахуй нэгжид газар эзэмшиж, ашиглах эрх олгоход бусад этгээдийн эзэмшиж, ашиглаж байгаа газартай давхцалгүй байх ёстой.

Гэтэл Түнэл сумын Засаг даргаас 2014 онд иргэн Ц.Д-д маргаан бүхий газрын эзэмших эрхийг шилжүүлсэн байтал уг газрыг Мөрөн сумын Засаг дарга 2018 онд нэхэмжлэгч Д.Г-д давхардуулан олгосон нь үндэслэлгүй байх ба мөн анхнаас Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4.3-д зааснаар Мөрөн сумын Засаг дарга нь өөрийн эрх мэдлийг хэтрүүлж буюу Түнэл сумын нутаг дэвсгэрт иргэдэд газар эзэмшүүлэх шийдвэр гаргасан нь тус тус хууль зөрчсөн үйлдэл болжээ.

Харин Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д “Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно.” гэж зааснаар Мөрөн сумын Засаг дарга өөрийн гаргасан алдааг засч, хууль зөрчиж олгосон газар эзэмших эрхийг цуцалсан нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхгүй, энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Мөн нэхэмжлэгчээс өмнө хууль ёсны дагуу газар эзэмших эрхтэй болсон Ц.Д-гийн газар эзэмших эрхийг гуравдагч этгээд Т.Т-т шилжүүлсэн Түнэл сумын Засаг даргын 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн А/128 дугаар захирамжийг түүнээс хойш газар эзэмших хүсэлт гаргасан нэхэмжлэгч Д.Г-ын хүсэлтийн дагуу хүчингүй болгох хууль зүйн үндэслэл байхгүй бөгөөд Түнэл сумын Засаг даргаас нэхэмжлэгчид гуравдагч этгээд Т.Т-ын эзэмшиж буй маргаан бүхий газрыг давхардуулан олгох боломжгүй байна.

Харин Мөрөн сумын Засаг даргын 2019 оны 03 сарын 22-ны өдрийн А/52 дугаар захирамжийн хавсралтын Д.Г-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагын тухайд нэхэмжлэгчийн өмгөөлөгч нэхэмжлэгчийн өмнөөс гарын үсэг зурсан болохыг өөрсдөө хүлээн зөвшөөрсөн ба энэ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1-д “Нэхэмжлэлийг шүүхэд бичгээр гаргах бөгөөд түүнд нэхэмжлэгч, эсхүл түүний төлөөлөгч гарын үсэг зурсан байна” гэж заасныг зөрчсөн байх тул анхан шатны шүүх тус нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзсаныг буруутгах боломжгүй байна. 

Иймд дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 15 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

ШҮҮГЧ                                                                          Ц.САЙХАНТУЯА

ШҮҮГЧ                                                                          Э.ЛХАГВАСҮРЭН

ШҮҮГЧ                                                                          Д.БААТАРХҮҮ