Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 00015

 

 

               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Энхтайван даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хөвсгөл аймгийн Түнэл сумын Засаг дарга, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг даргад холбогдуулан гаргасан “Түнэл сумын Засаг даргын 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 128 дугаар захирамжийг хүчингүй болгож, Түнэл сумын Засаг дарга С.В-т иргэн Д.Г-д газар эзэмшүүлэх захирамж гаргахыг даалгуулах, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг дарга Ц.Г-ийн 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн А/52 дугаартай захирамжаар баталсан жагсаалтын 270 дугаартай Д.Г-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий Д.Г-ы нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Б.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Т, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М, өмгөөлөгч Д.С, хариуцагч Хөвсгөл аймгийн Түнэл сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.О, хариуцагч Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.М, гуравдагч этгээд Т.Т, түүний өмгөөлөгч В.Э нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Г Хөвсгөл аймгийн Түнэл сумын Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие 2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг даргын А/172 дугаар захирамжаар гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 581.6 м2 газрыг эзэмшихээр болсон. Гэтэл 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг даргын А/52 дугаар захирамжаар Түнэл сумын газартай давахцаж олгогдсон байна гэх үндэслэлээр А/172 дугаар захирамжаар Мөрөн сумын Засаг дарга өөрөө хүчингүй болгосон. Тухайн үед би Хөвсгөл аймгийн Түнэл сумын Засаг даргад тухайн газраа эзэмших өргөдөл, хүсэлтийг гаргаж өгсөн. Гэтэл Түнэл сумын Засаг дарга С.В нь миний хууль ёсны эрх ашгийг хохироосон. Учир нь тус газар дээр 2014 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Хөвсгөл аймгийн Түнэл сумын Засаг даргын А/109 дугаар захирамжаар Б-ын Г-ийн эзэмшлийн газар байж байгаад Ц-ын Д рүү худалдах, худалдан авах гэрээгээр шилжүүлсэн байсан. Тухайн маргаантай газар нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар баг 48 дугаар гудамжны 11-н тоот юм. Энэхүү газрыг Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг даргын А/172 дугаар захирамжаар миний бие эзэмшиж байхдаа хашаа татаж, хүн байнгын амьдрах зориулалттай болгож чадсан. Гэтэл 2014 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн А/109 дугаар захирамжтай Ц.Д нь энэхүү газарт ямарч хашаа бариагүй, үл хөдлөх хөрөнгө босгоогүй байсныг Түнэл сумын Засаг дарга, газрын даамал нар хянаж үзээгүйд маш их гомдолтой байна. Учир нь Газрын тухай хуулинд зааснаар 2 жилийн хугацаанд хашаа, үл хөдлөх хөрөнгө бариагүй тохиолдолд улс өөрийн өмчиндөө буцаан авах тухай зохицуулалт байдаг. Ц.Д нь тухайн газрыг зориулалтын дагуу ашиглаж чадаагүй байсан гэж би үзэж байна. Энэ байдлыг Түнэл сумын Засаг дарга С.В анзааралгүй хэт нэг талыг барьсан шийдвэрийг гаргасан гэж би үзэж байна. Мөн энэ тухай Хөвсгөл аймгийн Засаг даргад гомдол гаргасан ба Хөвсгөл аймгийн Засаг даргын зүгээс 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 1/399 дугаар албан бичгээр иргэн хоорондын маргаан тул шүүхээр шийдвэрлүүлнэ үү гэсэн хариу ирсэний дагуу шүүхэд хандаж байна. Иймд 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн Хөвсгөл аймгийн Түнэл сумын Засаг даргын А/128 дугаар захирамжийг хүчингүй болгож, Хөвсгөл аймгийн Түнэл сумын Засаг даргад иргэн Д.Г-д газар эзэмшүүлэх захирамж гаргахыг даалгаж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Д.Г бид 2 анх Ё.О-тай очиж уулзахад мэдээллийн санд энэ газрын мэдээлэл ороогүй байна гэж хэлсэн. Ингээд намайг 1 дэх өдөр ирээд гэрчилгээгээ солиулж аваарай гэсэн юм. Нэг нэгээр гэрчилгээ гаргадаггүй, бөөнөөр нь гаргадаг, энэ газрыг Ц.Д эзэмшээгүй байна гэж хэлсэн. Гэтэл дараа нь гуравдагч этгээд Т.Т миний хашааг нураасан байхаар нь би цагдаа дуудсан юм. Төрөөс хүчингүй болгосон газрыг дахин хуваарилж өгөх ёстой. Хариуцагч байгууллагаас надад дахин газар олгох талаар ярьж байсан мөртлөө сүүлдээ олгох газар байхгүй, дараа жилийн төлөвлөгөөнд орно, Д.Г-д газар олгох боломжгүй болсон, танд Мөрөн сум газар олгосон байна гэж хэлсэн. Мөрөн сумаас надад газар олгож өгсөн. Би 20-иод жил газартай болох гэж явсан. Түнэл сумын Засаг дарга Д.Г-ы өгсөн өргөдлийг алга болгосон. Дахиад өргөдлөө бичээд өгчих гэхээр нь бичиж өгсөн. Төрийн албан хаагч нар хуйвалдаж миний газрыг булааж авсанд гомдолтой байна. Би заавал 10 дугаар хорооноос газар авах гээд байсан юм байхгүй. Нөхөр бид хоёр 10 дугаар хорооноос газар авъя гэж өргөдлөө бичиж өг гэхээр нь өгөөгүй. Миний газрыг хуйвалдаж байж авсан. Д.Г намайг аавтай минь асарч байгаа ганц хүн. Надад илүү газар ямар ч хэрэг байхгүй. Би сахарын хүнд өвчтэй, хэзээ маргаашгүй үхэх байх. Д.Г-д газар олж өгөхийн тулд тэмцэж байна. Би нураалгасан хашааны хохирлоо хэнээр гаргуулах уу гэдэг нь тодорхойгүй болсон. Ц.Д нь нүүрээ нуудаг, бид нартай огт уулзаагүй. Мөрөн сумын 10 дугаар хороо, 48 дугаар гудамж, 11 тоот газрыг Д.Г-ы нэр дээр хэвээр нь үлдээж өгнө үү гэсэн хүсэлттэй байна” гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2019 оны 08 дугаар сарын 31-ний өдөр иргэн Т.Т нь Ц.Д-ээс энэ газрын худалдан авсан гэж хэрүүл маргаан үүсгэж цагдаагийн байгууллагад хандсан байсан. Үүнээс болж нэхэмжлэгчийн газар эзмших эрх нь зөрчигдсөн. Иргэн Ц.Д 2014 онд Түнэл сумын Засаг даргын захирамжаар газар эзэмших эрхтэй болсон. Гэтэл үүнээс хойш 5 жилийн дараа хашаа барьсан. Ингээд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг даргаас уг газрыг хураан авсан. Түнэл сумын Засаг даргын Тамгын газрын мэргэжилтэн тухайн газрыг ашиглаагүй бол хүчингүй болгох эрхтэй байхад энэ эрхээ хэрэгжүүлээгүй. Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг даргын Тамгын газрын мэргэжилтнүүд газрын давхцал байгаа эсэхийг нягталж шалгаагүй гэж хэлмээр байна. Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т заасан чиг үүргээ хэрэгжүүлэх ёстой байсан. Нэхэмжлэгч нь шат шатны Засаг даргад газрын асуудлаар хандаж өргөдөл гаргаж байсан. Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн дүгнэлтэд Газрын тухай хуулийн 31.3-т заасныг зөрчсөн гэсэн байдаг. Нэхэмжлэгч Д.Г-ы хувьд Хөвсгөл аймгийн Түнэл сумын Засаг даргатай уулзахад оронд нь газар өгөхөөр тохиролцсон. А52 дугаар тоот захирамжийн Д.Г-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, А/72 дугаар захирамжийг сэргээж өгнө үү” гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М-ын өмгөөлөгч Д.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2014 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн Түнэл сумын Засаг даргын А/109 тоот захирамжаар газар эзэмшигчдийн нэрсийг шилжүүлсэн. Уг захирамж гарснаас хойш тус газар дээр үл хөдлөх хөрөнгө болон хашаа, шон босгосон зүйл байгаагүй. Мөрөн сумын байгаль орчны улсын байцаагч н.Нямдаваа, газрын байцаагч н.Б нар иргэн Д.Г-д тус газрыг зааж өгч гэрээ байгуулсан байдаг. Үүний дагуу Д.Г нь тус газар дээр объект барьсан. Гэтэл Т.Т гэх хүн гарч ирээд миний газар гэж маргасан. Түүнд гэрээ, гэрчилгээ байгаагүй, зөвхөн Засаг даргын захирамж л байсан. Газрыг худалдах, худалдан авах талаар яригдаж Түнэл сумын Засаг даргын захирамж 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр гарсан. Уг захирамжид Ц.Д-ээс Т.Т-т шилжиж байгаа гэснийг баталгаажуулж гэрээ, гэрчилгээ олгосон.Түнэл сумын газрын даамал, Түнэл сумын Засаг дарга нар газар эзэмших гэрээ, гэрчилгээ олгосон бүртгэлийг хийгээгүй. Мөн тухайн газар дээр барилга, үл хөдлөх хөрөнгө баригдсан эсэхийг шалгаагүй. Түнэл сумын газрын даамал, Түнэл сумын Засаг даргын буруутай үйл ажиллагаанаас болж иргэн Д.Г хохирсон. Мөрөн сумын газрын даамал нь Мөрөн сумын Засаг дарга Ц.Г-ийн захирамжийг үндэслэж газрыг зааж өгсөн. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тухайн газар дээр объект баригдаагүй байсан тул зааж өгсөн байх гэж тайлбартаа хэллээ. Сумын Засаг дарга нар хилийн давхцалаа мэдэхгүй, хоорондоо уялдаа холбоогүй ажилласнаас болж иргэд хооронд маргаан гарсан. Д.Г-д газар олгосон, үүнтэй холбоотой нотлох баримтыг гаргаж өгсөн гэлээ. Хавтас хэрэгт иргэн Д.Г-тай холбоотой газрын асуудлыг шийдвэрлээгүй, харин С.М-ын газрын асуудлыг шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл Д.Г-ны гараар бичсэн өргөдөл хавтаст хэрэгт байхгүй. 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн А/52 дугаар захирамжийг хүчингүйд тооцож, А/172 тоот захирамжийг хэвээр үлдээж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага гаргасан. Гуравдагч этгээдийн зүгээс гэрч оролцуулах хүсэлттэй байх шиг байна. 16 шон зоосон гэлээ, гэтэл шон зоосон уу үгүй юу гэдгийг хэлэх ёстой хүн нь Мөрөн сумын Байгаль орчны улсын байцаагч н.Н, тухайн үед Мөрөн сумын газрын даамлаар ажиллаж байсан н.Б нар мэдэх боломжтой байгаа. Шон зоогоогүй тул газар олголт явагдсан гэж ойлгож байна. Кадастрын програм өнөөдрийн байдлаар үнэн зөв зааж байгаа гэсэх нь эргэлзээтэй гэдгийг хэлмээр байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна” гэв.

Хариуцагч Хөвсгөл аймгийн Түнэл сумын Засаг дарга шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Иргэн Д.Г-ы нэхэмжлэлтэй танилцаад энэхүү тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэлийн шаардлага нь Түнэл сумын Засаг даргын 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 128 тоот захирамжийг хүчингүй болгуулах тухай байна.

Энэ захирамжаар 6 иргэний эзэмшил газрыг бусдад шилжүүлсэн байх ба хавсартын 6 дугаарт иргэн Ц.Д-ээс Т.Т-т 585 метр квадрат газрыг шилжүүлсэн байдаг. Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан нотлох баримтыг үндэслэн тухайн захирамжийн хавсралтад оруулж шийдвэрлэсэн.Үүнийг хууль бус гэж үзэхгүй байна. Харин Мөрөн сумын Засаг даргын захирамжаар манай сумын нутаг дэвсгэрт газар олгосон болон давхардуулсан, иргэн Д.Г-ыг төөрөгдүүлсэн зэргээс болж энэ маргаан үүссэн байна. Анх энэ газрыг Түнэл сумын Засаг даргын 2012 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 56 тоот захирамжаар иргэн Б.Г-аад эзэмшүүлсэн байна. Тэрээр 2014 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн А/109 тоот захирамжаар эзэмших эрхээ Ц.Д-д шилжүүлсэн байна. Иргэн Ц.Д нь сумын Засаг даргын 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 128 дугаар захирамжаар иргэн Т.Т-т шилжүүлсэнийг хууль бус гэж үзэхгүй байна. Өнөөдөр хууль ёсны эзэмшигч нь иргэн Т.Т мөн гэж үзэж байна. Тиймээс Түнэл сумын Засаг даргын 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 128 тоот захирамжийг хүчингүй болгох үндэслэлгүй гэсэн тайлбарыг гаргаж байна. Ц.Д нь хашаа барьж байгаа боловч тэр нь хулгайлагдаад алга болсон гэдэг мөн тэр газар гэрэл, цахилгаан очоогүй учраас хашаа байшин барьж тохижих ажил нь хойшлогдсон болохыг хүндэтгэн үзэх шалтгаан гэж үзэж байна” гэжээ.

Хариуцагч Хөвсгөл аймгийн Түнэл сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Маргаан бүхий газар дээр 2016 оны 07 дугаар сард шон зоогоод дай хадсан байсан. Ингээд 2019 оны 08 дугаар сараас эхэлж маргаан үүссэн. Маргаан шийдвэрлэгдсэний дараа захирамжаа гаргана гэж байсан. Мөрөн сум руу ярьж танайхаас газар давхардуулж олгосон байна гэсэн тул С.М-д дахин газар олгохоор болсон юм. Үүний дараа манайхаас 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн А/128 дугаар захирамжаар Ц.Д-ээс Т.Т-т шилжсэн. Хамгийн анх 2012 онд н.Г-аад энэ газрыг олгосон. Би нэг өдрийн дотор хувийн хэргүүдийг цэгцэлж амжихгүй. Д.Г гэх хүний материал шилжиж очсоныг нь би танилцаж амжаагүй байсан юм. Тухайн үед шийдвэрлэе гэсэн боловч программ ажиллахгүй байж байгаад та хэд хоноод ир, би танд хараад өгье гэж хэлсэн. Мөрөн сум 10 дугаар хорооны 21 дүгээр гудамжнаас 10 дугаар хорооны 48 дугаар гудамж хүртэл газар олгосон байдаг. Маргаан бүхий газрын хувьд яалт ч үгүй давхардал үүссэн байсан. Газрын 2 хувийн хэргийг нь ч шүүж үзэхэд давхардалтай байсан” гэв.

Гуравдагч этгээд Т.Т шүүхэд гаргасан тайлбартаа: “Т.Т миний бие Хөх толгойн 10-48-11 тоот дахь газрыг хашааны хамт 2019 оны 7 дугаар сарын 17-нд нийт 3,5 сая төгрөгөөр тохирч өөрийн нэр дээр шилжүүлж авсан юм. Энэ газрын талаар танай шүүхэд маргаан үүссэн байна. Би газрын тухай хуулийн дагуу сумын Засаг даргын захирамжаар хууль журмын дагуу шилжүүлж авсан гэж үзэж байна. Иймээс Д.Г-ы гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Гуравдагч этгээд Т.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би энэ хашааг 2019 оны 07 дугаар сард Ц.Д-ээс 3,500,000 төгрөгөөр худалдаж авсан. Хоосон хашаа авна гэж байгаад зарын дагуу үзээд энэ газрыг авсан юм. Төлбөрөө банкаар шилжүүлж, гэрээгээ нотариатаар баталгаажуулсан” гэв.

Гуравдагч этгээдтийн өмгөөлөгч В.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Талуудын гаргасан тайлбарыг сонслоо. Маргаан бүхий газрыг Хөвсгөл аймгийн Засаг даргын 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн А/52 дугаар захирамжаар газар эзэмших эрхийг нь цуцалсан. Энэ газрыг 2018 оны А/172 дугаар захирамжаар иргэн Д.Г-д олгосон байдаг. Газрын тухай хуульд бусдын газартай давхцаж олгож болохгүй гэж заасан. Гэтэл уг газар маань иргэн Ц.Д-ийн эзэмшил газартай давхцалтай байсан учраас Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар газар эзэмших захирамж гаргасан Засаг дарга тухайн шийдвэрээ өөрөө цуцлах, эрх нь зөрчигдсөн иргэний эрхийг хамгаалах, хууль бус үйлдлийг таслан зогсоохын тулд өмнө гаргасан захирамжаа хүчингүй болгосон. Ямар үндэслэлээр хүчингүй болгосон гэвэл кадастрын шинэ программ нэвтэрснээр маргаан бүхий газар 2012 онд олгогдоод 2014 онд эрх нь шилжсэн. Үүний дараа Ц.Д гэх хүн дээр газар байхад маргаан үүсч байсан. Түүнээс өмнө газар эзэмших харилцаа хэвийн явагдаж байсан. Ингээд маргаан гарсны дараа Засаг дарга өөрийнхөө захирамжийг хүчингүй болгосон. Нэхэмжлэгчийн зүгээс уг газрыг 2 жилийн хугацаанд ашиглаагүй гэж маргадаг. Гэтэл Газрын тухай хуульд “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2 жил ашиглаагүй бол” гэж заасан. Энэ газрыг иргэн Т.Т худалдаж авснаараа хэн нэгний эрхэнд халдаагүй. Газрыг иргэн Т.Тунгалагт эзэмшүүлсэн Хөвсгөл аймгийн Түнэл сумын Засаг даргын А/128 дугаар захирамжийг хүчингүй болгох үндэслэл байхгүй” гэв.

Нэхэмжлэгч Д.Г Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие Д.Г нь Мөрөн сумын Засаг даргын 2018 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн А/172 тоот захирамжаар Мөрөн сумын 10 дугаар багийн 48 дугаар гудамжны 11 тоотод 581.6 метр квадрат газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 30 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр гэрээ байгуулж, гэрчилгээ олгогдсон байхад Мөрөн сумын Засаг дарга Ц.Г нь иргэн надад урьдчилан мэдэгдэлгүйгээр газар эзэмших эрхийг минь цуцалсан байсан. Иймд Мөрөн сумын Засаг дарга Ц.Г-ийн 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн А/52 дугаартай захирамжаар баталсан жагсаалтын 270  дугаарт бичигдсэн Д.Г надад холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, нэхэмжлэл гаргав” гэжээ.

Хариуцагч Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг дарга шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Иргэн Д.Г-ы 2020 оны 6 дугаар сарын 22-ны өдөр Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Мөрөн сумын Засаг даргын 2018 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн А/172 тоот захирамжаар 11-48-11 тоотод Д.Г-д газар олгосон байна. 2012-2016 оны хооронд Түнэл сумын нутаг дэвсгэр дээр Мөрөн  сумын Засаг даргын захирамжаар газар олголт хийгддэг байсан бөгөөд 2018 оноос газрын цахим программ хангамж “Лэнд менежер” нэвтэрснээр Мөрөн сумаас олгогдсон иргэний газартай холбоотой хувийн хэрэг дахин хянаж судалгааны үндсэн дээр 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн А/52 дугаар захирамжаар цуцлан Түнэл суманд хүлээлгэн өгсөн байна. 10-48-10 тоотод Түнэл сумаас давхардан газар олголт хийсэн байсан бөгөөд иргэн Д.Г, С.М нар нь иргэн Т.Т-тай газраа булаалдан маргаан үүсгэсэн байдаг. Тиймээс Мөрөн сумын Засаг даргын 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн А/119 дугаар захирамжаар С.М-д 11-49-22 тоотод газар олгосон” гэжээ.

Хариуцагч Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Мөрөн сумын Засаг даргын А/172 дугаар захирамжийг сэргээх боломжгүй. Учир нь 2012 оноос хойш Хөвсгөл аймгийн Түнэл, Мөрөн сумууд хоорондоо хилийн маргаантай байдаг. Мөрөн сумын Засаг дарга 2012 оноос хойш Түнэл сумын газар дээр газар олголт хийсэн. Иргэдэд чирэгдэл учруулдаг тул ингэж олгосон юм. Харин сүүлд газрын шинэ программ нээгдсэн. 1982 оноос хойш тогтоосон хилийн цэс яг хэвээрээ байгаа. Иргэдийн газар өмчилсөн тухай мэдээлэл мэдээллийн санд ороогүй. Газар олгосон бүх иргэдийн эзэмших эрхийг нь цуцалж дахин олгож байгаа. Маргаан бүхий газрыг 2 талаас олгодог болохоор давхцал үүссэн байх. Мөрөн сумын Засаг дарга Түнэл сумын газар дээр газар олголт хийхгүй учраас энэ маргааныг цэгцэлж иргэн С.М-д Мөрөн сумын 11 дүгээр хорооны нутаг дээр газар олгосон, хоёуулаа ирээд С.М-ын нэр дээр газраа авсан. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Иргэн Д.Г нь Хөвсгөл аймгий Түнэл сумын Засаг даргад холбогдуулан  “Түнэл сумын Засаг дарга даргын 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 128 дугаар захирамжийг хүчингүй болгож, Түнэл сумын Засаг даргад  иргэн Д.Г-д газар эзэмшүүлэх захирамж гаргахыг даалгах тухай” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг даргад холбогдуулан “Мөрөн сумын Засаг даргын 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн А/52 дугаартай захирамжийн хавсралтын  Д.Г-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай”  нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлжээ. /хх-84 дүгээр хуудас/

 

а/. Түнэл сумын Засаг дарга даргын 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 128 дугаар захирамжийг хүчингүй болгох тухай ” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

1. Анх Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг даргын 2018 оны 09 сарын 25-ны өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” А/172 дугаар захирамжийн хавсралтаар Д-ын Г-д нэгж талбарын 6712011039 дугаар бүхий 581.6 м2 газрыг 30 жилийн хугацаатайгаар 10.48.11 тоот байршилд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар /шинээр/ газар эзэмшүүлэхээр шийдвэрлэж, гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар уг газрыг эзэмших эрхийн 000759314 дугаар гэрчилгээг  2018 оны 10 дугаар сарын өдөр олгож, гэрээ байгуулсан байна. /ХХ-4-6 дугаар хуудас/

2. Гэвч Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг дарга нь “Мөрөн сумын Засаг даргын 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн А/52 дугаартай захирамжаар: Мөрөн сумын Засаг даргын захирамжаар Түнэл сумын нутаг дэвсгэр дээр гэр бүлийн хэрэгцээний ... зориулалтаар эзэмшиж байсан 318 иргэний 27.1 га газрыг ... нэр бүхий иргэдийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон бөгөөд иргэн Д.Г-ны газар эзэмших эрх хүчингүй болгосон нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2-д “... газрын байршил нь ... сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд ... эзэмшүүлж болохоор заасан байна” гэсэн заалттай нийцсэн бөгөөд Түнэл сумын нутаг дэвсгэрийн харьяалалын байршилтай газрыг өөр сумын буюу Мөрөн сумын Засаг дарга бусдад  эзэмшүүлэхээр шийдвэрлэж байсан нь хууль бус байсан тул өөрөө хүчингүй болгосон нь зүйд нийцсэн, үндэслэл бүхий  байна.   /хх-91 дүгээр хуудас/

3. Нэхэмжлэгчээс: ” ... миний 10.48.11 тоотод байршилтай газар эзэмших эрхийг Мөрөн сумын Засаг дарга хүчингүй болгосон ба, би Түнэл сумын Засаг даргад  уг газраа эзэмших өргөдөл, хүсэлтээ өгсөн боловч миний хууль ёсны ашиг сонирхлыг хохироосон, уг газарт иргэн Ц.Д хашаа барилгүй, зориулалтын дагуу ашиглаагүй тохиолдолд улс өөрийн өмчинд газраа буцаан аваагүй, нэг талыг барьсан шийдвэр гаргасан” хэмээн  маргаж, дээрхи  нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хангах   үндэслэлгүй байна. Учир нь:

4. Маргаан бүхий захиргааны акт буюу Түнэл сумын Засаг дарга даргын 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 128 дугаар захирамж нь “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх “-ээр шийдвэрлэсэн бөгөөд Түнэл сумын Хөх толгой 48-11 тоотод байршилтай, нэгж талбарын 67090006469 дугаартай, 585 м2 газрыг иргэн Ц.Д-ээс иргэн Т.Т-т 10 жилийн хугацаатайгаар гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар эзэмшүүлэхээр шилжүүлжээ.    /хх- 8 дугаар , хуудас/

Энэхүү захиргааны акт нь нэхэмжлэлийн үндэслэлд дурьдсан “... газраа зориулалтын дагуу ашиглаагүй гэх хүндэтгэн үзэх шалтгааны улмаас гэрчилгээг цуцлах эсэхийг шийдвэрлээгүй, зөвхөн газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэхээр шийдвэрлэсэн шийдвэр байх тул нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд хамаарахгүй тул хариуцагч Түнэл сумын Засаг даргыг  буруутгаж, улмаар  нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй байна.

5. Үүнээс өмнө уг маргаан бүхий газрыг Түнэл сумын Засаг даргын 2012 оны 10 сарын 26-ны өдрийн Б/56 дугаар захирамжаар: “...иргэн Б.Г-аад эзэмших эрх олгож байсан байх бөгөөд мөн Түнэл сумын Засаг даргын 2014 оны 09 сарын 04-ний өдрийн А/109 дугаар захирамжаар Б.Г-аас уг газрыг иргэн Ц.Д-д эзэмшүүлэхээр шилжүүлж байсан нь Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хуулиар зөвшөөрсөн хэлбэрээр бусдад шилжүүлж, ... болно. Эрхийн гэрчилгээг шилжүүлэх... үйл ажиллагаа нь зөвхөн Монгол Улсын иргэн ... хооронд явагдана” гэсэн заалттай нийцэж байна.   /хх- 29-32 дугаар , хуудас/

б/. Түнэл сумын Засаг даргад  иргэн Д.Г-д газар эзэмшүүлэх захирамж буюу шаардагдах захиргааны акт гаргахыг даалгах тухай” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

6. Нэхэмжлэгчээс: “...би Түнэл сумын Засаг даргад  уг газраа эзэмших өргөдөл, хүсэлтээ өгсөн боловч миний хууль ёсны ашиг сонирхлыг хохироосон, нэг талыг барьсан шийдвэр гаргасан, уг газрыг эзэмших шийдвэр гаргаж өгөхгүй хохироож байна” гэж  нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарлаж байгаа боловч газар эзэмших хүсэлтээ албан ёсоор гаргаж өгөөгүй нь Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “иргэнн ... газар эзэмших тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад Засгийн газрын эрх бүхий байгууллагаас баталсан загварын дагуу гаргана” гэсэн заалтыг хангаагүйгээс гадна шүүхээс Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д заасан “хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэсэн заалтыг зөрчин бусдын буюу иргэн Т.Т-т хууль ёсоор эзэмшиж байгаа газартай давахцуулан иргэн Д.Г-д уг газрыг эзэмшүүлэхээр шийдвэр гаргахыг даалгах боломжгүй  байх тул нэхэмжлэгчийн энэхүү шааардлагыг хангах үндэслэгүй байна. 

 

в/. Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг даргад холбогдуулан гаргасан “Мөрөн сумын Засаг даргын 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн А/52 дугаартай захирамжийн хавсралтын Д.Г-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай”  нэхэмжлэлийн тухайд:

7. Энэхүү  шаардлага бүхий нэхэмжлэлийн хувьд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52  дугаар зүйлийн 52.1-д “нэхэмжлэлийг шүүхэд бичгээр гаргах бөгөөд түүнд нэхэмжлэгч, эсхүл түүний төлөөлөгч гарын үсэг зурсан байна” гэсэн шаардлагыг хангаагүй учраас нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй болон нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан гэж үзэн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг дараах үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Үүнд:

8. Д.Г-ны нэхэмжлэлтэй Түнэл сумын Засаг даргад холбогдох хэргийн хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах явцад “... нэхэмжлэгч Д.Г гэсэн бичвэр бүхий, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг даргад холбогдуулан гаргасан “Мөрөн сумын Засаг даргын 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн А/52 дугаартай захирамжийн хавсралтын  Д.Г-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай”  нэхэмжлэлийг түүний өмгөөлөгч Б.Т өөрөө бичиж, нэхэмжлэгч Д.Г-аар гарын үсэг зуруулаагүй, түүний өмнөөс нэрийг нь бичсэн болох нь шүүх хуралдаанд дээр өмгөөлөгч Б.Т, итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М нарын  тайлбараар нотлогдсон байх тул Д.Г-ыг өөрөө, эсхүл түүний төлөөлөгч нэхэмжлэл гаргасан гэж үзэх боломжгүй байна.

9. Харин иргэн Д.Г нь өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл  зохих хууль, журмын дагуу энэхүү шаардлага бүхий гомдлоо холбогдох албан тушаалтны дээд шатны албан тушаалтанд гаргахад энэхүү шүүхийн шийдвэр саад болохгүй юм.

10. Иргэн Д.Г-ы нэр дээр Мөрөн сумын 11-49-22 тоотод байршилтай 5010 м2 газрыг эзэмшүүлэхээр Мөрөн сумын газрын албанаас  кадастрын зураг  хийгдсэн боловч түүний хамтран амьдрагч С.М нь “... хамтран амьдарч байгаа тухайгаа бичиж өөрийн нэр дээр шийдвэр гаргуулах тухай” хүсэлт гаргаснаар Мөрөн сумын 2019 оны 06 сарын 20-ны өдрийн А/119 дүгээр захирамжаар С.М-д Мөрөн сумын 11.49.22 тоотод байршилтай 50 м2 газрыг эзэмшүүлэхээр шийдвэрлэснийг дурьдаж байна.   /хх- 92-98 дугаар хуудас/

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,106.3,106.3.14, 109.2 дах хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Газрын тухай хуулийн 31 дугаар зүйлийн 31.2-д заасныг баримтлан Түнэл сумын Засаг даргад холбогдох “Түнэл сумын Засаг дарга даргын 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 128 дугаар захирамжийг хүчингүй болгож, Түнэл сумын Засаг даргад иргэн Д.Г-д газар эзэмшүүлэх захирамж буюу шаардагдах захиргааны акт гаргахыг даалгах тухай” шаардлага бүхий Д.Г-ы нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-д заасныг баримтлан Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг даргад  холбогдуулан нэмэгдүүлэн гаргасан “Мөрөн сумын Засаг даргын 2019 оны 3 сарын 22-ны өдрийн А/52 дугаар захирамжийн хавсралтын Д.Г-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай” шаардлага бүхий нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, өмгөөлөгч 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                              Б.ЭНХТАЙВАН