Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 1297

 

 

  

 

 

 

 

  

 

2016 оны 11 сарын 21 өдөр          Дугаар 181/ШШ2016/01297            Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС  

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Ө.Уянга даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар 

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол, 014 дүгээр байрны 10 тоотод оршин суух, Бадтай овогт Пунцагийн Галмандах /РД:ГЮ75011776/,

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол, 014 дүгээр байрны 10 тоотод оршин суух, Дэлгэр овогт Магвандоржийн Цандмаа /РД:ИЭ75082067/ нарын нэхэмжлэлтэй,         

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, 5 хороолол, 50 мянгатын 30 дугаар байрны 16 тоотод оршин суух, Бэгз овогт Энхээгийн Чинзориг /РД:ХД78030897/,

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, 7 дугаар хэсэг, Стадион Оргил АОС байрны 58А тоотод оршин суух бүртгэлтэй, одоо Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, 5 хороолол, 50 мянгат, 30 байр, 16 тоотод оршин суудаг гэх, Боржигон овогт Санжидын Ганхүү /РД:ХД47122767/ нарт холбогдох,  

 

Зээлийн гэрээний үүрэгт 62,250,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.     

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч болоод нэхэмжлэгч М.Цандмаагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Галмандах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Наранхүү нар оролцов.      

   

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нарын шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгч П.Галмандахын шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

Иргэн Э.Чинзориг, С.Ганхүү нар 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 09 тоот зээлийн гэрээ, барьцааны гэрээ байгуулан 25,000,000 төгрөгийг сарын 4 хувийн хүүтэй, 2 сарын хугацаатайгаар зээлж, зээлийн барьцаанд эрхийн улсын бүртгэлийн Ү-2203025865 дугаартай, 183 м.кв талбайтай, 80 хувийн гүйцэтгэлтэй, Улаанбаатар хотын Сүхбаатар дүүрэг, 19 дүгээр хороо, Хандгайт /14092/, 3 дугаар хэсгийн гудамжны 98-3 тоотод байрлах хувийн сууцыг бариулсан. Гэвч 2 сарын хугацаанд зээлээ төлөх боломжгүй болж, бид зээлийн гэрээний хугацааг дахин 19 сараар сунгасан боловч 2015 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн сар болгон төлөх зээлийн хүүгээ төлөөгүйн дээр зээлийн гэрээний хугацаа 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдөр дуусахад 9,000,000 төгрөгийн хүү төлснөөс өөрөөр ямар ч төлбөр төлөөгүй.

Иймд П.Галмандах, М.Цандмаа биднээс зээлсэн 25,000,000 төгрөгийг, 2015 оны 8 дугаар сарын 01-ээс 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх 14 сарын хүү 14,000,000 төгрөг, хүү болон зээлийг хугацаанд нь төлөөгүйгээс тухай бүр хүүгээс тооцож гаргасан алдангид 23,250,000 төгрөг, нийт 62,250,000 төгрөгийг хариуцагч С.Ганхүү, Э.Чинзориг нараар төлүүлэхээр нэхэмжлэл гаргасан.

Гэхдээ алдангийн нийт дүн төлөгдөөгүй үүргийн 50%-аас хэтэрч тооцсон нь тооцооны алдаанаас болсон тул үндсэн зээл 25,000,000 төгрөг, зээлийн хүү 14,000,000 төгрөг, алданги 19,500,000 төгрөг, нийт 58,500,000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгийг худалдан борлуулах замаар хангахыг шийдвэрт тусгаж өгнө үү гэв.

 

Хариуцагч С.Ганхүү шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

Хариуцагч С.Ганхүү, Э.Чинзориг бид Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 19 дүгээр хороо, Хандгайт /14092/ 3 дугаар хэсгийн 98-3 тоот хувийн сууцыг барьцаалж 25,000,000 төгрөгийг сарын 4 хувийн хүүтэй зээлсэн. 2014 оны 11 дүгээр сараас эхлэн сар бүр 1,000,000 төгрөгийг төлж явж байсан.

Манайх барилгын ажил эрхэлдэг бөгөөд 2015 оноос 2016 онд эдийн засгийн хямралд орж төлж чадахгүйд хүрсэн билээ. Барилгын салбаруудын ажиллагаа хүндэрч барьж байсан орон сууц зарагдахгүй болсноос бид төлбөрийг төлж чадаагүй. Бид гаднаас будаа оруулж, мөн ногооны ажил эрхэлж байгаа. Түүнийгээ зарж борлуулаад бага багаар төлөх хүсэлттэй байна.

Бид 25,000,000 төгрөг аваад 9,200,000 төгрөгийг төлсөн. Одоо 30,500,000 төгрөгийг шүүхийн журмаар бус хоорондоо тохирч эвлэрлийн журмаар төлбөрийг барагдуулах хүсэлттэй байна гэжээ.

 

Хариуцагч Э.Чинзориг шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

Миний бие Э.Чинзориг нь иргэн М.Цандмаа, П.Галмандах нараас 25,000,000 төгрөгийг 4 хувийн хүүтэйгээр 2014 онд зээлж Хандгайт вилла хотхоны барилгын ажилд зориулсан билээ. 2014 оноос хойш үргэлжилсэн эдийн засгийн хямрал нь тус Виллагаас байр борлогдоход сөргөөр нөлөөлж өдий хүртэл зээл болон зээлийн хүүг төлж чадахгүйд хүргэсэн билээ.

Миний бие нь нэхэмжлэгчийн шаардаж буй бүх үнийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд зээлдэгч нартай 30,500,000 төгрөгөөр зээлийн үнийн дүн дээр 7 сарын хугацаатайгаар эвлэрч тохиролцох хүсэлтэй байна гэжээ. 

 

 

Шүүх нэхэмжлэгчээс шаардлагаа нотлох зорилгоор шүүхэд гаргасан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч М.Цандмаа, П.Галмандах нар нь хариуцагч Э.Чинзориг, С.Ганхүү нараас зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 25,000,000 төгрөг, зээлийн хүү 14,000,000 төгрөг, алданги 23,250,000 төгрөгийг тус тус нэхэмжилсэн ба нэхэмжлэгч П.Галмандах нь алдангид шаардсан 23,250,000 төгрөгийг 3,750,000 төгрөгөөр багасгаж, одоо үндсэн зээл 25,000,000 төгрөг, хүү 14,000,000 төгрөг, алданги 19,500,000 төгрөг, нийт 58,500,000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулахаар шаардаж байна.

 

Хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлагаас 30,500,000 төгрөгийг зөвшөөрч, үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй гэж маргасан тайлбарыг бичгээр ирүүлсэн.

 

Шүүх хариуцагч нарт тус шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хариуцагч нар хүндэтгэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүх хариуцагч талын өмгөөлөгчөөс эрх зүйн туслалцаа авах, шүүх хуралдаанд биечлэн оролцох, өмгөөлөгчөө хэргийн материалтай танилцуулах зэрэг хүсэлтийг хангаж, шүүх хуралдааныг 3 удаа хойшлуулах замаар хариуцагч талд мэтгэлцэх боломжийг бүрэн олгосон байхад хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй тайлбар гаргаснаас өөрөөр татгалзлаа нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй болно.

 

Иймд нэхэмжлэгчийн хүсэлтээр хүндэтгэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй, хуульд заасан мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлээгүй хариуцагч нарын эзгүйд хэргийг хянан хэлэлцэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т нийцнэ.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

Зохигчид 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 09 тоот зээлийн гэрээг бичгээр байгуулж, зээлдүүлэгч М.Цандмаа, П.Галмандах нар нь 25,000,000 төгрөгийн зээлийг шилжүүлэх, зээлдэгч Э.Чинзориг, С.Ганхүү нар нь 4%-ийн хүүг сар бүр, гэрээний хугацаа 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдөр дуусахад 25,000,000 төгрөгийн зээлийг тухайн сарын 4%-ийн хүүгийн хамт буцаан өгөх, хэрэв гэрээнд заасан хугацаанд зээлийг хүүгийн хамт төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөөгүй үлдсэн мөнгөний үнийн дүнгийн 0,5%-аар тооцож алданги төлөхөөр тохиролцсон ба 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 09-01 тоот нэмэлт гэрээгээр өмнөх нөхцлөөр гэрээний хугацааг 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл сунгажээ.

 

Зээлдэгч С.Ганхүү, Э.Чинзориг нар нь зээлийн барьцаанд эрхийн улсын бүртгэлийн Ү-2203025865 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Хандгайт /14092/ 3 дугаар хэсэг гудамж, 98-3 тоот хаягт байршилтай 183 м.кв талбайтай 80%-ийн гүйцэтгэлтэй хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалж, зохигчид 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 09 тоот барьцааны гэрээг мөн байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлсэн байна.

 

Талуудын хооронд байгуулагдсан дээрх гэрээнүүд нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.3, 156 дугаар зүйлийн 156.1, 156.2-т заасанд нийцсэн хүчин төгөлдөр байна.

 

Хүү тогтоосон зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан мөнгийг тохирсон хугацаанд тохирсон хүүгийн хамт буцаан өгөх үүрэгтэй ба манай тохиолдолд зээлдэгч нар хүүгийн төлбөрийг сар бүр төлөх үүрэгтэй.

 

Зээлдүүлэгч М.Цандмаа, П.Галмандах нар нь зээлийн гэрээгээр хүлээсэн 25,000,000 төгрөгийг зээлдэгч Э.Чинзориг, С.Ганхүү нарт шилжүүлэх үүргээ биелүүлсэн болох нь Хаан банкны 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн мөнгөн шилжүүлгийн баримт болон хариуцагч нарын тайлбараар тогтоогдож байна.

 

Харин хариуцагч Э.Чинзориг, С.Ганхүү нар 2014 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 1,000,000, 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 1,000,000 төгрөг, 2015 оны 1 дүгээр сарын 05-ны өдөр 1,000,000 төгрөг, 2015 оны 2 дугаар сарын 07-ны өдөр 1,000,000 төгрөг, 2015 оны 3 дугаар сарын 10-ны өдөр 500,000 төгрөг, 2015 оны 3 дугаар сарын 14-ний өдөр 500,000 төгрөг, 2015 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр 1,000,000 төгрөг, 2015 оны 5 дугаар сарын 14-ний өдөр 1,000,000 төгрөг, 2015 оны 6 дугаар сарын 05-ны өдөр 1,000,000 төгрөг, 2015 оны 7 дугаар сарын 19-ний өдөр 1,000,000 төгрөг буюу нийт 9 сарын хүү төлснөөс өөр төлбөр төлөөгүй талаар нэхэмжлэгч тайлбарласан.

 

Хариуцагч нар зээлийн гэрээний үүрэгт 9,200,000 төгрөг төлсөн гэж тайлбарласан боловч энэ талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүй, харин нэхэмжлэгч нийт 9,000,000 төгрөг авснаа хүлээн зөвшөөрсөн тул шүүх маргаагүй үйл баримтыг тогтоогдсон гэж үзэж хариуцагч нарыг зээлийн хүүд 9,000,000 төгрөг төлсөн гэж үзэв.

 

Гэрээний хугацаа 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдөр дуусгавар болсон, талууд гэрээг дахин сунгаагүй тул Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т “...хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана” гэж зааснаар нэхэмжлэгч 2016 оны 7 дугаар сарын 01-ээс хойшхи хугацааны хүүг шаардах эрхгүй байна.

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч нар нь одоо үндсэн зээлд 25,000,000 төгрөг, зээлийн хүүнд 12,000,000 /21 сарын хүү төлөхөөс 9 сарын хүү төлөгдсөн тул одоо 12 сарын хүү/ төгрөг буюу нийт 37,000,000 төгрөгийг алдангийн хамт хариуцагч нараас шаардах эрхтэй байна.

 

Гэхдээ нэхэмжлэгч нар сар бүр төлөгдөх хүүгийн төлбөрийг төлөөгүй хугацаа хэтрүүлснээс алданги тооцож, 19,500,000 төгрөгийг хариуцагч нараас шаардсан нь зээлийн гэрээний 5-д “гэрээнд заасан хугацаанд зээлийг хүүгийн хамт төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөөгүй үлдсэн мөнгөний үнийн дүнгийн 0,5%-аар бодож алдангийг зээлдүүлэгчид төлөх үүрэгтэй” гэж заасанд нийцээгүй гэж үзэхээр байх тул шүүх хариуцагч нараас энэ хэмжээний алданги гаргуулах үндэслэлгүй байна.

 

Тодруулбал, шүүх Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1-д заасны дагуу  гэрээний дээрх заалтыг тайлбарлавал зээлийг буцаан төлөх үүрэг үүссэн өдөр буюу 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хариуцагч нар үндсэн зээл болон тухайн үед үүссэн хүүгийн төлбөрийг төлөөгүй тохиолдолд 2016 оны 7 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн хоног тутамд төлөөгүй үлдсэн нийт төлбөрийн 0,5%-аар алданги төлөхөөр тохирсон гэж ойлгогдохоор байгаа тул нэхэмжлэгчийн тооцсон аргачлал буюу хүүгийн төлбөр төлөх хугацааг хэтрүүлснээс үүссэн алдангийг гэрээний заалтад нийцээгүй гэж үзсэн болно.

 

2016 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар хариуцагч нар үндсэн зээл 25,000,000 төгрөг, хүү 12,000,000 төгрөг буюу нийт 37,000,000 төгрөгийг төлөөгүй тул энэ дүнгээс шүүхэд нэхэмжлэл гаргасан 2016 оны 8 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаа болох 61 хоногийн алдангийг шүүх гэрээний заалтад нийцүүлэн тооцвол 11,285,000 /(37,000,000х0,5%)х61хон/ төгрөг болж байна.

 

Иймд хариуцагч Э.Чинзориг, С.Ганхүү нараас үндсэн зээл 25,000,000 төгрөг, зээлийн хүү 12,000,000 төгрөг, алданги 11,285,000 төгрөг буюу нийт 48,285,000 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж нэхэмжлэгч П.Галмандах, М.Цандмаа нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 10,215,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Хариуцагч Э.Чинзориг, С.Ганхүү нар нь 48,285,000 төгрөг төлөх үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох эрхийн улсын бүртгэлийн Ү-2203025865 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Хандгайт /14092/ 3 дугаар хэсэг гудамж, 98-3 тоот хаягт байршилтай 183 м.кв талбайтай 80%-ийн гүйцэтгэлтэй хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг албадан худалдаж, нэхэмжлэгч П.Галмандах, М.Цандмаа нарын шаардлагыг хангахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгах нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч Э.Чинзориг, С.Ганхүү нараас 48,285,000 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж М.Цандмаа, П.Галмандах нарт олгож, М.Цандмаа, П.Галмандах нарын нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 10,215,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.  

 

2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасныг баримтлан Э.Чинзориг, С.Ганхүү нар нь 48,285,000 төгрөгийг төлөх үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд эрхийн улсын бүртгэлийн Ү-2203025865 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Хандгайт /14092/ 3 дугаар хэсэг гудамж, 98-3 тоот хаягт байршилтай 183 м.кв талбайтай 80%-ийн гүйцэтгэлтэй хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг албадан худалдаж, нэхэмжлэгч М.Цандмаа, П.Галмандах нарын шаардлагыг хангахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 59 дүгээр зүйлийн 59.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 469,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 399,375 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.   

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон тал нь энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл 7 хоногийн дараа шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                                Ө.УЯНГА