Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 202

 

 

П.Галмандах, М.Цандмаа нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Т.Туяа, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 181/ШШ2016/01297 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч П.Галмандах, М.Цандмаа нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Э.Чинзориг, С.Ганхүү нарт холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 25 000 000 төгрөг, зээлийн хүү 14 000 000 төгрөг, алданги 19 500 000 төгрөг, нийт 58 500 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагч нарын өмгөөлөгч С.Гарьдын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч, нэхэмжлэгч М.Цандмаа итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Галмандах,

Хариуцагч нарын өмгөөлөгч С.Гарьд,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгч П.Галмандах, М.Цандмаа нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Э.Чинзориг, С.Ганхүү нар 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 09 тоот зээлийн гэрээ, барьцааны гэрээ байгуулан 25 000 000 төгрөгийг сарын 4 хувийн хүүтэй, 2 сарын хугацаатайгаар зээлж, зээлийн барьцаанд эрхийн улсын бүртгэлийн Ү-2203025865 дугаартай, 183 м.кв талбайтай, 80 хувийн гүйцэтгэлтэй, Улаанбаатар хотын Сүхбаатар дүүрэг, 19 дүгээр хороо, Хандгайт /14092/, 3 дугаар хэсгийн гудамжны 98-3 тоотод байрлах хувийн сууцыг бариулсан. Гэвч 2 сарын хугацаанд зээлээ төлөх боломжгүй болж, бид зээлийн гэрээний хугацааг дахин 19 сараар сунгасан боловч 2015 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн сар болгон төлөх зээлийн хүүгээ төлөөгүйн дээр зээлийн гэрээний хугацаа 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдөр дуусахад 9 000 000 төгрөгийн хүү төлснөөс өөрөөр ямар ч төлбөр төлөөгүй. Иймд зээлж авсан 25 000 000 төгрөгийг, 2015 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх 14 сарын хүү 14 000 000 төгрөг, хүү болон зээлийг хугацаанд нь төлөөгүйгээс тухай бүр хүүгээс тооцож гаргасан алдангид 23 250 000 төгрөг, нийт 62 250 000 төгрөгийг хариуцагч С.Ганхүү, Э.Чинзориг нараар төлүүлэхээр нэхэмжлэл гаргасан. Гэхдээ алдангийн нийт дүн төлөгдөөгүй үүргийн 50%-аас хэтэрч тооцсон нь тооцооны алдаанаас болсон тул үндсэн зээл 25 000 000 төгрөг, зээлийн хүү 14 000 000 төгрөг, алданги 19 500 000 төгрөг, нийт 58 500 000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгийг худалдан борлуулах замаар хангахыг шийдвэрт тусгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч С.Ганхүү шүүхэд гаргасан тайлбартаа: Хариуцагч С.Ганхүү, Э.Чинзориг нар нь Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 19 дүгээр хороо, Хандгайт /14092/ 3 дугаар хэсгийн 98-3 тоот хувийн сууцыг барьцаалж 25 000 000 төгрөгийг сарын 4 хувийн хүүтэй зээлсэн. 2014 оны 11 дүгээр сараас эхлэн сар бүр 1 000 000 төгрөгийг төлж байсан. Манайх барилгын ажил эрхэлдэг бөгөөд 2015 оноос 2016 онд эдийн засгийн хямралд орж төлж чадахгүйд хүрсэн. Барилгын салбаруудын ажиллагаа хүндэрч барьж байсан орон сууц зарагдахгүй болсноос бид төлбөрийг төлж чадаагүй. Бид гаднаас будаа оруулж, мөн ногооны ажил эрхэлж байгаа. Түүнийгээ зарж борлуулаад бага багаар төлөх хүсэлттэй байна. Бид 25 000 000 төгрөг аваад 9 200 000 төгрөгийг төлсөн. Одоо 30 500 000 төгрөгийг шүүхийн журмаар бус хоорондоо тохирч эвлэрлийн журмаар төлбөрийг барагдуулах хүсэлттэй байна гэжээ.

 

Хариуцагч Э.Чинзориг шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Э.Чинзориг нь иргэн М.Цандмаа, П.Галмандах нараас 25 000 000 төгрөгийг 4 хувийн хүүтэйгээр 2014 онд зээлж Хандгайт вилла хотхоны барилгын ажилд зориулсан. 2014 оноос хойш үргэлжилсэн эдийн засгийн хямрал нь тус Виллагаас байр борлогдоход сөргөөр нөлөөлж өдий хүртэл зээл болон зээлийн хүүг төлж чадахгүйд хүргэсэн. Миний бие нь нэхэмжлэгчийн шаардаж буй бүх үнийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд зээлдэгч нартай 30 500 000 төгрөгөөр зээлийн үнийн дүн дээр 7 сарын хугацаатайгаар эвлэрч тохиролцох хүсэлтэй байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч Э.Чинзориг, С.Ганхүү нараас 48 285 000 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж М.Цандмаа, П.Галмандах нарт олгож, М.Цандмаа, П.Галмандах нарын нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 10 215 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасныг баримтлан Э.Чинзориг, С.Ганхүү нар нь 48 285 000 төгрөгийг төлөх үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд эрхийн улсын бүртгэлийн Ү-2203025865 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Хандгайт /14092/ 3 дугаар хэсэг гудамж, 98-3 тоот хаягт байршилтай 183 м.кв талбайтай 80 хувийн гүйцэтгэлтэй хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг албадан худалдаж, нэхэмжлэгч М.Цандмаа, П.Галмандах нарын шаардлагыг хангахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 59 дүгээр зүйлийн 59.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 469 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 399 375 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч нарын өмгөөлөгч С.Гарьд давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх хуралдаанд хариуцагч талыг шүүх хуралдаанд оролцуулах боломжоор хангалгүй хэргийг шийдвэрлэсэн. Хариуцагч С.Ганхүүгийн өмгөөлөгч миний бие тус өдөр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2 хуралтай байсан бөгөөд хуулийн дагуу нотлох баримтыг хавсаргаж шүүгчийн туслахад хүсэлтээ хүргүүлсэн.

Хариуцагч С.Ганхүү, Э.Чинзориг нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд нийтдээ 9 200 000 төгрөгийг төлсөн. Мөн хариуцагч нар нь Э.Чинзориг, С.Ганхүү нар шүүхэд гаргаж өгсөн тайлбартаа ....шүүхийн журмаар бус хоорондоо тохирч, эвлэрлийн журмаар төлбөрийг барагдуулах, 7 сарын хугацаа олгоно уу гэсэн тайлбарыг өгсөн бөгөөд нэхэмжлэгч тал хариуцагч нарын гаргасан саналыг хүлээн зөвшөөрч байгаа эсэх нь тодорхойгүй байхад хурал хийж шийдвэрлэсэн байдаг. Учир нь зээлийн гэрээ сарын 4 хувь, жилийн 48 хувь, анз хоногийн 0,5 буюу хэт өндөр хийгдсэн. Энэ талаар хүсэлт өгөх, талуудын эвлэрэх боломжоор хангаагүй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гараагүй тул хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөнөөс шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

 

            Нэхэмжлэгч М.Цандмаа, П.Галмандах нар хариуцагч Э.Чинзориг, С.Ганхүү нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 25 000 000 төгрөг, хүү 14 000 000 төгрөг, алданги 23 250 000 төгрөг, нийт 62 250 000 төгрөг гаргуулах, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж үндсэн зээл 25 000 000 төгрөг, зээлийн хүү 14 000 000 төгрөг, алданги 19 500 000 төгрөг, нийт 58 500 000 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шаардсаныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасны дагуу шүүгч 2016 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 181/ШЗ2016/03606 дугаар иргэний хэрэг үүсгэх тухай захирамж гарган иргэний хэрэг үүсгэхдээ захирамжийн захирамжлах хэсэгт барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай шаардлагыг орхигдуулж иргэний хэрэг үүсгэсэн бөгөөд уг захирамжийг өөрчилж, залруулсан талаар хэрэгт баримт авагдаагүй болно. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлох эрхтэй бөгөөд нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн зарим хэсгийг иргэний хэрэг үүсгэсэн захирамжид заагаагүй нь талуудын мэтгэлцэх зарчимд нийцэхгүй.

 

Мөн хэрэгт авагдсан баримтаас үзвэл барьцааны гэрээгээр барьцаанд бариулсан Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Хандгайт /14092/ 3 дугаар хэсэг гудамжны 98-3 тоот 80 хувийн гүйцэтгэлтэй хувийн сууцны эрхийн бүртгэлийн гэрчилгээ хэрэгт авагдаагүй байх бөгөөд хэрэгт ач холбогдолтой нөхцөл байдал болох уг сууцны өмчлөгч хэн болохыг тогтоох боломжгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.2-т зааснаар иргэний хэрэг үүсгэсний дараа нэхэмжлэлийн хувийг хариуцагч нарт гардуулж, хариуцагч нар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариу тайлбар гаргах, өөрийн тайлбартай холбоотой нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөх, бүрдүүлэх, цуглуулах талаар хүсэлт гаргах боломжоор хангагдсан буюу хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай нотлох баримт бүрдсэн нөхцөлд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.1-т заасны дагуу шүүх хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай шүүгчийн захирамж гаргах учиртай.

 

Шүүх хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай шүүгчийн захирамж гаргахдаа уг захирамжийн агуулга бүтэц Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт заасан үндсэн шаардлагад нийцсэн байх атал шүүх 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 181/ШЗ2016/04812 дугаар иргэний хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай захирамжийн захирамжлах хэсэгт нэхэмжлэгч нарын барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг мөн заагаагүй орхигдуулжээ.

 

Дээрх үндэслэлээр хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрх зөрчигдсөн, хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийх боломжгүй тул хариуцагч нарын давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 181/ШШ2016/01297 дугаар шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Э.Чинзоригийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 399 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                                                       

                              ШҮҮГЧИД                                     Т.ТУЯА

 

 

                                                                                    Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ