Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 1288

 

 

 

 

 

 

 

 

 

 “ХХХХ"-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Байгалмаа, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 102/ШШ2016/03390 дүгээр шийдвэртэй

 

Нэхэмжлэгч “ХХХХ"-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч “ХХХХ” ХХК-нд холбогдох

 

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 15 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХ-ийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн

Шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч                     ХХХХ

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч                                                ХХХХ

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч                         ХХХХ

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга                        Р.Янжинлхам нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч ХХХХ шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХ , өмгөөлөгч ХХХХХнар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ХХХХ” ХХК нь 2005 оны 3 дугаар сарын 30-ны өдөр 10 000 000 төгрөг, 2005 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр 15 000 000 төгрөг, мөн 2005 оны 5 дугаар сарын 12-ны өдөр 15 000 000 төгрөгийг дараа тооцох нөхцөлтэйгээр, бэлэн мөнгөний зарлагын баримтаар манай байгууллагаас зээлж авсан. Дээрхи зээлсэн 40 000 000 төгрөгөөс 2005 оны 7 дугаар сарын 15-ны өдөр 10 000 000 төгрөг, 2006 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр 15 000 000 төгрөгийг тус тус манай байгууллагад тушаасан. Ингээд 15 000 000 төгрөгийн үлдэгдэлтэй байсан хирнээ 2007 оны 2 дугаар сарын 8-ны өдрийн 1/17 тоот албан бичгээр “... автобусны сэлбэг худалдан авах шаардлагтай байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар мөнгөн хөрөнгийн хэмжээ хүрэхгүй байна. Иймд үйл ажиллагаа хэвийн явуулахад туслалцаа үзүүлж 30 000 000 төгрөгийг 3 сард буцаан төлөх нөхцөлтэйгээр олгож бидний ажилд туслана уу” гэж хүсэлт гаргасан. Уг хүсэлтийн дагуу “ХХХХ” ХХК-ийн Улаанбаатар банкны 2611020269 тоот дансанд 30 000 000 сая төгрөгийг шилжүүлсэн. Ингээд манай байгууллагын зүгээс ХХХХ ХХК-иас 45 000 000 төгрөгийн авах авлагатай болсон. Дээрхи авлагаас “ХХХХ” ХХК нь 2007 оны 5 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар банкин дахь манай байгууллагын 2603001198 тоот дансанд 13 000 000 төгрөг, 2007 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр 9 000 000 төгрөг, 2007 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 8 000 000 төгрөгийг тус тус төлсөн байна. Уг төлбөрийн эхний 13 000 000 төгрөг, дараагийн төлөлтийн 9 000 000 төгрөгөөс 2 000 000 төгрөг зэргийг 2005 онд түр зээлсэн мөнгөний үлдэгдэл болох 15 000 000 төгрөгт суутган тооцсон ба 15 000 000 төгрөгийг нь 2007 оны зээлсэн 30 000 000 төгрөгөөс суутгахаар нийт 15 000 000 төгрөгийг одоог болтол “ХХХХ” ХХК нь манай байгууллагад төлөөгүй байна. Хариуцагч “ХХХХ” ХХК нь хэдийгээр 2005 онд анх 40 000 000 төгрөг, 2007 онд 30 000 000 төгрөгийг санхүүгийн хүнд байдлын улмаас түр хэрэглэхээр хүсэлт гарган авсан ч 2007 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хамгийн сүүлийн төлбөрийг төлсөн учраас хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй гэдэг нь харагдаж байна. Учир нь манай байгууллагуудын хооронд зээлийн гэрээ байхгүй учраас гэрээний үүрэг гэж үзэх үндэслэлгүй тул Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэгт зааснаар уг хэргийн талаар нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа 10 жил байна. Манай байгууллага нь “ХХХХ” ХХК-д 2015 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн 1282 тоот албан бичгээр зээлийн үлдэгдэл 15 000 000 төгрөгийг төлж барагдуулна уу гэж хандсан боловч “ХХХХ” ХХК-иас 2015 оны 4 дүгээр сарын 14-ны өдөр 01/036 тоот албан бичгээр “манай байгууллагын төлөх ёстой гэх 15 000 000 төгрөгийн асуудлаар хоёр байгууллага хоорондын шүүхийн шатны шийдвэр өмнө нь гарч байсан ба энэ шийдвэрээр манай байгууллагаас 15 000 000 төгрөгийг барагдуулсан баримтын дагуу уг нэхэмжлэл буцаагдаж байсныг мэдэгдье" гэсэн хариу ирсэн. Дээрхи албан бичигт дурьдагдсан шүүхийн шийдвэр нь 2012 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн 5588 дугаар Сонгинохайрхан дүүргийн шүүхийн шүүгчийн захирамж бөгөөд ХХХХ нь “ХХХХ” ХХК-д холбогдуулан 15 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан ч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул нэхэмжлэлийг буцаах нь зүйтэй, нэхэмжлэгч нь шүүхэд өөрийн биеэр ирж нэхэмжлэлээ шийдвэрлүүлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэсэн болохоос манай байгууллагын өр төлбөрийг төлөх эсэх талаар эцэслэн шийдвэрлээгүй юм. Иймд “ХХХХ” ХХК-аас 15 000 000 төгрөг гаргуулан манай байгууллагыг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.   

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай захирал ХХХХ нь Солонгос улсад эмчилгээнд явсан. Нэхэмжлэгч байгууллагаас бичиг ирсэн бөгөөд өмнө нь шүүх хуралдаан болж байсан. Баримт байсан учраас албан бичгийн хариуг 7 хоногийн дотор өгсөн. Байгууллагын архивт үзэхэд 2 албан бичиг байсан бөгөөд ямар нэгэн гэрээ олдоогүй. 2005 онд зээлсэн 10 000 000 төгрөг, 2007 онд зээлсэн 30 000 000 төгрөгийг буцаан төлсөн байдаг. Өрийн баримт байхгүй, архивын бүртгэлд өрийн талаар байхгүй байна. Ерөнхий захирал ирэх боломжгүй байгаа бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хэргийн материалтай танилцахад ХХХХ гэж бичсэн ч тамга тэмдэг байхгүй байна. ХХХХ ын гарын үсэг мөн эсэхэд эргэлзэж байна. Мөн 2005 оны асуудлыг одоо гаргаж ирж нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна. Тэр үеийн хүмүүс одоо байргүй болсон гэжээ.

 

Шүүх Иргэний хуулийн 75 дугаар зүйийн 75.2.1-д заасныг баримтлан, “ХХХХ” ХХК-иас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 15 000 000 төгрөг гаргуулах тухай “ХХХХ"-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 232 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХ Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: ...Шүүх хэргийг шийдвэрлэхдээ иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасныг үндэслэн шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон. Манай байгууллага “ХХХХ” ХХК-д нийт 70 000 000 төгрөгийг зээлсэн бөгөөд үүнээс “ХХХХ” ХХК нь 55 000 000 төгрөгийг буцаан төлсөн байдаг. Үлдэгдэл 15 000 000 төгрөгөө авах талаар 2007 оноос хойш удаа дараа шаардаж байсан, энэ талаараа анхан шатны шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа дурьдсан. Ер нь мөнгөө төлөхийг шаардаад төлөхгүй байсан учраас аргаа бараад Нийслэлийн нийтийн тээврийн газарт хандсан. Учир нь Нийслэлийн нийтийн тээврийн газар бол дээд шатны удирдах байгууллага бөгөөд нийтийн тээврийн үйлчилгээний нөхөн олговрын мөнгийг автобусны компаниудад олгодог тул уг нөхөн олговроос суутгаж өгөхийг хүссэн албан тоотыг хүргүүлж байсан. 2007 оны 12 сарын 27-ны өдрөөс хойш Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2012 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн 5588 тоот захирамжийг гарах хүртэл хөөн хэлэлцэх хугацааг ямар үндэслэлээр тасалдсан, 5 жил 9 хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн гэдгийг ямар үндэслэлээр яаж тогтоож байгаа нь ойлгомжгүй байна. Нэхэмжлэгч хэзээ ч шүүхэд хандсан байж болно, гэтэл 2012 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр л шүүхэд хандсан мэтээр шүүх үзсэн байна. Мөн шүүх “ХХХХ” ХХК нь 40 000 000 төгрөгийг нэхэмжлэгч талд төлсөн энэ талаар зохигчид маргаагүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм. Нэхэмжлэгч талаас хариуцагч “ХХХХ” ХХК, захирал ХХХХ нь 70 000 000 төгрөгийг зээлж, 55 000 000 төгрөгийг баримтаар буцаан төлсөн, үлдэгдэл 15 000 000 төгрөг дутуу байгаа талаар маргасан байхад нэхэмжлэгчийн яриагүй зүйлийн талаар ярьсан болгож дүгнэж бичсэн байна. Мөн хариуцагч "Хөөн хэлэлцэх хугацаа дууссан талаар маргаагүй, харин 2005 оны асуудлыг одоо гаргаж ирж нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй гэсэн байхад хөөн хэлцэх хугацаа дууссан гэж хариуцагчийг ярьсан мэтээр шийдвэрт бичсэн байна. Иймд Баянгол, Хан-уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 3390 дугаартай шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан "Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь талаас нь үнэлнэ гэснийг зөрчсөн тул шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлж, зохигчдын хооронд үүссэн маргаанд хэрэглэвэл зохих хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

Нэхэмжлэгч ХХХХ нь хариуагч “ХХХХ” ХХК-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 15 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч байгууллага эс зөвшөөрөн 40 000 000 төгрөгийг зээлээд авснаа эргүүлэн төлж, төлбөр тооцоог дуусгасан, 2005 оны зээлийг 2016 онд нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарлан маргажээ.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч ХХХХХ буюу ХХХХ нь “ХХХХ” ХХК-нд 2005 оны 3 дугаар сарын 30-ны өдөр 10 000 000 төгрөг, 2005 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр 15 000 000 төгрөг, 2005 оны 5 дугаар сарын 21-ний өдөр 15 000 000 төгрөг, 2007 оны 2 дугаар сарын 9-ний өдөр 30 000 000 төгрөгийг тус тус зээлүүлж, зээлийн гэрээ байгуулсан, хариуцагч “ХХХХ” ХХК нь дээрх гэрээний дагуу зээлийг буцааж төлөх үүрэг хүлээсэн хэлцэл хийгдсэн байх тул анхан шатны шүүх зохигчдын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсгийн заалттай нийцсэн байна. /хэргийн 11-17 дугаар тал/

 

Хариуцагч “ХХХХ” ХХК нь ХХХХХ -т зээлийн мөнгөнөөс 2005 оны 7 дугаар сарын 15-ны өдөр 10 000 000 төгрөг, 2007 оны 5 дугаар сарын 10-ны өдөр 13 000 000 төгрөг, 2007 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр 9 000 000 төгрөг, 2007 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 8 000 000 төгрөг, нийт 40 000 000 төгрөгийг буцаан төлсөн үйл баримт тогтоогдсон болно. /хэргийн 19, 20-22 дугаар тал/

 

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт “Гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна” гэж заасан бөгөөд нэхэмжлэгч байгууллага зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг 5 жил 9 сарын дараа буцаан шаардсанаар хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж анхан шатны шүүх үзсэнийг буруутгах боломжгүй байна. Зээлийн гэрээний үүргийг шаардах хөөн хэлэлцэх хугацаа зогссон, тасалдсан гэж үзэх баримт хэрэгт авагдаагүй юм.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч “ХХХХ"-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХ-ийн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 102/ШШ2016/03390 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөлөгч ХХХ-ийн заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХ-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 232 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

              ШҮҮГЧИД                                    Д.БАЙГАЛМАА

 

                                                                   Ц.ИЧИНХОРЛОО