Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 001/ХТ2018/00346

 

Л.Эгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар     

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 102/ШШ2017/02471 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 2358 дугаар магадлалтай,

Л.Эгийн нэхэмжлэлтэй,

МҮОНРТ-д холбогдох,

 Ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулан, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх, ээлжийн амралтын мөнгө гаргуулах тухай иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.М-ы гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Л.Э, өмгөөлөгч Р.М-, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ариунаа, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч Л.Эгийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: МҮОНРТ-д 1996 оноос эхлэн ажилласан бөгөөд тус байгууллагын захирлын 2017 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн Б/218 тоот тушаалаар ажлаас халагдсан.  2015 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 317 тоот тушаалаар батлагдсан МҮОНРТ-ээр зар сурталчилгаа болон нэвтрүүлэгийг ивээн тэтгэх үйл ажиллагааг зохицуулах журмын 2.1-т заасны дагуу салбарын захирал, БТМХ-ийн дарга нараар гэрээ байгуулах зөвшөөрлийн гарын үсэг зуруулж хуулийн мэргэжилтэнд өгсөн. Мэргэжилтэн Х.Мөнхжаргал энэ маягтын дагуу хамтран ажиллах гэрээний төсөл боловсруулан харилцагч талд явуулсан, Капитрон банкнаас 2017 оны 2 дугаар сарын 01-ний өдөр гэрээ зурагдан, манай зүгээс гэрээнд Үндэсний телевизийн захирлыг орлож байсан ерөнхий продюсер Г.Ханхүү, ММ сувгийн захирал Ч.Батцэнгэл, МҮОНР-ийн захирал Б.Баярсайхан, хэлтсийн дарга Г.Гэрэл нар зурсан бөгөөд хамгийн сүүлд дараалал ёсоор ерөнхий захирал Л.Нинжжамцад гарын үсэг зуруулахаар өгсөн. Энэхүү гэрээний дагуу Капитрон банкнаас шторк явуулах захиалга ирүүлснийг бусад захиалгатай нэгтгэн сошиал мэдээллийн Программын бүлэгт ил тодоор тавьж программын албанд илгээсэн. Захиалгад группын гишүүн ерөнхий захирал, бүх салбарын захирлууд болон ПНХ-ийн дарга М.Эрдэнэбат, БТМХ-ийн дарга Г.Гэрэл нар өдөр бүр 24 цагийн турш хяналт тавих бүрэн боломжтой. Тухайн үед тус рекламын захиалгын талаар Ерөнхий захирал тодруулан асууж байсан боловч зогсоох шаардлага тавиагүй тул үргэлжлүүлэн явуулсан. Иймд тухайн шторкыг зөвшөөрөлгүй явуулсан хэмээн ажлаас халах тушаал гаргасныг үндэслэлгүй гэж үзэж байна.

Баримтат киноны санхүүжилтийг босгох даалгавар авсны дагуу Капитрон банктай 20 000 000 төгрөгийн гэрээ хийхээр тохирч 2017 оны 2 дугаар сарын 01-ний өдөр 2 талын холбогдох албан тушаалтнаар гарын үсэг зуруулж ерөнхий захиралд өгсөн боловч банкнаас бага мөнгө авах гэлээ, 50 сая болгож ир хэмээн ойлгомжгүй шаардлага тавьж гэрээнд гарын үсэг зурахаас татгалзсан.

Иймд ажилд минь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн датгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэж, ээлжийн амралтын мөнгө гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбарт: Бодлого төлөвлөлт, маркетингийн хэлтсийн менежер Л.Э нь МҮОНРТ, Капитрон банктай зохих ёсны гэрээ байгуулаагүй, төлбөр төлөгдөөгүй байхад 210 секунд буюу 1.470.000 төгрөгийн үнэ бүхий сурталчилгааны реклам штрокийг эфирээр цацсан. Энэ нь МҮОНРТ-ийн хөдөлмөрийн журам болон эфирт сурталчилгаа цацах дотоод журам зөрчсөн тул ерөнхий захирал эрх хэмжээнийхээ хүрээнд хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Капитрон банктай гэрээ байгуулсан гэж 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдөр эфирээр 10 минут цацсан шторк нь бүх шат дараалалтайгаар гарын үсэг зурагдаж, төлбөр төлсөний үндсэн дээр гаргах зохицуулалттай боловч төлбөр төлөөгүй байхад Л.Э нь цацсан.

Хөдөлмөрийн дотоод журмын 5 дугаар зүйлийн 5.3 болон 53.3.1-т зааснаар төлбөр төлөөгүй зарыг эфирт цацсан гэсэн заалтын дагуу Л.Эг ноцтой зөрчил гаргасан гэж үзэж байгаа. 2016 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр ерөнхий менежерийн гэрээ байгуулсан тушаалд нь өөрчлөлт орж уг албан тушаалаас чөлөөлж, 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн Б/154 тоот тушаалаар маркетингийн хэлтсийн маркетингийн менежерээр томилох тушаал гарсан. Үүний дагуу хөдөлмөрийн гэрээ байгуулсан, уг гэрээнд ерөнхий захирал Л.Нинжжамц, Л.Э нар гарын үсэг зурсан. Гэрээний 6 дугаар зүйлийн 6.2.26-д заасан зөрчил гаргасан тул хөдөлмөрийн гэрээг цуцалж, сахилгын шийтгэл оногдуулсан. Хөдөлмөрийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1-т заасны дагуу гарсан тушаал үндэслэлтэй. Л.Эгийн нэхэмжлэлд тусгасан 50.000.000 төгрөгийн хөрөнгө оруулалтын талаар нотлох баримт хэрэгт авагдаагүй. Капитрон банктай байгуулсан гэрээ баталгаажаагүй, тус банкийг төлөөлж орлогч захирал гэх хүн гарын үсэг зурсан харин МҮОНРТ-ийн ерөнхий захирал Л.Нинжжамц гарын үсэг зураагүй тул энэ гэрээ мөрдөгдөх боломжгүй, гэрээ байгуулсан гэх үндэслэлгүй. Капитрон банктай байгуулсан гэрээний 3 дугаар зүйлийн 3.1-т төлбөрийг тогтсон журмаар төлөх ёстой гэж заасан. Ямар нэгэн хөнгөлөлт эдлэх талаар ярилцаагүй. Ажил үйлчилгээний гүйцэтгэлүүд 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдрөөс 2 дугаар сарын 05-ны өдөр хүртэлх хуудаснууд дээр хариуцагч этгээд нь маркетингийн менежер Л.Э гээд Капитрон банкны 3 ширхэг шторк байгаа. Яг энэ шторктой адил 2017 оны 2 дугаар сарын 05-ны өдрөөс 02 дугаар сарын 12-ны өдөр хүртэлх гэрээ хийх гэсэн шторкууд 17, 18, 19 гэх хуудаснуудад гэрээ хийгээгүй төлбөр төлөгдөөгүй гээд байдаг. Мөн программч Тайванжаргалын гаргаж өгсөн албан бичгүүд эх хувиар нь хавтаст хэрэгт авагдсан. Иймд Л.Эгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 102/ШШ2017/02471 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1-т зааснаар Л.Эгийн МҮОНРТ-йн Бодлого төлөвлөлт, маркетингийн хэлтсийн маркетингийн менежерийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-т зааснаар МҮОНРТ-ээс 825 700 төгрөгийг гаргуулан Л.Э-д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр 41.1.5-т зааснаар Л.Э улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 2358 дугаар магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 102/ШШ2017/02471 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргахад төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.М- хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Л.Эгийн албан тушаал, ажлын байрны тодорхойлолт болон холбогдох журамд зааснаар түүний гүйцэтгэх чиг үүрэг, харъяалдаг хэлтэст аливаа шторк, нэвтрүүлгийг эфирт гаргах үйл ажиллагаа огт байхгүй бөгөөд харин энэ ажлыг тус байгууллагын нэвтрүүлэг төлөвлөлт, хяналтын алба, программын нэгдсэн хэлтэс хариуцан гүйцэтгэдэг болно. Тодруулбал “МҮОНРТ”-ээр нэвтрүүлэх зар сурталчилгаа болон нэвтрүүлгийг ивээн тэтгэх үйл ажиллагааг зохицуулах журмын 2.1-д захиалагч болон зуучлагчийн хүсэлтийг маягт №1-т заасны дагуу бодлого төлөвлөлт, маркетингийн хэлтсийн дарга хүлээн авч захиалгыг холбогдох салбарын нэвтрүүлэг төлөвлөлт, хяналтын алба, программын нэгдсэн хэлтэст шилжүүлнэ гэжээ. Өөрөөр хэлбэл Л.Эгийн ажилладаг хэлтсийн дарга захиалагчийн хүсэлтийг хүлээн авч, түүнийг захиалга болгон зохих маягт үйлдэн холбогдох хэлтэст шилжүүлдэг байна. Мөн журмын 2.2-т “Нэвтрүүлэг төлөвлөлт, хяналтын алба, Программын нэгдсэн хэлтэс нь хууль тогтоомж, нэвтрүүлгийн бодлогод нийцэж буй эсэхийг хянах бөгөөд түгээх тохиолдолд техникийн шаардлагад нийцэж буй эсэх, мөн эфирт нэвтрэх хугацааг тогтоон ерөнхий продюсер гарын үсэг зурж салбарын захирал зөвшөөрснөөр эфирт явуулна гэсний дагуу нэвтрүүлэг төлөвлөлт, хяналтын алба, Программын нэгдсэн хэлтэс нь Бодлого төлөвлөлт, маркетингийн хэлтсээс шилжиж ирсэн захиалгыг хянаж, эфирт гаргадаг.

Давж заалдах шатны шүүх магадлалдаа иш татсан “Ажил үйлчилгээний гүйцэтгэл” гэх баримтуудын “Эфирт” гэсэнд “Нэвтрүүлэг төлөвлөлт, хяналтын алба, Программын хэлтэс”-ийн ажилтан Л.Тайванжаргал, Э.Солонго нарын нэрс, гарын үсгүүд, захиалга гаргасан” гэсэнд Бодлого төлөвлөлт, маркетингийн хэлтсийн менежер Л.Эгийн нэр, гарын үсэг тус тус зурагдсан байгаа нь дээрх журмын зохицуулалтыг нотлоно. Мөн Хөдөлмөрийн гэрээний 1.14 дэх заалт, “МҮОНРТ-ийн Маркетингийн менежерийн ажлын байрны тодорхойлолт”-оос үзэхэд Л.Эгийн албан тушаал, ажпын байранд “шторкийг эфирт гаргах” чиг үүрэг заагдаагүй. Хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журамд ноцтой зөрчилд төлбөр төлөгдөөгүй захиалагт нэвтрүүлгийг зөвшөөрөлгүй эфирт гаргасан” үйлдпийг тооцох бөгөөд Л.Э нь нэвтрүүлгийг эфирт гаргадаг хэлтэст ажилладаггүй, тийм эрхгүй этгээд бөгөөд түүний холбогдох хэлтэст захиалгыг шилжүүлсэн гэх үйлдлийг ноцтой зөрчилд тооцох үндэслэлгүй. Мөн магадлалын хянавал хэсэгт Капитрон банкнаас төлбөр нь төлөгдөөгүй зар сурталчилгааг нийт 210 секундын хугацаанд, давтамжтайгаар эфирт гаргасан нь нэхэмжлэгчтэй байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.26-д зааснаар тухайн гэрээг цуцлах үндэслэд хамаарна гэсэн нь алдаатай дүгнэлт болжээ. Хэрэгт авагдсан Хөдөлмөрийн гэрээний хуулбарын заалтууд нь дутуу эсхүл дугаарлалт буруу, хуудас нь зөрүүтэй зэрэг зөрчилтэй тул үнэлэхэд эргэлзээтэй нотлох баримт юм. Гэрээний 6.2.26-д “Төлбөр төлөгдөөгүй захиалгат нэвтрүүлгийг зөвшөөрөлгүй эфирт гаргасан” нь ноцтой зөрчилд тооцохоор заасан байхад тухайн заалтыг хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалд дурдаагүйгээс гадна, нэр, агуулга, хэмжих нэгж, үнэлгээгээр хоорондоо ялгаатай өөр ажил үйлчилгээний төрлүүд болох нэвтрүүлэгийг шторктой адилтган тайлбарласан анхан шүүхийн алдааг давж заалдах шатны шүүх зөвтгөж чадаагүй. Нэвтрүүлэг болон зар сурталчилгаа буюу шторк нь ялгаатай ажил үйлчилгээний төрлүүд бөгөөд МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн тогтоолын хавсралт №1-ээр батлагдсан “МҮОНРТ-ийн ажил үйлчилгээний үнэ тариф” гэсэн баримт, нягтлан бодогчийн гаргасан үнэлгээний баримт зэргээр давхар нотлогдож байна. Хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журамд шторкийг эфирт гаргасан нь ноцтой зөрчилд тооцогдох тухай зохицуулалт байхгүй тул ажил олгогчийн шийдвэр үндэслэлгүй гэж үзнэ.

Түүнчлэн магадлалын хянавал хэсэгт “Нэхэмжлэгч нь ажил олгогчийг Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2 дахь хэсэгт заасныг зөрчиж 2 сар 8 хоногийн дараа ажлаас чөлөөлсөн гэх боловч хуулийн дээрх зохицуулалтаас үзвэл зөрчил гарснаас хойш 6 сарын дотор буюу хуульд заасан хугацааны дотор тухайн зөрчилд сахилгын шийтгэл ногдуулсан байна гэсэн нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэхээр байна. Хөдөлмөрийн хуулийн дээрх заалт нь тодорхой нөхцөлд нийцүүлэн сахилгын шийтгэл ногдуулах ерөнхий болон тусгай хугацааг зохицуулсан бөгөөд хэрэв ажил олгогч нэхэмжлэгчийг сахилгын зөрчил гаргасан гэж үзэн шийтгэл ногдуулах бол сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш нэг сарын дотор уг шийдвэрээ гаргах ёстой буюу тусгай хугацааны дотор шийтгэл ногдуулах үүргээ зөрчсөн байхад шүүх түүнийг ерөнхий хугацаанд шийтгэл ногдуулсан нь зөв гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.

Капитрон банкны шторкийг эфирт гаргасан гэх үйлдлийг ерөнхий захирал Л.Нинжжамц 2017 оны 2 дугаар сарын 9-ны өдөр илрүүлсэн нь гэрээ хийгдээгүй капитрон банкийг хэн явуулах зөвшөөрөл өгсөн вэ гэж ажлын программ дээр бичсэн асуултаар нотлогдож байна. Гэтэл сахилгын шийтгэлийг ажилтанд 2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр буюу зөрчлийг илрүүлснээс хойш 2 сар 8 хоногийн дараа ногдуулсан нь Хөдөлмөрийн хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2-т заасныг зөрчсөн. Зүй нь ажил олгогч зөрчлийг илрүүлсэн хойш нэг сарын хугацаанд буюу 2017 оны 3 дугаар сарын 09-ний дотор сахилгын шийтгэл ногдуулах хуулийн боломжтой байжээ. Ажил олгогч нь ажлаас халах сахилгын шийтгэлийг ажилтанд ногдуулахдаа түүнийг хариуцсан салбар, нэгжийн захирлын саналыг үндэслээгүй нь хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн. Энэ тухай нэхэмжлэгч гомдолдоо дурдсан боловч давж заалдах шатны шүүх түүнд ямар нэгэн дүгнэлт хийгээгүй. Ажил олгогч ажилтанд хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулах асуудлыг шийдвэрлэхдээ гаргасан зөрчил нь бодитой эсэх, ажилтны гэм буруутай үйлдэл, эс үйлдэлийг хууль журмын дагуу шалган тогтоох, шийтгэл нь зөрчлийн шинж чанар, үр дагаварт тохирсон байх зэрэг нөхцлүүдийг хангах ёстой. Гэтэл тухайн маргааны хувьд ажилтны гэм буруутай гэх үйлдлийг нь зохих журмын дагуу шалгаж тогтоогоогүй, түүний үйлдэл нь хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журамд заасан ноцтой зөрчилд хамаарахгүй, шийтгэл нь үр дагавартай тохироогүй, шийдвэр нь хэлбэр, агуулгын хувьд алдаатай, хууль бус, шударга бус болсон.

Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, шийдвэрт нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах тухай өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Л.Э МҮОНРТ-д холбогдуулж урьд эрхэлж байсан буюу тус телевизийн бодлого төлөвлөлт, маркетингийн хэлтсийн маркетингийн менежерийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин, хөлстэй тэнцэх олговор, ээлжийн амралтын олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэх шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрчээ.

Анхан шатны шүүх Л.Эгийн нэхэмжлэлээс ээлжийн амралтын олговор гаргуулах шаардлагыг хангаж, нэхэмжлэлийн бусад шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

Шийдвэр, магадлалыг эс зөвшөөрсөн нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангах хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.

Хоёр шатны шүүх  хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасан журамд нийцүүлэн дүгнээгүйгээс Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасныг буруу тайлбарлан хэрэглэжээ.

Л.Эг МҮОНРТ-йн ерөнхий захирлын 2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн Б/218 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3, Олон нийтийн радио, телевизийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.6.6, МҮОНРТ-ээр нэвтрүүлэх зар сурталчилгаа болон нэвтрүүлгийг ивээн тэтгэх үйл ажиллагааг зохицуулах журмын хоёрдугаар зүйлийн 2.1, 2.3, хөдөлмөрийн дотоод журмын тавдугаар зүйлийн 5.3.1-ийн “з” заалт, 7.1-ийн “в” хэсгийг тус тус үндэслэн бодлого төлөвлөлт, маркетингийн хэлтсийн маркетингийн менежерийн үүрэгт ажлаас халахдаа төлбөр төлөгдөөгүй Капитрон банкны шторкийг зөвшөөрөлгүй эфирт гаргаж хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчил гаргасан гэх үндэслэл заасан байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах 2 нөхцлийг заасан бөгөөд ажил олгогчийн Б/218 тоот тушаалд Л.Эг ноцтой зөрчил гаргасан гэж дурдсан боловч тухайн үйлдлийг хэзээ гаргасан, хөдөлмөрийн гэрээний аль заалтад тухайн зөрчлийг ноцтойд тооцсныг тодорхойлон дурдаагүй байна.

Харин хариуцагч тал нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа “төлбөр төлөгдөөгүй захиалгат нэвтрүүлгийг зөвшөөрөлгүй эфирт гаргасан” бол ноцтойд тооцох тухай хөдөлмөрийн гэрээний 6.2.26-г зааж, уг зөрчил гаргасан цаг хугацааг 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрөөс 02 дугаар сарын 12-ны өдөр гэжээ.

Хөдөлмөрийн гэрээ нь нэг талаас ажилтан нь ажил олгогчоос хуульд нийцүүлэн тогтоосон хөдөлмөрийн дотоод журмын дагуу тодорхой ажил гүйцэтгэх, нөгөө талаас ажил олгогч нь ажилтанд хөдөлмөрийн үр дүнд тохирсон цалин хөлс олгох, хууль тогтоомж болон хамтын гэрээ, хэлэлцээрт заасан хөдөлмөрийн нөхцөлөөр хангах тухай харилцан үүрэг хүлээсэн тохиролцоо байдаг бөгөөд гэрээний гол нөхцөлд ажлын буюу албан тушаалын нэр, ажлын байрны тодорхойлолтод заасан ажил, үүрэг, үндсэн цалин буюу албан тушаалын цалингийн хэмжээ, хөдөлмөрийн нөхцлийг заавал заасан байх шаардлагатай байна. Ийнхүү дээрх гол нөхцлийг талууд тохиролцоогүй бол хөдөлмөрийн гэрээ байгуулагдсанд тооцохгүйг Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3-т заажээ.

Хэрэгт авагдсан Л.Эгийн нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, хариуцагч байгууллагын ерөнхий захирлын 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн Б/154 тоот тушаал, нэхэмжлэгчийг ажлаас халсан 2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн Б/218 тоот тушаал, хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт зэргээс үзвэл ажил олгогчийн ажилтанг ажлаас халах үндэслэл болгоод байгаа “төлбөр төлөгдөөгүй Капитрон банкны шторкийг зөвшөөрөлгүй эфирт гаргасан” гэх цаг хугацаанд нэхэмжлэгч Л.Э МҮОНРТ-йн Бодлого төлөвлөлт, маркетингийн хэлтэст ерөнхий менежерээр ажиллаж байсан, 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдрөөс ерөнхий захирлын Б/154 тоот тушаалаар, мөн оны 3 дугаар сарын 31-ний өдөр байгуулагдсан хөдөлмөрийн гэрээний дагуу Бодлого төлөвлөлт, маркетингийн хэлтсийн хэлтсийн дарга, ерөнхий менежерийн шууд харьяалалд маркетингийн менежерээр ажилласан үйл баримт тогтоогджээ.

Ажил олгогч Л.Эг ажлаас халахдаа ерөнхий менежерийн ажил үүргийг гүйцэтгэж байх үеийн зөрчилд холбогдуулж, хожим эрхэлж байсан маркетингийн менежерийн ажлаас халж, тухайн ажил, албан тушаал гүйцэтгэхээр харилцан тохиролцож  байгуулсан хөдөлмөрийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.2.26-д заасан нөхцлийг баримталсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасантай нийцээгүй байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх дээрх нөхцөл байдлыг анхаараагүй, Л.Эг хөдөлмөрийн ноцтой зөрчил гаргасан гэж дүгнэсэн нь учир дутагдалтай болжээ.

Иймд Л.Эгийн МҮОНРТ-йн Бодлого төлөвлөлт, маркетингийн хэлтсийн маркетингийн менежерийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин, хөлстэй тэнцэх олговор, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэх шаардлагыг хангаж шийдвэрлэх нь Хөдөлмөрийн тухай хуулийн хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т заасантай нийцнэ гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэж, шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулахаар шийдвэрлэв.

Л.Эгийн ажилгүй байсан хугацааны цалин, хөлстэй тэнцэх олговорыг гаргуулахдаа Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар батлагдсан “ажлаас буруу халсан, шилжүүлсэн үеийн олговорыг тооцох” журмын дагуу сүүлийн 3 сарын дундаж цалин сарын 1.063.728 төгрөгийг, ажилгүй байсан 10 сар, ажлын 10 хоногоор тооцож, нийт 11.132.030 төгрөгөөр тодорхойллоо.

Анхан болон давж давж заалдах шатны шүүх ээлжийн амралтын олговорт 825.700 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1, 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг зөрчөөгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 2358 дугаар магадлалын 1 дэх заалт, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 102/ШШ2017/02471 дугаар шийдвэрийн 1 дэх заалтыг “Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар Л.Эг МҮОНРТ-йн Бодлого төлөвлөлт, маркетингийн хэлтсийн маркетингийн менежерийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин, хөлстэй тэнцэх олговорт 11.132.030 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг хариуцагчид даалгасугай.” гэж өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар нэхэмжлэгч нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдснийг дурдсугай.

 

                       ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

                       ШҮҮГЧ                                                            Г.АЛТАНЧИМЭГ