Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 09 сарын 18 өдөр

Дугаар 02471

 

МОНГОЛ  УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж тус шүүхийн танхимд нээллтэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч:Баянгол дүүргийн 15 дугаар хороо, 29 дүгээр байрны 48 тоотод  оршин суух, эмэгтэй, регистрийн дугаар ЦА 68061403, Хуульч овогт Л.Эгийн  нэхэмжлэлтэй

 

Хариуцагч:Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Хувьсгалын зам-3 өөрийн байранд байрлах, регистрийн дугаар 1191055, МҮОНРТэд  холбогдох

 

Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх, ээлжийн амралтын мөнгө гаргуулах тухай  шаардлагатай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ариунаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Энхбаяр нар оролцов.

 

                                         ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Л.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:Би МҮОНРТ-д 1996 оноос эхлэн ажилласан бөгөөд тус байгууллагын захирлын 2017 оны 4 дүгээр сарын 7-ны өдрийн Б/218 тоот тушаалаар ажлаас халагдсан, 2015 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 317 тоот тушаалаар батлагдсан МҮОНРТ-ээр зар сурталчилгаа болон нэвтрүүлэгийг ивээн тэтгэх үйл ажиллагааг зохицуулах журмын 2.1-т заасны дагуу салбарын захирал, БТМХ-ийн дарга нараар гэрээ байгуулах зөвшөөрлийн гарын үсэг зуруулан хуулийн мэргэжилтэнд өгсөн бөгөөд хуулийн мэргэжилтэн Х.Мөнхжаргал энэ маягтын дагуу хамтран ажиллах гэрээний төсөл боловсруулан харилцагч талд явуулсан, Капитрон банкнаас 2017 оны 2 дугаар сарын 1-ний өдөр гэрээ зурагдан ирж, манай зүгээс гэрээнд Үндэсний телевизийн захирлыг тушаалаар орлож байсан ерөнхий продюсер Г.Ханхүү, ММ сувгийн захирал Ч.Батцэнгэл, МҮОНР-ийн захирал Б.Баярсайхан, БТМХ-ийн дарга Г.Гэрэл нар зурсан бөгөөд хамгийн сүүлд дараалал ёсоор ерөнхий захирал Л.Нинжжамцад гарын үсэг зуруулахаар өгсөн байсан.Энэхүү гэрээний дагуу Капитрон банкнаас шторк явуулах захиалга ирүүлснийг бусад захиалгатай нэгтгэн сошиал мэдээллийн Программын бүлэгт ил тодоор тавьж программын албанд илгээсэн.Энэхүү захиалгад группын гишүүн ерөнхий захирал, бүх салбарын захирлууд болон ПНХ-ийн дарга М.Эрдэнэбат, БТМХ-ийн дарга Г.Гэрэл нар өдөр бүр 24 цагийн турш хяналт тавих бүрэн боломжтой байдаг.Тухайн үед тус рекламын захиалгын талаар Ерөнхий захирал тодруулан асууж байсан боловч зогсоох шаардлага тавиагүй тул үргэлжлүүлэн явуулсан.Иймд тухайн шторкыг зөвшөөрөлгүй явуулсан хэмээн ажлаас халах тушаал гаргасныг үндэслэлгүй гэж үзэж байна.МҮОНТ-ийн ойд зориулан Магсархурц болон түүний хүү Магсархурцын Дугаржавын тухай 2 анги баримтат кино хийхээр 2016 оны 10 дугаар сард зөвшөөрөл авч төсвөө батлуулж тодорхой ажлууд хийгдсэн байсан юм.Энэ 2 ангит баримтат киноны санхүүжилтийг босгох даалгавар авсны дагуу би Капитрон банктай 20 000 000 төгрөгийн гэрээ хийхээр тохирч 2017 оны 2 дугаар сарын 1-ны өдөр 2 талын холбогдох бүх албан тушаалтнаар гарын үсэг зуруулж Ерөнхий захиралд өгсөн боловч “банкнаас бага мөнгө авах гэлээ, 50 сая болгож ир” хэмээн ойлгомжгүй шаардлага тавьж гэрээнд гарын үсэг зурахаас татгалзсан.Ерөнхий захирал зарим нэг удирдах албан тушаалтнуудтай хуйвалдан бодит байдлыг санаатайгаар гуйвуулан ажлаас халсан тул намайг ажилд минь эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн датгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэж, ээлжийн амралтын мөнгө гаргуулж  өгнө үү гэжээ.

 

Хариуцагч МҮОНРТ шүүхэд гаргасан тайлбартаа:МҮОНРТ-ийн Бодлого төлөвлөлт, маркетингийн хэлтсийн мөнөжер Л.Э МҮОНРТ, Капитрон банктай зохих ёсны гэрээ байгуулаагүй, төлбөр төлөгдөөгүй байхад 210 секундын буюу 1 470 000 төгрөгийн үнэ бүхий сурталчилгааны реклам буюу шторкийг Олон нийтийн телевизийн эфирээр цацаж, “МҮОНРТ-ээр нэвтрүүлэх зар сурталчилгаа болон нэвтрүүлгийг ивээн тэтгэх үйл ажиллагааг зохицуулах журам”-ын хоёрдугаар зүйлийн 2.1-д ”Захиалагч болон зуучлагчийн хүсэлтийг маягт 1-т заасны дагуу Бодлого төлөвлөлт, маркетингийн хэлтсийн дарга хүлээн авч захиалгыг холбогдох салбарын Нэвтрүүлэг төлөвлөлт, хяналтын алба, Программын нэгдсэн хэлтэст шилжүүлнэ“ гэсэн заалт, тус журмын  2.3-т заасан “Бизнесийн байгууллагын хувьд шаардлага хангасан нэг удаагийн 5,000,000 төгрөг хүртэлх ажил үйлчилгээг бүтээх, түгээхэд тухайн салбарын захирлын зөвшөөрлийг үндэслэн тарифын дагуу /хөнгөлөлтгүйгээр/ төлбөр тооцоо бүрэн хийгдсэний дараа гэрээ байгуулахгүйгээр үйлчилгээг үзүүлж болно“ гэсэн заалтыг зөрчсөн, МҮОНРТ-ийн хөдөлмөрийн дотоод журамын 5.3.1-т Ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцлах бол дор дурдсан зөрчлүүдийг ноцтой зөрчилд тооцон хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар ямар нэг болзолгүйгээр шууд цуцална.Үүнд: ... з/Төлбөр төлөгдөөгүй захиалгат нэвтрүүлгийг зөвшөөрөлгүй эфирт гаргасан” гэсэн заалтыг зөрчин хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчил гаргасан тул МҮОНРТ-ийн Ерөнхий захирлын 2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн Б/218 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40-р зүйлийн 40.1.4, мөн хуулийн 131.1.3, МҮОНРТ-ийн хөдөлмөрийн дотоод журамын 5.3.1-ийн “з” заалт, тус журмын 7.1-ийн “в” заалтуудыг удирдлага болон ажлаас халах хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулж, хөдөлмөрийн гэрээ цуцалсан болно.Иймд Нэхэмжлэгч Л.Эгийн ажилд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Хариуцагч МҮОНРТ-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ариунаа шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Л.Э МҮОНРТ-ийн хөдөлмөрийн журам болон эфирт сурталчилгаа цацах дотоод журмыг зөрчсөн тул өрөнхий захирал эрх хэмжээнийхээ хүрээнд хөдөлмөрийн гэрээг цуцалсан байдаг.Капитрон банктай гэрээ байгуулсан гэж ярьж 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдөр 1 470 000 төгрөгийн төлбөр бүхий шторкийг эфирээр 10 минут цацсан байдаг.Энэ шторк нь бүх шат дараалалтайгаар гарын үсэг зурагдаж мөн төлбөр төлсөний үндсэн дээр шторкийг цацах зохицуулалттай байсан боловч төлбөр төлөөгүй байхад Л.Э цацсан. МҮОНРТ-ийн нэвтрүүлэх зар сурталчилгааг ивээн тэтгэх журамд 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 679 тоот тушаалаар нэмэлт өөрчлөлт оруулсан журам байгаа. Энэ журмын 2.1-т заасны дагуу дотоод үйл ажиллагаа явагддаг.Мөн журмын 4 дүгээр зүйлийн 4.2, 4.3-т заасны дагуу хөнгөлөлт үзүүлж болно гэсэн нь Капитрон банкны зар сурталчилгааны шторкод хамааралтай заалт.Мөн журмын 7 дугаар зүйлд зааснаар энэ журмыг зөрчсөн бол салбарын захирал болон ерөнхий захирлын тушаалаар сахилгын шийтгэл ногдуулж, байгууллагад учирсан хохирлыг тухайн байгууллагын ажилтнаар төлүүлнэ гэж заасан байгаа.Хөдөлмөрийн дотоод журмын 5 дугаар зүйлийн 5.3 болон 53.3.1-т зааснаар төлбөр төлөөгүй зарыг эфирт цацсан гэсэн заалтын дагуу Л.Эг ноцтой зөрчил гаргасан гэж үзэж байгаа. Л.Этай 2016 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр ерөнхий менежерийн гэрээ байгуулж тушаалд нь өөрчлөлт орж ерөнхий менежерийн албан тушаалаас нь чөлөөлж, 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн Б/154 тоот тушаалаар маркетингийн хэлтсийн маркетингийн менежерээр томилох тушаал гарсан.Энэ тушаалын дагуу хөдөлмөрийн байгуулагдсан.Хөдөлмөрийн гэрээнд ерөнхий захирал Л.Нинжжамц болон Л.Э нар гарын үсэг зурсан.Гэрээний 6 дугаар зүйлийн 6.2.26-д заасан зөрчил гаргасан тул хөдөлмөрийн гэрээг цуцалж, сахилгын шийтгэл оногдуулсан байдаг.Тухайн байгууллагад мөрдөгдөж байгаа хууль тогтоомж, дотоод журмыг Хөдөлмөрийн тухай хуульд нийцүүлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, мөн хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3-т заасныг баримтлан 2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр гарсан Б/22118 тоот тушаал гарсан.Тиймээс хөдөлмөрийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1-т заасны дагуу гарсан тушаал үндэслэлтэй. Л.Эгийн нэхэмжлэлд тусгасан 50,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалтын талаар нотлох баримт хэрэгт авагдаагүй.Капитрон банктай байгуулсан гэрээ баталгаажаагүй, тус банкны төлөөлж орлогч захирал гэх хүн гарын үсэг зурсан байдаг.Харин МҮОНРТ-ийн ерөнхий захирал Л.Нинжжамц гарын үсэг зураагүй тул энэ гэрээ мөрдөгдөх боломжгүй, гэрээ байгуулсан гэх үндэслэлгүй.Капитрон банктай байгуулсан гэрээний 3 дугаар зүйлийн 3.1-т төлбөрийг тогтсон журмаар төлөх ёстой гэж заасан байгаа.Ямар нэгэн хөнгөлөлт эдлэх талаар ярилцаагүй байдаг. Л.Э 1 470 000 төгрөгийн төлбөртэй зарын төлбөрийг аваагүй байж цацсан гэдэг нь нотлогдож байгаа, 2017 оны 3 дугаар сарын 05-ны өдөр нягтлан бодогчийн гаргаж өгсөн Капитрон банк гэсэн гүйцэтгэл байгаа.Мөн ажил үйлчилгээний гүйцэтгэлүүд 2017 оны 1 дүгээр сарын 30-ны өдрөөс 2 дугаар сарын 05-ны өдөр хүртэлх хуудаснууд дээр хариуцагч этгээд нь маркетингийн менежер Л.Э гээд Капитрон банкны 3 ширхэг шторк байгаа.Яг энэ шторктой адил 2017 оны 2 дугаар сарын 05-ны өдрөөс 02 дугаар сарын 12-ны өдөр хүртэлх гэрээ хийх гэсэн шторкууд 17, 18, 19 гэх хуудаснуудад гэрээ хийгээгүй төлбөр төлөгдөөгүй гээд байдаг.Мөн программч Тайванжаргалын гаргаж өгсөн албан бичгүүдийг эх хувиар нь хавтаст хэрэгт авагдсан байгаа.Иймээс Л.Эгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Л.Энхтуяа МҮОНРТэд  холбогдуулан тус байгууллагын Бодлого төлөвлөлт, маркетингийн хэлтсийн маркетингийн менежерийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх, ээлжийн амралтын мөнгө гаргуулах тухай  шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

МҮОНРТийн ерөнхий захирлын 2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн Б/218 дугаар тушаалаар Бодлого төлөвлөлт, маркетингийн хэлтсийн маркетингийн менежер Л.Эг хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан зөрчил гаргасан үндэслэлээр  2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан байна.

 

Дээрх тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3, Олон нийтийн радио, телевизийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.6.6, МҮОНРТ-ээр нэвтрүүлэх зар сурталчилгаа болон нэвтрүүлэгийг ивээн тэтгэх үйл ажиллагааг зохицуулах журмын 2 дугаар зүйлийн 2.1, 2.3, Хөдөлмөрийн дотоод журмын 5 дугаар бүлгийн 5.3.1-ийн з, 7.1-ийн в заалтуудыг үндэслэсэн гэж дурдсан байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т “ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан” бол хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлахаар заасан байна.

 

Л.Эгийн 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдөр МҮОНРТ-тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.2.26-д “төлбөр төлөгдөөгүй захиалгат нэвтрүүлэгийг зөвшөөрөлгүй эфирт гаргасан” бол ноцтой зөрчилд тооцож, хөдөлмөрийн гэрээг цуцлахаар заасан байна.

 

Капитрон банкны МҮОНРТтэй 2017 оны 2 дугаар сарын 1-ний өдөр байгуулсан хамтран ажиллах гэрээг МҮОНРТийн ерөнхий захирал нь батлаагүй байна.

 

Энэхүү гэрээний дагуу Л.Э нь Капитрон банкны төлбөр нь хийгдээгүй зар сурталчилгааг эфирээр цацсан болох нь Л.Эгийн нэхэмжлэлдээ бичсэн ”рекламын захиалгын талаар ерөнхий захирал тодруулан асууж байсан боловч зогсоох шаардлага тавиагүй тул үргэлжлүүлэн явуулсан” гэх тайлбар болон хариуцагч байгууллагын нягтлан бодогчийн гаргасан баримт, ажил үйлчилгээний 2017 оны 1 сарын 30-ны өдрөөс 2 сарын 5-ны өдөр, 2 сарын 6-ны өдрөөс 2 сарын 12-ны өдөр хүртэлх хугацааны гүйцэтгэлийн баримтаар нотлогдож байна.

 

МҮОНРТээр нэвтрүүлэх зар сурталчилгаа болон нэвтрүүлэгийг ивээн тэтгэх үйл ажиллагааг зохицуулах журмын 2 дугаар зүйлийн 2.9-т “гэрээг батлагдсан стандарт болон үнэ тарифын дагуу хийгээгүй, гэрээний бүрдэл дутуу, салбарын захирлаар хянуулаагүй гэрээг ерөнхий захирал батлахгүй байх эрхтэй”, 2.10-т “гэрээ батлагдсны дараа захиалагч гэрээний төлбөрийг гэрээгээр тохиолцсон хуваарийн дагуу төлсөн тохиолдолд ажил, үйлчилгээг үзүүлнэ” гэж заасан байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-т “Ажилтанд ээлжийн амралтын хугацаанд ээлжийн амралтын олговор олгоно”,  61 дүгээр зүйлийн 61.1-т “Ажилтны үндсэн цалин, нэмэгдэл хөлс, нэмэгдэл, олговрыг мөнгөн хэлбэрээр олгоно” гэж заасан байхад хариуцагч байгууллага нь Л.Эгийн ээлжийн амралтын олговорыг суутган авсан нь буруу байна.

 

Нөгөө талаар Л.Эгийн ээлжийн амралтын олговорыг ямар үндэслэлээр, ямар шийдвэрээр олгохгүй байгаа нь тодорхой бус байх тул МҮОНРТээс ээлжийн амралтын олговорын 825 700 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1-т зааснаар Л.Эгийн МҮОНРТийн Бодлого төлөвлөлт, маркетингийн хэлтсийн маркетингийн менежерийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Хөдөлмөрийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-т зааснаар МҮОНРТээс 825 700 /найман зуун хорин аван мянга долоон зуун/ төгрөгийг гаргуулан Л.Эд  олгосугай.

 

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр 41.1.5-т зааснаар Л.Э улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигчид, тэдний төлөөлөгч нар шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

      ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                         З.ДОРЖНАМЖИН