Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 1309

 

 

 

 

 

 

 

 

 

ХХХ-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч М.Наранцэцэг, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 5 дугаар сарын 4-ний өдрийн 101/ШШ2016/03974 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч ХХХ-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч ХХХХ-д холбогдох

 

6 236 083 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХ-ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

Шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч                                                   ХХХХ

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга   Ө.Ган-Өнөр нар оролцов.

 

Нэхэмжлэгч ХХХХ шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ХХХХ намайг Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 3116 дугаар шийдвэр, Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 2014 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 926 дугаар магадлал, 2014 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 778 тоот Улсын Дээд шүүхийн тогтоолоор 3 дугаар сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн. Миний бие шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хандсан байгаа боловч өнөөдрийг хүртэл дээрх шүүхийн шийдвэрүүдийг ХХХХ биелүүлэхгүй байна. Ажилгүй, цалин хөлсгүй хохирч байсан тул ажилгүй байсан хугацааны цалин хөлсөө нэхэмжилж шүүхэд хандсан ХХХХ миний нэхэмжлэлтэй иргэний хэргийг тус дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 6350 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 1480 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн 2016 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн 23 тоот тогтоолоор тус тус шийдвэрлэж хуулийн хүчин төгөлдөр болсон тул албадан гүйцэтгүүлэх захирамж гаргуулахаар хандсан байгаа. Түүнээс хойш ажилдаа орж чадаагүй ажилгүй хохирсоор байгаа тул 2015 оны 9 дүгээр сарын 23-ны өдрөөс хойш 7 сарын цалинтай тэнцэх олговорт 6 236 083 төгрөгийг хариуцагч ХХХХас гаргуулж, энэ хугацааны нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлүүлж, дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХ шүүхэд гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 3116 дугаар шийдвэрийг биелүүлж, Нийслэлийн Засаг даргын 2015 оны 3 дугаар сарын 3-ны өдрийн Б/33 дугаар захирамжаар ХХХХ г Сүхбаатар дүүргийн 3 дугаар сургуулийн захирлаар томилсон. Гэвч тус сургуулийн захирлаар томилогдон ажиллаж байсан ХХХХХ нь шүүхэд нэхэмжлэл гаргаснаар иргэний хэрэг үүсгэсэн ба нэхэмжлэгчийн хүсэлтийн дагуу дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгчийн 2015 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 8285 дугаар захирамжаар ХХХХХыг ажлаас чөлөөлсөн Нийслэлийн Засаг даргын 2015 оны 3 дугаар сарын 3-ны өдрийн Б/31 дүгээр захирамжийн биелэлтийг хэрэг хянан шийдвэрлэтэл түдгэлзүүлэхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн. Уг иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр ХХХХ оролцож байгаа болно. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1 дэх хэсэгт зааснаар дээрх захирамжийг биелүүлж, Сүхбаатар дүүргийн 3 дугаар сургуулийн захирлын ажлыг ХХХХ д хүлээлцүүлээгүй болно. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2 дахь хэсэгт зааснаар шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ хүчин төгөлдөр байгаагаас шалтгаалж ХХХХ нь шүүгчийн захирамж гарсан өдрөөс өнөөдрийг хүртэлх хугацаанд ажилгүй байгаа нь ХХХХас үл хамаарах тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар ХХХХас 6 236 083 төгрөгийг гаргуулж ХХХХ д олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт зааснаар 2015 оны 9 дүгээр сарын 23-ны өдрөөс 2016 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэлх хугацааны ХХХ-ийн нийгмийн даатгалын шимтгэл болон эрүүл мэндийн даатгалын хураамжийг төлж, дэвтэрт нөхөн бичилт хийхийг ХХХХ-д даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг үндэслэн нэхэмжлэгч ХХХ-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 114 730 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч ХХХХас 114 730 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ХХХХ д олгож шийдвэрлэсэн байна.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХ Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 101/ШШ2016/03974 дүгээр шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг дараах байдлаар зөрчсөн гэж үзэж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт зааснаар төрийн байгууллагын эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн байгаа тул прокурор оролцуулах ёстой байсан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дахь хэсэгт заасан бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга ХХХХХ, Сүхбаатар дүүргийн 3 дугаар сургуулийн захирал ХХХХХ нарыг тус тус татан оролцуулаагүй. Иймд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 101/ШШ2016/03974 дүгээр шийдвэрийг хүчингүйд тооцож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:    

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

 

Нэхэмжлэгч ХХХХ нь хариуцагч ХХХХ-д холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 6 236 083 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэр болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хариуцагч эс зөвшөөрөн маргасан байна.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 3116 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч ХХХХ г Сүхбаатар дүүргийн 3 дугаар сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоосон уг шийдвэр хүчин төгөлдөр байна. /хэргийн 8-10 дугаар тал/

            Нийслэлийн засаг даргын санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогчийн 2015 оны 3 дугаар сарын 3-ны өдрийн Б/31 тоот захирамжаар ХХХХХыг Сүхбаатар дүүргийн 3 дугаар сургуулийн захирлын үүрэгт ажлаас чөлөөлж, Б/33 тоот захирамжаар ХХХХ г томилсон үйл баримт тогтоогдсон байна. /хэргийн 31-32 дугаар тал/

 

            ХХХХХын нэхэмжлэлээр иргэний хэрэг үүсгэн Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 8285 дугаар шүүгчийн захирамжаар Нийслэлийн Засаг даргын 2015 оны 3 дугаар сарын 3-ны өдрийн Б/33 тоот захирамжийн биелэлтийг түдгэлзүүлсэн байна. /хэргийн 33 дугаар тал/

 

            Анхан шатны шүүх нэхэмжлэгч ХХХХ нь Хөдөлмөрийн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасны дагуу ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг шаардах эрхтэй гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.   

           

            Ажил олгогч нь Хөдөлмөрийн хуулийн 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт зааснаар ажилтаны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг төлөх, дэвтэрт бичилт хийх үүрэгтэй байдаг тул нэхэмжлэгч ХХХ-ийн дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгаж шийдвэрлэсэн нь зөв болжээ.

 

            Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 4-ний өдрийн 101/ШШ2016/03974 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХ-ын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар Нийслэлийн засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                          ШҮҮГЧИД                                  М.НАРАНЦЭЦЭГ  

 

                                                                                             Ц.ИЧИНХОРЛОО