Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 10 сарын 05 өдөр

Дугаар 719

 

Нийслэл дэх захиргааны хэргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Оюунгэрэл даргалж,  тус шүүхийн шүүх хуралдааны “2” танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Т ХХК, 

Хариуцагч: Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын татварын улсын байцаагч нар,

Нэхэмжлэлийн шаардлага: “Татварын улсын байцаагч нарын 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 210022556 дугаар актыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Т  ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Х*******, хариуцагч татварын улсын байцаагч А.Б*******, Б.Б*******, итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.А*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Мөнхчулуун нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Тус компанийн 2010-2011 оны албан татвар ногдуулалт, төлөлтийн байдалд Улсын төсвийн орлого хяналтын газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч А.Б*******, Б.Б******* нар хяналт шалгалт хийж 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдөр 210022556 дугаартай акт тогтоосныг эс зөвшөөрч Татварын ерөнхий газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлд хандсан. 

Татварын ерөнхий газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөл татвар төлөгчийн гомдлыг хүлээн аваад 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдөр хэлэлцэн актыг хэвээр баталж 34 тоот тогтоол гаргаж манай компанид 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 61 дүгээр албан тоотоор ирүүлсэн. Дээрх тогтоолыг хүлээн авч танилцаад дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна. 

Анх тус компанийн 2011 оны татварын ногдуулалт, төлөлтийн байдалд Улсын төсвийн орлого, хяналтын газрын байцаагчид хяналт шалгалт хийж 2012 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 210012 дугаартай дүгнэлт, 210199 дугаартай акт тус тус тогтоосон. 

Дээрх татварын улсын байцаагчийн 2012 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 210012 дугаартай дүгнэлтийг татварын албанаас цагдаагийн байгууллагад шилжүүлэн шалгуулсан бөгөөд Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 174 дүгээр тогтоолоор хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. 

Прокурорын байгууллагаас ирүүлсэн тогтоолыг үндэслэн захиргааны хариуцлага хүлээлгэж 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдөр 210022556 дугаартай актыг тогтоохдоо татварын хууль тогтоомжийг зөрчиж, Монгол Улсын үндсэн хууль болон Татварын ерөнхий хуульд заасан хууль дээдлэх зарчмыг алдагдуулж татвар төлөгчийн эрх ашгийг хөндсөн гэж үзэн дараах байдлаар хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй байна. Үүнд: 

1. Татварын улсын байцаагчийн 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 210022556 дугаартай актыг тогтоохдоо Татварын ерөнхий хууль, “Татварын албаны татварын хяналт шалгалтын үйл ажиллагааны журам”, Захиргааны ерөнхий хууль, Захиргааны хариуцлагын тухай хуулийг тус тус зөрчсөн илт хууль бус акт гэж үзэж байна. 

Татварын албанд Прокурорын байгууллагаас 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 5/3220 дугаартай албан тоотоор хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай мэдэгдэж прокурорын тогтоолыг ирүүлсэн тухай актад дурьдсан байна. Гэтэл татварын улсын байцаагчид хяналт шалгалтыг прокурорын тогтоолыг ирүүлснээс хойш 45 орчим хоногийн дараа эхлүүлж 2017 оны 02 дугаар сарын 09-нөөс 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл 2 сар гаруй хугацаанд хяналт шалгалтыг хийж акт тогтоосон нь захиргааны байгууллага, албан тушаалтан нь эрхээ хэрэгжүүлэхдээ хууль тогтоомжид заасан хугацаанд шалгалтыг гүйцэтгэх, татвар төлөгчийн эрх хууль ёсны ашиг сонирхолыг хүндэтгэх зарчмыг гажуудуулсан бөгөөд илэрхий алдаатай хууль бус захиргааны акт гэж үзэх үндэслэлтэй болно. 

Энэхүү акт нь дараах хуулийн заалтуудыг зөрчсөн. МУ-ын Үндсэн хуулийн 17.1-д заасан “Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх”, Татварын ерөнхий хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 “Татварын алба, татварын улсын байцаагч нь бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ татвар төлөгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолыг хүндэтгэж, тэдэнд итгэл үзүүлэн ажиллана”, 30.1.5 “хууль дээдлэх, бусдын нөлөөнд үл автах зарчмыг гажуудуулахыг хориглоно”, Захиргааны хариуцлагын тухай хуулийн 5.2. “Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон бөгөөд уг зөрчилд захиргааны хариуцлага хүлээлгэхээр байвал эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай тогтоол гаргасан өдрөөс хойш нэг сарын дотор захиргааны шийтгэл ногдуулж болно”, татварын албаны хяналт шалгалтын үйл ажиллагаанд баримтлах ТЕГ-ын даргын 2014 оны А/101 дугаар тушаалаар батлагдсан “Татварын албаны хяналт шалгалтын үйл ажиллагааны журам”-ын 7.17.4-т “Татварын улсын байцаагчийн дүгнэлтийг эрх бүхий байгууллага албан тушаалтан хэрэгсэхгүй болгосон тохиолдолд тогтоолыг хүлээн авснаас хойш Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 175 дугаар зүйлийн 175.3-т зааснаар 7 хоногийн дотор дээд шатны байгууллагад гомдол гаргах, эсвэл Захиргааны хариуцлагын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 2-т зааснаар 1 сарын дотор захиргааны хариуцлага хүлээлгэх”, Захиргааны хариуцлагын тухай хуулийн 11.4-т “Дараахь тохиолдолд зөрчлийг хянан шалгах ажиллагааг явуулж болохгүй 11.4.4-т хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж заасныг тус тус зөрчжээ. 

Мөн Захиргааны ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.18-д “Захиргааны байгууллага албан тушаалтнаас захиргааны хариуцлага оногдуулах хөөн хэлэлцэх хугацааг тоолохдоо Захиргааны хариуцлагын тухай хууль болон бусад хуульд заасныг баримтлана” гэж заасныг зөрчиж хөөн хэлэлцэх хугацаа дууссан байхад хариуцлага оногдуулсан. 

Өөрөөр хэлбэл Татварын алба, татварын улсын байцаагч нь хяналт шалгалтыг явуулахдаа үйл ажиллагаандаа татварын болон бусад холбогдох хууль, журам, дүрмийг мөрдлөг болгон ажиллах бөгөөд хяналт шалгалт хийхдээ баримтлах татварын хяналт шалгалтын үйл ажиллагааны журамд тодорхой заасаар байхад зөрчиж захиргааны хариуцлага хүлээлгэх хөөн хэлэлцэх хугацаа дууссан байхад эрх хэмжээгээ хэтрүүлж хууль зөрчиж акт гаргасныг биелүүлэх эрх зүйн үндэслэлгүй байна.

2. Мөн 2010-2011 татварын ногдуулалт төлөлтийн байдалд хяналт шалгалт хийж 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдөр 210022556 дугаар актаар 1 111 494 178,5 төгрөгийн нөхөн татвар төлүүлэхээр тогтоосон нь Татварын ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.2 “дор дурьдснаас бусад тохиолдолд татвар бий болгох, өөрчлөх, чөлөөлөх, хөнгөлөх, ногдуулах, төлөхтэй холбогдсон харилцааг зөвхөн татварын хуулиар зохицуулна”, 11 дүгээр зүйлийн 11.1 “татвар нөхөн ногдуулах, алданги, торгууль ногдуулах хөөн хэлэлцэх хугацаа 5 жил байх бөгөөд Иргэний хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа татварын хууль тогтоомжид хамаарахгүй” гэж заасныг ноцтой зөрчиж татвар ногдуулах хөөн хэлэлцэх хугацаа дууссан байхад нөхөн татвар ногдуулж, төлөх үүрэг хүлээлгэж байгаа нь татвар төлөгчийн хууль ёсны эрх ашгийг хөндөж байна гэж үзэж байна. Нөгөө талаас Татварын ерөнхий хуульд хөөн хэлэлцэх хугацааг зөвхөн энэ хуульд заасны дагуу зохицуулахаар заасныг энд дурдахын зэрэгцээ хууль хяналтын байгууллагад хянагдаж байгаа дүгнэлтийг хэрэгсэхгүй болгосон нь захиргааны хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй гэж үзэн актаар хариуцлага хүлээлгэхдээ Татварын ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлд заасныг мөрдлөг болгох эрх зүйн зохицуулалттай болно. Өөрөөр хэлбэл татварын байцаагчийн дүгнэлт нь хууль хяналтын байгууллагад хянагдаж байгаа хөөн хэлэлцэх хугацаа дууссан бол хөөн хэлэлцэх хугацааг тооцохгүйгээр /хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан, хэрэг шийдвэрлэгдснээс хойш эхэлж тоологдох зэрэг зохицуулалт байхгүй / нөхөн татвар ногдуулах тусгайлсан заалт байхгүй юм. Харин Татварын ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4, 11.5, 11.6 дах хэсгүүдэд ямар тохиолдолд хөөн хэлэлцэх хугацааг эхлэн тоолох талаар нарийвчлан заасан бөгөөд хууль хяналтын байгууллагад шалгагдаж байгаа дүгнэлт үүнд хамаарахгүй байна. Өөрөөр хэлбэл Татварын ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт заасан ерөнхий заалтаар буюу татвар нөхөн ногдуулах хөөн хэлэлцэх хугацаа дууссан бол татвар ногдуулах үүрэг хүлээлгэх эрхгүй байна.

3. Татварын улсын байцаагчид энэхүү шалгалтыг хийхдээ манай компанид хамааруулан өмнө тогтоосон 2012 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 210012 тоот дүгнэлтийн хүрээнд 2010-2011 оны НӨАТ-ын ногдуулалт төлөлтийн байдлыг шалгасан гэж дурджээ. Гэтэл дээрх 2012 оны 210012 тоот дүгнэлтээр манай компанийн 2011 оны татвар ногдуулалт төлөлтийн байдлыг шалгасан нь дүгнэлтээс харагдах бөгөөд хэрэв дүгнэлтийн хүрээнд шалгаж хариуцлага ногдуулах тохиолдолд 2011 оныг шалгах байтал 2010-2011 оныг шалгасан нь илэрхий алдаатай акт гэж үзэх үндэслэлтэй байна.

4. Монгол Улсын Их Хурлаас 2015 оны 8 дугаар сарын 07-ны өдөр баталсан Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулиар татвар төлөгчид нэг удаа боломж олгож энэхүү хуульд заасан хугацаанд өмнө нуун дарагдуулсан татвар ногдох орлого, үзүүлсэн үйлчилгээгээ ил тод болгон үнэн зөв шударгаар санхүү, татварын тайланд тусгаж, шинээр тайлагнасан нөхөн мэдүүлсэн тохиолдолд тэдгээрийг хуульд заасан хариуцлага болон албан татвараас нэг удаа чөлөөлөхтэй холбогдсон харилцааг зохицуулахаар баталж мөрдүүлсэн. Тус компани нь хуульд заасан хугацаа буюу 2015.........сарын.............өдөр ил тодын тайланд сайн дурын үндсэн дээр татварын байцаагчийн актаар зөрчлийг илрүүлэхээс өмнө энэхүү орлогоо тайлагнасан бөгөөд энэ нь татвар төлөгч бидэнд хуулиар олгосон боломжийг эрхийнхээ хүрээнд хэрэгжүүлсэн гэж үзэх үндэслэлтэй юм.

Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн 5.1 Албан татвар ногдох орлого, орлогоос бусад албан татвар ногдох зүйл, нийгмийн даатгалын шимтгэл ногдох орлогыг 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнөх хугацаанд нуун дарагдуулсан боловч энэ хуулийн 3.1-д заасан хугацаанд сайн дурын үндсэн дээр ил болгож, санхүүгийн болон албан татварын, нийгмийн даатгалын шимтгэлийн тайланг шинээр гаргаж харьяалах татварын алба, нийгмийн даатгалын байгууллагад сайн дурын үндсэн дээр мэдүүлсэн бол тухайн хувь хүн, хуулийн этгээдийг энэ хуулийн 4.1-д заасан хуульд заасан хариуцлагаас нэг удаа чөлөөлнө, 5.3 Энэ хуулийн 5.2-т заасны дагуу чөлөөлөгдөх албан татварт доор дурдсан албан татвар хамаарна, 5.3.4 нэмэгдсэн өртгийн албан татвар, 6.1 Энэ хуулийн 4.1, 5.1-д заасны дагуу хуулийн хариуцлагаас чөлөөлөгдөх хувь хүн, хуулийн этгээдэд ийнхүү чөлөөлөгдөхөөр заасан үндэслэлээр дахин эрүүгийн хэрэг үүсгэх, захиргааны хариуцлага хүлээлгэх, гүйцэтгэх ажил явуулахыг хориглоно гэж заасныг зөрчсөн.

Учир нь хэдийгээр эрүүгийн гэмт хэргийн шинжтэй эсэхийг шалгахаар цагдаагийн байгууллагад шилжүүлсэн байсан боловч татвар төлөгч бидэнд энэхүү хуулиар 1 удаа боломжийг олгож хариуцлага хүлээлгэхгүй байх татвар төлөгчид нэн тааламжтай эрх орчин бий болж цаг хугацааны хувьд давхцсан байх бөгөөд дээрх хуулиар олгосон эрхийн хүрээнд энэхүү гэмт хэргийг шийдвэрлэхээс өмнө, зөрчлийг тогтоож хяналт шалгалт хийж захиргааны хариуцлага ногдуулахаас өмнө сайн дурын үндсэн дээр шинэчилсэн тайлан гаргаж татварын албанд хүлээлгэн өгсөн бөгөөд энэхүү үйлдэл нь татвар төлөгч биднийг захиргааны хариуцлага хүлээлгэхээс 1 удаа чөлөөлсөн боломж билээ. Гэтэл энэхүү хуулиар олгосон эрхийг эдлүүлэхгүйгээр хариуцлага хүлээлгэж байгаа нь бидний хууль ёсны эрх ашгийг хөндөж байна гэж үзэж байна.

Өөрөөр хэлбэл 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 210022556 дугаар татварын улсын байцаагчийн актаар 11 114 941 785,2 төгрөгийн зөрчил илрүүлж 1 114 494 178,5 төгрөгийн нөхөн татварыг ногдуулсан. Манай компанийн тухайд ...өдөр буюу хяналт шалгалт хийгдэхээс өмнөх хугацаанд Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуульд заасны дагуу тайлан гаргаж олсон орлого, үзүүлсэн үйлчилгээгээ ил тод болгон мэдүүлсэн байдаг. Гэтэл энэхүү хуулиар олгосон эрхийг эдлүүлэхгүйгээр захиргааны хариуцлага хүлээлгэн нөхөн татвар ногдуулж байгаа нь хуулийг илт зөрчсөн үйлдэл гэж үзэж байна.

Иймд дээр дурьдсан үндэслэлүүдээр Улсын төсвийн орлого хяналтын газрын татварын улсын байцаагчийн тогтоосон 2017 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 210022556 дугаартай акт нь илэрхий алдаатай хууль тогтоомжийг зөрчиж бичигдсэн, татвар төлөгчийн хууль ёсны эрх ашгийг хөндсөн, хуулиар олгосон эрхийг зөрчсөн, хөөн хэлэлцэх хугацаа дууссан байхад хууль тогтоомжид зааснаас илүү эрх хэмжээгээ хэтрүүлэн татвар төлөгчид үүрэг хүлээлгэсэн эрх зүйн үндэслэлгүй акт байх тул Захиргааны ерөнхий хуулийн 37.6 “Хууль бус захиргааны акт гэж эрх зүйн зөрчилтэй захиргааны актыг ойлгоно”, 47.2-т “Илт хууль бус захиргааны акт гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй байна”, 47.3 “Захиргааны актын аль нэг хэсэг илт хууль бус бөгөөд тэр нь тухайн захиргааны актыг гаргах гол үндэслэл болж байгаа бол захиргааны акт бүхэлдээ илт хууль бус байна”, 47.4 “Эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн этгээд захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоолгохоор захиргааны байгууллагад хэдийд ч хандаж болно”, мөн Татварын ерөнхий хуулийн 17.1.6 дахь хэсэгт заалтыг үндэслэн Татварын улсын байцаагчийн 2017 оны 03 дугаар зүйлийн 17-ны өдрийн 210022556 дугаар актыг хүчингүй болгож бидний эрх ашгийг хангаж өгнө үү” гэжээ.  

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа:  “1. Тус компани нь гомдолдоо Захиргааны хариуцлагын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т “Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон бөгөөд уг зөрчилд захиргааны хариуцлага хүлээлгэхээр байвал эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай тогтоол гарсан өдрөөс хойш нэг сарын дотор захиргааны шийтгэл ногдуулж болно”, мөн энэ хуулийн 11.4-т хөөн хэлэлцэх хугацаа дууссан, Татварын албаны хяналт шалгалтын үйл ажиллагааны журмын 7.17.4 зэрэг заалтуудыг үндэслэн хөөн хэлэлцэх хугацаа дууссан байхад хариуцлага ногдуулсан гэсэн байна. 

Прокурорын тогтоолоор хэрэгсэхгүй болгосон дүгнэлтийг Татварын ерөнхий хуулийн 35 дугаар зүйлийн 35.3-т заасан “Энэ хуулийн 33.2.6-д заасан дүгнэлтийг эрх бүхий байгууллага, албан тушаалтан хүчингүй болгосон нь зөрчил гаргасан этгээдийг захиргааны хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй”, мөн эрүүгийн хэрэг үүсгэснээс уг хэргийг хэрэгсэхгүй болгосон прокурорын тогтоол гаргах хүртэлх үеийг “хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан” гэх үндэслэлтэй бөгөөд Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.7 дахь хэсэгт “Хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан бол өмнө өнгөрсөн хугацааг тооцохгүй, хугацааг дахин шинээр эхлэн тоолно” гэсэн хуулийн заалтууд болон ТЕГ-ын Хяналт шалгалт, арга зүйн газраас ирсэн чиглэлийн дагуу зөвхөн дүгнэлтийн зөрчилд захиргааны хариуцлага хүлээлгэхэд баримтлан хариуцлага ногдуулсан болно.

2. Тус компани нь 2012 оны 210012 тоот дүгнэлтээр манай компанийн 2011 оны татвар ногдуулалт, төлөлтийн байдалд шалгалт хийгдсэн нь дүгнэлтээс харагдах бөгөөд хэрэв дүгнэлтийн хүрээнд шалгаж хариуцлага ногдуулах тохиолдолд 2011 оныг шалгах байтал 2010-2011 оныг шалгасан нь илэрхий алдаатай акт гэж үзэх үндэслэлтэй байна гэжээ.

Татварын улсын байцаагчийн дүгнэлтэнд 2011 оны татварны ногдуулалт, төлөлтийн байдлыг ХШАЗХ-ийн 2012 оны 10 дугаар сарын 24-ны 7/2627 дугаар албан бичгийн дагуу шалгасан гэсэн хэдий ч дүгнэлтийн зөрчлийн хэсэг, зөрчлийн хавсралт зэргээс харахад 2010-2011 оныг хамруулан шалгасан байна. 2010 онд хуурамч бичилт хийсэн 1 944 213 003.20 төгрөгийн дүн бүхий нэмэгдсэн өртгийн албан татварын падаан 12 ширхэг, 2011 онд 9 170 728 782.00 төгрөгийн дүн бүхий нэмэгдсэн өртгийн албан татварны падаан 88 ширхэг, нийт 100 ширхэг падааны 11 114 941 785.20 төгрөгийн зөрчилд татварын улсын байцаагчийн дүгнэлт бичигдсэн байна.

3. Т  ХХК нь УИХ-аас 2015 оны 08 дугаар сарын 07-ны өдөр баталсан ЭЗИТБДТХ-ийн дагуу сайн дурын үндсэн дээр татварын байцаагчийн актаар зөрчлийг илрүүлэхээс өмнө энэхүү орлогоо тайлагнасан байхад хуулиар олгосон эрхийг эдлүүлэхгүйгээр хариуцлага хүлээлгэж байгаа нь хуулийг илт зөрчсөн, үндэслэлгүй акт гэж үзжээ.

-ЭЗИТБДТХ-ийн хүрээнд Т  ХХК-ийн зүгээс сайн дурын үндсэн дээр хөрөнгө, олсон орлого, үзүүлсэн үйлчилгээгээ ил тод болгон үнэн зөв, шударгаар санхүү, татварын болон нийгмийн даатгалын тайланд тусгаж, шинээр тайлагнасан гэж үзэх үндэслэлгүй байна. Дээрх зөрчлийг 2012 онд илрүүлэн хууль хяналтын байгууллагад шилжүүлсэн нь 2012 оны 12 дугаар сарын 28-ны 210012 тоот дүгнэлт, 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн прокурорын 167, 174 дүгээр тогтоолоор нотлогдож байгаа тул ЭЗИТБТХ-ийн 2 дугаар зүйлийн 2.2-т “Энэ хуулийн 3.1-д заасан хугацаанд хөрөнгө, орлогоо сайн дурын үндсэн дээр ил болгон бүртгүүлээгүй, мэдүүлээгүй, тайлагнаагүй хувь хүн, хуулийн этгээдэд энэ хууль үйлчлэхгүй”, мөн Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан “Өршөөл үзүүлэх тухай” хуулийн 10 дугаар зүйл “Хууль хэрэглэх журам”-ын 10.2-т “Энэ хуулийн 4 дүгээр зүйлд заасан өршөөлд хамааруулах үндэслэл нь 2015 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө шүүхийн хүчин төгөлдөр болсон шийтгэх тогтоол, шийдвэр, төрийн эрх бүхий байгууллагын захиргааны шийтгэл ногдуулах шийдвэр зэргээр тогтоогдсон байна”. зэрэг заалтуудад хамаарахаар байна.

Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон үндэслэл нь: Прокурорын 167, 174 дугаартай тогтоолд “Т ” ХХК-ийн захирал нягтлан бодогч нар нь нэр бүхий компаниудаас хуурамч бичилт хийсэн нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг нэмэгдсэн өртгийн албан татварын тайландаа тусгаж 1 111 494,2 мянган төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татвар төлөхөөс санаатай зайлсхийсэн гэмт хэрэг үйлдсэн ба гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн байх тул Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.2, 215 дугаар зүйлийн 215.2.4 дах заалтыг удирдлага болгон Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан “Өршөөл үзүүлэх тухай” хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон байдаг.

Мөн 2012 оны 12 дугаар сарын 28-нд дүгнэлт бичигдэж хуулийн байгууллагад шилжсэнээс хойш буюу мөрдөн байцаалтын явцад дээрх падааны зөрчилтэй холбоотойгоор улсын төсөвт 740 000 000.00 төгрөг урьдчилан төлсөн ба одоогийн байдлаар хяналт шалгалтын 689,451,600.00 төгрөгийн илүү төлөлттэй байгаа” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч болон хариуцагч тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд гаргасан тайлбарыг хянаад нэхэмжлэгч “Т ” ХХК-ийн “Татварын улсын байцаагчийн 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 210022556 дугаар актыг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын Хяналт шалгалтын улсын байцаагч нар “Т ” ХХК-ийн 2012 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс 12 дугаар сарын 28-ны хооронд хяналт шалгалт хийж, 2010 онд нэр бүхий 2 компаниас нэмэгдсэн өртгийн албан татварын падаан бичүүлж, авсан падаанаар нэмэгдсэн өртгийн албан татварын худалдан авалтыг хасч, төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татварыг бууруулж 1,944,213.4 мянган төгрөг, 2011 онд нэр бүхий 6 компаниас Нэмэгдсэн өртгийн албан татварын падаан бичүүлж, авсан падаанаар Нэмэгдсэн өртгийн албан татварын худалдан авалтыг хасч, төсөвт төлөх Нэмэгдсэн өртгийн албан татварыг 9,170,728.4 мянган төгрөг, нийт 11,114,941.8 мянган төгрөгийн татвар ногдуулах орлогыг буруулсан, 1,111,494.2 мянган төгрөгийн татвар төлөхөөс зайлсхийсэн гэж үзэж Татварын ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.2.6 “Татварын алба нь татварын хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн, эсхүл их хэмжээний татвар ногдох орлогыг нуусан буюу бусад хэлбэрээр татвар төлөхөөс зайлсхийсэн этгээдэд эрүүгийн хэрэг бүртгэлт хийлгэхээр дүгнэлт бичих...” гэж заасныг үндэслэн Татварын улсын байцаагчийн 2012 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 210012 тоот дүгнэлт бичсэн байна. 

Дээрх дүгнэлтийг Эрүүгийн цагдаагийн газрын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газар мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж тус компанийн захирал болон нягтлан бодогчид холбогдох хэргийг прокурорын байгууллагад шилжүүлсэнээр Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн прокурор хянаад “Т ” ХХК-ийн захирал Ц.Чинбат, нягтлан бодогч Ш.Солонго нь нэр бүхий компаниудаас 11,114,941.8 мянган төгрөгийн хуурамч бичилт хийсэн, нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг нэмэгдсэн өртгийн албан татварын тайландаа тусгаж 1,111,494.2 мянган төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татвар төлөхөөс санаатай зайлсхийсэн гэмт хэрэг үйлдсэн ба гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн байх тул Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсан 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 167, 174 дугаартай тогтоолоор тус тус эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон байна. 

Гэтэл Улсын төсвийн Хяналт шалгалтын хэлтсийн Татварын улсын байцаагч Б.Б*******, А.Б******* нар нь “Татварын хяналт шалгалт хийх ерөнхий удирдамж, Татварын хяналт шалгалт хийх 21170200028 тоот томилолт, 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 07/357 тоот чиглэл хүргүүлэх тухай албан бичгийн дагуу “Т ” ХХК-ийн 2010 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2011 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны албан татвар ногдуулалт, төлөлтийн байдалд 2017 оны 02 дугаар сарын 9-ний өдрөөс 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл хэсэгчилсэн шалгалтыг хийж гүйцэтгэсэн байна.  

Татварын хяналт шалгалтаар 2010 онд 1,944,213,003.20 төгрөг, 2011 онд 9,170,728,782.00 төгрөг нийт 11,114,941,785.20 төгрөгийн хуурамч, хий бичилттэй нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг тайланд тусгаж төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татварыг бууруулсан нь тогтоогдсон гэж үзэж хий бичилттэй нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг тайланд тусгаж төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татварыг бууруулсан зөрчилд 1,111,494,178.50 төгрөгийн татвар нөхөн ногдуулах үндэслэлтэй байна гэж үзэн өмнө шалгасан нэг асуудал дээр хөөн хэлэлцэх хугацаа дууссан байхад дахин 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 210022556 дугаар акт үйлдэж татвар төлөгчийг буруутгаж байгаа нь үндэслэлгүй байна.

Захиргааны ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.18-д “Захиргааны байгууллага албан тушаалтнаас захиргааны хариуцлага оногдуулах хөөн хэлэлцэх хугацааг тоолоход Захиргааны хариуцлагын тухай хууль /тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан 1992 оны хууль/ болон бусад хуульд заасныг баримтлана” гэж заасныг зөрчиж хөөн хэлэлцэх хугацаа дууссан байхад хариуцлага оногдуулж байгаа нь үндэслэлгүй байна.

Өөрөөр хэлбэл Зөрчлийн тухай хуулийг 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн нийтээр дагаж мөрдөхөөр заасан гэтэл Захиргааны хариуцлагын тухай хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж байх үед татварын улсын байцаагч нар дээрх шалгалтыг явуулж хөөн хэлэлцэх хугацаа хэтрээгүй гэх үндэслэлээр маргаан бүхий 2017 оны 3 дугаар сарын 17-ны өдөр 210022556 дугаар актыг гаргасан  нь хуульд нийцээгүй байна.

Татварын ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.2 “дор дурдснаас бусад тохиолдолд татвар бий болгох, өөрчлөх, чөлөөлөх, хөнгөлөх, ногдуулах, төлөхтэй холбогдсон харилцааг зөвхөн татварын хуулиар зохицуулна”, мөн хуулийн 11 дүгээр зүйлд Татварын хөөн хэлэлцэх хугацааны талаар зааж өгсөн бөгөөд 11 дүгээр зүйлийн  11.1-т “Татвар нөхөн ногдуулах, алданги, торгууль ногдуулах хөөн хэлэлцэх хугацаа 5 жил байх бөгөөд Монгол Улсын Иргэний хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа татварын хууль тогтоомжид хамаарахгүй” гэж нарийвчилан зааж өгсөн байхад хариуцагч нар хуулийг буруу тайлбарлан улсын байцаагчийн дүгнэлт бичнээс эхлэн хөөн хэлэлцэх хугацааг тоолсон, хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан  татвар ногдуулах хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй Иргэний хуульд зааснаар тооцоно гэж үзэн нөхөн татвар ногдуулж төлөх үүрэг хүлээлгэж байгаа нь нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашгийг хөндсөн  гэж үзэхээр байна.

Өөрөөр хэлбэл дээрх зөрчил нь 2010 онд гарсан  байх бөгөөд зөрчил гарснаас хойш Татварын ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-т зааснаар хөөн хэлэлцэх хугацааг 5 жил гэж үзвэл 2010 оны зөрчил нь 2015 онд, 2011 оны зөрчил нь 2016 онд тус тус хөөн хэлэлцэх хугацаа дууссан байхад бүтэн нэг жилийн дараа дээрээс ирсэн удирдамжийн дагуу  2017 онд уг шалгалтыг бид хийж акт үйлдсэн гэж байгаа хариуцагчийн тайлбар үндэслэлгүй байна.

  Түүнчлэн Татварын ерөнхий газрын даргын 2014 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн А/101 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар “Татварын албаны хяналт шалгалтын үйл ажиллагааны журам”-ыг баталсан байх бөгөөд уг журмын 1.4-т “Татварын алба нь татварын эрсдэлийн үнэлгээнд суурилсан татварын хяналт шалгалтыг төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус хэлбэрээр Татварын ерөнхий хуулийн 11.1-д заасан татварын хөөн хэлэлцэх хугацааг хамруулан гүйцэтгэнэ, 7.17.4-т “Татварын улсын байцаагчийн дүгнэлтийг эрх бүхий байгууллага, албан тушаалтан хэрэгсэхгүй болгосон тохиолдолд тогтоолыг хүлээн авснаас хойш “Эрүүгийн байцаан шийтгэх хууль”-ийн 175 дугаар зүйлийн 175.3-т зааснаар 7 хоногийн дотор дээд шатны байгууллагад гомдол гаргах, эсвэл “Захиргааны хариуцлагын тухай хууль”-ийн 5 дугаар зүйлийн 2-т зааснаар 1 сарын дотор захиргааны хариуцлага хүлээлгэхээр зааж өгсөн байна.

Үүнээс үзвэл Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас “Т ” ХХК-ийн захирал Ц.Чинбат болон тус компанийн нягтлан бодогч Ш.Солонго нарт холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон 167, 174 тоот тогтоолыг 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 5/3220 дугаар албан бичгээр Улсын төсвийн орлого хяналтын газрын даргад хүргүүлснийг мөн өдөр хүлээн авсан болох нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбараар нотлогдож байх бөгөөд улсын байцаагч нар хяналт шалгалт явуулахдаа үйл ажиллгаандаа баримтлах ёстой Татварын ерөнхий газрын даргын 2014 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн А/101 дугаар журмыг зөрчиж прокурорын хэрэгсэхгүй болгосон тогтоолыг гардаж авснаас хойш 45 хоногийн дараа дээрх хяналт шалгалтыг явуулсан, шалгалтыг 2 сар гаруй хугацаанд явуулсан төдийгүй Татварын ерөнхий хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т “Татварын алба, татварын улсын байцаагч нь бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ татвар төлөгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэж, тэдэнд итгэл үзүүлэн ажиллана”, Захиргааны хариуцлагын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т “Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон бөгөөд уг зөрчилд захиргааны хариуцлага хүлээлгэхээр байвал эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай тогтоол гарсан өдрөөс хойш нэг сарын дотор захиргааны шийтгэл ногдуулж болно” гэж тус тус заасан байхад захиргааны байгууллага, албан тушаалтан нь эрхээ хэрэгжүүлэхдээ хууль тогтоомжид заасан татвар төлөгчийн эрх хууль ёсны ашиг сонирхолыг хүндэтгэх зарчмыг гажуудуулсан байна. 

Нэхэмжлэгч нь мөрдөн байцаалтын явцад дээрх дүгнэлтэнд дурьдсан 1,111,494.2 /нэг тэрбум нэг зуун арван нэгэн мянга дөрвөн зуун ерэн дөрвөн мянга хоёр/ төгрөгөөс 2013 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс 07 дугаар сарын 04-ний өдрийн хооронд улсын улсын төсөвт 740,000.000 төгрөгийн татварыг төлсөн болох нь нэхэмжлэгчийн өмгөөлөгч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбараар нотлогдож байна.

Нэхэмжлэгчээс Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуульд зааснаар тайлан гаргаж олсон орлого, үзүүлсэн үйлчилгээгээ ил тод болгон мэдүүлсэн гэх боловч  нэхэмжлэгчийн зүгээс энэ талаарх баримтаа шүүхэд ирүүлээгүй болохыг дурдах нь зүйтэй байна. 

Иймд дээрх үндэслэлүүдээр Татварын улсын байцаагчийн 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 210022556 дугаар актыг хүчингүй болгож нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж шүүх дүгнэлээ.

 

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Татварын ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, Захиргааны ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.18-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Т  ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын татварын улсын байцаагч нарын 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 210022556 дугаар актыг хүчингүй болгосугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй. 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        О.ОЮУНГЭРЭЛ