Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 001/ХТ2018/00347

 

Т.М-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Д.Цолмон, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар     

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 181/ШШ2017/02282 дугаар шийдвэртэй, 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 2383 дугаар магадлалтай,

Т.М-ын нэхэмжлэлтэй,

ШУТИС-д холбогдох,

Ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 2.996.530 төгрөг гаргуулан, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, холбогдох бичилт хийхийг даалгах тухай иргэний хэргийг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М-ийн гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б-, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М-, өмгөөлөгч Ц.Батхүү, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч Т.М-ын шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ...2013 оны 01 сараас  Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн харьяа Уул уурхайн инженерийн сургуульд тооцооны нягтлан бодогчоор, 2014 оны 7 сараас тус сургуулийн харьяа Шинжлэх ухаан, технологийн ахлах сургуульд ахлах нягтлан бодогчоор ажилласан. Гэтэл Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн ректорын 2017 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн Б/162 тоот тушаалаар үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн. Би ямар нэгэн хууль, журам зөрчөөгүй, албан үүргээр шууд хариуцах эсэх, гэм буруутай эсэх нь тогтоогдоогүй, ямар зөрчлийг ноцтой зөрчил гэж тооцох нь тодорхойгүй, харилцан тохиролцож тогтоогоогүй, уг зөрчлийн тохиолдол бүрийг хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заагаагүй, уг гэрээний 8.2.2-т санхүү эд хөрөнгөтэй холбоотой ноцтой зөрчил гэж хэт ерөнхий байдлаар оруулсныг ашиглан ажил олгогчийн зүгээс өөрийн дураар тайлбарлан хэрэглэж, ажлаас халахаас өөр хэлбэрийн сахилгын шийтгэл ногдуулах боломжийг анхааралгүй шийдвэрлэсэн.

Иймд Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн харьяа Шинжлэх ухаан, технологийн ахлах сургуулийн ахлах нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоон, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг 2017 оны 6 дугаар сарын 09-ний өдрөөс шүүхийн шийдвэр гарах өдрийг хүртэл хугацаагаар тооцон 2.996.530 төгрөг гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэн, холбогдох бичилт хийхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбарт: Шинжлэх ухаан технологийн их сургуулийн ректорын 2017 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн ажлын хэсэг байгуулах тухай А/79 тоот тушаалаар Шинжлэх ухаан технологийн ахлах сургуулийн 2014-2016 оны захиргаа, сургалт, санхүүгийн ажиллагаанд үнэлэлт, дүгнэлт өгөх ажлын хэсгийг байгуулсан бөгөөд уг ажлын хэсэг тус сургуулийн үйл ажиллагаатай танилцан, батлагдсан удирдамжийн дагуу ажиллаж, тус сургуулийн ректорын зөвлөлийн 2017 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн хурлаар хэлэлцүүлэн, зөрчил гаргасан албан тушаалтнуудад хариуцлага тооцохоор болсон. Т.М- ажил үүргээ гүйцэтгэх явцад Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, хөдөлмөрийн гэрээний 8.2.2-т заасан хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах үндэслэл бүхий зөрчлүүдийг гаргасан.

Тухайлбал, 2016 онд хамтын гэрээнд ажил олгогчийг төлөөлөн оролцсон бөгөөд энэхүү гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 15 дугаар зүйлд зааснаар эрх бүхий байгууллагад бүртгүүлээгүй байхад хүчин төгөлдөр бус хамтын гэрээний заалтыг баримтлан зарим ажилтнуудын магистрын болон докторын сургалтын төлбөрийг 100 хувь олгох хууль бус шийдвэрийн дагуу 8.500.000 төгрөгийг шилжүүлсэн. Мөн сургалтын менежер Ж.Цэрэнчунтын хувийн хүсэлтийн дагуу 1.800.000 төгрөг шилжүүлж, төлбөр хураамжийн зардлаар дансанд буруу бүртгэсэн нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2, Хөдөлмөрийн дотоод журмын 10.2.2-т заасныг, мөн тус сургуулийн ректорын 2015 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн А/58 тоот тушаалаар батлагдсан Шинжлэх ухаан технологийн ахлах сургуулийн профессор багш, ажилтны гадаадад томилолтоор ажиллах журмын 2.3 дахь заалтыг, 2016 оны 5 сард уг сургуулийн ректорын тушаал гараагүй, батлагдсан төсөвгүй, томилолтын удирдамжгүй байхад нэр бүхий 4 дансанд 7.800.000 төгрөгийг шилжүүлсэн нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.7, 20 дугаар зүйлийн 20.2.5, мөн Шинжлэх ухаан технологийн их сургуулийн хөдөлмөрийн дотоод журмын 10.3.6-д заасныг тус тус зөрчиж байна.

Шинжлэх ухаан технологийн ахлах сургууль болон Нэмэх орчлон ХХК-иудын хооронд 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан сурагч ширээ, сандал хийх ажлын гэрээ, Хөх болд ХХК-тай 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан сурагч ширээ, сандал хийх гэрээнүүдийн дагуу нийлүүлсэн ширээ, сандал нь санал болгосон үзүүлэлтийн шаардлагаас зөрүүтэй байхад хүлээн авч санхүүгийн бүртгэлд тусгаж, санхүүгийн программд 120 ширээ, сандлыг давхардуулан бүртгэсэн, мөн 117 ширээг гэрээт хугацаанд биет байдлаар тоолж хүлээн авалгүй хувь хүний агуулахад хадгалуулсан атлаа эд хөрөнгийн тооллогын үеэр ширээг байгаа гэж тайлан, мэдээнд тусгасан нь хөдөлмөрийн дотоод журмын 10.2.2-т заасныг ноцтой зөрчсөн. Эд хөрөнгийн тооллогоор байгаа гэж тайланд мэдүүлсэн 117 ширээнээс 109 ширхэг ширээг 2017 оны 6 дугаар сарын 19-ний өдөр тус сургуулийн нярав Л.Алимаа хүлээн авсан бөгөөд үлдсэн 8 ширхэг ширээ, 6 ширхэг сандлыг өнөөдрийг хүртэл Нэмэх орчлон ХХК-иас хүлээн аваагүй. Мөн Тольт хөдөлгүүр ХХК-ийн нэр дээр үүсгэсэн 48.900.000 төгрөгийн авлагаас тус компанитай тооцоо дуусаагүй, гэрээний биелэлтийг дутуу байхад харилцагчийн 35.150.000 төгрөгийн авлагыг хичээл, мөн практикийн зардал руу хийж, хөрөнгө хэлбэрээр бүртгэгдэх эд зүйлийг устгаж, тооцоогүй болгосон нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.7, 20 дугаар зүйлийн 20.2.5, Шинжлэх ухаан технологийн их сургуулийн нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичгийн 5.1.5-т заасныг тус тус зөрчсөн. Энэхүү зөрчил нь санхүүгийн авлага, өглөгийн дэлгэрэнгүй бүртгэлээр нотлогдож байна.

Нэхэмжлэгч Т.М- нь 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Залуу сэтгүүлчдийн холбоонд 2.000.000 төгрөг, 2014 оны 6 дугаар сарын 06-ны өдөр Ийгл брокастинг ХХК-д 9.900.000 төгрөгийг баримтгүй шилжүүлсэн нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.7, Ажлын байрны тодорхойлолтын 3.9-д заасан бүртгэл хөтлөх үйл ажиллагааг хэрэгжүүлээгүй. Мөн 2014-2016 онуудад ээлжийн амралтын цалингаас суутгасан хувь хүний орлогын албан татвараас хөнгөлөлтийг хасч тооцоогүй ба нэг хүнээр тооцоход жилдээ 10.500 төгрөгөөс 14.000 төгрөгийн татварыг илүү суутгасан нь Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн бөгөөд энэ нь хөдөлмөрийн дотоод журмын 10.2.2-т заасан ноцтой зөрчил. Уг зөрчил нь 2015, 2016 онуудын татварын тайлангаар нотлогдож байна. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль, Шинжлэх ухаан технологийн их сургуульд бараа, ажил үйлчилгээ худалдан авах үйл ажиллагааг зохион байгуулах, хэрэгжүүлэх журмыг зөрчсөнөөс гадна мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.3 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй атлаа үнэлгээний хорооны гишүүнээр ажилласан.

Дээрх зөрчлүүд нь хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээний 8.2.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5-т заасан ноцтой зөрчил, ажил олгогчийн итгэлийг  алдсан үйлдэл байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 181/ШШ2017/02282 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Т.М-ыг Шинжлэх ухаан технологийн их сургуулийн харьяа Шинжлэх ухаан, технологийн ахлах сургуулийн ахлах нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 2.996.530 төгрөгийг хариуцагч Шинжлэх ухаан технологийн их сургуулиас гаргуулан нэхэмжлэгч Т.М-д олгож, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлж, холбогдох бичилт хийхийг хариуцагч ШУТИС-д даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Т.М- нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Шинжлэх ухаан, технологийн их сургуулиас улсын тэмдэгтийн хураамжид 62.894 төгрөгийг гаруулан улсын төсөвт оруулж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 2383 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 181/ШШ2017/02282 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт заасны дагуу хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 62.894 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М- хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Т.М-ын хариуцан ажиллаж байсан ажил үүрэгтэй хамааралтай дараахь зөрчлүүд илэрсэн.

ШУТИС-ийн дүрэм, журам хамтын гэрээнд заагаагүй байхад өөрийн хамтран амьдрагч ахлах сургуулийн захирал Г.А-ийн хууль бус шийдвэрээр Г.Адьяахүү болон Э.Гансүх, Э.Баатарцогт нарын магистрын болон докторын сургалтын төлбөрийг 100 хувь сургуулиар төлүүлж 8.500.000 төгрөгийг хохирол учруулсан. Ахлах сургуулийн менежер Цэрэнчунтын хүсэлтээр 1.800.000 төгрөгийн онгоцны тийзний зардал шилжүүлж, уг мөнгөө төлбөр, хураамжийн зардлаар дансанд буруу бүртгэсэн. Профессор, багш, ажилтан гадаадад томилолтоор ажиллах, суралцах, мэргэжил дээшлүүлэх тухай ШУТИС-ийн Ректорын тушаалаар батлагдсан журмын 2.3 дахь хэсэгт заасан журмыг зөрчиж Ректорын тушаалгүй, томилолтын удирдамжгүй байхад томилолтын зардалд 7.800.000 төгрөгийг бусдад шилжүүлсэн. Эд хөрөнгийг тайлан бүртгэлд давхардуулан бүртгэх, эд хөрөнгийг тооллогыг хийхдээ тайлан мэдээнд буруу тусгах, хөрөнгө хэлбэрээр бүртгэгдэх эд зүйлийг өөр зардлаар дансанд бүртгэж бусдаас авах авлагыг зориудаар байхгүй болгох, анхан шатны баримтыг бүрдүүлээгүй байхад гүйлгээ хийх зэрэг зөрчлүүдийг гаргасан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5, 131 дүгээр зүйлийн 131.3, хөдөлмөрийн гэрээний 8.2.2-т заасныг үндэслэн түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлаж, ажлаас халсан.

Нэхэмжлэгч нь хөдөлмөрийн гэрээний 8.2.2-д заасан “...ахлах сургуулийн санхүү, хөрөнгөтэй холбоотой зөрчлийг” гаргасан болох нь дотоодын хяналт шалгалтаар нэгэнт тогтоогдсон тул ноцтой зөрчил гэж үзэж уг арга хэмжээг авсан. Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, 13.7-д заасныг зөрчсөн нь дээрх байдлаар тогтоогдсоор байхад шүүх “зөрчлийг нэрлэн заагаагүй ерөнхий заасан” гэж хариуцагчийг буруутган нэхэмжлэлийг хангасныг хууль ёс, шударга ёсны зарчимд нийцэхгүй гэж үзэж байна. Нэхэмжлэгчийн гаргасан зөрчлийг “санхүү, эд хөрөнгөтэй холбоотой зөрчил” гэж үзэх үндэслэлтэй. Зөвхөн “хөрөнгө мөнгө ашигласныг” санхүү, эд хөрөнгөтэй холбоотой гэж ойлгож болохгүй ба шүүхийн үзэж байгаачлан ерөнхий зөрчил гэх үндэслэлгүй болох нь хуулийн дээрх заалтуудаас тодорхой харагдаж байна.

Шинжлэх ухаан технологийн ахлах сургуулийн 2014-2016 оны захиргаа, сургалт, санхүүгийн үйл ажиллагаанд шалгалт хийгээд зөрчлийг 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдөр илрүүлж, илрүүлсэнээс хойш 25 хоногийн дараа Т.М-д арга хэмжээ авсан. Түүний гаргасан зөрчлүүд үргэлжилсэн байгааг анхан болон давж заалдах шатны шүүхүүд анхаараагүйгээс гадна Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2 дахь хэсэгт заасан зөрчил гаргаснаас хойш 6 сар, илрүүлсэнээс хойш 1 сар гэсэн хугацааны талаархи заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн. Өөрөөр хэлбэл, анхан болон давж заалдах шатны шүүхүүд зөрчил гаргаснаас хойш 6 сар, илрүүлсэнээс хойш 1 сар гэсэн 2 хугацааг давхацсан байхаар үзэж дүгнэлт хийсэн.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүх шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, гомдпыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Т.М- Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн харъяа Шинжлэх ухаан, технологийн ахлах сургуулийн ахлах нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 2.996.530 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгал төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийлгэх шаардлага гаргасныг, хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэснийг, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

Шийдвэр, магадлалыг эс зөвшөөрсөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангах хууль үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Т.М- Шинжлэх ухаан технологийн их сургуулийн харъяа Шинжлэх ухаан, технологийн ахлах сургуулийн ахлах нягтлан бодогчийн ажлыг хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр гүйцэтгэж байгаад Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн ректорын 2017 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн Б/162 тоот тушаалаар ажлаасаа халагджээ.

Б/162 тоот тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4, 40.1.5, хөдөлмөрийн дотоод журмын 10.1.3, 10.2.2, хөдөлмөрийн гэрээний 8.2.2, ...ахлах сургуулийн 2014-2016 оны захиргаа, сургалт, санхүүгийн үйл ажиллагаанд үнэлэлт, дүгнэлт өгөх ажлын хэсгийн дүгнэлт, Ректорын зөвлөлийн 2017 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн тэмдэглэл зэргийг үндэслэж, Т.М- хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй, мөнгөн хөрөнгийн зарцуулалт болон худалдан авах үйл ажиллагааны бүртгэлийг буруу хөтөлсөн, харилцагчийн авлагын үлдэгдлийг устгасан, мөнгөн хөрөнгийн зарцуулалтад хууль журамд заасан хяналт тавиагүй ноцтой зөрчил гаргасан гэх үндэслэл заажээ.

Хариуцагч тайлбартаа, Т.М-ын гаргасан зөрчил нь сахилгын зөрчлийг давтан гаргасан, ноцтой зөрчил гаргасан, эд хөрөнгө хариуцсан этгээд ажил олгогчийн итгэлийг алдсан гэх хөдөлмөрийн гэрээг цуцлах хуульд заасан үндэслэлүүдийн аль алинд нь нэгэн адил хамаарна гэжээ.

1. Т.М-ыг сахилгын зөрчил давтан гаргасан гэж үзэх боломжгүй талаархи анхан шатны шүүхийн эрх зүйн дүгнэлт Хөдөлмөрийн тухай хуултийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасныг зөрчөөгүй байна.

Хариуцагч талаас Т.М-д өмнө нь буюу Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн ректорын 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн А/66 тоот тушаалаар сануулах сахилгын шийтгэл ногдуулсан тухай тушаалыг нотлох баримтаар гаргасныг нэхэмжлэгч үгүйсгэж, сахилгын зөрчил гаргаж, тушаалаар сахилгын шийтгэл хүлээсэн явдал болоогүй гэж маргажээ.

Хариуцагч А/66 тоот тушаалаар Т.М-д сануулах сахилгын шийтгэл ногдуулсан үндэслэлд 2017 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн шалгалтаар илэрсэн зөрчлийг зааж тайлбарласан нь цаг хугацааны хувьд тушаал гарсан гэх 4 дүгээр сарын 20-ны өдрийн дараа байгаагаас тухайн тушаалын хууль зүйн бодит үндэслэл тогтоогдоогүй, тухайлбал Т.М- өмнө нь сахилгын зөрчил гаргаж, уг зөрчилдөө шийтгэл хүлээсэн гэж үзэх боломжгүйг шүүх хэргийн баримтад тулгуурлан дүгнэжээ.

2. Т.М- хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтойд тооцогдох зөрчлийг гаргасан эсэх тухайд анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй байна.

Т.М-ыг ажлаас халсан Б/162 тоот тушаалд хөдөлмөрийн гэрээний 8.2.2-т заасан ноцтой зөрчлийн талаар заасан боловч уг заалт нь тодорхой бус байна. Тодруулбал, уг заалтад “төрийн албан хаагчийн, мэргэжлийн ёс зүйн болон ахлах сургуулийн санхүү, эд хөрөнгөтэй холбоотой ноцтой зөрчил гаргасан нь холбогдох байгууллагын акт, шийдвэр дүгнэлтээр тогтоогдсон” гэсэн нь гэрээний талууд ажлын байр, албан тушаал, гүйцэтгэх ажил үүргийн онцлогтой холбогдуулан ямар зөрчлийг ноцтой гэж тооцохыг харилцан тохиролцон тогтоож, уг зөрчлийн тохиолдол бүрийг хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заахыг шаардсан Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан зохицуулалтын агуулгатай нийцээгүй байна. Иймд ажилтанг хөдөлмөрийн гэрээний дээрх заалтад заасан ноцтой зөрчил гаргасан гэж дүгнэх боломжгүй.

3. Б/162 тоот тушаалын үндэслэлд заасан ажил олгогчийн итгэлийг алдсан үйлдэл /эс үйлдэхүй/-г гаргасан эсэх талаар анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэлт хийгээгүйг давж заалдах шатны шүүх залруулсан боловч сахилгын шийтгэл ногдуулах хугацааг тодорхойлсон Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2-т заасныг буруу тайлбарлан хэрэглэжээ.

Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн ректорын 2017 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн А/79 дүгээр тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг Шинжлэх ухаан, технологийн ахлах сургуулийн 2014-2016 оны захиргаа, сургалт, санхүүгийн үйл ажиллагаанд шалгалт хийж, 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдөр дүгнэлт гаргажээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д мөнгөн болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон бол ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл болохыг заасан байна.

Ажлын хэсгийн дүгнэлтээр сургуулийн санхүүгийн үйл ажиллагаатай холбоотой мөнгөн хөрөнгийн зарцуулалт болон худалдан авах үйл ажиллагааны бүртгэлийг буруу хөтөлсөн, харилцагчийн авлагын үлдэгдлийг устгасан, мөнгөн хөрөнгийн зарцуулалтад хууль журамд заасан хяналт тавиагүй буюу тушаал шийдвэргүйгээр мөнгө шилжүүлсэн зэрэг зөрчлийг тогтоосон нь ахлах нягтлан бодогч Т.М-ын ажил үүрэгтэй хамааралтай, энэ талаар давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Харин тус шүүх тухайн үйлдэлд сахилгын шийтгэл ногдуулах хугацаа өнгөрснөөс хойш ажилтанг ажлаас халсан нь буруу гэж үзэж, нэхэмжлэгч Т.М-ыг ажилд нь эгүүлэн тогтоох үндэслэлтэй гэж дүгнэжээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2-т “сахилгын зөрчил  гаргаснаас хойш зургаан сар, илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна” гэж заасныг ажил олгогчийн итгэлийг алдсан үйлдэл, эс үйлдэхүйд хамруулсан нь үндэслэлгүй гэж үзэв.

Учир нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасан ажил олгогчийн итгэлийг алдсан үйлдэл, эс үйлдэхүй нь нэг удаагийн бус үргэлжилсэн шинжтэй байхыг үгүйсгэхгүй, нөгөө талаас хөрөнгө мөнгө, бүртгэл тооцоотой холбоотой санхүүгийн зөрчил нь ажил олгогчийн дотоодын хяналт шалгалт болон бусад эрх бүхий байгууллагаас явуулсан хяналт шалгалтын үр дүнд тогтоогдож байдаг тул тодорхой цаг  хугацаа шаардагдана.

Иймээс ...зөрчил гаргаснаас хойш 6 сарын дотор сахилгын шийтгэл ногдуулахаар хугацааг хязгаарлах боломжгүй байна.

Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 181/ШШ2017/02282 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 2383 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т заасан үндэслэл тогтоогдоогүй тул ШУТИС-д холбогдох тус сургуулийн  харъяа Шинжлэх ухаан, технологийн ахлах сургуулийн ахлах нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 2.996.530 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгал төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг хүссэн Т.М-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 62.894 төгрөг төлснийг шүүгчийн захирамж гарган буцаан олгосугай.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

      ШҮҮГЧ                                                            Г.АЛТАНЧИМЭГ