Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 11 сарын 20 өдөр

Дугаар 2383

 

Т.М-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Ш.Оюунханд, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 181/ШШ2017/02282 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Т.М-ын, хариуцагч ШУТИС-д холбогдуулан гаргасан ШУТИС-ийн харьяа ШУТАС-ийн нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 2 996 530 төгрөг гаргуулан, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, холбогдох бичилт хийхийг даалгах тухай иргэний хэргийг

 

хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ганбилэгийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Цэрэнханд нар оролцов.

 

Нэхэмжлэгч Т.М шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би 2013 оны 01 сараас ШУТИС-ийн харьяа Уул уурхайн инженерийн сургуульд тооцооны нягтлан бодогчоор, 2014 оны 7 сараас ШУТИС-ийн харьяа ШУТИС-д ахлах нягтлан бодогчоор 4 гаруй жилийн хугацаанд ажилласан. Гэтэл ШУТИС-ийн ректорын 2017 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн Б/162 тоот тушаалаар намайг үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн. Би ямар нэгэн хууль, журам зөрчөөгүй, албан үүргээр шууд хариуцах эсэх, гэм буруутай эсэх нь тогтоогдоогүй, ямар зөрчлийг ноцтой зөрчил гэж тооцох нь тодорхойгүй, харилцан тохиролцож тогтоогоогүй, уг зөрчлийн тохиолдол бүрийг хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заагаагүй, уг гэрээний 8.2.2-т санхүү эд хөрөнгөтэй холбоотой “ноцтой зөрчил” гэж хэт ерөнхий байдлаар оруулсныг ашиглан ажил олгогчийн зүгээс өөрийн дураар тайлбарлан хэрэглэж, ажлаас халахаас өөр хэлбэрийн сахилгын шийтгэл ногдуулах боломжийг анхааралгүй шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

Иймд намайг ШУТИС-ийн харьяа Шинжлэх ухаан, технологийн ахлах сургуульд ахлах нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоон, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг 2017 оны 6 дугаар сарын 09-ний өдрөөс шүүхийн шийдвэр гарах өдрийг хүртэл хугацаагаар тооцон 2 996 530 төгрөг гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэн, холбогдох бичилт хийхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Шинжлэх ухаан технологийн их сургуулийн ректорын 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн А/66 тоот тушаалаар нэхэмжлэгч Т.Мд ажлын байрны тодорхойлолтод заасан санхүүгийн зөрчилгүй ажиллах, тайлан мэдээг шаардсан хугацаанд үнэн зөв гаргах, өр авлагыг барагдуулах зэрэг хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэх үндэслэлээр сахилгын шийтгэл ногдуулсан.

Шинжлэх ухаан технологийн их сургуулийн ректорын 2017 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн ажлын хэсэг байгуулах тухай А/79 тоот тушаалаар Шинжлэх ухаан технологийн ахлах сургуулийн 2014-2016 оны захиргаа, сургалт, санхүүгийн ажиллагаанд үнэлэлт, дүгнэлт өгөх ажлын хэсгийг байгуулсан бөгөөд уг ажлын хэсэг тус сургуулийн үйл ажиллагаатай танилцан, батлагдсан удирдамжийн дагуу ажиллаж, тус сургуулийн ректорын зөвлөлийн 2017 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн хурлаар хэлэлцүүлэн, зөрчил гаргасан албан тушаалтнуудад хариуцлага тооцохоор болсон. Т.М ажил үүргээ гүйцэтгэх явцад Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, хөдөлмөрийн гэрээний 8.2.2-т заасан хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах үндэслэл бүхий зөрчлүүдийг гаргасан.

Тухайлбал, Т.М нь 2016 онд хамтын гэрээнд ажил олгогчийг төлөөлөн оролцсон бөгөөд энэхүү гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 15 дугаар зүйлд зааснаар эрх бүхий байгууллагад бүртгүүлээгүй байхад хүчин төгөлдөр бус хамтын гэрээний заалтыг баримтлан зарим ажилтнуудын магистрын болон докторын сургалтын төлбөрийг 100 хувь олгох хууль бус шийдвэрийн дагуу 8 500 000 төгрөгийг шилжүүлсэн. Мөн сургалтын менежер Ж.Цэрэнчунтын хувийн хүсэлтийн дагуу 1 800 000 төгрөг шилжүүлж, төлбөр хураамжийн зардлаар дансанд буруу бүртгэсэн нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2, Хөдөлмөрийн дотоод журмын 10.2.2-т заасныг, мөн тус сургуулийн ректорын 2015 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн А/58 тоот тушаалаар батлагдсан Шинжлэх ухаан технологийн ахлах сургуулийн профессор багш, ажилтны гадаадад томилолтоор ажиллах журмын 2.3 дахь заалтыг, 2016 оны 5 сард уг сургуулийн ректорын тушаал гараагүй, батлагдсан төсөвгүй, томилолтын удирдамжгүй байхад нэр бүхий 4 дансанд 7 800 000 төгрөгийг шилжүүлсэн нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.7, 20 дугаар зүйлийн 20.2.5, мөн Шинжлэх ухаан технологийн их сургуулийн хөдөлмөрийн дотоод журмын 10.3.6-д заасныг тус тус зөрчиж байна.

Шинжлэх ухаан технологийн ахлах сургууль болон “НО” ХХК-иудын хооронд 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан сурагч ширээ, сандал хийх ажлын гэрээ, “ХБ” ХХК-тай 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан “сурагч ширээ, сандал хийх гэрээ”-нүүдийн дагуу нийлүүлсэн ширээ, сандал нь санал болгосон үзүүлэлтийн шаардлагаас зөрүүтэй байхад хүлээн авч санхүүгийн бүртгэлд тусгаж, санхүүгийн программд 120 ширээ, сандлыг давхардуулан бүртгэсэн, мөн 117 ширээг гэрээт хугацаанд биет байдлаар тоолж хүлээн авалгүй хувь хүний агуулахад хадгалуулсан атлаа эд хөрөнгийн тооллогын үеэр ширээг байгаа гэж тайлан, мэдээнд тусгасан нь хөдөлмөрийн дотоод журмын 10.2.2-т заасныг ноцтой зөрчсөн. Эд хөрөнгийн тооллогоор “байгаа” гэж тайланд мэдүүлсэн 117 ширээнээс 109 ширхэг ширээг 2017 оны 6 дугаар сарын 19-ний өдөр тус сургуулийн нярав Л.А хүлээн авсан бөгөөд үлдсэн 8 ширхэг ширээ, 6 ширхэг сандлыг өнөөдрийг хүртэл “НО” ХХК-иас хүлээн аваагүй. Мөн “ТХ” ХХК-ийн нэр дээр үүсгэсэн 48 900 000 төгрөгийн авлагаас тус компанитай тооцоо дуусаагүй, гэрээний биелэлтийг дутуу байхад харилцагчийн 35 150 000 төгрөгийн авлагыг хичээл, мөн практикийн зардал руу хийж, хөрөнгө хэлбэрээр бүртгэгдэх эд зүйлийг устгаж, тооцоогүй болгосон нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.7, 20 дугаар зүйлийн 20.2.5, Шинжлэх ухаан технологийн их сургуулийн нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичгийн 5.1.5-т заасныг тус тус зөрчсөн. Энэхүү зөрчил нь санхүүгийн авлага, өглөгийн дэлгэрэнгүй бүртгэлээр нотлогдож байна.

Нэхэмжлэгч Т.М нь 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Залуу сэтгүүлчдийн холбоонд 2 000 000 төгрөг, 2014 оны 6 дугаар сарын 06-ны өдөр “ИБ” ХХК-д 9 900 000 төгрөгийг дэмжих баримтгүй шилжүүлсэн нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.7, Ажлын байрны тодорхойлолтын 3.9-д заасан "... нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримт, материалыг шалгаж авах, нягтлан бодох бүртгэл хөтлөх" үйл ажиллагааг хэрэгжүүлээгүйг хөдөлмөрийн гэрээний 5.1-д заасан үүргээ биелүүлээгүй гэж үзэхээр байх тул хөдөлмөрийн дотоод журмын 10.3.6-д заасан зөрчил гаргасан болохыг харуулж байна. Мөн 2014-2016 онуудад ээлжийн амралтын цалингаас суутгасан хувь хүний орлогын албан татвараас хөнгөлөлтийг хасч тооцоогүй ба нэг хүнээр тооцоход жилдээ 10 500 төгрөгөөс 14 000 төгрөгийн татварыг илүү суутгасан нь Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн бөгөөд энэ нь хөдөлмөрийн дотоод журмын 10.2.2-т заасан ноцтой зөрчил юм. Уг зөрчил нь 2015, 2016 онуудын татварын тайлангаар нотлогдож байна.

Мөн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль, Шинжлэх ухаан технологийн их сургуульд бараа, ажил үйлчилгээ худалдан авах үйл ажиллагааг зохион байгуулах, хэрэгжүүлэх журмыг зөрчсөнөөс гадна мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.3 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй атлаа үнэлгээний хорооны гишүүнээр ажилласан.

Дээрх зөрчлүүд нь хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээний 8.2.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5-т заасан ноцтой зөрчил байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

            Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Т.М-ыг Шинжлэх ухаан технологийн их сургуулийн харьяа ШУТАС-ийн ахлах нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 2 996 530 төгрөгийг хариуцагч Шинжлэх ухаан технологийн их сургуулиас гаргуулан нэхэмжлэгч Т.Мд олгож, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлж, холбогдох бичилт хийхийг хариуцагч ШУТИСд даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Т.М нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Шинжлэх ухаан, технологийн их сургуулиас улсын тэмдэгтийн хураамжид 62 894 төгрөгийг гаруулан улсын төсөвт оруулж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгч Т.М нь Шинжлэх ухаан технологийн их сургуулийн харьяа Шинжлэх ухаан, технологийн ахлах сургуультай 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулан ажиллаж байсан бөгөөд уг гэрээнд нэхэмжлэгч гүйцэтгэх ерөнхий нягтлан бодогчийн ажил үүрэгтэй холбогдуулан ямар зөрчлийг ноцтой гэж тооцохыг харилцан тохиролцон тогтоож, нэрлэн заасан. Т.М нь хөдөлмөрийн гэрээний 8.2.2-т заасан "... ахлах сургуулийн санхүү, эд хөрөнгөтэй холбоотой ноцтой зөрчил"-ийг гаргасан болох нь Шинжлэх ухаан технологийн ахлах сургуулийн 2014-2016 оны захиргаа, сургалт, санхүүгийн үйл ажиллагаанд үнэлэлт, дүгнэлт өгсөн ажлын хэсгийн тайлан, уг тайланг хэлэлцүүлсэн хурлын тэмдэглэл болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтаар нотлогдож тогтоогдсон байхад "ноцтой зөрчил"-д чухам ямар зөрчлүүдийг хамааруулах талаар хөдөлмөрийн гэрээнд тодорхой тусгаагүй гэсэн үндэслэлгүй дүгнэлтийг шүүх хийсэн.

Талууд хуулиар тогтоосон журмын дагуу хэлэлцэн тохиролцох замаар, Т.Мтай хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Мөн шүүх ажил олгогч дангаар хөдөлмөрийн гэрээ байгуулсан мэтээр үзэж, хөдөлмөрийн гэрээний заалт нь ажилтны эрхийг үндэслэлгүйгээр зөрчих боломж олгосон зохицуулалтай болсон хэмээн өөрийн буруу үнэлсэн нотлох баримтыг хамгаалсан, маргаанд хамааралгүй зүйлд дүгнэлтийг хийсэн.

Шинжлэх ухаан технологийн их сургууль нь өөрийн бүрэлдэхүүн сургуулиудын 2016 оны санхүүгийн тайланд тус сургуулийн санхүү, эдийн засгийн албанаас шинжилгээ хийхдээ сургуулийн болон бүрэлдэхүүн сургуулиудын ерөнхий болон ахлах нягтлан бодогч нарын ажлыг 16 үзүүлэлтээр дүгнэж, үнэлгээ өгсөн. Энэ үнэлгээгээр Т.М хангалтгүй үнэлгээ авсан учраас түүнд "сануулах" сахилгын шийтгэлийг 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр ногдуулсан. Шинжлэх ухаан технологийн их сургуулиас ирүүлсэн хүсэлтийн дагуу тус ахлах сургуулийн 2014-2016 оны захиргаа, сургалт, санхүүгийн үйл ажиллагааг шалгаж үнэлэлт, дүгнэлт өгөх ажлын хэсэг тус сургуулийн ректорын 2017 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн А/79 тоот тушаалаар байгуулагдсан уг ажлын хэсгийн шалгалтаар ахлах сургуулийн ерөнхий нягтлан бодогч Т.М нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль болон тус сургуулийн хөдөлмөрийн дотоод журмын холбогдох заалтуудыг зөрчсөн ноцтой зөрчлүүдийг гаргасан нь илэрсэн тул нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлсөн. Өөрөөр хэлбэл Т.Мын гаргасан 2 өөр зөрчилд сахилгын арга хэмжээг авсан. Гэтэл шүүх ахлах сургуулийн 2014-2016 оны захиргаа, сургалт, санхүүгийн үйл ажиллагаанд үнэлэлт, дүгнэлт өгсөн шалгалтаар илэрсэн зөрчлийг 2 арга хэмжээнд хоёуланд нь хамруулсан мэтээр дүгнэснээс гадна, 2014-2016 оны зөрчлийг 2017 оны 5 дугаар сарын 16-ны өдөр илрүүлж, илрүүлснээс хойш 24 хоногийн дараа Т.Мд арга хэмжээ авсан байхад Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2 дахь хэсэгт заасан хугацааг хэтрүүлсэн гэх буруу дүгнэлтийг хийсэн.

Т.М нь ахлах сургуулийн 2014-2016 оны захиргаа, сургалт, санхүүгийн үйл ажиллагаанд үнэлэлт, дүгнэлт өгсөн шалгалтын дүнтэй танилцаж, гарын үсэг зурсан төдийгүй нэхэмжлэлдээ "ажлаас халахаас өөр хэлбэрийн сахилгын шийтгэлийн ногдуулах боломжийг анхаараагүй" гэж дурдсанаас үзэхэд тэрээр зөрчил гаргаснаа хүлээн зөвшөөрснийг нотолж байна.

Хариуцагч нь Т.Мыг ажлаас халахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан ноцтой зөрчлийг гаргасан, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гаргасан, уг гаргасан үйлдлийг дотоодын хяналт шалгалтаар тогтоосон байхад хууль, санхүү болон хяналтын зэрэг эрх бүхий байгууллагын шалгалтаар тогтоогдсон байхыг ойлгоно гэж хуулийг буруу тайлбарлан хэрэглэж хэргийг шийдвэрлэсэн нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчимд нийцээгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт цугларсан нотлох баримтад тулгуурлан зохигчдын хооронд хөдөлмөрийн харилцаанаас үүссэн эрх зүйн маргааныг үндэслэл бүхий шийдвэрлэсэн байна.

 

Нэхэмжлэгч Т.М, хариуцагч Шинжлэх ухаан технологийн их сургууль /цаашид ШУТИС гэх/-д холбогдуулан өмнө эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгон, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 2 996 530 төгрөг гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэн, холбогдох бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

Хариуцагч ШУТИС-ийн ректор нь 2017 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн Б/162 дугаартай тушаал гаргаж, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5, 131 дүгээр зүйлийн 131.1.3, хөдөлмөрийн гэрээний 8.2.2-т заасныг үндэслэн нэхэмжлэгчийг хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй, мөнгөн хөрөнгийн зарцуулалт болон худалдан авах үйл ажиллагааны бүртгэлийг буруу хөтөлсөн, хариуцагчийн авлагын үлдэгдлийг устгасан, мөнгөн хөрөнгийн зарцуулалтад хууль журамд заасан хяналт тавиагүй ноцтой зөрчил гаргасан гэх үндэслэлээр түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлан, ажлаас нь халсан байна.

Нэхэмжлэгч Т.Мд хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэх үндэслэлээр ШУТИС-ийн ректорын 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн А/66 дугаар тушаалаар сануулах сахилгын шийтгэл ногдуулсан байх бөгөөд уг тушаалд нэхэмжлэгч гомдол гаргаагүй учир түүнийг зөвшөөрсөнд тооцох тул энэ зөрчлийг хариуцагч нотлоогүй нь талуудын хооронд үүссэн маргаанд ач холбогдолгүй юм. Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт оновчгүй болжээ.

Зохигчид, 2014 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс хөдөлмөрийн харилцаа үүссэн талаар маргаагүй, харин хариуцагч нь нэхэмжлэгч Т.Мын сахилгын зөрчил давтан, мөн хөдөлмөрийн гэрээний 8.2.2, хөдөлмөрийн дотоод журмын 10.2.2-т заасан ноцтой зөрчил тус тус гаргасан, ажил олгогчийн итгэлийг алдсан гэж марган, ажлын хэсгийн дүгнэлтийг нотолгооны эх сурвалжаа болгосон байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан ноцтой зөрчил гэдэгт ажил олгогчид эд хөрөнгийн хохирол учруулах, бизнесийн ба ажил хэргийн нэр хүндийг нь гутаах зэргээр түүний эрх, ашиг сонирхолд нөлөөлөхүйц сөрөг үр дагаврыг буй болгосон, уг ажилтны хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэгт нь харш үйлдэл, эс үйлдэл байхыг ойлгох бөгөөд талууд ажил үүргийн онцлогтой хамааруулан ямар зөрчлийг ноцтой гэж тооцохыг харилцан тохиролцож, тогтоож уг зөрчлийн тохиолдол бүрийг хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заасан байх ёстой.

Талуудын байгуулсан хөдөлмөрийн гэрээний 8.2.2 дахь зохицуулалтад “... санхүү, эд хөрөнгөтэй холбоотой ноцтой зөрчил гаргасан нь .... тогтоогдсон” гэж ерөнхий байдлаар тусгаснаас зөрчлийн тохиолдол бүрийг нэрлэн заагаагүй, өөрөөр хэлбэл талууд гэрээндээ санхүү, эд хөрөнгөтэй холбоотой ямар зөрчлийг ноцтой гэж үзэхийг нарийвчлан тусгаагүй байна.

Мөн зохигчид нь байгууллагын дотоод журамд заасан заалтыг зөрчсөн тохиолдолд ноцтой зөрчилд тооцохоор хөдөлмөрийн гэрээнд тусгаагүй учир нэхэмжлэгчийг ноцтой зөрчил, сахилгын давтан зөрчил гаргасан гэх үндэслэлгүй тул анхан шатны шүүхийн дүгнэлтийг зөв гэж үзнэ.

Хэргийн баримтаас үзэхэд хариуцагч ШУТИС-ийн ректорын 2017 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн А/79 дүгээр тушаалаар Шинжлэх ухаан технологийн ахлах сургуулийн 2014-2016 оны захиргаа, сургалт, санхүүгийн үйл ажиллагаанд үнэлгээ дүгнэлт өгөх ажлын хэсгийг байгуулан, шалгалт хийж, 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдөр дүгнэлт гаргажээ. /хх-17-28 дугаар тал/

Уг ажлын хэсгийн дүгнэлтээр илрүүлсэн ахлах сургуулийн санхүүгийн үйл ажиллагаатай холбоотой зөрчлийг нэхэмжлэгч Т.Мын хариуцах ажил үүрэгтэй хамааралтай, ажил олгогчийн дотоодын хяналт шалгалтаар тогтоогдсон, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасан ажил олгогчийн итгэлийг алдсан, ажилтны гаргасан буруутай үйлдэлд тооцно. Учир нь байгууллагын ахлах нягтлан бодогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасан мөнгөн болон эд хөрөнгө хариуцсан ажилтанд хамаарах ба нэхэмжлэгчийн ажил үүргийг сургуулийн үйл ажиллагааг санхүүжүүлэх эх үүсвэрийг бүрдүүлж, батлуулсан төсвийг зориулалтын дагуу зарцуулж, нягтлан бодох бүртгэлийн ажлыг зохих хууль, журам, зааврын дагуу эрхлэн явуулах, өмч хөрөнгийн хадгалалт, хамгаалалтад хяналт тавьж ажиллах гэж ажлын байрны тодорхойлолтод тусгасан байдаг.

Шүүх, Хөдөлмөрийн тухай хуульд заасан хяналт шалгалт хийх хууль, санхүүгийн болон хяналтын эрх бүхий байгууллага гэдэгт ажил олгогчийн байгуулсан ажлын хэсгийг хамаарахгүй гэх агуулгатай дүгнэлт хийсэн нь буруу байна.

Харин дотоодын шалгалтаар илэрсэн нэхэмжлэгч Т.Мын ажил үүрэгт хамаарах зөрчлүүдэд сахилгын шийтгэл ногдуулах хуулиар тогтоосон хугацаа дуусчээ. Хариуцагч байгууллага нь 2014-2016 оны 9 сард гаргасан зөрчлийг 2017 оны 5 сард илрүүлсэн гэх үндэслэлээр мөн оны 6 дугаар сарын 09-ний өдөр сахилгын шийтгэл ногдуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2 дахь хэсэгт сахилгын зөрчил гаргаснаас хойш 6 сар, илрүүлснээс хойш 1 сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна гэснийг зөрчсөн тул Б/162 дугаар тушаал хууль бус гэж үзнэ. Учир нь сахилгын зөрчлийг илрүүлсэн бол тэр өдрөөс хойш 1 сарын дотор сахилгын шийтгэл ногдуулж болно. Харин илрүүлээгүй байсан бол сахилгын зөрчил гаргаснаас хойш 6 сарын дотор сахилгын шийтгэл ногдуулах боломжтой бөгөөд зөрчил гарснаас хойш 6 сар өнгөрсөн бол илэрсэн ч арга хэмжээ авах боломжгүй, энэ талаар хийсэн шүүхийн дүгнэлт зөв байх тул хариуцагчийн гомдлыг хангахгүй орхив.

Анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн, хэргийн зарим үйл баримтыг оновчгүй тайлбарласан боловч бусад нөхцөл байдлын талаар уг хуульд нийцсэн дүгнэлт хийж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулж, нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасанд нийцсэн байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 181/ШШ2017/02282 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт заасны дагуу хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 62 894 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          А.МӨНХЗУЛ

      ШҮҮГЧИД                                        Ш.ОЮУНХАНД

                                                                                                           Ч.ЦЭНД