Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 20 өдөр

Дугаар 2019/ШЦТ/341

 

2019             11           20                                            ШЦТ/341

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

  Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,

  Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтанчимэг,

  Улсын яллагчаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Сувд-Эрдэнэ,

             Хохирогч Ц.Сэдэд, хохирогчийн өмгөөлөгч Б.Бат-Эрдэнэ,

            Хохирогч У.Цэрэндолгорын хууль ёсны төлөөлөгч С.Даш, түүний өмгөөлөгч С.Батнасан,

            Хохирогч Ц.Цэрэндуламын хууль ёсны төлөөлөгч Ж.Сэрчмаа,

            Насанд хүрээгүй хохирогч Б.Нандин-Эрдэнийн хууль ёсны төлөөлөгч Л.Алимаа,  

            Амь хохирогч Б.Нэргүй, насанд хүрээгүй хохирогч Н.Шинэгэрэл нарын хууль ёсны төлөөлөгч Ц.Шинэ-Од,

            Насанд хүрээгүй хохирогч Н.Шинэгэрэл,

  Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Ганцэцэг,

             Шүүгдэгч С.Онарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,

  Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ц С О д холбогдох эрүүгийн 1934005150336 дугаартай, 2 хавтас хэргийг 2019 оны 10 дугаар сарын 22-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

  Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Ц С О , 1995 оны 11 дүгээр сарын 19-ний  өдөр Завхан аймгийн Идэр суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, ХААИ сургуулийн мал эмнэлгийн 5 дугаар курсын оюутан, ам бүл 4, эх, эгч, дүү нарын хамт Завхан аймгийн Идэр сумын 3 дугаар багт оршин суух засаг захиргааны бүртгэлтэй, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, 95111914 регистрийн дугаартай.

 

  Холбогдсон хэргийн талаар:

  Шүүгдэгч С.О нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

  Шүүхийн хэлэлцүүлэгт:

 

Шүүгдэгч С О-ын өгсөн: 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдөр Улаанбаатар хотоос өөрийн эзэмшлийн 9979 ЗАА улсын дугаартай Тоёота приус 30 маркийн тээврийн хэрэгсэл жолоодоод ойрын танилууд болох Нэргүй, түүний хоёр охин Шинэгэрэл, Шинэ-Од нарын хамт Завхан аймгийн Идэр сум руу хөдөө гэр рүүгээ амрахаар явсан. Ингээд Улаанбаатар хотоос гараад явж байтал би машин гүйцэж түрүүлэх үйлдэл хийхэд нар жаргаж байсан учир өөдөөс ирж байгаа машин харагдаагүй. Энэ үед хажууд сууж явсан Нэргүй эгч суудлын бүс зүүгээгүй байсан суудлыг хойшлуулаад зүүрмэглэж явж байгаад унтсан байсан. Ингээд сэрээд өндийж босохдоо баруун гараараа миний жолоо барьж байсан гар дээр дараад босож ирэхээр нь надад жолоо барихад саад болсон учир би огцом тоормос гишгэж хурд сааруулахад Нэргүй эгч урагшаа шидэгдэж урд салхины шил мөргөж эргэж буухдаа руль дээр гараараа дарж унасан. Энэ үйл явц маш хурдан болж өнгөрсөн. Би өөдөөс ирж яваа машиныг хаана явж байгааг наранд гялбаад хараагүй нэг мэдэхэд мөргөлдчихсөн. Өөдөө ирж яваа машин маш хурдтай хаана явж байгаа нь мэдэгдэхгүй байсан. Талийгаач ослын дараа нас бархаасаа өмнө би рулийг  нь дарчихлаа шүү дээ надаас боллоо гэж хэлж байсан. Би 67-68 орчим км цагийн хурдтай гүйцэд түрүүлэх үйлдэл хийсэн гэх мэдүүлэг,  

 

         Хохирогч Ц.Сэдэдийн өгсөн: Би Өвөрхангай аймгийн төвөөс Улаанбаатар хот руу хувийн ажлаар явахаар болоод өөрийн эзэмшлийн 3343 ӨВР улсын дугаартай к5 маркийн тээврийн хэрэгсэл жолоодоод Улаанбаатар хот руу явах 3 зорчигч аваад 12 цаг өнгөрч байхад Улаанбаатар хот руу хөдөлсөн. Ингээд Төв аймгийн Аргалант сумын нутаг дэвсгэрт алсуураа зам өгсөөд үзэгдэх орчин хязгаарлагдмал үед явж байхад манай эсрэг урсгалыг сөрөөд приус 30 маркийн тээврийн хэрэгсэл гараад ирсэн. Би баруун гар тал руугаа шахаад зогсох арга хэмжээ аваад далан дээр очиж зогсоход нөгөө машин өөдөөс ирээд мөргөчихсөн. Би нэг хүүхэд, 4 том хүн, нийт 5 зорчигчтой явсан гэх мэдүүлэг,

 

          Хохирогч У.Цэрэндолгорын хууль ёсны төлөөлөгч С.Дашийн өгсөн: У.Цэрэндолгорын төрсөн хүү нь. Миний эх 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдөр Өвөрхангай аймгаас Улаанбаатар хот руу таксинд сууж яваад замдаа зам тээврийн осолд орж эрүүл мэндээрээ хохирсон одоо байнгын асаргаанд байгаа. Босож чадахгүй учраас би хууль ёсны төлөөлөгчөөр оролцож байна. Манай ээж зам тээврийн ослын улмаас баруун гар шуугаараа хугарсан, баруун хөлийн дунд чөмөг хугарсан. Нийт 11 157 700 төгрөг нэхэмжилнэ. 1 сая төгрөг бэлнээр авсан. Цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжилнэ гэх мэдүүлэг,        

 

         Хохирогч Ц.Цэрэндуламын хууль ёсны төлөөлөгч Ж.Сэрчмаагийн өгсөн: Манай ээж Ц.Цэрэндулам жилдээ 2 удаа Өвөрхангай аймаг явж тэтгэврээ авдаг юм. Сая 2019 оны 6 дугаар сарын 30-ны өдөр Улаанбаатар хотоос Өвөрхангай аймаг руу автобусаар яваад 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хувийн суудлын машинд зардлаа өгөөд суучихсан юм билээ. Би гомдолтой. Ээжийн бие муу босож чадахгүй, хүндэрч чадахгүй байнгын асаргаанд байгаа эмчилгээний зардлыг нэхэмжилнэ. Мөн ээж маань Тахилтад гэрт амьдардаг байсан өгөөд муур, нохой хоёртой. Түүнийх нь хоолыг би нэг өнжөөд бензин тос зарлагдаж очиж хооллож гэрийг нь эргэж тойрдог. Ирэх очихдоо 32 км зам туулдаг. Би сэтгэл зүйн хувьд маш их шаналгаатай байна. Асарч сувилахад маш их хүч зарцуулж, зуны амралтаараа ч амарч чадсангүй ээжийгээ асраад таарсан. Эмчилгээ асаргааг таслахгүйн тулд мөнгөгүй болсон учраас машинаа 3 сая төгрөгөнд ломбардад тавьсан. Бие нь маш их зовиуртай хэвтэрт байдаг. Одоо бага зэрэг явж байгаа. Хүний эрүүл мэндэд учирсан хохирлыг мөнгөөр хэмжих ямар ч боломжгүй. Цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай гэсэн. Гомдолтой байна гэх мэдүүлэг,

 

         Насанд хүрээгүй хохирогч Б.Нандин-Эрдэнийн хууль ёсны төлөөлөгч Л.Алимаагийн өгсөн: Эмчилгээний зардалд 400 000 төгрөг авсан. Урьдчилсан хэлэлцүүлэг дээр 500-600 мянган төгрөгийн баримт гаргаж өгсөн. Энэ гэмт хэргийн улмаас манай хүүхэд юмнаас аймтгай болчихсон гэх мэдүүлэг,   

 

         Амь хохирогч Б.Нэргүй, насанд хүрээгүй хохирогч Н.Шинэгэрэл нарын хууль ёсны төлөөлөгч Ц.Шинэ-Одын өгсөн: Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Оршуулгын зардалд 6 сая төгрөг авсан гэх мэдүүлэг,

 

         Насанд хүрээгүй хохирогч Н.Шинэгэрэлийн өгсөн: Надад хэлж ярих зүйл байхгүй. Гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэх мэдүүлэг,   

 

Талуудын хүсэлтээр хавтаст хэргээс:

 

 Хохирогч У.Цэрэндолгорын өгсөн: 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдөр Өвөрхангай аймгаас Улаанбаатар хот руу явсан. Төв аймгийн Аргалант сумын нутагт өөдөөс нэг машин ирж байна гээд урд сууж явсан хүмүүс орилоод нэг мэдсэн мөргөлдсөн. Болсон явдлын талаар сайн мэдэхгүй байна. Энэ ослын улмаас миний цээжин хэсэг, хоёр гар, хөл янгинаад толгой их өвдөж байна. Би эмчилгээ болон авч явсан ачаа тээш зурагт зэрэг зүйлүүд эвдэрч гэмтсэн. Мөн сэтгэл санааны хохирол, нүүр царай төрх гоо сайханд зарцуулсан зардлаа нэхэмжилнэ гэх мэдүүлэг /хх 27/,

 

Насанд хүрээгүй хохирогч Б.Нандин-Эрдэний өгсөн: Өвөрхангай аймгаас Улаанбаатар хот руу замын таксинд суугаад явсан. Замдаа машин гэнэт мурилзаад ирсэн. Би юу болсныг мэдээгүй. Танихгүй ах намайг машинаас өргөж буулгасан. Ээж ирж намайг эмнэлэгт хүргэсэн. Баруун нүдний доод яс цуурсан. Хамрын таславч яс мурийсан, тархи хөдөлсөн байсан гэх мэдүүлэг /хх 48/,

 

Хохирогч Б.Нацагдоржийн өгсөн: Би жолоочийн хажуу талд явж байсан. Тэгтэл гэнэт эсрэг урсгалаас приус 30 маркийн тээврийн хэрэгсэл урсгал сөрөөд гараад ирэхээр нь манай жолооч замын урд тал руу жолоогоо дарж замаас гарч зогсох гэж байхад урдаас чигээрээ ирээд мөргөсөн. Манай жолооч бараг замаас гараад зогсчихсон байсан. Хурдаа хасаад өөдөөс яваад байхаар нь замын хажуу руу гарсан. Ослын улмаас хоёр талдаа 10 хавирга, өвчүүний толгой хугарсан. Гомдол, санал байхгүй гэх мэдүүлэг /хх 31/,

 

Насанд хүрээгүй хохирогч Н.Шинэгэрэлийн өгсөн: Тус өдөр Улаанбаатар хотоос Завхан аймаг руу нутгийн ах О гэх хүнтэй тэдний хөдөө гэрт нь очихоор ээж Нэргүй, төрсөн эгч Шинэ-Од нарын хамт явж байгаад жолооч том машин гүйцэж түрүүлэх үйлдэл хийхэд өөдөөс машин гарч ирээд мөргөлдөөд осол болсон. Би жолоочийн ар талын суудлын хажууд сууж явсан. Миний хажууд эгч сууж явсан. Урд ээж сууж явсан. Ослын улмаас миний толгой, хоёр хөл хавагнаад байгаа. Нуруу хааяа өвдөөд байх болсон. Мөн нойронд муу болсон. Манай ээж Нэргүй 1976 онд Завхан аймагт төрсөн. Бага насаа сургууль цэцэрлэгээр хүмүүжээд дунд сургуулиа төгсөөд Завханы Техник мэргэжлийн сургууль дүүргээд 1998 онд манай аав Цогбаяртай гэр бүл болоод 5 хүүхдийн эцэг, эх болсон. Аав маань 2015 онд зуурдаар нас барсан. Бид эмээтэйгээ ах, эгч, дүү нартайгаа Улаанбаатар хотод амьдардаг. Жолооч О-ын ээж нь манай эмээ, талийгаач ээж нартай гэр бүлийн найзууд. Бид зуны амралтаараа О-ын хөдөө гэрт нь очиж амрахаар явж байсан. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /хх 39/,

 

Иргэний нэхэмжлэгч Б.Даваадоржийн өгсөн: 9979 ЗАА улсын дугаартай приус 30 маркийн тээврийн хэрэгслийг 2019 оны 01 дүгээр сард худалдаж аваад 02 дугаар сард хадам дүү О-д зарсан. Тухайн үед О жолооч болоогүй байсан тул би нэрээ шилжүүлээгүй байсан. О бид хоёрын дунд ямар нэгэн тооцоо байхгүй гэх мэдүүлэг /хх 51/,

 

Гэрч О. Загдын өгсөн: Би тус өдөр Булган аймгийн Рашаант сумын нутаг Элсэн тасархайн амралтын газраас 3343 ӨВР улсын дугаартай суудлын машинд Улаанбаатар хот орохоор замаас суусан. Намайг машинд суухад жолоочоос гадна 4 том хүн, 1 хүүхэд суусан байсан. Би жолоочийн хойд талын дунд суудалд сууж явсан. Ингээд замд явж байхад Цагаан хөтөл гэх газарт манай зорчиж явсан машины өөдөөс урсгал сөрөөд нэг машин гараад ирлээ гээд манай машины хүмүүс хашхиралдсан. Манай машины жолооч баруун гар тал руугаа жолоогоо залаад замаас гарах үед нөгөө машины ирээд манай машин ирээд манай машины өөдөөс мөргөсөн. Ингээд хоёр машин замын хажуу руу ороод зогссон. Миний эрүүл мэндэд учирсан хохирол байхгүй гэх мэдүүлэг /хх 54/,    

 

Төв аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 99 дугаартай шинжээчийн дүгнэлт: "1.2.Б.Нэргүйн биед элэгний задрал, элэгний холбоосны урагдал, дотуур цус алдалт, хоёр талын олон хавирганы хугарал, зүүн тахилзуур ясны хугарал, нүүрэнд шарх, биед зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.Б.Нэргүй нь дээрх гэмтлийн улмаас дотуур цус алдалтын улмаас нас баржээ. 3.Б.Нэргүйн цуснаас спиртийн агууламж илрээгүй байна. Талийгаач 3-р зэргийн цустай байна." гэх /хх 118-119/,

 

 Төв аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 ны 8 дугаар сарын 22-ний өдрийн 616 дугаартай дүгнэлт: "1.2.Б.Нацагдоржийн биед баруун 2, 3, 4, 5, зүүн 4, 5, 6, 7, 8, 9-р хавиргануудын хугарал, өвчүүний дунд 1/3, бүдэрхийн хугарал, уушгины няцрал, цээжний хөндийд шингэн хуралдалт, цээжний зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. 3.Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээнээс хамаарна.” гэх /хх 81-83/, 

 

Төв аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 8 дугаар сарын 14-ны өдрийн 567 дугаартай шинжээчийн дүгнэлт: "1.Шинэ-Одын биед суурь яс, зүүн нүдний ухархай. Дээд доод хана, зүүн гайморын хөндий, зүүн хацрын нум ясны хугарал, духанд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам зааврын 3.1.2-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээнээс хамаарна." гэх /хх 128/,

 

Төв аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 8 дугаар сарын 09-ны өдрийн 569 дугаартай шинжээчийн дүгнэлт: "1.2.У.Цэрэндолгорийн биед баруун дунд чөмөгний далд хугарал, баруун шууны далд хугарал, тархи доргилт, духанд шарх, дух, баруун чамархай, нүүрний зөөлөн эдийн няцрал, баруун хацарт цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. 3.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д   зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр  зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй." гэх /хх 123/,

 

Төв аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 8 дугаар сарын 09-ны өдрийн 570 дугаартай шинжээчийн дүгнэлт: "1.2.Ц.Цэрэндуламын биед зүүн 1,2,6,7,8,9,10-р хавирганы зөрөөтэй хугарал, умдаг ясны дээд доод салааны хоёрлосон хугарал, тархи доргилт, баруун зүүн нүдний дээд доод зовхи, нүүрний зөөлөн эдийн няцрал, духанд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. 3.Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээнээс хамаарна." гэх /хх 130-131/,

 

Төв аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 509 дугаартай шинжээчийн дүгнэлт: "1.2.Б.Нандин-Эрдэнийн биед баруун нүдний ухархайн хананы хугарал, баруун нүд, хамарт зөөлөн эдийн няцралт, зүүн шанаа, зүүн өвдгөнд нөсөөжилт гэмтэл тогтоогдлоо. 3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар алдагдуулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги алдалтад нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна." гэх /хх 115-116/,

 

Төв аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 8 дугаар сарын 14-ны өдрийн 566 дугаартай шинжээчийн дүгнэлт: "1.Н.Шинэгэрэлийн биед тархи доргилт, духанд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам зааврын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги алдалтад нөлөөлөхгүй." гэх /хх 126/,

 

Төв аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 444 дугаартай шинжээчийн дүгнэлт: "1.Ц.Сэдэдийн биед хүзүүнд цус хуралт, зүүн хөлийн сарвуунд зөөлөн эдийн няцралт, бүсэлхийн 4, 5-р нугалмын цүлхийлт гэмтэл тогтоогдлоо. 2.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар алдагдуулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 3.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги алдалтад нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна." гэх /хх 110-111/,

 

Төв аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2019 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 92 дугаартай дүгнэлт: "1.Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд 9979 ЗАА улсын дугаартай Тоёота Приүс-30 маркийн тээврийн хэрэгсэл жолоодон явсан жолооч Сүхбаатарын О нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн байна гэж үзэв. 2.Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд 9970 ЗАА улсын дугаартай Тоёота Приүс-30 маркийн тээврийн хэрэгсэл жолоодон явсан жолооч С.О нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.2.а/-д "Өөдөөс яваа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд аюул, саад учруулахаар байвал гүйцэж түрүүлэхийг хориглоно." заасныг зөрчсөн байна. 3.4.Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд 3343 ӨВР улсын дугаартай Киа-К5 маркийн тээврийн хэрэгсэл жолоодон явсан жолооч Цогтбаатарын Сэдэд нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчөөгүй байна гэж үзэв. 5.Хэрэгт авагдсан нотлох баримтаас 9979 ЗАА улсын дугаартай Тоёота Приүс-30 маркийн тээврийн хэрэгсэл жолоодон явсан жолооч С О-ын буруутай үйлдлээс болж уг зам тээврийн осол гарсан байна гэж үзэв. 6.Асуултад дурдаагүй боловч хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдал илрээгүй." гэх /хх 121/,

 

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 4-9/, осол, хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх 10-11/, цогцосны гадна биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх 14-17/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх 18-21/, "Эй жэй жэй эм" ххк-ны үнэлгээний тайлан /хх 62-65/, Ашид билгүүн ххк-ны үнэлгээний тайлан /хх 86-87/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2019 оны 7-р сарын 09-ний өдрийн 108, 3959, 3960 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд /хх 97,  102, 105/, Төв аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 445 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх 107-108/, хохирлын үнэлгээ /хх 133-135/ зэрэг болно.   

 

Дээр дурдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

 

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:   

 

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэвэл шүүгдэгч С.О нь Улаанбаатар хотоос Завхан аймаг руу явах явах замдаа гүйцэж түрүүлэх үйлдэл хийхдээ Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.2-т заасан "Өөдөөс яваа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд аюул, саад учруулахаар байвал гүйцэж түрүүлэхийг хориглоно." заалтыг зөрчиж, Өвөрхангай аймгаас Улаанбаатар чиглэлд явж байсан 3343 ӨВР улсын дугаартай Кia К5 маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөн зам тээврийн осол гаргаж, тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Б.Нэргүйгийн амь насыг хохироож, 2 хүний эрүүл мэндэд хүнд, 2 хүний эрүүл мэндэд хүндэвтэр, 3 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т заасан Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч С.О нь Төв аймгийн Аргалант сумын 3 дугаар багийн нутаг Цанын бааз гэх газар 2019 оны 7 дугаар сарын 01-ний орой 16:00-17:00 цагийн орчим 9979 ЗАА улсын дугаартай Toyota prius 30 маркийн тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.2 дахь заалтыг зөрчиж, 3343 ӨВР улсын дугаартай Кia К5 маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөн зам тээврийн осол гаргаж, 1 хүний амь нас хохироож, 2 хүний эрүүл мэндэд хүнд, 2 хүний эрүүл мэндэд хүндэвтэр, 3 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь:

хохирогч У.Цэрэндолгорын өгсөн: 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдөр Өвөрхангай аймгаас Улаанбаатар хот руу явсан. "Төв аймгийн Аргалант сумын нутагт өөдөөс нэг машин ирж байгаа гээд урд сууж явсан хүмүүс орилоод нэг мэдсэн мөргөлдсөн. Болсон явдлын талаар сайн мэдэхгүй байна." гэх мэдүүлэг /хх 27/,

хохирогч Б.Нацагдоржийн өгсөн: "Би жолоочийн хажуу талд явж байсан. Тэгтэл гэнэт эсрэг урсгалаас prius 30 маркийн тээврийн хэрэгсэл урсгал сөрөөд гараад ирэхээр нь манай жолооч замын урд тал руу жолоогоо дарж замаас гарч зогсох гэж байхад урдаас чигээрээ ирээд мөргөсөн. Манай жолооч бараг замаас гараад зогсчихсон байсан. Хурдаа хасаад өөдөөс яваад байхаар нь замын хажуу руу гарсан." гэх мэдүүлэг /хх 31/,

насанд хүрээгүй хохирогч Н.Шинэгэрэлийн өгсөн: "Тус өдөр Улаанбаатар хотоос Завхан аймаг руу нутгийн ах О гэх хүнтэй тэдний хөдөө гэрт нь очхоор ээж Нэргүй, төрсөн эгч Шинэ-Од нарын хамт явж байгаад жолооч том машин гүйцэж түрүүлэх үйлдэл хийхэд өөдөөс машин гарч ирээд мөргөлдөөд осол болсон." гэх мэдүүлэг /хх 39/,

гэрч О.Загдын өгсөн: "Би тухайн өдөр Булган аймгийн Рашаант сумын нутаг Элсэн тасархайн амралтын газраас 3343 ӨВР улсын дугаартай суудлын машинд Улаанбаатар хот орохоор замаас суусан. Ингээд замд явж байгаад Цагаан хөтөл гэх газарт манай зорчиж явсан машины өөдөөс урсгал сөрөөд нэг машин гараад ирлээ гээд манай машины хүмүүс хашхиралдсан. Манай машины жолооч баруун гар тал руугаа жолоогоо залаад замаас гарах үед нөгөө машины ирээд манай машин ирээд манай машины өөдөөс мөргөсөн. Ингээд хоёр машин замын хажуу руу ороод зогссон. Миний эрүүл мэндэд учирсан хохирол байхгүй" гэх мэдүүлэг /хх 54/,   

 хохирогч Б.Нацагдорж, Ц.Шинэ-Од нарын эрүүл мэндэд хүнд хохирол учирсан талаарх Төв аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019.8.22-ний өдрийн 616,  2019.8.14-ны өдрийн 567 дугаартай дүгнэлтүүд /хх 82-83, 128/,

Б.Нэргүйн амь хохирсон талаарх Төв аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 99 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх 118-119/,

хохирогч У.Цэрэндолгор, Ц.Цэрэндулам нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан талаарх Төв аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019.8.09-ны өдрийн 569,  2019.8.09-ны өдрийн 570 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд /хх 123, 130/,

Б.Нандин-Эрдэнэ, Н.Шинэгэрэл, хохирогч Ц.Сэдэд нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан талаарх Төв аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2019.7.05-ны өдрийн 444, 2019.7.26-ны өдрийн 509, 2019.8.14-ны өдрийн 566 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд /хх 110-111, 115-116, 126/,

Төв аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2019 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 92 дугаартай дүгнэлт: "1.Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд 9979 ЗАА улсын дугаартай Toyota prius-30 маркийн тээврийн хэрэгсэл жолоодон явсан жолооч Сүхбаатарын О нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн байна гэж үзэв. 2.Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд 9970 ЗАА улсын дугаартай Toyota prius -30 маркийн тээврийн хэрэгсэл жолоодон явсан жолооч С.Онь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.2.а/-д "Өөдөөс яваа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд аюул, саад учруулахаар байвал гүйцэж түрүүлэхийг хориглоно." заасныг зөрчсөн байна. 3.4.Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд 3343 ӨВР улсын дугаартай Кia K5 маркийн тээврийн хэрэгсэл жолоодон явсан жолооч Цогтбаатарын Сэдэд нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчөөгүй байна гэж үзэв. 5.Хэрэгт авагдсан нотлох баримтаас 9979 ЗАА улсын дугаартай Toyota prius-30 маркийн тээврийн хэрэгсэл жолоодон явсан жолооч С О-ын буруутай үйлдлээс болж уг зам тээврийн осол гарсан байна гэж үзэв. 6.Асуултад дурдаагүй боловч хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдал илрээгүй." гэх /хх 121/,

хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 4-9/, осол, хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх 10-11/, цогцсоны гадна биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх 14-17/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх 18-21/, хохирогч У.Цэрэндолгорын эд хөрөнгөд 621 700 төгрөгийн хохирол учруулсан талаарх "Эй жэй жэй эм" ххк-ны үнэлгээний тайлан /хх 62-65/, хохирогч Ц.Сэдэдийн тээврийн хэрэгсэлд 13 211 000 төгрөгийн хохирол учирсан талаарх "Ашид билгүүн" ххк-ны үнэлгээний тайлан /хх 86-87/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзэв.

 

Иймд шүүгдэгч С О-ыг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч С О-ын жолоодож явсан 9979 ЗАА улсын дугаартай Toyota prius 30 маркийн тээврийн хэрэгсэлд Б.Нэргүй, түүний охин Ц.Шинэ-Од, Н.Шинэгэрэл нарын нийт 3 хүн зорчиж явсан бөгөөд ослын улмаас Б.Нэргүйн амь хохирч, Ц.Шинэ-Одын эрүүл мэндэд хүнд хохирол, Н.Шинэгэрэлийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байна. Амь хохирогч болон насанд хүрээгүй хохирогч нарын хууль ёсны төлөөлөгчөөр Ц.Шинэ-Од хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон бөгөөд оршуулгын зардалд 6 сая авсан, цаашид гарах зардал болон хохирол нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол саналгүй гэсэн байна.

 

Хохирогч Ц.Сэдэдийн 3343 ӨВР улсын дугаартай Кia K5 маркийн тээврийн хэрэгсэлд У.Цэрэндолгор, Б.Нацагдорж, Ц.Цэрэндулам, О.Загд, насанд хүрээгүй хохирогч Б.Нандин-Эрдэнэ нарын нийт 5 хүн зорчиж явсан бөгөөд хохирогч Б.Нацагдорж хохирол нэхэмжлэхгүй гэснийг мөн О.Загдын эрүүл мэндэд хохирол учраагүй тул нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдав.

 

Хохирогч У.Цэрэндолгорын хууль ёсны төлөөлөгч С.Даш гэмт хэргийн улмаас шүүгдэгчээс Sony маркийн 42 инчийн зурагтын үнэ 621 700 төгрөг, унааны болон эмчилгээний зардал, өмгөөлөгчийн хөлс, цаашид хагалгаанд орох зардал нийт 11 157 700 төгрөг нэхэмжилсэн бөгөөд хавтаст хэрэгт 10 519 974 төгрөгийн баримт ирүүлжээ.  

 

Хохирогч У.Цэрэндолгорын хохирлын баримт хавтаст хэргийн 60-69, 159-176-р хуудсанд авагдаж, шүүх хуралдаанд 6 хуудас баримт гаргаж өгсөн. Хэрэгт авагдсан хохирлын нотлох баримтаас өмгөөллийн хөлс гэх 2 000 000 төгрөгийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд хамаарахгүй бөгөөд гэрээний үүрэгтэй холбоотой, оо, сойз, чанагч, дотуур өмд г.м хавтаст хэргийн 163, 173 дугаар хуудсанд авагдсан эд зүйл нь хүний өдөр тутмын хэрэглэдэг өргөн хэрэглээний бараа байх бөгөөд гэмт хэргийн улмаас учирсан хохирол гэж үзэх боломжгүй тул, хавтаст хэргийн 162, 163, 175 дугаар хуудсанд авагдсан Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс үйлчилгээ үзүүлсэн баримтаас 1 115 171 төгрөгийг эрүүл мэндийн даатгалаас төлөгдсөн байх тул нийт 3 149 421 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, зурагтын үнэ 621 700 төгрөг, унаа болон эмчилгээний зардал гэх 1 579 129 төгрөг нийт 2 199 829 төгрөгийг хангаж, үүнээс хохирогчид өгсөн гэх 1 000 000 төгрөгийн хасаж нийт 1 199 829 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгохоор шийдвэрлэв. Хохирогчийн баруун талын шууны ясны зөрүүтэй хугарлын улмаас хагалгаанд орох 5 500 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэлэлцэхгүй орхисон бөгөөд эмчилгээ хийлгэсний дараа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.  

 

Хохирогч Ц.Цэрэндуламын хууль ёсны төлөөлөгч Ж.Сэрчмаа гэмт хэргийн улмаас шүүгдэгчээс эмчилгээний болон унааны зардал, зээлийн төлбөр, бусад зардалд нийт 9 653 765 төгрөг нэхэмжилсэн бөгөөд баримтаар ирүүлсэн байна. /хх 179-234/, Хавтаст хэрэгт авагдсан талх, сүү, ариун цэврийн хэрэглэл, муурын хоол, энгэсэг, шампунь, угаалгын шингэн, вино, архи, эмэгтэй хувцас, цэмбэн гутал, шашны ном уншуулсан г.м бараа материалын 942 043 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага нь хүний өдөр тутмын хэрэглэдэг өргөн хэрэглээний бараа байх бөгөөд гэмт хэргийн улмаас учирсан хохирол гэж үзэх боломжгүй тул хэрэгсэхгүй болгож, мөн АТМ-с авсан 500 000 төгрөг, Голомт банкны АТМ-с уншуулсан 220 000 төгрөг, 2 000 000 сая төгрөг, зээлийн 3 000 000 төгрөг нийт 5 720 000 төгрөгийг юунд зарцуулсан нь тодорхойгүй байх тул хэлэлцэхгүй орхиж, нэхэмжлэлийн шаардлагаас 2 991 722 төгрөгийг хангаж шийдвэрлэв. Үүнээс шүүгдэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2 225 000 төгрөг хохирогчид төлсөн байх тул үлдэх 766 722 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгохоор шийдвэрлэв.

 

Хохирогч Ц.Цэрэндулам нь нэхэмжлэлийн шаардлагаас хэлэлцээгүй орхисон 5 720 000 төгрөгийн болон цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй байна.

 

Насанд хүрээгүй хохирогч Б.Нандин-Эрдэний хууль ёсны төлөөлөгч Л.Алимаа хохирогчийн эмчилгээний зардалд 400 000 төгрөг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад  авсан байх бөгөөд шүүх хуралдаанд 386 997 төгрөгийн баримт ирүүлсэн байх тул түүний хохирол төлөгдсөн гэж үзэв.

 

Хохирогч Ц.Сэдэд нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндэл учирсан хохирлоос татгалзсан бөгөөд тээврийн хэрэгсэлд учирсан эвдрэл хохирлын үнэ 13 735 000 төгрөг нэхэмжилсэн байх тул дээрх хохирлыг шүүгдэгчээс гаргуулах нь зүйтэй гэж үзэв.

     

Шүүх гэм буруугийн шүүх хуралдаанаас шүүгдэгчээс Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар нийт 15 701 551 төгрөг гаргуулж хохирогч Ц.Сэдэдэд 13 735 000 төгрөг, хохирогч Ц.Цэрэндуламд 766 722 төгрөг, хохирогч У.Цэрэндолгорт 1 199 829 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн бөгөөд шүүгдэгч болон түүний өмгөөлөгч гэм буруугийн шүүх хуралдаанд хуульд зааснаар гэм хорын хохирол төлөхөөр завсарлага авч эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанд шүүгдэгчээс гаргуулсан дээрх хохирлыг төлж, насанд хүрээгүй хохирогч Б.Нандин-Эрдэний хууль ёсны төлөөлөгч Л.Алимаад 300 500 төгрөг нэмж төлсөн болохыг дурдав.

 

Иймд шүүгдэгч С Оыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна гэж үзлээ.

 

Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

Улсын яллагчаас шүүгдэгч С О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас нэг хүний амь насыг хохироосон үйлдэлд нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 2 жил хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналыг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Ганцэцэг хохирлоо нөхөн төлсөн, анх удаа болгоомжгүй гэмт хэрэгт холбогдсон, хувийн байдлыг харгалзан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү гэх саналыг тус тус гаргаж мэтгэлцэв.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

  Шүүгдэгч С.О нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, мөн  хуулийн  6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1-т "Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт  хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно." гэж заасан байх тул мөн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан шүүгдэгч С Од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 2 жил 6  сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар шүүгдэгчийн тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.   

 

Эрүүгийн 1834005150336 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж,

хэрэгт хураагдан ирсэн шүүгдэгчийн №1280403 дугаартай В ангиллын жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх нь зүйтэй байна.

 

Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3 дугаар зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т  тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Ц С О ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т заасан Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас нэг хүний амь насыг хохироож, хоёр хүний эрүүл мэндэд хүнд, хоёр хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С О-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 2 /хоёр/ жил 6 /зургаа/  сарын хугацаагаар тэнссүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар шүүгдэгч С О-ын тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй.  

 

4.Хэрэгт хураагдан ирсэн шүүгдэгч С О-ын №1280403 дугаартай В ангиллын жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хуулийн төгөлдөр болмогц Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

 

5.Эрүүгийн 1934005150336 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй болохыг дурдсугай.

 

6.Хохирогч У.Цэрэндолгор, Ц.Цэрэндулам нар нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх эрхтэйг дурдсугай.

 

7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

8.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С О-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Т.БАТЖАРГАЛ