Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 2020/ДШМ/08

 

 

 

 

 

 

 

 

 

С.О-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Р.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүгч Ц.Өрнөндэлгэр, Ерөнхий шүүгч Г.Болормаа нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Б.Сувд-Эрдэнэ,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Ганцэцэг,

Нарийн бичгийн дарга Ц.Дуламжав нарыг оролцуулан,

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Батжаргал даргалж шийдвэрлэсэн, 2019 оны 11 сарын 20-ны  өдрийн ШЦТ/341 дугаар шийтгэх тогтоолтой С.О-д холбогдох 1934005150336 дугаартай 2 хавтас, 372 хуудас бүхий эрүүгийн хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн давж заалдах шатны шүүх 2020 оны 01 сарын 03-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Г.Болормаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1995 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Завхан аймгийн Идэр суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, Хөдөө аж ахуйн их сургуулийн мал эмнэлгийн 5 дугаар курсын оюутан, ам бүл 4, эх, эгч, дүү нарын хамт Завхан аймгийн Идэр сумын 3 дугаар багт оршин суух, ял шийтгэлгүй, Цэнгэн овгийн Сүхбаатарын О-, РД: ..............................

Шүүгдэгч С.О- нь 2019 оны 07 сарын 01-ний өдөр Төв аймгийн Аргалант сумын 3 дугаар багийн нутаг “Цанын бааз” гэх газарт 99-79 ЗАА улсын дугаартай Тоёота Приус-30 маркийн тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.2-д заасан “Өөдөөс яваа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд аюул, саад учруулахаар байвал гүйцэж түрүүлэхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчиж  33-43 ӨВР улсын дугаартай Киа К-5 маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөн зам тээврийн осол гаргаж  Б.Нэргүйн амь насыг хохироож, У.Цэрэндолгор, Ц.Цэрэндулам нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, Ц.Шинэ-Од, Б.Нацагдорж нарын эрүүл мэндэд хүнд хохирол, Н.Шинэгэрэл, Б.Нандин-Эрдэнэ, Ц.Сэдэд нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Төв аймгийн Прокурорын газраас шүүгдэгч С.О-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 сарын 20-ны өдрийн ШЦТ/341 дүгээр шийтгэх тогтоолоор:

Шүүгдэгч Цэнгэн овгийн Сүхбаатарын О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т заасан Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас нэг хүний амь насыг хохироож, хоёр хүний эрүүл мэндэд хүнд, хоёр хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.О-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 2 /хоёр/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнсэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар шүүгдэгч С.О-ын тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж,

Хэрэгт хураагдан ирсэн шүүгдэгч С.О-ын №1280403 дугаартай В ангиллын жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хуулийн төгөлдөр болмогц Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй болохыг дурдаж,

Хохирогч У.Цэрэндолгор, Ц.Цэрэндулам нар нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх эрхтэйг дурдаж,

Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдэж,

Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.О-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Прокурор Б.Сувд-Эрдэнэ давж заалдах шатны шүүхэд бичсэн эсэргүүцэлдээ: “...Тус аймгийн Прокурорын газраас С.О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт буруутгаж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Шүүх С.О-д холбогдох хэргийг 2019 оны 11 сарын 20-ны өдөр хянан хэлэлцээд мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон, нотолбол зохих асуудлыг шалгаж тогтоож, хэргийн зүйлчлэл тохирсон гэж дүгнэсэн бөгөөд С.О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дах хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.О-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 2 жил 6 сарын хугацаагаар тэнсэж шийдвэрлэхдээ түүнд оногдуулсан эрх хасах нэмэгдэл ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэдий хугацаанаас эхлэн тооцох талаар шийдвэрлэлгүй орхигдуулсан байна.

Иймд анхан шатны шүүхийн 2019 оны 11 сарын 20-ны өдрийн 341 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн1 дэх хэсгүүдэд зааснаар улсын яллагчийн эсэргүүцэл бичив. Давж заалдах шатны шүүх хуралдаанд прокурор оролцох болно.” гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Б.Сувд-Эрдэнэ гаргасан дүгнэлтдээ: Эрүүгийн хуулийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг шийтгэх тогтоолд зааж, өөрчлөлт оруулах саналтай байна гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Ганцэцэг гаргасан саналдаа: Прокурортой санал нэг байна. Өөрч оруулж өгнө үү гэв.

                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд дурдсан асуудлуудаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Шүүгдэгч С.О-д холбогдох хэргийн бүх ажиллагааг хянахад мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Шүүгдэгч С.О- нь 2019 оны 07 сарын 01-ний өдөр Төв аймгийн Аргалант сум “Цанын бааз” гэх газарт 99-79 ЗАА улсын дугаартай Тоёота Приус-30 маркийн тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 13.2-д заасан “Өөдөөс яваа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд аюул, саад учруулахаар байвал гүйцэж түрүүлэхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчиж 33-43 ӨВР улсын дугаартай Киа К-5 маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөн зам тээврийн осол гаргаж 1 хүний амь насыг хохироож, 2 хүний эрүүл мэндэд хүнд хохирол, 2 хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:          

- хохирогч У.Цэрэндолгорын: “...өөдөөс нэг машин ирж байна гээд урд сууж явсан хүмүүс орилоод нэг мэдсэн мөргөлдсөн, болсон явдлын талаар сайн мэдэхгүй байна. Би эмчилгээ, зурагт, сэтгэл санааны хохирол, нүүр царай төрх гоо сайханд зарцуулсан зардлаа нэхэмжилнэ” гэх мэдүүлэг /хх-27/,

-  хохирогч Б.Нацагдоржийн: "Би жолоочийн хажуу талд явж байсан. Тэгтэл гэнэт эсрэг урсгалаас prius 30 маркийн тээврийн хэрэгсэл урсгал сөрөөд гараад ирэхээр нь манай жолооч замын урд тал руу жолоогоо дарж замаас гарч зогсох гэж байхад урдаас чигээрээ ирээд мөргөсөн. Манай жолооч бараг замаас гараад зогсчихсон байсан. Хурдаа хасаад өөдөөс яваад байхаар нь замын хажуу руу гарсан." гэх мэдүүлэг /хх-31/,

- насанд хүрээгүй хохирогч Н.Шинэгэрэлийн: "...жолооч том машин гүйцэж түрүүлэх үйлдэл хийхэд өөдөөс машин гарч ирээд мөргөлдөөд осол болсон." гэх мэдүүлэг /хх- 39/,

- насанд хүрээгүй хохирогч Б.Нандин-Эрдэнийн: Өвөрхангай аймгаас Улаанбаатар хот руу замын таксинд суугаад явсан. Замдаа машин гэнэт мурилзаад, би юу болсныг мэдээгүй.” гэх мэдүүлэг /хх-48/,

- гэрч О.Загдын: “...манай зорчиж явсан машины өөдөөс урсгал сөрөөд нэг машин гараад ирлээ гээд манай машины хүмүүс хашгиралдсан. Манай жолооч баруун гар тал руугаа жолоогоо залаад замаас гарах үед нөгөө машин манай машины өөдөөс мөргөсөн.” гэх мэдүүлэг /хх- 54/,

- Шүүхийн шинжилгээний албаны №99 дугаартай “Б.Нэргүй гэмтлийн улмаас дотуур цус алдалтын улмаас нас барсан” гэх шинжээчийн дүгнэлт /хх-118-119/,

- Шүүхийн шинжилгээний албаны №616, 567 дугаартай хохирогч Б.Нацагдорж, Ц.Шинэ-Од нарын эрүүл мэндэд хүнд хохирол учирсан талаарх шинжээчийн дүгнэлтүүд /хх- 82, 128/,

- Шүүхийн шинжилгээний албаны №569, 570 дугаартай хохирогч У.Цэрэндолгор, Ц.Цэрэндулам нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан талаарх шинжээчийн дүгнэлтүүд /хх-123, 130/,

- Төв аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шинжээчийн №92 дугаартай дүгнэлт /хх-121/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-4-9/, хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг /хх-10-11/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-18-21/, "Эй жэй жэй эм" ХХК, "Ашид билгүүн" ХХК-ны үнэлгээний тайлан /хх-62-65, 86-87, шүүгдэгч болон хохирогч, гэрч нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй, шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, хэргийн зүйлчлэл зөв, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тухайн зүйл хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор ял шийтгэл оногдуулсан нь хуульд нийцжээ.

Түүнчлэн анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан шаардлагад нийцсэн байна.

Шүүх шүүгдэгчид оногдуулсан эрх хасах нэмэгдэл ялыг хэдий хугацаанаас эхлэн тооцох талаар шийдвэрлэлгүй орхигдуулсан гэсэн үндэслэлээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар бичсэн прокурорын  эсэргүүцлийг хүлээн авах үндэслэлтэй байна.

 Учир нь: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь “тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг гурван жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх” санкцтай ба анхан шатны шүүх шүүгдэгч С.О-ыг тухайн гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, түүний тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 2 жил 6 сарын хугацаагаар тэнсэж шийдвэрлэжээ.

Эрүүгийн хуулийн 5.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн хүний нийтийн албанд ажиллах, мэргэжлийн үйл ажиллагаа явуулах, эсхүл бусад тодорхой эрхийг нэг жилээс найман жил хүртэл хугацаагаар хориглохыг эрх хасах ял гэнэ.” гэж хуульчилсан ба уг ялыг хэдий хугацаанаас тоолохыг хуульд тодорхой зааж зохицуулсан байна.

Гэтэл шүүхийн шийтгэх тогтоолд энэ хугацааг заалгүй орхигдуулсан нь шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байх хуулийн шаардлагад нийцээгүй гэж үзэх үндэслэл болно.

Иймд прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулахаар давж заалдах шатны шүүх шийдвэрлэв.

            Түүнчлэн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дахь заалт агуулгын хувьд ойлгомжгүй байгааг зөвтгөж, өөрчлөх нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 сарын 20-ны өдрийн ШЦТ/341 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт:

1. “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.О-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг шүүгдэгчид үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан үеэс тоолсугай” гэсэн нэмэлт заалт оруулсугай.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дахь заалтын “Хохирогч У.Цэрэндолгор, Ц.Цэрэндулам нар нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх эрхтэйг дурдсугай.” гэснийг “Хохирогч У.Цэрэндолгор, Ц.Цэрэндулам нар нь цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний журмаар  жич  нэхэмжлэх эрхтэйг дурьдсугай.”  гэж өөрчилсүгэй.

3. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалт, хэсгийг хэвээр үлдээсүгэй.

4. Хяналтын прокурор Б.Сувд-Эрдэнийн бичсэн “шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах” агуулга бүхий №45 дугаартай эсэргүүцлийг хүлээн авсныг дурьдсугай.

 5. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.         

 

 

 

 

        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Р.МӨНХ-ЭРДЭНЭ

 

 

                   ШҮҮГЧИД                                         Ц.ӨРНӨНДЭЛГЭР

 

 

                                                       Г.БОЛОРМАА