Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 001/ХТ2018/00391

 

Б.Н-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, П.Золзаяа, Б.Ундрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар     

Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 156/ШШ2016/00317 дугаар шийдвэртэй,  

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 226/МА2017/00025 дугаар магадлалтай,

Б.Н-ын нэхэмжлэлтэй,

Х А З Д-д холбогдох,

Албан тушаал бууруулж, захирлын үүрэгт ажлаас чөлөөлсөн 2015 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн Б/02 захирамжийг хүчингүй болгож, Норовлин сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоолгох тухай иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Буянжаргал, нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч Б.Н-ын шүүхэд гаргасан нэхэмжлэлд: Хэнтий аймгийн Засаг даргын 2009 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 44 тоот захирамжаар тус аймгийн Норовлин сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлаар томилогдсон. Ажиллах хугацаандаа сургуулийн ажлыг хэвийн хэмжээнд авч явж, хичээлийн шинэ байрыг ашиглалтад оруулахад өөрийн хүч, мэдлэг чадвараа дайчлан ажиллаж, хичээлийн байрыг ашиглалтад онц сайн үнэлгээтэйгээр хүлээлгэн өгч байсан. 2014 оны 3 дугаар сарын 17-нд Ц.Б- нь тус сургуульд бага ангийн багшаар ажилд орох хүсэлтэй байгаа тухай өргөдөл өгсөн. Би ажлын байрны сонгон шалгаруулалтад ороод тэнцээд ир тэгвэл татгалзах зүйл алга гэсэн хариу өгсөн. 2014 оны 3 дугаар сарын 21-нд аймгийн Засаг даргаас Ц.Б-г бага ангийн багшаар ажилд аваад хариу мэдэгд гэсэн албан бичиг ирсэн. Тус албан бичгийн хариуг өгөхдөө ажлын байрны сонгон шалгаруулалтандаа ороод тэнцээд ир тэгвэл татгалзах зүйл алга гэсэн хариу өгсөн гэдгээ мэдэгдсэн. Үүнд дургүйцсэн Засаг дарга асан Ж.Оюунбаатар нь Норовлин сумын Ардчилсан намын дарга Х.Болдсайханд намайг ажлаас нь чөлөөл гэж үүрэг өгсөн байдаг. Х.Болдсайхан нь ямар ч баримтгүй 5-6 төрлийн асуудлаар Ч.Энэбишийн охин Д.Ч-гаар мэдээлэл өргөдөл бичүүлж, аймгийн цагдаагийн газрын мөрдөн байцаагч Дашпүрэв шалгаж, намайг авлига авсан гэсэн хэрэгт буруутган шалгаж, зохиомол хэрэг үүсгэсэн. Авлига авч Д.Ч-г ажилд авсан гэж намайг буруутган, албан тушаал бууруулж, ажлаас чөлөөлсөн. Гэтэл Д.Ч- гэгчийг монгол хэлний багшийн ажилд томилсон тушаал нь 2009 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн №02 тоот тушаал бөгөөд тухайн үеийн сургуулийн захирал байсан О.Ганбат тус тушаалыг гаргасан байдаг. Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д уг хуулийн үйлчлэлд хамаарах этгээдүүдийг заасан байгаа бөгөөд тухайн үед хувиараа хөдөлмөр эрхэлж байсан би огт хамааралгүй. Албан тушаалын эрх мэдэл байхгүй байсан учраас тус хуулийн 3.1.3-д заасанчлан албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглах" гэдэг нэр томъёо надад огт хамааралгүй байхад, цаг хугацааны хувьд тус үйл баримт миний захирлаар ажиллаж байсан үетэй таарахгүй байхад ийнхүү хуулийг буруу хэрэглэж, Засаг дарга захирамж гаргасан нь үндэслэлгүй байна.

Иймд албан тушаал бууруулж, ажлаас чөлөөлсөн аймгийн Засаг даргын 2015 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 5/02 тоот захирамжийг хүчингүй болгож, Норовлин сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлын ажилд эргүүлэн тогтоож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Бат-Октябрь, Г.Лхагвахатан нарын шүүхэд гаргасан тайлбарт: Б.Н нь нэхэмжлэлдээ Д.Ч-г ажилд авсан тушаалыг би гаргаагүй, миний бие Д.Ч-г ажилд орсноос хойш 4 сарын дараа тус сургуулийн захирлын албан тушаалд томилогдсон тул авилгын тухай хуулиар хариуцлага хүлээх субъект биш гэж дурдсан боловч дээрх асуудлын талаар Д.Ч- нь 2014 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст Норовлин сумын Ерөнхий боловсролын сургуулийн багш Б.Н нь бусдыг ажилд оруулах нэрийдлээр бусдаас авлига авсан гэх гомдол, мэдээллийг гаргасан байна. Дээрх гомдол мэдээллийг Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөн байцаагч комиссар Б.Ганхуяг шалгаад 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах санал бичгээр гаргаж Хэнтий аймгийн прокурорын газарт ирүүлснийг хяналтын прокурор Д.Нямдэлэг хүлээн авч мөрдөн байцаагчийн санал үндэслэлтэй байх тул эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж шийдвэрлэсэн. Гэвч Б.Н нь Ч.Энэбишээс охин бяруу авлигад авч түүний охин Д.Ч-г тус сумын сургуульд багшаар ажилд оруулсан болох нь тогтоогдсон боловч дээрх үйл явдал нь 2009 онд болсон бөгөөд Эрүүгийн хуулийн 72 дугаар зүйлийн 72.2.1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагад татах хугацаа өнгөрсөн, эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаа явуулж болохгүй үндэслэл тогтоогдсон тул эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж шийдвэрлэсэн.

Д.Ч-г 2009 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн Норовлин сумын ерөнхий боловсролын сургуулийн захирал Ганбатын тушаалаар ажилд түр томилсон. Хавар сургууль амраад, намар нь Чин-Одмааг ажилдаа эргэж орох гээд очиход нь шинэ захирал буюу Наранбаяр чи түр ажиллаж байсан учраас чамайг авах боломжгүй гэж хэлсэн тул Д.Ч-гийн ээж Энэбиш нь Наранбаяртай уулзаад, 1 тооны бод мал өгч, охин Чин-Одмааг ажилд оруулахаар тохиролцсон нь нотлогдсон. Д.Ч- 2010 оны 6 сард жирэмсний амралтаа аваад 2012 онд эргээд ажилдаа орьё гэхэд чиний оронд хүн түр томилсон, тэр хугацааг дуусгаад эргээд ир гэж хэлсэн байдаг.

Иймд аймгийн Засаг даргын 2015 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн Б/02 дугаар захирамж нь үндэслэлтэй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 156/ШШ2016/00317 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 129 дүгээр зүйлийн 129.2-т заасныг баримтлан Х А З Д-д холбогдох, албан тушаал бууруулж, захирлын үүрэгт ажлаас чөлөөлсөн 2015 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн Б/02 захирамжийг хүчингүй болгож, Норовлин сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоолгох тухай Б.Нын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5, зааснаар нэхэмжлэгч Б.Н нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 226/МА2017/00025 дугаар магадлалаар өмгөөлөгч А.Буянжаргалын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Хэнтий аймаг дахь сум дундын шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 05-ний өдрийн 317 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41.1.5-т зааснаар нэхэмжлэгч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч Б.Н хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Ажлаас чөлөөлсөн Засаг даргын захирамжийг албан ёсоор гардуулж өгөөгүй, ажил хүлээлцэх комиссын хүмүүс захирамжийг өгсөн бөгөөд хүлээлгэн өгсөн баримт үйлдээгүй. 2015 оны 01 сарын 23-нд ажлыг маань хүлээн авсан учраас үүнээс хойш нэг сарын дотор буюу шүүхэд гомдлоо 2015 оны 02 сарын 27-ны өдөр гаргасан. Надад тушаалыг албан ёсоор гардуулан өгч, танилцуулсан талаар баримт байхгүй тул Засаг даргын захирамжийг буюу ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан гэж үзэхэд учир дутагдалтай. Иймд миний бие ажил хүлээлгэн өгсөн сүүлчийн өдрийг ажлаас халагдсан өдөр гэж тооцож нэхэмжлэлээ гаргасан тул хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй.

Иргэн бүр хуулийн нарийн зохицуулалтыг мэдэхгүй учраас шүүгчийн захирамжаар буцаахдаа захирамжийг гарснаас хойш 30 хоногийн дотор шүүхэд дахин нэхэмжлэлээ гаргах эрхтэй гэж хугацаа зааж өгсөн бол нэхэмжлэгч миний бие хугацаан дээр төөрөгдөхгүй л байсан. Зохиомол хэрэг үүсгэж, хилс хэрэгт гүтгүүлээд ажлаасаа үндэслэлгүй халагдчихаад гомдолтой байсан тул шүүхэд хандсан. Гэтэл хугацаа хэтрүүлж гомдол гаргасан гэдэг үндэслэлээр хэргээ шийдүүлж чадахгүй байгаадаа гомдолтой байна. Иймд шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж хяналтын журмаар гомдол гаргаж байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүх Б.Нын нэхэмжлэлтэй Х А З Д-д холбогдох албан тушаал бууруулж, захирлын үүрэгт ажлаас чөлөөлсөн 2015 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн Б/02 захирамжийг хүчингүй болгож, Норовлин сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоолгох тухай иргэний хэргийг шийдвэрлэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасныг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Х А З Д- 2015 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн Б/02 захирамжаар тус аймгийн Норовлин сумын ерөнхий боловсролын сургуулийн захирал Б.Ныг үүрэгт ажлаас нь чөлөөлж, багшаар ажиллуулахаар шийдвэрлэснийг нэхэмжлэгч эс зөвшөөрч 2017 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр шүүхэд гомдол гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан “ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авснаас хойш нэг сарын дотор шүүхэд гаргана” гэснийг зөрчсөн байна.

Нэхэмжлэгч Б.Н энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг өмнө нь буюу 2015 оны 02 дугаар сарын 27-ны өдөр шүүхэд гаргасныг Хэнтий аймаг дахь сум дундын 28 дугаар шүүхийн шүүгчийн 2015 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж байжээ.

Иргэний хуулийн 79 дүгээр зүйлд заасан зохицуулалтаас үзвэл  тогтоосон журмаар шүүхэд нэхэмжлэл гаргасан бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдах бөгөөд шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг дуусгавар болгосон бол хөөн хэлэлцэх хугацааны тасалдал зогсож, дахин шинээр тоологдоно.

Нэхэмжлэгч Б.Н нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан шүүгчийн захирамжид заасан зөрчлийг арилгаж, нэг сарын дотор нэхэмжлэлээ дахин гаргаагүй,  хуульд заасан гомдол гаргах хугацааг хэтрүүлжээ. Хуулийг мэдэхгүй буюу буруу ойлгосон нь хуулийг хэрэглэхгүй байх, хуульд заасан хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүйг Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.7-д заасан байна.

Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон хоёр шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцсэн байх тул нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 156/ШШ2016/00317 дугаар шийдвэр, Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 226/МА2017/00025 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгч Б.Нын гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдснийг дурдсугай.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

    ШҮҮГЧ                                                            Г.АЛТАНЧИМЭГ