Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 317

 

 

    2017 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 156/ШШ2016/00317

 

                Хэнтий аймаг

 

                                                                                                                                                                            

                                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                                                                                 156/2017/00231/И

Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Цэрэндулам  даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны ”Б” танхимд хийсэн шүүх хуралдаанаар

            Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн Норовлин суманд оршин суух, Б.Наранбаярын нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: Хэнтий аймгийн Засаг даргад холбогдох

            “албан тушаал бууруулж, захирлын үүрэгт ажлаас чөлөөлсөн 2015 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн Б/02 захирамжийг хүчингүй болгож, Норовлин сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоолгох” тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Буянжаргал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Бат-Октябрь, Г.Лхагвахатан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Болор-Уянга нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ  НЬ:

 

Нэхэмжлэгч Б.Наранбаяр нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Б.Наранбаяр миний бие Засаг даргын 2009 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 44 дүгээр тоот захирамжаар ерөнхий боловсролын сургуулийн захирлаар томилогдсон юм. Ажиллах хугацаандаа сургуулийн ажлыг хэвийн хэмжээнд авч явж, хичээлийн шинэ байрыг ашиглалтанд оруулахад өөрийн хүч, мэдлэг чадвараа дайчлан ажиллаж, хичээлийн байрыг ашиглалтанд онц сайн үнэлгээтэйгээр хүлээлгэн өгч байсан. 2014 оны 3 дугаар сарын 17-нд Ц.Болормаа нь тус сургуульд бага ангийн багшаар ажилд орох хүсэлтэй байгаа тухай өргөдөл өгсөн. Миний бие ажлын байрны сонгон шалгаруулалтанд ороод тэнцээд ир тэгвэл татгалзах зүйл алга гэсэн хариу өгсөн боловч орхисон. Яг тус өргөдлөө тэр өдөр мөн аймгийн засаг дарга Ж.Оюунбаатарт өгсөн. Ингээд 2014 оны 03 дугаар сарын 21-нд аймгийн засаг даргаас Ц.Болормааг бага ангийн багшаар ажилд аваад хариу мэдэгд гэсэн албан бичиг ирсэн. Тус албан бичгийн хариуг өгөхдөө ажлын байрны сонгон шалгаруулалтандаа ороод тэнцээд ир тэгвэл татгалзах зүйл алга гэсэн хариу өгсөн гэдгээ мэдэгдсэн. Үүнд дургүйцсэн аймгийн засаг дарга асан Ж.Оюунбаатар нь Норовлин сумын Ардчилсан намын дарга Х.Болдсайханд намайг ажлаас нь чөлөөл гэж үүрэг өгсөн байдаг. 2014  оны 10 дугаар сарын 25-ны өдөр Х.Болдсайхан нь миний ажлын өрөөнд орж ирээд “Чи яг одоо ажлаа өг, манай намын дарга Ж.Оюунбаатар, иргэдийн хурлын дарга Пүрэвжав хоёр над руу яриад байна" гэсэн. Тэгэхэд нь би “надад хийсэн хэрэг байхгүй, тийм болохоор яагаад ажлаа өгөх ёстой болдог билээ” гэж хэлсэн. Тухайн үед би сумын иргэдийн төлөөлөгчдийн хуралд ажлын тайлангаа тавьж “хангалттай сайн” гэсэн үнэлгээ авсан байсан. Ингээд Х.Болдсайхан нь ямар ч баримтгүй 5-6 төрлийн асуудлаар Ч.Энэбишийн охин Д.Чин-Одмаагаар мэдээлэл өргөдөл бичүүлж, аймгийн цагдаагийн газрын мөрдөн байцаагч Дашпүрэв шалгаж, намайг авилга авсан гэсэн хэрэгт буруутган шалгаж, зохиомол хэрэг үүсгэсэн. Авлига авч Д.Чин-Одмааг ажилд авсан гэж намайг буруутган, албан тушаал бууруулж, ажлаас чөлөөлсөн юм. Гэтэл Д.Чин-Одмаа гэгчийг монгол хэлний багшийн ажилд томилсон тушаал нь 2009 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн №02 тоот тушаал бөгөөд тухайн үеийн сургуулийн захирал байсан О.Ганбат тус тушаалыг гаргасан байдаг. Тухайн үед миний бие хувиараа хөдөлмөр эрхэлж байснаас биш ажилд авах эрх бүхий албан тушаалтан биш байсан гэдэг нь тодорхой байхад шууд авилга авсан гэж буруутгаж, ийнхүү захирамж гаргасан нь үндэслэлгүй байна. Авлигын эсрэг хуулийн 3.1.1-д зааснаар “авлига” гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээд албан тушаалын эрх мэдлээ хувийн ашиг хонжоо олоход урвуулан ашиглах, бусдад давуу байдал олгох, иргэн, хуулийн этгээдээс тэрхүү хууль бус давуу байдлыг олж авах үйлдэл, эс үйлдэхүйгээр илрэх аливаа эрх зүйн зөрчлийг хэлнэ гэжээ. Тус хуулийн 4.1-д уг хуулийн үйлчлэлд хамаарах этгээдүүдийг заасан байгаа бөгөөд тухайн үед хувиараа хөдөлмөр эрхэлж байсан би огт хамааралгүй. Албан тушаалын эрх мэдэл байхгүй байсан учраас тус хуулийн 3.1.3-д заасанчлан “албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглах" гэдэг нэр томъёо надад огт хамааралгүй байхад, цаг хугацааны хувьд тус үйл баримт миний захирлаар ажиллаж байсан үетэй таарахгүй байхад ийнхүү хуулийг буруу хэрэглэж, засаг дарга захирамж гаргасан нь үндэслэлгүй байна. Иймд албан тушаал бууруулж, ажлаас чөлөөлсөн аймгийн засаг даргын 2015 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 5/02 тоот захирамжийг хүчингүй болгож, Норовлин сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлын ажилд эргүүлэн тогтоож өгнө үү гэжээ.  (хх-ийн 1-3 тал)

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Буянжаргал нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Наранбаяр нь Норовлин сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Үндэслэл нь Аймгийн засаг даргын 2015 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн тушаалаар Нарнбаярыг албан тушаал бууруулж, ажлаас чөлөөлөхдөө Авлигын эсрэг хуулийн 7.1, 33.1.2-д заасныг үндэслэж ажлаас чөлөөлсөн. Энэ зүйл заалт нь албан тушаалтан авлига авсан гэх зүйл, заалт байгаа. Хэнээс авлига авсан бэ гэдэг нь эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан прокурорын тогтоол, авлигын эсрэг хэрэг үүсгэхээс татгалзсан тогтоолоос харагдаж байна. Чин-Одмаа багшийг ажилд авахдаа авлига авсан байна гэдэг нь тогтоогдсон. Чин-Одмааг 2009 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн тушаалаар багшаар авсан болох нь тогтоогдож байна. Гэтэл Наранбаяр нь 2009 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн тушаалаар захирлын албан тушаалд томилогдсон. Чин-Одмааг 2009 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Ганбат буюу өмнөх захирал нь ажилд авсан байдаг. Чин-Одмааг ажилд авах үед Наранбаяр нь хувиараа хөдөлмөр эрхэлдэг байсан. Авлига гэдэг нь Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д зааснаар “энэ хуулийн 4.1-д заасан этгээд албан тушаалын эрх мэдлээ хувийн ашиг хонжоо олоход урвуулан ашиглах, бусдад давуу байдал олгох, иргэн, хуулийн этгээдээс тэрхүү хууль бус давуу байдлыг олж авах үйлдэл, эс үйлдэхүйгээр илрэх аливаа эрх зүйн зөрчлийг” хэлнэ гэж заасан. Харин Наранбаяр албан тушаалын эрх мэдлээ хэрхэн урвуулан ашигласан нь тогтоогдоогүй. Чин-Одмаа нь Наранбаярыг захирал болохоос 4-5 сарын өмнө багшаар ажилд орсон. Энэ үед Наранбаяр Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасан субьект биш байсан юм. Авлигын эсрэг хуулийн 7 дугаар 7.1, 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь заалтыг албан тушаал бууруулж, ажлаас чөлөөлөх тушаалын үндэслэл болгосон нь буруу байна. Ийм учраас Наранбаярыг албан тушаал бууруулж, ажлаас чөлөөлсөн тушаалыг хүчингүй болгож, Норовлин сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоож өгнө үү гэж хүсч байна гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Бат-Октябрь, Г.Лхагвахатан нар нь шүүхэд гаргасан тайлбартаа: Норовлин сумын ерөнхий боловсролын сургуулийн багш Б.Наранбаяр нь тус сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд Норовлин сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлын ажилд эгүүлэн томилох асуудлаар нэхэмжлэл гаргахдаа иргэн Д.Чин-Одмааг ажилд авсан тушаалыг би гаргаагүй, миний бие Д.Чин-Одмааг ажилд орсноос хойш 4 сарын дараа тус сургуулийн захирлын албан тушаалд томилогдсон тул авилгын тухай хуулиар хариуцлага хүлээх субъект биш гэж дурдсан боловч дээрх асуудлын талаар Д.Чин-Одмаа нь 2014 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст Норовлин сумын Ерөнхий боловсролын сургуулийн багш Б.Наранбаяр нь бусдыг ажилд оруулах нэрийдлээр бусдаас авлига авсан гэх гомдол, мэдээллийг гаргасан байна. Дээрх гомдол мэдээллийг Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөн байцаагч комиссар Б.Ганхуяг шалгаад 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах санал бичгээр гаргаж Хэнтий аймгийн прокурорын газарт ирүүлснийг хяналтын прокурор Д.Нямдэлэг хүлээн авч мөрдөн байцаагчийн санал үндэслэлтэй байх тул эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж шийдвэрлэсэн байна. Гэвч Б.Наранбаяр нь Ч.Энэбишээс охин бяруу авилгад авч түүний охин Д.Чин-Одмааг тус сумын сургуульд багшаар ажилд оруулсан болох нь тогтоогдсон боловч дээрх үйл явдал нь 2009 онд болсон бөгөөд Эрүүгийн хуулийн 72 дугаар зүйлийн 72.2.1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагад татах хугацаа өнгөрсөн, эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаа явуулж болохгүй үндэслэл тогтоогдсон тул эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж шийдвэрлэжээ. Иймд Аймгийн засаг даргын 2015 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн Б/02 дугаартай захирамж нь Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн 2014 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 06/10584 дугаартай албан бичиг, Хэнтий аймгийн прокурорын газрын 2014 оны 12 дугаарын сарын 26-ны өдрийн прокурорын тогтоол зэргийг үндэслэн Б.Наранбаярыг авлига авсан зөрчил гаргасан тул ажлаас чөлөөлсөн нь үндэслэлтэй гэжээ. (хх-ийн 18 тал)

               Хариуцагч Л.Бат-Октябрь нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Чин-Одмааг 2009 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн Норовлин сумын ерөнхий боловсролын сургуулийн захирал Ганбатын тушаалаар ажилд түр томилсон. Ганбат 6 сард ажлаасаа халагдсан. Хавар сургууль амраад, намар нь Чин-Одмааг ажилдаа эргэж орох гээд очиход нь шинэ захирал буюу Наранбаяр чи түр ажиллаж байсан учраас чамайг авах боломжгүй гэж хэлсэн байдаг. Тэгээд Чин-Одмаагийн ээж Энэбиш нь Наранбаяртай очиж уулзаад, 1 тооны бод мал өгч, охин Чин-Одмааг ажилд оруулахаар тохиролцсон нь нотлогдсон. Энэ нь 2016 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Энэбишийн цагдаад өгсөн тайлбараар нотлогдож байна. Чин-Одмаа 2010 оны 6 сард жирэмсний амралтаа аваад 2012 онд эргээд ажилдаа орьё гэхэд чиний оронд хүн түр томилсон, тэр хугацааг дуусгаад эргээд ир гэж Наранбаяр хэлсэн байдаг. Тийм учраас Чин-Одмаа нь Хэнтий аймгийн цагдаагийн газарт гомдлоо гаргасан байдаг. Авлигатай тэмцэх газар хэргийг шалгаж үзээд Наранбаярыг Авлигын эсрэг хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн байна гэж үзсэн боловч хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул Эрүүгийн байцаан шийтгэх хуульд зааснаар хүлээн авах боломжгүй байна гэсэн хариуг өгсөн. Хэнтий аймгийн Засаг даргын 2015 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн Б/02 тоот тушаал нь холбогдох хууль, тогтоомжийг үндэслэж гарсан гэж үзэж байна. Иймд дээрх тушаалыг үндэслэлтэй гэж үзэж, хэвээр үлдээж өгнө үү гэв. 

 

               Шүүх хуралдаанд хавтаст хэргээс шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад                                                          

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

                Нэхэмжлэгч Б.Наранбаяр нь Хэнтий аймгийн Засаг даргын 2015 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн Б/02 дугаартай албан тушаал бууруулж, захирлын ажлаас чөлөөлөх тухай захирамжийг хүчингүй болгож, ажилдаа эгүүлэн тогтоолгохоор шүүхэд гомдол гаргажээ.

           Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, нэхэмжлэгч нь иргэн Ч.Энэбишээс охин бяруу авлигад авч, түүний охин Д.Чин-Одмааг тус сумын сургуульд багшаар ажилд оруулсанг Авлигатай тэмцэх газрын мөрдөн байцаагч Б.Ганхуяг шалгаж тогтоосон юм. Аймгийн прокурорын газраас уг үйлдлийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон гэж маргажээ.

           Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

           Нэхэмжлэгч Б.Наранбаяр нь шүүх хуралдаанд өөрийн биеэр оролцох боломжгүй тул тус шүүх хуралд өмгөөлөгч А.Буянжаргал оролцоно гэсэн хүсэлтийг шүүхэд ирүүлсэн байна.  (хх-ийн 26 тал)

           Иймд нэхэмжлэгчийн шүүхэд бичгээр гаргасан хүсэлтийг хүлээн авч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар түүнийг оролцуулахгүйгээр хэргийг шийдэв.

            Хэнтий аймгийн Засаг даргын 2015 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн Б/02 дугаартай, албан тушаал бууруулж, Норовлин сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлын үүрэгт ажлаас чөлөөлсөн тушаалыг нэхэмжлэгч нь хүлээн авч 2015 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Хэнтий аймаг дахь сум дундын 28 дугаар шүүхэд гомдол гаргасныг 2015 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 378 дугаартай шүүгчийн захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж дахин хэрхэн шүүхэд нэхэмжлэл гаргах талаар тодорхой заасан байна. (хх-ийн 7-9 тал)

            Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т: Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана гэж заасан байна.

            Ажилтан Б.Наранбаяр нь ажил олгогчийн ажилд буруу шилжүүлсэн тухай шийдвэрийг хүлээн аваад нэг сарын дотор шүүхэд гомдлоо гаргасан боловч нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан захирамжийг 2015 оны 03 дугаар сарын 06-ны өдөр хүлээн аваад дахин шүүхэд хандаагүй байна.

            Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.2-т: Хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн...гомдлын шаардлагын хариуг авсан.. үеэс үүснэ гэж заасан байна.

            Иймд шүүх нэхэмжлэгчийн гомдол гаргах хугацааг 2015 оны 03 дугаар сарын 06-ны өдрөөс 1 сарын хугацаагаар тооцож, 2015 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр дууссан байна гэж үзэв.

            Нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.-т зааснаар гомдол гаргах хугацааг 2 жилээр хэтрүүлэн шүүхэд гомдлоо гаргасан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн доорх бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:

            1. Нэхэмжлэгч Б.Наранбаярын шүүхэд гаргасан гомдол (хх-ийн 1-3 тал)

            2. Хэнтий аймгийн Засаг даргын 2015 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн Б/02 дугаартай захирамжийн хуулбар (хх-ийн 6 тал)

            3. Сум дундын 28 дугаар шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 378 дугаартай нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан шүүгчийн захирамж (хх-ийн 7-9 тал) зэрэг болно.

            Нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.3-т заасан: Энэ зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэх шалтгаанаар хэтрүүлсэн тохиолдолд шүүх уг хугацааг сэргээн тогтоож, хэргийг хянан шийдвэрлэж болно гэжээ.

            Нэхэмжлэгч тал нь хүндэтгэх үзэх шалтгаангүйгээр хугацаа хэтрүүлж гомдол гаргасан тухай нотлох баримтуудыг шүүхэд ирүүлээгүй байна.

            Шүүх Хөдөлмөрийн тухай хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаагаар нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож байгаа тул Хэнтий аймгийн засаг даргын 2015 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн Б/02 дугаартай, иргэн Б.Наранбаярыг албан тушаал бууруулж, захирлын ажлаас чөлөөлсөн тухай захирамжид хууль зүйн үнэлэлт, дүгнэлт өгөх боломжгүй гэж шүүх үзэв.

            Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.15-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн байна.

 

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

            1.  Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 129 дүгээр зүйлийн 129.2-т заасныг баримтлан Хэнтий аймгийн Засаг даргад холбогдох, “албан тушаал бууруулж, захирлын үүрэгт ажлаас чөлөөлсөн 2015 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн Б/02 захирамжийг хүчингүй болгож, Норовлин сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоолгох” тухай Б.Наранбаярын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.15, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Наранбаяр нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай. 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2-т зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд зохигчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь анхан шатны шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймаг дахь эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Л.ЦЭРЭНДУЛАМ