Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 001/ХТ2018/00393

 

Д.С-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, П.Золзаяа, Б.Ундрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар     

Говьсүмбэр аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 134/ШШ2017/00167 дугаар шийдвэртэй,  

Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 216/МА2017/00020 дугаар магадлалтай,

Д.С-гийн нэхэмжлэлтэй,

Г а Ш с ЭМТ-д холбогдох,

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх тухай иргэний хэргийг,

Хариуцагчийн төлөөлөгч П.Ганчимэг, өмгөөлөгч Б.Батчимэг нарын гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ж, хариуцагчийн төлөөлөгч П.Г, нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч Д.С-гийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: Миний бие 2015 оны 12 дугаар сарын 01-нд анх ажлаас үндэслэлгүй халагдаж байсан. Шүүхэд хандаад 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Хяналтын шатны шүүхээр шийдвэрлэгдээд ажилд нь авахгүй байж байгаад 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр тушаал гаргаад 28-нд тушаалаа танилцуулаад 2017 оны 01 дүгээр сарын 01-нээс ажилдаа орсон. Гэтэл  2017 оны 03 дугаар сарын 22-ны өдөр мэдэгдэх хуудас өгөөд, 04 дүгээр сарын 24-ний өдөр ажлаас чөлөөлсөн. Шивээговь сумын Эрүүл мэндийн төвийн бүтэц орон тоо 2006 оноос хойш 6 үйлчлэх ажилтантай байсан, үүнд жолооч 1, сантехникч 1, нярав 1, үйлчлэгч 2, тогооч 1 орон тоотойгоор ажиллаж байсан, одоо ч энэ бүтэц орон тоогоор ажиллаж байгаа. Ажил олгогч нь ажлаас халсан тушаалын эх хувийг өгөөгүй. Тушаалынхаа эх хувийг авч шүүхэд хандах гэсээр байгаад 5 дугаар сарын 23-ны өдөр тушаалынхаа эх хувийг аваад шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Иймд Шивээговь сумын Эрүүл мэндийн төвийн сантехникчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны нөхөн олговрыг гаргуулан, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч П.Г-ийн шүүхэд гаргасан тайлбарт: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Манай байгууллагын бүтэц орон тоо сүүлийн 3 жилд 22 орон тоотой явсан ч 2015, 2016 онд 16 ажилтан ажиллаж байсан. 2017 онд бүтэц орон тоогоороо 22 хүн ажиллаж байгаа учраас цалингийн сан хүрэхгүй байгаа. Туслах ажилтны 6 гэсэн бүтэц орон тоон дээр нарийн бичиг, тогооч, жолооч, үйлчлэгч 2, нярав гэсэн албан тушаалууд багтдаг. Яагаад гэрээт 2 үйлчлэгч ажилд авсан бэ гэхээр Д.С-г эргэж ажиллуул гэсэн шүүхийн магадлал гараагүй байх үед 2016 оны 11 дүгээр сард үйлчлэгч нэмж авсан. Авахдаа манай цалингийн сан хүрэхгүй гэдгээрээ байгууллагыг хэмнэлтийн горимд шилжүүлэх тогтоолуудыг үндэслээд гэрээт ажилчнаар 2 үйлчлэгч авч ажиллуулсан. Тэр 2 үйлчлэгч 6 орон тоонд ордоггүй. Бичиг хэрэг гэдэг орон тоо байдаггүй тул бичиг хэргийг нийгмийн эрүүл мэндийн ажилтан хавсарч хийдэг. Цалин хүрэхгүй учир хавсарч хийлгэж, хавсарч хийлгэсэн хувь олгосоор ирсэн. Хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй гэдэг дээр хүлээн зөвшөөрнө, хөдөлмөрийн гэрээг манай боловсон хүчний асуудал хариуцсан ажилтан н.Цэндсүрэн байгуулах байсан боловч завсар нь үлдсэн байж гэдгийг сүүлд мэдсэн. 

Эрүүл мэндийн яамны санхүүжилтээр 2016 оны 11 дүгээр сард манайд 1 тэрбум төгрөгийн  хөрөнгө оруулалттай 2 давхар шинэ барилга ашиглалтад орсон. Үүнтэй холбоотойгоор манай цэвэрлэгээний талбай болон ашиглах талбай ихэссэн. Энэ хугацаанд манай барилгыг барьсан компани барилгын засвар болон сангийн асуудлыг 5 жил хариуцах гэрээтэй. Тиймээс сантехникийн ажилтан шаардлагатай биш болсон. Бүтэц зохион байгуулалтын хувьд сантехникчийн орон тоонд ажиллуулах ямар ч боломжгүй, орон тоо байхгүй учраас цаашид ажлын байраар хангах боломжгүй болохыг түүнд хуулийн хугацаанд мэдэгдэж Эрүүл мэнд, спортын сайд, Сангийн сайдын хамтарсан 2015 оны 12 сарын 21-ны 498/345 дугаар тушаал, Сум, тосгоны эрүүл мэндийн төв, сум дундын эмнэлгийн бүтэц үйл ажиллагааны MNS5081:2013 стандартын А хавсралт, Засгийн газрын 2015 оны 147 дугаар тогтоолын 3.3, 5.1 Улсын их хурлын 2016 оны 47 дугаар тогтоолын 2.а дахь хэсгийг баримтлан 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр ажлаас чөлөөлсөн.

Д.С- нь ажлаас чөлөөлөх тухай 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн Б/17 тоот тушаалын хуулбарыг мөн өдрөө гардаж авсан. Гэхдээ Д.С-гийн хувьд 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдөр ажлаас үндэслэлгүй халагдсан гэж зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр шүүхэд хандсан. Шүүхэд нэхэмжлэл гаргахдаа хугацаа хэтрүүлсэн бол түүнийгээ нотлох үүрэгтэй, нотолсон баримт хэрэгт авагдаагүй. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т зааснаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Говьсүмбэр аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 134/ШШ2017/00167 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 129 дүгээр зүйлийн 129.2-т зааснаар Д.С-гийн нэхэмжлэлтэй Г а Ш с ЭМТ-д холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, энэхүү нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг, мөн гомдол гаргах эрхтэйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 216/МА2017/00020 дугаар магадлалаар Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 134/ШШ2017/00167 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан Харчин овогт Дулмаагийн Сайнхүү /РД: ZK 69073117/-г Г а Ш с ЭМТ-ийн сантехникчийн ажилд эгүүлэн тогтоож, шийдвэрийн тогтоох хэсэгт 2 дахь заалт нэмж Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан Шивээговь сумын Эрүүл мэндийн төвөөс ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх 99 өдрийн олговорт 1.906.740 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.С-д олгож, шийдвэрийн тогтоох хэсэгт 3 дахь заалт нэмж Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т заасныг баримтлан Д.С-гийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагч Шивээговь сумын Эрүүл мэндийн төвд даалгаж, шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтыг 4 дэх заалт болгон Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар ажилгүй байсан хугацааны олговорт ногдох улсын тэмдэгтийн хураамж 45.458 төгрөгийг хариуцагч Шивээговь сумын Эрүүл мэндийн төвөөс гаргуулж улсын орлогод оруулж, 3 дахь заалтыг 5 гэж, 5 дахь заалтыг 6 гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нь давж заалдах гомдол гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийн төлөөлөгч П.Г, өмгөөлөгч Б.Батчимэг нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгч Д.С- нь ажил олгогчийн шийдвэрийг 2017 оны 4 сарын 24-ны өдөр хүлээн авч 2017 оны 6 сарын 19-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байгаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн байхад давж заалдах шатны шүүх нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас үнэлж шийдвэрлэсэнгүй. Ажил олгогчийн зүгээс Д.С-г ажлаас чөлөөлөх талаар 2017 оны 3 сарын 22-нд мэдэгдэх хуудсаар мэдэгдэж танилцуулж гарын үсэг зуруулсан байдаг. 2017 оны 04 сарын 24-ны өдөр Б/17 тоот ажлаас халсан тушаалыг Д.С-, түүний эхнэр Жигжсүрэн нарт танилцуулж гарын үсэг зурж хуулбар хувийг гардаж авсан. Үүнээс хойш Д.С- нь ажлаас халсан тушаалыг эх хувиар авах талаар амаар болон бичгээр, биечлэн ажил олгогч, холбогдох албан тушаалтанд огт хандаж байгаагүй атал 2017 оны 5 сарын 23-ны хандаж эх хувиар гаргуулан авснаар шүүхэд хандан нэхэмжлэл гаргасан. Гэтэл дээрх хугацаанд ажлаас халсан тушаалыг эх хувиар ажил олгогчоос шаардан гаргуулах эрх байсаар байж огт хандаагүй хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хугацаа хэтрүүлснийг, эх хувиар нь тушаалаа гардан авсан гэх 2017 оны 5 сарын 23-наас тооцож Хөдөлмөрийн тухайн хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан хугацааг зөрчөөгүй гэж үзсэн нь үндэслэлгүй. Харин ч ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3-т зааснаар ажилтанд хөдөлмөрийн гэрээ цуцалсан тухай шийдвэрийг халагдсан өдөрт нь өгөх үүргээ хэрэгжүүлсэн. Эрүүл мэндийн төвд 2015 оноос эхлэн сантехникчийн орон тоо байхгүй болсон ба Д.С-г ажиллуулах боломж байхгүй цалин болон орон тооны хэтрэлттэй байсан. Д.С-гийн эрүүл мэндийн төвд 4 сар ажиллахдаа хийсэн ажлын тайланг харахад эрүүл мэндийн төвд шаардлагатай орон тоо биш, үндсэн үүрэгт ажлаас хийсэн ажил байхгүй байна.

Иймд Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 134/ШШ2017/00167 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, Говьсүмбэр аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 216/МА2017/00020 магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Хариуцагчийн төлөөлөгч П.Г, өмгөөлөгч Б.Батчимэг нарын магадлалыг эс зөвшөөрч “...давж заалдах шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн...” гэх  гомдлыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Д.С-, хариуцагч Г а Ш с ЭМТ-д холбогдуулж ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл төлүүлж дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах нэхэмжлэл гаргасныг, хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосныг, давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийг хангасан байна.

Давж заалдах шатны шүүхийн Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2, 43 дугаар зүйлийн 43.3, 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг буруу тайлбарлан хэрэглэжээ.

Нэхэмжлэгч Д.С- өмнө нь ажлаас үндэслэлгүй халагдсны улмаас шүүхийн шийдвэрээр эргэж 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр ажилдаа орсон боловч Г а Ш с ЭМТ-ийн даргын 2017 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн Б/17 тоот тушаалаар сантехникийн ажлаас дахин халагджээ.

Нэхэмжлэгч ажлаас үндэслэлгүй халагдсан тухай гомдлоо шүүхэд 2017 оны 6 дугаар сарын 19-ний өдөр гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан “ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авснаас хойш нэг сарын дотор шүүхэд гаргана” гэснийг зөрчсөн эсэх нь маргааны зүйлийн нэг болсон байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлд ажил олгогч ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа ажил хүлээлгэн өгөх хугацааг тогтоож, уг хугацааг ажлаас халах тухай шийдвэртээ заана, ажилтны ажил хүлээлгэн өгсөн сүүлчийн өдрийг ажлаас халагдсан өдөр гэж үзнэ, ажил олгогч гаргасан шийдвэрээ ажлаас халагдсан өдөрт нь ажилтанд өгөх үүрэгтэй гэж заажээ.

Хуулиар ажил олгогчид ийнхүү үүрэг хүлээлгэж байгаа нь ажилтан ажлаас халагдснаа мэдэж, зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах эрхийг хэрэгжүүлэх боломжийг олгож байгаа агуулгатай.

Үүний зэрэгцээ Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-т “хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно.”, 76.2-т “хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан, түүнчлэн гомдлын шаардлага гаргах буюу баталгаат хугацаа тогтоосон бол гомдлын шаардлагын хариуг авсан буюу эдгээр хугацаа дууссан үеэс үүснэ” гэжээ.

Дээр дурдсан хуулийн зохицуулалтуудын агуулгаас үзэхэд Хөдөлмөрийн тухай хуульд ажлаас буруу халагдсан тухай гомдлыг ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авснаас хойш гэж тодорхойлсон боловч тушаалыг гардан авснаас эсхүл аваагүй гэх үйл баримтаар хугацааг дүгнэх боломжгүй.

Ажилтан ажлаас халагдснаа буюу эрх нь зөрчигдснийг мэдсэн, мэдэх боломжтой байсан, түүнчлэн ажил олгогч ажилтанг ажлаас халснаа бүрэн дүүрэн мэдэгдсэн үйлдлийг ямар хэлбэрээр гүйцэтгэсэн нь хэрхэн тогтоогдож байгаа нь маргааны талаар гомдол гаргах хугацааг эхлэн тоолох үндэслэл болно.

Ажил олгогч Г а Ш с ЭМТ- нь ажилтан Д.С-г 2017 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр ажлаас халж, мөн өдрөө тушаалыг  нэхэмжлэгч болон түүний эхнэр Т.Жигжсүрэнд танилцуулж, энэ талаар бүртгэлийн дэвтэрт гарын үсэг зуруулж, тушаалын хуулбарыг гардуулан өгсөн үйл баримтын талаар зохигч маргаагүй байна.

Анхан шатны шүүх, нэхэмжлэгч Д.С- тушаалыг 2017 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр гардан авсан атлаа хуульд заасан хугацааг хэтрүүлж, 2017 оны 6 дугаар сарын 19-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан, хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн гэх үндэслэл тогтоогдоогүй гэсэн дүгнэлтийг хийж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгожээ.

Давж заалдах шатны шүүх дээрх дүгнэлтийг үгүйсгэж, “ажил олгогч ажлаас халсан тухай шийдвэрийг ажилтанд эх хувиар гардуулан өгсөн тохиолдолд ажил олгогч үүргээ биелүүлсэн гэж үзэж ажилтны шүүхэд гомдол гаргах хугацаа тоологдоно” гэсэн агуулгаар Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасныг тайлбарлаж,  нэхэмжлэгч Д.С-г шүүхэд гомдол гаргах хугацааг хэтрүүлээгүй гэж үзсэн нь буруу байна.

Нэхэмжлэгч Д.Сайнбаяр ажлаас халагдснаа мэдэж, тушаалын хуулбарыг авснаар  өөрийн эрхийг зөрчигдснийг мэдэж шүүхэд гомдол гаргах боломжтой ба тушаалыг эх хувиар өгөөгүйгээс гомдол гаргах эрхээ хэрэгжүүлэх бололцоогүй гэж үзэх нь Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3, 129 дүгээр зүйлийн 129.2-т заасантай нийцэхгүй, энэ талаархи давж заалдах шатны шүүхийн дүгнэлт өрөөсгөл болжээ.

Давж заалдах шатны шүүх хэргийн нөхцөл байдлыг харьцуулан дүгнээгүй, хуулийн агуулгыг буруу тайлбарлан хэрэглэсэн тул магадлалыг хүчингүй болгохоор шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Д.С- шүүхэд гомдлоо гаргах хугацааг хэтрүүлсэн, уг хугацааг хэтрүүлсэн нь хүндэтгэн үзэх шалтгаантай гэх нөхцөл байдал хэргийн баримтаар  тогтоогдоогүй тул шийдвэрийг хэвээр үлдээхээр шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 216/МА2017/00020 дугаар магадлалыг хүчингүй болгож, Говьсүмбэр аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 134/ШШ2017/00167 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг хангасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдснийг дурдсугай.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

        ШҮҮГЧ                                                           Г.АЛТАНЧИМЭГ