Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 09 сарын 18 өдөр

Дугаар 134/ШШ2017/00167

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Наранчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: 1969 онд төрсөн, эрэгтэй, 48 настай, Г-ийн Ш сумын 1 дүгээр баг, 6 дугаар байрны 4-51 тоотод оршин суух, Харчин овогт Д-гийн С /РД:ЗК69073117, утас:95949485/-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Г-гийн Ш сумын Э-ийн төв /Хуулийн этгээдийн РД:9018433, утас:70546103/-д холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийг 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ж , түүний өмгөөлөгч Э.Сайханаа, хариуцагчийн төлөөлөгч П.Ганчимэг, түүний өмгөөлөгч Б.Батчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Оюунсүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.С шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч миний бие нь 2006 оноос Э-д сантехникчээр ажиллаж байгаад 2015 оны 11 дүгээр сард сантехникчийн орон тоо байхгүй гэсэн үндэслэлээр ажлаас халагдаж шүүхэд нэхэмжлэл гаргаж Ш-ын Э-ийн сантехникчээр эгүүлэн тогтоолгоод 2016 оны 12 дугаар сарын 27-нд Э-д сантехникчээр ажилдаа эргэн орсон хэдий ч мөн л миний биеийг Ш-ын Э-ийн даргын 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн Б/17 тоот тушаалаар сантехникчийн орон тоо байхгүй гэсэн үндэслэлээр ажлаас чөлөөлснийг хүлээн зөвшөөрөхгүй. Ш-ын Э-ийн бүтэц орон тоо 2006 оноос хойш 6 үйлчлэх ажилтантай байсан. Үүнд: жолооч 1, сантехникч 1, нярав 1, үйлчлэгч 2, тогооч 1, нийт 6 үйлчлэх ажилтан ажиллаж байсан одоо ч энэ бүтэц орон тоогоор ажиллаж байгаа болно. Иймд нэхэмжлэгч миний биеийг Ш Э-ийн т-ийн сантехникч ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны нөхөн олговрыг гаргуулан, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Э-ийн даргын тушаалыг 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдөр гардан авсан болно гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.С нь 2015 оны 12 дугаар сарын 01-нд анх ажлаас үндэслэлгүй халагдаж байсан. Шүүхэд хандаад 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Хяналтын шатны шүүхээр шийдвэрлэгдээд ажилд нь авахгүй байж байгаад 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр тушаал гаргаад 28-нд тушаалаа танилцуулаад 2017 оны 01 дүгээр сарын 01-нээс ажилдаа орж, 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдөр мэдэгдэх хуудас өгөөд, 04 дүгээр сарын 24-ний өдөр ажлаас чөлөөлсөн. Ажилд оруулахад хөдөлмөрийн гэрээ хийгээгүй. Хөдөлмөрийн гэрээг 2 хувь үйлдэж хийгээд ажилчиндаа 1 хувийг нь өгөх ёстой байсан ч өгөөгүй. Үүнийг нь би хөдөлмөрийн гэрээ хийгээгүй гэж үзэж байгаа. Нэг хувийг нь өгөөгүй болохоор гэрээ хийгээгүй гэж үзэж байгаа. Мөн ажлаас халахдаа ажлаас халсан тушаалын эх хувийг өгөөгүй. Канондсан хувь өгсөн. Тушаалынхаа эх хувийг авч шүүхэд хандах гэсээр байгаад 05 дугаар сарын 23-ны өдөр тушаалынхаа эх хувийг авъя гэж байж аваад шүүхэд нэхэмжлэл гаргасан. Сантехникч слесарийн орон тоо нь туслах ажилчны орон тоонд багтаж явдаг. Бусдаар сантехникч слесерь гэсэн тусдаа орон тоо байдаггүй. 2006 оноос хойш туслах ажилчныхаа орон тоонд багтаж явж байсан. Туслах ажилтны орон тоо 6 орон тоогоор батлагдаж орж ирсэн. Үүнд үйлчлэгч, жолооч, нярав, тогооч, сантехникч, нягтлан байж байгаад захиргааны мэдэлд очсон. Одоогийн байдлаар 4 орон тоотой болоод байгаа. Энэ 4 орон тоонд үйлчлэгч, нярав, тогооч, жолооч багтаж байгаа. Гэрээтээр 2 үйлчлэгч авч ажиллуулж байгаа. Сантехникийн слесарын орон тоо байхгүй гэсэн мөртлөө 2 гэрээт үйлчлэгч авсан. Тэр 2 гэрээт үйлчлэгчтэйгээ 6 орон тоо болоод байгаа. Д.С-г Дээд шүүхийн шийдвэрээр орж ирсэн 7 дахь хүн гэж дарга хэлээд байгаа. Миний бодлоор 4 орон тоо болоод байгаа. 2 гэрээт үйлчлэгч нь орон тоондоо ороод байгааг нь би сайн ойлгохгүй байна. Төсөв мөнгө байхгүй, орон тоо болохгүй гээд байгаа мөртлөө яагаад гэрээт ажилчид авч ажиллуулаад байгааг ойлгохгүй байна. Иймд ажилдаа эргүүлэн томилуулах ба ажилгүй байсан хугацааны нөхөн олговор нэхэмжилсэн. Эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхээр шүүхэд хандсан. Тушаал өгсөн хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн гэсэн тайлбарыг хариуцагч тал тавьж байна. Хуулбар хувь өгснөө өөрсдөө хүлээн зөвшөөрсөн. Мөн сүүлд 2017 оны 05 дугаар сарын 23-нд эх хувиа өгснөө хүлээн зөвшөөрдөг. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3-т хөдөлмөрийн гэрээ цуцалсан шийдвэрийг өгөх үүрэг нь ажил олгогч талд байдаг. Ажилтан тушаалаа авахаар шаардах үүрэггүй. Өгөх үүрэг нь байдаг тул түүнийг эх хувиар нь хуулийн дагуу хүчинтэй шийдвэрийг өгсөн бол энэ маргаан өөр цаг хугацаанд нэхэмжлэл гаргагдаад явах байсан. Тушаалаа 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдөр гардаж авснаас хойш 1 сарын дотор буюу 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдөр нэхэмжлэл гаргаснаараа хөөн хэлэлцэх хугацаа алдаагүй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэж хүсч байна гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ганчимэг шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь манай байгууллагын бүтэц орон тоо сүүлийн 3 жилд 22 орон тоотой явсан ч 2015, 2016 онд 16 ажилтан ажиллаж байсан учир цалин сан хүрч байсан. 2017 онд бүтэц орон тоогоороо 22 хүн ажиллаж байгаа учраас цалин сан хүрэхгүй байгаа. Туслах ажилтны 6 гэсэн бүтэц орон тоон дээр нарийн бичиг, тогооч, жолооч, үйлчлэгч 2, нярав гэсэн албан тушаалууд багтдаг. Яагаад гэрээт 2 үйлчлэгч ажилд авсан бэ гэхээр Д.С ахыг манайд эргэж ажиллуул гэсэн шүүхийн магадлал гараагүй байх үед 2016 оны 11 дүгээр сард үйлчлэгч нэмж авсан байсан. Авахдаа манай цалин сан хүрэхгүй гэдгээрээ байгууллагыг хэмнэлтийн горимд шилжүүлэх тогтоолуудыг үндэслээд гэрээт ажилчнаар 2 үйлчлэгч авч ажиллуулсан. Тэр 2 үйлчлэгч 6 орон тоонд ордоггүй. Бичиг хэрэг гэдэг орон тоо байдаггүй тул бичиг хэргийг нийгмийн эрүүл мэндийн ажилтан хавсарч хийдэг. Цалин хүрэхгүй учир хавсарч хийлгэж, хавсарч хийлгэсэн хувь олгосоор ирсэн. 2016, 2017 онд энэ байдал үргэлжилсэн. Хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй гэдэг дээр хүлээн зөвшөөрнө, хөдөлмөрийн гэрээг манай боловсон хүчний асуудал хариуцсан ажилтан Цэндсүрэн байгуулах байсан боловч завсар нь үлдсэн байж гэдгийг би сүүлд харсан. Бид боломжтой байвал гэрээт ажилтнаар авъя гэсэн саналыг манай талаас анхнаасаа гаргаад байсан боловч өөрсдөө хүлээн зөвшөөрөхгүй явсаар өдийг хүрсэн. Манай цалин сан хаанаа ч хүрэхгүй байна. Манай байгууллага 2013 оноос Япон улстай хамтарсан Өвсний үндэс гээд төсөл хэрэгжүүлээд тухайн үедээ манай байгууллагын сантехникийг бүтнээр нь сольсон. Үүний дараа 2013 онд сум тосгоны эрүүл мэндийн төвийн баримтлах бүтэц орон тооны удирдамжийн дагуу бүтэц орон тоогоо шинэчилсэн. Үүнээс хойш манайд сантехникчийн ажил чухал биш гэж удирдах дээд байгууллагаас удаа дараа мэдэгдсэн байдаг. Ажилчдын хурал дээр ирж танилцуулсан байдаг. Ингээд бүтэц орон тоондоо сантехникийн ажилтан шаардлагагүй гэж баталж, 2015 оноос хойш явсан. 2016 оны 11 дүгээр сард Эрүүл мэндийн яамны санхүүжилтээр манайд 1 тэрбум төгрөгний хөрөнгө оруулалттай 2 давхар шинэ барилга ашиглалтанд орсон. Үүнтэй холбоотойгоор манай цэвэрлэгээний талбай болон ашиглах талбай ихэссэн. Энэ хугацаанд манай барилгыг барьсан компани барилгын засвар болон сангийн асуудлыг 5 жил хариуцах гэрээтэй. Тиймээс манай байгууллагад сантехникийн ажилтан шаардлагатай биш болсон. Би Д.С ахын ажлын тайланг нотлох баримт шинжлэн судлуулахад яагаад хэлэлцүүлсэн бэ гэхээр манайд 4 сар ажиллахдаа яг өөрийнхөө үндсэн орон тоон дээр хийсэн ажил гэвэл 1-2 ширхэг л байдаг. Тиймээс шаардлагатай ажилтнаар үйлчлэгчээ авах шаардлагатай байсан. Гэхдээ Д.С ахыг ажилд эргүүлж авахгүйн тулд үйлчлэгч авсан юм биш, 2016 оны 11 дүгээр сард үйлчлэгчээ авсан байсан. Шүүхийн шийдвэрээр Д.С-г ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулахаар шийдвэрлэсэн учраас шүүхийн шийдвэрийг биелүүлж сантехникчийн ажилд эгүүлэн томилсон. Хэдийгээр ажил олгогч байгууллага шүүхийн шийдвэрийг биелүүлж буцаан томилсон ч бүтэц зохион байгуулалтын хувьд сантехникчийн орон тоонд ажиллуулах ямар ч боломжгүй, орон тоо байхгүй учраас цаашид ажлын байраар хангах боломжгүй болохыг түүнд хуулийн хугацаанд мэдэгдэж Эрүүл мэнд, спортын сайд, Сангийн сайдын хамтарсан 2015 оны 1- сарын 21-ны 498/345 дугаар тушаал, Сум тосгоны эрүүл мэндийн төв, сум дундын эмнэлгийн бүтэц үйл ажиллагааны MNS5081:2013 стандартын А хавсралт, Засгийн газрын 2015 оны 147 дугаар тогтоолын 3.3, 5.1 Улсын их хурлын 2016 оны 47 дугаар тогтоолын 2.а дахь хэсгийг баримтлан 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр ажлаас чөлөөлсөн. Д.С нь ажлаас чөлөөлөх тухай 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн Б/17 тоот тушаалыг мөн өдрөө гардаж авсан. Гэхдээ Д.С-гийн хувьд 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдөр ажлаас үндэслэлгүй халагдсан гэж зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр шүүхэд хандсан байдаг. Хэдийгээр зөрчигдсөн эрх нь хөндөгдөж байгаа боловч нэхэмжлэгчийн зүгээс хуульд заасан хугацаа хэтрүүлсэн гэдэг нөхцөл байдал хэргээс харагддаг. Яагаад гэхээр Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлыг ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш 1 сарын дотор шүүхэд гаргана гэж заасан байдаг. Хуулийн хүрээнд авч үзэхэд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хугацаа хэтрүүлсэн байна гэж үзэх үндэслэлтэй байна. 2017 оны 04 дүгээр сарын 24-нөөс 2017 оны 05 дугаар сарын 25 гэх 1 сарын дотор гэсэн хугацаанаас хойш 25 хоногийн хугацаа хэтрүүлж шүүхэд нэхэмжлэл гаргасан байдаг. Шүүхэд нэхэмжлэл гаргахдаа хугацаа хэтрүүлсэн бол түүнийгээ нотлох үүрэгтэй, нотолсон баримт хэрэгт авагдаагүй. Тиймээс хугацаа хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлтэй. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т зааснаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.С нь Говьсүмбэр аймгийн Ш Э-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхээр шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

 

Хариуцагч Г-ийн Ш-ийн Т нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т заасан ...орон тоо хасагдсан үндэслэлээр ажлаас халсан нь үндэслэлтэй, мөн нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн тайлбарыг шүүхэд гаргажээ.

 

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Үндэслэл нь:

 

            Нэхэмжлэгч Д.С нь 2006 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэл ГСА-ийн Ш- ын Э-д сантехникчээр ажиллаж байгаад ажлаасаа халагдсан хэдий ч түүний гомдлын дагуу шүүхээс ажилд нь эгүүлэн тогтоосноор тэрээр 2017 оны 12 дугаар сарын 27-ний өдрөөс эхлэн Г-ийн Ш Э-ийн сантехникчийн ажил үүргийг үргэлжлүүлэн гүйцэтгэсэн болох нь Г-ийн Ш Э-ийн даргын 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн Б/22 тоот тушаал, 2017 оны цалингийн карт, Д.С-гийн А-062237 тоот нийгмийн даатгалын дэвтэр, 2017 оны 01 дүгээр улирлын ажлын тайлан, Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 134/ШШ2016/00060 тоот шийдвэр, Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 216/МА2016/00001 тоот магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 001/ХТ2016/01015 тоот тогтоол, талуудын маргаангүй тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Гэхдээ Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын Эрүүл мэндийн төвийн даргын 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн Б/17 дугаартай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.5 дахь хэсэг, Эрүүл мэнд, Спортын сайд, Сангийн сайдын хамтарсан 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 498/345 дугаар тушаал, Сум, тосгоны Эрүүл мэндийн төв, сум дундын эмнэлгийн бүтэц үйл ажиллагааны МNS5081:2013 стандартын А хавсралт, Засгийн газрын 2015 оны 147 дугаарын тогтоолын 3.3, 5.1, Улсын их хурлын 2016 оны 47 дугар тогтоолын 2.а дахь хэсгүүд, Аймгийн засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн Санхүү төсвийн зохистой удирдлагыг хэрэгжүүлэх тухай 01 албан даалгаврыг тус тус үндэслэн Эрүүл мэндийн төвийн сантехникч, Д овогтой С-тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдрөөс эхлэн цуцалж, түүнийг ажлаас халжээ.

 

Нэхэмжлэгч талаас шүүхийн шийдвэрийн дагуу ажилд эгүүлэн томилсон боловч шинээр хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй гэж тайлбарлаж байгаа хэдий ч түүнийг өмнө нь эрхэлж байсан ажил албан тушаалд томилсон тул шинээр хөдөлмөрийн гэрээ байгуулах шаардлагагүй юм. Өөрөөр хэлбэл өмнө нь байгуулсан хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажил үүргээ үргэлжлүүлэн гүйцэтгэж байсан гэж үзэхээр байна.

 

Ийнхүү нэхэмжлэгч Д.С нь шүүхийн шийдвэрийн дагуу ажилдаа эгүүлэн томилогдож ажил үүргээ гүйцэтгэж байсан хэдий ч ажил олгогч Г-ийн Ш Э-ийн даргын 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн Б/17 дугаартай Д овогтой С-г ажлаас чөлөөлөх тухай тушаалаар дээрх үндэслэлээр ажлаас халж, хөдөлмөрийн гэрээг цуцалснаар Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрх үүссэн байна.

 

Гэтэл нэхэмжлэгч Д.С нь ажил олгогчийн ажлаас халсан шийдвэрийг 2017 оны 04 дүгээр сарын 24-ны өдөр хүлээн авсан атлаа 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан ажилтан ажлаас буруу халсан тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана гэсэн маргааны талаар гомдол гаргах хуулийн хугацааг хэтрүүлсэн байна.

 

Нэхэмжлэгчийн зүгээс ажил олгогч ажлаас халсан шийдвэрээ эхээр нь өгөөгүй, хуулбарлаж өгсөн, эх хувиар нь өгснөөс нь хойш тооцож шүүхэд нэхэмжлэл гаргасан тул хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй хэмээн тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй юм.

 

Учир нь хэрэгт авагдсан Г-ийн Ш Э-ийн тушаал, тогтоол захирамж танилцуулсан бүртгэлээр Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3-т зааснаар ажил олгогч нь ажилтанд хөдөлмөрийн гэрээ цуцалсан тухай шийдвэрийг халагдсан өдөрт нь өгөх үүргээ хэрэгжүүлсэн гэж үзэхээр байна.

Өөрөөр хэлбэл хуулийн энэ агуулгаас үзэхэд ажил олгогч ажлаас халсан шийдвэрийг ямар хэлбэрээр ажилтанд хүлээлгэн өгөхийг нарийвчлан заагаагүй, харин ажлаас халсан болохыг мэдэгдэж, халсан шийдвэрийг өгөх үүргийг хүлээлгэсэн, уг үүргийг ажил олгогч биелүүлсэн байна.

 

Нөгөө талаар нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн үндэслэлээр хугацаа сэргээлгэх хүсэлт гаргаагүй, хүндэтгэн үзэх шалтгаанаар хугацаа алдсан гэж үзэх үйл баримт хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх тул шүүх маргааны үйл баримтанд дүгнэлт хийх боломжгүй юм.

 

Иймд Д.С-гийн нэхэмжлэлтэй ГГ-ийн Ш Э-д холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийг маргааны талаар гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн үндэслэлээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Энэхүү нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг шүүхийн шийдвэрт дурдлаа.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 129 дүгээр зүйлийн 129.2-т заасны Д.С-ийн нэхэмжлэлтэй Г-ийн Ш Э-д холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Энэхүү нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг мэдэгдсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Б.НАРАНЧИМЭГ