Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 001/ХТ2018/00392

 

Ц М-ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, П.Золзаяа, Б.Ундрах  нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар     

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 791 дугаар шийдвэртэй,  

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 145 дугаар магадлалтай,

Ц М-ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Л.Э-д холбогдох,

Хүчин төгөлдөр бус хэлцлээс учирсан хохирол 43.753.600 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б-ийн гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагч Л.Э-, түүний өмгөөлөгч Ө.Ганзориг, нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч Ц М-ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: Л.Э- нь 2013 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Ц М-ХХК-ийн удирдан төлөөлөх 1.800.000 төгрөгийн хувьцаа бэлэглэх гэсэн хуурамч хэлцэл хийн төөрөгдөлд оруулж, үйл ажиллагаа явуулж байсан компанийг шунахай зорилго агуулж өөрийн эрх мэдэлдээ ашиглан хохироосон. Манай компанийн зүгээс Л.Э-тай хийгдсэн гэх хэлцлийг гурван шатны шүүхээр хэлэлцүүлэн хүчин төгөлдөр бусд тооцуулсан. Хүчин төгөлдөр бусд тооцуулахдаа Л.Э-ын компаниас олсон ашиг орлогыг тодорхойлж нэхэмжилж чадаагүй тул одоо эрх зүйн үндэслэл бүхий нэхэмжлэл гаргаж байгаа. Энэ хүн ашиг орлого олоогүй гэдэг боловч татварт 4.018.800 төгрөг төлсөн. Хэрэглээний мод бэлтгэх зөвшөөрлийг хувь хүнд олгодоггүй, Л.Э- нь компанийн үйл ажиллагаанаас олсон мөнгийг өөртөө зарцуулж байсан. Тиймээс Л.Э- өөрөө 180 м.куб хэрэглээний мод, Ц.Мягмарсүрэнгээр бэлтгүүлсэн 216 м.куб мод нийлээд 396 м.куб модыг Ц М-ХХК-ийн нэр дээр бэлтгэсэн. Л.Э- нь манай компанид мод бэлтгэх ажил хийе гэж хүссэний дагуу ажиллуулахаар тохирсон боловч ажил хийхэд компанийн бичиг баримт хэрэгтэй байна гэж авч яваад өөрийн нэр дээр шилжүүлэн авсан байсан. 

Иймд хариуцагч Л.Э-ын 420 м.куб хэрэглээний мод бэлтгэсэн тухай түүнээс олсон ашгийг Хонгор сумын ойн анги болон мэргэжлийн байгууллагаар үнэлгээ тогтоолгосон тул 43.753.600 төгрөгийг гаргуулж өгнө үү. Шинжээчийн тогтоосон  39.661.953 төгрөгийн үнэлгээгээр нэхэмжлэлийг хангахад татгалзах зүйлгүй гэжээ.

Хариуцагч Л.Э-ын шүүхэд гаргасан тайлбарт: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Компанийг худалдаж авах саналыг М.Б- надад тавьсан. Тэгээд бид үнэ дээрээ тохироогүй тул би татгалзсан. Гэтэл М.Б- компани шилжүүлэх үнийг багасгаж дахин хүсэлт тавьсан тул авахаар болсон. Урьдчилгаа 5.000.000 төгрөг эхлээд өгсөн. Үүнээс хойш 2013 оны 10 дугаар сарын эхээр компанийг шилжүүлэх гэрээ хийсэн. Нотариат дээр очиход ямар гэрээ хийх вэ гэхэд М.Б- өөрөө бэлэглэлийн гэрээ хийнэ гэж хэлсэн. Улмаар гэрээ хийж компанийг шилжүүлэн авсан. Би 2013 оны 4 дүгээр улирлын байдлаар аж ахуйн нэгжийн орлогын албан татварт 823.000 төгрөг, модны гоожинд 4.118.800 төгрөг нийт 5.080.900 төгрөгийг татварт тайлагнасан. Ц М-ХХК нь 420 м.куб хэрэглээний мод бэлтгэх зөвшөөрөл авсан. Ц.Мягмарсүрэн тус компанийн хувь нийлүүлэгч бөгөөд ойн ангитай гэрээ байгуулахад намайг эрхгүй хүн гээд Ц.Мягмарсүрэн гэрээг байгуулж, гарын үсэг зурсан. Надад 180 м.куб мод бэлтгэх зөвшөөрлийг өгсөнөөс 100 м/куб модыг бэлтгэсэн. Мод бэлтгэснээс ашиг гараагүй. Шүүхийн шийдвэрээр худалдах, худалдан авах гэрээг халхавчлах зорилгоор хийсэн байна гэж бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцсон. Түүнээс Л.Э-ын буруутай үйлдлээс хэлцэл хийгдсэн гэдгийг тогтоогоогүй.

Иймд нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 791 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.6-д заасныг баримтлан Ц М-ХХК-ийн Л.Э-аас хүчин төгөлдөр бус хэлцлээс учирсан хохиролд нийт 43,753,600 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Ц М-ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 376.720 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 145 дугаар магадлалаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 791 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгч Ц М-ХХК-иас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 250.000 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б- хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Хариуцагч Л.Э- ашиг олсонг тогтоох хангалттай нотлох баримт байсан. Үүнд Л.Э-ын гаргасан сөрөг нэхэмжлэлд дурдсан 28.550.000 төгрөг, модны ченж, гэрч Б.Энхмаагийн 2 удаагийн мэдүүлэг, Дархан-Уул аймгийн Татварын хэлтэст 5.080.000 төгрөг тушаасан, Л.Э- нь нийт 66.930.000 төгрөгийг хаанаас олсныг нотлох баримтаар нотлуулаагүй орхигдуулсан. Хүсэлт гаргасан боловч хангаагүй. 2014 оны 9 сарын 13-ны өдрийн 913 дугаар шийдвэр гарахад хариуцагч нь “...энэ компаний үйл ажиллагааг би явуулсан, би мэднэ, Хонгор сумын Засаг даргатай би гэрээ байгуулж, тамга тэмдэг дарсан, Ц.Мягмарсүрэнд энэ компани ямарч хамааралгүй, түүний нэр ч байхгүй...” гэж зүтгэсээр байгаад өөрийн гаргасан сөрөг нэхэмжлэлээс 17.600.000 төгрөгийг хангуулсан. Энэ удаагийн хуралд бол хариуцагч Л.Э- нь эсрэг байр суурьтай оролцож байгаа. “...Би энэ компаниас ашиг олоогүй, надад хамаагүй, би Хонгор сумын Засаг даргатай гэрээ байгуулж, үйл ажиллагаа явуулаагүй, намайг эрхгүй хүн гэж хэлээд тус компаний үйл ажиллагаа эрхлэх гэрээг надтай байгуулаагүй, Ц.Мягмарсүрэнтэй байгуулсан.

“Цогт манхан” ХХК-ий нэр дээр 180 метр/куб мод бэлтгэхээр тохирсоноос 100 метр/куб модыг бодитоор бэлтгэж холбогдох төлбөр хураамжийг төлсөн...” гэж шүүх хуралдаан дээр тайлбарладаг. Мөн ХААН банкинд ойн нөөц ашигласны төлбөрт төлсөн 1.750.000 төгрөгийн баримтыг нотариатаар баталгаажуулж шүүхэд өгсөн. Энэ бүхнээс харахад Л.Э- нь сөрөг нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэдэг нь тодорхой харагдаж байна. Хариуцагч Л.Э-ын гаргасан тайлбар нотлох баримтуудыг шүүх үнэлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4 дэх хэсэгт заасныг хэрэгжүүлээгүй. Энэ нь хэргийг шийдэхэд сөрөг нөлөө үзүүлсэн. Шүүх шинжээч томилсон. Шинжээчийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй гарсан. Хариуцагч нь шинжээчийн дүгнэлтийг үгүйсгэдэггүй. Л.Э-ын бэлтгэсэн хэрэглээний модны гарал үүсэл гоожингийн бичгийг Дархан-Уул аймгийн Сум дундын ойн ангиас гаргуулахад бүх нотлох баримт баталгаажих байсан. Нэхэмжлэгч хуулиар олгосон эрхээ үндэслэж шүүхэд хүсэлт гаргасан боловч хангаагүй орхигдуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь заалтыг зөрчсөн. Анхан шатны шүүх Дархан-Уул аймгийн татварьн хэлтсийн тодорхойлолт, “Цогт манхан” ХХК-ийн тайлангууд нь нотлох баримтын шаардлага хангаагүй хуулбар гэж дүгнэсэн. Тэгвэл шүүх анх хэргийг хүлээж авахдаа шаардлага хангахгүй хуулбарыг яагаад хүлээж авсан юм. Шүүх 7 сарын хугацаагаар чирэгдүүлчихээд эцэс сүүлд нь ийм үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож байгаа нь хууль зөрчиж байна. Эдгээр зөрчил дутагдлын улмаас хэргийг хуулийн хүрээнд үнэн зөв, эрх зүйн үндэслэлтэй шийдүүлэх боломж нөхцөл хангагдаагүй. Иймд тус хэргийг хууль эрх зүйн үндэслэлтэйгээр шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Ц М-ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангах хууль зүйн үндэслэлгүй байна.

Хяналтын шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, эсхүл шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн үндэслэлээр хэргийг хянана.

Анхан болон давж заалдах шатны шүүх Ц М-ХХК-ийн Л.Э-аас 43.753.600 төгрөгийн хохирол гаргуулах нэхэмжлэлтэй хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, зохигчдын хооронд үүссэн маргаанд хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Өмнө нь Ц М-ХХК-ийн хувьцаа бэлэглэх гэрээ, компанийн удирдах, төлөөлөх эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж, Л.Э-аас компанийн гэрчилгээ, тамга, тэмдгийг гаргуулж, нэхэмжлэгч М.Б-т олгож, түүний 2 жилийн ашиг гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч М.Б-ээс 17.600.000 төгрөг гаргуулж, хариуцагч Л.Э-д олгохоор шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр байна.

Шүүхийн хүчин төгөлдөр дээрхи шийдвэрт “зохигчдын хооронд байгуулагдсан хувьцаа бэлэглэх гэрээ нь худалдах-худалдан авах гэрээг халхавчлах зорилгоор хийгдсэн хүчин төгөлдөр бус хэлцэл” гэж үзжээ.

Нэхэмжлэгч Ц М-ХХК нь Л.Э-аас 43.753.600 төгрөгийн хохирол гаргуулах шаардлага гаргахдаа Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д  заасан “хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн буруутай этгээд нь бусдад учруулсан хохирлыг нөхөн төлнө” гэсэн зохицуулалтыг үндэслэснийг хоёр шатны шүүх бэлэглэлийн гэрээ байгуулахад хариуцагч Л.Э-ын буруутай байдал тогтоогдоогүй гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна.

Талууд хэн аль нь бэлэглэлийн гэрээгээр аливаа эрх зүйн үр дагавар үүсгэхийг хүсээгүй, харин тухайн бэлэглэлийн гэрээ нь өөр хэлцлийг буюу компанийн хувьцаа, эрхийг худалдах-худалдан авах гэрээг халхавчлах зорилгоор хийгдснийг өмнөх хүчин төгөлдөр шийдвэрт тодорхойлон заасан байна.

Нөгөө талаар нэхэмжлэгч Ц М-ХХК нь нэхэмжлэлийн үндэслэлдээ, Л.Э- компанийн хувьцаа, эрхийг шилжүүлэн авахад тус компанийн нэр дээр 420 м.куб хэрэглээний модыг бэлтгэх зөвшөөрөл гарсан байсан бөгөөд уг модыг бэлтгэсэн атлаа ашгийг компанид бус өөртөө авсан гэж тайлбарласан нь худалдах-худалдан авах гэрээнээс татгалзсантай холбоотой буюу хэлцлээр шилжүүлсэн зүйлийн ашиг орлоготой хамааралтай байна.

Хоёр шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасан журмын дагуу үнэлж хариуцагч Л.Э- нь Ц М-ХХК-ийн нэрээр мод бэлтгэж өөртөө ашиг олсон нь тогтоогдоогүй гэж үзсэн нь хэргийн баримтад тулгуурласан гэж үзэв.

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан  хүсэлтүүдийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6, 123 дугаар зүйлийн 123.1, 105 дугаар зүйлийн 105.1-д заасан журмын дагуу шийдвэрлэснийг буруутгах боломжгүй байна.

Итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан ”хариуцагч Л.Э-ын орлогыг хаанаас олсныг тогтоох, түүний бэлтгэсэн модны гарал үүсэл гоожингийн бичгийг Дархан-Уул аймгийн ойн ангиас гаргуулах“ зэрэг хүсэлтүүд нь хэрэгт хамааралгүй, ач холбогдолгүй гэж үзсэн байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 420 м.куб мод бэлтгэхэд хэдий хэмжээний ашиг гарах талаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр шинжээчийн дүгнэлт гаргуулсан нь Л.Э-ыг төдий хэмжээний ашиг олсныг нотлох баримт биш юм. Иймд хүсэлт хүлээн аваагүй, хэргийн нотлох баримтаар хариуцагч ашиг олсон нь тогтоогдсон атал нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон гэх гомдол үндэслэлгүй  гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэж, шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.  Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 791 дугаар шийдвэр, Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 145 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б-ийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид  250.200 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                            Г.АЛТАНЧИМЭГ