Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 10 сарын 16 өдөр

Дугаар 145

 

“Цогт манхан” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2017/00023/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Нарангэрэл даргалж, шүүгч С.Оюунцэцэг, Л.Амарсанаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

          Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 791 дүгээр шийдвэртэй,  

          Нэхэмжлэгч “Цогт манхан” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

          Хариуцагч Б овогтой Л-ийн Э-д холбогдох,

          “Хүчин төгөлдөр бус хэлцлээс учирсан хохирол 43.753.600 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг

          Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Болорцэцэгийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн

          2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Амарсанаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Болорцэцэг, хариуцагч Л.Э-, хариуцагчийн өмгөөлөгч Ө.Ганзориг, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

Нэхэмжлэгч “Цогт манхан” ХХК-аас:

Л.Э- нь 2013 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хариуцагч Л.Э- нь “Цогт манхан” ХХК-ийн удирдан төлөөлөх 1.800.000 төгрөгийн хувьцаа бэлэглэх гэсэн хуурамч хэлцэл хийн төөрөгдөлд оруулж, үйл ажиллагаа явуулж байсан компанийг шунахай зорилго агуулж өөрийн эрх мэдэлдээ ашиглан хохироосон. Манай компаний зүгээс Л.Э-тай хийгдсэн гэх хэлцлийг гурван шатны шүүхээр хэлэлцүүлэн хүчин төгөлдөр бусд тооцуулсан. Хүчин төгөлдөр бусд тооцуулахдаа Л.Э-ын компаниас олсон ашиг орлогыг тодорхойлж нэхэмжилж чадаагүй тул одоо эрх зүйн үндэслэл бүхий нэхэмжлэл гаргаж байгаа болно. Иймд хариуцагч Л.Э-ын 420 м.куб хэрэглээний мод бэлтгэсэн тухай түүнээс олсон ашгийг Хонгор сумын ойн анги болон мэргэжлийн байгууллагаар үнэлгээ тогтоолгож, тооцуулан Л.Э-аас 43.753.600 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Болорцэцэгээс:

2013 онд Л.Э- нь “Цогт манхан” ХХК-ийг хууль бусаар шилжүүлэн авсан байсныг тус шүүхийн шийдвэрээр хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоосон бөгөөд үүнийг давж заалдах шатны шүүх болон Улсын дээд шүүх хүчин төгөлдөр бус байна гэж үзсэн. Хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцсоны улмаас учирсан хохирлоо нэхэмжилж байна. Хүчин төгөлдөр бус хэлцэл хийснээс компанид учирсан 43.753.600 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Энэ хүн ашиг орлого олоогүй гэдэг боловч татварт 4.018.800 төгрөг төлсөн байна. Хэрэглээний мод бэлтгэх зөвшөөрлийг хувь хүнд олгодоггүй, Л.Э- нь компанийн үйл ажиллагаанаас олсон мөнгийг өөртөө зарцуулж байсан. Тиймээс Л.Э- өөрөө 180 м.куб хэрэглээний мод, Ц.Мягмарсүрэнгээр бэлтгүүлсэн 216 м.куб мод нийлээд 396 м.куб модыг “Цогт манхан” ХХК-ийн нэр дээр бэлтгэсэн тул компанийг хууль бусаар авсан. Нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг багасгаж шийдвэрлэж болно. Анх Л.Э-тай компани шилжүүлэх гэрээ ерөөсөө хийгээгүй, Л.Э- миний бие муу байдлыг далимдуулан манай компанид мод бэлтгэх ажил хийе гэж хүссэний дагуу ажиллуулахаар тохирсон боловч ажил хийхэд компанийн бичиг баримт хэрэгтэй байна гэж авч яваад өөрийн нэр дээр шилжүүлэн авсан. Тухайн үед энэ хүнд ямар ч мөнгө байгаагүй гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Цэрэнбатаас:

Хариуцагч Л.Э- нь хохирол төлөх үндэслэлтэй. 3 шатны шүүхийн шийдвэрээр хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн гэдгийг тогтоосон байгаа тул хийсэн хэлцэл нь хүчин төгөлдөр бус болж байгаагаараа хэлцэл хийсэн Л.Э-ын буруутай байдал тогтоогдож байна гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй гэж үзэж байна гэжээ.

Хариуцагч Л.Э-аас:

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь дээрх нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан М.Болорцэцэг нь Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн танхимд шийдвэрийг хянуулах тухай хүсэлт гаргасан боловч шүүх хүсэлтийг хүлээж аваад 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 193 дугаартай шүүхийн тогтоолоор шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулахыг хүссэн нэхэмжлэгч М.Болорцэцэгийн хүсэлтийг хангахаас татгалзсан. Энэ компанийг худалдаж авах саналыг М.Болорцэцэг надад тавьсан. Тэгээд бид үнэ дээрээ тохироогүй тул би татгалзсан. Гэтэл М.Болорцэцэг компани шилжүүлэх үнийг багасгаж дахин дахин хүсэлт тавьсан тул би нөхөртэйгөө ярилцаж авахаар болсон. Урьдчилгаа 5.000.000 төгрөг эхлээд өгсөн. Үүнээс хойш 2013 оны 10 дугаар сарын эхээр компанийг шилжүүлэх гэрээ хийсэн. Нотариат дээр очиход ямар гэрээ хийх вэ гэхэд М.Болорцэцэг өөрөө бэлэглэлийн гэрээ хийнэ гэж хэлсэн. Улмаар гэрээ хийж компанийг шилжүүлэн авсан. Би 2013 оны 4 дүгээр улирлын байдлаар аж ахуйн нэгжийн орлогын албан татварт 823.000 төгрөг, модны гоожинд 4.118.800 төгрөг нийт 5.080.900 төгрөгийг татварт тайлагнасан. “Цогт манхан” ХХК нь 420 м.куб хэрэглээний мод бэлтгэх зөвшөөрөл авсан. Ц.Мягмарсүрэн тус компанийн хувь нийлүүлэгч бөгөөд ойн ангитай гэрээ байгуулахад намайг эрхгүй хүн гээд Ц.Мягмарсүрэн гэрээг байгуулж, гарын үсэг зурсан. Надад 180 м.куб мод бэлтгэх зөвшөөрлийг өгсөнөөс 100 м/куб модыг бэлтгэсэн. Мод бэлтгэснээс ашиг гараагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Ө.Ганзоригоос:

Нэхэмжлэгч тал Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.6-д заасныг үндэслэн нэхэмжилж байна. Гэтэл энэ заалтад хэлцэл хийсэн буруутай этгээд хохирлыг төлөхөөр заасан. 3 шатны шүүхийн шийдвэр гарсан гэж яриад байгаа боловч энэ шийдвэрээр худалдах, худалдан авах гэрээг халхавчлах зорилгоор хийсэн байна гэж бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцсон. Түүнээс Л.Э-ын буруутай үйлдлээс хэлцэл хийгдсэн байна гэдгийг тогтоогоогүй. Иймд нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх  2017 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 791 дүгээр шийдвэрээр:

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.6-д заасныг баримтлан “Цогт манхан” ХХК-ийн Л.Э-аас хүчин төгөлдөр бус хэлцлээс учирсан хохиролд нийт 43,753,600 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч “Цогт манхан” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 376.720 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Болорцэцэг давж заалдсан гомдолдоо:

            Хариуцагч Л.Э- шүүхэд гаргасан тайлбартаа 110 метр/куб хэрэглээний модыг бэлтгэсэн ба түүний төлбөрт 1.750.000 тушаасан баримтыг нуун дарагдуулсан. “Цогт манхан” ХХК-ийн үйл ажиллагааг явуулж түүнээс ашиг олсон. Манай компаний үйл ажиллагааг явуулж байхдаа маш их хэмжээний орлого олсон. Хариуцагч нь эрхэлсэн тодорхой ажилгүй, орлогогүй байсан. Гэнэт хаанаас их хэмжээний мөнгө олсныг тодруулах шаардлагатай хүсэлт гаргасан боловч хангаагүй, орхигдуулсан нь “Цогт манхан” ХХК-аас олсон ашгийг нуун дарагдуулах боломжийг бүрдүүлж өгсөн. Өмнө нь олж байсан орлого, компаний үйл ажиллагааг явуулж байх хугацаанд олсон орлого, компанийг худалдаж авсан гэх мөнгийг нотлох баримтаар нотлуулах зэрэг ажлууд огт хийгдээгүй орхигдуулсан нь шүүхийн шийдвэр хууль эрх зүйн үндэслэлгүй гарах гол шалтгаан болсон гэж үзэж байна. Нэхэмжлэгчийн хүсэлтийг хангуулахгүй орхигдуулсан нь нэхэмжлэгчийн хуулиар олгосон эрхийг зөрчсөн байна. Иймд гомдлыг хуулийн хүрээнд үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү гэжээ. Мөн өмнөх шүүх хурлын бичлэгүүдийг үзүүлж харьцуулалт хийлгүүлэх хүсэлтэй байна гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч ”Цогт манхан” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Болорцэцэг хариуцагч Л.Э-д холбогдуулж, хүчин төгөлдөр бус хэлцлээс учирсан хохирол 43.753.600 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан, хариуцагч Л.Э- хэлцэл хийхэд болон хэлцэл хүчин төгөлдөр бус болоход миний буруутай үйлдэл байхгүй, 420 метр куб мод бэлтгээгүй, ашиг олоогүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан байна.

Анхан шатны шүүх хүчин төгөлдөр бус хэлцэл хийхэд хариуцагч Л.Э-ын буруутай үйлдэл байсан гэдэг нь тогтоогдоогүй гэж дүгнээд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

           Энэхүү шийдвэрийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Болорцэцэг эс зөвшөөрч шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүх рүү буцааж, хэрэг хянан шийдвэрлэхэд орхигдуулсан хэргийн амин сүнс болсон нотлох баримтуудыг гаргуулж, хууль эрх зүйн үндэслэлтэй шударгаар шийдвэрлүүлэх боломж нөхцлөөр хангаж өгнө үү гэсэн давж заалдах гомдол гаргажээ.

Давж заалдах шатны шүүх болсон үйл баримт болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад дараах дүгнэлтийг хийлээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн М.Болорцэцэг нь хариуцагч Л.Э-  хуурамч бэлэглэлийн гэрээ байгуулж “Цогт манхан” ХХК-ийг хувьдаа авч, компанийн нэрээр үйл ажиллагаа явуулж, 420 куб метр мод бэлтгэж, тодорхой хэмжээний ашиг олсон нь баримтаар нотлогдсон бөгөөд тэрхүү хуурамч гэрээг 3 шатны шүүх хүчин төгөлдөр бус гэрээ гэж тооцсон тул хүчин төгөлдөр бус хэлцлээс учирсан хохирол гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлжээ.

Хэрэгт 2013 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 04 тоот, 2013 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 07 тоот “Мод бэлтгэх гэрээ” нотлох баримтаар авагдсан, эдгээр гэрээг Хонгор сумын Засаг даргын тамгын газартай “Цогт манхан” ХХК байгуулсан байх бөгөөд компанийг төлөөлж тус компаний хувь нийлүүлэгч Ц.Мягмарсүрэн гарын үсэг зурсан байна.

Нэхэмжлэгч М.Болорцэцэг хариуцагч Л.Э-аас 420 куб метр мод бэлтгэсний ашиг орлого гэж 43.753.600 төгрөг нэхэмжилж байгаа боловч энэхүү шаардлага нь гэрч Ц.Мягмарсүрэнгийн мэдүүлэг /хх-ийн 130, 131 хуудас/-ээр үгүйсгэгдэнэ.

Хариуцагч Л.Э- дээрх 2 удаагийн “Мод бэлтгэх гэрээ”-ээр 420 куб метр мод бэлтгэн, ашиг олсон гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй байна.

Хэргийн 26-36 дугаар талд авагдсан баримтаас үзвэл М.Болорцэцэгийн нэхэмжлэлтэй Л.Э-д холбогдох “Цогт манхан” ХХК-ийн гэрчилгээ, тамга тэмдэг гаргуулах, 2013 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн компаний хувьцаа бэлэглэх гэрээ болон төлөөлөх эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, 11.350.000 төгрөг гаргуулах, 2 жилийн ашиг орлого гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлтэй иргэний хэргийг 3 шатны шүүхээр шийдвэрлэсэн байх бөгөөд тэрхүү шийдвэр, магадлал, тогтоолоор Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т зааснаар нэхэмжлэлээр шаардсан 2013 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар компаний гэрчилгээ, тамга, тэмдэгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгч М.Болорцэцэгээс 17.600.000 төгрөг гаргуулж, хариуцагч Л.Э-д олгож, нэхэмжлэгчийн 11.350.000 төгрөг болон “2 жилийн ашиг орлого” гаргуулах болон сөрөг нэхэмжлэлээс 10.950.000 төгрөг гаргуулах шаардлагуудыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т ”Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэж зааснаар маргаж буй компаний 2 жилийн ашиг орлогын талаар нэхэмжлэгч М.Болорцэцэг дахин шаардлага гаргах эрхгүй байна.

Нэхэмжлэгч М.Болорцэцэг хариуцагч Л.Э-ыг  маргаж буй хугацаанд ашиг орлого олсон баримт шинээр гарч ирсэн үндэслэлээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 179 дүгээр зүйл, 180 дугаар зүйлийн 180.1-д зааснаар шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулахаар хяналтын шатны шүүхэд хүсэлт гаргасан бөгөөд шүүх нэхэмжлэгч М.Болорцэцэгийн хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн байна.

Хэдийгээр Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.6-д хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн буруутай этгээд бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөхөөр зохицуулсан боловч дээрх шүүхийн шийдвэр, магадлал, тогтоолоор болон бусад байдлаар Л.Э-ын  буруутай үйлдэл тогтоогдоогүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.           

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 791 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

            2.Иргэний  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгч “Цогт манхан” ХХК-иас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 250.000 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4.Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4,119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй.

 

 

                                        ДАРГАЛАГЧ

                                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    О.НАРАНГЭРЭЛ     

                                        ШҮҮГЧИД                                                  С.ОЮУНЦЭЦЭГ

                                                                                                           Л.АМАРСАНАА