Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2016 оны 11 сарын 16 өдөр

Дугаар 00307

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймаг Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат даргалж явуулсан иргэний шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 6-р баг Баянхан худалдааны төвийн 1-р давхарт байрлах Голомт банкны Сэлэнгэ салбарын нэхэмжлэлтэй

 

          Хариуцагч: 1. Сэлэнгэ аймгийн Мандал сумын Хэрх 4-р баг 2-42 тоотод байрлах “Тансаг цагаан идээ” хоршоо,

           2. Сэлэнгэ аймгийн Мандал сумын Хэрх 4-р баг холбоо толгойн 2-р гудамжны 42 тоотод оршин суух, “Тансаг цагаан идээ” хоршооны дарга ажилтай, Боржигин овогт Будын Хишгээ,

           3. Сэлэнгэ аймгийн Мандал сумын Минжийн хангайн 7-р баг Шарын гол гудамжны 78 тоотод оршин суух, “Тансаг цагаан идээ” хоршооны гишүүн ажилтай Боржигин овогт Адьяагийн Гантулга,

            4. Сэлэнгэ аймгийн Мандал сумын 3-р баг Үтрэм 2-р гудамжны 12 тоотод оршин суух, “Тансаг цагаан идээ” хоршооны гишүүн ажилтай Заяабуянт овогт Содномын Жаргалцэцэг,

            5. Сэлэнгэ аймгийн Мандал сумын 9-р баг Партизаны 23 тоотод оршин суух, “Тансаг цагаан идээ” хоршооны гишүүн ажилтай Боржигин овогт Даваасүрэнгийн Баярмаа,

            6. Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг 26-р хороо Нийслэл хүрээ Парксайд центрийн 4-р давхарт байрлах Зээлийн батлан даалтын сан нарт холбогдох

Зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 150,657,487.42 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болон батлан даалтын гэрээгээр хангуулахыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Содбаатар, хариуцагч “Тансаг цагаан идээ” хоршооны дарга Б.Хишгээ, А.Гантулга,  С.Жаргалцэцэг, Д.Баярмаа, хариуцагч зээлийн батлан даалтын сангийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Даваажав, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Баянжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Голомт банкны Сэлэнгэ салбар, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Голомт банкны Сэлэнгэ салбар нь 2014 оны 06 дугаар сарын 11-ний өдөр “Тансаг цагаан идээ” хоршоо болон иргэн Б.Хишгээ, А.Гантулга, Д.Баярмаа, С.Жаргалцэцэг /цаашид “Зээлдэгч” гэх/ нартай ЗГ4320007181 тоот Зээлийн гэрээ байгуулж, 136400000 /нэг зуун гучин зургаан сая дөрвөн зуун мянган/ төгрөгийг жилийн 8 хувийн хүүтэйгээр, 42 сарын хугацаатайгаар зээлдүүлсэн болно. Энэхүү Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл хангуулахаар БГ4320007181, БГ4320007181-А, тоот Ипотекийн гэрээ, БГ4320007181-Б тоот барьцааны гэрээг байгуулж, дараах хөрөнгийг барьцаалсан. Үүнд:

-Сэлэнгэ аймгийн Мандал сумын 9 дүгээр баг, партизаны 23 тоот хаягт байршилтай, УБ №: Y-1307002057 дугаартай, хувийн сууц, граж, фермерийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө.

-Сэлэнгэ аймгийн Мандал сумын Баян-Арцатын 9 дүгээр баг, партизаны 23 тоот хаягт байршилтай, УБ №: Г-1307001932 дугаартай өмчлөх эрхтэй газар.

-Сэлэнгэ аймгийн Мандал сумын 2 дугаар баг, Ширхэнцэгийн 31 тоот хаягт байршилтай,

УБ № Y-1307000621 тоот дугаартай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө.

      -Сэлэнгэ аймгийн Мандал сумын 2 дугаар баг, Ширхэнцэгийн 31 тоот хаягт байршилтай, нэгж тайлбарын: 170701417 дугаартай газар эзэмших эрх.

       -Сэлэнгэ аймгийн Мандал сумын Хэрх 4-р баг Дэнжийн хэсэгт байрлах “Тансаг цагаан идээ” хоршооны “Сайхан” сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрийн тоног төхөөрөмж, машин механизм хөрөнгө. /БГ4320007181-Б тоот барьцааны гэрээний 2.2 д заасан нийт 40 нэр төрөл бүхий 85 ширхэг тоног төхөөрөмж, машин механизм болно. / Зээлдэгч нар нь Зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.1-т зааснаар “Зээл, зээлийн хүүний төлбөрийг Хавсралт №1-д заасан графикийн дагуу эргэн төлөх үүрэгтэй” юм. Гэвч Зээлдэгч нар нь 2015 оны 06 дугаар сарын 29-ны өдрөөс эхлэн зөрчиж, зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж эхэлсэн болно. Голомт банкны Сэлэнгэ салбарын зүгээс эргэн төлөлтийг хуваарийн дагуу төлөхийг удаа дараа Зээлдэгчид мэдэгдсэн боловч зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй болно. Зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн байдлаар үндсэн зээлд 136400000 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 13704413.53 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 553073.89 төгрөг, нийт 150,657,487.42 төгрөгийн зээлийн өр төлбөр хуримтлагдаад байна. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахад зээлдэгчийн барьцаа хөрөнгө нь хангалтгүй байсан тул Зээлийн батлан даалтын санд зохих хүсэлтийг зээлдэгч гаргасан бөгөөд Зээлийн батлан даалтын сан нь зээлдэгчийн хүсэлтийг хүлээн авч 2014 оны 06 дугаар сарын 11-ний өдөр БДГ4320007181 тоот Батлан даалтын гэрээг Голомт банктай байгуулж, ЗГ4320007181 тоот дугаартай Зээлийн гэрээгээр хүлээсэн Зээлдэгчийн зээл төлөх үүргийг 60 хүртэлх хувиар батлан даасан болно. Зээлдэгчтэй байгуулсан 2014 оны 06 дугаар сарын 11-ний өдөр байгуулагдсан ЗГ4320007181 тоот Зээлийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1-т заасны дагуу хуримтлагдсан зээлийн төлбөр болох 150,657,487.42 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж манай компанийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Д.Хишгээ шүүх хуралдаанд дээр гаргасан хариу тайлбартаа: ... Манай хоршоо 136,4 сая төгрөгийн төслийг боловсруулж уг банкнаас зээл авсан. Авсан зээлээ төслийн дагуу зарцуулсан. Банкнаас байгууллагын данс руу мөнгөнүүд нь шилжиж орж байсан. Манай хоршооны хувьд одоо болтол үйл ажиллагаа явагдаж байгаа хэдий ч бидний гаргаж байгаа бүтээгдэхүүн маань үйлдвэрийнхээ зарлагатай тэнцээд баланс барьсан маягтай илүү ашиг гарахгүй байгаа болоод зээлээ төлөхгүй 1 жил гаран болсон. Уг нь бид зээл авсан нь үнэн. Төлөх нь үнэн. Банктайгаа зээлийн хугацааг ярьж тохироод төлөх боломж байна уу л гэсэн бодолтой байна. Манай  хоршооны үйл ажиллагааны бичиг баримт, данс тооцооны бүртгэл бүгд банкинд бүртгэлтэй явж байгаа гэв.

Хариуцагч А.Гантулга шүүх хуралдаанд дээр гаргасан хариу тайлбартаа: ... Хишгээ ахын ярьсантай санал нэг байна. Бид эхний жил хүүний 1 сая төгрөгийг сар сард нь хийж байсан. Үндсэн төлөлтийн 5 сая руу ороод ирэхээр нь төлөх чадамж муудсан. Ер нь бол төлнө гэв.

Хариуцагч С.Жаргалцэцэг шүүх хуралдаанд дээр гаргасан хариу тайлбартаа: ... Төлнө гэсэн бодолтой байгаа. Одоохондоо үйл ажиллагаа маань зогсоогүй явагдаж байгаа гэв.

Хариуцагч Д.Баярмаа шүүх хуралдаанд дээр гаргасан хариу тайлбартаа: ... Адилхан саналтай байгаа. Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байна гэв.

Хариуцагч Зээлийн батлан даалтын сангийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан хариу тайлбартаа: ... Голомт банкны Сэлэнгэ салбараас Зээлийн батлан даалтын санд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг эс зөвшөөрч байна. Учир нь тус Сан нь Зээлийн батлан даалтын сангийн тухай хуулийн дагуу үүсгэн байгуулагдсан “жижиг, дунд үйлдвэр эрхлэгчийн үйл ажиллагаанд шаардлагатай санхүүжилт авах боломжийг нэмэгдүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, иргэдийн орлогын тогтвортой эх үүсвэрийг хангах”-д дэмжлэг үзүүлэх зорилго бүхий ашгийн төлөө бус хуулийн этгээд юм. Сангийн батлан даалтын эх үүсвэрийг Монгол Улсын Засгийн газраас бүрдүүлж үйл ажиллагааг эхлүүлсэн. Сан нь Голомт банкны Сэлэнгэ салбар болон Тансаг цагаан идээ хоршооны хүсэлт, өргөдөлд тус тус үндэслэн зээлдэгчийн санхүүжилт авахад нь дэмжлэг үзүүлж түүний авсан 136,400,000 төгрөгийн зээлийн 60 хувьд батлан даалт гаргаж, 2014 оны 06 сарын 11-ний өдөр БДГ4320007181 тоот батлан даалтын 3 талт гэрээг байгуулсан. Батлан даалтын гэрээг Иргэний хууль болон Зээлийн батлан даалтын сангийн тухай хуульд нийцүүлэн байгуулдаг. Тус Сан нь Иргэний хуулийн 45 дугаар бүлэгт заасан зохицуулалтад хамаарах батлан даалтын үйл ажиллагааг Зээлийн батлан даалтын сангийн тухай хуулийн хүрээнд хэрэгжүүлдэг бөгөөд батлан даалтын үүрэг гүйцэтгэхдээ Иргэний хуулийн 460.1-д зааснаар үүрэг гүйцэтгэгчийн өмнөөс нөхөн хариуцах дарааллаар гүйцэтгэдэг болно. Сан нь зээлдэгчийн хүлээх хариуцлагыг хамтран хариуцахаар гэрээ байгуулаагүй /Иргэний хуулийн 460.2-д хамаарахгүй/ учраас банк нь Иргэний хуулийн 460.1-д заасны дагуу зээлдэгчийн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг эхлэн хангуулах үүрэгтэй. Банк нь Иргэний хуулийн дээрх энэ дарааллыг баримтлалгүй, мөн банк болон сангийн хооронд батлан даалтын гэрээний хэрэгжилттэй холбоотой ямар нэгэн маргаан гараагүй байхад Санг үүргээ биелүүлээгүй гэж шүүхэд хандсан нь хуульд нийцэхгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Голомт банк нь Иргэний хуулийн 460.1-д заасны дагуу зээлдэгчийн барьцаа хөрөнгөөр үүргийн гуйцэтгэлийг хангуулсны дараа тус батлан даалтын үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Зээлийн батлан даалтын санд шууд хандах эрхтэй болно.

Иймд нэхэмжлэлийн шаардлагын хоёр дахь хэсэг буюу Зээлийн батлан даалтын санд хандсан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Голомт банкны Сэлэнгэ салбар нь хариуцагч “Тансаг цагаан идээ” хоршоо, Б.Хишгээ, А.Гантулга, С.Жаргалцэцэг, Д.Баярмаа нарт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлтэд нийт 150,657,487.42 төгрөгийг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах, Зээлийн батлан даалтын санд холбогдуулан батлан даалтын гэрээнд заасан үүргээ биелүүлэхийг даалгаж, гэрээнд заасан хувиар зээлийн төлбөрийг гаргуулах шаардлагыг тус тус гаргасан байна.

 “Тансаг цагаан идээ” хоршоо, Б.Хишгээ, А.Гантулга, С.Жаргалцэцэг, Д.Баярмаа нараас нийт 150,657,487.42 төгрөгийг гаргуулах шаардлагын хувьд Голомт банкны Сэлэнгэ салбар ЗГ4320007181 тоот гэрээг үндэслэл болгосон байна.

Үүнд: Голомт банкны Сэлэнгэ салбар нь 2014 оны 06 дугаар сарын 11-ний өдөр “Тансаг цагаан идээ” хоршоо болон Б.Хишгээ, А.Гантулга, Д.Баярмаа, С.Жаргалцэцэг /цаашид “Зээлдэгч” гэх/ нартай ЗГ4320007181 тоот Зээлийн гэрээ байгуулж, 136,400,000 төгрөгийг жилийн 8 хувийн хүүтэйгээр, 42 сарын хугацаатайгаар зээлдүүлсэн байна.

 

Энэ гэрээний төлбөрт 136,400,000 төгрөгийн үндсэн зээл, 13,704,413.53 төгрөгийн үндсэн хүүгийн төлбөр, 553,073.89  төгрөгийг нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт нийт 150,657,487.42 төгрөг нэхэмжилсэн.

 

Голомт банкны Сэлэнгэ салбар нь “Тансаг цагаан идээ” хоршоо, Б.Хишгээ, А.Гантулга, С.Жаргалцэцэг, Д.Баярмаа нартай 2014 оны 06 дугаар сарын 11-ний өдөр ЗГ4320007181 тоот Зээлийн гэрээ байгуулж, 136,400,000 төгрөгийг жилийн 8 хувийн хүүтэйгээр, 42 сарын хугацаатай сүүний үйлдвэрийн тоног төхөөрөмж худалдан авах, эргэлтийн хөрөнгийн зориулалттайгаар олгохоор тохиролцсон байна.

 

         Нэхэмжлэгч Голомт банкны Сэлэнгэ салбар нь хариуцагч “Тансаг цагаан идээ” хоршоо, Б.Хишгээ, А.Гантулга, С.Жаргалцэцэг, Д.Баярмаа  нарт холбогдуулан гаргасан хоёр дахь шаардлага буюу үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай шаардлага гаргахдаа нэхэмжлэгч БГ4320007181, БГ4320007181-А тоот гэрээнүүдийг үндэслэжээ.

 

       Дээрх гэрээгээр: Голомт банкны Сэлэнгэ салбар нь “Тансаг цагаан идээ” хоршоо, Б.Хишгээ, А.Гантулга, С.Жаргалцэцэг, Д.Баярмаа  нартай

-Сэлэнгэ аймгийн Мандал сумын 9 дүгээр баг, партизаны 23 тоот хаягт байршилтай, УБ №: Y-1307002057 дугаартай, хувийн сууц, граж, фермерийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө.

-Сэлэнгэ аймгийн Мандал сумын Баян-Арцатын 9 дүгээр баг, партизаны 23 тоот хаягт байршилтай, УБ №: Г-1307001932 дугаартай өмчлөх эрхтэй газар.

-Сэлэнгэ аймгийн Мандал сумын 2 дугаар баг, Ширхэнцэгийн 31 тоот хаягт

байршилтай, УБ № Y-1307000621 тоот дугаартай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө.

      -Сэлэнгэ аймгийн Мандал сумын 2 дугаар баг, Ширхэнцэгийн 31 тоот хаягт байршилтай, нэгж тайлбарын: 170701417 дугаартай газар эзэмших эрх.

       -Сэлэнгэ аймгийн Мандал сумын Хэрх 4-р баг Дэнжийн хэсэгт байрлах “Тансаг цагаан идээ” хоршооны “Сайхан” сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрийн тоног төхөөрөмж, машин механизм хөрөнгө. /БГ4320007181-Б тоот барьцааны гэрээний 2.2 д заасан нийт 40 нэр төрөл бүхий 85 ширхэг тоног төхөөрөмж, машин механизм/ зэрэг эд хөрөнгийг барьцаалжээ.

        Дээрх эд хөрөнгийг барьцаалан 2014 оны 6 дугаар сарын 11-ний өдөр БГ4320007181, БГ4320007181-А тоот Ипотекийн гэрээнүүдийг байгуулж ЗГ4320007181 тоот Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгон барьцаалсан байна.

 

          Нэхэмжлэгч Голомт банкны Сэлэнгэ салбар нь Зээлийн батлан даалтын санд холбогдуулан батлан даалтын гэрээнд заасны дагуу үүргээ биелүүлэхийг даалгаж, үндсэн зээлийн үлдэгдэл дүнгийн 60 хувиар тооцон зээлийн төлбөрийг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг гарган Голомт банкны Сэлэнгэ салбар болон Зээлийн батлан даалтын сангийн хооронд 2014 оны 06 дугаар сарын 11-ний өдөр байгуулагдсан БГД4320007181 тоот “Батлан даалтын гэрээг”-г үндэслэжээ.

 

БГД4320007181 тоот “Батлан даалтын гэрээг”-ний 1.4-т “Батлан даагчийн батлан даах хэмжээ нь үндсэн зээлийн үлдэгдэл дүнгийн 60 хувь байна” гэж заасны дагуу үүргээ биелүүлэхийг даалгуулахыг хүссэн байна.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэлээ.

Голомт банкны Сэлэнгэ салбар ЗГ4320007181 тоот гэрээгээр мөнгө зээлдүүлэх, “Тансаг цагаан идээ” хоршоо, Б.Хишгээ, А.Гантулга, С.Жаргалцэцэг, Д.Баярмаа нар мөнгө зээлэхээр харилцан тохирч, гэрээг бичгээр байгуулан талууд гарын үсэг зурсан талаар зохигчид маргаагүй тул энэ үйл баримтыг тогтоогдсон гэж үзлээ.

 

Банкнаас зээл олгох гэрээгээр банк нь мөнгөн хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээдэг бөгөөд хуульд өөрөөр заагаагүй бол зээлийн гэрээг бичгээр хийнэ, хүсэл зоригоо илэрийлэгч гэрээнд гарын үсэг зурснаар гэрээ хүчин төгөлдөр болно.

 

Нэхэмжлэгч Голомт банкны Сэлэнгэ салбар ЗГ4320007181 тоот гэрээнд заасан мөнгийг зээлдэгчид шилжүүлэх, “Тансаг цагаан идээ” хоршоо, Б.Хишгээ, А.Гантулга, С.Жаргалцэцэг, Д.Баярмаа нар нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, хүү төлөх үүрэг хүлээж гэрээг бичгээр байгуулж талууд гарын үсэг зурсан тул гэрээг Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2, 451 дүгээр зүйлийн 451.1-д заасны дагуу хүчин төгөлдөр гэж үзэв.

 

Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь гэрээний зүйлийг зээлдэгчид шилжүүлэн өгөх үүрэгтэй бөгөөд банкнаас зээл олгох гэрээгээр зээлдэгчийн зээлийн дансанд гүйлгээ хийснээр зээлийг олгосонд тооцно.

Голомт банкны Сэлэнгэ салбар ЗГ4320007181 тоот гэрээний дагуу 136,400,000 төгрөгийг 2014 оны 06 дугаар сарын 11-ний өдөр “Тансаг цагаан идээ” хоршоо, Б.Хишгээ, А.Гантулга, С.Жаргалцэцэг, Д.Баярмаа   нарт бэлэн бусаар 4320007071 тоот дансанд шилжүүлсэн болох нь талуудын тайлбараар тогтоогдож байна. Голомт банкны Сэлэнгэ салбар нь зээлийн гэрээний дагуу зээлдэгчийн дансанд гүйлгээ хийсэн, мөнгө зээлдэгчийн дансанд орсон тул ЗГ4320007181 тоот гэрээнд заасан үүргээ зээлдэгч биелүүлсэн гэж үзлээ.

Хариуцагч “Тансаг цагаан идээ” хоршоо, Б.Хишгээ, А.Гантулга, С.Жаргалцэцэг, Д.Баярмаа  нар нь ЗГ4320007181 тоот зээлийн гэрээний талаар маргаагүй байна.

 

Голомт банкны Сэлэнгэ салбар гэрээнд заасан үүргээ биелүүлсэн буюу Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.2, 451 дүгээр зүйлийн 451.1, Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 4-т заасан үндэслэлээр зээлийг олгосон байна.

ЗГ4320007181 тоот гэрээнд заасан үүргээ Голомт банкны Сэлэнгэ салбар биелүулсэн учир зээлдэгчээс үүргийн биелэлтийг шаардах эрхтэй байна.

“Тансаг цагаан идээ” хоршоо, Б.Хишгээ, А.Гантулга, С.Жаргалцэцэг, Д.Баярмаа  нар нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон гэрээнд заасан үүргээ биелүүлсэн тухай баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй тул гэрээний дагуу үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг шаардсан нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 451.3, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1,3, 24 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт нийцжээ.

Иймд хариуцагч “Тансаг цагаан идээ” хоршоо, Б.Хишгээ, А.Гантулга, С.Жаргалцэцэг, Д.Баярмаа  нараас нэхэмжлэгчээс гаргаж өгсөн баримтын хүрээнд зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцон гаргуулах үндэслэлтэй байх тул ЗГ4320007181 тоот зээлийн гэрээний дагуу төлөгдөөгүй үлдсэн үндсэн зээлд 136,400,000 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 13,704,413.53 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 553,073.89 төгрөг, нийт 150,657,487.42 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Голомт банкны Сэлэнгэ салбарт олгох нь зүйтэй байна.

 

Хариуцагч “Тансаг цагаан идээ” хоршоо, Б.Хишгээ, А.Гантулга, С.Жаргалцэцэг, Д.Баярмаа  нар нь ЗГ4320007181 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгон үл хөдлөх болон хөдлөх эд хөрөнгүүдийг тус тус барьцаалан БГ4320007181, БГ4320007181-А, тоот Ипотекийн гэрээ, БГ4320007181-Б тоот гэрээнүүдийг байгуулсан бөгөөд уг гэрээнүүд Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1-д зааснаар бичгээр байгуулагдсан, хуулийн шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ байна.

 

Зээлдэгч “Тансаг цагаан идээ” хоршоо, Б.Хишгээ, А.Гантулга, С.Жаргалцэцэг, Д.Баярмаа  нар нь нэхэмжлэгчтэй байгуулсан зээлийн гэрээний дагуу хүлээсэн үүргээ биелүүлээгүй байх бөгөөд Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1 дэх хэсэгт заасны дагуу хугацаа хэтрүүлсэн байх тул зээлийн гэрээнүүдийн үүрэгт барьцаалсан эд хөрөнгийг Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 163 дугаар зүйлийн 163.1 дэх хэсэгт заасны дагуу худалдахыг шаардах эрх нэхэмжлэгчид үүссэн байна.

Иймд нэхэмжлэгч Иргэний хуулийн 159 дүгээр зүйлийн 159.1 дэх хэсэгт заасны дагуу барьцаалсан дээрх хөрөнгүүдээр зээлийн гэрээний үүргийг хангуулахаар шаардах эрхтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Голомт банкны Сэлэнгэ салбар нь хариуцагч Зээлийн батлан даалтын сантай “Тансаг цагаан идээ” хоршоо, Б.Хишгээ, А.Гантулга, С.Жаргалцэцэг, Д.Баярмаа  нарыг ЗГ4320007181 тоот зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэж чадахгүй бол үндсэн зээлийн үлдэгдэл дүнгийн 60 хувийг зээлдэгчтэй хамртан хариуцахаар тохиролцон 2014 оны 6 дугаар сарын 11-ний өдөр БДГ4320007181 тоот “Батлан даалтын гэрээг”-г Иргэний хуулийн 458 дугаар зүйлийн 458.1-д заасны дагуу байгуулсан байна.

Батлан даалтын гэрээ нь батлан даагч нь үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэж чадна гэдгийг баталж, хэрэв гүйцэтгэхгүй бол өөрөө хариуцах үүрэг хүлээдэг буюу үүрэг гүйцэтгэгчийн өмнөөс нөхөх хариуцлага хүлээдэг хэлцэл юм.

Өөрөөр хэлбэр Иргэний хуулийн 231 дүгээр зүйлийн 231.1 дэх хэсэгт заасан үүргийн гүйцэтгэлийг хангах аргын нэг юм. Иймд “Тансаг цагаан идээ” хоршоо, Б.Хишгээ, А.Гантулга, С.Жаргалцэцэг, Д.Баярмаа нар нь хугацаандаа үүргээ гүйцэтгээгүй эсвэл үүргээ гүйцэтгэж чадахгүй нь илт тодорхой байгаа тохиолдолд түүний гүйцэтгэх үүргийг Иргэний хуулийн 460 дугаар зүйлийн 460.1, 460.2-т зааснаар Зээлийн батлан даалтын сангаас шаардах эрх үүснэ.

Батлан даалтын гэрээнд “зээлдэгчийн зээлийн гэрээгээр хүлээсэн зээл төлөх үүрэг зөрчигдсөнөөс хойш 90 хоног өнгөрсөн, зээл төлүүлэх арга хэмжээг Зээлдүүлэгч өөрийн журам, зааврын дагуу хангалттай авсан тохиолдолд Батлан даагчаас үүргээ гүйцэтгэнэ” гэж тохиролцсон байх ба Голомт банкны Сэлэнгэ салбар зээлдэгчээс зээл төлүүлэх хангалттай арга хэмжээ авсан, зээлдэгч үүргээ гүйцэтгэж чадахгүй нь илт тодорхой байгаа байдлыг нэхэмжлэгч нотолж чадахгүй байна. Мөн нэхэмжлэгч ЗГ4320007181 тоот зээлийн гэрээний үүргийг бүхэлд нь “Тансаг цагаан идээ” хоршоо, Б.Хишгээ, А.Гантулга, С.Жаргалцэцэг, Д.Баярмаа нараас уг үүргээ гүйцэтгээгүйн хариуцлагыг үндсэн зээлийн 60 хувиар тооцон гаргуулахаар аль алинаас нь давхардуулан нэхэмжилж байгаа нь ойлгомжгүй буюу үндэслэлгүй байна.

Иймд дээрх зээлийн гэрээний гүйцэтгэлийг үндсэн үүрэг гүйцэтгэгч “Тансаг цагаан идээ” хоршоо, Б.Хишгээ, А.Гантулга, С.Жаргалцэцэг, Д.Баярмаа нараас гаргуулах нь зүйтэй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

          1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1, 458 дугаар зүйлийн 458.1, 460 дугаар зүйлийн 460.1-д зааснаар хариуцагч “Тансаг цагаан идээ” хоршоо, Б.Хишгээ, А.Гантулга, С.Жаргалцэцэг, Д.Баярмаа нараас 150,657,487.42 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Голомт банкны Сэлэнгэ салбарт олгож, Зээлийн батлан даалтын санд холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

          2. Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 158 дугаар зүйлийн 158.1, 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч “Тансаг цагаан идээ” хоршоо, Б.Хишгээ, А.Гантулга, С.Жаргалцэцэг, Д.Баярмаа нар нь шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулсугай.

          3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 911037 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Тансаг цагаан идээ” хоршоо, Б.Хишгээ, А.Гантулга, С.Жаргалцэцэг, Д.Баярмаа нараас 911037 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Голомт банкны Сэлэнгэ салбарт олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ                                 Ж.ЭРДЭНЭБАТ.