Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 1

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

Даргалагч

Ерөнхий шүүгч                   Б.Батзориг

Шүүгчид                              С.Энхжаргал

                                                                             Г.Давааренчин

 Оролцогчид:

          Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн

          төлөөлөгч                           З.Золбоо

          Хариуцагч                          Б. Хишгээ

          Хариуцагчийн өмгөөлөгч  Ж.Энхжаргал

          Хариуцагчийн төлөөлөгч  М.Даваажав                                

          Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Урангоо нар оролцож,

Сэлэнгэ аймаг Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат даргалж шийдвэрлэн, шүүх хуралдаанаас гаргасан, 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 307 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч бичсэн хариуцагч Б.Хишгээ, А.Гантулга, С.Жаргалцэцэг, Д.Баярмаа нарын давж заалдах гомдлоор “Голомт банк”-ны нэхэмжлэлтэй “Тансаг цагаан идээ” хоршоонд холбогдох “Зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 150.657.487.42 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болон батлан даалтын гэрээгээр хангуулах”-ыг хүссэн иргэний хэргийг 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Тодорхойлох нь:

 

Нэхэмжлэгч “Голомт банк”-ны Сэлэнгэ салбар, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар  анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Голомт банкны Сэлэнгэ салбар нь 2014 оны 06 дугаар сарын 11-ний өдөр “Тансаг цагаан идээ” хоршоо болон иргэн Б.Хишгээ, А.Гантулга, Д.Баярмаа, С.Жаргалцэцэг /цаашид “Зээлдэгч” гэх/ нартай ЗГ4320007181 тоот Зээлийн гэрээ байгуулж, 136400000 /нэг зуун гучин зургаан сая дөрвөн зуун мянган/ төгрөгийг жилийн 8 хувийн хүүтэйгээр, 42 сарын хугацаатайгаар зээлдүүлсэн болно. Энэхүү Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл хангуулахаар БГ4320007181, БГ4320007181-А, тоот Ипотекийн гэрээ, БГ4320007181-Б тоот барьцааны гэрээг байгуулж, дараах хөрөнгийг барьцаалсан. Үүнд:

  -Сэлэнгэ аймгийн Мандал сумын 9 дүгээр баг, партизаны 23 тоот хаягт байршилтай, УБ №: Y-1307002057 дугаартай, хувийн сууц, граж, фермерийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө,

 

2.

 

   -Сэлэнгэ аймгийн Мандал сумын Баян-Арцатын 9 дүгээр баг, партизаны 23 тоот хаягт байршилтай, УБ №: Г-1307001932 дугаартай өмчлөх эрхтэй газар,

   -Сэлэнгэ аймгийн Мандал сумын 2 дугаар баг, Ширхэнцэгийн 31 тоот хаягт байршилтай, УБ № Y-1307000621 тоот дугаартай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө,

        -Сэлэнгэ аймгийн Мандал сумын 2 дугаар баг, Ширхэнцэгийн 31 тоот хаягт байршилтай, нэгж тайлбарын: 170701417 дугаартай газар эзэмших эрх,

        -Сэлэнгэ аймгийн Мандал сумын Хэрх 4-р баг Дэнжийн хэсэгт байрлах “Тансаг цагаан идээ” хоршооны “Сайхан” сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрийн тоног төхөөрөмж, машин механизм хөрөнгө. /БГ4320007181-Б тоот барьцааны гэрээний 2.2-д заасан нийт 40 нэр төрөл бүхий 85 ширхэг тоног төхөөрөмж, машин механизм болно. /Зээлдэгч нар нь Зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.1-т зааснаар “Зээл, зээлийн хүүний төлбөрийг Хавсралт №1-д заасан графикийн дагуу эргэн төлөх үүрэгтэй” юм. Гэвч Зээлдэгч нар нь 2015 оны 06 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн зөрчиж, зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж эхэлсэн болно. Голомт банкны Сэлэнгэ салбарын зүгээс эргэн төлөлтийг хуваарийн дагуу төлөхийг удаа дараа Зээлдэгчид мэдэгдсэн боловч зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй болно. Зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн байдлаар үндсэн зээлд 136400000 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 13704413.53 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 553073.89 төгрөг, нийт 150,657,487.42 төгрөгийн зээлийн өр төлбөр хуримтлагдаад байна. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахад зээлдэгчийн барьцаа хөрөнгө нь хангалтгүй байсан тул Зээлийн батлан даалтын санд зохих хүсэлтийг зээлдэгч гаргасан бөгөөд Зээлийн батлан даалтын сан нь зээлдэгчийн хүсэлтийг хүлээн авч 2014 оны 06 дугаар сарын 11-ний өдөр БДГ4320007181 тоот Батлан даалтын гэрээг Голомт банктай байгуулж, ЗГ4320007181 тоот дугаартай Зээлийн гэрээгээр хүлээсэн Зээлдэгчийн зээл төлөх үүргийг 60 хүртэлх хувиар батлан даасан болно. Зээлдэгчтэй байгуулсан 2014 оны 06 дугаар сарын 11-ний өдөр байгуулагдсан ЗГ4320007181 тоот Зээлийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1-т заасны дагуу хуримтлагдсан зээлийн төлбөр болох 150,657,487.42 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж манай компанийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Б.Хишгээ анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 Манай хоршоо 136,4 сая төгрөгийн төслийг боловсруулж уг банкнаас зээл авсан. Авсан зээлээ төслийн дагуу зарцуулсан. Банкнаас байгууллагын данс руу мөнгөнүүд нь шилжиж орж байсан. Манай хоршооны хувьд одоо болтол үйл ажиллагаа явагдаж байгаа хэдий ч бидний гаргаж байгаа бүтээгдэхүүн маань үйлдвэрийнхээ зарлагатай тэнцээд баланс барьсан маягтай илүү ашиг гарахгүй байгаа болоод зээлээ төлөхгүй 1 жил гаран болсон. Уг нь бид зээл авсан нь үнэн. Төлөх нь үнэн. Банктайгаа зээлийн хугацааг ярьж тохироод төлөх боломж байна уу л гэсэн бодолтой байна. Манай  хоршооны үйл ажиллагааны бичиг баримт, данс тооцооны бүртгэл бүгд банкинд бүртгэлтэй явж байгаа гэв.

Хариуцагч А.Гантулга анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 Хишгээ ахын ярьсантай санал нэг байна. Бид эхний жил хүүний 1 сая төгрөгийг сар сард нь хийж байсан. Үндсэн төлөлтийн 5 сая руу ороод ирэхээр нь төлөх чадамж муудсан. Ер нь бол төлнө гэв.

 

        Хариуцагч С.Жаргалцэцэг анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

  Төлнө гэсэн бодолтой байгаа. Одоохондоо үйл ажиллагаа маань зогсоогүй явагдаж байгаа гэв.

 

         Хариуцагч Д.Баярмаа анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

  ... Адилхан саналтай байгаа. Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байна гэв.

 

3.

 

Хариуцагч Зээлийн батлан даалтын сангийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

...Голомт банкны Сэлэнгэ салбараас Зээлийн батлан даалтын санд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг эс зөвшөөрч байна. Учир нь тус Сан нь Зээлийн батлан даалтын сангийн тухай хуулийн дагуу үүсгэн байгуулагдсан “жижиг, дунд үйлдвэр эрхлэгчийн үйл ажиллагаанд шаардлагатай санхүүжилт авах боломжийг нэмэгдүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, иргэдийн орлогын тогтвортой эх үүсвэрийг хангах”-д дэмжлэг үзүүлэх зорилго бүхий ашгийн төлөө бус хуулийн этгээд юм. Сангийн батлан даалтын эх үүсвэрийг Монгол Улсын Засгийн газраас бүрдүүлж үйл ажиллагааг эхлүүлсэн. Сан нь Голомт банкны Сэлэнгэ салбар болон Тансаг цагаан идээ хоршооны хүсэлт, өргөдөлд тус тус үндэслэн зээлдэгчийн санхүүжилт авахад нь дэмжлэг үзүүлж түүний авсан 136,400,000 төгрөгийн зээлийн 60 хувьд батлан даалт гаргаж, 2014 оны 06 сарын 11-ний өдөр БДГ4320007181 тоот батлан даалтын 3 талт гэрээг байгуулсан. Батлан даалтын гэрээг Иргэний хууль болон Зээлийн батлан даалтын сангийн тухай хуульд нийцүүлэн байгуулдаг. Тус Сан нь Иргэний хуулийн 45 дугаар бүлэгт заасан зохицуулалтад хамаарах батлан даалтын үйл ажиллагааг Зээлийн батлан даалтын сангийн тухай хуулийн хүрээнд хэрэгжүүлдэг бөгөөд батлан даалтын үүрэг гүйцэтгэхдээ Иргэний хуулийн 460.1-д зааснаар үүрэг гүйцэтгэгчийн өмнөөс нөхөн хариуцах дарааллаар гүйцэтгэдэг болно. Сан нь зээлдэгчийн хүлээх хариуцлагыг хамтран хариуцахаар гэрээ байгуулаагүй /Иргэний хуулийн 460.2-д хамаарахгүй/ учраас банк нь Иргэний хуулийн 460.1-д заасны дагуу зээлдэгчийн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг эхлэн хангуулах үүрэгтэй. Банк нь Иргэний хуулийн дээрх энэ дарааллыг баримтлалгүй, мөн банк болон сангийн хооронд батлан даалтын гэрээний хэрэгжилттэй холбоотой ямар нэгэн маргаан гараагүй байхад Санг үүргээ биелүүлээгүй гэж шүүхэд хандсан нь хуульд нийцэхгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Голомт банк нь Иргэний хуулийн 460.1-д заасны дагуу зээлдэгчийн барьцаа хөрөнгөөр үүргийн гуйцэтгэлийг хангуулсны дараа тус батлан даалтын үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Зээлийн батлан даалтын санд шууд хандах эрхтэй болно.

Иймд нэхэмжлэлийн шаардлагын хоёр дахь хэсэг буюу Зээлийн батлан даалтын санд хандсан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 307 дугаартай шийдвэрээр:

         1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1, 458 дугаар зүйлийн 458.1, 460 дугаар зүйлийн 460.1-д зааснаар хариуцагч “Тансаг цагаан идээ” хоршоо, Б.Хишгээ, А.Гантулга, С.Жаргалцэцэг, Д.Баярмаа нараас 150,657,487.42 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Голомт банкны Сэлэнгэ салбарт олгож, Зээлийн батлан даалтын санд холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

          2. Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 158 дугаар зүйлийн 158.1, 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч “Тансаг цагаан идээ” хоршоо, Б.Хишгээ, А.Гантулга, С.Жаргалцэцэг, Д.Баярмаа нар нь шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар,

         3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 911037 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Тансаг цагаан идээ” хоршоо, Б.Хишгээ, А.Гантулга, С.Жаргалцэцэг, Д.Баярмаа нараас 911037 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Голомт банкны Сэлэнгэ салбарт олгохоор шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Б.Хишгээ, А.Гантулга, С.Жаргалцэцэг, Д.Баярмаа нар давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

 

4.

 

1. Нэхэмжлэгч “Голомт” банк нь нэр бүхий 6 хариуцагчид холбогдуулан нэхэмжлэл гаргасан.

“Тансаг цагаан идээ” хоршоо нь 13 гишүүний дундын эд хөрөнгөн дээр үндэслэгдсэн дундын хяналт, хариуцлага бүхий байгууллага болно. Энэ зээлийг авахдаа ч бид хоршооныхоо бүх гишүүдийн хурлаар хэлэлцүүлж, хариуцлага адил хүлээх шийдвэр гаргаж авсан. Гэтэл хоршооны зарим гишүүдийн асуудал шийдэгдээгүй гэж үзэж байна.

2. Зээлийн батлан даалтын санд холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосныг зөвшөөрөхгүй. Тус хоршоо нь зээл авахдаа батлан даалтын сантай гурвалсан гэрээ байгуулж 2.454.400 төгрөгний шимтгэл төлсөн. “Тансаг цагаан идээ” хоршоо зээлээ төлж чадахгүйд хүрвэл зээлийн 60%-ийг буюу 81.800.000 төгрөгийг батлан даалтын сан хариуцах үүргийг энэхүү гэрээгээр хүлээсэн. Гэтэл батлан даалтын сан хуулийн дагуу гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, үндэслэлгүй тайлбар гаргаж, хариуцлагаас зайлсхийж байгааг шүүх дэмжсэн шийдвэр гаргасанд гомдолтой байна.

3. “Голомт” банктэй байгуулсан зээлийн гэрээний хугацаа дуусаагүй байхад зээлийг бүхэлд нь нэхэмжилсэн, батлан даалтын сантай байгуулсан батлан даалтын гэрээ хүчинтэй байгаа зэргийг хуульд нийцүүлэн хянан үзэж, бидний гомдлыг хуулийн дагуу шийдвэрлэж өгөхийг хүсье гэжээ.

 

Хариуцагч А.Хишгээ давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Манай хоршоо 14 гишүүнтэй. Бид зээл авахдаа зээлийг зөвхөн батлан дааж авсан. Ямар нэгэн хариуцлагыг бид адил хүлээх ёстой. Зээлийн хугацаа дуусаагүй байгаа. Хугацаанаас өмнө зээлийг нэхэмжилж байгаа дээр гомдолтой байна гэв.

 

Хариуцагч нарын өмгөөлөгч Ж.Энхжаргал давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Зээлийн батлан даалтын санд холбогдох хариуцлагыг хэрэгсэхгүй болгосонтой санал нийлэхгүй байна. Энэ гэрээ нь хүчингүй гэрээ байхад өнгөц байдлаар хандаж батлан даалтын санд хариуцлага хүлээлгэхгүй байгаад гомдолтой байна. Хавтаст хэргийн 1-р талд байгаа анхны нэхэмжлэл бол 6 хүнд холбогдуулж гаргасан байхад “Тансаг цагаан идээ” хоршоо гэсэн хариуцагчийг орхисон. Нэхэмжлэгч зээлээ төлж чадаагүй 90 хоног өнгөрсөн бол батлан даалтын сантай хариуцлага хүлээлгэхээр гэрээ хийсэн байхад үүнийг нотолж чадаагүй гэж үзсэн байна.

…Хууль буруу тайлбарлаж хууль бус шийдвэр гаргасан байна. Энэ тал дээр туйлын гомдолтой байна. Энэ шийдвэрийг хүчингүй болгож өгөөч гэв.

 

Зээлийн батлан даалтын сангийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Даваажав давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа:

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд зааснаар зээлдэгч нь авсан зээл болон түүний хүүг буцаан төлөх үүрэгтэй. “Тансаг цагаан идээ” хоршоо зээл авсан байна. Үүнийг төлөх үүрэгтэй. Зээлийн батлан даалтын сан нь Иргэний хуульд зааснаар хариуцлага хүлээдэг. Үнэхээр зээл төлөх боломжгүй болсон эсэх нь тогтоогдоогүй. Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна гэв.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Золбоо давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хоршоо 22 гишүүнтэй гэж судлагдаад олон гишүүнд зээлийн хариуцлага хүлээлгэх боломжгүй гэж зээл олгохоор буцаасан. Гэтэл 2014 оны 05 дугаар сарын 01-нд хийсэн хурлын тэмдэглэлд 14 гишүүнтэй гэж тэмдэглэгдэн дахин зээл авахаар судлагдаад зээл авсан. Анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэлтэй гэж үзэж байна. Зээлдэгч гэрээний дагуу төлөх ёстой графикийн дагуу зээлээ төлөөгүй бол зээлийн гэрээг цуцалж зээлдүүсэн мөнгийг нэхэмжлэх нь гэрээний дагуу үйл ажиллагаа юм гэв.

 

 

5.

 

Үндэслэх нь:

 

“Голомт банк”-ны Сэлэнгэ салбар нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын “Тансаг цагаан идээ” хоршоонд холбогдуулан зээлийн гэрээний үүрэг 150.657.48742 төгрөг гаргуулж үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах, Зээлийн батлан даалтын сангаас гэрээний үүрэг 81.840.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг анхан шатны шүүх хүлээн авч, иргэний хэрэг үүсгэн улмаар 2013 оны 11 сарын 16-ны өдөр шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэж 307 дугаартай шийдвэр гаргасан байна.

 

Хариуцагч талаас гаргасан давж заалдах гомдлын дагуу хэргийн материалыг судлан үзэхэд: Анхан шатны шүүх анх нэхэмжлэлийг хүлээн авахдаа  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлд заасан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл бий эсэхийг сайтар шалгалгүй иргэний хэрэг үүсгэсэн, энэ байдал нь хэрэг үүсгэснээс хойш эсхүл шүүх хуралдаан дээр тогтоогдвол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлд заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгох байтал хэргийг хянан шийдвэрлэсэн нь үндэслэлгүй бөгөөд шүүхийн шийдвэр хууль ёсны байх хуулийн шаардлагыг хангаагүй байна гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэлээ.

 

Хэргийн материалаас үзэхэд “Голомт банк”-ны гүйцэтгэх захирлын 2015 оны 06 сарын 12-ны өдрийн 99 дугаартай тушаалаар Зээлийн газрын захирал Т.Нямсүрэнд  бүх шатны шүүхэд банкийг бүрэн төлөөлөх  болон төлөөлөх эрхээ бусдад шилжүүлэх  эрхийг  2015 оны 06 сарын 12-ны өдрөөс эхлэн нэг жилийн хугацаатай олгосон байна.

 

Дээрх тушаалыг үндэслэн “Голомт банк”-ны зээл хариуцсан дэд захирал, зээлийн газрын дарга Т.Нямсүрэн нь 2016 оны 03 сарын 18-ны өдрийн 07/570 дугаартай “Итгэмжлэл олгох тухай” албан бичгээр Голомт банкийг Монгол улсын бүх шатны шүүхэд төлөөлөх эрхийг орон нутгийн салбарын захирал нарт 2016 оны 03 сарын 18-ны өдрөөс 2017 оны 03 сарын 18-ны өдрийг хүртэл нэг жилийн хугацаагаар олгожээ.

 

Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.5-д итгэмжлэгчийн ашиг сонирхлын үүднээс зайлшгүй шаардлагатай байвал итгэмжлэлийг шилжүүлж болохоор заасан бөгөөд мөн хуулийн 62.6-д шилжүүлсэн итгэмжлэлийн хугацаа үндсэн итгэмжлэлийн хугацаанаас их байж болохгүй ба үндсэн нэхэмжлэл дуусгавар болсноор шилжүүлсэн итгэмжлэл нэг адил дуусгавар болохоор заасан.

 

Гэтэл “Голомт банк”-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч нь  төлөөлөх эрхээ орон нутгийн салбарын захирал нарт  шилжүүлсэн итгэмжлэлийг  2016 оны 03 сарын 18-ны өдрөөс нэг жилийн хугацаагаар буюу өөрт нь эрх олгосон үндсэн итгэмжлэлийн хугацаанаас хэтрүүлж  олгосон нь үндэслэлгүй бөгөөд энэхүү итгэмжлэл нь үндсэн итгэмжлэлийн хугацаагаар тооцогдох тул 2016 оны 06 сарын 12-ны өдөр итгэмжлэлийн хугацаа дууссан гэж үзэхээр  байна.

 

Дээрх хугацаа дууссан итгэмжлэлийг үндэслэн “Голомт банк”-ны Сэлэнгэ салбар нь  2016 оны 09 сарын 16-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасныг шүүх хүлээн авч, иргэний хэрэг үүсгэн, хянан шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болсон байх ба Иргэний хуулийн 29 дүгээр зүйлийн 29.5, 29.6-д зааснаар хуулийн этгээдийн  салбар нь хуулийн этгээдийн эрхгүй бөгөөд салбар нь үйл ажиллагаагаа хуулийн этгээдээс олгосон итгэмжлэлийн  үндсэн дээр явуулна гэснийг зөрчин “Голомт банк”-ны Сэлэнгэ салбар нь шүүхэд нэхэмжлэл гаргасан гэж үзэх үндэслэлтэй.

 

 

 

6.

 

Өөрөөр хэлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5-д заасан нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан байхад нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.

 

Иймд давж заалдах шатны шүүхээс  Сэлэнгэ аймаг Мандал сум дахь Сум дундын шүүхийн 2016 оны 11 сарын 16-ны өдрийн 307 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, “Голомт банк”-ны Сэлэнгэ салбарын  хариуцагч “Тансаг цагаан идээ” хоршоо болон Зээлийн батлан даалтын санд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж  дүгнэв.

 

Дээр дурьдсан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож буй тул давж заалдах гомдлын үндэслэлд дүгнэлт өгөх шаардлагагүйг дурьдах нь зүйтэй.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Сэлэнгэ аймаг Мандал сум дахь Сум дундын шүүхийн 2016 оны 11 сарын 16-ны өдрийн 307 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, “Голомт банк”-ны Сэлэнгэ салбарын нэхэмжлэлтэй “Тансаг цагаан идээ” хоршоо болон Зээлийн батлан даалтын санд  холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар “Голомт банк”-ны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 911.037 төгрөгийг орон нутгийн орлогоос гаргуулж, “Голомт банк”-ны Сэлэнгэ салбарт олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр  зүйлийн 59.3 дахь хэсэгт  зааснаар хариуцагч “Тансаг цагаан идээ” хоршооны  давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 911.037 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар  зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч  буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурьдсугай. 

5. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй. 

 

 

                                   ДАРГАЛАГЧ                 Б.БАТЗОРИГ

                                    ШҮҮГЧИД                     С.ЭНХЖАРГАЛ

                                                                         Г.ДАВААРЕНЧИН