Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 1666

 

 

 

 

 

 

 

 

 

 “ХХ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 184/ШШ2016/00455 дугаар шийдвэртэй,

                       

Нэхэмжлэгч “ХХ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч ХХХХ-д холбогдох

 

Гэрээний үүрэгт 22 150 841 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХ-ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн

Шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:        

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч   ХХХХ     

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч      ХХХХ

Хариуцагчийн өмгөөлөгч                                 ХХХХ

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга      Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгч “ХХ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХ шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ:

...Хариуцагч ХХХХ нь 2013 оны 12 дугаар сараас эхлэн нэхэмжлэгч “ХХХХ” ХХК-аар зуучлуулан Япон улсад зохион байгууллагддаг автомашины дуудлага худалдаанд интернетээр шууд оролцон 25 автомашин худалдан авсан байдаг. Тэрээр зээлээр худалдан авсан машинуудынхаа төлбөрүүдийг хэн хэд хуваан хуваан “машинуудын төлбөр” гэсэн гүйлгээний утгатайгаар шилжүүлдэг байсан ба нэхэмжлэгч компанийн зүгээс хариуцагчийн хэлснээр шилжүүлэг бүрийн шилжүүлсэн мөнгөнүүдийг нь зээлээр худалдан авсан машинуудаас нь хувааж суутгадаг байсан. Хариуцагч ХХХХ нь 2015 оны 3 дугаар сарын 26-ны өдөр Япон улсад зохион байгуулагдсан автомашины дуудлага худалдаанд Монгол Улсаас 14 цаг 41 минут 27 секундэд 192.168.1.153 гэсэн IP хаягнаас интернетээр шууд оролцон 2004 оны “Mitsubishi canter” автомашинд 1,080,000 иен буюу хамгийн өндөр үнийг санал болгож, 2015 оны 3 дугаар сарын 26-ны өдөр Япон улсад зохион байгуулагдсан автомашины дуудлага худалдаанд Монгол Улсаас 10 цаг 04 минут 53 секундэд 192.168.2.194 гэсэн IP хаягнаас интернетээр шууд оролцон 2003 оны Mitsubishi canter автомашинд 998 000 иен буюу хамгийн өндөр үнийг санал болгож, мөн өдөр 202.179.20.216 гэсэн IP хаягнаас шууд оролцон 2002 оны “Mitsubishi canter” автомашинд 947 000 иен буюу хамгийн өндөр үнийг санал болгож тус тус худалдах худалдан авах гэрээ байгуулсан байдаг. Тэрээр дуудлага худалдаанд өндөр үнэ хэлж авсан авсан дээрх гурван машиныг Монгол Улсаас захиалгатай хэмээн яаравчлуулан “ХХХХ” ХХК-аар үнийг нь шилжүүлүүлсэн боловч тухайн машинуудын урьдчилгаа 30 хувийг нэхэмжлэгч компанид төлнө гэсээр 7 сарын хугацаа ямар ч төлөлт хийгээгүй. Машиныг нэхэмжлэгч компанийн хяналтын талбайд орхиж компанийг хохироож сүүлдээ хариуцагч утсаа сольсон байсан тул компанийн зүгээс гэрээнээс татгалзан уг 3 машинуудыг эргүүлэн зарж мөнгөө гаргуулж авахаар дуудлага худалдаанд оруулсан боловч хариуцагчийн дуудлага худалдаанд оруулсан өндөр үнээр огт зарагдахгүй байсан тул хариуцагчийн үнэ хаялцуулан авсан өндөр үнээс 30-40 хувь бууруулан олон удаагийн дуудлага худалдааны зардал, татвар, шимтгэл төлж 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 228 960 иений алдагдал, 10 дугаар сарын 30-ны өдөр 329 400 иений алдагдал, 12 дугаар сарын 3-ны өдөр 468 850 иений алдагдал нийт 1 072 710 иений буюу 17 226 311 төгрөгийн алдагдал хүлээж зарсан байдаг. Хэрэв хариуцагч үүргээ биелүүлсэн бол 17 226 311 төгрөг нь “ХХ” ХХК-ийн олох ёстой байсан орлого билээ. Иймд хариуцагч ХХХХ-өөс Мерседес бенз машины үлдэгдэл төлбөр 299 000 иен буюу 4 924 530 төгрөг, гэрээнээс үүссэн гэм хорын хохирол 1 072 710 иен буюу 17 226 311 төгрөг нийт 22 150 841 төгрөг гаргуулж өгнө үү” гэжээ.

 

Хариуцагч итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХ шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“ ... Батмөнх нь 2015 оны 3 дугаар сарын 30-ны өдөр 420 000 иен, 4 дүгээр сарын 06-ны өдөр 1 670 000 иен, 2 090 000 иен, 4 дүгээр сарын 30-ны өдөр 420 000 иен, 5 сарын 15-ны өдөр 1 910 000 иен нийт 6 510 000 иенийг нэхэмжлэгч “ХХ” ХХК-нд ХААН банкны гадаад гуйвуулгаар шилжүүлсэн, энэ талаар баримтыг гаргаж өгсөн. Иймд дээрх автомашины төлбөр шилжүүлсэн баримтаар “Мерседес бенз” автомашины төлбөрийг бүрэн төлсөн нь тогтоогдож байгаа. Хоёр дахь шаардлагын хувьд хариуцагчыг 3 автомашин дуудлага худалдаагаар авсан, түүний мөнгийг төлөөгүйн улмаас алдагдалд оруулсан гэсэн шаардлагаа өөрсдөө нотолж, нотлох баримтыг гаргаж өгөх ёстой. Талуудын хооронд ямар нэгэн гэрээ байгуулагдаагүй, хариуцагчид нэхэмжлэгчийн өмнө хүлээсэн ямар нэгэн үүрэг үүсээгүй ба Мицүбиши кантер маркийн 3 машиныг харицагч нь нэхэмжлэгчээс худалдаж аваагүй болно. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 263 дугаар зүйлийн 263.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ХХХХ-д холбогдуулан гаргасан нэхэмжлэгч “ХХ” ХХК-ийн зээлээр худалдан авсан “Мерседес бенз” маркийн автомашины үлдэгдэл төлбөр 299 000 иен буюу 4 924 530 төгрөг, гэрээнээс үүссэн гэм хорын хохирол   1 072 710 иен буюу 17 226 311 төгрөг нийт 22 150 841 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 268 701 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХ Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

...Шүүх "хариуцагчийг 2013 оны 12 дугаар сараас эхлэн “ХХ” ХХК-иар зуучлуулан Япон улсад зохион байгуулагддаг автомашины дуудлага худалдаанд оролцож, автомашин худалдан авч байсан байна" гэж дүгнэсэн мөртлөө зохигчдын хооронд үүссэн ажил хэргийн хүрээнд тогтсон заншлыг дүгнэж үзээгүйд гомдолтой байна. Хариуцагч нь 2013 оны 12 сараас нэхэмжлэгчээр дамжуулан Япон улсад зохион байгуулагддаг дуудлага худалдаанд оролцохын тулд өөрийнхөө нэрээр дуудлага худалдаанд оролцох эрх буюу ID-г нээлгэснээс хойш тогтмол цахимаар дуудлага худалдаанд оролцож 25 машин худалдан авсан байдаг. Хариуцагчийн 2013 оны 12 сараас дуудлага худалдаанд оролцож байсныг, Mercedes Benz машиныг дуудлага худалдаагаар авсныг, Mitsubishi canter 3 машиныг дуудлага худалдаагаар авсныг нотлох дуудлага худалдааны цахим сангаас нэрээр нь гаргаж ирсэн хариуцагчийн мэдээлэл бүхий цахим тэмдэглээг шүүх хэрхэн үнэлсэн нь тодорхойгүй байна. Учир нь хариуцагч нь дуудлага худалдаанд өөрөө оролцон хамгийн өндөр үнийг дуудахдаа үүнээс үүдэн гарах үр дагаврыг мэдэж байсан буюу дуудлага худалдаанд оролцогчдын хэрэглэж заншсан арга барилыг мэддэг байсан нь харагддаг. Хариуцагчийн ID-ны хэрэглэгчийн нэр, пин кодыг зөвхөн тухайн хэрэглэгч л мэддэг байсан ба хэн нэгэн хариуцагчийн ID-p дуудлага худалдаанд оролцох ямар ч боломжгүй байдаг. Хэрвээ хариуцагч дуудлага худалдаанд оролцон хамгийн өндөр үнийг Mitsubishi canter 3 машинд дуудаагүй байсан бол нэхэмжлэгч компани хохирол учрахгүй байсан. Шүүх хариуцагчаас нэхэмжлэгчид шилжүүлсэн 6 510 000 иенээс Mercedes Benz маркийн автомашины үнэ 3 898 500 иенийг бүхэлд нь бүрэн төлөгдсөн гэсэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарыг үндэслэлтэй гэж дүгнэсэн мөртлөө нэхэмжлэгчийн зүгээс Mitsubishi Canter маркийн 2 автомашины урьдчилгаанд 2015 оны 5 дугаар сарын 1-ний өдөр хариуцагч нь 420 000 иенийг /260 000 иен + 160 000 иен/ шилжүүлж хасуулсан /хавтаст хэрэгт хариуцагч гаргаж өгсөн болно./ гэх тайлбарыг баримтаар нотлогдохгүй байна гэж нэг нотлох баримтыг зөвхөн хариуцагч талд давуу байдал үүсгэн үнэлж байгаад гомдолтой байна. Харин ч хариуцагчийн 5 удаагийн шилжүүлэг тус бүрийн гүйлгээний утга нь "автомашинуудын төлбөр" гэсэн байдаг нь тэрээр хэд хэдэн машины мөнгийг шилжүүлж байснаа хариуцагч өөрөө нотолдог буюу хариуцагч нь нэхэмжлэгчид зөвхөн Mercedes Benz машины үнийг бус Mitsubishi Canter 2 машины урьдчилгаа болон Toyota hiace, Toyota Land Cruiser, Toyota Kluger машинуудын тооцоог төлж байсан нь тодорхой харагддаг. Иймд Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн №184/ШШ2016/00455 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

           

            Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

 

            Нэхэмжлэгч “ХХ” ХХК нь хариуцагч ХХХХ-д холбогдуулан “Mercedes Benz” маркийн автомашины үлдэгдэл төлбөр 299 000 иен буюу 4 924 530 төгрөг, худалдах худалдан авах гэрээ цуцлагдсанаас үүссэн хохиролд 1 072 710 иен буюу 17 226 311 төгрөг нийт 22 150 841 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хариуцагч эс зөвшөөрөн маргасан байна.

 

Нэхэмжлэгч “ХХ” ХХК нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “…Япон улдсад 2015 оны 3 дугаар сарын 26-ны өдөр зохион байгуулагдсан автомашины дуудлага худалдаанд хариуцагч ХХХХ Монгол улсаас 14 цаг 41 минут 27 секунтад 192.168.153 гэсэн IP хаягнаас интернэтээр шууд оролцон 2003 оны “Mitsubishi Canter” маркийн автомашинд 998 000 иенийг санал болгон худалдаж авсан бөгөөд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан. Хариуцагч гэрээний үүргээ биелүүлж, худалдаж авсан автомашины төлбөрөө төлөөгүй, мөн өмнө худалдаж авсан “Mercedes Benz” маркийн автомашины үлдэгдэл төлбөрөө төлөөгүй” гэж тайлбарласан байна. 

 

            Хариуцагч ХХХХ нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч бидний хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаагүй, “Mercedes Benz” маркийн автомашины төлбөрийг бүрэн төлж барагдуулсан гэсэн тайлбарыг гаргажээ.  

 

            Зохигчид 2013 оны 12 дугаар сараас эхлэн худалдах, худалдан авах гэрээ байгуулан автомашин худалдаж авч байсан, “Mercedes Benz” маркийн автомашины үнэ      3 898 500 иен болох талаар маргаагүй байна.

 

Хариуцагчаас нэхэмжлэгч байгууллагад “Гадаад гуйвуулгын даалгавар”-аар шилжүүлсэн 6 510 000 иенийг “Mercedes Benz” маркийн автомашины үнэ гэж хариуцагч тайлбарлаж, нэхэмжлэгч байгууллага уг мөнгийг хариуцагчийн худалдаж авсан 3 ширхэг “Mitsubishi Canter” автомашины урьдчилгаа төлбөр гэсэн зөрүүтэй тайлбар гаргасан байхад тэдгээрийн зааг ялгааг шүүх тодруулаагүй байна.

 

Хэргийн 21-25 дугаар талд авагдсан мөнгөний шилжүүлгийн баримтуудад хэзээ худалдаж авсан, ямар маркийн автомашины төлбөр болохыг тодорхой заагаагүй, зөвхөн хүлээн авагч байгаа байгууллагын нэр, хаяг, болон шилжүүлж байгаа хүний нэр хаяг, мөнгөний үнийн дүн бичигдсэн байгаа зэргээс үзэхэд шилжүүлсэн мөнгөнүүд нь чухам ямар машины үнэ болох нь тодорхойгүй байна.

 

Зохигчид дээрх шилжүүлсэн мөнгөний зориулалтын талаар маргаж, хариуцагч “Mercedes Benz” маркийн автомашины үнээс илүү мөнгө шилжүүлсэн байхад шүүх зөвхөн уг автомашины үнэ байна гэж дүгнэсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэсэн заалтыг зөрчсөн байна.  

 

Түүнчлэн нэхэмжлэгчийн Япон улсын “ХХ” ХХК-ийн төв офиссын ажилтан ХХХХ-ыг гэрчээр асуулгах, хариуцагчийг дуудлага худалдаанд оролцсон мэдээллийг тус компанийн албан ёсны вэб сайт http://autocj.co.jp/-д хариуцагч ХХХХ ийн ID хаягаар нэвтрэн үзлэг хийлгэх хүсэлтийг шүүх 2016 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 184/ШШ32016/00214 тоот захирамжаар хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлсэн нь учир дутагдалтай болжээ. /хэргийн 31, 43 дугаар тал/

 

            Нэхэмжлэгчийн гаргасан хүсэлт нь талуудын маргаж буй маргаанд тухайлбал зохигчид интернэтээр дуудлага худалдаанд оролцсон эсэх, хариуцагчийн шилжүүлсэн мөнгөний үнийн дүнгийн зөрүүг гаргах зэрэгт ач холбогдолтой байж болохоор байхад шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт зааснаар “Хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримт нь төр, байгууллага, хувь хүний нууцтай холбоотой, өөр улс орон нутагт байгаа учраас зохигч тэдгээрийг өөрөө олж авах боломжгүй, түүнчлэн туршилт, үзлэг, таньж олуулах, шинжилгээ хийлгэх, гэрчийн мэдүүлэг авах тохиолдолд нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлнэ” гэсэн заалтыг зөрчсөн байна гэж үзлээ.

 

            Дээрх ажиллагааг давж заалдах шатны шүүхээс нөхөж гүйцээх боломжгүй, хэргийн үйл баримт бүрэн тогтоогдоогүй, хэргийн оролцогчийн хүсэлтээр нотлох баримт бүрдүүлэх ажиллагааг шүүх дутуу хийсэн байх тул шийдвэрийг хүчингүй болгож, дахин хянан шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

            Энэ талаар давж заалдсан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 188 дугаар зүйлийн 188.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 184/ШШ2016/00455 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжаар улсын тэмдэгтийн хураамжид “ХХ” ХХК-ийн төлсөн 268 700 төгрөгийг буцаан олгохыг дурьдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Н.БАТЗОРИГ

 

                                              ШҮҮГЧИД                                 Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

                                                                                                Ц.ИЧИНХОРЛОО